• Өнөөдөр 2024-05-17

Ц.МИНЖМАА: Ээжийн минь уран ухаан намайг оёдолчин болгосон

2021-03-11,   1835

-Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн дээлийг урлаж байлаа-

Бидний өвөг дээдсийн хойч үедээ өвлүүлэн үлдээсэн биет болон биет бус олон өв бий. Түүний нэг нь дээл урлах үйл юм. Баяд, дөрвөд, халх, буриад гэх зэрэг хэн өмсөхөөс шалтгаалан дээл оёх, загвар хийц, урлах даавуу, торгоор нь ялган урладаг. Ар талаас нь нурууны гол, урд талаас нь эгэмний хонхорхойг голч болгон бурхны тиг зурлага лугаа тэгш хэмээр эсгэдэг монгол дээлийн үндсэн эсгүүр өнөө бидэнд өвлөгджээ. Нэгэн цагт гэргий бүрийн хийдэг байсан үйл өнөөдөр эзэмшиж үлдсэн цөөнх нь урлаж байна. Ийнхүү ухамсарт амьдралынхаа 35 жилийг дээл, хувцас урлахад зориулсан “Монгол комтюмс” ХХК-ийн оёдолчин Ц.Минжмаатай ярилцлаа. Тэрбээр саяхан зүг чигийг заагч Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан юм.  

-Та хэдэн настайдаа оёдолчин болсон бэ?

-18 настайдаа оёдолчин болсон. 1980 онд сургуулиа төгсөж, 1986 оноос сүлжмэлийн үйлдвэрт 10-аад жил ажилласан. Тэгээд Унгар Улсад нэг жил суралцсан. Унгараас ирээд шилмэл загварын ордонд ажилласан юм. “Монгол комтюмс” ХХК –д 2006 оноос хойш ажиллаж байна. Би Архангай аймгийн Ихтамир суманд төрж өссөн. Ээж минь намайг “Чи оёдлын сургуульд сур” гэж Улаанбаатар хот руу явуулж байлаа. Тухайн үед би оёх сонирхолтой ч байж дээ. Түүндээ хөтлөгдөж явсаар өнөөдөртэй золгоод байгаа минь энэ.

-Аливаа зүйлд шалгуур гэж байдаг. Оёдолчин хүний хамгийн том шалгуур юу вэ?

-Захиалгын бүтээл урлах, үйлдвэрийн хувцас оёх хоёр өөр. Захиалгын материал хүний биеийн өөг дарж, тухайн хүний сэтгэл ханамжид нийцэх өнгө, загвар, хэмжээг тохируулж урлах хэрэгтэй. Харин үйлдвэрийн бүтээгдэхүүн бол эсгүүрийн дагуу алдаагүй оёх л үүрэгтэй шүү дээ.

Оёдолчин гэдэг эмч хүн шиг л байдаг. Захиалагч залгаад “Та хаана байна. Би дээлээ маргааш авна шүү, дээлээ хасуулах гэсэн юм” гэх мэт яаруулах үе олон.

Тийм учраас  тухайн хүний сэтгэлд нийцсэн 100 хувийн гүйцэтгэлтэй дээл, хувцас урлахыг зорьдог. Энэ л миний өөртөө тавьдаг хамгийн том шалгуур даа.

-Эрт цагт эмэгтэй хүн бүр дээл, хувцсаа урладаг байсан.  Таны ижий уран хүн байв уу?

-Ээж минь нутаг, усандаа чамбай сайн оёдог, гарын уртай гэж яригддаг уран хүн байлаа. Ээжийн минь уран ухаан намайг оёдолчин болгосон юм.

-Та олны танил эрхмүүдийн дээл, хувцас  урлаж байв уу?

-Бурхан болсон УИХ-ын гишүүн асан Д.Арвины дээлийг их урласан. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх сайд болохоосоо өмнө дээл урлуулж байлаа. Мөн Ардын жүжигчин Г.Мягмарнаран, яруу найрагч П.Бадарч, Б.Ичинхорлоо гэх мэт олны танил эрхмүүдийн дээл хувцсыг бишгүй урласан. Миний урласан дээл, хувцсаар гоёод телевиз болон олон нийтийн газраар явахыг нь харах сайхан байдаг.

-Та 35 жил хөдөлмөрлөж, төрдөө үнэлүүлжээ?

-Төр засаг минь миний ур ухаан, хүч хөдөлмөрийг үнэлж Алтан гадас одонгоор шагнасанд хязгааргүй их баярлаж байна. Би шагнал авна гэж бодож байгаагүй.

-Гарын дүйгээс гадна сэтгэлээ шингээж байж л сайхан дээл, хувцас гардаг байх даа?                                                                                                                                  

-Хээтэй торго, даавууны хээг тааруулах гэдэг чухал. Санааныхаа зоргоор хайчилчихдаг эд биш.

Заримдаа дээлээ эсгэж чадахгүй орхиод гэртээ хариад шөнөжин боддог. Гэртээ харих замдаа, автобусанд үргэлж бодож, тунгааж явдаг юм. Бодсоны эцэст эсгэж, урлах арга ухаан төрдөг дөө. Тийм учраас зүүгээр хатгах бүрт сэтгэлээ шингээж урладаг юм. Сүүлд нь  сайхан дээл болсон байхыг хараад өөрөө хүртэл баярладаг шүү.

-Таны урласан дээл, хувцас бусдынхаас ялгарч харагддаг уу?

-Олон жил дээл, хувцас урлахаар нүд хүртэл уран болдог. Захиалагч нар баярласан сэтгэлээ хэлж, дахин дээл, хувцас хийлгэнэ гэдэг бол хамгийн том шагнал. Тэр бүхэн хамгийн сайхан сэтгэл, хөрөнгө оруулалт болдог юм.

 


Ц.МИНЖМАА: Ээжийн минь уран ухаан намайг оёдолчин болгосон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-10 13:35:04
    Зочин: Утас байна уу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-20 19:54:10
    O.erdene: Uneheer l setgelee shingeej buh buteelee gargadag bhdaa. Yariltslagiig ni uzeh tusam l hair hurehiiin. Ingej l mergejildee biy setgelee zoriulsan humuus olon bgaasai.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188