• Өнөөдөр 2024-04-26

ШИНЭ ҮСГИЙН БАГШ МУУХАЙ БИЧДЭГ

2023-07-25,   8773

Бидний үзэх дуртай “Шинэ үсгийн багш” киноны Тулга багшийн дүрд Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, найруулагч Ж.Бунтарын хүү Б.Гарьд 15 настайдаа тоглож байжээ. Тухайн үеийн монголчуудын бичиг үсэгтэй болох хүсэл эрмэлзлэлийг бадрааж, өвөө, эмээ, аав, ээж, ах, эгч  шигээ хүмүүст хичээл заадаг тус дүрд хайргүй хүн үгүй биз ээ. Цангинасан хоолойтой шинэ үсгийн багш цэнхэр дээл, дугуй малгайгаар гоёсон байх нь тун ч зохимжтой. Шинэ үсгийн багшийн дүрд хэзээний багш аятай чадмаг тоглосон тэрбээр бодит амьдрал дээр туйлын муухай бичигтэй нэгэн аж. Оюутан ахуй цагт нь түүнээс лекц тэмдэглэсэн дэвтрийг нь хэн ч гуйж байгаагүй гэнэ лээ. Ж.Бунтар найруулагч ч бурхан болохынхоо өмнө зориуд “Миний хүү муухай бичигтэй шүү. Хуулан бичиг сайн хийж, бичгийн хэвээ засаарай” хэмээн захиж үлдээсэн гэдэг. Харин тус захиасыг хүү нь биелүүлж чадаагүй ч аавынхаа алдар хүндийг өндөрт өргөхийн тулд хичээж, гал голомтыг нь бадрааж явна. Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, найруулагч Ж.Бунтар, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин П.Долгорсүрэн нарын ганц хүү Б.Гарьдтай ижий, аавынх нь талаар  ярилцлаа.

-Таны аав Говь-Алтай аймгийн Бигэр сумын Хажидын Хаяа гэх газар, ээж нь Ховд аймгийн Дуут суманд төрсөн юм билээ. Тэд кино урлагтай амьдралаа хэрхэн холбож байв?

-Миний аав 1943 онд Чандмань сумын бага сургуулийг төгсөж, Улсын багшийн дээд сургуульд элсэн орсон. Эрүүл мэндийн шалтгаанаар хоёрдугаар курсдээ чөлөө авч, хөдөө явсан юм билээ. 1945 оны  долдугаар сараас 1947 оны тавдугаар сар хүртэл Бигэр суманд багш, хичээлийн эрхлэгчээр ажилласан. Манай аав урлаг сонирхдог мөртлөө нийгэм, улс төр, нам засгийн ажил их хийсэн дээ. Тухайлбал, 1951 оны гуравдугаар сар хүртэл Намын төв хорооны үйлдвэр, тээврийн хэлтсийн зааварлагч,1951 оны гуравдугаар сараас тус газрын хянагч, 1952 оны наймдугаар сараас 1955 оны хоёрдугаар сар хүртэл Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгт лектор, зааварлагч, хэлтсийн эрхлэгч хийж байсан. 1955 оны хоёдугаар сараас 1959 оны хоёрдугаар сар хүртэл Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн төв зөвлөлийн нарийн бичгийн дарга, орлогч даргын ажлыг сонгуулиар хийж байжээ. Харин 1959 оны хоёрдугаар сараас наймдугаар сар хүртэл кино үйлдвэрт баримтат киноны редактор, 1956-1957 онд Соёлын төлөөлөгчөөр хоёр удаа ЗХУ руу явсан. 1959-1963 онд ЗХУ-ын Бүх холбоотны кино урлагийн дээд сургуульд уран сайхны киноны найруулагчаар сурсан.

Аав минь тэр үеэс “Хүн өөрийгөө олно” гэдэг шиг кино урлагт ажил, амьдралаа зориулах ёстой юм байна гэдгийг ойлгосон юм шиг байна лээ. Түүнээс хойш дахиж нам төрийн ажилд оролцоогүй. Мөн Улсын багшийн дээд сургуульд сурахаасаа өмнө нь кино механикч хийдэг байсан юм билээ. Аав минь тэр үеэ хааяа дурсдаг байлаа. Тэрбээр “Би тэр үед л киноны гайхамшгийг мэдэж авсан. Тухайн үед би кино хийдэг хүн болно гэж бодож байгаагүй. Харин кино найруулагчийн мэргэжлийг сонгож ЗХУ-д суралцахад магад нөлөөлсөн байх” гэж ярьж байсан юм. Долдугаар ангидаа зуныхаа амралтаар баг дээр очиж малчид, нутгийнхаа иргэдэд ШИНЭ ҮСГИЙН БАГШ хийдэг байсан.  Ээж надад “Чи Шинэ үсгийн багшийн дүрд тоглохдоо  аавынхаа бага насны түүхийг харууллаа” гэж хэлж байсан. Энэ нь надад бэлгэшээлтэй, сайхан санагддаг.

Миний ээжийн аавыг  Д.Пүрэвээ гэдэг. Ховд аймагт хүүхэд байхдаа шинэ үсгийн багшаар ажиллаж байсан. Ховд аймгийн Дуут сумын бага сургуулийг байгуулж, насаараа багш, захирал хийсэн. Тухайн үеийн Ховд аймгийн 10 жилийг төгссөн хүмүүс манай өвөөг сайн мэднэ. Нутгийнхан нь тоодон Д.Пүрэвээ, хурдан Д.Пүрэвээ гэж дууддаг байсан гэнэ лээ.  

Ээж минь Улсын багшийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр төгсөж, Хүүхэд залуучуудын театр ажиллаж байсан. Дархан театрт захирал, сүүлд Хүүхэлдэйн  театрт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм. Ээж минь Ховдын Дуут сумын элсэн уулан дээр гулгаж тоглодог байсан тухайгаа их дурсдаг.  Тэгээд “Хүүдээ нутгаа үзүүлэх юм сан” гэж их ярьдаг. Би ихэнх аймаг, сумаар явсан боловч аав, ээжийнхээ төрсөн нутгаар очиж үзээгүй. 4-5 настайдаа Говь-Алтай аймгийн Бигэр суманд очиж байсан. Нарийнхан горхитой,  элстэй газар байсан санагддаг. Горхи туулаад тоглож байснаа сайн санадаг.

-Таны ижий, аав ямар зан араншинтай хүмүүс вэ. Та хэнийг нь илүү дуурайсан гэж боддог вэ?

-Манай ээж их зөөлөн хүн. Кино урлагийнхан бүгд хэлнэ. “Догоо эгч бол хайрын туйл. Зөөлөн зан нь ихдээд байдаг” гэж ярьдаг. Бүх зүйлийг зөөллөдөг, зөвтгөдөг, хүнийг хайрладаг, өрөвч, сэтгэл хөдлөл ихтэй, амархан уйлдаг. Манай аав зарчимч, шударга, зүгээр суудаггүй хүн байлаа. Намайг “Хүнд битгий худлаа хэл. Сурсан, төгссөн мэргэжлээрээ бахархаж, өндөрт өргөж яв. Хүн хэзээ ч хоолоо олж идэж байгаа тогоо руугаа шүлсээ хаядаггүй юм. Ажлыг хийвэл хийсэн шиг хий, үгүй бол боль” гэдэг байсан. Мөн их цэвэрч нямбай хүн байлаа. Надад аавын эдгээр чанараас жаахан бий. Тухайлбал, цэвэрч нямбай, аливаа зүйлийг төлөвлөх чадвар сайтай гэж боддог.

-Аав нь хүүдээ юу гэж захиж, сургадаг байв. Захиасыг нь биелүүлж чадсан уу?

-Манай аав бурхан болохынхоо өмнө “Б.Гарьд муухай бичигтэй шүү. Хуулан бичиг сайн хийгээрэй, бичгийн хэвээ засаарай” гэж захисан. Түүнийг нь би үнэхээр биелүүлж чадаагүй. Бусдыг нь чадлаараа биелүүлэх гэж зүтгэдэг. Шударга, зарчимч байхыг хичээдэг. Зөвхөн ашиг хонжоо бодож кино хийхийг хүсдэггүй.

Хүнд аливааг ойлгуулах, нийгэмд болж, бүтэхгүй байгаа асуудлыг хөндсөн бүтээл хийхийг боддог. Би аавыгаа дуурайсан “Түс, тас” гэсэн шударга зантай. Таалагдахгүй зүйлээ шууд хэлдэг сул талтай. Манай ээж сүүлийн үед түүн дээр зэмлэнгүй хандаж байгаа. Б.Гарьдаа “Чи их шударгуу шүү, хүмүүст хамаагүй үнэнээ хэлдэг. Чамайг ойлгох хүн байна, ойлгохгүй хүн бий” гэж хэлдэг.

Миний ойрын найз нөхөд, уран бүтээлчид киногоо үзүүлээд “Ямар болсон байна. Шүүмж хэлээч” гэхэд нь би сэтгэлээрээ хандаж “Энэ хэсэг дээр алджээ. Чи энэ удаагийн бүтээл дээр тааруухан ажилласан байна” гэх зэрэг  үнэнийг нь өөдөөс нь харж байгаад хэлдэг. Тэд ч дуртай хүлээж авдаг.

-Таны аавтайгаа өнгөрүүлсэн хамгийн нандин дурсамж юу вэ?

-Цагаан сарын баяраар гэрт суух газаргүй болтол хүмүүс ирдэг байлаа. Гурван өрөө байрны өнцөг булан бүр хүнтэй. Хоёр газар ширээ засдаг. Цагаан сарын шинийн 7-ныг хүртэл иймэрхүү байдалтай үргэлжилдэг. Одоо бодоход гэр бүлээрээ телевиз үзэж суух хамгийн сайхан байж. Орос киног аав орчуулж, ээж,  бид хоёр түүнийг нь үзэх дуртай. Тэр үед ээж аавын толгой, мөрөнд нь массаж хийж өгдөг. Би хажуугаар нь хоёуланд нь эрхэлж, өнхөрдөг байлаа. Энэ үе л хамгийн жаргалтай байжээ. Яагаад гэвэл гурвуулаа хамт телевиз үзэх цаг хугацаа, боломж хомс байсан учир тэр үе одоо хүртэл мартагддагүй юм.

-Таны ижий, аав монгол түмний зүрх сэтгэлд мөнх орших олон сайхан кино найруулж, дүр бүтээсэн. Тэд хэчнээн дүр бүтээж, кино найруулсан байна вэ?

-Манай аав “Цэрэг эрсийн жирийн өдрүүд” хэмээх кинон дээр дээд офицер болж тоглосон байдаг. Үүнээс өөр дүр байхгүй. “Цэц магнай” киноны эхлэл дээр монтажны өрөөнд сууж байгаа нь хальт гардаг. Мөн Монгол кино үйлдвэрийн баримтат кинонд мэр сэр харагддаг. Харин уран сайхны 17 кино, баримтат зургаа, 30 гаруй орчуулгын кинонд найруулагчаар ажилласан байна. “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Нийслэл хүү”, “Гэрлэж амжаагүй явна”, “Дэгдээхэй нас” киноны дууны үг бичсэн. Харин ээж минь 30 гаруй уран сайхны кино, 30 орчим театрын жүжигт дүр бүтээсэн. Одоо ч клип, рекламанд тоглосоор байна.

-Аавыг нь найз нөхөд нь юу гэж үнэлж, дурсан ярьдаг вэ?

-Аавын найзуудыг нэрлэвэл дуусахгүй. Тухайн үеийн сэхээтэн гэх бараг бүх хүн аавтай найз нөхөд, ойр дотно байсан. Долоо хоногийн 4-6 өдөрт нь манайхаар  хүн тасардаггүй байлаа. Би айлын ганц хүү учир зожигдуухан өссөн. Надад гэрт өдөр, шөнөгүй хүн холхиостой байх таалагддаггүй байв. Тэгээд тэдний байгаа өрөөнд орохоор “Томчуудын ярианд битгий ор. Цаашаа бай” гэдэг байлаа. Миний санаж байгаагаар Б.Чадраа, Л.Түдэв мөн Л.Хангал, Б.Сумхүү, Н.Нямдаваа, Х.Дамдин гээд л  кино үйлдвэрийнхэн байнга цуглардаг байсан. Тэд цуглачихаад дараагийн уран бүтээл, улс төр, шинжлэх ухаан, уран зураг, уран зохиол гэх мэт ярихгүй сэдэв үгүй. Тухайн үеийн сэхээтнүүд мэдлэг зузаан байж. Жаахан хүүхэд надад хүртэл яриаг нь сонсох сонирхолтой байсан гээд бод доо.

“Зөвлөлтийн дайчдын хөшөө” хэмээх дууны үгийг Ч.Чимэд, аяыг нь Л.Мөрдорж гуай бичиж байсан юм билээ. Тухайн үед Л.Мөрдорж гуай зуу татаж алга болчихоод олдохгүй, киноны дууных нь хөгжим гарч өгдөггүй, кино нь хүлээгдээд байсан юм билээ.

Тэгэхээр нь аав нэг өдөр Л.Мөрдорж гуайг барьж аваад Улаанбаатар зочид буудлын нэг өрөөнд түгжээд “За, Л.Мөрдорж минь, хөгжмөө бичиж байж гарна шүү, тэгэхгүй бол гаргахгүй” гэж хэлчихээд орхисон гэдэг. Дээр үеийнхэний тоглоом хатуу шүү дээ. Маргааш нь аав ээжээр хоол хийлгээд, шартчихсан байгаа байх гээд шилний дундуур юм бариад, өрөөнд нь ортол хэдий нь босчихсон, үсээ хойш нь самнаад цэмбийчихсэн байсан гэдэг. Тэгээд “Ж.Бунтараа хө, дууны аяаа биччихлээ. Иймэрхүү юм болсон” гээд үзүүлж байсан гэдэг. 

-Та “Жүжигчид өөрийнхөө зүрх сэтгэлээр тоглож, байнга урж байж сайн дүр бүтээдэг” гэж ярьсан байна лээ? Уран бүтээлч хүнд авьяас, хөдөлмөр, мэдлэг зэргийн аль нь чухал гэж боддог вэ?

-Би тийм мундаг жижгчин хүн биш ээ. Би залуудаа авьяастай хүн гайхамшигтай бүтээл хийдэг байх гэж ойлгодог байсан. Одоо анзаарч байхад сайхан авьяасыг хөдөлмөрөөр өнгөлж мэдлэгээр давтаж байхгүй бол зэвэрдэг юм байна. Уйгагүй хөдөлмөрч зан л уран бүтээлчийг амжилтанд хүргэдэг юм билээ. Тэгэхээр хүнд хөдөлмөрч зан чухал, илүү нөлөөлдөг юм болов уу гэж бодож байна.

-Та аавынхаа найруулсан “Ирж яваа цаг”  кинонд анх тоглож байсан юм билээ. Сүүлд 1993 онд “Халаасны өрөө” кинонд ээжтэйгээ хамт тоглосон. Тэдгээр киног эргэн үзэхэд ямар санагддаг вэ?

-“Халаасны өрөө” киноны аавд Д.Сосорбарам, хажуу айлын дотны өвөөд Л.Нямсүрэн гуай тоглож байсан юм.

Тухайн үед кинонд тоглож байхдаа аавын хий гэсэн бүхнийг нь хийдэг байсан. Уйлах хэсэгт нь уйлж чадахгүй болохоор намайг харанхуй өрөөнд оруулж, түгжээд уйлуулж гаргаж ирээд “Заа, тогло” гэж хэлээд тоглуулж байсан түүх бий.

Одоо эргэн үзэхэд их гоё сэдэвтэй кино байжээ гэж боддог.Монгол орон эзэнгүй болчихлоо, толгойгүй болчихлоо гэдэг санааг илэрхийлсэн. Мөн дотор нь задлах юм бол олон санаа байдаг. Үзэх тусам их зүйл ойлгодог доо. Үйл явдлаа хөөхөөс илүү хэлэх гэсэн санаагаа хөөж хүний мөн чанарыг харуулсан кинонуудыг хийж байсан болхоор тухайн үеийн кинонууд үнэ цэнээ өнөөг хүртэл алдаагүй.

-Таны амьдралын үнэ цэнтэй дурсамжийн нэгээхэн хэсэг нь монгол киноны алтан сан хөмрөгт хадгалагдаж үлдсэн шүү дээ. Ижий, аавтайгаа хамт уран бүтээл хийх нь танд ямар санагддаг байв?

-Явсан газар бүрдээ ижий, аавынхаа нэр хүндийг бодож, биеэ зөв авч явах ёстой болдог. Түүнээс болж аливааг хийж чадахгүй хүлэгдсэн зүйл ч бий. Сүүлийн үед “Би ямар Ж.Бунтар найруулагч биш дээ. Миний үзэл бодол минийх байх ёстой” хэмээн бодож өөрийгөө чөлөөлж байна.

Алдар хүндтэй хүмүүсийн хүүхэд байна гэдэг үүрэг хариуцлага, их дарамт байдаг. Харин сайхан тал нь  би аавынхаа талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй байлаа гэхэд тааралдсан хүмүүс “Танай аав тийм хүн байсан шүү. Аавтай чинь ингэж танилцсан юм” гээд түүх, дурсамж ярих нь сайхан.

Хамгийн сүүлд сэтгүүлч Д.Төрмөнх ах надтай таараад танай аавтай танилцсан түүхээ ярьж өгье гэсэн. Тэрбээр “Тэрэлжид санагдаж байна. Танай аав киноны зураг авч байсан юм. Бид нар холоос хараад зогсож байтал ажлаа хийж байсан хүмүүс гэнэт шуугилдаад, бужигналдаад, “Найруулагч ирлээ, найруулагч ирлээ” гэсэн. Гэтэл уулын орой дээрээс хүүхэд хөтөлсөн найруулагч бууж ирсэн нь танай аав байж. Ж.Бунтар гуайг анх тэгж харж байлаа. Тухайн үед “Найруулагч гэж айхтар “Том” хүн байдаг юм байна” гэж бодсон гэж инээгээд ярьж байсан. Энэ мэтчилэн хүмүүсээс аавынхаа тухай сонсоно гэдэг үнэхээр сайхан даа.

-“Гэрлэж амжаагүй явна” киноны дууны шүлгийг аав тань ээжид нь зориулж бичсэн гэсэн. Энэ түүхээс хуваалцахгүй юу?

-“Гэрлэж амжаагүй явна” киног 1981 онд хийсэн. Аав, ээж хоёр минь ханилж байсан үе байх. Аав дууны үгийг нь биччихээд ээж дээр  ирж “Би энэ дууны шүлгийг чамд зориулж бичсэн шүү” гэж өөрөө хэлсэн гэдэг.

Миний найзууд намайг цаашлуулаад “Энэ дууны шүлгийг Ж.Бунтар найруулагч П.Долгорсүрэн эгчид зориулж бичээд, Б.Бадрууган ах эхнэртээ зориулж дуулдаг бол  Б.Гарьд эхнэртээ зориулж сонсдог юм байгаа биз дээ” гэж инээлдэж, шоолдог. Би “Тэрнээс илүү яах вэ дээ, эхнэртээ зориулж сонсоно доо” гэж тоглоом шоглоом болгож өнгөрөөдөг дөө.

Ээж хэлэхдээ “Аавын чинь залуудаа бичиж байсан “Жолооч”, “Харандаа” гээд шүлгүүд байдаг. Тухайн үед сонинд хэвлэгдэж, үнэлэгдэж байсан” гэж ярьдаг. Заримдаа ёж маягийн  шүлэг бичдэг байсан юм шиг байна лээ. Шүлгүүд нь тэмдэглэлийн дэвтэр дээр нь байдаг. Би нарийн үзэж харж амжаагүй л явна.

-Ээжийнх нь аавд нь зориулсан уран бүтээл бий юү?

- Ямар нэгэн уран бүтээл зориулж хийж байгаагүй. Манай ээж залуу нас, бүх амьдралаа  аавд зориулсан юм.

-Аав, ээж нь гол төлөв гэртээ бэлтгэлээ хийдэг байсан байх. Тэд бэлтгэлээ хэрхэн хийдэг байсан. Ээж нь дүрдээ яаж ордог байв?

-Ээж гэртээ байнга бэлтгэлээ хийнэ. Дүрийнхээ үгийг суулгаж байна гэж янз бүрээр туршиж, бэлддэг. Заримдаа найруулагчдаа загнуулсан бололтой урвайчихсан орж ирнэ. Тэгээд текстээ бариад дахиад л бэлдээд сууна. Маргааш нь учиргүй инээчихсэн орж ирнэ. Бодвол найруулагч нь “Мундаг байна” гэж магтсан бололтой. Манай аав намайг 22:00 цаг гээд унтуулдаг байсан. Тэгээд намайг унтахаар ирж хөнжил дээшлүүлж, өрөөний цонх тааруулж онгойлгоод, аяархан “Бамбага” хэмээн энхрийлэн эрхлүүлж, сахалтай хошуугаараа үнсдэг байв. Тэгээд шөнөжин бичгийн машинаа тог, түг дуугарган, ажлаа хийж хонодог байлаа. Миний аав шөнийн хэд ч хүргэж унтсан бай өглөөний 09:00 цагаас хойш унтаж байхыг нь би үзээгүй. Шөнөжин л ажил хийж хоноогүй бол тогтмол 06:00 цагт сэрдэг. Өглөө эрт радиогоо асаагаад л намайг хичээлдээ яваарай гээд сэрээдэг байлаа.

-Үзэгчид таныг олон дүрээр тань мэдэх ч “Шинэ үсгийн багш” киноны Тулга багшийн дүрд нь илүү хайртай санагддаг. Тус дүрд тоглож байх мөчид танд ямар мэдрэмж төрж байв. Одоо үзэхэд ямар санагддаг вэ?

-Шинэ үсгийн багш кинонд 15 настай тоглосон. Одоо 38 настай. Тухайн үед жижиг биетэй, туранхай хүүхэд байлаа. Б.Бадрууган найруулагч надад дүрдээ яаж орж, тоглох вэ гэдгийг үргэлж ойлгуулж, ухааруулж байсан. Тус кинонд тоглохоос өмнө аавынхаа найруулсан хоёр кинонд тоглож байв. Анх удаа өөр найруулагчийн кинонд тоглож байгаа болохоор “Би чадах болов уу, намайг загнах болов уу” гэж их айж байсан. Б.Бадрууган найруулагч хүүхдийн арга, эв сайн олдог хүн. Тийм ч учраас намайг аргадаж байгаад, өөрөөр минь тоглуулсан.  Манайхтай ойрхон байсан учир дандаа нэг нэгнийндээ орж, гардаг байлаа. “Шинэ үсгийн багш” киног би хоёр хүүхдэдээ “Сонирхох болов уу” гээд үзүүлтэл дуустал нь үзчихсэн шүү. Манай том охин найман настай. Намайг “Яасан хөөрхөн хүүхэд байсан юм” гээд эрхлүүлж байна лээ. Харин бага нь “Энэ аав юм уу” гээд инээж байсан. Тэгэхээр өөрөө үзэхээс илүү хүүхдүүддээ үзүүлж, тэдэнд ямар санагдаж байна вэ гэдгийг харах сонирхолтой санагддаг шүү.


ШИНЭ ҮСГИЙН БАГШ МУУХАЙ БИЧДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-26 23:53:33
    Zochin: yagaad gants huu geed bgaam bol. hudulmuriin said bsan ariunzaya buntar guain ohin 2 neg ailyn beruud shuu dee.manai surguuliin bagsh bsan dashjil bagshiin huvguudtei suusan shdee.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-26 18:34:06
    Эгч: Ёстой гоё кино
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-26 16:50:13
    Nutgiin ohin: Purvee guai manai baga surguuliin zahiral blaa.Saihan zantai. Dolgorsuren egch oyutan,uvliin amraltaar irsen bhad utsaar hotoos yarih gej bi gert ni orj duudaj bsniig sanaj bna.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-26 15:21:46
    Зочин. : Бунтар гуайнх 19 хорооллын 41 байранд байсныг сайн санадаг. Хөөрхөн хүүгээ ээж нь салхинд хааяа гаргана. Бие биендээ хүндэтгэлтэй сайхан гэр бүл байсаан. Хүүд нь ажлын амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-26 04:06:19
    Норсон: Гоё кино хөөрхөн хүү маш гоё тоглосон уг киног үзэх маш дуртай дахин 2 гарах болгонд нь үздэг уйддаггүй шүү залуу хүүд амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-25 20:43:28
    Зочин: Шинэ үсгийн багш кино сайн кино, энэ залуу их энгийн хэрнээ зарчимч шударга үнэнч ёс зүйтэй багш хүүгийн дүрийг сайн гаргасан. Олон үзсэн ч уйддагггүй ээ, энэ киноноос. Маш гоё байгальтай нутагт авсан кино. Завханы Түдэвтэй сум шиг байсан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-25 14:21:20
    D.Dolgorjav: Mash saikhan toglosom kinond
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-25 14:21:06
    D.Dolgorjav: Mash saikhan toglosom kinond
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-25 12:43:57
    Зочин: Сайхан дурсамж уншлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-06 13:31:19
    зочин: Ж.Бунтар найруулагч манай ангид олон зочилж, биднийг их гэгээрүүлсэн. Ангийн хүү Б.Баттүшигн аав
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-06 08:14:58
    Irgen: 4 р ангидаа ангиараа кино театрт шинэ кино гарсан гээл анх үзэж билээ. Ёстой хөөрхөн гоё кино Шинэ үсгийн багш. Хуурамч дүр эсгэлт байхгүй. Аргагүй авъяасын туйлууд хийсэн юм байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-24 13:01:38
    зочин: САЙН ХҮНИЙ ҮР СҮҮТ ГҮҮНИЙ УНАГА
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188