• Өнөөдөр 2024-04-19

О.СЭРГЭЛЭН: Бид долоо хоногоос гурван сарын хугацаа үлдсэн хүнд эмчилгээ хийдэг

2021-02-14,   1053

-Хөгжиж буй орнуудаас элэг шилжүүлэн суулгах эмчилгээгээр манай улс хамгийн амжилттай яваа нь-

      Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын хамтарсан Элэг шилжүүлэн суулгах багийнхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн шагнал хүртсэн билээ. Тэд “Элэг шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нутагшуулсан нь” сэдэвт бүтээл туурвин, 2011 оноос хойш анагаахын шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэд нарийн технологи болох эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо өндөр түвшинд нутагшуулсан. Үүний үр дүнд 115 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж, Монголын анагаах ухааны хөгжил, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан юм. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч, Монгол Улсын хүний гавьяат эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэнтэй ярилцлаа.

-Юуны өмнө танд болон танай багийнханд баяр хүргэе. Төрийн шагнал хүртсэн хамгийн олон гишүүнтэй баг гэж дуулсан, үнэн үү?

-Баярлалаа. Би өмнө нь Монгол Улсын хүний гавьяат эмч хэмээх эрхэм хүндтэй цол хүртэж байлаа. Тухайн үед их баярлаж явсан. Энэ удаад бидний хөдөлмөрийг багаар нь үнэлж, дүгнэсэнд баяртай байна. Өдөр, шөнөгүй хамт зүтгэж байсан хамт олонтойгоо шагнал хүртэх мөч үнэхээр сайхан байлаа. Хэрвээ баг, хамт олон болон бусдын өмнө ганцаараа шагнал хүртсэн бол сэтгэл гонсгор байх байсан. Төрийн шагналыг анагаахын түүхэнд есөн хүнтэй баг, бүрэлдэхүүнд олгосон тохиолдол байдаггүй юм байна. Яагаад гэвэл, Төрийн шагналыг тав хүртэлх хүнтэй багт олгодог журамтай байдаг. Харин онцгой тохиолдолд хүний тоог харгалзан үзэхгүй байж болно гэж хуульд заасан байдаг юм байна.

-Танай багийнхан хэзээнээс гар нийлж, хамтран ажиллаж эхэлсэн бэ?

-2007 онд элэг шилжүүлэн суулгах төслийн баг байгуулагдаж байсан. Тэр үед Шинжлэх ухаан, технологийн газрын сангаас дөрвөн сая төгрөг авч, төсөл бичиж, элэг шилжүүлэн суулгах туршилт хийж байлаа. Бусад эмнэлгийн мэс заслын эмч нар болон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, сувилагч зэрэг 12 хүний бүрэлдэхүүнтэй  байгуулагдаж байсан юм. 2010 онд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийг  Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулж, мөн ЭХЭМҮТ, ХСҮТ-ийн эмч нарын хамтарсан томоохон баг бүрдүүлэх тушаал гарсан. Гэвч төдийлөн амжилттай байгаагүй учир Улсын нэгдүгээр төв эмнэлгийн  Б.Бямбадорж даргын тушаалаар 2011, 2014 онд 45 хүнтэй элэг шилжүүлэн суулгах багийг бүрдүүлж байлаа. Өнөөг хүртэл бид тус баг, хамт олноороо хамтран ажиллаж байна.

-Танай багийнхан анх хэзээ элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийсэн бэ?

-Бид амьд донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг 2011 оны есдүгээр сарын 24-нд БНСУ-ын Асан анагаах ухааны төвийн багш нартай хамтран хийж байсан. Асан анагаах ухааны сангаас санхүүжилтийг гаргаж, биднийг БНСУ-д сургадаг байлаа. Солонгос багш нар маань биднийг өөрийн улсдаа сургахаас гадна манай улсад багаараа ирж, бидэнтэй хамтарч ажиллана. Жилд хоёр удаа ирдэг. Тус хугацаанд дөрвөн хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэг байсан. Харин 2016 оноос Монголын баг элэг шилжүүлэн суулгах эмчилгээг бие даан хийж эхэлсэн.

-2016 оноос хойш гэхээр жилд ойролцоогоор хэдэн хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэг вэ?

-А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайд байхдаа элэг шилжүүлэн суулгах эмчилгээний зардлыг төсөвт суулгаж өгсөн юм. 2016 оноос улсын төсвөөс 65 сая төгрөгийн хөнгөлөлтөөр эмчилгээнд орох нөхцөл бүрдсэн. Үүнд өндөр өртөгтэй даатгалд хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмж багтдаг. Харин иргэд өндөр өртөгтэй даатгалд хэрэглэдэг багажийнхаа 25 хувийг өөрсдөө төлөх ёстой. Бид сард 3-4 хүн, жилд 24 хүнд улсын төсвийн хөнгөлөлтөөр элэг шилжүүлэн суулгах боломжтой. Түүнээс өмнө хувь хүн өөрөөсөө 85 сая төгрөг гаргаж, эмчилгээнд ордог байсан.

Бид элэг шилжүүлэн суулгах эмчилгээний дархлаа дарангуйлах эмийн судалгаа хийж байгаа

-Манай улс элэгний өвчлөл, үүнээс улбаатай нас баралтаараа дэлхийд тэргүүлдэг. Элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийх зөвшөөрлийг анх хэрхэн олж авсан бэ?

-Монгол Улсад элэгний эмгэг маш өндөр байдаг. Элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийж эхлэхээр зориглосон нь ч үүнтэй холбоотой. С.Ламбаа Эрүүл мэндийн сайд байхдаа Асан анагаах ухааны төвтэй гэрээ байгуулж, амьд донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийх зөвшөөрөл олгож байсан. 2012 онд БНСУ-ын эмч нар багаж, тоног төхөөрөмжөө авчирж, эмчилгээ хийдэг байлаа. 2012 онд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг багаж, тоног төхөөрөмж авах 2.6 тэрбум төгрөгийг төсөвлөж,  ингэснээр бид өөрсдийн багажтай болсон. Үе үеийн Засгийн газар, сайд нар биднийг ойлгож, тусалж, олон өөрчлөлтийг бий болгосон юм. Тухайн үеийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга хамгийн анх мэс засал хийх боломж олгож, биднийг дэмжиж ажилласан. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон элэг шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулахад тусалж, гар бие оролцож байна.

-Монголчуудын дунд элэгний өвчлөл өндөр байдгийн гол шалтгаан юу вэ?

-Монголчуудын 60-70 хувь нь В, С, Д вирусийн гаралтай элэгний өвчлөлтэй байдаг. Мөн хавдар үүсэх гол эх үүсвэр нь вирустэй холбоотой. Манай улс элэгний эмгэгийн улмаарх нас баралтаараа дэлхийн дунджаас даруй зургаа дахин их. 1950-1960-аад оны үед элэгний вирусийн тархалт үүссэн. Вирус тархаад зогсохгүй цааш үр хүүхэд, гэр бүлийнхэнд халдварладаг. Сүүлийн үед хоол хүнсний хэрэглээтэй холбоотой эрүүл амьдрах нөхцөл өөрчлөгдөж байна. Элэгний вирус цус, хөлс, бэлгийн замаар дамжиж байгаа гэх судалгаа бий. Элэгний С вирусийг эмчлэх эм гарсан. Д вирусийг эмчлэх эм удахгүй гарна. В вирусийн вакцин бий. Тиймээс элэгний өвчлөл буурна. Гэхдээ ойрын 10-15 жилд өвчлөл үргэлжилнэ.

-Эрхтэн шилжүүлэн суулгахад донор чухал үүрэгтэй шүү дээ. Манай улсад энэ талын хууль, эрх зүйн зохицуулалт ямар байна вэ?

-Донорыг тархины үхэлтэй болон амьд гэж ангилдаг. Европын орнуудад тархины үхэлтэй донор ашиглах нь элбэг. Европын эрхтэн солилцох холбоогоор дамжуулан улс хоорондоо донор солилцдог. Азид амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ илүү хөгжсөн. Яагаад гэвэл, Азийн орнууд шашин шүтлэг, уламжлалтай холбоотойгоор амьд донор их хэрэглэдэг. Тархины үхэлтэй донорын тогтолцоо сайн хөгжвөл 8-10 хүний амь аврах боломжтой. Бид Гандантэгчилэн хийдийн лам нартай уулзаж, энэ талаар ярилцаж байсан. Тэд “Эрхтний өглөг гэдэг дээдийн дээд буян байдаг юм” гэж хэлж байсан. Манайх жилд 7-8 хүнд тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгадаг. 100 гаруй хүнд амьд донор шилжүүлэн суулгадаг. Эрхтнээ хүнд зарах, донорын наймаа бий болвол тухайн улсын эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг ДЭМБ-аас зогсоодог. Монгол Улсын Донорын тухай хуульд эрхтнээ бэлэглэнэ гэх заалт бий. Мөн ах, дүү, хамаатан садан болон ойрын хүнээс донор авна гэж заасан байдаг.

-2016 онд анх элэг шилжүүлэн суулгах эмчилгээ бие даан хийхэд ямар сэтгэгдэл төрж байв?

-Эмч хүн аливаа зүйлийг шинээр хийхдээ айдастай тулгардаг. Яагаад гэвэл, бидний хийж буй ажил хүний амьтай шууд холбоотой. Анх элэг шилжүүлэн суулгах эмчилгээг БНСУ-ын эмч, багш нартай хамтран хийхдээ баярлаж байсан. Харьцангуй айдас бага байлаа.

2016 онд анх бие даан элэг шилжүүлэн суулгахад санаа зовоод, бидний нойр хүрээгүй. Тус хагалгаа 33 цаг үргэлжилсэн. Тухайн үед бид ядарсанаа ч мэдээгүй. Эхний долоо хоног айдас түгшүүртэй явсан. Тэгээд өвчтөний бие сайжирч эхлэхэд л урам, зориг орж байсан даа. Одоо хагалгааг 12-15 цагийн хооронд хийж байгаа.

-Бие даан хийсэн анхны хагалгаанд орсон өвчтөний биеийн байдал одоо ямар байдаг вэ?

-Эрүүл, саруул яваа. 2011 онд БНСУ-ын эмч нартай хамтарч хийсэн хагалгаанд орсон хүн тус улсад амьдардаг юм байна билээ.

-Та бүхний нэг баг болон гар нийлж, хамтран ажиллахад юу хамгийн их нөлөөлдөг вэ. Мөн одоо ямар судалгааны ажил хийж байгаа вэ?

-Улсын нэгдүгээр төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багийн гишүүдийн оролцоо, хөдөлмөр, ач тус бидэнд Төрийн шагнал болж ирлээ.

Бидний эрхэм зорилго бол хүний амь аврах. Бид элэгний өвчлөл эцсийн шатандаа орсон, долоон хоногоос гурван сарын настай хүнд эмчилгээ хийдэг. Тэдний амийг аварч, үр хүүхэд, хань ижилд нь буцааж "төрүүлж" өгнө гэдэг хамгийн сайхан. Хөгжиж буй орнуудаас элэг шилжүүлэн суулгах эмчилгээгээр манай улс хамгийн амжилттай яваа. Бид одоо элэг шилжүүлэн суулгах эмчилгээний дархлаа дарангуйлах эмийн судалгаа хийж байгаа.

Элэг шилжүүлэн суулгасны дараа бөөрний дутагдалд орж байна уу, монгол хүний биед ямар өөрчлөлт гарч байгаа болон ямар өөрчлөлт гарах боломжтой вэ  гэх мэт олон төрлийн судалгаа хийж байна. Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооноос тус судалгааг хийхэд тусалж, бидэнд санхүүжилт олгохоор патент гаргасан.

 

 


О.СЭРГЭЛЭН: Бид долоо хоногоос гурван сарын хугацаа үлдсэн хүнд эмчилгээ хийдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-13 14:34:55
    Зочин: Ннэ нөхдүүд эрхтэн солиулсан хүмүүс хэр удаан аьдарч бгаа талаарх судалгаагаа танилцуулах хэрэгтэйш тэ. Тэгж байж үр дүнгээр нь үнэлэх хэрэгтэйш тэ. Би л лав тийм судалгаа олж уншаагүй. Эдгээгээд бгаа юм уу алаад бгам юм уу гэдгээ судалгаатай тодорхоы болшох хэрэгтэй шүү дээ.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188