• Өнөөдөр 2024-04-24

Ш.ДАВААСАМБА: Надад “Хэрвээ би” хэмээх хууль үйлчилдэг

2021-03-01,   2309

Ш.ДАВААСАМБА: Жүжигчинд “Хэрвээ би” хэмээх хууль чухал байдаг

                 Тухайн киноноос ардчилсан Монгол Улсын алдаа, оноог дэнслэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр уран бүтээл бүхэн үнэн байх шаардлагатай.

       Соёлын тэргүүний ажилтан Шаравын Даваасамба гуай өдгөө 73 настай. Амьдралынхаа 49 жилийг урлагийн салбартай холбосон ахмад уран бүтээлч юм. Тэрбээр түүхэн болон орчин үеийн 80 гаруй кино, жүжгийн дүр бүтээснээс гадна мал, ахуй амьдрал сайн мэддэг, суран эдлэл, ташуур сайхан гөрдөг гарын дүйтэй, авьяастай нэгэн. Түүний монгол ахуй амьдрал, иргэншлийн талаар сайтар судалж мэдсэн нь түүхэн кинонд дүрээ мөнхлөхөд нь голлон нөлөөлжээ.

-Та Увс аймгийн Өндөрхангай суманд 1945 онд төрсөн юм билээ. Таны бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ?

      -Би сумандаа X анги төгсөж, амьдралын эрхээр Баруунтуруун суманд тракторчин болсон.  1972 онд Увс аймагт Хөгжимт драмын театр байгуулагдахад жүжигчнээр орсон. Хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, найруулагч  Х.Мягмарсүрэн, С.Гэндэн, Г.Дарамзагд гуай манай аймгийн бүх сумаар явж театрын жүжигчин шалгаруулж авсан юм. Баруунтуруун сумын 68 хүнээс гурван хүн тэнцэж байлаа.

-Хөгжимт драмын театрт орохдоо ямар үзүүлбэр үзүүлж тэнцэж байсан бэ?

       -Дуулах, бүжиглэх, жүжиглэх гээд бүх төрлийн авьяасаа үзүүлж болно. Би “Хавар” хэмээх дуу дуулсан. Намайг дуулж дууссаны дараа Х.Мягмарсүрэн багш надтай хурдан морь, бөх, хайр ярьсан юм. Тэгсэн “За Б.Дамдинсүрэн би ганцхан драмын жүжигчин оллоо” гэсэн гэдэг. Сүүлд С.Гэндэн найруулагч намайг “Гоцлол дууны ангид ор” гэхэд нь Х.Мягмарсүрэн найруулагч “Ш.Даваасамба драмын театрын жүжигчин болох өгөгдөлтэй хүн” гэсэн. Увс аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчнээр 28 жил ажилласан. Социализмын үед театрын тайзнаа амилсан бүх жүжигт тоглосон.

 -1979 онд "Үүрийн цолмон"-гийн Дамба, 1984 онд "Намрын халуун өдрүүд"-ийн Насанбат, 1987 онд "Би нисэх дуртай"-н моторчин, 1990 онд "Тод магнай"-н уяач Догмид, 1997 онд "Наран ургахыг хүлээхгүй" туульч зэрэг хуучны кинонуудад тоглосон байна. 2008 онд "Үхэж үл болно", 2012 онд "Аравт", 2016 онд "Чингисийн хүүхдүүд", 2020 онд “Давхар цагаан шугам” зэрэг 70 орчим дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлжээ. Хамгийн сүүлд “Амар байна уу” хэмээх кинонд тоглосон. Цагаан сарын үеэр телевизээр гарсан. Зарим кино үзэгчдийн хүртээл болж амжаагүй байна.

-Увс аймгийн Хөгжимт драмын театрт орж байхад танд ямар сэтгэгдэл төрж байв?

           -Тухайн үед яах учраа олдоггүй байсан. Анх театрын жүжигчин болоход хүнд, хэцүү зүйл их байсан. С.Гэндэн, Ж.Бунтар багш их дэмнэж, зааж сургасан. С.Гэндэн багш дүрийн судалгааны талаар их тайлбарлаж өгдөг байлаа. Манай аав 1948 онд Улсын сайн малчин болсон. Аав маань С.Гэндэн багштай найз байсан. Аав намайг “Миний хүү дуу багатай, хөдөөний хүн шүү дээ. Урлагт ямар хэрэгтэй юм” гэхэд С.Гэндэн багш “Ш.Даваасамба урлагт хамгийн хэрэгтэй хүн. Та хүүгээ театраас гаргана гэж ятгах хэрэггүй” хэмээсэн гэдэг.

-Та эхнэртэйгээ хэрхэн танилцаж байсан бэ. Таныг эхнэр хөгжимчин гэсэн үү?

       -Миний эхнэрийг Бор гэдэг. Насаараа шанз хөгжим толгосон доо.  Биднийг бага байхад манай хоёр айл зусдаг байсан. Нэгнээ багаасаа мэддэг. Борыг манайх руу ирж явааг хараад би зугтаачихдаг байсан юм. Намайг хааяа гэрт нь ороход эзэнгүй байна. Борыг хоёрдугаар курсээ төгсөөд ирсэн жил нь  “Сайн байна уу” гэж гар бариад, тэр үеэс л нийлж байсан даа. Манайх гурван охин, гурван хүүтэй. Гурван инженер, хоёр багш, нэг  нягтлан бодогчтой.

-Та тайз, дэлгэцийн уран бүтээлд тоглохоос гадна өөр бүтээл туурвиж байв уу. Ямар бүтээлдээ илүү хайртай вэ?

-Би  “Учиртай гурав” жүжгийн худалдаачин, “Өлийн овоо”, “Хирааны хонхорт”, “Дөшин жирмийнхэн” зэрэг түүхэн жүжгийн гол дүрд тоглож байлаа. Тэдгээр дүрдээ тун ч хайртай. “Хулсан ташуур”, “Дөрвөн уул”, “Төр түмнээ магтан дуулъя”, “Зааны даваа”зэрэг долоон дууны шүлэг бичсэн. Хувьдаа бичсэн ганц шүлэг бий.

Хоёр мөрөндөө мөнгөн хонхтой

Хоёр бойтогондоо зэс хонхтой

Хүн бүхэнд заяадаг мөртлөө

Хүж дэлхийд ганцхан юм шиг

Өөдөсхөн миний зээ

Өргөн түмний нэг билээ.

Уяаныхаа үзүүрт мөлхөж хөшчихөөд

Уул давсан юм шиг маасайн суудаг

Удам ургийн алтан залгаа

Уугуул монголын шинэхэн иргэн

Өөдөсхөн миний ач

Өргөн түмний нэг билээ.

Үдэш бүхэн бүүвэйн уянгатай

Өглөө болгон инээд баясалтай...гэдэг шүлэг байдаг. Олон сонин дээр гарч байсан. Хүн болгон “Ямар хөөрхөн шүлэг вэ, дуу болгох юм сан” гэдэг байлаа. Одоогоор дуу болоогүй байна. Мөн би “Үүрийн цолмон” киноны нэгдлийн дарга, Их хурлын дарга, Намын төв хорооны Цэрэн, “Улаан эрэг” киноны дарга, Богд хааныг төлөөлж гурван улсын хэлэлцээр хийж байсан Да лам Дашжав, Түвдийн алдарт зурхайч Дэнзэн зэрэг есөн ламын дүр, “Даариймаа” гэх  аймшгийн киноны зайрангийн дүр, таван маарамбын дүр бүтээжээ. Сүүлийн үед өвөөгийн дүрд тоглож байна даа.

-Жүжигчин дүрийнхээ судалгааг яаж хийх ёстой вэ. Та ямар арга барилаар ажилладаг вэ?

      -Жүжигчин өгөгдсөн дүрийнхээ нийгэмд эзлэх байр суурь, үзэл бодол, зан араншинд тохируулж тухайн шинжийг агуулсан хүний тухай судлах ёстой. Мөн тухайн зохиолд заасан  улаан шугамнаас хэтэрч, халирч болохгүй. Жишээлбэл,  ямар нэгэн даргын дүрд орохдоо ямар байр суурьтай хүн бэ гэдгийг нэгдүгээрт тодорхойлох ёстой. Хүн бүрийн сэтгэл зүй, ертөнцийг үзэх үзэл, боловсрол өөр байдаг. Тийм учраас  дарга, малчин, инженер, багшийн дүр бүтээнэ гэдэг маш том хариуцлага. Өнөөгийн кинонд зөвхөн хоосон үг “явчихаад” байдаг. Үүнээс болж уран бүтээл чанаргүй болох, сайн, муу хэлүүлэх элбэг.  

 Жүжигчин хүнд “Хэрвээ би” хэмээх хууль байдаг. Хэрвээ би малчин Дорж, хэрвээ би эмч Дулмаа гэх мэт...  Тухайн дүрд айх, цочих, баярлах, гуних  сэтгэлийн бүх  хөдөлгөөн бий. Тухайн дүр яг ямар хүн байх вэ гэдгийг зөв тодорхойлбол, зөв дүр гардаг. Ууртай дарга байх уу, дөлгөөн дарга байх уу, нийтэч байх уу гэдгийг зангидаж, тодорхой болгож байж камерын өмнө гарах ёстой.

-Та өнөөгийн кино урлагийг хэрхэн дүгнэх вэ. Кино гэж таныхаар чухам юу вэ?

       -Дээр үед Кино үйлдвэрийн уран сайхны зөвлөлөөр оруулж, хэлэлцэж байж тухайн кино болон дүрийг шийддэг байсан. Өнөө үед биенээсээ хуулбарлах тохиолдол илүүтэй ажиглагдаж байна. Гэхдээ нийгмийн хөгжил, дэвшил дагаад сайхан бүтээл олон гарах байх. Өнөөгийн Монголын ахуй байдал 100 жилийн дараа кино урлагийн алтан сан хөмрөгт түүх болон үлдэнэ. Тухайн киноноос ардчилсан Монгол Улсын алдаа,  оноог дэнслэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр уран бүтээл бүхэн үнэн байх шаардлагатай. В.И.Ленин багш “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино урлаг” хэмээн хэлсэн байдаг.

-Та түүхэн кинонд олон дүр бүтээсэн. Улс төр, нийгэм, монголчуудын ахуй амьдралын талаар хэрхэн судалж байсан бэ?

-“Намрын халуун өдөр” киноны Насанбат, “Улаан эрэг” киноны Цэрэн даргын дүр бүтээхэд улс төрийн талаар судлах шаардлагатай болсон. Дээр үеийн улстөрч түүхэн хүмүүсээс судалгаа авч, тэдэнтэй  ярилцаж байсан. Улс төр  их ярвигтай. Нэг л буруу хүн улс төрд орвол нийгэмд шууд сөргөөр нөлөөлж байдаг.

-Та бусад жүжигчдээс юугаар ялгардаг вэ?

        -С.Гэндэн, Ж.Бунтар багш нар надад “Ямар ч уран бүтээлд иргэншил чухал. Иргэншлээ сайн мэдвэл ямар ч дүрд найруулагчдаа загнуулахгүй, ард түмэндээ гологдохгүй тоглож чадна” гэж захисан. “Үүрийн цолмон” киноны нэгдлийн даргын дүр, “Намрын халуун өдөр” киноны Насанбат лам нарынхаа дүрд хайртай. Олон түмэнд янз бүрээр хэлэгддэггүй учир сайн болсон гэж хувьдаа боддог.

Хувь хүний авьяас, идэвх, санаачилга чухал. Гэхдээ иргэншил, ахуй байдал мэддэг байх нь түүнээс ч чухал гэж бодож байна. Энэ миний бусдаас ялгарах онцлог байж магадгүй. Жүжигчний үндсэн ур чадвар дээр иргэншил, монголчуудын талаарх ойлголт чухал шүү.

-Таны уран бүтээл, хөдөлмөрийг төр хэрхэн үнэлсэн бэ?

      -1987 онд Монгол Улсын Соёлын яам, Кино үйлдвэрийн гавьяат болж байлаа. Таван жилийн гавшгаач, Аймгийн хөдөлмөрийн аварга, байгууллагын аварга гурван удаа болж байсан.

-Та багадаа кино урлаг сонирхдог байв уу. Ямар хүсэл, мөрөөдөлтэй хүүхэд байв?

        -Би адуу, мал сургахдаа гарамгай байсан. Их сайхан морьтой болж, ганган морь унах юм сан гэж боддог хүүхэд байлаа. Адууны эрэлд яваа хүмүүс энд, тэнд болсон явдал, морь, бөх, үлгэр домог их ярьдаг байсан. Түүнийг нь  сонсох дуртай нэгэн байсан. Хүний үг  сонсож сурна гэдэг ярьж сурахаас илүү чухал шүү.  Аав, ээжийн олон  сургаал байдаг. Аав минь дандаа “Үг дааж эр хүн болдог юм” гэж хэлдэг байсан. Намайг хүн муу хэлж болно. Хариуд нь “Би тийм биш” гэж хэлэх нь чухал биш. “Яагаад энэ хүн намайг муулах болов” гэж бодох нь чухал. Би эхээс долуулаа. Гэхдээ нагац ахынхаа өргөмөл ганц хүү нь юм.

-Та залуу үеийн жүжигчдэд юуг захиж, зөвлөх вэ?

      -Хүн  ямар ч мэргэжил сонгож болно. Хамгийн гол нь  мэргэжилдээ үнэн сэтгэлээсээ хандах ёстой. Хүн сэтгэлийн амьтан юм шүү дээ.  Хүнд чадах үе бий, ядаж явах үе ч бий. Хаана ч явсан хүнтэй дахин уулзах нүүртэй байх хэрэгтэй шүү.


Ш.ДАВААСАМБА: Надад “Хэрвээ би” хэмээх хууль үйлчилдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-29 20:40:43
    Зочин: Ач зээ нар шиг хүмүүст нь гавъяа шагнал өгөөд л байх юм. Хийсэн юмтай энэ хүмүүсээс тэр шагналаа юундаа харамладаг байнаа. Таалагдсандаа шагнал өгдөгөө болимоор юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-01 23:12:55
    Зулаа: Ийм хүмүүст төр гавьяа шагналаа өгмөөр юм. Ерөнхийлөгч баруун солгойгүй шагнаад байдаг, гэтэл Даваасамба, Цэгмид, Ганхүү, Сүхбаатар,Буротинод тоглодог эгч гэх мэт хүмүүсийг олж хардаггүй нь сонин.Юу хийж бүтээсэн нь мэдэхгүй жул нөхөд шагналыг хаалгадаж авдаг жишиг тогтож бгаа нь эмгэнэлтэй юм
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188