• Өнөөдөр 2024-04-20

Хөдөлмөрийн баатар С.ГАНБОЛД: Трактор намайг тариаланч болгосон

2021-05-05,   2114

-Олон түмнийхээ хүнсийг бэлдэж байгаа буянтай ажил шүү гэж бодохоор сэтгэл “цаддаг”-

   Хаврын тариалалт эхэлж, тариаланчдын ажил ид ундарч байх цагаар газар тариалангийн салбарт туулж өнгөрүүлсэн ажил, амьдралынх нь талаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат механикжуулагч, Улсын ургацын зургаан удаагийн аварга, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, “Их шинэстэй” ХХК-ийн захирал С.Ганболдтой хуучиллаа. Тэрбээр 22 настайдаа тариаланч болохоор нутгаа зорин очиж, өдгөө 47 жил газар шороотой “ноцолдож” яваа нэгэн билээ. 

-Сайхан хаваржиж байна уу, та?

     -Сайхан хаваржиж байна даа. Хаврын ажил эхлээд завгүй л явна.

-Таныг тариаланч болоход юу хамгийн их нөлөөлсөн бэ?

     -Би 1974 онд 22 настайдаа газар тариалангийн салбарт ажиллаж эхэлсэн. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын унаган хүүхэд учраас газар тариалангийн салбарт ажилладаг нутгийн ах нарынхаа тракторын кабинет суусан, техникийн сонирхолтой хүүхэд байлаа. Тийм учраас трактор намайг тариаланч болгосон гэж боддог. Одоо би 69 настай ч тариаланчийн ажлаа хийгээд л явж байна.

-Тариаланчдын хамгийн чухал ажил хавар өрнөдөг шүү дээ. Хавар цагт тариаланч хүний ажил, амьдрал хэрхэн үргэлжилдэг вэ?

     -Тариаланчид тайван, сэтгэл амар байх үе тун ховор. Дөрвөн улирлын турш бидний ажил өрнөдөг. Өвөл газар тариаланд хэрэгтэй бүх бэлтгэл ажлаа хангадаг юм. Нөгөө талаар үр шимийг нь хүртдэг буянтай ажил болохоор олон жил тогтож ажилладаг даа.

Бидний хувьд ган болох, үр тариа жигд сайхан ургаж байхад мөндөр, аадар орж, үерт автана гэдэг үнэхээр хэцүү. Энэ үед бид шанална шүү дээ. Ингэж л зовлон туулж байж тодорхой хэмжээний ургац авдаг юм.

Одоо хаврын тариалалтын ажил ид үргэлжилж байна. Тариалалтын өмнөх боловсруулалтын ажил хийж, бордоогоо татаж  байгаа. Миний хоёр хүү надтай хамтарч ажилладаг. Компанийнхаа ажилчдыг дагуулаад хоёр хуваагдаад ажилдаа гарсан. Манай компани 22 ажилтантай. Хавар, намартаа 7-8 хүн нэмж ажиллуулдаг юм.

-Та тариалангийн хөрсөө хэрхэн сэргээдэг вэ. Ямар нэртэй бордоо оруулж ирдэг вэ?

     -“Алтай тариа” ХХК будаа тушаадаг компаниудад нэгдсэн журмаар бордоо захиалж, бидэнд олгодог. Тус бордооны ачаар будааны чанар, болц сайжирч байгаа. Хөрсөнд хамгийн их дутагдалтай бодис бол фосфор, кали, азорти зэрэг элементүүд байдаг. Эдгээрийг нийлүүлсэн нийлмэл бордоо оруулж ирж байгаа.

-Та “Их шинэстэй” хэмээх компаниа хэдэн оноос удирдаж байгаа вэ?

     -1997 оноос сангийн аж ахуйгаас хэсэг газар хувьчлан авч, “Их шинэстэй” хэмээх компани байгуулж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна даа.

-Тариаланч хүний жаргал, зовлон дөрвөн улирал шиг ээлжилдэг шиг санагддаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

    -Тэгэлгүй яах вэ. Тас хар хөрсөнд будаагаа тарьчихаад 10 хоногийн дараа ирэхэд бүгд соёолоод, ногоорчихсон байхыг харахаар сэтгэл сэргэдэг. Тэгээд бороо, хур муутай бол шаналаад л эхэлнэ. Намар будаа, тариа боловсорч шаргалтаад комбайн хураах үед тариалангийн талбайд ажлаа үргэлжлүүлэх шиг  жаргал үгүй. Олон түмнийхээ хүнсийг бэлдэж байгаа буянтай ажил шүү гэж бодохоор сэтгэл “цаддаг”. Тийм ч учраас илүү ашиг харж өөр тийшээ явж зүрхлэлгүй өнөөдрийг хүрлээ дээ.

-Таныг 47 жилийн турш газар тариалангийн салбарт ажиллахад энэ салбар хэрхэн өөрчлөгдсөн бэ. Газар тариалан унах, сэргэхэд юу нөлөөлсөн гэж боддог вэ?

    -Одоо цагт газар тариалан хэрхэн хөгжсөн талаар ярьж, мэдэх хүн тун цөөхөн болсон. Би 1976 онд хүнсний элгэдэлтэй тэмцэх технологийг нэвтрүүлж эхэлсэн боловч 10-аад жил хэрэгжүүлж чадаагүй. Тухайн үед Оросын комбайнчид, тракторчид газар тариалангийн талбайд ажилладаг, тэднийг манай төр засгийнхан их үнэлдэг байлаа. Намар ургац хураахад монгол комбайнчдыг дарга нар ч тоодоггүй байлаа шүү дээ. Үүнээс хойш атрын хоёрдугаар аян эхэлж, манай улсын тариаланчид сайжирч, техникдээ эзэн болж чадсан учир төр, засгаас тогтвор суурьшилтай ажиллуулах тал дээр анхаарч эхэлсэн. Ийнхүү тариалангийн  хөгжиж эхлэх үед 1992 онд сангийн аж ахуй задарч, 2004 он хүртэл энэ салбар навс унасан. Улсын хэмжээнд 70 мянган тонн будаа авч байсан үе ч бий. Харин 2008 онд  атрын гуравдугаар аян болж газар тариаланг С.Баярын Засгийн газар олон талаас нь дэмжсэн учир дахин сэргэсэн. Нэг уначих юм бол дахин сэргэхэд маш хэцүү салбар шүү дээ. Одоогийн Засгийн газар хөдөө аж ахуй, тариалангийн салбар ямар түвшинд явааг ойлгохгүй байх шиг байна. Бодит амьдралд тусах, нөлөөлөх зүйл ярихгүй байна.

-Та газар тариалангийн салбарыг хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой гэж бодож байна?

    -Нэгдүгээрт, байгалийн давагдашгүй хүчин зүйл бидэнд маш их нөлөөлдөг. Төр засгаас маш сайн дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байна.

Манайх таван мянган га талбайтай. Гаднаас хөрс сайжруулах бордоо нэг тонн 1.4 сая орчим мянган төгрөгөөр орж ирдэг. Ургаж буй будаанаас гурав дахин үнэтэй бордоогоор бордож байна гэсэн үг.

Мөн орчин үеийн техникээр газар тариалангийн салбарыг хангахгүй бол энэ салбарт ажиллах хүн олдохгүй байна. Тиймээс тогтвортой ажиллах тал дээр төр засгаас анхаарахгүй бол компаниудад хүндрэлтэй байгаа. Манай компанид надтай хамт залуудаа ажиллаж байсан, одоо тэтгэвэртээ гарсан хүн, энэ салбарт зүрх сэтгэлээ зориулсан ахмад тариаланчдын  хүүхдүүд ажиллаж байгаа. Тийм учраас манай компани газар тариаланд ажиллах боловсон хүчнээ тогтвортой барьж ажиллаж байна. Бусад компанийн хувьд маш хүндрэлтэй, ажиллах хүн олдохгүй байгаа юм. Энэ бүх асуудалд анхаарч газар тариалангийн салбарыг хөгжүүлэхгүй бол цаашид үргэлжилнэ гэхэд хэцүү болжээ.

-Та будаа, тарианаас гадна, хүнсний ногоо, жимс, бутлаг ургамал тарьдаг уу?

    -Эрчимжсэн мал аж ахуй, фермерүүдэд хэрэг болох үүднээс ногоон тэжээл, тэжээлийн ургамал сэлгээнд нь тарьдаг. Өөр чиглэлээр тариалан эрхэлдэггүй.

-Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас төрсөн алдартай тариаланчдын талаар дурсан ярьвал?

    -Манай Ерөө сумаас алдар цолонд хүрсэн хүмүүс дандаа бусад аймаг, орон нутгаас ирсэн хүмүүс байдаг. Тийм  ч учраас 22 настайдаа сумандаа ирж, ажиллахаар шийдсэн юм. Манай сумаас Хөдөө аж ахуйн ууган баатар У.Бямбацогт гуай, Хөдөлмөрийн баатар Г.Лувсанчимэд, Д.Баттөр, М.Алтангэрэл гэх алдар, цуутай хүмүүс төрөн гарсан даа.


Хөдөлмөрийн баатар С.ГАНБОЛД: Трактор намайг тариаланч болгосон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-05 19:59:57
    999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999: 99999999999999999999999999999999999999
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-05 19:55:02
    88012537: 88012537
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-05 17:50:37
    Цэцэгбал: Аргагүй л хөдөлмөрч хүндээ. Танд болон таны гэр бүлд эрүүл энхийг хүсье! Урт насалж удаан жаргаарай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-05 17:28:06
    Батболд: Даргадаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-05 08:00:58
    Zochin: Buyantai buural ymaa tand ajiliin amijilt eruul enhiig husii
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-05 07:59:06
    Zochin: Buyantai buural ymaa tand ajiliin amijilt eruul enhiig husii
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188