• Өнөөдөр 2024-05-06

“Аман хуур” киноны Соном өвгөний охин Ц.ЦЭЦЭГЭЭ: Миний аав ард олныхоо дунд Ардын жүжигчин юм шүү

2021-04-10,   16913

-Соном өвгөн өөрийг нь бодвол даруухан дүр шүү-

"Аман хуур" киноны Соном өвгөнийг мэдэхгүй хүн монголд байхгүй биз ээ. "Аман хуур” уран сайхны кино 1963 онд үзэгчийн хүртээл болж байсан. Дарь авгай, Соном өвгөний харилцан яриа одоо ч олны зүрх сэтгэлд хоногшсон хэвээрээ.  Дулам  авгай “Соном оо, үгүй ээ хө чи амьд байна уу” гэхэд Соном өвгөн “Амьсгаатай л байна”, “Чи л мэддэг шүү дээ” зэрэг хэгжүүн, хоржоонтой, хөгжилтэй, жижиг биетэй, дүрлэгэр том нүдтэй, дэлдэн чихтэй дүрээрээ үзэгчийг баясгадаг байлаа. Харин Соном өвгөнд тоглосон жүжигчин ямар хүн байсан талаар бид сайн мэддэггүй ч байж болох юм. Энэ хүнийг Түвдэнгийн Цэрэнлхүндэв гэдэг. Тэрбээр 1916 онд хуучнаар Амгаланбаатар хотод төржээ. 16-17 настайдаа Жанжин клубд дагалдан жүжигчнээр ажилласан байна. Түүний тоглосон хэдэн киноны нэрийг дурдахад хүмүүс санаж, уулга алдмаар сайн туслах дүрүүдийг “амилуулсан” хүн. Тухайлбал, 1961 он "Гологдсон хүүхэн" тайж, 1963 он "Аман хуур" Соном, 1963 он "Нүгэл буян" гэлэн, 1965 он "Хүний мөр" нутгийн өвгөн, 1971 он "Тэмцэл" нутгийн хөгшин, 1971 он "Тунгалаг тамир-II" өртөөний өвгөн, хамгийн сүүлд 1992 онд бүтээсэн "Бадарчин" хэмээх инээдмийн кинонд хөршийн Нүрэн хэмээх өвгөний дүрийг бүтээсэн байдаг юм. Т.Цэрэнлхүндэв гуай нэг охин өргөж аваад дараа нь хүүтэй болсон гэдэг. Түүний ач охин Ц.Цэцэгээтэй өвөөгийнх нь талаар дурсамж хуучилсан юм. Ц.Цэцэгээ төрсөн цагаасаа л өвөөгөөрөө овоглож, өвөөгөө “Ааваа” гэж дууддаг болж. Хожим гэр бүлтэй болсон ч аавтайгаа хамт амьдардаг байсан юм билээ. Тиймээс энэхүү ярилцлагын туршид түүний өвөөг өөрийнх нь хүсэлтээр аав нь гэж бичихээр шийдсэн юм. Ц.Цэцэгээ хүмүүний амьдралд тохиолддог баяр жаргалтай, уйтгар гунигтай бүх он цагийн дурсамжаа уудлан ярилаа.

-Таны аав хүний ганц хүү гэсэн. Бага нас нь хаана, хэрхэн өнгөрсөн юм бол оо?

-Миний аав ядуу гэр бүлд төрсөн юм билээ. Тэгээд Богд хааны асрамжийн газар өссөн. Богд хааныг дагасан, хажууд нь байсан хүүхдүүд ихэвчлэн урлагийн зам мөр хөөсөн байдаг. Тухайлбал, Зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Ядамсүрэн зэрэг хүмүүс байсан юм билээ.

-Та яагаад өвөөгөөрөө овоглох болсон юм бэ. Таныг хэрхэн хүмүүжүүлсэн гэж боддог вэ?

-Би найман дүүтэй. Миний удаах дүү надтай ойрхон төрсөн болохоор би өвөө, эмээ дээрээ үлдсэн. Миний эмээ 33 дугаар цэцэрлэгийн тогооч байсан. Намайг 5-6 настай байхад бурхан болсон.Түүнээс хойш аавтайгаа хоёулаа амьдарч байлаа. Аав минь надад “Хүний жаргал, зовлонг сайн ойлгож бай. Тэдний оронд өөрийгөө байсан бол яах бол гэж бодож бай” гэж захидаг байсан. Би захиж хэлснээр нь хүмүүжсэн гэж боддог. Өөрөө  ч их тусархуу, цайлган, цоглог хүн байсан даа.

-Таны аав төрөлхийн урлагийн авьяастай хөгжилтэй, сэргэлэн хүн байсан юм шиг байна. Киноныхоо дүрийг хэрхэн бэлддэг байв. “Аман хуур” кинонд тоглосноос хойш өөрөө Соном гэх нэрэндээ дуртай болсон байх?

-Гэртээ огт дүрийн бэлтгэл хийдэггүй байсан. Дээр үеийн кино чанартай цөөн үгтэй тексттэй байсан. Түүнийгээ цээжлээд л өөрөөрөө ордог байсан байх. “Аман хуур” кинонд тоглохдоо дугуй унаж чаддаггүй байсан. Тухайн үед сурах гэж их оролдсон юм шиг байна лээ. Тэгээд сураагүй гэж ярьдаг. Дугуй унадаг хэсэгт нь орлон тоглогч тоглосон юм. Хамгийн их бэлдсэн кино нь “Аман хуур” гэж ярьдаг байсан шүү. Дүрээ их сайхан гаргаж чаддаг болохоор хүний сэтгэлд тод үлдсэн байх. Одоо ч миний аавыг мартаагүй хүн олон. Түүнд нь баярладаг, гоё санагддаг шүү. Өөрөө ч Соном нэрэндээ дуртай. Дэлгүүр орохдоо "Соном өвөө нь байна" гээд л хүмүүсийн өмнүүр, хойгуур гүйгээд л  явдаг байсан. Намайг сургуулийнхан, багш нар бүгд "Сономын Цэцэгээ" гэдэг байсан.

-Одоо аавынхаа тоглосон киног үзэхэд ямар санагддаг вэ. Аавыгаа санагалзах үе бишгүй л байх. Киног нь үзэж суухад та хоёрын хамгийн нандин дурсамж л сэтгэлд буудаг байх даа?

-Аавынхаа тоглосон киног үзэхээр аав гэрт ороод ирж байгаа юм шиг санагддаг. Дуу хоолойг сонсох бүр ч сайхан. Жүжигчин аав, ээжтэй байна гэдэг их хувь заяа юм даа. Киног нь гарахад л хэдхэн агшинд ч болтугай уулзчихаж байгаа юм чинь.

Монгол кино үзэж байхад аавтайгаа хамт алхаж байсан танил газрууд гарахаар сайхан санагддаг. Аав минь намайг их эрхлүүлдэг байсан. Би заримдаа санаандгүй “Ингэмээр байна, тэгмээр байх юм” гэхэд маргааш нь ч юм уу, хэдхэн хоногийн дараа миний хүссэн бүхнийг биелүүлж өгдөг байлаа. Тэр нь надад яг л ид шидийн мэт санагддаг байсан даа.  

Тэр үеийн дурсамж л тод санагддаг. Ааваараа үргэлж бахархаж явдаг шүү. Миний аав ард олныхоо дунд Ардын жүжигчин юм шүү гэж боддог. Хүмүүс ч Ардын жүжигчин мэт  хүндэлж, хүлээж авдаг.

-Аав нь их эрхлүүлдэг байсан юм шиг байна. Та дураараа хүүхэд байв уу?

-Миний аав надад нүүрний будаг их авч өгдөг байсан. Тэгээд  “Ингэж буд, тосоо тэгж түрх” гэж зааж өгдөг байв. Түүгээр нь тоглож байгаад л дуусгасан байх. Түүнээс биш сургуульдаа будаад очно гэж байхгүй шүү дээ. Охин хүүхэд болохоор хэрэндээ л гоёх гэдэг байсан байх. Өөрөө ч их цэмцгэр хүн байсан. Би дураараа, эрх  хүүхэд байлаа.

Ээж надад “Чи ёстой эрхийн балай байсан шүү дээ” гэж хэлж байсан юм. Аав кинонд тоглож ирчихээд дэлгүүр дагуулж явдаг байсан юм байна л даа. Нэг удаа Улсын их дэлгүүрээс нэг, нэг бөмбөр авчихсан түүнийгээ пүн, пүн хийтэл цохиод, нэг, нэг шүгэл үлээгээд гудамжаар явж байсан тухай ярьдаг юм.

Би хатгамал хийх сонирхолтой хүүхэд байсан. Аав минь намайг урамшуулаад торгоны өөдөс олж ирж хөвөөд, зүүнд сүвлэж эгнүүлээд тавьдаг байсан. Торгоны утас сагсайчихдаг болохоор шилэмдээд оёход бэлэн болгож өгдөг гэсэн үг. Намайг юм оёж байхаар ямар утас орох билээ “Май” гээд л авч өгдөг байсан юм. Тэгж миний юм оёх суурийг тавьж өгсөн дөө.

-Аав нь ахуйн ажил, амьдралдаа хэрхэн анхаардаг хүн байв. Ханьдаа хэр түшигтэй хүн байсан бэ?

-Миний эмээ ээжийг бурхан болсноос хойш өөрөө л амьдралаа авч явсан. Эмээ ээжийг байхад их эрх хүн байсан шүү. Хоол унд, хувцас хунар бүхнээ бэлдүүлдэг, толгойгоо илүүлээд сууж байх дуртай хүн байсан юм билээ. Түүнээс хойш аав минь л намайг хүн болгосон доо.

Намайг аравдугаар ангиа төгсөөд сургуульд орох гэтэл “Чи одоо ажил хийгээрэй. Би чамайг тэжээж дийлэхгүй нь. Аав нь ядарч байна. Ажил хийх сайхан шүү дээ ” гэсэн. Аргагүй шүү дээ. 60 гаруй настай байсан юм. Тэгээд би гутлын үйлдвэрт ажилд орж байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл гутал хийж байна.

-Та аавыгаа Соном өвгөний дүрийг хэрхэн гаргасан гэж боддог вэ. Аавынх нь зантай ижил өвгөний дүрд тоглосон уу?

-Манай аав хүнтэй нийтэч, сэргэлэн цовоо, дүрлэгэр алаг нүдтэй, жижигхэн биетэй  хүн. Харин ч Соном өвгөн өөрийг нь бодвол даруухан дүр шүү. Харин аав минь  хүнд өөрийнх нь дутагдалтай тал, өөрт таалагдаагүй байгаа зүйлээ шууд хэлчихдэг байсан. Түүнийг нь зарим хүн хүндээр, буруугаар хүлээж авдаг байсан байх.

-Таны аав урлагаас өөр юу сонирхдог байв. Та хоёр амралтын өдрөөр юу хийдэг байсан бэ?

-Аав урлагт л их хайртай хүн байж дээ. Амарсан өдрөө “За, хоёулаа явна аа. Гуляа гишгэнэ ээ” гэдэг байхгүй юу. Тэгээд л “Элдэв-Очирын” кино театр, “Ард” кино театр, “ОД” кино театр гээд л театр хэсэж кино үздэг байсан. Заримдаа цирк үздэг.

Намайг ангийнхаа хүүхдүүдтэй хичээлээ тарчихаад ороод ирэхээр аав “Миний хүүхдүүд яв. Музей үз, кино үз” гээд билетны мөнгө өгдөг байсан. Тэгээд бид нар пир гэж гүйж гараад л музей ордог байв. Аав дандаа уран зохиолын ном уншдаг байлаа. Аавын уншсан ном бүрийг би уншдаг байсан юм. Сүүлд манай найзууд надад “Бид нар танайхаас л ном уншиж сурсан шүү дээ.

Танайд орохоор аав чинь баруун орон дээрээ, чи зүүн орон дээрээ ном уншдаг байсан. Их гоё санагддаг байж билээ” гэж байсан шүү.

-Таны аавыг гавьяаныхаа амралтанд сууж байхдаа дэлгүүрт манаач, автобусанд кондуктор хийж байсан гэж сонссон. Энэ талаар ярьж болох болов уу?

-Манай аав Биокомбинатад автобусны кондуктор хийдэг байсан. Тэр үед биокомбинатын ажилчид аавын автобусанд суух гэж хүлээдэг байсан гэдэг. Аавтай хамт автобусанд явсан хүмүүс инээсээр байгаад л буудаг байсан юм билээ. Тухайн үед автобусанд  50 мөнгөөр  явдаг байлаа шүү дээ.   

Аав нэг төгрөг өгсөн хүн бүрд 50 мөнгө хариулж өгөхөд хэцүү байхаар нь нэг төгрөг өгсөн хүнийг өөр танихгүй хүнтэй холбоод “Та хоёр хос шүү тэрнээс 50 мөнгөө аваарай” гэдэг байсан юм. Сүүлдээ хүмүүс түүнийг нь мэдчихсэн “Хос больё оо. Өвөө” гэдэг болсон. Аав нэг удаа автобусны билет дахин ашиглаж мөнгө унагасан хэрэгт гүтгэгдээд Ганц худагт гурав хоног саатуулагдаж байсан юм. Уг нь манай аавд тийм зан, сэтгэл огт байхгүй шүү дээ.

Аавд дургүй хүн л тэгж гүтгэсэн юм шиг байна лээ. Тухайн үед шоронд хоригдож байсан хүнийг ажилд авах дургүй, бараг харьцдаггүй байлаа. Тэгээд бид хоёр хэсэгтээ ажилгүй, хоол ундгүй болсон. Аав шоронд гурав хонож ирчихээд “Алив явъя” гээд гудамжаар дагуулаад алхдаг байсан.

Тэгээд гудамжаар явж байхад хоол хийж байгаа айлын тооноор уур савсана шүү дээ. Тэгэхээр аав “Эднийд орно оо” гээд л огт танихгүй айлд “За, сайн байна уу, Соном өвгөн байна” гээд л ордог байсан. Ажилд ортлоо хоёулаа “Айлын тогоо хадна аа” гээд л тэгж явдаг байлаа. Тийм л сэргэлэн хүн байсан шүү дээ.

 Тэгээд дараа нь  “Од” кино театрыг нээгдэхэд манаач, жижүүр хийж байгаад  тэтгэвэртээ гарсан юм. Аав минь таарсан бүх хүнтэйгээ дотно харьцаж явдаг. Аавыг танихгүй хүн гэж бараг байгаагүй дээ.

-Эмээ, ээжийг нь бурхан болсноос хойш аав нь гэрийн ажилд дасаж өгөхгүй хэцүү  байсан уу?

-Аав л гал тогооны ажлаа мэддэг байсан. Намайг сургуульдаа явахаас өмнө босоод галаа түлчихсэн, талх тариа бэлдчихсэн байдаг байв. Би орондоо цайгаа уучихаад л сургуульдаа явдаг байлаа. Би ахлах ангид ороод л хоол, унд бэлддэг болсон байх.

Аав минь эмээ, ээжийг байхад гэрийн ажил хийдэггүй байсан. Түүнээс хойш бүх ажил өөрт ногдсон болохоор их түүртсэн шүү.

Хань нь тогооч мэргэжилтэй сайхан хоол, цай хийдэг хүн байсан болохоор аав минь нарийн нандин хоолонд дуртай байсан.

-Та аавыгаа хамгийн сүүлд яаж баяруулсан гэж боддог вэ. Та хоёрын сайхан дурсамжийн талаар сонсож болох болов уу?

-1990-ээд оны эхээр аавд улсаас байр өгч байсан юм. Байрандаа орчихоод аав минь тун ч их баярлаж байсан даа.

“Охиныгоо орох оронтой болгочихлоо. Одоо аавд нь санаа зовох зүйл алга” гэж хэлж байсан. Гэтэл аавын өргөмөл охин бид хоёрын дунд гэр бүлийн маргаан үүссэн юм. Тэгээд намайг эзгүй хойгуур өргөмөл охин нь  аавыг өөрийнхөө гэр рүү аваад явчихсан юм. Тэгээд уулзаж чадахгүй байсаар байгаад би аавыгаа алдсан.

Эгч бид хоёрын гэр бүлийн маргааныг далимдуулаад Ардын гүйцэтгэх захиргаанаас байрыг нь хураагаад авчихсан. Тэр үед байр хувьчлах үе таарсан юм. Тэр үед би 27-28 настай байсан. Орох оронгүй, аавыгаа алдчихсан яг л дэлхий хөмөрчихсөн юм шиг л байсан.

Нөхөр хүүхдүүдтэйгээ айлын түлээний амбаарт амьдардаг байлаа. Нэг өдөр манай нөхөр “Өвгөн бурхан болчихсон юм шиг байна. Сонин дээр гарчихсан байна” гээд надад сонин өгсөн. Тэгсэн аавын минь эмгэнэл гарчихсан байсан. Тэгээд би Нарангийн энгэрийн оршуулгын газарт очоод манаачаас нь асууж байгаад аавынхаа оршуулгыг олсон юм. Хамгийн сүүлд аавтайгаа тэгж л уулзсан даа. Амьдралынх нь эцсийн мөчид аавынхаа хөлийг хучиж, асарч тойглоогүй дээ өнөөдөр хүртэл харамсаж явдаг. Бүх амьдралаа надад зориулсан хүн шүү дээ.

 

 

 

 


“Аман хуур” киноны Соном өвгөний охин Ц.ЦЭЦЭГЭЭ: Миний аав ард олныхоо дунд Ардын жүжигчин юм шүү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 21
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-12 23:38:00
    цэндсүрэн: ёстой мундаг жүжигчин шүү. аман хуур киног гарахад уйдахгүй үзээд баймаар байдаг.ардын жүжигчин болвол болох л хүний нэг шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-12 21:40:42
    Сэтгэгдэл үлдээсэн 2021-04-12 21:40: Сайхан жүжигчин киног нь үзэх дуртай . Өргүүлсэн охин нь жаахан таагүй юм. Амьралын сайн сайхан бартаа саадыг туулсанл бна. 70 д оны үед биеогийн кондугтор хийдэг бсан гэж сонсож байсан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-12 21:40:20
    Сэтгэгдэл үлдээсэн 2021-04-12 21:40: Сайхан жүжигчин киног нь үзэх дуртай . Өргүүлсэн охин нь жаахан таагүй юм. Амьралын сайн сайхан бартаа саадыг туулсанл бна. 70 д оны үед биеогийн кондугтор хийдэг бсан гэж сонсож байсан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-12 21:33:15
    Б.Гэсэр: Сайхан дурсамж ярьсан охинд нь баярлалаа?Соном өвгөн одоо болтол 60-70 оныхны сэтгэлд үүрд мөнх шүү?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-12 16:50:24
    Мэндсайхан: Үнэхээр чадварлаг жүжигчин ард олны дунд хайрлаж хүндлэгдсэн олон сайхан дүр бүтээсэн хүндээ үнэхээр ард олондоо ардын жүжигчин хүндээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-12 14:19:52
    Unendee ard tumebdee gabyat jujigchindee.: Yyrd dursan sanah bolnodoo
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-12 14:19:52
    Unendee ard tumebdee gabyat jujigchindee.: Yyrd dursan sanah bolnodoo
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-12 12:54:35
    Болор: Гарах болгонд нь үздэг. Уйдана гэж байхгүй. Их хөөрхөн өвөө шүү ярьж хэлж байгаа нь их донжтой ярьдаг шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-11 17:49:06
    Davaaajav: togloson kino bur ni hunii setgeld honogshin uldsen mundag hun baisan
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-11 17:45:33
    Ц Саранчимэг: Аман хуур киног үзэх дуртай Соном өвгөн хөөрхөн үзхээр л инээд хүрээд байдаг мундаг жүжигчин нээрээ л ард түмэндээ Ардын жүжигчин
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-11 13:01:17
    У.Самбуу: Ёстой мундаг жүжигчин хүн дээ Ард түмнийхээ дунд ёстой л Ардын жүжигчин мөнөөс мөн дөө. Одоо ч гэсэн бүтээсэн дүр нь ард түмний дунд хоногшин үлдэж дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-11 09:26:15
    Sara: Orgomol ohin ni ymar hin chanargyi ******** be muu achtai ni uulzuulaad ybuulahgyi bair abch ogsond ni ayaarhaa yum baih daa ******** ********
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-10 20:22:48
    Зочин: Надыг арван жилийн сургуульд байхад автобусны кондуктор болоод явж байхтай нь таарч байсан. Алиа хошин зантай инээд бэлэглэсэн хүн байсан даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-10 20:22:27
    Зочин: Надыг арван жилийн сургуульд байхад автобусны кондуктор болоод явж байхтай нь таарч байсан. Алиа хошин зантай инээд бэлэглэсэн хүн байсан даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-10 20:22:18
    Зочин: Надыг арван жилийн сургуульд байхад автобусны кондуктор болоод явж байхтай нь таарч байсан. Алиа хошин зантай инээд бэлэглэсэн хүн байсан даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-10 17:00:26
    Зо: Муу охид бнаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-10 13:11:43
    Баянаа: Бүтээсэн дүрүүд нь сэтгэлд шингэж үлдсэн сайхан жүжигчин шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-10 10:56:04
    Зочин: Өргөмөл охин нь хүн чанаргүй тэнэг хүн юм. Хотын захиргаа ч хатуухан ханджээ. Та 2 сайхан аавынхаа буяныг эдэлж чадаагүйн харамсалтай юм. Соном өвөөг сайн мэднэ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-09 19:30:32
    би: та нар уншаад юу ч ойлгохгүй байгаа юмуу өргөмөл охин нь аваад явсан ахиж уулзуулаагүй гэж байна. Ач охинд нь буруу алга...........
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-09 19:07:16
    Зочин: Аав нь их л санасан байхдаа. Ачлалгүй муу л охин байна даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-09 12:12:40
    Uudgui: Uudgui ohin bna chi
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188