• Өнөөдөр 2024-05-10

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ:Гавьяат жүжигчин Б.ТУЯА: Үзэгчдийн алга ташилтаар зүрх сэтгэлээ 40 жил баясгалаа, би жаргалтай байна

2021-06-06,   5315

 Гавьяат маань багаасаа л дуулж, бүжиглэж, нугарах авьяастай, хөдөлгөөнтэй охин байсан гэнэ. Тэрбээр гуравдугаар ангид байхдаа “Би том болоод хайгуулч болно” гэж мөрөөддөг байж

“Цэн цэнгийн алтыг зүүгээд ч би яах вэ дээ

Цэцэг, модоо ургуулаад харж баясах минь дээр биз

Алд алдын торгоор гоёод би яах вэ дээ

Аглаг сайхан алтайн уулсаа шүтэж явах минь дээр биз

Булаг, үнэг, хярсыг зүүгээд ч би яах вэ дээ

Буруу, зөрүү бодолгүй тэгшхэн алхах минь дээр биз

Том, жижиг хүн гэж ялгаад ч би яах вэ дээ

Тааралдсан, танилцсан хүмүүстэйгээ нөхөрлөөд л явах минь дээр биз

Аяга, тагш архинд шунаад ч би яах вэ дээ

Аав, ээжийнхээ нэрийг хайрлаад, бүтэн байлгах минь дээр биз

Энэ яваа амьдралаа голоод ч би яах юм бэ

Элэг бүтэн байгаадаа баярлаж явах минь дээр биз

Болох болохгүйг мөрөөдөж, шунаад ч би яах вэ дээ

Бондгор хөөрхөн үрсээ хараад, жаргаж суух минь дээр биз ээ” хэмээн Монгол Улсын гавьяат жүжигчин Балдандоржийн Туяа өөртөө зориулж бичсэн шүлгээ “Хамаг нууцаа чамд дэлгэлээ шүү” хэмээн уншиж өгсөн юм. Түүний шүлгээс Б.Туяа гэж чухам хэн бэ гэдгийг уншигч та бүхэн болгооно биз. Бид олноо танигдсан хошин урлагийн бондгор Туяа гэх өхөөрдөм нэрээр чихээ баясгаж, түүний бүтээсэн адтай бүжин, янзага, эгдүүтэй, сахилгагүй, гэнэн, томоогүй олон янзын араншинтай хүүхдийн дүрийг нь үзэж, элгээ хөштөл инээж суусан үе саяхан мэт. Хошин урлагийн хатан хэмээн нэрлэгддэг Б.Туяа өдгөө 63 насыг зооглож буй. МУГЖ Б.Туяа гаднаа ширүүн, дориун, ааштай харагддаг ч түүний үг нь үнэн, сэтгэл нь яг л хүүхдийнх шиг цагаахан билээ. Түүнтэй уулзаад ярилцсан хүн бүхэн ингэж хэлэх нь гарцаагүй гэдэгт итгэж байна.

    Мөн түүний хэнд ч хэлдэггүй, дотроо хадгалдаг жинхэнэ мөн чанар бол нэрэлхүү зан юм билээ.Түүний энэ занг би ярилцлагынхаа төгсгөлд мэдсэн юм. Яагаад гэвэл тэр “Би амьдралдаа нэг байшин барьсан хүн. Одоо түүндээ ч амьдардаггүй. Ач, зээгээ  харах нэрийдлээр айлаар л амьдарч байна даа. Би их нэрэлхүү хүн шүү дээ” хэмээн гэр рүү нь оруулж өгөх замд хэлсэн юм.

     Б.Туяа 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. Түүний ижий, аав Говь-Алтай аймгийн улс. Гавьяат маань багаасаа л дуулж, бүжиглэж, нугарах авьяастай, хөдөлгөөнтэй охин байжээ. Тэрбээр гуравдугаар ангид байхдаа “Би том болоод хайгуулч болно” гэж мөрөөддөг байж. Гэтэл ээж нь өхөөрдөөд “Тэгвэл чамд эмээ, ямаа хоёр авч өгөх хэрэгтэй юм байна. Эмээгээр нь хүүхдээ харуулж, ямаагаар нь хүүхдээ угжина биз. Хайгуулчин хүн уул, хаданд яваад завгүй байдаг юм” гэсэн гэдэг. Энэ тухай ярихдаа тэрбээр “Миний ээж ийм л хошин шогийн мэдрэмжтэй, хөгжилтэй, авьяастай, царайлаг, сайхан эмэгтэй байсан юм шүү дээ” хэмээн яриа дэлгэсэн юм.

      Түүний ээжийг Ү.Гүнсмаа гэдэг. Тэрбээр эмч мэргэжилтэй ч олон төрлийн авьяастай, нэхмэл хийдэг, орой бүр хүүхдүүддээ үлгэр уншиж өгдөг, дуулдаг, бүжиглэдэг, нугардаг, шүлэг, үгийн сүлжээ зохиодог авьяас билигтэй нэгэн байжээ. Тэр ч утгаараа охиноо урлагийн хүн болоход нь тусалж, дэмжиж, ойлгодог байж.

     Б.Туяаг ээж нь урлагийн хүн болгож, өөрийнхөө авьяас билгийг өвлүүлсэн гэхэд болно. Б.Туяа “Ээж минь урлагийн мэргэжилтэй байгаагүй ч тухайн үеийнхээ гавьяат байсан юм. Ээжийг минь тухайн үеийн хүмүүс ч тэгж ярьдаг байсан даа. Түүний ээж 50 гаруйхан насандаа бурхан болжээ. Ээж нь бурхан болохоосоо өмнөхөн охиддоо “Ээж нь гурван охиндоо хүүхдээ чирч ирээгүйд нь баярлалаа” гэж хэлж байсан. Энэ үгийг би дандаа бодож явдаг даа. Их бодууштай үг шүү” хэмээн санаашрав. Тэрбээр өөрийгөө ээжтэйгээ адилхан хэмээн ярьсан юм.

     Харин түүний аавыг Ш.Балдандорж гэдэг. 2020 онд 94 наслаад бурхны оронд заларчээ. Жүжигчин Б.Туяа аавынхаа амьдралын сүүлийн он жилүүдэд дэргэд нь байж, асарч, тойглосон юм билээ. Түүний аав жинхэнэ намын гишүүн, Налайхын уурхайд нярав хийдэг байж. Маш зарчимч, цэвэрч нямбай нэгэн байсан гэнэ. Гавьяат маань аавынхаа тухай ярихдаа “Сайхан хүн бурхны оронд очихдоо ч харамсах зүйлгүй, сэтгэл амар сайхан явдаг юм байна. Миний аав инээж байгаад нэг л өдөр унтаад өгсөн. Зүгээр л унтаад өгдөг юм билээ. Аав минь намайг бага залуу байхад өдөр бүр сонин авч, сэдэв бүрийнх нь доогуур тодотгож зураад таван хүүхдийнхээ нэрийг бичиж, биднийг сонин унших сонирхолтой болгож, амарчилж өгдөг байсан. Бид ч аавдаа их эрхэлдэг байж дээ.

Аав минь надад захихдаа “Туяа чи олны дунд амаа мэдэж яваарай. Чамайг олон хүн мэддэг болсон шүү. Хүн битгий ялгаж харилцаарай. Чи нэг үеийн жүжигчдээсээ гарын таван хуруунд багтаж,  гавьяат жүжигчин цол хүртлээ. Үүнээс ч илүү гавьяа хэрэггүй байх шүү, хүү минь” хэлсэн юм даа.

НАЛАЙХЫН СОЁЛЫН ОРДОН ГАВЬЯАТ Б.ТУЯАГИЙН АНХНЫ ТАЙЗ БАЙВ

     Тухайн үед Налайхын хүүхдийн дугуйланг хариуцдаг Э.Нарангэрэл, бүжгийн багш Л.Сүхбат, Ч.Лхагваахүү, хөгжмийн багшаар Өлзийбат ажилладаг байж. Тэдний ачаар жүжигчин Б.Туяа анх тайзан дээр гарч, дуулж, бүжиглэж, нугарч эхэлсэн гэдэг. Тэр үедээ Б.Туяа Налайхын нугараач нэртэй болоод амжсан байна. Түүний ээж Э.Нарангэрэл багштай нь хамт урлагийн хувцас хийж өгөхөөр материал хайтал олдоогүй гэнэ. Тэгэхээр нь автобусны жолоочийн хөшиг гуйж, охиныхоо урлагийн анхны хувцсыг нь оёж өгсөн түүхтэй аж.

ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН Б.ТУЯА НАЙМДУГААР АНГИДАА УРЛАГТ ХӨЛ ТАВЬЖЭЭ

     1974 онд наймдугаар ангид байхдаа “Нэг ангийн хоёр” хэмээх кинонд тоглож, үеийнхэндээ танигдаж, урлагийн амьдралд хөл тавьсан аж. 52 дугаар сургуульд байхдаа маш олон найзтай байж. Ангийнхан нь түүний аравдугаар ангийн дурсамжийн дэвтрийнх нь хуудас бүрд “Мундаг жүжигчин болохыг хүсэн ерөөе” хэмээн сэтгэгдлээ үлдээсэн байх нь тэр ээ.

        Учир нь, тэрбээр наймдугаар ангид сурч байхдаа кинонд тоглосон тэр цагаас хойш жүжигчин болох мөрөөдөлд автаж, ангийнхандаа, сургуулийнхандаа “Жүжигчин болно” хэмээн зарласан нь гарцаагүй байж. Тэрбээр “Үерхэж, нөхөрлөж захиа авдаг насандаа кинонд тоглосон болохоор сургуулийнх нь хөвгүүд Б.Туяад захиа бичиж, “Үерхэе” гэж гуйдаг байжээ. Б.Туяа тэр бүхнийг  тоодоггүй байсан гэнэ.

   

       Харин амьдралынхаа ханьтай яаж учирсан бэ гэвэл, түүний хань Б.Туяаг кинонд тоглосон гэдгийг мэдээгүй байж. Түүний нөхөр зургадугаар сургуульд сурдаг байсан гэнэ. Гэтэл Б.Туяагийн ангийн хөвгүүн түүний нөхөр болох Ц.Цогоотой найзалдаг болохоор ангидаа дагуулж иржээ. Тэр үед Б.Туяа ангийнхаа цонхыг угааж байсан юм билээ.Тэгээд Ц.Цогоо найздаа “Цонх угааж байгаа охинтой танилцъя” гэсэн юм билээ. Тэгэхээр нь Б.Туяагийн ангийн хөвгүүн намайг “Цирк үзэх үү” гэхээр нь “Тэгье” гэж хамт яваад, амьдралынхаа ханьтай учирч, долоон жилийн дараа ханилсан гэгээн түүхтэй аж.

ЭЭЖЭЭРЭЭ 10 КГ БООРЦОГ, 10 ЛИТР БУДААТАЙ ЦАЙ ЧАНУУЛЖ ИРСЭН ТҮҮХ

      Б.Туяа “Нэг ангийн хоёр кинонд тоглосон цагаасаа хойш олон кинонд дуу оруулчихсан, өөрийгөө урлагийн хүн гээд бодчихсон байхдаа 1976 онд кино драмын ангиас хасагдсан гэдэг.  Өөр мэргэжлийн томилолт ирсэн боловч аваагүй. Шалгалт үзэгчдийн  арын суудалд өдөр бүр очиж суудаг болжээ. Тэнд сууж байхад нь С.Сугар, О.Ганбаатар найруулагч жүжиг найруулдаг байжээ. Тэрбээр өдөр болгон хэрэгтэй юм шиг ирнэ. Өдөр нь завсарлахаар жүжигчдийн талх, чихэр, зайрмаг, тамхи гээд захисан бүхэнд гүйдэг байсан гэнэ. Зургадугаар сараас есдүгээр сар хүртэл суусны ачаар жүжигчдийн жүжиглэх арга барилыг харж, үгийг нь цээжилж, гэрлийг нь харж суудаг байж.

    

     Ингэсээр байгаад есөн сар болж хүүхдийн театрынхан бригад явах болжээ. Энэ үед Б.Туяа жүжигчдээ үдэж өгөхөөр урд шөнө нь  ээжээрээ 10 кг гурилаар боорцог хийлгэж, арвын бидонд будаатай цай чануулаад өглөө эрт авчирч, жүжигчдээ цайлуулсан гэнэ. Гэтэл жүжигчид нь явахгүй удаад байхаар нь гайхаад “Та нар яагаад явахгүй байгаа юм бэ” гэхэд нь Н.Мягмар эгчийн хүүхдийнх нь бие муудаад, эмнэлэгт хэвтсэн. Оронд нь хэнийг явуулах вэ гээд хурал хийж байгаа” гэхээр нь тэрбээр ухаан жолоогүй гүйж, Ц.Дамиран даргын өрөөний хаалгыг татаж, гараа оруулаад “Багш аа, би тоглоё” гээд орилчихсон. Гэтэл дарга “Хэн бэ чи”  гэхэд нь айж, сандарч, чичирсэн дуугаар Б.Туяа “Би” гээд өрөөнд нь ортол “Чи юу чадах юм гэхээр нь айсандаа “Бүгдийг нь” гэж хэлсэн гэдэг. Тэгээд л шалгуулаад маргаашаас нь театрын дагалдан жүжигчнээр тайзан дээр гарах эрхтэй болжээ. Хамгийн түрүүнд Төв аймгийн Лүн суманд очиж “Хэнийг явуулах вэ” хэмээх жүжигт тоглосон гэдэг. Б. Туяа 40, 50 хоногийн бригадаар явж ирснээс хойш хошин урлагт дурлаж, амьдралынхаа 40 гаруй жилийг холбосон аж. 

ГАВЬЯАТ Б.ТУЯА СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНД 20-ООД ЖИЛ АМЬДАРЧЭЭ

   

    Б.Туяа бригадаар явж ирчихээд “Инээдэм 76”, “Цуурхал”, “Бөхийн хорхойтон”, “Эрх жаал” зэрэг хөтөлбөрийн үзэгдлүүдэд тоглож эхэлжээ. Ингэхдээ Хүүхдийн театрт байсан Л.Жанчивдорж, Г.Дашхүү, Ардын жүжигчин А.Очирбат, Гавьяат жүжигчин З.Галсанданзан гээд олон сайхан уран бүтээлчтэй хамт тоглож эхэлсэн юм билээ. Тухайн үедээ жижиг биетэй амьтдын дүрд тоглодог байсан боловч 1980-аад оны үеэс арай том болж, Г.Доржсамбуу найруулагч “Хүний санаа” жүжгийн хүүхний дүрийг өгсөн гэдэг.

     1991 оны аравдугаар сард Соёлын төв өргөөний тайзнаа “Монголын нэг өдөр” хэмээх жүжгийг тавьжээ. Тэр цаг үед нийгэм өөрчлөгдсөн, хүмүүс уйтгар гунигтай байх үед хошин урлагийн театрынхан ард түмэнд инээд хөөр, баяр баясгалан, эрч хүч, урам зоригийг уран бүтээлээрээ дамжуулан хүргэж байжээ. Хошин урлаг 1991 оноос өмнө үзэгдэл хэлбэрээр байсан боловч театрын хэмжээнд байж чадаагүй учир Б.Туяа, Н.Батзаяа, Өлзий-Орших, СУИС-ын багш Нараа, Г.Ундармаа, М.Баярмагнай тэргүүтэй 10 орчим хүн хошин урлагийг хөгжүүлж, өргөжүүлжээ.

       Хошин урлаг хөгжиж эхэлсэн цагаас жүжигчид дүрээ бүтээхээс гадна дуулж, бүжиглэж, төрөл бүрийн авьяасаа шавхсан гэхэд болохоор байв. Энэхүү СТӨ-ний тайзнаас “Өнгөт инээд”, “Х-түц” зэрэг хошин урлагийн хамтлагууд ээлж дараалан төрсөн арвин түүхтэй.

ҮЗЭГЧДИЙН ДУНДААС ТӨРСӨН МУГЖ Б.ТУЯА СТӨ-НИЙ ТАЙЗАН ДЭЭР БИЕ ЗАСАХ Ч ЗАВГҮЙ ГҮЙДЭГ БАЙВ

     Б.Туяа амьдралынхаа 20-иод жилийг СТӨ-ний тайзан дээр өнгөрүүлжээ. Г.Батсүх, Л.Чаминчулуун, Н.Батзаяа, Ц.Өлзий-Орших, СУИС-ын багш Нараа, Г.Ундармаа, М.Баярмагнай гээд маш уран бүтээлчид сайн бүтээл гаргах гэж олон шөнийг нойргүй өнгөрүүлсэн гэдэг. Хошин урлагийнхны тоглолтыг үзэж, тэдэнд сэтгэл, зүрхээ өгч, инээж баясаж буй үзэгчид хамгийн сайхан байдаг гэнэ лээ. Б.Туяа СТӨ-ний тайзнаа тоглож байх цаг хугацаандаа үзэгчдийн алаг ташилт, сэтгэл хөдлөлөөс жүжиглэх арга барилаа олж, МУГЖ жүжигчин болжээ. Тэрбээр үзэгчдийн инээдээс өөрийнхөө зөв, бурууг олж, өөрийгөө хэр хэмжээнд яаж тоглож байгаагаа мэдэрдэг байсан тухай ярьсан юм.

     Мөн  Б.Туяа “Үзэгчид миний шүүгч, найруулагч, багш. Тэгэхээр би үзэгчдээс айдаг, тэднийг хүндэлдэг, тэднээс авах ёстой зүйлээ авч, өгөх ёстой зүйлээ өгдөг. Энэ харилцаанаас л би зүрх сэтгэлийн баяр баясгалан, дараагийн ажлын эрч хүч, амьдралын амар амгаланг шүүж авдаг байлаа. Бидний тоглосон жүжгийг хамгийн түрүүнд бидний хүүхдүүд, бидний нөхрүүд үздэг. Тийм ч учраас тэд үзэгчдээс өмнө алдааг минь хэлж, засаж өгдөг. Түүнд нь би баярладаг” гэсэн юм. Б.Туяа жүжигчин магад сэтгэл дундуур тоглолт үзүүлсэн бол заавал түүнээсээ суралцдаг байна. Энэ нь түүний эхэлснээ заавал гүйцээдгийг баталдаг нэгэн зан гэсэн. Тэр хошин урлагийн тайзнаа дахин давтагдашгүй, сод авьяастан билээ.


ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ:Гавьяат жүжигчин Б.ТУЯА: Үзэгчдийн алга ташилтаар зүрх сэтгэлээ 40 жил баясгалаа, би жаргалтай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-19 12:55:03
    Otgoo: Сайхан эгчдээ юу санасан 9 хүсэл нь биелж байхыг ерөөе, та минь маш мундаг сэтгэлтэй, цоглог шүү, бас хайртай шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-02 11:57:57
    Aagii: Nutgiin mundag goy jvjigchin egchdee amjilt hvsie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-02 09:12:30
    зочин: хөөрхөншдээ миний хайртай жүжигчин
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-01 21:41:52
    dolgoon: Egchdee hairtai shuu ohin duu amarmaagiin chin huuhdees
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-01 21:10:55
    Сараа: Цайлган цагаахан сэтгэлтэй Цоглог дайчин багшдаа баярын өдрийн гал халуун мэндийг хүргэж уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсье...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-01 13:48:34
    Ард: Миний л мэдэхэд Туяа бсн!амжилт .
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188