• Өнөөдөр 2024-05-17

Ш.ЦОГТХҮҮ: Морин циркийг амьтны цирк болгож хөгжүүлэх зорилготой

2021-03-10,   2353

Өлзийт хорооллын урд дэнжид монголын морин цирк сүндэрлэж буй. Өдгөө 20 орчим морь, таван тэмээ сургаж байгаа Морин циркийн захирал, ”Хан монгол” морьтны холбооны тэргүүн Ш.Цогтхүүтэй ярилцснаа хүргэе. Түүний циркийн урлагт 40 гаруй жил бие сэтгэлээ зориулсан хөдөлмөр, гавьяаг төр засаг өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор шагнасан билээ. Түүнтэй баярын сэтгэгдлийг нь хуваалцаж, цөөн хором ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор шагнуулсанд баяр хүргэе. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Баярлалаа, Ардын хувьсгалын 100 жилийн ой, циркийн урлаг хөгжсөний 80 жилийн ой энэ жил болно. Үүнтэй холбогдуулан циркийн урлагт олон жил хүч хөдөлмөрөө зориулсан гавьяаг минь төр засаг үнэлсэнд маш их баяртай байгаа шүү.

-Та хэдэн онд циркийн урлагтай ажил, амьдарлаа холбож байсан юм бэ?

-Би 1985 онд Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургууль төгсөж, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Норовцэрэн багшийн шавь болж Улсын циркт орж байлаа. Сүүлийн 20 гаруй жил гадаад, дотоодын үйл ажиллагаанд оролцож, монгол наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд оролцлоо доо.

-Та анх ямар үзүүлбэртэй тайзан дээр гарч байв. Тухайн үед ямар мэдрэмж төрсөн талаараа ярихгүй юу?

-Анх 16 настайдаа тайзан дээр гарч байлаа. Тухайн үед хүүхэд байсан болохоор их сандардаг байж. Удаан хугацаанд бэлтгэл хийдэг болохоор багшийнхаа зааж, сургасан захиасыг үргэлж санадаг байсан. Түүнээс хойш дэлхийн 30 гаруй орноор морин циркийн аялан тоглолт хийжээ.

-Үзүүлбэрээ бэлдэхэд хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Тухайн үед хоёр жилийн турш бэлтгэл хийдэг байсан. Би жижиг биетэй хүүхэд байсан учир давхиж буй морины хүзүүн доогуур гардаг үзүүлбэр голчилон үзүүлдэг байсан юс. Харин одоо хоёр сарын хугацаанд бүрэн хэмжээний бэлтгэл хийдэг болжээ.

-Морин цирк хичнээн төрлийн үзүүлбэртэй юм бэ?

-30,40 төрлийн үзүүлбэр байдаг. Сүүлийн үед бүх төрлийн үзүүлбэр хийх гэж хичээж байна. Би Циркийн жүжигчин, театрын найруулагч. Сүүлийн үед морин циркийн жүжигчилсэн тоглолт хийж байгаа. Зохиолын дагуу тулаантай, байлдаантай үзүүлбэр найруулж байна.

-Морин циркийн үзүүлбэр найруулдаг гэлээ. Одоогоор хичнээн жүжиг найруулсан бэ?

-Бие дааж 7-8 жүжиг найруулсан. 2006 онд Улсын циркийн байр түрээслэж,“Их шүтээний домог” хэмээх том хэмжээний циркийн жүжигчилсэн тоглолт хийж байсан.

2008 онд БНСУ-ын Чежү аралд “Чингис хааны догшин хар сүлд” хэмээх 60 морьтон оролцсон байлдаатай кино шиг жүжигчилсэн тоглолт хийсэн. Мөн Солонгосын театруудад 3-4 удаа жүжиг тавьсан. Сүүлийн гурван жилд Хятадын 5-6 хотод морьтой жүжигчилсэн тоглолт найруулсан байна.

-Гаднын оронд морио аваачиж тоглуулдаг уу?

-Бид Чежүд 45 хоногийн турш Солонгос, Австрали адуу сургаж, бэлтгэл хийж тоглосон. Анх 80 орчим эмнэг адуу авчирч байсан. Монгол, Солонгос адуу ялгаатай. Эхэндээ тавьсан тоглолтоо хараад чамладаг байлаа. Харин одоо олон жил тоглож үзэгчдийн таашаалд нийцэж байгааг харах сайхан байдаг.

-Морин циркийн жүжигчилсэн тоглолт  хэдэн цаг үргэлжилдэг вэ. Манай улсын аялал жуулчлалын салбарт нөлөөлөхүйц болж чадаж байна уу?

-Циркийн урлагийг аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, жуулчдад үзүүлэх зорилгоор жүжигчилсэн тоглолт болгож байгаа. Морин цирк 25-30 минут үргэлжилдэг. Харин жүжигчилсэн тоглолт цаг гаруй хугацаанд үргэлжилдэг. Жүжигчилсэн тоглолтоо циркийн урлагтайгаа хослуулдаг гэсэн үг.

-Циркийн урлагийн үзүүлбэрээ хэзээнээс жүжигчилсэн тоглолт болгож хөгжүүлсэн бэ?

-2006 оноос жүжгийн хэлбэрт оруулсан. Тухайн зохиолын дагуу морин циркийн уран бүтээлчид морь, тэмээгээ сургадаг. Тухайн жүжгийн үйл явдалтай уялдуулж найруулдаг гэсэн үг. Тийм учраас морьд сургах арга барил тухайн зохиолоос хамаарч өөр. Тухайлбал, байлдаантай хэсэгт хийх дасгалуудыг нэг бүрчлэн бэлдэж байж үнэмшилтэй болдог. Гол дүрийн жүжигчины яриа фонаграммаар текст нь явдаг.

Ер нь киноны схемээр теартын жүжгийг гадаа талбайд үзүүлдэг гэсэн үг. Морин циркийн жүжгийн үйл явдалыг хүч тамир, агаар, нугаралтын үзүүлбэрийг хооронд нь уялдуулж жүжгийн хэлбэрт оруулдагаараа онцлог юм.

-Циркийн үзүүлбэрийн морио хэрхэн сургадаг вэ. Та өөрөө морио шалгаж авдаг уу?

-Морио сургахдаа хамгийн гол нь аюулгүй ажиллагааг хангах хэрэгтэй. 50-60 морь зэрэг давхихад янз бүрийн эрсдэл гарч мөргөлдөх тохиолдол элбэг. Тийм учраас морио  сайтар сургах хэрэгтэй.

Морь шалгаж авахдаа зүс царай, нас хүйс, биеийн харьцааг хардаг. Гол дүрийн жүжигчин, циркийн үзүүлбэр хийж байгаа морийг нарийн шалгуураар авдаг юм. Гол дүрийн морь онцгой содон зүстэй байж тухайн тоглолтыг сонирхолтой болгож, тодотгож өгдөг. Хар, хүрэн, зээрд зүстэй морьд олон хөдөлгөөн дунд ялгардаггүй.

Гол дүрийн жүжигчний хувцас, тоног хэрэглэл, хазаар нь хүртэл ялгарч байх ёстой. Харин олны хэсгийн морьд унаа сайн даадаг, номхон дөлгөөн байхад болдог.

-Энэ жил циркийн 80 жилийн ой болно гэлээ. Ойн баярт зориулж ямар арга хэмжээ зохиох вэ?

-Циркийн 80 жилд зориулж бүрэн хэмжээний тоглолт бэлдэж байна. Морин театрын тоглолт хийнэ. Улсын баяр наадмын үеэр тоглолт эхлэх байх. Коронавирусээс шалтгаалж цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна. Өлзийт хороолол морин сургалтын төв байсан бол өргөтгөл хийж циркийнхээ үйл ажиллагааг сайжруулах, томоохон хэмжээний тоглолт хийдэг амьтны цирк болгоно гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Циркийн 80 жилийн ойд зориулсан тоглолтод хичээн морь, уран бүтээлчид оролцох вэ?

-Хориод морь, таван тэмээ, 20 орчим уран бүтээлчид оролцоно. Одоогоор тэмээ, морь хоёр сургаж байна.

 

 


Ш.ЦОГТХҮҮ: Морин циркийг амьтны цирк болгож хөгжүүлэх зорилготой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-14 14:45:03
    Соёл эрдэнэ: Сайн байна уу. Энэ циркт ямар журмаар хүн элсүүлдэг вэ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-25 12:01:39
    Зочин: Морин сспрт, мориор ажил амьдраоынхаа гол зорилго болгож байсаа нь сайхан ч олон айлын хүүхдүүдийг харийн нутагт аваачж ажиллуулж бизнeс хийхдээ арай жаахан жудагтай байж түмэн олон хүүрдүүдийн амьдралыг нь залж эв найрамдал эeийг сахиулаха хамт олэыг удирдахдаа ээж аав шиг биш юмаа гэхэд онцгой ач холбогдол өгч чиглүүлж амьдралыг нь бодох хэрэгтэй байсан юмдаа.харамсалтөй юм бөйнаа байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-25 11:54:11
    Зочин: Морин мспрт, мориор ажил амьдраоынхаа гол зорилго өолгож байсаа нь сайхан ч олон айлын хүүхдүүлийг харийн нутагт аваачж ажиллуулж биүнeс хийхдээ арай жаахан жудагтай байж түмэн олон хүүрдүүдийн амьдралыг нь заож эв найрамдал эeийг сариулаха хамт олэыг бдирдахдаа ээж аав шиг биш юмаа гэхэд онгой ач холбогдол өгч чирлүүлж амьдралыг нь бодох хэрэгтэй байсан юмдаа.харамсалтөй юм бөйнаа байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-21 15:09:51
    Zaya: ugiin saihanaar huniig hun bolgodog hundee mundag shuu.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188