• Өнөөдөр 2024-05-15

Л.БУЯНХИШИГ: Аав минь “Ирж яваа цаг” киноны Багаяагийн дүр шигээ сайхан хүн байсан даа

2022-02-06,   7633

-Аав, ээж минь биднийг яаж өсгөсөн бол гэж бодохоор нулимс асгараад байдаг юм-

“Ирж яваа цаг” киноны Багаяагийн дүрд тоглосон Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Лувсангийн охин Л.Буянхишигтэй ярилцлаа.

-Сайн байна уу, сайхан өвөлжиж байна уу?

      -Сайн. Сайхан өвөлжиж байна. Хөлийн дунд чөмөг хугарсан болохоор хүссэн үедээ босож, хөдөлж чадахгүй, хэцүү юм байна. 

-Таны аав Төв аймгийн Баянцогт суманд төрсөн юм билээ. Та аавынхаа бага, залуу насных нь талаар ярьж өгөөч?

     -Миний аавыг Лувсанбалдангийн Лувсан гэдэг. Үзэгч олон уран бүтээлийнх олон сайхан дүрээр гарцаагүй сайн мэдэх болов уу. Аав минь 1908 онд Төв аймгийн Баянцогт сумын Жирэм хэмээх газар айлын хоёр дахь хүү болон мэндэлсэн юм билээ.15 настайдаа өнчирч эгч Дулмаагаа дагаад хотод ирсэн гэдэг. Харин 17 настайдаа “Майн нэгэн” хамтралд морин тэрэгчингээр орж “Алаг морины Лувсан” нэртэй болсон юм билээ. 1970 онд энэ нэрээр нь сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан “Алаг морины Лувсан” нэртэй жижиг товхимол ном хэвлэсэн байдаг. Хамтрал Коммун устах үеэр цэргийн гар үйлдвэрт номчоор ажиллаж байгаад 1925 онд цэрэгт явж, Тамсагт бага даргаар ажиллаж байгаад, өөрийн хүсэлтээр нисэхийн сургуульд орж суралцсан байдаг. Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны 1936 оны наймдугаар 25-ны 121 тоот тушаалаар дотооддоо нисгэгчээр төгссөн юм билээ. Гэхдээ би нисгэгчээр ажиллаж байсан үеийг нь мэдэхгүй. 1936-1939 онд агаарын зэвсэгт хүчинд нисгэгч, ахлах дарга Баян түмний нисэх хүчинд дайрагч онгоцны нисгэгчээр ажиллаж, 1939 онд Халхын голын дайнд “Р-5” сөнөөгч онгоцоор байлдаж явсан гэж ярьдаг. Цэргээс халагдсаны дараа хоршоонд дэлгүүрийн эрхлэгч, хэлтсийн зааварлагчаар ажиллаж байхдаа дуу дуулж, жүжигт тоглож сайн дурын уран сайханч болсон түүхтэй.

-Аав нь хэдэн оноос уран бүтээлч болсон бэ?

     -Аав минь 1940 оноос Улсын драмын театрт дагалдан жүжигчнээр ажиллаж эхэлсэн. Тэгээд 1976 онд гавьяаныхаа амралтад гарсан юм. Монголын театрын алтан үеийн ахмад зүтгэлтний нэг аав минь гол ба туслах дүрд тоглохдоо өөрийн онцлогтой өвөрмөц зан чанар бүхий дүрүүдийг энгийн, үнэн тоглох арга барилаараа жүжигчид, үзэгчдийг байлдан дагуулдаг байсан шүү дээ. Энэ тухай үе үеийн уран бүтээлчид, үзэгчид дурсан ярих нь надад сайхан санагддаг юм. Аав минь урлаг, уран сайхантай холбогдсон цагаасаа  хойш жүжиг, киноны 200 гаруй гол болон туслах дүрийг амжилттай бүтээсэн байдаг. Хийсэн бүтээснийг төр засаг өндрөөр үнэлж 1956 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор, 1962 онд Соёлын яамны жуух, 1968 онд Соёлын тэргүүний ажилтан, “Алтан гадас” одонгоор хоёр удаа шагнаж байсан юм. Мөн Халх голын ялалтын 30 жилийн ойн медаль 25, 40, 50, 60, 70-н жилийн ойн медалиудаар удаа дараа шагнагдаж байлаа.1972 онд Улаанбаатар хотын Ардын Депутатын хурлын 10 дахь удаагийн сонгуулиар төр түмнийхээ итгэлийг хүлээж депутатаар сонгогдож байсан нэр хүндтэй хүн шүү дээ.

-Таны аав 200 гаруй уран бүтээлд бие сэтгэлээ зориулж, дүрээ мөнхөлсөн байна. Энэ бүхнийг бүтээхэд хүч хөдөлмөр, авьяас билэг шаардагдана шүү дээ. Дүртэйгээ хэрхэн ажилладаг байсан тухай та мэдэх үү?

    -Аав минь үнэндээ амрах ч завгүй ажилладаг байсан. Хөдөө орон нутаг руу киноны зураг авалтаар хэдэн сараар явна. Тэгээд хотод байхаараа театраас салдаггүй хүн байлаа. Харин гэртээ байх богинохон хугацаандаа бидэнд цаг зав гаргаж, хоол хийж, гэрээ цэвэрлэчихээд үгээ цээжилдэг байсан юм. Тухайн үед бид нар аавынхаа уран бүтээлийг асууж сонирхдоггүй байж дээ. Аав ч огт ярьдаггүй, ээж ч янз бүрээр шалгаадаггүй байсан санагддаг.  

-Танд аавынх бүтээсэн дүр бүхэн сайхан санагдаж, үзэх бүрд сэтгэл нь баясаж, заримдаа санаж уйлдах байх. Та аль киног нь үзэх дуртай вэ?

    -Тэгэлгүй яах вэ. Би аавынхаа бүтээсэн дүр бүрд хайртай. Гэхдээ “Ирж яваа цаг” киноны Багаяагийн дүрд илүү дуртай. Аав минь яг л тийм хүн байсан. Тэр кинонд аав минь бурхан болохоосоо өмнөхөн тоглосон болохоор сэтгэлд ойр байдаг ч байж магадгүй. Мөн “Ирж яваа цаг” кино үзэгчдийн хүртээл болох үед миний бага охин төрсөн юм. Тэгээд охиндоо тэр кинонд аавын охин болж тоглодог Маралмаа охины нэрийг өгч байсан сайхан түүхтэй. Аавын бие тэр кинонд тоглох үед хямарчихсан, зовиуртай байсан. Аав минь их сайхан дуу хоолойтой  хүн шүү дээ. Олон дүрд дуу оруулсан. Сүүлчийн үед киног нь үзэж дууг нь сонсохоор сэтгэл сонин болж уйлдаг юм.

-Таны аав амьдралд хэрхэн ханддаг ямар зантай хүн байсан бэ?

    -Аав минь дуу цөөтэй, ажилсаг, шогч, хүүхдүүдээ аашилж загнадаггүй. Биднийг буруу зүйл хийсэн бол харцаараа загнадаг байсан. Гаравсүрэн гуай “Аав минь” хэмээх дууныхаа үгийг миний аавд зориулж бичсэн юм шиг санагддаг.

“Хэнд ч нэгэн зангаараа

Хээгүй гүдэсхэн аав минь

Далдхан нуусан хайрандаа

Дандаа өлгийтэй өсгөлөө дөө

            Үггүй зэмлэсэн харцнаас нь

            Үнэний ухаарлыг авлуу даа

            Өөрийнхөө хайранд өлгийдөж

            Өтлөхөд нь жаргааж чадлуу даа” гээд сайхан дуу шүү дээ. Аав, ээж минь биднийг өсгөж, боловсрол эзэмшүүлж, гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн ачтай буянтай хүмүүс. Аав минь тоглолт болон ажилдаа явахаасаа өмнө дандаа хоол хийж үлдээдэг байсан. Аавд хийж чадахгүй ажил гэж байгаагүй. Их сайхан хоол хийдэг байсан шүү. Түүнийг манай дүү нар өвлөсөн гэж боддог. Мөн ангын нийгэмлэгийн гишүүн байсан.  Хөдөө анд яваад ирэхээр нь манайд тарваганы боодог идэх гэж их ирдэг байлаа. Аав минь багаасаа өнчирсөн болохоор ажлын хамт олноо гэр бүлийнхэн шигээ санаж элэгсэг дотно харьцдаг байсан.

-Хүнд аав, ээжтэйгээ өнгөрүүлсэн цаг хугацаа хамгийн сайхан, үнэ цэнтэй байдаг. Та цаг үедээ эргэн очмоор санагддаг вэ?

    -Би цагаан сард дуртай. Аав, ээжтэйгээ цуварч зогсож байгаад золгодог байсан сайхан үедээ очмоор санагдаж байна. Бид олон улсан эмэгтэйчүүдийн баярын өдрөөр аавынхаа хийсэн бинтэй шөлийг идэх гэж тэсэн ядан хүлээдэг, бүр уламжлалтай болсон. Аав минь гуравдугаар сарын 8-ны өдрийг бидэнд бүрэн зориулдаг байсан. Тэр үеэ эргэн дурсахаар бүх баярын ширээ, бидний баярт царай, аавын инээмсэглэл нүдэнд харагдаж байна.

-Та аав, ээжийгээ баярлуулсан гэж боддог уу?

-Аав, ээж минь намайг их сургуулиа төгсөхөд их баярлаж байсан. Тэр үед аав минь "Миний охин сайн багш болоорой гээд" духан дээр үнсэж, баярлаж байсан нь санаанаас гардаггүй юм. 

-Аав, ээж нь та нарыг бүгдийг нь боловсролтой, мэргэжилтэй болгосон байна шүү дээ. Тухайн үед ч амаргүй байсан байх даа?

    -Бид эцэг, эхээс арвуулаа гэж дээр хэлсэн шүү дээ. Гэхдээ нэг эмэгтэй дүү минь багадаа бурхан болсон. Харин бид ес бүгд мэргэжлээрээ ажиллаж, өнөр өтгөн болцгоосон. Л.Бадамгарав эгч маань 1944 онд Улаанбаатар хотод төрсөн. МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Таван хүүхэдтэй. Харин би 1946 он Улаанбаатар хотод төрсөн. УБИС-ийн орос хэл, утга зохиолын ангийг 1969 онд төгссөн. Хоёр охинтой. Харин гурав дахь охиныг нь Л.Төөгөө гэдэг. 1948 онд Улаанбаатар хотод төрсөн. Хөгжим бүжгийн коллежийн ятга хөгжмийн ангийг төгсөөд АДБЧ-д олон жил ажилласан. Нэг хүүтэй. Дөрөв дэх охин нь багадаа бурхан болсон тухай дээр дурдсан. Тав дахь охиныг нь Л.Ичинхорлоо гэдэг. 1953 онд Улаанбаатар хотод төрсөн УБИС-ийн орос хэл, утга зохиолын ангийн төгссөн. Дөрвөн хүүтэй. Зургаа дахь хүүг нь Л.Ядамсүрэн гэдэг. 1955 онд Улаанбаатар хотод төрсөн. Айлын ууган хүү гэсэн үг шүү дээ. МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр  төгссөн. Тагнуулын ерөнхий газар 30 жил ажиллаж гавьяаныхаа амралтад суусан. Хоёр хүүтэй. Долоо дахь хүүг нь Л.Лхамсүрэн гэдэг. 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. АУДС-ийг эрүү нүүрний их эмчээр төгссөн. Хоёр охинтой. Найм дахь хүүг нь Л.Нямсүрэн гэдэг. 1960 онд Улаанбаатар хотод төрсөн. УБДС-ийн кино драмын анги, Ленинград хотод найруулагчийн сургууль төгссөн. Жүжигчин найруулагч мэргэжилтэй. Нэг өргөмөл хүүтэй. Ес дэх хүүг нь Л.Бямбасүрэн гэдэг. 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. ОХУ-ын Эрхүү хотын Уул уурхайн их сургуулийг геодези маркшедрийн мэргэжлээр төгссөн. Нэг хүүтэй. Арав дахь хүүг нь Л.Пүрэвсүрэн гэдэг. 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. МУИС-ийн худалдаа, нягтлан болдогч мэргэжлээр төгссөн. Хоёр хүүтэй. Ингээд бид эрүүл энх элэг бүтэн аав, ээжийнхээ сүүн цагаан мөрөөр ажиллаж, тэтгэвэртээ сууцгаасан.

"Наддаа чи минь нар байлаа, Нартай хамт буцаад явлаа"

-Аавынхаа мэргэжлийг өвлөж, “Тань руу нүүж явна” киноны Дарьсүрэнгийн дүрээр олонд танигдсан жүжигчин бол Л.Нямсүрэн шүү дээ. Та дүүгийнхээ талаар ярьж өгч болох уу?

    -Аав минь Л.Нямсүрэнг жүжигчин болоход нь дуртай байсан. “Сайн жүжигчин болоорой” гэж үргэлж захидаг байлаа. Гэвч дүү минь 42 настайдаа өвчний улмаас бурхан болсон. Тэрээр “Хайр” жүжгийн Цолмонгийн дүр, Алгебрын дэвтэр, Нарс тоссон хос хараацай, Агь ноёны дүрд, Эрх гүнж, “Тань руу нүүж явна” киноны Дарьсүрэн, “Намар нахиалсан мод” киноны Шагдар, “Ховор хүн” киноны тарвагачны дүрд, “Даль хагдрах цаг”, “Цэрэг эрсийн жирийн өдрүүд” киноны Саруулын дүрд тоглож байсан. Дүү минь буржгар хар үстэй, их сэргэлэн, хошин шогийн мэдрэмжтэй хүн байсан. Дүү минь мэргэжилдээ их дуртай хүн байсан шүү. 

-Түүний эхнэр нь "Говийн зэрэглээ” киноны Номингийн дүрд тоглосон Я.Оюунцэцэг шүү дээ. Та бэрийнхээ талаар дурсан яриач?

    -Манай бэр их царайлаг, гоё инээдэг, сайхан зантай эмэгтэй байсан. Манай хүүхдүүд Я.Оюунцэцэгийг бэр болоод удаагүй байхад нь “Оюунаа эгчээ та хэзээ ирэх юм бэ”  гэж утсаар ярьдаг байсан. Тэгэхээр хүүхдүүдийг баясгаж, сайхан харьцдаг байсан нь тодорхой байгаа биз. Бэр маань 1984 онд УБДС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгссөн юм билээ. Тэгээд үзэгчдийн хүртээл болсон "Говийн зэрэглээ" Номин,  "Гарын таван хуруу" Сүрэн, "Мартагдсан дууль" Дуламсүрэн, "Даль хагдрах цагаар" Сүнжид, "Монголжингоо" Нансалмаагийн дүрд тоглож байсан. Дүү минь 34-хэн настайдаа өвчний улмаас бурхан болсон. Эмч нар өвчнийг нь буруу оношилж, эмчилснээс болсон юм билээ. Түүний шарилын чулуун дээр дүү минь "Наддаа чи минь нар байлаа, Нартай хамт буцаад явлаа" гэж бичсэн юм. Тэд хамаатныхаа хүүг өргөж авсан. Хүү нь Эрдэнэт хотод амьдардаг. Би аав, дүү, бэр гурваа “Даль хагдрах цагаар” киноноос харах дуртай. Үнэхээр сайхан хүмүүс байсан шүү. Авъяаслаг гэр бүлийн жүжигчидээрээ үргэлж бахархдаг.

-Таны ээж ямар мэргэжилтэй хүн байв. Хүүхдүүдээ ямар ухаанаар хүмүүжүүлсэн бэ?

    -Миний ээжийг Д.Энэбиш гэдэг. Завхан аймгийн Яруу сумын Улаан хад гэх газар 1926 онд мэндэлсэн. Нягтлан бодогч мэргэжилтэй. Улсын их дэлгүүр, комиссын барааны дэлгүүр, Улаанбаатар зочид буудал зэрэг худалдаа үйлчилгээний байгууллагуудад ажиллаж байсан. 1944 онд аав, ээж минь нэг гэрт орж, арван хүүхэд төрүүлэн энгэртээ тэвэрч, элгэндээ нааж асран тэтгэсээр хүн болгосон ачтан шүү дээ. Ээж минь аливаад тооцоотой ханддаг болоод ч тэр үү арван хүүхдээ биднийг идэх хоол өмсөх хувцсаар дутааж байсангүй дээ. Таван охин, таван хүүгээ өсгөхийн хажуугаар хүний сайн хань гэрийн сайхан эзэгтэй байж манайхыг айл шиг айл байлгасан. Ээж минь аядуу зөөлөн зантай, аавд минь нэг ч удаа гэрийн бараа харахгүй юм гэж гоморхож, чи тэг, ингэ гэж уран бүтээлд нь оролцдоггүй, шүүж тунгаадаггүй байсан. Ээж минь хүүхдүүдээ өсгөхийн хажуугаар ажлаа орхидоггүй байсан. Манай зун зусланд гардаг байв. Ээжийг ажилд явахад нь томчууд бид ээлжээр дагаж яваад өлгийтэй дүүгээ харж, хөхүүлэх цагт нь дөхүүлж өгдөг байсан. Ээж, аавынхаа ач элбэрлийг ингэж хожуу ч гэсэн дурсах сайхан байна.


Л.БУЯНХИШИГ: Аав минь “Ирж яваа цаг” киноны Багаяагийн дүр шигээ сайхан хүн байсан даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-06 11:38:49
    М: Алдартан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-19 13:29:05
    zochin: goe umaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-15 21:14:23
    Zochin: Yamar sn onor ger bul we.Time saihan jujigchin sain ch jujigchin bsan.Bi geltgui er ni bol Mongolin buh ard tumen buh kinonudig ni uzeh durtai bh shu.Irj yawa tsag goe kino shu.garin 5 huru er ni nerled dusahgui e.Saihan humus sain jujigchid mana kinondo dure monhlod ,ur hoich ueinhen ni uzej dursaj yawhim da.Derhen uein kinonud hezed ch huchirahgui ted chawarlag ner ni todrogui batrud /jinhene awyastangud/baisim a.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-15 19:54:36
    Зочин: Үнэхээр амьдралтай үнэн тоголдог жүжигчин байсандаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-15 18:34:21
    Насаа: Бүгдээрээ дээд боловсрол эзэмшсэн юм ямар ч мундаг хүмүүс үү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-15 12:03:28
    Tsend : Мундаг сайн жүжигчин байсан киногийн үзэх дуртай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-15 10:46:05
    Dashhuu: Saihan jujigchin baisaan munadag hvn baijee bi irj yvaa tsag kinog vzeh ih durtai ih saihan aawin dvrd estoi goe togolson ih goe kino shvv aaw shig mini sanagdaad vzeed baimaar kino shvv
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-14 22:15:46
    Б.Амгалан: Буяа багш маань аавтайгаа ав адилхан шүү. Сайхан ярилцлага болжээ. Танд эрүүл энхийг хүсье.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188