-Та Баян-Өлгий аймгийн Алтай суманд 1960 онд төрсөн юм билээ. Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ?
-Би таван эрэгтэй, 10 эмэгтэй хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлд төрж, өссөн. Би айлын зургаа дахь хүүхэд. Миний аав Алтай сумын орлогч даргаар 32 жил ажиллаж гавьяаныхаа амралтанд байж байгаад 73 настайдаа бурхан болсон. Ээж минь хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлж, өдгөө 94 насыг зооглож яваа сайхан буурай бий. Би Алтай сумынхаа найман жилийн дунд сургуулийг төгссөн. Тухайн үеийн хүүхдүүдийн адил өссөн дөө. Эрэгтэй хүүхдүүд нь мод түлээ хагалах, усанд явах зэрэг гэрийн гадуурх ажил хийнэ. Охид нь гэр цэвэрлэх, хувцас угаах, хоол бэлдэх зэрэг гэрийн ажил хийдэг. Аав, ээж минь хүүхдүүдээ дэг журамтай, сайхан хүмүүжүүлсэн. Бид ижий, аавынхаа үгнээс гардаггүй, цагтаа унтаж, сэрдэг томоотой хүүхдүүд байсан даа.
-Ижий, аавынх нь захисан сэтгэлээс гардаггүй сургаалиас хуваалцаж болох уу?
-Ээж минь их үглэдэг. Бидэн рүү босоод дайрдаг. Аав минь үг цөөтэй. Ээж, аавд “Хүүхдүүдээ загнаад өгөөч” гэхэд аав чанга дуугаар загнадаггүй. Зөөлөн дуугаар, энгийнээр ойлгуулдаг байсан юм. Аав “Хамгийн гол нь хичээлээ сайн хий, хүүхдүүдтэй эвтэй байх, найз нөхөдтэй байж, нэгэндээ тусладаг бай” гэж зөвлөдөг байсан нь санаанаас огт гардаггүй. Одоо ч аавынхаа хэлсэн үгийг бодож, олонтой явахыг хичээдэг юм.
-Танайх сумын төвийн айл юм байна. Та нар амралтаараа хөдөө явдаг байв уу?
-Манайх зуны цагт сумын төвөөс 10-аад км-ийн зайтай зусланд гардаг байсан. Манайх олуулаа учраас тал тал тийшээ хуваагдаж хамаатнуудынх руугаа их явдаг байв. Би зунжин өвөө, эмээ дээрээ байдаг байлаа. Намар хичээл ороход өвөө минь сумын төв хүргэж өгдөг. Өвөө, эмээ минь намайг дэг журамтай сайн хүн болгож хүмүүжүүлсэн дээ. Өвөөгийндөө хөдөөгийн бүх ажлыг хийж сурсан.
-Баян-Өлгий аймгийн Алтай сумын зуны хөдөөгийн амьдрал ямар байдаг бол?
-Алтай сум байгалийн үзэсгэлэнтэй газар. Уул, ус, ургамал, ан амьтан тэгширсэн сайхан нутаг. Таван хошуу малтай. Үхэр, хонь, ямаагаа сааж цагаан идээгээ боловсруулдаг. Харин гүү барьдаггүй. Адуу ууландаа байдаг.
Би айлын айраг бүлж өгч, шар тосыг нь угааж өгдөг хүүхэд байлаа. Айраг бүлнэ гэдэг их урлаг шүү дээ. Хэт хурдан, удаан зохихгүй. Сүүгээ хөргөж болохгүй, хэт халуун байвал тос унахгүй зэрэг нарийн ажил бий. Энэ бүхнийг эмээгээсээ сурсан. Тарвага, зурамны арьс өвчиж, тэлнэ зэрэг ан хийхийг өвөөгөөсөө сурсан даа.
-Та цэргийн байгууллагатай ажил, амьдралаа хэзээнээс холбосон юм бэ. Цэргийн хүн болоход юу нөлөөлсөн бэ?
-Би наймдугаар ангиа Алтай суманд төгсөж, ахлах ангидаа Баян-Өлгий аймагт сурсан.
Аравдугаар анги төгсөхөөс өмнө цэргийн хүмүүс ирж элсэлт авдаг байсан юм. Тэгээд би шалгалтандаа тэнцэж ангийнхнаасаа өмнө сургуулиа төгсөөд, Оросод сурахаар явсан юм.
-Баян-Өлгий аймгийн Хилийн цэрэгт хуваарилагдаж ирэх нь аз завшаан юм даа?
-Оросод куб, монгол, унгарчууд сурдаг байсан. Монголоос жилд 50-аад хүүхэд очиж сурдаг. Тэнд таван жил сурч ирээд Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн ангид хуваарилагдсан түүхтэй. Оросод сургуульд байхдаа гүйж, харайдаг, биеийн тамирт сайн байсан.
Тийм учраас оросууд тодорхойлолтон дээр “Биеийн тамиртаа сайн” гэж бичсэн юм шиг байна лээ. Түүний ачаар 1983 онд Баян-Өлгий аймгийн Хилийн цэрэгт биеийн тамирын зааварлагчаар томилогдож байлаа.
Цэргийн байгууллагад 33 жил алба хаагаад 2003 онд тэтгэвэрт гарсан. Одоо гавьяаныхаа амралтыг эдэлж гэртээ байна даа. Ирсэн жуулчид, хамт олныг монгол орны байгалиар аялуулах ажлыг зуны цагт хариуцдаг.
-Та дэлхийн дээвэр Гималай, Эверест, Эльбрус Алтай таван богд зэрэг ноён оргилуудад хүрсэн хүн. Та уулчин болсон тухайгаа сонирхуулахгүй юу?
-1984 онд Хүч нийгэмлэгийн уулчид манай аймагт ирсэн юм. Тэр үеийн Уулын холбооны дарга надтай уулзаад
“Чи биеийн тамирын хүн байна. Маргааш надтай хамт ууланд явна. Цэргүүдээс 5-6 цэрэг сонгоод аваарай. Хэдүүлээ, Цамбагарав, Мөнххайрхан ууланд авирна” гэсэн. Манай цэргийн ангийн дарга хүлээн авч, бидэнд үүрэг өгсөн.
Тэгж анх удаа ангийнхаа цэргүүдтэй, уулчидтай Цамбагарав ууланд гарсан юм. Ууланд очиж уулчдын олсонд орж явсан цэргүүдийн зарим нь буцаж байлаа. Би уулчдын олсонд орж явсаар байгаад уулын орой дээр гарсан.
-Та хамгийн анх Цамбагарав уулын оройд гарсан юм уу. Тухайн үед танд ямар мэдрэмж төрсөн бэ?
Бид цааш үргэлжлүүлэн Мөнххайрхан ууланд гарч байсан. Тэгээд уулчдын дарга надад “Чи ууланд сайн явах юм байна. Чамайг уулчин болгоно” гээд спортын хоёрдугаар зэрэг олгож, “Хүч” нийгэмлэгийн уулчнаар бүртгэж авсан түүхтэй. Анхныхаа хоёр ууланд гарч уулчин болсон нь энэ. Түүнээс хойш жил бүр “Хүч” нийгэмлэгийн уулчдтай хамт ууланд явдаг боллоо. Тэдэнтэйгээ хамт анх Алтай Таван Богдын оргил дээр гарсан. Тухайн үед “Цэргийн хүн байсан тулдаа л явж байсан юм уу даа” гэж одоо боддог. Олон уралдаан тэмцээнд орж тэргүүн байр эзэлж байлаа. Хамт олон, найз нөхөд ч олонтой болсон доо.
-Та Эверест Гимилайн салбар ууланд хэдэн настайдаа гарч байв?
-Би 36 настайдаа Гимилай салбар ууланд гарсан Монголын анхны хүн. Гавьяат дасгалжуулагч Зориг миний багш. Багш минь 1994 онд “Монгол Алтай” клубыг ахладаг байлаа. Зориг багш минь 10-аад уулчныг бэлтгэж, дэлхийн ууланд гаргах зорилготой байсан юм. 1996 онд таван эрэгтэй, таван эмэгтэй уулчин Гимилайн салбар ууланд хүрэхээр Энэтхэг Улс руу явсан. Эрэгтэйчүүд нь Энэтхэгийн талаас 6632 метрийн оргилд хүрэхээр, эмэгтэйчүүд нь Японы талаас 5800 гаруй оргилд гарахаар хоёр хуваагдаж явсан. Ингээд Монголын анхны Гимилайчид гэж 10 уулчин нэрлэгдэж байсан. Энэтхэгийн уулчид 10-аад жилийн өмнө Эверестэд авирах эрхээ авчихсан, бэлтгэл сайтай байсан. Зориг багш Энэтхэгийн уулчидтай биднийг хамт гаргах санаачилга гаргасан. Гэтэл Энэтхэгийн уулчдын холбооноос танайхаас ганц хүн оролцуулах боломжтой гэх хариу өгсөн юм билээ. Зориг багш минь гурван хүн шалгаруулж, надад Гимилай оргилд гарах хариуцлагатай үүрэг ногдож байсан.
1996 онд Энэтхэгийн багтай сарын хугацаанд бэлтгэл хийж, 35 хүний бүрэлдэхүүнтэй, бэлтгэлтэйгээ нийлээд 90 хоногийн хугацаанд гарч байсан. 14 орны 140-150 уулчин Эверест оргилын хойд талаас авирч байсан. 6500 метрээс дээш цас мөстэй байдаг. 35 хүнээ долоон багт хувааж, эхний таван хүн явж олсоо тавьдаг. Би 7850 метрт тавдугаар майхан барьж байсан. Дараагийн ээлж нь 8300 дээр уулын майхан барьсан. 35 хүнээс 24 хүн нь 6500 метрт 60 хоногийн дараа үлдсэн. 11 хүн эрүүл мэндийн шалтгаанаар уулнаас буусан.
-Ууланд гарахад хоол хүнс, хувцас, эрүүл мэндийн олон хүндрэл, бэрхшээл тулгардаг байх. Тэр бүхнийг хэрхэн даван туулсан бэ?
-Энэтхэгчүүд маш их халуун ногоо иддэг. Надад хоол нь зохидоггүй учир хоолноос гарсан. Би гэрээс гарахдаа борц, арвайн гурилтай явсан. Түүнийгээ гамнаж идэх шаардлагатай, хоол хүнсний хомсдолд орж, ганцаардсан гэх мэт олон асуудал тулгарсан.
Анхны найман уулчин оргил өөд авирч 8300 метр хүрэхэд нь доороос оргил өөд авирах команд өгсөн юм. Тэгээд найман уулчнаас гурав нь уулын оргил болох 8848 метр гарахаар авирсан.
Хоёр нь майхандаа үлдээд, нэг нь уулын өвчин туссан учир хоёр уулчин түүнийг авч доошоо буусан. Дээшээ гарсан гурван уулчин орой болж байхад оргил дээр гарсан. Тэгээд 14 орны уулчдаас “Энэтхэгийн уулчид хамгийн түрүүнд оргил дээр гарлаа” гэж байсан юм. Тэгээд гурван уулчин гурван цагийн дараа доор ирээгүй байсан. Тэдний доош буух хугацаа дууссан учир бид ч таагүй зүйл болсон гэдгийг мэдэж байсан. Маргааш өглөө нь “Япон уулчид 100 метрийн зайтай нас барсан байна” гэдгийг мэдээлсэн. Мөн уулын өвчин тусаад доош буусан уулчин нас барж, долоон уулчин уулын нурангид дарагдаж нийт 11 уулчин ууланд амиа өгсөн. Тэгээд уулчдын дарга нар хуралдаж авиралтыг зогсоох үүрэг өгч байлаа. Би энэ тухай сансарын холбоогоор Зориг багштай холбогдож, мэдээлэл өгч байсан. Би 7850 метрийн оргилд гарахад Эверестийн оргил хажууханд юм шиг харагдаж байсан. Тухайн үед “Монголчууд багаараа нэгдэж чадах юм бол гарчих юм байна даа” гэсэн бодол төрж байсан. Биднийг бууснаас дөрөв хоногийн дараа Энэтхэгийн дөрвөн уулчин Эверестийн оргил дээр гарч байсан түүхтэй.
-Таныг ууланд авирахаар явахад болон уулнаас ирэхэд гэр бүлийнхэн хэрхэн хүлээн авсан бэ?
-Намайг “Эрүүл энх оргилд гараад ирээсэй” гэж залбирч, цай сүүнийхээ дээжийг өргөж байсан. Аав, ээж, гэр бүл, үр хүүхдүүд уулчид, хилчид сайхан үг хэлж бэлгэшээж гаргаж өгч байсан. 1996 оны сонин бүрт миний тухай, уулын тухай мэдээ, нийтлэл, ярилцлага гарсан. Би 2020 онд Эверестед хүрсэн хилчин хэмээх ном гаргасан.
-Ууланд гарахад баг хамт олны нэгдэх хүч хамгийн чухал санагдлаа?
-Нэгнийгээ дэмжсэн, сэтгэлийн тэнхээ өгсөн, урам хайрлах хүчээр байгалийн хүнд бэрхшээлийг давж оргилд гардаг. Уулчин байгалийн хүнд хэцүү нөхцлийг ялж, сөрж байж амжилтанд хүрдэг юм. Бусад төрлийн спорт хоёр хүний хооронд болдог. Уулчин бол өөртэйгөө тэмцэлдэх хэрэгтэй. Хүнд харагдахгүй, нүдэнд үзэгддэггүй спорт. Би ууланд гарсан бүх дурсамжаа эргэн санахад сайхан байдаг. Эверестэд гарсан үеэ бодохоор эрхгүй нулимс гардаг даа.
Н.ЖУКОВ: Эверестэд авирсан үеэ бодохоор нулимс гардаг |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |