• Өнөөдөр 2024-04-29

ХХ ЗУУНЫ СОНГОДОГ БАЛЕТЧИН Ю.ОЮУНЫ ХҮҮ Б.ТАМИР: Ээжийгээ “Өргөстэй тайзан дээр яаж 32 эргэдэг байсан юм бол доо" хэмээн өрөвддөг

2022-02-25,   15297

-Б.Жамъяндагва гуай ээжийг шөнийн 01:00-02:00 цаг хүртэл прогон хийгээд ядарч унах гэж байхад нь “Дүрээ бод, дүрдээ ор”гээд суулгачихдаг байсан гэсэн. Юун дүр, хоол л бодогдоно биз дээ-

           ...Тэр өөрийнхөө амьдралын хун. Монголчуудын сэтгэлд тод үлдсэн тайзан дээрх тэргүүн хун. Монголын ард түмэн "Хунт нуур"-тай золгож, тэргүүн хунгийн дүрийг Юндэндоржийн Оюун гуай амилуулсан цагаас өнөөдрийг хүртэл балетын урлагт тэр дархлагдсан. Түүний савх шиг урт турьхан гар, хөнгөн үсрэлт өөрийнх нь өөртөө бэлэглэсэн хунгийн дүр нь дахин давтагдашгүй. Монголын анхны хун хэмээн нэрээ мөнхөлж, дэлхийд мэргэжлийн балетын жүжигчнээр зүй ёсоор хүлээн зөвшөөрүүлж, Монголын балетын түүхэнд домог болон мөнхөрсөн Ю.Оюун гуайг нэрээр нь биш юм аа гэхэд дүрээр нь мэдэх, эчнээ таних үзэгчид зуун дамжиж, түүний бүтээсэн хунтай цуг нисэж яваа. 

          Хоромхон зуурт тайзнаа амьдарч, “амилах” цаг хугацаандаа минут, секунд бүрд дүүлж, хугацаатай, харгис урлагт өөрийнхөө бие, сэтгэлийг үнэнчээр зориулж, хунгаас цагаан амьдарсан ХХ зууны сонгодог балетчин Ю.Оюун гуайн зүтгэл. Түүний тэр их сэтгэл, хичээл зүтгэл, үлдээсэн үнэт өвийг үргэлжлүүлж, үрдээ хадгалуулахаар хичээж яваа түүний бага хүү Б.Тамирыг бид уншигч тантай уулзуулж, ээжийнхээ нь тухай, үдлээд ниссэн тэргүүн хунгийн тухай яриа дэлгэлээ.

-Таны ээж багаасаа амьдралын хатуу хөтүүг үзэж, туулсан юм билээ. Ээжийнх нь бага нас хаана, хэрхэн өнгөрсөн юм бол?

                -Миний аав, ээж хоёр хотынх. Ээж минь Хөвсгөлийн Цэцэрлэг сумын харьяат хүн байсан. Ээж минь гурван дүүтэй байсан гэсэн. Даанч өвчний улмаас ээж, гурван дүү нь он дараалан нас барсан юм билээ. Тиймээс эмээ, өвөөгийнхөө хайр энэрэлд торниж, 1964 онд 23-р сургуулийн дөрөвдүгээр ангид байхдаа ОХУ-ын Санкт-Петербург хотын А.Я.Вагановагийн нэрэмжит Бүжгийн Академик дунд сургуульд суралцахаар явсан. Ээж минь хар нялхаараа өнчирч, хүний нутагт бага насаа өнгөрүүлсэн юм билээ. Тэгээд найман жилийн дараа буюу 1972 онд сургуулиа онц дүнтэй төгсөж, эх орондоо ирсэн. Ээжийн минь бага насны дурсамж ийм энгийн бөгөөд ярихад хэцүү санагддаг даа. Танай сайтын уншигчид миний өвөө, ээжийн минь аав хуульч, өмгөөлөгч Л.Юндэндоржийн тухай мэдэх бол надтай заавал холбогдоорой гэж хүсэх байна. 

-Таны ээж багаасаа биеэ дааж, хэрсүү өссөн юм байна. Харин хүүхдүүддээ юу захиж, хэрхэн хүмүүжүүлсэн бэ. Хүн бүр л ээждээ загнуулдаг шүү дээ?

                    -Намайг бага байхад ээж минь маш завгүй байдаг байсан. Дуурийн театрын долоо хоногийн төлөвлөгөөний дагуу бэлтгэлээ хийдэг байв. Өдөр бүр бэлтгэлтэй. Ийм их ажлынхаа хажуугаар гэртээ эхнэрийн, ээжийн орон зайг бүрэн дүүргэж, биднийг уян зөөлөн аашаараа ухаарал дүүрэн хайрлаж өсгөсөн. Ээж минь ах бид хоёрт “Зөв амьдраарай, хүнд худлаа хэлж болохгүй, цагийг баримталж сур” гэж их захидаг байсан. Түүнээс илүүгээр биднийг “Ингэ, тэг” гэж хүчилдэггүй байсан санагдана.

      Маш зөөлөн хүн болохоор загнахдаа хүртэл аливаа зүйлийн учрыг нь ойлгуулж загнадаг байсан юм. Би сургуульд байхдаа тамхи татаж байгаад ээждээ баригдчихсан. Гэтэл ээж минь “Миний хүү олноос нуугдаж тамхи битгий тат. Гэр орноо галдчихвал яах юм бэ. Ээж нь мэдчихсэн юм чинь нууж татах хэрэггүй” гэж байсан хүн шүү дээ. Тэгээд бодохоор их зөөлөн хүн байгаа биз.
 
Хааяа сургууль дээр тамхигүй болчихно оо. Ээж дээр гүйж очоод л тамхи авчихаж байгаа юм чинь... Ээж ах бид хоёртой яг л  найз шиг дотно харьцана. Мөн Дуурийн театрын хаалгаар ороод манаач, цэвэрлэгчээс нь эхлээд бүх хүнтэй мэндэлж, ахаа, эгчээ болдог. Хүн ялгаж харьцдаггүй, эелдэг, нээлттэй эмэгтэй байсан даа. Ах бид хоёр ааваасаа илүү ээжтэйгээ дотно байсан. Ээжээсээ зөвлөгөө авдаг, нууцаа хэлдэг, ярилцдаг. Харин аав минь бидний асуудалд оролцдоггүй. Тээр өндөрт бэлгэдлийн хүн. Бидний мэдээлэл ээжээр дамжиж аавд очдог байсан.
 

-Таны ээжийн гарыг үе үеийн урлаг судлаачид, бүжигчид гайхан биширсээр байна. Гараа хун мэт "амилуулах" нууц шид нь юу байсан гэж боддог вэ. Ээж нь энэ тухайгаа ярьж байв уу?

           -Ээжийгээ энэ тухай ярьж байсныг санахгүй юм байна. Балетын урлагийг сонирхдог, судалдаг хүмүүс “Ю.Оюуны гар шиг гар байхгүй” гэж ярьдаг. Оросын алдарт бүжигчин Майя Михайловна Плисецкая хүртэл “ийм уран гартай бүжигчин хараагүй удаж” гэж дуу алдаж байсан гэдэг. Тэгж ярих болсон учир шалтгаан нь гарт нь байгаагүй гэж боддог.

Харин гарын хөдөлгөөнийх нь техник нь сайн байсан байх. Их ч судалсан байх... Монгол бүжгийн үелзүүр шиг хунгийн хөдөлгөөнийг өөртөө дархалж, бие, сэтгэлээрээ мэдэрч гартаа суулгасан юм болов уу гэж боддог. Зөвхөн Монголд ч гэлтгүй Оросын их театрын тайзан дээр ээж минь бүжиглэж, үзэгчдийг алмайруулж байсан юм билээ.

Тухайн үеийн алдартай бүжигчид ч ээжийн минь гарыг биширсэн байдаг. Тэгэхээр гарыг хун мэт амилуулна гэдэг сэтгэлийн их хүч, төсөөлөл, судалгаа нөлөөлдөг юм шиг байна лээ. Ээж минь би балетчин гээд л янз бүрийн хоолны дэглэм барьдаггүй, ингэх ёстой, тэгэх ёстой гэж ялархдаггүй, ямбагүй төрөлхийн бүжигчин байлаа шүү дээ.

-Та аав, ээжийгээ хэрхэн танилцаж, гэр бүл болж байсан тухай мэддэг үү. Та асууж байв уу?

        -Тэд нэгнээ Монголд байхдаа л мэддэг байсан юм билээ. Харин Ленинград-д (одоогийн Санкт-Петербург) үлгэрийн мэт цагаан шөнийн тэнгэр доор танилцаж, тэнд л дотноссон байх...Бодвол үдэшлэг дээр танилцсан байлгүй? Тэд нэгнийгээ “Миний хүү” гэж дотночлон дууддаг байсан. 

-Бүжигчдийг биеийн галбираа алдана, хурд, хүч нь саарна гээд хүүхэд төрүүлэхийг зөвшөөрдөггүй гэх мэт олон хэцүү зүйл байдаг. Гэтэл таны ээж хоёр хүүхэд төрүүлжээ?

       -Ээж ахыг 24 настайдаа төрүүлж, намайг 30-тайдаа төрүүлсэн. Ээжийг жирэмсэн байхад нь намын хорооны дарга нь хүүхэд төрүүлж болохгүй гэж тушаасан байдаг. Гэвч ээж минь, аавын хүчин чармайлтаар ямар нэгэн аргаар зөрсөөр байгаад төрүүлсэн гэдэг. Бараг л ах бид хоёр чинь Ю.Цэдэнбал даргын зөвшөөрсний дагуу төрсөн гэсэн үг. Хамгийн их эсэргүүцэж байсан хүн нь Анастасия Ивановна Филатова. Дөнгөж төрчихөөд удаагүй явж байхад нь их дэлгүүрт таарчихаад “Детский сад” (хүүхдийн цэцэрлэг) гэж хэлчихээд явсан гэдэг. Ер нь хоёр дахь хүүхдээ төрүүлээд бүжгийн карьер нь унтарна гэж бодож байсан нь гарцаагүй.

-Таны ээжийн төрөлх авьяасыг хөглөсөн хүн бол Б.Жамъяндагва гуайг гэж боддог. Ер нь бэлтгэл сургуулилалтаа хэрхэн хийдэг байсан юм бол?

              -Харин тийм ээ, ээжийн минь шүүсийг ёстой гадна, доторгүй шахдаг байсан юм билээ. Балетуудын дэглэлт нь тэр... Баруун зүүнгүй дараалалсан эргэлттэй, дарааллаад зогсолтгүй хэцүү хөдөлгөөнүүд гээд бүжигчин хүний оргилд нь хүрэх ачааллыг гаргах тийм л дэглэлт ээжид минь зориулан тавьж байсан санагддаг. Өглөөнөөс хойш прогон хийгээд шөнийн 01:00-02:00 цаг болж байхад л “дүрдээ ор, дүрээн бод” гээд л суулгачихдаг байсан гэж аав минь ярьдаг байсан юм. Ядарч унахын туйлд байгаа хүн юун дүр байхав дээ. Хоолоо, амрахаа л бодно биз дээ.

-Таны бодлоор ээжийнх нь амжилтын нууц юу байсан бэ?

      -Ээж минь маш энгийн хүн шүү дээ. Илүү, дутуу зангүй. Гурилтай хоолоо бусдын адил идсэн, ардын дуу дуугаа аялдаг, найз нөхөдтэйгөө дотно сайхан холбоотой, хэнийг ч алагчилж үздэггүй амьдралд үзэх ёстойгоо үзэж, хатуужсан. Гэлээ ч зөөлөн чанар нь арилаагүй. Сэтгэл нь тайван, сайн ханьтай, гэр бүлд нь санаа зовоохоор асуудал бага, тайван байсан болохоор ээжийн минь амжилтад ихээр нөлөөлсөн юм болов уу.

-Таны ээж төрөлхийн авьяастай, дахин давтагдашгүй өгөгдөлтэй сайхан эмэгтэй байжээ. Бүжиглэхээс өөр юунд дуртай байсан бэ?

      -Миний ээжийг гудамжаар явахыг нь манай тэр хавийнхан хүлээж, харуулдаж байгаад хардаг байсан юм билээ. Сүүлд нь надтай таарсан хүмүүс “Танай ээж 73, хүнсний 20-ийн тэрүүгээр явдаг байсан. Бид хүлээж байгаад хардаг байсан” гэж ярьж байсан. Тэгэхээр тухайн үеийн залуус тайзан дээр бүжиглэж байхад нь биш юм аа гэхэд гудамжаар явж байхад нь хүртэл хардаг байсан гэхээр сайхан эмэгтэй байсан нь гарцаагүй биз. Зарим нь ч бүр ээж шиг минь болох юм сан гэж мөрөөдөж байсан юм билээ. Бид баяр бүрийг тэмдэглэж, хамт зургаа авахуулж, баярын ширээ засдаг байсан. Ээж минь хоол хийх дуртай.

     Гэртээ байхдаа янз бүрийн чамин хоол их хийнэ. Хоолны ном, сэтгүүл цуглуулах, ном унших сонирхолтой байсан даа. Уран зохиол, номноос л урлагийн зарим мэдрэмжийг авдаг байсан байх. Аавын найз нөхөд, шавь нар нь ээжийн минь хийсэн напеолон тортонд их дуртай байсан. Тэд ч манайхыг “Үлгэр жишээ сайхан гэр бүл байсан” гэж дурсдаг юм.

-Таны ээж, аавтайгаа өнгөрүүлсэн хамгийн нандин дурсамж юу вэ?

           -Элэг бүтэн байсан бүх цаг хугацаа сайхан санагддаг. Оройн хоол идэхээр ширээгээ тойрч суугаад тухайн өдөр тохиолдсон явдлынхаа тухай яриад инээлдэж сууна гэдэг юутай ч зүйрлэшгүй аз жаргал байдаг юм билээ. Ах минь 1997 онд ХБК одоогийн МУК-ыг монгол бүжгийн ангийг төгсөөд гэрээгээр Өмнөд Африкт циркийн жүжигчнээр ажиллахаар явсан. Одоог хүртэл ирээгүй л байна. Тэндээ сайхан ажиллаж, амьдарч байгаа.

-Та ээжийнхээ мэргэжлийг хүүхдүүддээ өвлүүлж байна уу?

  -Би ээжийнхээ авьяас билэг, мэргэжлийг нь хангалттай сайн өвлөж чадаагүйдээ харамсдаг. Гэхдээ том охин маань балетчин мэргэжлээр МУК-ыг энэ жил төгсөж байгаа. Миний охин заавал ээж шиг минь ардын жүжигчин болох албагүй. Өөрийнхөө чадах хэмжээнд чин сэтгэлээ балетад зориулахад л болно гэж боддог. Энэ тухайгаа ч охиндоо хэлдэг юм. 

-Та багаасаа л ээжийнхээ уран бүтээлийг үзэж, балетын урлагт дурлаж өссөн байх. Одоо бичлэгийг нь үзээд суухад ямар мэдрэмж төрдөг вэ?

          -Ээжийг минь бүжиглэж байх үед одоогийнх шиг зориулалтын хулдаас бүхий сайхан тайз байгаагүй. Би ээжийгээ "Өргөстэй, том том завсар зайтай тайзан дээр яажшуухан эвийг нь олж 32 эргэдэг байсан юм бол доо" гэж бодохоор эрхгүй өрөвддөг, бас бахархдаг. Гэтэл өнөөгийн тийм гоё тайзан дээр ээжийн бүжиглэж байсан үеийнх шиг, даацтай уран бүтээл гаргахгүй л байх шиг... Хуучны балетууд дандаа хялбарчилсан дэглэлт, тавилтаар найруулагдаад байна уу даа гэж харж байгаа. Балетын каски (балетын модон шаахай) хүртэл одоогийнх шиг хөлд эвтэйхэн байгаагүй байх... Сонголт ховор цаг үе шүү дээ... Одоогийн тютю яасан ч гоё юм. Тэр үед чинь чимэглэл хийх материал ховор беластикнаас өөр зүйлгүй байв. Хөөрхий дөө... өөрөө тэр чимэглэлээ хадаад, оёод л сууж байхыг зөндөө л харж байсан.

Б.Жамъяндагва гуай зориуд миний ээжийн шүүсийг шахаж, хоёр тийшээ эргэлттэй, хэцүү хөдөлгөөнүүдтэй дэглэлт хийж байсан юм билээ.

-Та ээжийнхээ сор болсон уран бүтээлүүдээс юуг онцолж хэлмээр санагддаг вэ?

       -Ээж минь 1972-1991 онд Сонгодог урлагийн академик театр, 1991-1993 онд Монгол балетын танхимд гоцлол бүжигчин, 1993-2001 онд С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн дунд сургууль, Бүх цэргийн дуу бүжгийн чуулгад багшаар ажиллаж байсан. 1973 онд төрийн шагналт, ардын жvжигчин Ж.Чулууны “Уран хас”-ын  Хандармаа, 1974 онд  Л.Минкус  “Кихот ноён” балетын гол дvр Китрид бүжиглэж чадалтай балетчин гэдгээ анх удаа үнэлүүлсэн гэдэг. Тэр цагаас хойш 1975 онд  П.Чайковский “Хунт нуур”, А.Морозов “Ай Болит Доктор”, 1977 онд “Испани бүжгийн цоморлиг”, 1979 онд А.Адан “Жизель”, Э.Чойдог “Мөнгөн Залаа”, 1980 онд К.Сен Санс “Хун, 1981 онд З.Хангал “Эрдэнэсийн Уул”, 1982 онд намайг төрсөн жил П.Чайковский “Шелкунчик”, 1984 онд А.Хачатурян “Спартак”, 1985 онд Д.Шостакович “Энхийн тойрог”, 1986 онд А.Адан “Корсар”, 1987 онд Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой”, 1990 онд П.Чайковский “Нойрссон гүнж”, Х.Билэгжаргал “Бөртэ Чоно”, 1993 онд Зангель Брук,З.Хангал,Э.Чойдог “Сүйрлийн дараах амьдрал” зэрэг 25 гаруй балетын гол дүрийг бүтээсэн байх юм.. Ээж минь 1978 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, 1986 онд Ардын жүжигчин цолоор хүртэж, “Зууны мэдээ” сониноос ард түмний дунд явуулсан санал асуулгаар “ХХ зууны манлай сонгодог” бүжигчнээр шалгарч байсан түүхтэй. Онцлох тал дээр гэвэл би Л.Минкус  “Кихот ноён” балетын гол дvр Китрид нь хайртай... Маш хурц хөдөлгөөнтэй, бас эрхэмсэг...

-Таны аавыг чөлөөт бөхийн дасгалжуулагч байсан гэж уншсан. Урлаг, спортын гэр бүлд төрж, өссөн хүний сэтгэл, сэтгэлгээ бусдаас өөр байдаг уу. Бахархахгүй байхын аргагүй биз дээ?

             -Ардын жүжигчин, зууны манлай балетчин, бөхийн дасгалжуулагчийн хүүхэд алдах эрхгүй, муу сурах ёсгүй, төрөлхийн бүхнийг чаддаг, авьяастай, мэдлэгтэй байх ёстой юм шиг хүмүүс ханддаг. Тийм болохоор их хэцүү. Б.Тамир Б.Тамираараа амьдрах ямар ч боломжгүй. Учир нь, дандаа аав, ээжийн нэр, хүнд дагаж явдаг болохоор заримдаа халгамаар санагддаг. Нөгөөтэйгүүр мэдээж, бахархалтай, бахархахгүй байхын аргагүй сайхан. Нөгөөтэйгүүр эмзэглэж харамсдаг зүйл бас байдаг.

Ээж минь Монголын балетад бүх ухамсарт амьдралаа, аав минь Монголын спортод тэр дундаа чөлөөт бөхийн төрөлд бүх л амьдралаа зориулсан хүмүүс... Улсаас ганц өрөө ч байр авч байгаагүй гээд л бодохоор харамсмаар санагддаг. Ээж минь бүр нас нь болоогүй гээд тэтгэвэр ч авч байгаагүй гэхээр үнэхээр гол зурж, өмнөөс нь гомдол төрдөг. Аав минь тэтгэврийн зээлтэй л хорвоог орхилоо шүү дээ... Монголын төр ингэж л хүмүүсээ хайрладаг даа...

-Та ээжийгээ баярлуулж чадсан гэж боддог уу?

      -"Ээж минь арай л эрт надаас, биднээс явчихлаа даа” гэж харуусдаг. Гэхдээ би ээжийгээ “Явна” гэдгийг нь мэдэж байсан. Үнэхээр хэцүү юм билээ.  Өдрөөс өдөрт хоолойгоор нь хоол давахгүй, сүү, цай дусаана. Бүр ярих ч тэнхэлгүй болж байгаа юм. Би өвчин намдаах тариаг нь хийж, асарч байсан. Ээж минь арванхоёрдугаар сарын 3-нд төрсөн. Харин 2000 оны арванхоёрдугаар сарын 3-нд ээждээ бялуу авчирч өгсөн юм. Гэтэл ээж минь турж эцсэн хуруугаараа гогдож амсчихаад, их баярлаж эрхий хуруугаа гозойлгосон. Тэр мөч, дүр зураг нь санаанаас огт гардаггүй юм. Тэгээд л үүрээр бие нь хүчтэй өвдөж, дөнгөж 49 настайдаа ходоодны хорт хавдраар амьсгал хураасан даа, хөөрхий минь. Тэр үед би нойроо харамласандаа ээждээ уурлаж байсан. Уурласнаа бодохоор өнөөдрийг хүртэл би өөрийгөө зүхдэг.

     Би ээжийгээ баярлуулж чадаагүй. Хэрвээ өнөөдөр байсан бол ач нараа хараад жаргалтай байх байсан даа гэж боддог. Гэхдээ ээж минь биднийгээ тэнгэрээс харж байгаа гэдэгт туйлын итгэдэг.

-Ээжийнхээ тухай, Монголын нэгэн сод авьяастан, гайхамшигт эмэгтэйн талаар сайхан түүх дэлгэсэн өгсөн танд баярлалаа. 

        -Баярлалаа, надад ч сайхан байна. 

      Ю.Оюун гуай таван сартай хөл хүнд байхдаа Москвагийн их театрын тайзан дээр жигүүртэй юм шиг л "нисэж" явсан юм гэнэ лээ. Тэгээд тэр хун шиг хүн байхыг хоёр гарынхаа хөдөлгөөнөөр үлгэрлэсэн, үзүүлсэн юм гэдэг. Цаснаас цагаан хун хоёр дэгдээхийгээ арай л эрт орхиод диваажингийн нуур руу "нисчихсэн" нь даанч хайран. Гэхдээ тэр хун шиг, хунгийн дүрийг бүтээх гэж төрсөн ч юм шиг, магад тэр тэргүүн хунгаар амьдрахын, дурсагдахын тулд балетын урлагт хөл тавьсан байх. Тэгээд түүний хүсэл биелсэн учраас тайзан дээрээсээ амар амгалангийн нуур руу алхаад, тэндээ жаргаж яваа байх. Гэхдээ тэр далавчаа ач охиндоо үлдээгээд одсон гэлтэй. Тун удахгүй түүний, бидний хүсэлд нийцсэн Ю.Оюун гуайн дүр дахин "амилна" гэдэгт итгэл дүүрэн байна...


ХХ ЗУУНЫ СОНГОДОГ БАЛЕТЧИН Ю.ОЮУНЫ ХҮҮ Б.ТАМИР: Ээжийгээ “Өргөстэй тайзан дээр яаж 32 эргэдэг байсан юм бол доо" хэмээн өрөвддөг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 40
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-09 10:52:18
    Долгормаа: Эгэл даруухан сайхан хүн шүү. Энэ хүнээс л сайхан бүхнийг олж хардаг байлаа. ХБК д багшлаж бх үеийг нь сандагдаа танийгаа .2 хүү нь ч мундаг сайхан хүмүүжилтэй сайхан гэр бүл шүү та нар минь.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-12 22:48:51
    Зочин: Бүжиглэх л гэж энэ хорвоод төрсөн хүн байсан даа. Сайхан ч эмэгтэй, дахин давтагдаагүй бүжигчин. Хүүд нь сайн сайхныг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-09 06:44:39
    Эрдэнэчимэг.Н: Үнэхээр гайхамшигтай авьяастай балетчин.одоо хүртэл үгүйлэгдэх уран бзтээлээр мөнхөрчээ. Монголын балетын урлагийг бүшррүүлсэн 2 сайхан уран бүтээлчдийг зургуудыг харах болрмж олгосон хүүд нь баярлалаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-06 15:34:44
    Бадамцэцэг : Ёстой мартахын аргагүй түүхэнд мөнхлөгдсөн сайхан эмэгтэй зууны манлай гэхэд ч бараг багадмаар бахархам ихэмсэг эмэгтэй байсан шүү .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-06 15:34:43
    Бадамцэцэг : Ёстой мартахын аргагүй түүхэнд мөнхлөгдсөн сайхан эмэгтэй зууны манлай гэхэд ч бараг багадмаар бахархам ихэмсэг эмэгтэй байсан шүү .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-30 23:17:55
    Энхотгон: Гайхамшигтай бүжигчин Оюун эгч . хүүдээ эргэн иржээ .хүүхэд насны минь шүтээн жинхэнэ од .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-30 22:48:59
    zochin: Bagaasaa l shutej bailaa. Saihan aav eejiin huu chi sain yavah baihaa. saihan ch uls baij bilee. Bih togloltiig ni uzdeg bailaa. Aaviinhaa tsamys, oimsiig ugaaj ogch 3 tg avaad 7 honogt zaaval neg duuri, bujgen jujig uzej buh togloltiig tseejildeg bailaa. Duud sain saihniig husen yerooye. Setgeleer ******** unaari.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-27 07:06:02
    Төрбаяр: Оюун , Батсайхан 2- ын гоё гоё зурагнуудыг хараад зүрх зүсэгдэж, хоолой загнгирч, өөрийн эрхгүй нулимс дусалж сууна. Бидний үеийхэн энэ гайхалтай хүмүүсийн тоглолтыг үзэн биширч, гудманд холоос ч болов даган алхах хувьтай төрсөндөө баярлахаас яахав. Энэ 2- ын Спартакд тоглосон зургийг олж авснаа одоо хүртэл хайрлаж хадгалдаг аа. Хүүхдүүд нь сайн сайханыг хүсье. Ач охиныг нь бүжиглэхийг чих тавин хүлээх болноо.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-26 08:52:34
    Нина: Дөнгөж сургуулиа төгсөж ирээд гудамжаар явж байхад нь тааралдаж байсан би зогсоод далд ортол нь хойноос нь харж билээ үнэхээр хосгүй гойд эмэгтэй байсан балет гэж ярихаарл Оюун санагддаг харамсаад үнэхээр нулимс гардагдаа Тамир хүүд нь хамгийн сайн сайхныг хүсье ийм сайхан ээжийн хүү болж төрсөнд охин нь Оюун шиг бүжигчин болоосой гэж ерөөе дөө
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-26 08:27:49
    Tsengelmaa: Saihan shudarga yaria ugch.huuhduud n sain yavaa n eej aav 2hn ach shuu dee.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-26 07:18:17
    Мөнхцэцэг: Сайхан хүмүүс үргэлж сайхан мэдрэмж төрүүлдэг. Бахархаж явдаг шүү. Харин Монгол улс ийм хүмүүсдээ хүндэтгэл үзүүлж өнгөрсөн ч гэсэн дурсагдах зүйл хийгээсээ гэж боддог.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-26 01:57:57
    Yanaa: Iim saihan baletiin irlagiig gaihamshig boltol uzuulj bujiglej bsan hund hudulmurin baatar tslooo nuhuj uguh heregteishtei.neremjit ene ter bolgoh estoi yum shigee.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-26 01:42:34
    Нараа : Тэр үед улсаа мандуулж урагшаа тэмүүлдэг үе блаа яс махаа чилтэл хөдөлмөрлөдөг шахаж шаарддаг бж ээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-25 20:00:13
    Б.Отгон: Гайхалтай сайхан давтагдашгүй уран бүтээлч, мундаг бүжигчин монголын сор болсон бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөл байсан.Ид бүжиглэж мандан бадарч явахад яг хажуунаас нь харж бахархаж байсан хүмүүсийн нэг билээ.Энх амгалангийн орноос 2 сайхан хүү, ач нараа харж ивээж явдаг гэдэгт эргэлзэхгүй б на.Б.Тамир хүүд нь түүний сайхан гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-25 18:02:59
    Зочин: Ах нь одоо ирээсэй 30 жил болоо шдээ.оонын эвэр шиг 2уулхнаа байж ганц дүүгээ хагацал зовлн дунд ганцааранг нь орхиод ир ир
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-25 13:26:57
    Zochin: Odoo bol domogt bujigchin shuu dee. Yvj baihiig ni haraad uneheer am angaidag bausan. Yagaad harj zogsdog bausnaa ch oilgodoggui bsn . Tiim l saihan emegtei baisan . Ouyntai taarsan geed yriad l . Uneheer l saihan jinhene Od bausan daa . Denduu ert butsssn
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-25 11:47:08
    Д.Лхамсүрэн. : Хүндлэхгүй байхын аргагүй сайн бүжигчин, сайн эх бидний үеийн үлгэр дууриалал байсаан. Өвөө нь аавтай минь адил партизан хүн. Ёстой ханьдаа хайртайдаа Та нарыг төрүүлсэн юм шүү. Үнэхээр хатуу байсан байх. Оюун энгийн даруу хэнтэй ч эвтэй элгэмсүү хүн байсан нь өрийнх нь үйл хөдлөл, харцаар мэдэгдэнэ. УБхотын унаган иргэн бид бие биенийгээ зүс таних. Сэтгэл минь сэмэрч, сайхан хүмүүсээ дурсч өөрийн эрхгүй нулимс унах юм даа. Хөвгүүдэд нь энэ хорвоогийн хамгийн сайн сайхан, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-25 08:19:04
    Ж. Оюунцэцэг: 1991-1992 оны үед их дэлгүүрийн хажуудах/Одоо Ивроше/гоо сайханд эмч байхад энэ мундаг эмэгтэй хүүгээ надад үзүүлээд дараа яг хэлсэн өдөр давтан үзүүлээд баярлаллаа гээд явж байхад нь би араас нь цонхоор хараад тэр их ажлын хажуугаар яаж ингэж зав гаргаж чадаж бнаа энэ хүнд 24 цаг хүрдэггүй байхаа гэж бодож бахархаж байсан,Ёстой л гайхамшигтай үлгэр жишээч гэгээн хүн байлаа даанч дэндүү эрт явсан даа.Хүүд нь баярлаллаа ухаалаг сайхан хүү байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-25 00:01:50
    А.Оюунчимэг: Бид тэр сайхан хун авхайг дэргэдээс нь харах гэж л их боддог байж билээ.Үнэхээр дуурийн театрын тайзны сувдан шигтгээ байлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-24 23:22:56
    Зочин: Гайхамшигтай бүжигчин байсан.Энэ сайхан ээжийн хүү ямар ухаалаг хүү вэ. Энэ сайхан чанар чинь ээжийнхээ ачийг хариулж байна гэсэн үг. Сайн сайхан яваа нь ээжийн ачийг хариулж байна гэсэн үг. Хүү минь энэ сайхан чанараа үр ачдаа үлдээгээрэй.Ярилцлагыг уншаад чамаар бахархлаа.Сайхан ээжийн сайн хүү байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-24 22:55:02
    [зочин: Үртэй хүн сайхан. Сайхан хүүтэй юм байна. 2 хүүд нь аз жаргал хүсье. Оюун гуай их гоё эмэгтэй байсан. Өглөө бүр манай цонхны доогуур явдаг, би хардаг, дууриаж алхдаг байлаа. Ганган эгч хөнгөн хөнгөн алхаад өнгөрнө. Би дууриаж, хөлөө хоёр тийшээ сайрийлган алхаж үздэг байв. Дэгжин ягаан малгайт өмсдөг байсан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-24 22:20:04
    Найз: Найзууд маань сайхан гэр бүл байсан даа. Оюун маань агуу бүжигчин, ёстой бахархмаар сайхан эмэгтэй. Сүүлчийн мөчийг нь хүртэл хамт байсан ч найзыгаа бодохоор одоо ч сэтгэл өвдөнө, харамсана. Сайхан ээж, аавын хүү Тамираадаа болон ач охинд их амжилт хүсэн ерөөе!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-24 22:05:06
    Д.Эрдэнэсувд: Мөн сайхан зантай эмэгтэй байсан шүү. Байнга инээж байдаг хайран эмэгтэй байсан юм даа.Хүний хайлан байж дээ хөөрхий
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-24 20:42:33
    Зочин: Архангайн Өндөр-Улаан суманд зуны амралтаар очиж, амарч явахдаа ч бүжгээ давтаж байсан гэж нутгийнхан ярьдаг байсан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-24 20:12:37
    Зочин.: Миний үеийн хүүхдүүд сайн мэдэхгүй ч гэсэн дээрх нийтлэлийг уншаад энэ сайхан эмэгтэйгээр үнэхээр бахархмаар санагдаж байна. Нээрээ л өргөстэй бас завсар зайтай шалан дээр яажшуухан аргыг нь олж бүжиглэж байсан юм болдоо гэж өрөвдөж бас хайрлаж бна. Ходоодны хавдар гэдгийг нь уншаад "Тэр их хатуу бэлтгэлийн үеэр хоолтой, хоолгүй их явсан байхдаа гэж үнэхээр их өрөвлөө. Сайхан ээжийн хүүд сайн сайхныг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-24 18:59:47
    зочин: ямар гоё юм бэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-24 17:47:25
    Ганаа: Баясгалан ахынд очиж байсан. Оюун эгч цай өгөөд, гоё чихэртэй таваг урд тавиад дайлж байсан.нэг нохойтой байсан. хүүхдийн 100 ахжуу өндөр байранд байдаг байсан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-24 17:29:56
    туяа: Ээжтэй нь 1 байрных. Хунт нуурын нээлтийг аз таарч Юндэн гуйгаас билет авч үзсэн. зэрэгцэн суусан блхр өвөө нь уйлаад л...Охин минь өнчин юм гээд... тэр үед Млсквад сурч их театрт балет үзэж,дуурь боломжоороо сонсдог байлаа.Том театрын жүжигчнээс дутахгүй бна гэж Оюунаараа үнэхээр бххархаж өвөөтэй нь хамт уйлж байлаа ДҮҮД аз жаргсл хүсье!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-24 17:02:45
    Оюунбаяр 2 эмнэлэгт сув ч байсан.: Оюун эгч маань мундаг тайван зөөлөн сэтгэлтэй сайхан эмэгтэй байсан. Даанч хүнд өвчнөөр харамсалтай нас барсан даа.Би сувилагч нь бсан.Эмчилгээ хийх гээд очихоор инээд алдаад угтдаг бсан.Тамир ээжийгээ хардаг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-24 15:42:20
    Овунгэрэл: Оюун Ганбаатар гээд мундаг балётийн жүжигчид байсан.Японы нийслэлд болсон тэмцээнд өндөр үнэлэлт авсан гэж Тв Радиогоор бахархан ярьж байсныг нь санаж бг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-24 15:26:42
    Балжмаа: Оюун Ганбаатөр нар монголын бахархал байсан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-24 14:54:01
    Хали: Хүүхэд байхад урд хойно нь гүйж алхааг нь дуурайх гэж хичээдэгсэн.Хөвж яваа юм шиг нэг тийм хөнгөн цэмбэгэр алхаатай гоёо эгч байсан даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-24 14:39:33
    Зочтн: Их харамсдаг юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-24 14:24:44
    Хүндлэн хайрлагч.: Уйлж уншлаа. Ердөө хүний дээд байсандаа. Дүү минь чи сайхан хүмүүсийн үр юм. Аав ээжийн ухаан, хүмүүжил, соёл ,эцэг эхээ гэсэн хайр мэдрэгдэж байна. Ээжийг чинь би л лав маш их хүндэлдэг. Одоо ч. Хамт ажилладаг байсан учраас бусдаас илүү мэднэ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-24 13:41:30
    ард: спартакийг үзэж биширч явлаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-24 13:04:06
    Тамир: Улсаас авчихаад, аваагүй гэж худал ярих ёс суртахуун алга даа...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-24 12:41:39
    Chingee: Chuluunaa gj hun meddeg yum shig hudlaa yum bichihee bolino uu?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-24 11:47:31
    Enkhtuya: Uneheer agua humuus
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-24 06:19:41
    Chuluunaa: Mnda ujigcjin bailaa. 1978 onii havitsaa tuund 3 uree bair ogson baidag. Bair n Orosiin elchingiin ird baidag 9 davhar 31 dgeer bairand baisan...Saihan ger bul baisan sanagddag...Neeh goyo nuruu turuutai, egts baletchin hunii alhaagaar alhah n haragddag...Daanch haramsaltai ert yavsan daa..
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-23 22:17:58
    Erhes: Uneheer mundag mongoliin baletiin urlagiig delhiin taiznaa taniulsan hun dee.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188