• Өнөөдөр 2024-05-09

Гавьяат сувилагч Д.АМААСҮРЭН: Би лааны гэрэлд хагалгаа хийж байлаа

2021-05-21,   1330

       Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан цол хүртээд удаагүй байгаа Д.Амаасүрэн сувилагч Говь-Алтай аймгийн 19 сум, хоёр тосгонд аж төрөн суугаа 57700 гаруй иргэний амь нас, эрүүл мэндийн төлөө 40 жил ажиллажээ. Жижүүрийн сувилагчаас ажлын гараагаа эхлүүлсэн тэрбээр хагалгааны сувилагч болж байсан түүхийг уншигч танд хүргэх гэж байна. Сувилагчаар ажиллаад удаагүй байх эхний он жилүүддээ малчин айлд лааны гэрэл, машины гэрэлд эх барьж, мэс засал хийж байжээ. Ийнхүү "алтан" гартай, олны төлөө гэсэн сүүн цагаан сэтгэлтэй Говь-Алтай аймгийн мэс заслын сувилагч асан Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан Д.Амаасүрэнтэй ярилцлаа.

-Та 40 жил мэс заслын сувилагчаар ажиллажээ. Дуудлагад явахад цаг агаарын нөхцөл байдлаас эхлээд л олон бэрхшээл тулгардаг байсан байх, тийм үү?

     -Манай аймаг 19 сум, хоёр тосгонтой. Дуудлагад явдаг байхдаа нэг сумаас нөгөө рүү дуудагдаад л жолоочтойгоо чөлөө завгүй давхидаг байлаа. Тэр үед цас, шуурга, үер устай таарах үе бишгүй дээ. Цасанд суучихаараа жолоочтойгоо элбэж, цасаа ухна, эмнэлгийн хэрэгслээ үүрээд айл руу гүйх үе ч бий. Хэний ч мэдэхгүй, ойлгохгүй зовлон их бий. Би 30 гаруй жил 300-аад дуудлагад явсан байна лээ. Намайг сувилагч болоод удаагүй байхад дуудлага өгсөн айл бүрд очиж эмнэлгийн түргэн тусламж үзүүлж, хагалгаа хийдэг байсан. Би малчин айлд эх барьж, лааны гэрэл, машины гэрэлд хагалгаа хийдэг байлаа. Тийм орчин нөхцөлд эмчилгээ, хагалгаа хийхэд эмч, сувилагчийн ур чадвар их чухал юм шиг санагддаг.

-Та мэс заслын сувилагчаар 40 жил ажиллахдаа ямар зарчим баримталж ажилладаг байв?

     -Хагалгааны тасгийн сувилагч ур чадвартай, сайхан сэтгэлтэй,орчлонгийн дөрвөн зүг найман зохис руу харж, ухаанаа тэлж ажиллах ёстой байдаг. Би ажлаа дурлаж хийдэг байсан болохоор амьдралынхаа 40 жилийг эмнэлгийн салбарт, хүн сувилж, асарч өнгөрүүлсэн юм шүү дээ. Одоо гавьяаныхаа амралтад гараад сэтгэл тэнэгэр сууж байна. Мөн ажлын хамт олон, төр засаг миний хөдөлмөрийг үнэлж, Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан цолоор шагналаа. Хүн ганцаараа амжилтад хүрнэ гэж хэзээ ч байдаггүй юм. Надад тусалж, дэмжиж байсан ажлын хамт олондоо маш их баярлаж байгаа.

-Та сувилагч болох хүсэл мөрөөдөлдөө "шатаж", өөрийгөө их дайчилдаг байв уу?

     -Би аравдугаар ангиа төгсөөд ХААИС-д малын эмчээр суралцах хүсэлтэй шалгалт өгсөн боловч тэнцээгүй.Манай нагац эгч сувилагч болохыг зөвлөж, Анагаах ухааны их сургуульд орж байлаа. Тэгээд сургуулиа төгсөөд Говь-Алтай аймагт ирж, жижүүрийн сувилагчаас хагалгааны сувилагч хүртэл ажилласан даа маш их баярлаж явдаг даа.

-Та 20-оод насандаа  хүн сувилж, асарсан байна шүү дээ. Тухайн үед эмнэлгийн хамт олон болон хэвтэн эмчлүүлж буй иргэд хэрхэн ханддаг байсан бэ?

     -Би 21 насандаа Говь-Алтай аймгийн жижүүрийн сувилагчаар ажлын гараагаа эхэлж байсан. Тухайн үед би эмнэлгийнхээ хамгийн залуу ажилтан байлаа. Манай эмнэлгийн эмч, сувилагч нар надтай миний ээж шиг, эгч шиг хандаж, ихийг зааж сургасан. Би хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүстэй эгч, дүү шиг л харьцдаг байлаа. Ээлжийн жижүүрээр ажиллаж байхад хүмүүс намайг “За, нөгөө охин өнөөдөр гарна шүү дээ” гэж эелдгээр хүлээж авахад нь  би өөрөөрөө бахархдаг байсан шүү. Хүмүүсийн хүндлэлийг хүлээж, илүү хариуцлагатай  ажиллах хэрэгтэй юм шиг санагддаг. Эмч нар ч “Чи чадаж байна. Сайн байна” гэж их урамшуулахад нь хүүхэд байсан болохоор их баярладаг байлаа.  Ажил ороод эхний хэдэн жил хагалгаанд орсон хүмүүсийг асарч байхдаа айдаг байсан. Сүүлд нь хоног хоногоор айдас арилж, хүн эдгэрээд эмнэлгээс гарах бүрд эрч хүчтэй болж, ажлаараа, хамт олноороо бахархдаг болсон.

-Та асарч, сувилсан хүмүүсээ эдгэрээд, эмнэлгээс гарахад нь баярлаж, ажлын эрч хүч авдаг байсан гэлээ. Зарим тохиолдолд таагүй зүйл болно шүү дээ. Тэр үед та өөрийгөө яаж тайтгаруулдаг  байв?

     -Тэр үед сэтгэл маш ихээр өвддөг. Эдгээхийн төлөө асарч, сувилж байсан хүн гэнэт бурхан болчихоор би юу ч хийж чадаагүй ч юм шиг санагдах үе бий. Гэхдээ бүгдийг эдгээхийн төлөө зүтгэсэн юм шүү дээ гэж л өөрийгөө тайтгаруулдаг. Мөн амьдрах итгэл найдваргүй хүмүүс бие нь тэнхэрч, өнөөдөр ч амьдарч байгаа.  Тухайлбал, миний сувилж байсан 60 гаруй настай эмэгтэй хагалгаанд орчихоод, бие нь тааруу, бараг найдваргүй гээд сум руугаа буцаж байсан. Би асарч, тариаг нь хийдэг байсан болохоор хойноос нь үргэлж сурагладаг байлаа. Гэтэл түүний бие нь  дээрдэж өдгөө 80 гаруй насалж байна. Энэ мэт хүний бие тэнхэрч, дээрдсэн  гэдгийг сонсохоор өөрийн эрхгүй баярлаж “Би чадна, би бусдыг заавал эмчлэх ёстой" гэсэн итгэл төрдөг байсан юм даа.

-Таныг сувилагч мэргэжилтэй болоход гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

     -Манай ээж, аав намайг их дэмждэг байсан. “Манайх эмчийн удамтай, миний охин сайн ажиллаарай. Чин сэтгэлээсээ ажилдаа хандаарай” гэж хэлдэг байлаа. Би залуу сувилагч нарт “Хэнээр ч хэлүүлэхгүйгээр ажилдаа үнэнч хандаж бай” гэж аав, ээжийнхээ захиасыг уламжилдаг байсан.

-Сувилагч хүнд хандлага их чухал байдаг юм шиг санагддаг. Эмчгүйгээр сувилагчийг, сувилагчгүйгээр эмчийг зүйрлэх аргагүй байх аа?

    -Хагалгааны мэс заслыг эмч бүхэн хийж чадахгүй, хэцүү ажил. Ялангуяа хагалгааны сувилагч эмчийн баруун гар л гэсэн үг. Хагалгааны сувилагчаас бүх зүйл шалтгаалдаг. Эмнэлгийн багаж хэрэгсэл бэлэн байх, ариун байх, өвчтөний сэтгэл зүй ямар байх нь сувилагчаас шалтгаалдаг. Эмчгүйгээр сувилагчийг зүйрлэх аргагүй ээ. Сувилагч л эмнэлгийн бүх ажлыг гардаж хийдэг юм даа.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.

     -Баярлалаа. 


Гавьяат сувилагч Д.АМААСҮРЭН: Би лааны гэрэлд хагалгаа хийж байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-22 07:31:15
    М.Цэрэнтогтох: Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг , хөдөлмөрч хүндээ.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188