• Өнөөдөр 2024-05-14

ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Н.НОРОВБАНЗАДЫН ОХИН Б.ДЭЛГЭРМАА: Ээжийг 70 настайдаа “Урьхан хонгор салхи”-ийг дуулахад аав минь гараас атгаж, “Аа яаяа” гээд огшиж байсан

2023-02-22,   21871

 -ЭЭЖИЙНХЭЭ ДУУЛАХЫГ СОНСОЖ ЧАДАХГҮЙ УЙЛЧИХ ГЭЭД БАЙДАГ ЮМ-

              “...Ингээд л мэлмэрээд байдаг юм. Би айлын эрх хүүхэд байсан юм. Уг нь уйланхай байлаа ч ийм байгаагүй л юм даа” хэмээн нулимсаа цаасанд шингээнгээ "Зүгээр, зүгээр үргэлжлүүлье"”  гэв. “Ер нь гаднаасаа ааштай, ширүүн, баргийн юманд сэтгэл нь хөдөлдөггүй юм шиг харагддаг хүмүүс дотроо их уяхан, зөөлөн санагддаг шүү. Та тэдний л нэг шиг санагдаж байна” гэтэл “Харин тийм ээ. Ойрд аав, ээжийнхээ тухай дурсаж, яриагүй болохоор тэднийгээ санаад ч юм уу, хайрлаад ч юм уу, эрхлээд ч юм уу нулимс аяндаа л урсаад байх юм. Би Монголд ирээд ер удаагүй байна. Аав, ээжийн минь энерги шингэсэн энэ сайхан гэр-музейд зургийг нь харж байгаад дурсан ярих шиг хэцүү зүйл алга. Гэхдээ мэдээж бахархаад баршгүй нь сайхан юм даа.  Тэдний минь хэлж байсан үг, хийж байсан үйлдэл нүдэнд харагдаад байгаа болохоор, сэтгэл үймэрч, усан нүдлээд салахгүй шинжтэй” хэмээн санааширч, яг л түүний өөдөөс ширтэж, чимээгүйхэн бидний яриаг сонсож буй мэт аав, ээжийнхээ хөрөг зургуудыг сэтгэлээрээ, харцаараа илбэж, сэтгэлийн ариун үг, нандин дурсамжаараа ойлголцож байгаа нь энэ.

          Түүний амнаас “Аав минь, ээж минь”  гэх үг эрдэнэ мэт гарах бүрд хоолой нь зангираад л тэгснээ удалгүй хаврын тэнгэр шиг гэнэт сэтгэл нь цэлмэж, сайхан дурсамжаар хөглөгдөж, инээд цацруулаад л баясгалантай нь аргагүй аав, ээж, бага насныхаа тухай жигтэйхэн сайхан хүүрнэх юм.

     Түүний ээжийг Зууны манлай уртын дуучин, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Намжилын Норовбанзад гэдэг. Түүний бүх гуншиг нь орхиод зүгээр л Н.Норовбанзад гэхэд багадахааргүй дүүрэн хүн. Энэ  нэрийг сонсох бүрд гэрэл цацруулан инээмсэглэх төрх,  яралзсан цагаан шүд нь нүднээ харагдаж, “Уяхан замбуу тивийн наран” дуу сонсогдох шиг болдог. Тэрбээр гэртээ бусдын л адил сайн ээж, сайхан эхнэр. Харин хүннү захтай урт цагаан дээл, хувцас, малгайгаа өмсөж, морин хуурын аялгуутай хоршиж, шуранхайлахаараа тив дэлхийд цуурайтсан энгүй сайхан дуучин болж, хүн төрлөхтний сэтгэлийг, сонорыг мялааж, ариусгадаг хосгүй хүмүүн. Ийнхүү дэлхийн дууны урлагт алтаар бичигдэх Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын бага охин Б.Дэлгэрмаатай ярилцлаа.

-Уртын дууны тухай таны бодлыг сонсохоос яриагаа эхлүүлье?

          -Дэлхийд монгол гэдгээрээ ялгарах ганц зүйл бол уртын дуу. Уртын дууны дэг сургуулийг бий болгож баяр наадмаас тайзны урлаг болгосон хүн бол яалт ч үгүй миний ээж. Бусдаас ялгарах, бахархах, омогших үндэсний бахархал бол уртын дуу мөн. Үнэхээр бусад бүх урлагаас содон, дахин давтагдашгүй, гайхамшигтай. Ээж минь уртын дууг Монголын сонгодог урлагийн түвшинд хүргэсэн. Тийм учраас бид дуурь бол сонгодог урлаг, уртын дуу язгуур урлаг гэж болохгүй. Уртын дууг бөөцийлсөн бүүвэйлэх сэтгэл монгол хүний цусанд бий гэж боддог доо. Ээжид зориулсан Их газрын чулуунд байрлах “Уяхан замбуу тивийн наран” хөшөөнд дуучид очиж, мөргөж, энерги авдаг юм билээ. Энэ тухай хүмүүсээс сайхан зүйл их сонсож байсан. Гэхдээ би аав, ээждээ хөшөө босгохыг хүсдэггүй. Харин энерги, хүч, гайхалтай агуу оюунлаг авьяаст нь мөргөж байгаасай гэж хүсдэг.

-Та ухаан орохдоо л ээжийгээ дуучин гэдгийг мэддэг байв уу?

          -Би Улаанбаатар хотын 40 мянгатад төрж, өссөн. Тэр үеийн 40 мянгатад сэхээтнүүд амьдардаг байлаа. Намайг бага байхад миний хоёр эгч ээжийг минь “Гоё ээж” гэдэг байсан. Ээж минь залуугаасаа алдар хүндтэй болсон учир миний мэдэхийн ганган хүн байсан санагддаг. Гаднын зочид, төлөөлөгчид ирэхэд болон төрийн концертод тоглодог байсан. Гэрийн бараа ч хардаггүй. Байнга орон нутаг руу, гадаад руу хоёр, гурван сараар явдаг байсан. Аав минь ч мөн адил уран бүтээлч хүн болохоор гадаад, дотоодгүй их явдаг байлаа. Тэгээд л бид гурав эмээтэйгээ “Эрх чөлөө мандтугай” гэж амьдардаг байлаа даа.

-Урлагийн гэр бүлд төрж, өснө гэдэг өндөр их хувь заяа гэж боддог. Харин та юу гэж боддог вэ?

        -Уран бүтээлч гэр бүлд төрж, өснө гэдэг хамгийн аз жаргалтай. Бүх зүйлээ дураараа хийж болно. Би айлын бага болохоор цэцэрлэгт явах дургүй. Худлаа нүдээ аньж, хэвтэж байгаад цэцэрлэгээсээ хоцордог байсан. Гэтэл аав, ээж хоёр “Хэн нь ажил руугаа дагуулж явах вэ” гэсэн янзтай бие биерүүгээ харна. Тэгээд би Зохиолчдын хороо руу юм уу, Ансамбль руу ээж дээр очдог байв. Зохиолч нар тамхиа татаж, шүлгээ уншиж, уран бүтээлээ солилцож, сонирхолтой зүйл ярьдаг байсан. Харин ээж дээр ирэхээр уран бүтээлчдийн бэлтгэлээ хийж байхыг нь үзэгчдийн суудлаас найруулагчтай нь хамт үздэг байсан. Би ээжийг гарч ирж дуулахыг хүлээдэг байсан ч ээж бэлтгэлийн үеэр огт гарч ирдэггүй байсан. 

-Та хэнийх нь ажил дээр очих дуртай байв?

       -Аавын ажил дээр очих дуртай байсан. Яагаад гэвэл, зохиолчид надад  “Банзаагийн шар” гээд их сайн. Тэгээд  зарим нь надад 10 төгрөг өгдөг байсан. Тэр үед 10 төгрөг бол асар их мөнгө байлаа шүү дээ. Зохиолчдын хороон дээр аавдаа эрхлээд, зохиолч нарын өгсөн 10 төгрөгөөр тансагладаг байсан үе миний амьдралын хамгийн жаргалтай, нандин дурсамж байсан санагдаж байна.

-Ээжийгээ тоглолтоор яваад гэрийн бараа хардаггүй байсан гэлээ шүү дээ. Ер гэртээ байхдаа гэрийн ажил хийдэг байв уу?

       -Бид ээжийг гэрт удаан байхад нь дургүй байсан. Ээжээс илүү аавтай байхдаа чөлөөтэй дураараа байсан шиг байна лээ. Тэгээд ээжийг ирэх дөхөхөөр аав “За, ээж чинь хоёр хоногийн дараа ирнэ. Гэрээ цэвэрлээрэй” гэдэг байсан. Ээж шаардлага өндөртэй байсныг ч хэлэх үү, ирэх сургаар нь бид гэрээ чадлынхаа хэрээр сайхан цэвэрлэдэг байсан. Гэтэл ээж хөдөөгүүр явж, явж орж ирснээ “Хмм, тийм юмаа хийгээгүй байна, ийм юмаа ч угаагаагүй байна” гэнэ. Дутуу үлдээсэн зүйлийг заавал олж хардаг байсан. Ээж минь маш нягт нямбай, цэвэрч, сайхан хоол хийдэг, хийж чадахгүй зүйл гэж байхгүй. Жинхэнэ төгс, төгөлдөр эмэгтэй байсан. Бид хаалттай, эд юмс ховор цаг үед амьдарч байлаа. Тэгэхэд ээж минь гадаадаас ирэхдээ их гоё, гоё юм санаачилж ирдэг байсан. Аливаа зүйлийг зохиож бүтээхдээ сайн. Явсан газрынхаа соёл, ахуй амьдралыг их ажигладаг, энийг ингэж хэрэглэвэл Монголын орчин нөхцөлд зохих юм байна гэдэг ухааныг олдог байсан. Тэр ч утгаараа манайх ханаа хүртэл торгоор чимэглэдэг байлаа. Мөн ээж минь залуучуудыг их дэмжиж ажилладаг байсан. Цаг үетэйгээ нийцэж хамтарч ажиллах чадвартай байсан юм билээ. Ер нь монголчуудыг гадны хүний нүдээр харахад,  үнэхээр авьяастай, чадвартай. Гагцхүү тэрхүү энергийг зөв голдиролд оруулахгүй бол хэт улстөржсөн нийгэм болжээ гэмээр.  Улс төргүй гайхалтай сайхан амьдрал өрнөдөг шүү дээ.

-Та ээжийгээ сайхан хоол хийдэг. Чадахгүй зүйл үгүй гэлээ. Ээж нь ямар хоол хийх дуртай байсан бэ?

        -Ээж бууз, баншийг цэрэг жагсаж байгаа юм шиг өрдөг байсан. Би бараг бууз, банш чимхэж чаддаггүй шүү дээ. Багадаа мах татаж, гурил зуурч, элддэг байсан. Зохиолчдын хорооны бүх хүүхэд миний эмээгийн хоолоор хүн болсон гэхэд болмоор. Их сайхан хоолтой хүн байсан. Тийм учраас ээж минь эмээг дуурайсан сайхан хоолтой. Ээж минь янз бүрийн бүтээгдэхүүнээр гоё чамин, амттай янз янзын юм хийчихдэг байсан. Тэр нь ч бидэнд сонирхолтой байдаг байв. 

-Урлагийн дээл хувцсаа өөрөө оёдог, чимэглэдэг байсан гэж дуулсан. Үнэн үү?

        -Ээж минь их уран хүн байлаа. Дуулахаас гадна маш олон авьяастай шүү дээ. Тоглолтынхоо дээл, малгайны загварыг өөрөө гаргадаг байсан.  Гэхдээ тоглолтын дээл хувцсыг нь Ансамблийн оёдолчин Лхагваа эгч оёно. Хүний авьяас бүх зүйлд харагддаг. Японы дуучид ээжийг минь “Сансрын дуучин” гэж хүндэлдэг байсан. Ээж минь “Уяхан замбуу тивийн наран” дууг огторгуйд дүүлж буй мэт сайхан дуулдаг байв. “Уяхан замбуу тивийн наран” гэдэг монголчуудын суут бүтээл. Үүнийг амилуулж, дэлхийд түгээсэн суут хүмүүн бол миний ээж гарцаагүй мөн. Үүнийг ард түмэн батална даа. Тэгж бодохоор сайхан байдаг юм.

-Ээж нь та гуравт юу захидаг байсан бэ. Байнга хэлж ойлгуулдаг байв уу, үйлдлээрээ ухааруулдаг байв уу?

        -Бидэнд “Гэрээ сайхан авч явж, хоол сайн хийх ёстой. Англи хэл сайн сур. Чи Оросоос гараад хэлгүй гэсэн үг. Хэлгүй, боловсролгүй хүн шиг муухай юм байхгүй” гэж захидаг байсан. Тэгээд манай бага эгч франц, би англи хэл сурдаг байсан. Аливаа зүйлийг хэлэхээсээ илүү үйлдлээрээ илэрхийлж, бидэнд үлгэр жишээ болдог байлаа. Ээж минь ажилдаа явахаасаа хоёр цагийн өмнө босож, хоол ундаа бэлдэж, нүүр, амаа будчихаад явдаг байсан. Үргэлж өөрийгөө толинд хардаг, дэгжин эмэгтэй байсан шүү. 

-Та гурав ээжийгээ дуурайгаад гоо сайхандаа их анхаардаг байв уу. Толиноос салахгүй биз дээ?

         -Бид гурав “Хөмсгөө далий будчих вий” гэж ээжээс айгаад огт буддаггүй байсан. Одоо ч буддаггүй хэвээрээ. Уруулын будаг ч хэрэглэж үзээгүй гэхэд болмоор. Уг нь толиноос салахгүй л баймаар даа. 

-Таныг улстөрч болоход нь аав, ээж нь юу гэж байв?

      -Ээж надад “Улстөрч, жүжигчин гэх мэт олны танил болсон бол үргэлж өөрийгөө толинд харж байх ёстой шүү” гэдэг байсан. Мөн "Чиний бүх амьдрал бүгдэд ил байх учраас муу юм хийж болохгүй, хүнтэй муухай харьцаж болохгүй, алхам тутамдаа сайн сайхан явах нь чиний  үүрэг” гэдэг байсан.  

-Олны танил алдартай хүмүүсийн хүүхэд байх “Хэцүү” гэж хүмүүс ярьдаг. Харин таны хувьд ямар санагддаг вэ?

      -Үнэхээр хэцүү. Сургуульд ороход л “Дуучны охин дуул” гэх жишээтэй. Намайг дөрөвдүгээр ангид байхад Монгол хэлний Цэвэлмаа багш гэрийн даалгаварт “Шүлэг бичиж ир” гэсэн юм. Тэгэхээр нь нэг шүлэг бичээд очтол “Ааваараа бичүүлсэн үү” гэж байсан. Тэр надад их эвгүй санагдаж байсан болоод ч тэр үү  санаанаас гардаггүй юм. Ер нь эцэг, эхийн сүүдэрт амьдарна гэдэг хэцүү шүү. Сонгуулийн үеэр ард иргэдтэй уулзаж явахад хүмүүс надаас “Дуулдаг уу л” гэж их асуудаг байсан. Гэтэл надад “Дуулдаггүй” гэж хэлэх эрх байхгүй. "Найрын гурван аятай" гэж үнэнээ л хэлдэг байсан.

-Ээж нь Хөдөлмөрийн баатар болоход та хэд ёстой магнайгаа хагартал баярлаж байв уу?

        -Ээж минь 1931 онд Дундговь аймгийн Их газрын чулуу, Сүүдэртийн улаан овоо гэдэг газар төрсөн. Ээжийг багад нь “Дуучин шар” гэдэг байсан юм билээ. Түүний анх сурсан дуу нь “Сэрүүн сайхан хангай” гэсэн. Тэгээд дэлхийн залуучууд, оюутны их наадмаас эх орондоо анхны алтан медаль авчирч байв. Их Наадмын дараа шууд Улсын Ардын дуу, бүжгийн Ансамбльд дуучны замналаа эхлүүлж, 1961 онд Гавьяат жүжигчин, 1967 онд Ардын жүжигчин, 1984 онд Төрийн шагнал, 1997 онд Хөдөлмөрийн баатар цол хүртэж байсан. Ээж минь 2002 онд 71 насандаа бурхан болсон доо. Ээж минь Азийн хамгийн нэр хүндтэй Фукуокагийн Соёлын шагналыг эх орондоо авчирсан анхны хүн болж байсан.

-Та ээждээ зэмлүүлж байсан дурсамжаа ярьж өгөөч?

         -О.Дашбалбар бид хоёр гишүүн байхдаа их маргалддаг байлаа. Тэгээд би нэг удаа ээжид “Та О.Дашбалбарт Төрийн шагнал олгож болохгүй шүү” гэхэд ээж минь тэр үед Төрийн шагнал олгох Хорооны гишүүн байсан юм, улс төр надад ямар хамаатай юм” гээд нээх их уурлаж билээ. Аав, ээж минь “Авьяас хэзээ ч улс төртэй холилдож болохгүй” гэдэг зарчимтай байсан.

 

-Улс төрийн нөхцөл байдал таны аав, ээжийн амьдрал, уран бүтээлд хэрхэн нөлөөлсөн гэж боддог вэ?

        -Аав, ээж хоёрын минь байгаа байдал нь намчирхаж, улстөрждөггүй байлаа. Боловсрол, спорт, соёл, зохиол бүтээл улс төрөөс ангид байх ёстой гэдгийг ойлгуулсан хүмүүс. Харин тэдний амьдрал, уран бүтээл туурвих ихэнх үе хатуу цензур дор өнгөрсөн шүү дээ.  “Нэгдлийн эсрэг юм биччих вий, социалист зүйлээс гажуудаж, үндсэрхэг үзэлтэн болчих вий, хөрөнгөтний нийгмийг дэмжсэн юм биччих вий” гээд л зүрхшээдэг байсан. Ээжийг минь япончууд “Гэрээгээр ажиллаж, манайд дуулаач” гэж байсан. 60-аад онд NHK телевизийн сэтгүүлчид ирж манай гэрээс сурвалжилга хийж байсан гээд л бод. Гэтэл манай улсаас “Эдний гурван өрөө байрыг нь хөрөнгөтний нийгмийнхэнд үзүүлж болохгүй” гээд "Манай гэрийг  засвартай байгаа” гэж хэлүүлээд, Сонгинын амралтад очиж байсан. Тэгээд сурвалжлагч ээжээс “Та онгоцтой юу, ямар хаусанд амьдардаг вэ. Манайд тань шиг дуучин ингэж, ингэж амьдарна” гэж баахан юм ярьсан гэдэг. Тэр үед ээж минь хөрөнгөтний орнуудаар явж, тоглолтоосоо олсон хэдэн төгрөгөө улсын орлого болдог, үлдсэн  5 доллараар нь эгч бид хоёр валютын дэлгүүр орж франц  саван авдаг байсан. Одоо үүнийг хэн ч санадаггүй, дурсдаггүй. Тэгэхээр аав, ээж минь уран бүтээлчдийнхээ хувьд асар их дарамттай амьдарсан санагддаг. Улстөржсөн зүйл аав, ээжид минь уран бүтээлчийнх нь хувьд харамсал, өөрсдийгөө бүрэн илэрхийлж гаргаж чадаагүй нь мэдрэгддэг.

-Та айлын бага учраас эрх танхи өсөв үү. Аав, ээж нь хэрхэн хүмүүжүүлсэн бэ?

       -Би байрныхаа хүүхдүүдтэй зодолдож, толгойгоо хагалуулаад орж ирэхэд "Эмэгтэй хүүхэд байж хаашаа юм. Яах гэж айлын хүүхэдтэй зодолдож байгаа юм” гээд ээждээ нэмж бан хүртээнэ. Ээж минь сайндаа л өдөн дэрээр балбадаг байлаа. Харин миний аав шиг гайхалтай аав дэлхийд байхгүй. Ээжийг эзгүйд байрныхаа бүх хүүхдийг оруулж ирээд, гэр орноо буулгаад ээжийн гоё, гоё хувцсыг нь өмсөж тоглодог байхад юу ч хэлдэггүй байсан. Ээж минь 35 размерын гутал өмсдөг байсан болохоор хүүхдүүдэд таардаг байв. Эгч бид хоёр хүүхдүүдэд “Ээжийн өсгийтийг өмсөөд эндээс тэр хүртэл явахыг зөвшөөрч оронд нь гэрээ цэвэрлүүлдэг сахилгагүй хүүхэд  байсан. Хүүхдүүд ч дуртай нь аргагүй өмсөж алхдаг байж. Аав биднийг их эрхлүүлдэг байсны шинж. Гэхдээ ээжийг загнаж байхад өмөөрдөггүй юм. Бараг аавыг дуугуй, юу ч хэлэхгүй суухаас бид айдаг байсан даа.

-Та аав, ээжийгээ баярлуулж чадсан уу?

       -Бид гурав аав, ээжийгээ баярлуулсан гэж боддог. Манайхан байнга цугларна. Хоёр эгч хүүхдүүдээ дагуулж ирээд, бужигнаж бужигнаж байгаад орой явахаар ээж тэднийг “Босоо хоноцууд” гэдэг байсан. Ер нь гэр бүлийн уур амьсгал сайтай, гэр бүлсэг хүмүүс шүү. Бид бүгд онц сурдаг, бүгдээрээ мундаг ажил мэргэжил эрхэлсэн хүмүүс. Намайг дунд сургуулиа онц төгсөхөд тэр үеийн Зохиолчдын хорооны дарга байсан Л.Түдэв гуай “Онц сурлагатанд алтан үзүүртэй үзэг бэлэглэнэ” гээд 20 төгрөгийн үзэг өгч байсан. Мөн Их сургуулиа улаан дипломтой онц төгсөж, эгч минь Сүхбаатарын цалинтай төгсөж МУИСургуульдаа багшлахаар үлдэж, би Улсын Прокурорын газарт томилогдож байсан. Тиймээс биднээр их бахархдаг байсан санагддаг. Гэхдээ л биднийг магтаж байгаагүй. Дандаа “Биеэ тоовоо” гэж анхааруулж, захидаг байсан. Бид гурав сайхан хань ижилтэй учирч, үр хүүхдүүдтэй сэтгэл хангалуун амьдарч байна. Харамсалтай нь, бага эгч минь бурхан болсон юм. Бид гурав тав, таван насны зөрүүтэй эгч дүүс юм шүү дээ.  

-Та гурвын хэн нь аавыгаа, хэн нь  ээжийгээ дуурайсан бэ?

       -Миний ээж шударга, хариуцлагатай, нягт нямбай, хүлээцтэй монгол эмэгтэйн мөн чанарыг шингээсэн сайхан монгол эмэгтэй. Би бол аавыгаа илүү дуурайсан юм шиг санагддаг. Гэхдээ зан төлвийн хувьд ээжтэйгээ адил байж магадгүй. Бага эгч минь ээжийг илүү дуурайсан бас сайхан дуулдаг байсан юм. Манай том эгч нисэхэд ажиллаж байгаад тэтгэвртээ гарсан. Бид гурав “Банзрагчийн гурван эрх” гэдгээрээ алдартай байсан. Би бүр илүү эрх байсан. Тухайн үеийн хүмүүсийн цалин 300 төгрөг байхад би 200 төгрөгийн шуба өмсдөг байлаа. Гэтэл хэдхэн жилийн өмнө нэг танилтайгаа таарч, жаахан юм ярьсан чинь “Чиний цагаан шубыг бид байраараа ярьдаг байсан шүү дээ. Нээх их зантай бөмбийсөн цагаан охин үнэтэй шуба өмчихөөд л гараад ирдэг байсан” гэж ярьж байсан. Юугаар ч дутахгүй өснө гэдэг үнэхээрийн жаргал юм билээ. Хоол унд, хувцас хунар, сэтгэлээр дүүрэн өссөндөө баярладаг. Гэхдээ бидэнд бусдын л адил сүүнд дугаарладаг үе байсан. Бусдаас ялгарах онцгой эд хөрөнгөгүй байсан болохоор амар ч байсан юм шиг санагддаг.

-Танайд урлагийнхан цуглардаг байв уу?

       -Манайд урлагийнхан их цуглардаг байлаа. Бараг л найр наадам болно шүү дээ. Тэр үе чинь шинэ шөл уухдаа хүртэл нэгнийдээ цуглардаг тэнүүн сайхан цаг үе юм чинь. Манай орцонд Цэдэн-Иш гуайнх, доод давхарт Ардын жүжигчин Гомбосүрэн гуайнх, дээд давхарт Аюур гуайнх байдаг байсан. Байраараа хаалга үүдээ ч түгждэггүй, бие биенээрээ орж гардаг байж.

-Та багадаа дуучин болно гэж боддог байв уу?

         -Би зарим орой ээжийн цагаан даашинзыг  өмсчихөөд, хөшигний ард орж, цонхны тавцан дээр зогсож байгаад “Цогт тайжийн цагаан ордонд хэн оров” гээд Ичинхорлоо гуайг дуурайж уншдаг, мөн концерт тоглодог байсан. Тэгээд дөрөвдүгээр ангиасаа хойш дуулахаа больсон. Тэгэхээр урлагийн хүн болно гэсэн бодол байсан юм уу, хүрээлэн буй орчин, хамт амьдардаг, уулздаг хүмүүс нөлөөлсөн юм уу, мэдэхгүй. Юун гэрийн даалгавар хийх манатай л урлагийн хүн аятай байдаг байсан санагдана. 

-Ээжийгэээ тайзан дээр дуулж байхыг хараад анх ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

      -Ээж минь төрийн концертод ордог байсан учир бид үзэж чаддаггүй байсан. Ер нь үзэх боломжтой байсан ч айгаад үзэж чаддаггүй байсан. Ээж минь 70 насныхаа ойгоор Соёлын төв өргөөнд “Урьхан хонгор салхи”-ийг дуулсан. Тэр үед аав минь миний гарыг атгаж, “Аа яаяа” гэж огшиж, шогширч байсан. Ээж минь дээд өнгө авна гэж янзын шүү дээ. Тэр үед аав минь ханиараа үнэхээр бахархан бахдаж байсан байх аа. Би одоо ч ээжийнхээ дууг сонсож чадахгүй уйлчих гээд байдаг юм.

      хэмээснээр бидний яриа энэ удаад өндөрлөсөн юм. Тэрбээр "Аавынхаа хийсэн бүтээсэн ажлыг нь бага ярьсан байж магад. Гэхдээ хүн чанарын хувьд ч тэр, зохиолчийнхоо хувьд ч тэр миний аав шиг хүн дэлхийд байхгүй гэж боддог. Бас л утга, уран зохиолын салбарт үүргээ гүйцэтгэсэн, өөрийн гэсэн орон зай, нэр төртэй том уран бүтээлчдийн нэг байсан. Харин ээжийн сүр, алдарт жаахан дарагдаж, даруухан амьдарсан санагддаг. Гэвч охидынхоо зүрхэнд тодоос тод гэрэл, бидний амьдралын өмөг түшиг, тулах цэг минь байсан даа” хэмээн бахархаж байсан юм.

 

 

ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Н.НОРОВБАНЗАДЫН ОХИН Б.ДЭЛГЭРМАА: Ээжийг 70 настайдаа “Урьхан хонгор салхи”-ийг дуулахад аав минь гараас атгаж, “Аа яаяа” гээд огшиж байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 31
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-25 21:40:08
    enka: Сайхан аав, ээжээс төрсөн мэдлэг, чадвартай сайхан эмэгтэй юмаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-25 07:49:41
    энхтайван: норовбанзад гуйа бол говьд бмш завханд төрсөн гэж эмээ минь ярьдаг бсан.ээжийнх тухай олон юм мэддэг бсан даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-25 00:22:02
    Ааа: Аав Банзрагч нь Хятадын эрлийз л гэдгийн.Дэлгэрмаа ч яг л хятад авгай болжээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-24 18:27:29
    Ч.Оюун: Нэрт дуучны охин Б.Дэджрмаа багшаар 1984-1986 онд Ховдод Багшийн Дээд Сургуульд орос хэлний хичээл заалгадаг байлаа.Сайн ч багш сайхан ч багш.Эрдэм боловсрол өндөртэй ,багш оюутнуудаа хүндэтгэдэг сайхан багш, хайртай багш минь .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-24 09:43:07
    Ц.Шаравдорж: Агуу дуучны охин, сайхан ярилцлага өгчээ. Баяр хүргэe.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-24 09:36:20
    Уншигч: Ээжийнх нь дууг сонсч суух дуртай. Ялангуяа Уяхан замба тивийн наран дууг. Харин аавынх нь Зам романыг унших дуртай?байсан даа. Сайн зохиол сайхан роман шүү. Дэлгэрмаа их энгийн даруу шиг санагддаг. Сайн сайхныг ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-24 03:52:51
    Чинбат: Багшдаа сар шинийн мэнд хүргэе. Гайхалтай ярилцлага байна. Төсөөлөл, харьцуулал ихтэй, бодмоор, төсөөлж ургуулаад үзвэл бүхэл бүтэн тус тусын агуулгатай олон үйл явдал харагдаж бас мэдрэгдэж байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-23 18:47:40
    Иргэн: Сайхан хүмүүсийн тухай уншиж сэтгэл баярлав. Урт удаан наслаарай. Амжилт аз жаргал хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-23 18:46:41
    irgen: MUiin aldart duuchin Norovbanzad.aguu Zagdsuren 2 bol delhiin entei duuchid.Norovbanzad gyai gaviya shagnalaa bagagui hurtsen uom bn.Aguu Zagdsurend hureh Duuriin duuchin bol hezeech turehgui.gaviya shagnalaa ch avch chadaagui haramsaltai sanagddag.Norovbanzad san.muzeig.Zagdsurend Duuriin duuchinii huviar baiguulah n zuitei.Nomin ******** ev soel.aguu duuchdiig munhjuuleh ajil hiimeer.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-22 12:35:53
    Иргэн : Дэлгжрмаа царай муутай юм аа гэнэ ээ . Яг л нөгөө өвөг эмгээ өвчсөн мэт төрсөн бгаа биз дээ . Яг даа яг адилхан гэж
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-22 10:45:39
    Ц.Алтангэрэл: Яахин аргагүй бурханы дуучин байсандаа бишрэлийн үг ховордох хүн байсаан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-22 10:16:37
    Нямсүрэн: Дээгийдээ сар шинийн мэнд хүргэе сайхан шинэлээрэй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-22 09:50:14
    Зочин: Дуучинии ээж аав ямар хүмүүс байсан бээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-29 09:38:49
    мөнх: Ямар сайхан гэгээлэг ярилцлага болоо вэ Норовбанзад гуайн дууг сонсоод л баймаар байлаа арга үгүй элит гэр бүлд төрж өсжээ сайхан ч үе байж өдийд ийм дуучин төрсөн бол долларын тэрбумтан дэлхийн од болох байждээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-28 15:47:56
    уншихад сайхан байлаа: үнэхээр л нэг халгисан, цалгисан дуучин шүү, байсан гэмээргүй байна, одоо ч бид сонсож, биширч, дурсаж явна, ирээдүй хойч үеийнхэн ч тэгэх буйзаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-27 08:11:12
    Хайртай : Сайхан ээж нүдэнд дулаахан Дэлгэрмаа царай муутай юмаа ээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-26 19:29:53
    Уншигч: Банзрагч гуайн цуврал романууд бас сайхан шүү. 20р зууны эхний хагасын монголын хотжилт, хотын амьдралыг тэндээс л мэдэж төсөөлж бж билээ. Бас 3р ангид байхдаа Зам романыг уншсан нь миний хамгийн анх уншсан роман болсон юм даг.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-26 04:39:03
    Би: Нээрээ л уяхан замба тивийн наранг Норовбанзад гуайн дуулснаар сонсоход сансар огторгуйн уудамд хөвөөд байгаам шиг.дахин давтагдашгүйн гайхамшиг.Монголын бахархал билээ ТА минь.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-26 00:00:07
    амка: Дэдэрмаа гээд эгч нь тис д багшилж байсан, их хөөрхөн ааштай өөрөө ч их хөөрхөн гоё багш байсан . Би багшаасаа их юм сурсан. багш минь ч өөрөө сайхан хүн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-25 14:29:48
    123: Сайн ээж аавын охин. Гэхдээ их ааштай хүн дээ. Бас хүнийг ялгаж харьцдаг, муухай зантай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-25 08:02:35
    123: Эрхэм бүхний дээд бахархал болсон хүмүүсийн үр хойч ирээдүйд сайн сайхныг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-24 21:25:01
    М Болормаа: Сайн удирдагч шударга ажилч мундаг хүнтэй хамт ажиллаж байлаа. Сайхан гэр бүлд хүмүүжсэн мундаг сэхээтэн хүн дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-24 17:43:34
    Зочин: Дээр үeд зурагт гэж байхгүй байхад орой хоолоо идэцгээчихээд радионыхаа дэргэд бөөгнөрөөд л Д Банзрагчийн Зам роман С Пүрэвийн Аянга роман . Ч. Лодойдамбын Тунгалаг тамир. Манай сургуулийнхан. Ч Лхамсүрэнгийн Хүрэн морь найраглал мөн үдшийн үлгэр зэргийг сонсох хамгийн жаргалтай байсан хүүхэд насны дурсамж даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-24 14:38:36
    Зочин : Сайхан аав ээжийн үргэлжлэл, бахархал болсон даруухан сайхан охинд хорвоогийн хамгийн сайхан бүхний дээдийг хүсэн эрхэлж буй ажилд улам их амжилт хүсье.Охидынхоо бахархал болсон аав ээжид нь үзэгч бид ч бахархаад бахархаад ханашгүй ээ ёстой тэр үеийн хамгийн хамгийн нь байлаа .Би жаахан байж дээ ..Манайх эх орон 52 гэдэг радиотой түүгээр сайхан сайхан дуу явдаг байв. Манай айлынхан гоё дуу явахаар хэлээрэй гэдэг байв. Сонсож байтал Хэрлэнгий баавар Нуруу банзад дуулна гэж бна гээд очиж хэлж бөөн инээдэм болж байсан гэж аав ээж минь өхөөрдөн ярьж байж билээ..Ямар дуу байсан байхав .хэлээрэй ккк
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-24 14:15:55
    Hergui: Odoo tsagt tursun bsn bol mun bayan hun baih bsn bh daa. Zuun zuund davtagdahgui duuchin blaa daa.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-24 14:05:48
    Жаргал: Бөмбөрцгийн дуучин шүү дээ.дээр нь биеэ авч явж байгаа байдал намба төрх үнэн тасархай....гайхалтай цаанаа л 1 од од од Дэлгэрмаа багш ч өөрийн гэсэн үзэл бодолтой боловсролтой гишгэсэн мөртэй эмэгтэй шүү.номын дуу сонсож явлаа гэж
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-24 11:30:14
    Zochin: Uneheer zyyni manlai dyychin bsaan...baharhaad baharhaad barshgyi...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-24 10:40:40
    Зочин: дахиж төрөхгүй л байхаа даа ийм дуучин. Төрлөө ч гэсэн зуунд 1 л байх.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-24 10:17:06
    Соёлоо: Үнэхээр бахархал шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-24 10:15:25
    irgen: Uneheer sain duuchin, heleh ug alga. Saihan ch emegtei baisan, yun Delgermaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-24 09:54:20
    иргэн: Үнэхээр сайхан дуучин байсан шүү баяр хүргэе
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188