• Өнөөдөр 2024-05-10

Гавьяат барилгачин Л.ЭРДЭНЭЧИМЭГ: "Ямар сайхан юм бэ, би энэ барилгыг барьсан шүү дээ" гэх бахархал өөрийн эрхгүй төрж, уйлмаар байна

2021-05-27,   4931

-Нэг гараараа тоосго өрж, нөгөө гараараа хөлсөө арчиж зогсохдоо гавьяат барилгачин болно чинээ бодож үзээгүй балчирхан би. Өөрт ногдсон ажлаа гүйцэтгэл сайтай хийж, хамт олондоо магтуулж, цалингаа бүтэн авахын төлөө ажилладаг байснаас цаашгүй-

      Монгол Улсын гавьяат барилгачин Ламжавын Эрдэнэчимэг Увс аймгийн Сагил суманд наймдугаар ангиа төгсчихөөд, Улаанбаатар хот үзэх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн их хотыг зорьжээ. Тэрбээр хот үзчихээд нутаг буцах бодолтой байсан ч "Улаанбаатар хот түүнийг явуулсангүй". 18 настай охин  барилгын техникум төгссөн даруйдаа их бүтээн байгуулалтын ажилд ханцуй шамлан зүтгэж, өглөө бүр амьдралынхаа, ажлынхаа тоосгыг өрөхөөр гэрээсээ яаран гардаг болжээ.

      Л.Эрдэнэчимэг хорвоогийн халуунд халж, хүйтэнд хөрж, мандахын улаан нарнаас жаргахын улаан нар хүртэл борви бохис хийлгүй 42 жилийн турш зүтгэсээр, тэвчсээр, барьж бүтээсээр өдгөө  гавьяат барилгачин боллоо. Өрөгчийн ажлаас ажлын гараагаа эхлүүлсэн түүний амьдрал дардан байгаагүй биз. Тэр 42 жил даарч, халууцаж, цангаж, ядарч, нэг өдөр гуниглаж, шантарч, нөгөө өдөр нь инээж тоосгоо өрсөн нь гарцаагүй. Гэхдээ тэр өнгөрсөн хугацаанд нэг ч удаа “Бие өвдлөө, ядарлаа, хүнд, хэцүү ажил хийлээ" гэж ялархалгүй, барилгачны жаргал, зовлонг ялгалгүй, эн тэнцүүхэн туулсан дайчин нэгэн. Өрөгчийн ажлаас амьдралын сайхныг мэдэрч, амьдралын төлөө, бусдын төлөө зүтгэж эхэлсэн тэртээ 1978 оноос түүний ажил, амьдралын арвин түүх ундардаг юм аа.

Тоосго өрөгчөөс гавьяат барилгачин болсон энэ цагийн баатар

    Л.Эрдэнэчимэг 1978 онд цэл залуухан 18 настайдаа “Барилгачин” хэмээх

“...Хүүхдийн цэцэрлэг

Хүнсний зах

Хүн эмнэлэг

Хүүхэлдэйн театр

Баяраа үүнийг барьсан юм

Багахан энэ хотыг байгуулсан юм”  шүлгийн Баяраагийн дүрээр ажиллаж эхэлсэн юм.Тэрбээр УНТЭ, ЭХЭМҮТ, төмөр бетон завод, томоохон хотхон, худалдаа үйлчилгээний төв, цэцэрлэг, сургууль, социализмийн үеийн бүхий л барилгыг барьж, өдгөө ч бидний ажилладаг, амьдардаг, эмчлүүлдэг, амардаг, үйлчлүүлдэг олон байшинг сүндэрлүүлжээ. Харин 2000 оноос хойш “Жигүүр гранд” группийн арматурын бригадын даргаар ажиллаж буй. Тус байгууллагад ажилласан цагаас хойш хаана, хэзээ, ямар барилга барьснаа мартахад хүрч, олон бүтээн байгуулалтын эзэн болжээ.

           Гавьяат барилгачин Л.Эрдэнэчимэг  баярын сэтгэгдлээ хуваалцаж суухдаа “Би 42 жилийн турш барилгын салбарт халуун сэтгэл, хүч хөдөлмөрөө зориуллаа. Барилгын ажлыг хүмүүс хүнд, хэцүү ажил хэмээн хүлээж авдаг. Арга ч үгүй биз дээ. Гэхдээ миний хувьд тийм ч хүнд, хэцүү байсангүй ээ. Би хичээсэн, зүтгэсэн, эцэст нь чадлаа гэж бодож сууна. Би ажилдаа хариуцлагатай хандаж, сэтгэл зүрхээ зориулдаг байсан болохоор гавьяат барилгачин боллоо.

      "Ямар сайхан юм бэ, Би энэ барилгыг барьсан шүү дээ" гэх бахархал өөрийн эрхгүй төрж, догдлоод байна. Анх барилгачин болж байсан үе нүдэнд харагдаж, сэтгэл хөдөлж, уйлмаар ч болж байх шиг. Миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан мөч өнөөдөр /өчигдөр/ байлаа. Гэнэтийн болоод ч тэр үү, мэдэхгүй. Нэг гараараа тоосго өрж, нөгөө гараараа хөлсөө арчиж зогсохдоо гавьяат барилгачин болно чинээ бодож үзээгүй балчирхан би. Өөрт ногдсон ажлаа гүйцэтгэл сайтай хийж, хамт олондоо магтуулж, цалингаа бүтэн авахын төлөө ажилладаг байснаас цаашгүй.

     Миний аав надад хэлэхдээ “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг шүү охин минь. Нэгэнт барилга, бүтээн байгуулалтын ажил сонгосон бол хичээж л яваарай. “Тэгж чадвал олныг их баярлуулна даа”  гэдэг байсан. Би ажлаа хийж байхдаа, гэр рүүгээ алхахдаа ижий, аавынхаа тухай бодож, хэлсэн, захисан үгийг нь өдгөө ч санадаг. Тийм ч учраас би өнөөдөр амьдралд хөл алдаж, хоосон хонолгүй, бүтэн нойртой явна” хэмээн сэтгэл тэнүүн, жаргал дүүрэн ярьсан юм.

Л.Эрдэнэчимэг аавдаа 180 төгрөгийн монгол гутал авч байжээ

     1970, 1980 оны барилгачид 150-500 төгрөгийн цалин авдаг байж. Л.Эрдэнэчимэг 1500 км-ын цаана Увс аймгийн Сагил суманд аж төрөх ижий, аавдаа анхныхаа цалингаар бэлэг барьж чадаагүй ч амралтаараа гэртээ харихдаа аавдаа 180 төгрөгийн монгол гутал авч байсан сайхан дурсамжжаа сая, эргэн санаж дурслаа. Тэрбээр гавьяат болсон баярын өдрөө 40, 50 жилийн өмнөх мартах дөхсөн, мартсан, үргэлж сэтгэлд нь уяатай байдаг олон сайхан дурсамжаа санагалзаж, сэтгэл нь уярч сууна. Тэр өчигдөр хамгийн жаргалтай нэгэн байсан юм. Ярих болгонд түүний харц нь гэрэлтэж, нүд нь нулимсаар дүүрч, энгэр дэх гавьяатын тэмдэг рүүгээ итгэж ядан байн байн харж суусан юм. 

Тэр амьдралын ханьтайгаа барилгын талбай дээр учирчээ

       Гавьяат барилгачин Л.Эрдэнэчимэгийн ханийг Хүрэл-Эрдэнэ гэдэг байсан. Хоёул барилгын салбараас хувь заяагаа холбож, амьдралаа босгож, гурван хүүхдийн ижий, аав болсон аж. Л.Эрдэнэчимэг ханийхаа тухай дурсахдаа “Миний хань хүнд өвчний улмаас бурхан болсон. Хань минь бурхны орноос намайгаа харж, гавьяат болсныг минь мэдээд надаас ч илүү баярлаж байгаа даа. Баярласан сэтгэлээ надад ирээд хэлэхгүй ч би зүрх, сэтгэлээрээ мэдэрч байна” хэмээсэн юм.

      Түүний охин Х.Золзаяа “Миний ээж маш хөдөлмөрч, тууштай, шударга зантай нэгэн. Бид гурав аав, ээжийгээ эд завгүй үед нь өсөж, торнисон. Ээж минь өнөөдөр ч завгүй хэвээрээ. Манайх ням гарагт халуун ам бүлээрээ сууж оройн хоолоо иддэг байсан. Бусад цаг үед ижий, аав завгүй, дандаа оройтдог байлаа. Тэр үед ээж минь “Та нарыг сайн хүн болгохын төлөө ээж нь завгүй ажиллаж байна” гэж хэлдэг байж билээ. Би ээжийгээ Монгол Улсын гавьяат барилгачин цол хүртсэнд маш их баярлаж байна. Яах аргагүй миний ээжийн авах ёстой шагнал. Барилгын салбарт 42 жил халуун сэтгэлээ зориулж, нойр, хоолоо хасаж явсныг нь нүдээрээ харсан хүний хувьд бид ингэж хэлж чадна. Намайг төрөөгүй байхад ч ажилдаа зүтгэж байсан. Намайг төрүүлснээсээ хойш ч зүтгэсэн хэвээрээ байна” гэсэн юм.

      Харин түүний бага хүү ээжийг нь  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагнал гардаж авах үед нь “Жигүүр гранд” группийн арматурчин Ламжавын Эрдэнэчимэгийг Монгол Улсын гавьяат барилгачин цолоор шагналаа” хэмээн дуудахыг телевизээр үзэж, сонсоод сэтгэл нь хөдөлж, уйлсан гэнэ. Энэ тухайгаа ярьж суухдаа гавьяатын хүү одоо ч гэсэн үес, үес уйлчих гээд, ээжийгээ дахин, дахин үнсмээр санагдах юм” хэмээн ярьж суулаа. 

      Л.Эрдэнэчимэг гавьяатынх халуун ам бүлээрээ жаргалтай, өнгөрсөн 42 жилийн амьдралаа, цаашид бүтээх их үйлсээ ярьж, баяр хүргэх гэсэн зон олны хөлд дарагдаж байх үед нь бид тэднийхээс хөдлөв. Баярын ширээний ард Л.Эрдэнэчимэг гавьяатын тэмдэгээ хэдэнтээ тэмтэрч, бахдал дүүрэн биднийг үдлээ. Түүний амьдралын 42 жилийн хөлс хүч, хөдөлмөр "Гавьяат" гэх ганцхан үгээр бүр илүү өнгө нэмжээ. 


Гавьяат барилгачин Л.ЭРДЭНЭЧИМЭГ: "Ямар сайхан юм бэ, би энэ барилгыг барьсан шүү дээ" гэх бахархал өөрийн эрхгүй төрж, уйлмаар байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-28 22:38:58
    Зочин: Барилгачин бүсгүй ёстой сайхан байна.Олон олон барилгачин залуус минь их хотыг хөдөө орон нутгийг барилгажуулж ёстой халуунд ч хүйтэнд ч ажралгүй гадаа ажиллаж бүтээсээр байдаг мундаг хүмүүс. Эд нар харин хамгийн олоноороо гавьяа шагнал авах хүмүүсдээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-28 12:32:41
    Зочин: Баяр хүргэe.Сайхан гэр бүлд нь эрүүл энх,сайн сайхан бүхнийг хүсьe.Та чадсан шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-28 07:44:10
    Ариунаа: Баяр хүргэж эрүүл энх аз жаргалыг хүсье.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188