• Өнөөдөр 2024-05-17

Ч.Лодойдамбын охин Л.НАСАНБАТ: Аав, ээжийн охин болсон хувь заяандаа баярлаад баршгүй

2021-01-31,   2070

Миний аав, ээж хоёр үгийн урлаг, хоолойн өнгөөр өөрсдийгөө илэрхийлдэг урлагийн хүмүүс

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, төгөлдөр хуурийн багш Л.Насанбаттай ижий, аавынх нь талаар дурсамж хөврүүллээ. Түүний аав Чадраабалын Лодойдамба нь XX зууны шилдэг романы эзэн, Төрийн хошой шагналт эрдэмтэн, зохиолч бол  ээж Чимидийн Долгорсүрэн нь Монгол Улсын Ардын жүжигчин, Монголын “Саран ээж” хэмээх эрхэм хүндтэй, цор ганц өргөмжлөлийн эзэн билээ. Тэд уран бүтээлээр цалгисан ухамсарт амьдралаа Монголын утга зохиол, кино урлагийн салбарт хоёргүй сэтгэлээр зориулжээ. Тийм ч учраас Монголын ард түмний зүрх, сэтгэлд мөнх оршиж, сор болсон уран бүтээлүүдтэйгээ цуг дархлагдсан юм. Ч.Лодойдамба, Ч.Долгорсүрэн нар дөрвөн хүүхэдтэй бөгөөд тэднийгээ багаас нь эрдэм номын мөр хөөлгөн, сэхээтэн болгож хүмүүжүүлсэн юм. Хүүхдүүд нь энэ жил ээжийнхээ 100 насны ойг тэмдэглэхээр төлөвлөж байгаа гэнэ.

-Эцэг, эхчүүд хүүхдээ зэмлэж, аргадаж, сургаж, хорвоогийн түмэн зүйлийг ойлгуулдаг санагддаг. Аав, ээж тань хүүхдүүдээ хэрхэн сурган хүмүүжүүлж, юу захиж байв?

-Би ээждээ их чимхүүлдэг байсан. Алгадуулж болно шүү дээ, гэтэл үгүй. Аав, ээж надад гар хүрч байгаагүй. Жаахан охин байхдаа нандин тоглоом олонтой байлаа. Би хүүхэдтэй болоод гоё хувцас, тоглоом авч өгөхийг боддог байсан юм.

Хүүхдийн оёдлын машинтай байсан тул түүнээ байнга шахуу тачигнуулна. Ээжийг өвчтэй хэвтэж байхад нь ч орных нь толгой дээр суучихаад өнөөх  машинаа тачигнуулаад л байдаг байж. “Миний охин битгий тэг ээ. Ээжийнх нь дотор муухай оргиод байна” гэхэд нь түр тар гээд дуугаргаад л байсан. Оёдлын машин муухай дуутай шүү дээ. “Миний хүү” гээд ээжийг хэлэхэд нь сонссон ч шинжгүй тачигнуулаад л байснаа санадаг юм. Нэг мэдсэн шилэн хүзүүнээс аав барьчихсан зогсож байж билээ. Гэхдээ ямар ч муухай үг хэлээгүй, загнаагүй. Тэгээд л би ойлгосон, тачигнуулахаа больсон. Аав надтай урьдын адил дуугарч, тоглоогүй. Би аавыгаа хэдэн өдөр аргадаж, хэдэн талд нь гарч "Аав аа, аав аа" ая тал зассан юм даг. Ээжийгээ хүндлэх гэдгийг түүгээр ойлгосон гэж өөрийгөө боддог.

Хоёрдугаарт, манай аав Соёлын яамны уран бүтээлийн орлогч сайд байсан юм. "Маргааш Соёлын яаманд сургуулиа төгсөж ирсэн хүүхдүүд дипломтойгоо ирээрэй" гэж байна. Гэтэл би дипломоо эрээд олдоггүй. Манайх тэр үед зусланд байсан юм. "Ээж, дүүгээ дагуулаад яв, хай" гэж байна. Үүнийхээ хажуугаар "Чи дипломоо хичээж, зовж аваагүй юм байна даа" гэсэн. Энэ үгнээс хүн зовж, хичээж, зүтгэсэн бүхнээ хүндэлдэг, хайрлаж хураадаг юм байна гэдгийг ойлгосон доо. Энэ мэт үг бүр нь ухаарал өгдөг байж.

-Олны хайр, хүндлэлийг хүртсэн хүний үр хойч байна гэдэг өндөр, дээд хувь заяа. Үүний хажуугаар үүрэх хариуцлага ч бас их байдаг болов уу?

-Миний аав, ээж хоёр үгийн урлаг, хоолойн өнгөөр өөрсдийгөө илэрхийлдэг урлагийн хүмүүс. Эцэг, эхийнхээ нэр хүндийг өргөж, авч явах хүндхэн үүрэг надад хувь ерөөлөөр оноогдсон. Энэ бол дэндүү хүнд ачаа гэж боддог. Аливаа хүн намайг хэн нэгэнд танилцуулахдаа нэрийг минь хэлээд, араас нь "Ч.Лодойдамбын охин шүү дээ" гэдэг. Тэр бүхэнд доош суумаар санагддаг. “Хүн нэрээ, тогос өдөө” гэдэг. Алив хүнийг аав, ээж, ах, дүүгээр нь дуудаж, харилцаа, хандлагаа өөрчлөхөд би дургүй. Миний орон зай минийх л байх ёстойг аав, ээж минь хэлдэг байсан. Мэдээж, хүн бүр өөр өөрийн хувь заяа, өгөгдөл, хувь хишигтэйгээ хүний амьдралд ирдэг. Тэгэхээр алив ажилд аав, ээжийнхээ алдар, гавьяа хоёроор өөрийгөө үнэлүүлэхийг хүсдэггүй.

-Та эцэг, эхээс дөрвүүлээ юм билээ. Аав, ээж нь хүүхдүүдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаардаг байсан бэ?

-Би өглөө бүр усанд орж, үсээ угаачихаад гарах дуртай хүүхэд байлаа. Ээж минь "Даарч болохгүй" гэж их захидаг болохоор зузаан өмд өмссөн эсэхийг тэмтрээд л мэдчихдэг байв. Хүүхдүүдийнхээ төлөө их санаа зовдог хүн байсан. Их сайхан сэтгэлтэй, үзэсгэлэнтэй эмэгтэй байсан даа. Манай нөхөр дөнгөж сургууль төгсөөд Гадаад худалдааны яаманд ажиллаад, удалгүй "Сайн ажилласан" гээд Элчин сайдын яаманд томилогдон, мэргэжилтнээр очоод, сүүлд дипломат албанд шилжээд амьдрахаар болсон юм. Манай хоёр хүүхэд Германд төрсөн. Тухайн үед нөхөртэйгээ ханилаад удаагүй байж. Хүмүүс Л.Насанбат гэхээр эрэгтэй хүн гэж боддог. Чадраабал өвөө миний нэрийг өгсөн юм. Би аав, ээжээс дөрвүүлээ. Манайх гурван охин, нэг хүүтэй айл. Миний эгчийг Л.Насанбуян гэдэг, эдийн засагч мэргэжилтэй хүн байлаа. Л.Насанбаяр, Л.Галбадрах хэмээх хоёр дүүтэй. Л.Насанбаяр олон улсын сэтгүүлч, Л.Галбадрах нь  Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажилладаг. Би хүү, охин хоёртой. Одоо гурван зээ, хоёр ачтай болж өсөн үржжээ. Лодойдамбын үр хүүхдүүд сайн л амьдарч байна даа. Илүү олуулаа болмоор байна.

Хүний хэн байсныг, хэн явсныг зураг л түүх болж өгүүлдэг юм байна

-Хүүхэд, томчуудгүй хүмүүс таны аавд их сайн байсан гэж сонссон. Аав нь ямар зан ааштай хүн байв?

-Миний аавд хүн бүр хайртай байсан. Байрныхан аавыг ажлаас нь ирэхийг хүлээнэ. Гэрийнхэн бужигналдаж байгаад унтахад аав суугаад л үлддэг байлаа. Аав минь их зөөлөн хүн байж дээ. Би зун амралтаар гэртээ ирээд буцдаг байсан юм. Өвөл бараг ирдэггүй байв. Миний аав Ази, Африкийн Монголын хорооны дарга байсан болохоор  Москвад байнга ирдэг байлаа. Аавынхаа буусан зочид буудалд тэврэлдээд хамт унтана. Нэг удаа ирээд буцахад нь дагаж машинаас нь зүүгдээд, нэг их уйлж билээ. Аав гэртээ ирээд уйлаад л байсан гэсэн. “Охиноо арай эрт явуулжээ” гэж ярьсан байдаг. Би аавынхаа уйлахыг ер үзэж байгаагүй.

Одоо ингээд бодохоор хүний хэн байсныг, хэн явсныг зураг л түүх болж өгүүлдэг юм байна

-Таны ээж Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн гэсэн. Та ээжийнхээ нутгийг хэр сайн мэдэх вэ?

-Миний ээж Өвөрхангай аймгийн Бүрд сумын Холбоо хэмээх ууланд 1921 онд төрсөн. Тухайн үед ээж нь гамингаас зугтаж, ууланд дүрвэж яваад төрүүлсэн юм билээ. Миний ээжийн намтарт 1920, 1921 төрсөн гэж тэмдэглэсэн байдаг. Бид нар энэ жил 100 жилийн ойг нь тэмдэглэнэ гэж бодож байгаа. Миний ээж эхээс дөрвүүлээ байсан. Хоёр дүү нь өвчнөөр нас барсан юм билээ. Миний аав 51 настайдаа бурхан болсон. Тэр үед би 20 настай, миний бага дүү 10 настай үлдсэн. Миний дүү Л.Галбадрах “Тунгалаг тамир” киноны Итгэлт баяны хүү  Хонгорын дүрд тоглосон юм. Миний ээж тус киноны хоёрдугаар найруулагч байсан. Тухайн үед айлын хүүхэд дагуулж явах хэцүү байсан учир дүүг дагуулж явсан юм билээ. Аав минь их л дуртай байсан гэдэг. Надад хэзээ ч өнчин хүний  дутуу, дулимаг сэтгэл төрж байгаагүй. Үе үе аавыгаа их санадаг байсан. Ээждээ их баярлаж явдаг даа. Ээж минь 2005 онд бурхан болсон доо.

-Ээжийнхээ 100 жилийн ойг нь хэрхэн тэмдэглэхээр төлөвлөж байна вэ?

-Манай дүү нар ээжийн 100 жилийн ойг зохион байгуулна. Дүүгээ ирэхээр ээжийнхээ 100 жилийн ойг тэмдэглэнэ дээ.

-Та ээжийнхээ уран бүтээл, дүрийнх нь талаар сонирхож асуудаг байв уу?

-Ээж минь “Сүүн цагаан сэтгэл” хэмээх концерт хийж, бүх орлогоо хүүхдийн төлөө фондод хандивлаж байсан. Хичээлээсээ эрт тарсан үедээ ээжийгээ бэлтгэл хийхийг хараад суудаг байсан. "Ээж та шүлгээ нэг л сонин уншаад байна. Ц.Оюунчимэгийн “Бүсгүйчүүд” хэмээх найраглал гоё. Та “Дээш дээш нь өргөх сүүн цагаан сэтгэлтэй

 Дээж найргийн мөр нь шүр сувдан чимэгтэй” хэмээн уншаад үз дээ  гэж санал болгож байсан. Би МУУГЗ цолтой, төгөлдөр хуурын багш. Урлагийнхан намайг мэднэ. Харин ард түмэн “Орчлонгийн сайхан хүүхнүүд” дуугаар минь мэднэ. Эрхэм хүндтэй алдар гавьяа минь  ижийгээс улбаатай гэж боддог. Ардын жүжигчин Д.Ичинхорлоо, Гавьяат жүжигчин Д.Бат-Очир нар ээжийг минь хүн чанар сайтай, хүнлэг, энэрэнгүй эмэгтэй гэж ярьдаг байсан.

-Ээж тань “Цогт тайж”, “Үер”, “Өнөр бүл” зэрэг Монголын уран сайхны олон кинонд дүрээ мөнхөлсөн Ардын жүжигчин хүн. Өөр ямар дүр бүтээсэн бэ?

-Анх "Сүрэг чоно" киноны Дарьдуламын дүрд тоглож кино урлагтай хувь заяагаа холбосон юм билээ. "Цогт тайж" киноны Хулангийн дүрээрээ А.Цэрэндэндэв гуайтай амраг, Цэвээн гуайтай аав, охин, Ц.Цэгмид гуайтай хадам, бэр болж тоглож байсан. Мөн "Тунгалаг Тамир" киноны хоёрдугаар  найруулагчаар ажиллахын хажуугаар Ням өвгөний эхнэрийн дүрд тоглосон юм. 1939 онд "Сүрэг чоно" киноны Дарьдулам, 1942 онд "Морин цэрэг танкист"-ын Дулмаа, 1945 онд "Цогт тайж"-ийн Хулан, 1959 онд "Ардын элч"-ийн хатан, 1961 онд "Алтан өргөө"-гийн Сондмаа, 1966 онд "Үер" киноны Цэвэлмаа, 1970 онд "Тунгалаг Тамир" Ням өвгөний хөгшин, 1974 онд "Нар хиртсэн жил"-ийн Чулуунхүүгийн ээж, 1974 онд "Нэг ангийн хоёр" киноны цонх шиллүүлдэг эмгэн, 1977 онд "Хөх ногооны униар"-ын Сумъяа, 1980 онд "Өнөр бүл"-ийн Гармаагийн ээж, 1980 онд "Гул Аранжин" киноны Думбаа, 1988 онд "Уул усны үр сад"-ын Буурай, 1988 онд "Мандухай цэцэн хатан"-ы үлгэрч эмгэн, 1993 онд "Мичидийн зургаан гялаан"-ы эмгэн хумс, 1994 онд "Зул" киноны эмгэн, 1995 онд "Ганган хар"-ын эмгэний дүрээр дүрээ мөнхлөөд мордсон. Ээжийнхээ хамгийн сүүлд тоглосон киноных нь тухай онцлон дурдъя. 1995 онд бүтээгдсэн "Ганган хар" киног манай үзэгчид төдийлөн сайн мэдэхгүй байж магад. Хятадын дөрөвдүгээр үеийн шилдэг найруулагч Ши Фэйгийн найруулсан тус кино Монтреалийн болон Шанхайн кино наадмуудаас шагнал авсан, сайн бүтээл. Ши Фэй найруулагч бол алдарт Жан Э Моу, Чан Кай Гэ нарын багш, одоо Бээжин Фильм академид багшилдаг эрхэм юм. Тэрбээр монголчуудад маш хүндэтгэлтэйгэр ханддаг хүн байна лээ. Ээжийн минь "Ганган хар" кинонд тоглосон эхийн дүр нь Хятадын болон дэлхийн үзэгчидийг бишрүүлсэн, сайхан монгол ээжийн дүр.

"Хөдөлмөр, бүтээлдээ үнэнч бай. Тэгж чадвал сайн сайхан амьдарна" гэдэг байсан даа

-Та 13 настайдаа Москвад сурахаар явсан юм билээ. Ээжтэй нь хэн хамгийн олон жил хамт байсан бэ?

-Би 1957 оны Хөгжим бүжгийн сургуулийн сонгодог хөгжмийн анхны ангийн сурагч байлаа. Ээжтэй урт хугацаанд хамт байсан хүн бол Л.Насанбаяр дүү маань. Эргээд бодоход,  би ээж, аавтайгаа богино хугацаанд л хамт байсан санагддаг. Яагаад гэвэл, би 1964 онд 13 настайдаа Москвад сурахаар явсан юм. Тухайн үед ирээдүйн сонгодог хөгжимчид болгоно гэж манай ангиас дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй, нөгөө ангиас тав, нийт арван хүүхэд ОХУ  явсан. Тэнд очиж дунд сургуулиа төгсөж, дээд сургуульд орсон. Монголд ирээд ажиллах гэтэл нөхөртэйгөө сууж Герман руу явж,  олон жил болсон. Ингээд бодохоор ээж, аавтайгаа цөөхөн жил л цуг байж дээ.

-Та ээжтэйгээ хамт “Эрдэнийн Тайшир уул" хэмээх дуу бүтээсэн юм билээ. Дуу хэрхэн бүтсэн талаар дурсвал?

-Ээж бид хоёрын “Эрдэнийн Тайшир уул” гэж дуу бий. Миний аав Говь-Алтай аймгийн Тайшир сумын хүн. Ээж минь амьд сэрүүн байхдаа “Говь-Алтайд төлийн аян эхэлжээ. Хоёулаа аавыг нь баярлуулъя. Тайширынхны тухай шүлэг бичээд өгвөл чи ая хийж чадах уу” гэсэн. Би ая бичдэггүй мөртлөө "Чадна" гээд итгэл дүүрэн хэлж байлаа. “Хөгжмийн зүрх нь аялгуу шүү, чи их сайхан аялгуу хийгээрэй” гэсэн. Тэгээд өөрөө Тайширынхны тухай шүлэг бичсэн. Миний анхны дуу радиогийн “Алтан фонд”-д бий. Тэр үед урлагийн холбооны дарга Б.Зангад гуай дуулж байв. Ээж маань аавтай суухаасаа өмнө шүлэг бичдэг, тэмцээнд ороод шагналт байр эзэлж явсан юм билээ.

Ийм л нэг уран бүтээл цалгисан, ухамсарт амьдралаа Монголын уран зохиол, кино урлагт зориулсан аав, ээжийн охин болсон хувьхан заяандаа баярлаад баршгүй юм.

-Та богино хугацаанд аав, ээжтэйгээ байсан гэж ярилаа. Тэр хугацаанд таны сэтгэлд үлдсэн хамгийн нандин дурсамж юу байв?

-Ээж минь анх намайг Хөгжим бүжгийн сургуульд оруулсан. Тухайн үед аав минь Москвад ажиллаж байсан юм. Дуурийн театрын хойд талын орос цэцэрлэгт явдаг байсан. Тухайн үед оюутан залуучуудын фестиваль болдог байлаа. Эгч, ээж бид гурав Москва явж, аав дээрээ очсон. Аав минь угтаж аваад, анх лифтэнд сууж үзэв. Тухайн үед би “Энэ жижигхэн байшинд амьдрах юм байх даа. Яаж унтах юм бол доо” хэмээн боддог, тийм л сэтгэхүйтэй хүүхэд байсан. Манай эгч телевиз үзчихээд л надад "Их гоё кино үнэгүй гардаг юм байна" гэсэн. Москвад очсон тэр үед эгч бид хоёр хоолойны махаа авахуулж байсан. Оросын фестивальд очихоор хүн бүрд тэмдэг, зайрмаг өгөөд гоё санагдаж билээ. Би эгчийгээ дуурайгаад форм, парчик авахуулаад, хурдан сургуульд суух юм сан гэж мөрөөдөж байсан. Тэгээд ээжийнхээ таньдаг хүнээр яриулж байгаад хоёрдугаар сургуульд бүртгүүлж орсон юм. Хичээлийн эхний өдрөө л  сургууль муухай, хүүхдүүдтэй шахалддаг гээд гарсан гэдэг. Тэр үед Хөгжим бүжгийн сургууль нээгдэж манай цэцэрлэг дээр орос багш нар ирж шалгалт авсан. Би формын хувцастай сургуульд явсан өдрөө л шууд  шалгуулсан юм билээ.  Тэр үед аравдугаар сарын 1-нд хичээл ордог байсан. Ингэж л ижий минь намайг урлагийн замд хөтлөн оруулсан.

-Одоо ч таны нүдэнд үзэгдэх ижий, аавынх нь хамгийн сайхан дүр юу вэ?

 -Намайг онгоцны буудал дээр гаргаж өгсөн аавын минь дүр тод санагддаг. Харин ээжийнхээ тоглосон киног үзээд ээжтэйгээ уулзсан мэт болдог. Намайг Германд байхад ээж минь ирж миний хүүхдийг мэгзэм аялж,  бүүвэйлдэг байсан. Миний “Бүүвэй” хэмээх дуу түүнээс улбаатай. Ээж минь “Хөдөлмөр хүнийг гоо сайхан болгодог” гэж дандаа хэлдэг байсан. "Хөдөлмөр, бүтээлдээ үнэнч бай. Тэгж чадвал сайн сайхан амьдарна" гэдэг байсан даа.

 


Ч.Лодойдамбын охин Л.НАСАНБАТ: Аав, ээжийн охин болсон хувь заяандаа баярлаад баршгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-18 11:07:26
    saihan humuus: saihan humuus shuu. aza jargal husie. Sayahan Gangan gariig uzsen. goyo kino baina lee.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-26 10:04:34
    ооо: боон арын хаалгс
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188