• Өнөөдөр 2024-03-29

Төрийн шагнал хүртсэн багийн ахлагч, эмч Г.АЯНГА: Олон хагалгаа хийснээрээ сайн эмч болдоггүй

2021-02-10,   1792

-Уруул, тагнайн сэтэрхий нарийн мэргэжлийн эмч нарын цогц эмчилгээгээр бүрэн эмчлэгддэг-

ЭХЭМҮТ-ийн  Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч Г.Аянга ахлагчтай, эмч Ж.Эрдэнэцогт, Д.Цэрэндулам, хэл, яриа заслын их эмч Б.Булган, эрүү, нүүрний гажиг заслын их эмч М.Эрдэнэсайхан нарын гишүүнтэй баг “Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн эмчилгээ, үйлчилгээг Монгол Улсын хэмжээнд цогц шийдсэн нь” бүтээлээрээ Төрийн шагнал хүртсэн билээ. Монголын анагаах ухааны шүд,  нүүр, ам судлалын салбараас анх удаа тус баг Төрийн шагнал хүртэж буй юм. ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Г.Аянгатай ярилцлаа.

-Танай баг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн шагнал хүртлээ. Юуны өмнө тус шагналын эзэд болсонд баяр хүргэе?

-Баярлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагынхаа эмч, ажилтнуудыг дэмжиж, урам зориг өгч, эмнэлгийн байгууллагын ололт амжилтыг  тодруулж, түмэн олонд харуулсанд манай баг, хамт олон туйлын баяртай байна. Олон мянган эмчид ажиллах урам зориг өгсөн шагнал байлаа. Манай баг, хамт олноор төлөөлүүлэн Монгол Улсын  эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдыг урамшуулж байна гэж ойлгосон.

-Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийг эмчлэх эмчилгээг Монголд хэзээнээс хийж эхэлсэн бэ?

-Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийг эмчлэх мэс заслыг анх 1965 онд Анагаах ухааны доктор Ц.Цэрэн эмч маань тухайн үеийн Шүд, нүүр, ам судлалын хамт олонтой хамтран хийж байсан. 1992 онд ЭХЭМҮТ-д Хүүхдийн эрүү, нүүрний мэс заслын тасаг байгуулагдсанаар уруул, тагнайн сэтэрхийн мэс заслын эмчилгээ, үйлчилгээг хариуцан ажиллах боломж бүрдсэн юм.Уруул, тагнайн сэтэрхийн эмгэг нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан цогц эмчилгээгээр бүрэн эмчлэгддэгЭрүү, нүүрний гажиг засал, уруул, тагнайн сэтэрхий, хэл яриа засал, чих, хамар хоолой гэх мэт олон нарийн мэргэжлийн эмч нар ажилладаг. Олон чадварлаг эмч, ажилчдын эхлүүлсэн ажлыг бид үр бүтээлтэй үргэлжлүүлж байна.

Уруул, тагнайн сэтэрхийг эмчилдэг ганц төв нь ЭХЭМҮТ шүү дээ

-Хөдөө орон нутгийн 3300 орчим хүүхдэд уруул, тагнайн сэтэрхийн мэс засал хийсэн гэсэн бахархам тоо байсан. Энэ бол та бүхний амжилтын нэгээхэн хэсэг байх?

-Манай багийнхан 1998 оноос хойш хөдөө, орон нутагт хүмүүнлэгийн ажлаар 3300 орчим хүүхдийн тагнай, уруулын сэтэрхийг эмчилсэн. Жилд 4-5 аймаг руу явж, эмчилгээ хийдэг. Өнөөдрийг хүртэл 88 удаагийн хүмүүнлэгийн аялал зохион байгуулсан байна. Нэг удаагийн аялалд долоо хоногийн хугацаатай явдаг. Орон нутгийн эмч нарт урьдчилан мэдэгдэж, уруул, тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдийг эмчлүүлэхээр бэлтгэдэг.  Уруул, тагнайн сэтэрхийг эмчилдэг ганц төв нь ЭХЭМҮТ шүү дээ. Бусад газар одоогоор эмчилгээ хийхгүй байна. Дээрх  хүүхдүүд хөдөөнөөс Улаанбаатар хотод ирж эмчилгээ хийлгэсэн бол гэж тооцож үзвэл, зөвхөн замын зардалд 300 сая гаруй төгрөг зарцуулна. Хэрвээ гадаад улс руу явж эмчлүүлсэн үүнээс хэд дахин их зардал гарна.  

Агаарын бохирдол буюу жирэмсэн эхийн тамхидалт ургийн хөгжлийн гажиг үүсгэх том хүчин зүйл болж байна

-Танай тасаг үүсэн байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хэчнээн хүүхдэд уруул, тагнайн сэтэрхийг эмчлэх мэс засал хийсэн бэ?

-Манай тасаг үүсгэн байгуулагдаад 30 орчим жил болж байна. 10 мянга орчим хүүхдэд энэ төрлийн эмчилгээ хийсэн.  

-Сүүлийн жилүүдэд уруул, тагнайн сэтэрхийтэй хүүхдүүд хэр их төрж байна вэ?

-Хүний бие, эрхтэнд тохиолдох олон төрлийн гажиг байдаг. ДЭМБ-ын судалгаагаар одоогийн байдлаар хүний бие эрхтэнд тохиолддог 2000 орчим төрлийн төрөлхийн гаж өвчлөл бий гэх тооцоо гарсан. Үүний нэг  нь уруул, тагнайн сэтэрхий юм. Тус гаж өвчин нь дээрх өвчлөлүүдээс 2-4-т ордог. Элбэг тохиолддог гаж өвчин гэсэн үг. Бидний 2012 онд хийсэн судалгаагаар манай улсын хувьд  1000 орчим хүнд нэг тохиолдож байна гэж гарсан. Энэ төрлийн судалгааны ажил үргэлжилж байгаа. Хараахан үр дүн гараагүй байна.

Хүүхдийн нүүрэн дээр хийдэг, гоо сайхны нарийн чимхлүүр ажил, төвөгтэй гэдэг талаасаа бусад ерөнхий мэргэжлийн хагалгаатай харьцуулашгүй

-Уруул, тагнайн сэтэрхийтэй төрөх гол шалтгаан юу вэ?

-Энэхүү эмгэгийг анагаах ухааны нэршлээр олон төрлийн шалтгаант гаж өвчлөл гэж нэрлэдэг. Удамших хандлагатай. Гэхдээ удамшдаггүй тохиолдол элбэг.  Төрөлхийн гаж өвчин үүсэж буй гол шалтгааныг өнөөгийн анагаах ухаан бүрэн гүйцэд тогтоогоогүй. Одоогоор олон төрлийн шалтгаантай хамаатуулан судалж байгаа. Тодруулж хэлэхэд, агаарын бохирдол буюу жирэмсэн эхийн тамхидалт ургийн хөгжлийн гажиг үүсгэх том хүчин зүйл болж байна. Төрөлхийн гаж өвчлөлийг мэс заслын аргаар эмчилдэг. Тийм учраас хүүхдийн хэвлийн, цээжний хөндийн, эрүү, нүүрний, чих, хамар, хоолойн гэх мэт олон төрлийн хүүхдийн мэс заслын эмч байдаг.  Хүүхдийн эрхтний төрөлхийн гаж өвчлөл байдаг. Тус өвчлөлийг хүүхэд насанд нь анагаах ёстой. Харин олдмол эмгэгүүдээс урьдчилан сэргийлж болдог. Жишээлбэл, зүрх судас, хоол боловсруулах эрхтний өвчлөлүүдийг хоол хүнсээ тохируулах, амьдралын зөв дадал зуршилтай байх зэргээр урьдчилан сэргийлж болно. Мөн эмийн эмчилгээгээр эмчилж болдог. Үүгээрээ хүүхдийн төрөлхийн гаж өвчлөл бусад төрлийн өвчлөлүүдээс ялгаатай.

-Төрөлхийн гаж өвчлөлүүдээс ямар төрлийн өвчин давамгайлж байна вэ. Тэдгээр өвчлөлийг эхийн хэвлийд байхад нь эмчлэх боломжтой юу?

-Зүрх судасны эрхтэн тогтолцооны гаж өвчлөл хамгийн элбэг тохиолддог. Эхийн хэвлийд байхад нь ургийг эмчлэх боломжгүй. Гаж өвчний төрлөөс шалтгаалж эмчлэх хугацаа янз бүр байдаг. Анагаахын шинжлэх ухаан бол туршилтын шинжлэх ухаан. Эхийн хэвлийд ургийн гаж өвчлөлийг эмчлэх судалгааны ажлууд өндөр хөгжилтэй орнуудад туршилтаар хийгддэг. Гэхдээ үр дүн харилцан адилгүй гарч байгаа. Сүүлийн жилүүдэд хүүхдийн шүд цооролт, түүний хүндрэлээс улбаалсан эрүү, нүүрний үрэвсэлт өвчлөлүүд их тохиолддог болсон. Гурван жилийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Засгийн газар “Эрүүл хүүхэд-Эрүүл шүд” хэмээх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүн удахгүй гарах байх гэж найдаж байна.

-Та мэс заслын эмч хэмээх мэргэжлийг яагаад сонгох болов. Хамгийн анх ямар төрлийн мэс засал хийсэн бэ?

-Би хүүхэд байхдаа онгоцны нисгэгч болно гэж боддог байлаа. Эмч болно гэж огт бодож байгаагүй. Би 1993 онд сургуулиа төгсчихөөд анхны хагалгаагаа хийж байсан.  Шүдний гаралтай эрүү, нүүрний орчмын идээт үрэвсэлтэй хүүхдэд идээт үрэвсэл авах хагалгаа хийж байлаа.

Хүзүү, эгэм болон эрүүн доогуур тархмал байрлалтай төрөлхийн хавдрыг авах хагалгааг эргэн санахад хамгийн төвөгтэй нь байсан юм байна

-Өнгөрсөн хугацаанд таны хийж байсан мэс заслын ажлуудаас хамгийн хүнд нь ямар хагалгаа байв?

-6-8 цаг, 10-12 цаг үргэлжлэх мэс засал олон тохиолддог. Үргэлжилсэн цаг хугацаагаараа эдгээр хагалгаа хүнд хэмээн нэрлэгддэг. Эрүү, нүүрний мэс заслын хагалгаа нарийн чимхлүүр ажил ихтэй. Хүүхдийн нүүрэн дээр хийдэг, гоо сайхны нарийн чимхлүүр ажил, төвөгтэй гэдэг талаасаа бусад ерөнхий мэргэжлийн хагалгаатай харьцуулашгүй. Ерөнхий мэс заслын хагалгаа хэвлий нээж, хуруу гараа хийж өвчнийг авч, буцаан оёдог. Гэтэл эрүү, нүүрний мэс засал бол тухайн өвчнийг эмчлэхээс гадна гоо сайханд анхаарч байдаг учир төвөгтэй хагалгааны тоонд ордог. Хүзүү, эгэм болон эрүүн доогуур тархмал байрлалтай төрөлхийн хавдрыг авах хагалгааг эргэн санахад хамгийн төвөгтэй нь байсан юм байна. Хавдар нь хүүхдийн амьсгалын замыг шахаж, аминд нь хүрэх гээд байсан болохоор төрөөд нэг хоносны дараа хагалгаа хийж байсан. 6-8 цаг үргэлжилсэн хүнд хагалгаа болж байсан санагдана.

-Тухайн гаж өвчлөл хүүхдийн аминд шууд нөлөөлөхгүй бол хэдий хугацааны дараа хагалгаанд оруулах боломжтой вэ?

-Чухал эрхтнийх нь үйл ажиллагааг дардаг, шахдаг, саатуулдаг гаж өвчлөл байвал нэн яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай. Харьцангуй гайгүй бол хүүхдийг торниулж байж хагалгаанд оруулбал мэс засал  үр дүнтэй болдог. Жишээлбэл, уруулын сэтэрхий хүүхдийн аминд даруй нөлөөлөхгүй учир гурван сар хүртэл торниулж байж хагалгаанд оруулдаг.

-Та ямар сургуулиудад мэргэжил дээшлүүлсэн бэ?

-Би Анагаах ухааны их сургууль төгссөн. Мөн Монгол Улсдаа нарийн мэргэжил эзэмших курс төгсөж, 10 жилийн өмнө Тайван Улсад мэргэжил дээшлүүлсэн. Харин богино хугацаанд гаднын орны эмнэлгүүдтэй танилцах, эмч нарын туршлага, арга барилыг судлах зэргээр олон орноор явж байлаа.

-Танд болон танай баг, хамт олонд үргэлжлүүлэн хийх ямар судалгаа байна вэ. Монголд нутагшуулах боломжтой эмчилгээ бий юү?

-Миний шавь нар болон эмч нар тагнай, уруулын сэтэрхийн мэс заслын эмчилгээнийхээ үр дүнг бусад үйл ажиллагааны үр дүнтэй харьцуулж, судалгааны ажлаа үргэлжлүүлж байгаа.

Нүүрний яс нөхөн сэргээх мэс заслыг сүүлийн зургаа, долоон жилд нутагшуулсан. Мөн чихний дутуу хөгжил гэж байдаг. Үүнийг хүүхдийн өөрийнх нь мөгөөрсөөр нөхөн сэргээх  мэс заслыг манай эмч нар нутагшууллаа.

Эдгээр төрлийн мэс заслыг Монгол Улсад ЭХЭМҮТ-өөс өөр газар хийхгүй байгаа. Цаашид эдгээр ажлаа улам төгөлдөршүүлж, сайжруулах зорилготой байна.

-Нарийн мэргэжлийн мас заслын эмчийн хувьд залуу эмч нар болон эмч болох сонирхолтой хүүхдүүдэд юу гэж захих вэ?

-Эмч хүн хүнтэй ажиллаж байгаа гэдгээ мэдэрдэг байх хэрэгтэй. Олон хагалгаа хийснээрээ сайн эмч болдоггүй юм. Эмч хүн зөв хандлагатай байх ёстой. Ажилдаа ирэхдээ өвдсөн, зовсон хүмүүс өөрийг нь хүлээж байгаа гэдгийг ойлгож, үргэлж энэ талаар боддог байх ёстой. Эмч хүн бүдүүлэг, их зантай байж болохгүй. Эмч хүн бурхан биш шүү дээ. Өөрийнхөө мэдэхгүй, чадахгүй эмчилгээг өвчтөндөө “Уучлаарай, би таны эмгэгийг сайн мэдэхгүй юм. Эсвэл би сайн эмчилж чадахгүй байна. Тийм учраас та энэ газар руу хандаарай” гэж ичиж зовохгүй хэлж чаддаг зоригтой байх ёстой. Өвчтөндөө тус болж байгаа ч  юм шиг,  үгүй ч юм шиг уядаг байдал ажиглагддаг шүү.

 


Төрийн шагнал хүртсэн багийн ахлагч, эмч Г.АЯНГА: Олон хагалгаа хийснээрээ сайн эмч болдоггүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-14 23:45:15
    Parasat: Ayanga mundag emch shuu dee. Emchiin xvntei xariltsax xariltsaa mash ih goy bn. Ayanga emchtei baharhaj yabdag chvv. Urt nasalj, udaan jargaarai
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188