• Өнөөдөр 2024-05-10

Гавьяат ажилтан Д.ДУЛАМСҮРЭН: Ажилд ороод удаагүй байхад залуухан бүсгүй миний өвөр дээр бурхан болсон. Би түүнийг одоо ч мартаж чаддаггүй

2021-05-17,   5001

 -Эмчилж болохгүй өвчин байхад сувилж болохгүй зүйл гэж байхгүй-

     Манай улс Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан цолтой хоёрхон сувилагчтай байсан юм. Харин энэ сарын 14-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан цолоор таван сувилагчийг шагнаж, тэдний эрүүл мэндийн салбарт сэтгэл зүрхээ зориулж олон жил ажилласан алдар гавьяаг нь үнэлсэн билээ.Түүний нэг бол Хавдар судлалын үндэсний төвийн сувилахуйн албаны дарга асан Д.Дуламсүрэн юм. Тэрбээр “Би Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан цол хүртсэндээ маш баяртай байна. Энэ шагнал бол эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 13 мянга гаруй сувилагчийн шагнал болохоор бахархахгүй байхын аргагүй. Энэ түүхийн гэрч болж үлдэж байгаадаа маш их бахархсан. Энэ бол миний ажлын хамт олны хүч” хэмээн баярласан сэтгэлээ хуваалцлаа. ХСҮТ-д 41 жил сувилагчаар ажилласан Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан Д.Дуламсүрэнтэй ярилцснаа хүргэе.

-Та ХСҮТ-д 41 жил сувилагчаар ажиллажээ. Ээлжийн сувилагчаас Сувилахуйн албаны дарга болсон дурсамжаасаа хуваалцахгүй юу?

      -Би 2020 оны сүүлчээр тэтгэвэрт гарсан. 1980 онд сургуулиа төгсөөд ХСҮТ-ийг “Цацраг туяа” нэртэй байхад нь мэс заслын тасгийн ээлжийн сувилагчаас ажлын гараагаа эхлүүлсэн. Түүнээс хойш боолтын сувилагч, ерөнхий мэс заслын ахлах сувилагчаар найман жил ажилласан. 1995 оноос ХСҮТ-ийн ерөнхий сувилагч, Сувилахуйн албаны даргаар ажилласан түүхтэй. Намайг анх ажилд ороход манай эмнэлэг 20 орчим сувилагчтай, туяа, мэс засал, эмэгтэйчүүдийн мэс заслын тасагтай, 100-аад ортой байсан. 1982 онд “Цацраг туяа” эмнэлэг нүүж, ХСҮТ нэртэй болж, шинэ байранд орсон. Тэр цагаас хойш олон эмч, сувилагчийг ажилд авч, өргөжиж эхэлсэн дээ. Өдгөө 208 ор, 500-аад эмч, ажилтантай, 11 тасаг, 17 албатай эмчилгээ, оношилгооны шинэ тусламж үзүүлдэг үндэсний ХСҮТ боллоо. 1999 оны арваннэгдүгээр сард манай эмнэлэг сувилахуйн албатай болж байв. Манай эмнэлгийн туршлагыг судалж маш олон эмнэлэг сувилахуйн албатай болж байсан  юм даа.

-Эмэгтэй хүүхдүүд багадаа эмч болохыг мөрөөдөж, эмч болж тоглодог шүү дээ. Та ч бас багадаа ийм мөрөөдөлтэй байсан уу?

     -Би багадаа хуульч юм уу багш болно гэж боддог байлаа. Ээж маань намайг бага ангид байхад өвчний улмаас бурхан болсон юм. Тэр цагаас хойш эмч юм уу, сувилагч болж, ээж шиг ээ хүмүүст заавал тусална гэж мөрөөддөг болсон. Тийм ч учраас хүсэл, мөрөөдлөө биелүүлж сувилагчаар 41 жил ажиллалаа. Би мөрөөдлөө биелүүлсэн гэж боддог доо.

-Шинэхэн сувилагчид ямар хүндрэл бэрхшээл тулгарч байв. Түүнийг хэрхэн даван туулдаг байсан талаараа хуучлахгүй юу?

     -Сувилагч болчихоод хоёр дахь ээлжинд гарч байхад залуухан эмэгтэй хөхний хорт хавдраар нас барсан юм. Тухайн үед өвчтөн “Газар хэвтмээр байна” гээд амьсгалж чадахгүй байхаар нь газар хөлөө жийж суугаад өвөр дээрээ автал амьсгал хураачихсан. Тухайн үед би маш их айж, уйлж, эмчдээ загнуулж байсан.

Тэгээд маргааш өглөө нь жижүүрээсээ бууж, аав дээрээ очоод “Шөнө миний өвөр дээр нэг өвчтөн нас барчихсан. Би маш их айсан, энэ ажлыг хийж чадахгүй юм байна” гээд уйлсан. Гэтэл аав минь “Бурхан болсон хүнээс битгий ай. Тэр хүмүүс чамайг яах ч үгүй. Харин амьд хүмүүсээс ай” гэж байсан юм. Залуухан сувилагч байхдаа өвчтөн бурхан болохоор л уйлчихдаг байлаа. Хамгийн анх миний өвөр дээр нас барсан өвчтөн миний сэтгэлийг хамгийн их эмзэглүүлж байсан. Одоо ч заримдаа нүдэнд харагдаад байдаг.

Би түүнийг сэтгэлээсээ огт явуулж чаддагүй юм. Чадах ч үгүй байх гэж боддог. Хэрэв тэр хүн амьд байсан бол өнөөдөр сайхан амьдарч байх байсан даа. Хорвоо гэж хүний хүслээр болохгүй нь харамсалтай юм даа.

Сайхан эдгэрч байна даа, бие нь дээрдэж байна гэж бодож байсан үйлчлүүлэгч гэнэт бурхан болчихоор надад, манай салбарынханд маш хүнд цохилт болдог

-Сувилагч өвчтөнүүдтэй ойлголцож, ойр дотно болчихоор асарч, сувилахад амар байдаг болов уу?

     -Настай хүмүүс бидний сувилахаар өрөөнд нь ороход хүүхдүүдтэйгээ харьцаж байгаа мэт “Алив, миний хүү үнсье” гэхээр нь сэтгэл сэргэж, ижий, аав, ах, дүү шиг дотно болчихдог байсан. Энэ миний залуугийн алдаа гэж боддог. Хэт дотно болчихсон өвчтөнөө асрах нэг талаараа хэцүү. Яагаад гэвэл тэдний бие нь муудчихаар хэлэх үг олддоггүй. Бүр айгаад өрөөнд нь орж ч зүрхэлдэггүй юм.

      Эмч, сувилагч нарт тулгардаг хамгийн хэцүү зүйл энэ шүү дээ. Сайхан эдгэрч байна даа, бие нь дээрдэж байна гэж бодож байсан үйлчлүүлэгч гэнэт бурхан болчихоор надад, манай салбарынханд маш хүнд цохилт болдог. Заримдаа ойр, дотно байсан өвчтөн бурхан болчихоор нь зүүдэлдэг. Тэгээд гандан орж ном уншуулах үе ч гарна даа.

-Та 41 жил сувилагчаар ажиллаж хүсэл, мөрөөдлөө биелүүлж чаджээ. Энэ хугацаанд та олон зүйл сурч, бусдад ихийг сургасан байх даа?

     -Хүнд “41 жил ажилласан” гэж хэлэхэд урт хугацаа мэт боловч ажиллаад өнгөрүүлсэн надад богинохон санагдаж байна. Өнгөрсөн хугацаанд ажлынхаа төлөө чин сэтгэлээ зориулж, хамт олонтойгоо баг болж, хамтарч ажиллаж чадсан. Энэ хугацаанд сайн ханьтай болж, хоёр сайхан хүүтэй болсон. Амьдралын минь бүхий жаргал, зовлон ХСҮТ-д ажлын минь хамт олонтой өнгөрсөн.

      ХСҮТ бол миний хоёр дахь гэр гэсэн үг. Сувилагч хүн бусдын жаргал,зовлонг хуваалцдаг болохоор тэднийг зовсон үед нь зүрх өвдөж, эдгэрээд эмнэлгээс гарах үед нь догдолж, баярлаж байдаг. Хавдартай хүнд удаан хугацааны эмчилгээ, асаргаа, сувилгаа хэрэгтэй байдаг. Тийм учраас би залуу сувилагч нарт “Өвчтэй хүн рүү битгий ширүүн харж бай. Хэзээ ч хатуу үг хэлж болохгүй шүү” гэж захидаг. Хавдартай эмчлүүлж буй хүний цөөн хувь нь л цааш амьдрах боломжтой байдаг. Хүнд өвчтэй хүмүүсийн амьдралынх нь сүүлчийн мөчүүдэд тэдэнд сайхан сэтгэгдэл төрүүлж, өөртөө итгэх итгэлтэй болгож, эелдэг зөөлөн харьцах нь бидний үүрэг юм.

-Сувилагч өвчтөнийг асрахаас гадна маш сайн сэтгэл зүйч байдаг болов уу гэж боддог. Та энэ тал дээр хэрхэн анхаарч ажилладаг байсан бэ?

    -Тэгэлгүй яах вэ, сувилагч маш сайн сэтгэл зүйч байх ёстой. Ямар ч зан араншинтай хүнтэй бүрэн ойлголцдог байх чадвартай байх ёстой гэсэн үг. Өөрийгөө илэрхийлж, ойлгуулж чаддаг өвчтөн байхад юу ч хэлж чадахгүй, уйлаад хэвтдэг өвчтөн байдаг. Сувилагч тэдэнтэй маш сайн ойлголцож эмчилгээний баг хамт олондоо ямар нөхцөл байдалтай байгааг мэдээлдэг гол тоглогч нь. Мөн өвчтөний аюулгүй орчныг бүрдүүлэх нь чухал. Сувилахуйн шинжлэх ухаанд орчин, сэтгэл зүй, хувцаслалт, хооллолт, сувилгаа гэх үндсэн таван зарчимд суурилдаг. Эдгээрийг өвчтөнд заавал бүрдүүлж өгөх хэрэгтэй. Эмч онош тогтоож, эмчилгээний заалт бичдэг. Сувилагч бол сувилгааг нь тохируулж асардаг гэсэн үг. Эмчилж болохгүй өвчин байхад сувилж болохгүй зүйл гэж байхгүй.

-Сүүлийн үед ямар төрлийн хавдар голчилж байна вэ?

    -Манай эмнэлэгт элэг, ходоод, улаан хоолой, хөх, умайн хүзүүний хавдартай хүмүүс ихэвчлэн ирдэг. Дэлхийд манай улс элэг, ходоодны өвчлөлөөр дээгүүрт орж байна. Манай улс зах зээлд шилжсэний дараагаар ходоод, элэгний хавдраар өвчлөх иргэдийн тоо нэмэгдсэн. Элэгний хавдраар өвчлөх болсон шалтгаан нь 1960-1970-аад он хүртэл манай улс нэг удаагийн  шилэн тариуртай  түүнийгээ гэрийн нөхцөлд буцалгаж хэрэглэдэг. Эмнэлгийн байгууллага шилэн тариураа угааж дахин хэрэглэдэг байсан. Тухайн үед шар өвчин болон элэгний үрэвсэл өвчнүүд ихэссэн.

     1960, 1970-аад  оныхон өдгөө 40-50 настай болсон. Хүн амын өсөлтийн үед элэгний өвчин их байсан гэж үздэг. Манай улсад “Элэг бүтэн монгол” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Үүний хүрээнд элэгний Ц вирусийн эмчилгээг үнэ төлбөргүй хийж байна. Тиймээс 5-6 жилийн дараа элэгний хавдраар өвчлөх иргэд цөөрнө гэсэн судлаачдын дүгнэлт байдаг. Харин ходоодны өвчлөл бол хоол, хүнсний буруу хэрэглээ, түүний аюулгүй байдал болон хавдар үүсгэх анхдагч болон хоёрдогч хүчин зүйл нөлөөлдөг. Аливаа архаг суурь өвчин 10-15 жилийн дараа хорт хавдар болдог. Хавдрыг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээнд хүн бүр хамрагдаж байх ёстой.

 -Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

      -Баярлалаа. Салбараас минь олон гавьяат төрөх болтугай. Сувилагчдын хөдөлмөр үеийн үед үнэлэгдэх байх гэж итгэдэг шүү.

 


Гавьяат ажилтан Д.ДУЛАМСҮРЭН: Ажилд ороод удаагүй байхад залуухан бүсгүй миний өвөр дээр бурхан болсон. Би түүнийг одоо ч мартаж чаддаггүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-17 19:08:10
    Bujka: Saihan yriltslaga boljee bayr hurgie mundag shuu hun doromjloh huitai shuu balai nohor mini
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-17 19:05:32
    Bujka: Saihan yriltslaga boljee bayr hurgie mundag shuu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-17 15:19:05
    jawhlan: hamgiin hugiin hudalch awgai hawdart ajildag huni huwid ariin haalgaar l awsan
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188