• Өнөөдөр 2024-04-26

Токиогийн олимпын шүүгч Т.ЭНХЦЭЦЭГ: Дэвжээн дээр “Өөрийнхөө хэн болохыг заавал харуулна” гэж амлаад гардаг

2021-07-27,   4251

-Би дэвжээн дээр хоёр тамирчинтайгаа гурвуулаа байна гэж бодож, чимээ шуугианаас тасардаг-

-Токиогийн олимпын наадмаар жүдо бөхийн тэмцээн шүүх эрхтэй болсонд баяр хүргэе. Олимпын наадам шүүх Монголын анхны эмэгтэй шүүгч боллоо. Та баярт мөчөө хамгийн түрүүнд хэнтэй хуваалцсан бэ?

-Баярлалаа. Ирж буй үхэр жилийн мэндийг Монголын ард түмэнд хүргэе. Шинийн 2-ны өдөр “Токио-2020” жүдо бөхийн тэмцээнийг шүүх эрхтэй болсноо мэдсэн. Шүүгчдийн бүрэлдэхүүнээс өөрийнхөө нэрийг нэгт байхыг хараад маш их баярласан. Ерөнхий ранкаараа тэргүүлж байсан ч цар тахлын улмаас сүүлийн хоёр, гурван тэмцээнд явж чадаагүй. Тийм учраас санаа зовоод сууж байлаа. Анх аав руугаа утсаар залгаж хэлсэн. Аав минь намайг дэмжихийн дээдээр дэмждэг болохоор их баярлаж байна лээ. Дараа нь Монголын жүдо бөхийн холбооны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр багшдаа хэлсэн. Анх багшийнхаа сургалтад сууж, шүүгч болж байсан. Хэдийгээр баярлаж байгаа ч гэсэн ард нь гарч байж л санаа амарна даа гээд бодож сууна. Маш их итгэл, найдвар хүлээлгэж байна. Мөн өмнө гаргасан амжилт, ранканд  тулгуурлаж байгаа болохоор маш хариуцлагатай хандах ёстой.

-Олимп шүүх эрхийг ямар шаардлагад үндэслэж олгодог вэ?

-Олон улсын жүдо бөхийн холбооноос тэмцээнүүдийг жагсааж хуваарь гаргасан байдаг. Тус хуваарийн дагуу оролцсон бүх тэмцээндээ оноо цуглуулдаг. Тамирчидтай ижил, алдаа гаргавал оноогоо хасуулдаг. Сүүлийн гурван жил ранкаараа тэргүүлж байгаа. 2017 оноос хойш олон улсын 34 тэмцээн шүүсэн. Дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг шүүж, 2018 онд Монголын үндэсний олимпын хорооны "Бөртэ чоно" наадмаас шилдэг шүүгчийн шагнал гардаж байлаа. “Будапешт-2017” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөөх барилдааныг алдаагүй шүүж зургадугаар байрт жагсаж байсан.

-Олимпын наадам шүүх бэлтгэлээ хэрхэн хийхээр төлөвлөж байна вэ. Өмнө нь бэлтгэлээ яаж хийдэг байсан бэ?

-Гэртээ барилдааны бичлэг үзэж бэлтгэлээ хийж байна. Шүүгч хүнд мэдлэгээс гадна мэдрэмж маш чухал. Тухайн агшныг мэдэрч байж шүүдэг учир гайгүй байх гэж бодож байна.

Сүүлийн гурван жил ранкаараа тэргүүлж байгаа. 2017 оноос хойш олон улсын 34 тэмцээн шүүсэн

-2005-2013 он хүртэл  “Тэмүүжин” спорт сургалтын төвд багшилж байсан юм билээ. Одоо хаана багшилж байгаа вэ?

-Сэлэнгэ аймгийн “Шинэ бадрах” дэвжээний Улаанбаатар хот дахь  салбарт 2018 оноос хойш багшилж байна. Манай дэвжээний үүсгэн байгуулагч Сэлэнгэ аймгийн Жүдогийн холбооны тэргүүн Д.Бадрах гэж хүн бий. Энэ хүний удирдлага дор хүүхдүүдээ дасгалжуулж байгаа.

-Та жүдо бөхийн спортыг ямар арга барилаар заадаг вэ. Өөрийгөө бусад багшаас юугаараа ялгардаг гэж боддог вэ?

-Би шавь нартаа эцэг, эхээс нь илүү үглэдэг байх. "Хийж байгаа дасгалдаа сэтгэлээсээ хандана шүү. Багшийнхаа шүүж байгаа тэмцээн дээр барилдаад медаль авч байна” гэж төсөөл гэж хэлдэг. Бэлтгэл гэхээс илүү нэг ч болтугай хүүхдийн амьдралыг харах өнцгийг өөрчилж өгөх юм сан гэж боддог. Аав, ээждээ тусалдаг, сэтгэлийн хаттай болгох юм сан гэж хичээдэг дээ. Бараг л сэтгэл зүйч шиг байдаг. Хүнд юу ч тохиолдож болно, бүгдийг заавал давж гарах ёстой. Би өөрөө их шаргуу, аливаа зүйлийн ард нь заавал гарч байж санаа амардаг. Унтахгүй гэсэн бол унтдаггүй. Манай шавь нар ч багшийгаа дуурайх байх гэж боддог. Дорой сэтгэхүйтэй хүүхэд зөндөө байдаг. Зарим нь ээж, ааваараа хувцсаа өмсүүлнэ. Юу ч болоогүй байтал уйлна, шантарна. Тэр бүх алдаан дээр нь ажилладаг. Тухайн хүүхдийн өмсөх хувцас, идэх хоол, унтах цаг,  ар гэрийн байдал зэрэг нь  бүгд надад хамаатай. Хоёрхон цагийн бэлтгэлээр хамаг амжилт ирэхгүй. Онгирч байгаа хүүхдийн хандыг нь дарна. Сэтгэлээр унаж байгаа нэгнийх нь сэтгэлийг засаж, ярилцдаг. Бүх хүүхэдтэй ганцаарчилж уулзаж, ярилцдаг. Би 6-26 насныхныг бэлтгэдэг. 2005 оноос хойш 5000-6000 шавьтай болсон байна. Жүдогоор хичээллэсэн хүүхдүүд амьдрал дээр гарахдаа аливаад хандах хандлага нь хүртэл өөр болсон байдаг.  

-Олимпын наадам шүүнэ гэдэг дэлхий нийтийн анхаарлын төвд орж байна гэсэн үг шүү дээ. 2017 онд анх олон улсын тэмцээн шүүхэд ямар мэдрэмж төрж байв?

-Эхний хоёр барилдаан шүүхдээ сандарсан. Мэдээж, гудамжинд яваа юм шиг тайван байхгүй, зүрх савлана. Тамирчид биеэ халаадаг шиг дэвжээн дээр гарч, тойрч явж, биеэ бэлддэг байсан. Түүнээс хойш сандарахаа больсон. Гадаад орнуудын том зааланд орох үнэхээр сүрдмээр. Юунд ороод ирэв ээ гэмээр байдаг. Тэгээд маш олон хүний дунд финалын барилдаан шүүнэ гэдэг амар ажил биш. Тэгэхээр би заавал заал руу орохоос өмнө өөртэйгөө ямар ч алдаа гаргахгүй шүү гэж ярьдаг. “Өөрийнхөө  хэн болохыг заавал харуулна шүү” гэж өөртөө амлаад гардаг. Бүх хүн хашхирна. Шүүгч нь сандарчих юм бол тамирчдыг удирдана гэж байхгүй. Би өмнө нь тамирчин байсан. Одоо багшилж байгаа болохоор давуу тал болдог.

Тухайн хүүхдийн өмсөх хувцас, идэх хоол, унтах цаг,  ар гэрийн байдал зэрэг нь  бүгд надад хамаатай

-Өөрийгөө ойлгодог, мэдэрдэг, итгэлтэй байж л олон улсын шүүгч хийдэг болов уу. Та өөрийгөө хэрхэн тодорхойлох вэ?

-Миний гадаад хэл муу. Олон улсын ажил хийхэд зөвхөн монгол хэлтэй бол хол явахгүй. Хөл хорио тогтоосон цагаас хойш өдөр бүр англи хэлээ давтаж байгаа. Хүүхдүүдтэйгээ онлайнаар холбогдож бэлтэлийг нь хийлгэнэ. Ер нь 24 цаг багадаж байна шүү. Би багаасаа "Аав, ээждээ тусалъя" гээд зүгээр суудаггүй хүүхэд байсан. Их шаргуу, заавал аливаа зүйлийн эцсийг нь үзэж байж санаа амардаг. Өөртэйгөө их тэмцэлддэг хүн дээ.

-1997-2001 оны хооронд жүдогийн тамирчин байсан. Тамирчнаас шүүгч болоход ямар өөрчлөлт мэдрэгдсэн бэ?

-Тамирчин байхдаа хүүхэд байсан болохоор зарим үед сахилгагүйтэж, хичээлээ тасалдаг байлаа. 2002 оноос анх шүүгч болсон.

Шүүгч хариуцлага, мэдлэг, мэдрэмж, ур чадвар шаарддаг ажил. Байнга шүүлт хийж байх ёстой. Нэг сар шүүлт хийхгүй л бол эвээ олохгүй, мэдрэмж нь алдагддаг.

Шүүгч болсон цагаас миний амьдрал маш их өөрчлөгдсөн. Шүүгч хийж байгаад багш болсон. Хүнийг бүх талын мэдрэмжтэй болгодог сайхан мэргэжил.

-Олимп гэлтгүй тэмцээнд оролцож буй тамирчдыг алдаагүй шүүх нь л хамгийн чухал. Тэгэхээр өөртөө ямар шаардлага тавьдаг вэ?

-Нэг жил барилдсан хүн олимпод оролцохгүй шүү дээ. Доод тал нь 15 жил хөдөлмөрлөж байж, том тэмцээнд орж байгаа. Зөвхөн тамирчдын хөдөлмөр бус, багш, дасгалжуулагч, баг, хамт олны хөдөлмөр байдаг. Цаашлаад улс орны эдийн засаг хүртэл хамаардаг. Шүүгч 100 хувь төвлөрч, барилдаандаа орж байж шүүх ёстой. Хэдийгээр дөрвөн минут үргэлжилдэг боловч маш олон үйлдэл богино хугацаанд өрнөдөг. Тамирчдаас илүү хурдан сэтгэж, бодож шүүдэг. Унаж байхад нь ч "Хаашаа унах нь уу" гэж тал бүр рүү алхаж оноогоо хардаг. Аль үед нь торговол илүү барилдаан гарах уу гэх мэт нарийн зүйлүүд шаарддаг.

-Шүүж байсан хамгийн дурсамжтай тэмцээнээ нэрлэхгүй юү?

-Парисийн гран при, Изриалийн гран при их гоё болдог. Бусдын шүүсэн барилдааныг үзээд, оронд нь би байсан бол яаж шүүх үү гэж өөрийгөө орлуулж боддог. 

-Таны ярианаас шүүгч хүнд мэдрэмж, сэтгэл зүй хоёр хамгийн чухал гэдгийг ойлголоо?

-Яг зөв. Сэтгэл зүй бол хамгийн чухал. Зарим шүүгчийн өмднийх нь шуумаг чичирнэ, нүүр нь улайна, сандарна, амьсгаа нь дээшилнэ, айна гэх мэт талбайд гарахдаа хүртэл алдаа гаргадаг. Тийм шүүгч бол  өөрийгөө удирдаж чадахгүй байна гэсэн үг.  Тэгэхээр бусдыг удирдаж, зөв шүүж чадахгүй. Шүүж байх явцдаа том, жижиг алдаа олон гаргадаг. Нарийн алдааг нь мэргэжлийн хүмүүс л мэддэг. Шүүгч хүн сэтгэл зүйгээ сайн удирдаж сурах хэрэгтэй.

Би дэвжээн дээр гарахдаа хоёр тамирчинтайгаа гурвуулаа байна гэж бодож, чимээ шуугианаас тасардаг. Тэгэхгүй бол араас намайг "Чи буруу шүүлээ" гэж хашхирч магадгүй.

Ер нь тэгдэг ч байх. Тэр бүхнийг тоох юм бол барилдаанаа удирдаж чадахгүй. Нэг тамирчны ард олон хүний олон жил зарцуулсан хүч хөдөлмөр байдаг. Тийм учраас би алдаатай шүүх эрхгүй. Хүний амьдралааар тэгж тоглож болохгүй.

-Та шүүгч болно гэж боддог байв уу?

-Би шүүгч болно гэж бодож байгаагүй. Манайх ТҮЦ ажиллуулдаг байсан. Аавын талынхан худалдаа эрхэлдэг хүмүүс  болохоор би зун болгон ажил хийдэг. Хичээлийнхээ хажуугаар ажиллаж мөнгө олж өөрийгөө болгодог байсан. Аав, ээжийгээ зовоож мөнгө нэхэхгүй байх гэж л тэр шүү дээ. Аав минь жүдогоор барилдуулах их дуртай байлаа. Аав архины цехэд ажилладаг байсан. Би заримдаа цехэд нь очиж ажиллана. Тэгэхэд би архийг гурав, дөрвөн авдраар нь зөөдөг байсан. "Энэ бяртай нөхөр шүү. Бөхийн секцэнд явуулъя" гээд анх Ц.Шийрэв багшид шавь оруулж байсан. Дөрвөн жил хичээллэтэл мөр мултраад, сүүлдээ гараа дээш өргөхөд л мултардаг болчихсон юм. Тэгээд Аварга биеийн тамирын дээд сургуульд багш болохоор орсон. 2002 онд Б.Ууганбаатар багш минь "Шүүгчийн сургалт явуулах гэж байна, түүнд суу" гээд шүүгч болж байлаа. 2005 онд “Тэмүүжин” сургуульд орсон. 2010 онд “Тэмүүжин” сургуулийн захирал Д.Энхбаатар багш "Тайландад олон улсын шүүгчийн шалгалт болно, түүнд яв" гэсэн. Тэгж олон улсын дээд зэрэглэлийн шүүгч болж байлаа. 2015 онд сая Гавьяат дасгалжуулагч болсон М.Бөхбат багш "Тайландад болох Азийн аврага шалгаруулах тэмцээн шүүгээд ир" гэж явуулж байсан. Тэнд шалгалт өгөөд А зэрэглэлийн шүүгч болж байлаа. Тэр үед олон улсын жүдо бөхийн дарга ирчихсэн байсан. Тэр хүн намайг онцлоод “Удахгүй би чамайг тэмцээнд урина. Чи хэлээ сайн сураарай” гэж хэлсэн. Надаас ямар нэгэн зүйл олж харсан юм шиг байгаа юм. Тэгээд л намайг урьж эхэлсэн дээ.

-Аав нь "Хийж байгаа ажилдаа сэтгэл зүрхээ зориул. Битгий мөнгө, алдар хүнд олох гэж хичээ" гэж хэлдэг байсан тухай ярилцлагаас тань уншсан. Таныг амжилт гаргахад энэ захиас их нөлөөлсөн байх?

-Аав минь одоо ч тэгж хэлдэг. "Өмнөх ажлаа чин сэтгэлээсээ хий" гэж үргэлж захидаг. Тэгээд би ажилдаа сэтгэл зүрхээ зориулахаар амжилт ирдгийг ойлгосон.

Би дэвжээн дээрээ гарчихаараа цаг хэд болж байгааг ч мэддэггүй, хардаггүй. Цаг хугацаа маш хурдан өнгөрсөн байдаг.

Намайг дэвжээн дээр байхад над дээр хүмүүс “Сайн байна уу” гээд ирэхээр нь би "Сайн, сайн" гэдэг гэсэн. Тэгээд удахгүй би  нөгөө хүнээ хараад "Сайн байна уу?" гэхээр "Би түрүүн чамтай дугарсан шүү дээ" гэдэг. Тэгж ухаанаа алдтал бэлтгэлдээ анхаарлаа төвлөрүүлдэг юм  билээ. Би өөрөө ч хэн, юу гэж байгааг анзаарахгүйгээр дотор нь орчихдог юм байна гэж бодсон.

-Таны аав, ээж ямар зан, ааштай хүмүүс байдаг вэ. Та хэнийг нь илүү дуурайсан гэж боддог вэ?

-Аав минь намайг олимпын наадам шүүх болсныг сонсоод их баярласан. Манай аав их амархан уйлчихдаг хүн. Харин манай ээж юу ч болсон амар уйлахгүй ээ. Их тэвчээр, хатуужилтай. Өвдөж байсан ч юу ч дуугарахгүй. Би өөрийгөө ээжийнхээ тэсвэр, тэвчээртэй занг дуурайсан юм болов уу гэж боддог. Бас аавыгаа дуурайгаад сэтгэл амархан хөдөлдөг. Намайг гадаадын шүүгч найз нар маань "Төрбат" гэж аавын нэрээр дууддаг. Энхцэцэг гэж хэлж чаддаггүй юм. Гаднын нэг шүүгч намайг телевизээр гарч байхыг хараад “Энэ Монголын Төрбат ер нь инээдэг болов уу”  гэж хажуудаа байсан манай найзаас асуусан гэсэн. Уг нь би бодит амьдрал дээр их инээдэг хүн шүү дээ. Маазарч, хамт байгаа хүмүүсээ ч их  инээлгэдэг. Харин дэвжээн дээр гарахдаа л  ууртай юм шиг царай гаргаж төвлөрдөг.

 


Токиогийн олимпын шүүгч Т.ЭНХЦЭЦЭГ: Дэвжээн дээр “Өөрийнхөө хэн болохыг заавал харуулна” гэж амлаад гардаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188