М.Пүрэвсамбуу гуай 45 жилийн өмнө хорвоо дээр нэгэн амь мэндлэхэд уйлж, инээж, баярлаж, аз жаргалыг мэдэрч байжээ. Тэрбээр өнөөдрийг хүртэл тэр өдөр мэдэрсэн мэдрэмжээ орхилгүй, бусдын сайн сайхны төлөө гэрэлтсээр байгаа "хүйн ээж". Амьдралынхаа үлдсэн хугацааг яг л энэ замналаар өнгөрүүлж, олон ээжийн жаргал, зовлонг хуваалцаж, бүүвэйн дууг нь сэтгэлдээ хамт аялах нь гарцаагүй. Хорвоод хүн болох гэж ирсэн бяцхан үрсийг өлгийдөж, айл бүрт аз жаргал, гэрэл гэгээ түгээдэг Маамуугийн Пүрэвсамбуу гуай өдгөө 70 настай ч Завхан аймгийн Тосонцэнгэл суманд “Нандинсоёл” хэмээх хувийнхаа эмнэлэгт эмэгтэйчүүдийг үзэж, тэдэнд зөвлөгөө, мэдээлэл өгсөөр байгаа аж.
М.Пүрэвсамбуу эмчийг таньж мэддэг хэн бүхэн хүний төлөө төрсөн хувьтай, гавьяатай нэгэн хэмээн ам уралдан ярьдаг аж. Түүний нөр их хөдөлмөрийг төр засаг хэдхэн хоногийн өмнө өндрөөр үнэлж, Хүний гавьяат эмч цолоор шагнаж, хийсэн бүтээсэн ажил, хөдөлмөр, бусдын төлөө гэх сүүн цагаан сэтгэлийг нь энэ он цагтай хамт ард олны зүрх сэтгэлд тамгалсан юм.
Тэрбээр 1951 онд Завхан аймгийн Сонгино сумын нутаг, хөшөө чулуу гэдэг газар малчин ард Маамуугийн гурав дахь хүү болон мэндэлжээ. Улмаар 1960-1964 онд Сонгино сумын бага сургууль, 1965-1971 онд Тосонцэнгэл сумын 10 жилийн дунд сургууль, 1971-1976 онд Анагаах Ухааны дээд сургуулийн Эрүүл ахуйн ангийг дүүргэж эмч мэргэжилтэй болсон байна.
Малчин айлын хүүхэд учраас малын эмч болох мөрөөдөлтэй байсан гэнэ. Гэтэл түүнийг Улаанбаатар хотод мэргэжил эзэмшихээр ирэхэд хамаатны хөгшин нь “Малын эмч болсноос хүний эмч болсон нь сайхан шүү, хүү минь” гэсэн юм билээ.Тэр хөгшний хэлсэн үг түүний сэтгэлд асаж, өнөөдрийн Хүний гавьяат эмч М.Пүрэвсамбууг "урлажээ"
М.Пүрэвсамбуу гуай ажил хөдөлмөрийн гараагаа тухайн үеийн Булнай сум буюу одоогийн Тосонцэнгэл сумаас эхэлж, 1976-1981 онд тус сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчээр, 1981-2001 онд Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр, 2001-2013 онд Улаанбаатар хотноо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барих эмэгтэйчүүдийн клиникт эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан аж.
Түүнээс биш гавьяат болно. "Гавьяат эмч болох юм сан" чинээ бодож, мөрөөдөж явсан үе түүнд үгүй гэнэ лээ. Зөвхөн л урдах ажлаа хийж, тасралтгүй дуудлагаар хүний амь аврахаар явдаг байсан тухайгаа л бидэнд хуучилж байлаа. М.Пүрэвсамбуу гуай ярихдаа “ЭХЭМҮТ-ийн эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байхдаа ихийг сурч, бойжиж, хүмүүжсэн. Тийм учраас би Хүний гавьяат эмч хэмээх эрхэм цолоор энгэрээ мялааж, хүний төлөө ажилласан он цагаа эргэн дурсаж сууна. Сайхан байна” хэмээсэн юм. Тэрбээр өөрийн хөдөлмөр бүтээлийнхээ идэвхтэй он жилүүдэд ажиллаж, гал голомтоо бадрааж байсан Тосонцэнгэл сумандаа шилжин ирж суурьшаад, сумынхаа Нэгдсэн эмнэлэгт эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмчээр 2013-2018 он хүртэл ажиллажээ.
Түүний олон жилийн хөдөлмөр гавьяаг төр засгаас үнэлж, Эрүүлийг хамгаалах яамны баярын бичиг, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медаль, Эрүүлийг хамгаалахын 90 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж, сая тэрбээр Хүний гавьяат эмч боллоо.
Тэрбээр Эрүүл мэндийн манаанд ажиллах хугацаандаа 10 мянга гаруй эхийг эсэн мэнд амаржуулж, мөн тооны хүүхдийг эх барьж, айл гэрт аз жаргал нэмж, “хүйн ээж” хэмээн нэрийдүүлэх азтай, хувь тавиландаа талархан суудаг байна. Хөдөө, малчин айлд, лааны гэрэлд авдрыг нь зэрэгцүүлэн тавьж мэс ажилбарын ор болгон бэлтгээд, яаралтай хийсвэр хагалгаа хийн эх, хүүхдийн амийг аварч байсан гавьяаг нутгийн зон олон нь домог шиг дурсах нь бий.
Одоогоор түүний санаанд орж байгаагаар малчин айлд таван удаа машины гэрэлд төрөх эхэд хагалгаа хийсэн гэнэ. Мөн эмэгтэйчүүдийн хоргүй хавдар, уйланхай авах, хагалгаагаар төрүүлэх зэрэг эмнэлгийн орчинд гурван мянга гаруй хагалгаанд оржээ. Тэр эмэгтэйчүүдийн эмч хүний хувьд мэдлэг, туршлагатай, хүнтэй сайхан харьцдаг, гарын ур дүй сайтай байхыг зарчим болгож ажилладаг байж. Мөн өдөр бүр суралцаж, хүнд, хэцүү мөчтэй тулгарах бүрдээ ном уншиж, өөрийгөө цэнэглэж, эрч хүч, урам зориг авдаг гэнэ шүү. Одоо ч энэ янзаараа.
1970, 1980-аад оны үед хөдөө орон нутагт эмчээр ажиллах маш хэцүү байжээ. Тухайлбал, модон чагнуураар ургийн зүрхний цохилтыг мэдэрч, хэдэн сартай жирэмсэн бэ гэдгийг гараараа дарж мэддэг байж. Тэрбээр “Эсэн мэнд эхийг төрүүлнэ гэдэг их сайхан. Энэ л үед би болон бусад эмч нар баярладаг. Гэвч нөгөө талаар хүүхэд эндэх, бие муудах, бүтэх олон янзын бэрхшээл бий. Төрөх эмэгтэй өшиглөж байгааг мэдэрдэггүй тийм их өвддөг болохоор яг л өөрийнхөө үр хүүхэдтэй адил бодож, сайхан харьцахыг хичээдэг. Бусад эмч нартаа ч захидаг юм. Төрөхийн өвдөлт гэдэг айхтар шүү. “Гэдсийг нь хутгаар зүсэж буй мэт болдог” гэсэн. Тийм учраас би төрөх эмэгтэйчүүдийг сэтгэл санаагаар дэмжиж, аав шиг, ах шиг нь хандаж, эрүүл саруул төрүүлэх юм сан гэж сэтгэлээ чилээдэг. Сая л нэг эх төрж, хүүхэд уйлахад сэтгэл амсхийж, сайхан болдог доо. Аврал эрсэн хэн бүхэнд өнөөдрийг хүртэл чадлынхаа хэрээр тусалж, дэмжиж байгаадаа баярлах сэтгэл төрж байна. Хүний гавьяат эмч цолыг хүсэж биш, хийж бүтээж, ажилдаа амьдралаа зориулан байж авлаа” хэмээн баярласан сэтгэлээ илэрхийлсэн юм.
Түүнийг "Амьдрал одоо л сайхан болох нь, ажилдаа ч гаршлаа, хэдэн хүүхэд минь эрүүл саруул өсөж байна. Залуу насыг эдэлсэн шиг эдэллээ. Тавин нас хүрлээ дээ" хэмээн амьсгаа аваад удаагүй байхад хань нь энэ хорвоог үүрд орхижээ. М.Пүрэвсамбуу нь 1978 онд гэр бүл зохиож гал голомтоо бадраан, ханийнхаа хамт хоёр охинтойгоо аз жаргал дүүрэн гэр бүлийг цогцлоон амьдарч байсан аж. Түүний эхнэр 2000 онд хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзжээ. Гэсэн ч хорвоогийн хүнд хүчрээс няцалгүй, эмчийн өргөсөн тангарагтай үнэнч байж, хамт олон, нутаг орон ард иргэдийнхээ хайр итгэлийг хүлээн тэр зүтгэсээр буй. Тэрбээр өдгөө зургаан ач, зээгийн өвөө болж, хүний төлөө зүтгэсээр явна.
Хүний гавьяат эмч М.ПҮРЭВСАМБУУ: Би 10 мянга гаруй хүүхдээр “ХҮЙН ЭЭЖ" хэмээн дуудуулах азтай хүн |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |