• Өнөөдөр 2024-04-27

Н.ЭНХТАЙВАН: Хүүхдийн зохиолч, хүүхдийн оюун санааны "инженер" байдаг

2021-01-09,   2594

-Үлгэрийн юм шиг бага нас минь уран зохиолтой салшгүй холбоотой-

Монголын Хүүхдийн зохиолчдын холбооны тэргүүн, хүүхдийн зохиолч, найруулагч, дэд профессор Н.Энхтайвантай түүний бага нас, зохиол бүтээл, хүүхдийн уран зохиолын талаар ярилцлаа.

-Зохиолч хүний хүүхэд нас бусдынхаас өөр байдаг болов уу. Таны хүүхэд насны тухай асуултаар ярилцлагаа эхэлье?

-Хүн болгоны хүүхэд нас аз жаргалтай, баяр хөөртэй, инээдэм наргиантай, дуу хууртай, хөгжилтэй байдаг. Миний бага нас үлгэрийн юм шиг сайхан байлаа. Би алс баруун хязгаарынх биш, өмнийн шаргал  говийнх ч биш, дорнын уудам талынх ч биш. Арын сайхан хангайн сарлаг, хайнагтай нутгийн Тэрхийн цагаан нуураар нутаглаж байсан өвөг дээдсээс удамтай нэгэн. Агваанжамбын  Норовпэрэнлэй  гэж миний аав нутаг усандаа бичиг үсгийн өндөр боловсролтой, Архангайн аймгийн Тариат сумын шинэ үсгийн анхны багш хүн байсан юм. Тэрхийн голын хүүхэн, Тэсийн голын унага гэдэг шиг ээж минь Ёндонгийн Норовсамбуу гэж үйлэнд уран, үгэнд цэцэн, их хошигнож ярьдаг, үлгэр домог хүүрнэдэг, зүс царай сайхантай Архангайн аймгийн  Мөрөн сумын  хүн байлаа.  

Харин  би Монголын хойд хил  болох Сэлэнгэ аймгийн Алтанбулагт  төрсөн юм.  Бага байхад танайх аль нутгийнх вэ гэхэд Архангайн Тариат гэвэл  “Өө танк "хүлдэг” нутгийнх шив дээ" гэж томчууд цаашлуулахад  би маш  их ичдэг байж билээ. 

-Академич, бичгийн их хүн  Бямбын Ринчен гуай  Алтанбулагт төрсөн биз дээ?         

-Тийм ээ. Бямбын Ренчин гуай Алтанбулагийнх. Манай аавыг ганган Нооёо, өндөр Нооёо  гэж нэрлэдэг сэн. Алтанбулагийн хоршоодын холбоонд  ажиллаж байхад нь  тэр үеийн Худалдаа, үйлдвэрлэлийн яамнаас Зүүнхараа хотод  Худалдааны трест  шинээр байгуулагдаж байгаа гэж томилолт өгч, бид  Зүүнхараагийн айл болсон юм. Тэр үед манай Зүүнхараа дэлгүүр хоршоо олонтой  байлаа. Төв гудамжны хоёр талаар төрөл бүрийн барааны,  номын,  хүнсний, гэр ахуйн, махны,  ногооны гээд тус тусдаа төрөлжсөн дэлгүүрүүдтэй.  Хотын уншлагын  том номын сантай, шавраар барьчихсан монгол гэртэй, хүүхдийн тоглоомтой, цэцэрлэгт хүрээлэнтэй, ажилчдын дөрвөн ч  клубтэй байсан юм. Одоо бодоход худалдааны болон соёлын том төвтэй байж. Энэ нь хүн ам олонтой байсантай холбоотой байх. Миний төрж, өссөн  Зүүнхараа хот намайг бага байхад монгол, орос, хятад сургуультай, монгол, орос, буриад, хятад нийлсэн 11000 гаруй хүн амтай, ер бусын  гоё, нов ногоон, том хот байлаа. Өдөржин, шөнөжин галт тэрэг дохиогоо хангинуулан түжигнэн явж, олон улсын галт тэрэг ирэхэд орос эрчүүд баян хөгжим хангинуулж, авгай хүүхнүүд эрээн палаажныхаа хормойг дэрвэлзүүлэн бүжиж, хүүхэд бид  баясан,  гар даллан гүйдэг байлаа.

-Зүүнхарааг их өвөрмөц соёл, хөгжилтэй, Оросын хот шиг газар гэж одоо ч хүмүүс ярьдаг. Таны ярианаас бүр нүдэнд харагдаж байна шүү?

-Манай Зүүнхараад  олон газраас ирсэн, олон соёлыг тээж яваа хүмүүс амьдардаг байлаа. Биенээ гадуурхана гэж үгүй, харин ч зэрэгцэн оршиж, бие биеийнхээ аж амьдрал, ахуй соёл, ёс  заншлаас харилцан суралцаж, нэгнээ хүндэлдэг байжээ гэж одоо  боддог юм.  Жалга довны үзэл одоо ч байдаггүй нь сайхан шүү. Би багаасаа дуулж, бүжиглэх их дуртай хүүхэд байлаа.  Дүү нартайгаа концерт тоглож байна гээд утасны модон дамрыг оймсон дотроо хийчихээд донжин донжин алхлаад орныхоо торон хөшигний наана зогсож зарлахад эмээ, ээж хоёр маань ихэд инээдэг сэн. Зүүнхараа оросууд ихтэй болохоор шинэ жилийг их өргөн тэмдэглэнэ. Айл болгон л  мөнх ногоон гацуур чимэглэнэ. Шинэ жилээр аав маань Зүүнхараа хотын өвлийн өвгөн болж, дүү Энхтуяа бид хоёр энхийн цагаан тагтаа болж, бүжиглэдэг сэн. 

Аав маань дуулдаг, баян хуур хөгжим тоглодог, илбэ үзүүлдэг, их авьяастай хүн байлаа. Өвөө "Энэ Н.Энхтайван аавыгаа дуурайсан авьяастай, урлагийн хүн болох байх"  гэдэг сэн.  Би мандалин хөгжмөөр орос ардын дуу “Сарны туяа”-г шаггүй тоглож, ангийнхаа хөвгүүдтэй  урлагийн үзлэгээр гитар хамтран дарж, Ч.Ойдовын “Жаргалыг хүссэн Мөнхөө” жүжгийг ангиараа тоглож Баруунхараа, Түнхэлийн сургуулиар одоогийнхоор бол аялан тоглолт хийж явлаа.

Би орос хүүхдүүдтэй тоглож, найзалж, амьтан, шувуу тэжээж, өвөл чаргандаа нохойгоо хөллөж, гахайн сүрлэнд явж, эмээдээ “хэзээ монгол хүн чинь нохой хөллөж байсан юм, муу ёр” гэж загнуулж явсан, сониучхан, амьтанд хайртай, байгальд дуртай, ажилсаг охин байж, одоо бодоход.

-Таны хүүхдэд зориулсан бүтээлүүд голдуу байгаль дэлхийг хайрлах, ан амьтан, жигүүртэн шувуудын тухай байдаг нь бага настай тань холбоотой санагдлаа.  Та “Ногоон дэлхий” хүүхдийн цуврал ном гаргах болсон тухайгаа ярьж өгөөч ?

-Би 2003 оноос эхлэн “Ногоон дэлхий”  байгаль, экологи, ургамал, амьтан, шувуудын тухай хүүхдийн цуврал  ном бичиж, өдгөө 15 цуврал гаргаад байна.  Ногоон дэлхий цуврал маань миний бага настай салшгүй холбоотой. Нийтдээ 20 гаруй ном туурвисан байна. 2019 онд БНХАУ-ын  ӨМӨЗО-ы Ардын хэвлэлийн хорооноос  “Ногоон дэлхий” 15 цуврал  номыг монгол бичигт буулган Өвөрмонголын хүүхэд, багачууд уншигчдын хүртээл болгосон. “Сонирхолтой амьтан ургамал” ном харааны бэрхшээлтэй хүүхэд залууст зориулагдан анх удаа баррелиар хэвлэгдсэн. Дэлхийн банкнаас зарласан уралдаанд “Ногоон дэлхий” 15 цуврал  ном маань шалгарч, улсын хэмжээний ерөнхий боловсролын 556 сургуулийн сурагчдад зориулан түгээсэн. Энэ явдал хүүхдийн зохиолч надад маш их урам өгсөн.

-НОМЫН ГЭГЭЭН ЕРТӨНЦӨД ЭЭЖ, ААВ МИНЬ ХӨТӨЛЖ ОРУУЛСАН-

-Та багадаа ямар ном, зохиол уншиж өссөн бэ. Ямар зохиолд хамгийн их дуртай байв. Хэзээнээс хүүхдийн зохиол бичиж эхэлсэн бэ?

-Бидний  үеийнхэн эмээ, өвөө, аав, ээжээсээ үлгэр сонсож, үлгэрийн, ер бусын гайхамшигт сайханд автаж, дүрслэн харж, ургуулан бодож, биширч, уншиж  номонд дурлаж өссөн хүмүүс.

Манай эмээ Хандаа болон эмээгийн төрсөн дүү Лхамсүрэн эгчийг хүмүүс ой, цээж сайтай, цэцэн цэлмэг яриатай гэдэг  байсан юм. Архангайн Тариатын хүрээний бослого, Эрээн модонд эсэргүүнээс нуугдаж байсан ногоон малгайт Дамдинсүрэнгийн тухай сонин хачин зүйлс бидэнд их ярьж өгнө. Бас бага байхад  ээж бидэнд олон сайхан үлгэр  ярьж өгдөг байлаа. Одоо бодоход их олон үлгэр мэддэг хүн байсан байгаа юм. Манай  ард түмэн ардын аман зохиолын  баялаг өв уламжлалтай. Түүний  дотроос үлгэр чухал байр суурийг эзэлдэг.  Уран  яруу сайхнаар амнаас ам дамжин зохиогдсон ард түмний эрдэнэс бол үлгэр юм.

Үлгэрийн хүмүүжүүлэх ач холбогдол асар их. Ээж бидэнд “Болдоггүй бор өвгөн”, “Есгөлдэй өвгөний есөн хүү”, “Цуутын цагаагч гүү”, “Арсландай мэргэн хаан”, “Элдээ, Дэлдээ хоёр”, “Яриг цагаан ингэний Сариг цагаан ботго”, “Эрийн сайн хар нүдэн Цэвээн хүү”  гээд олон сайхан үлгэр ярьж өгнө. “Эрийн сайн хар нүдэн Цэвээн хүү”  үлгэрийг ээж

"Эрт урд цагийн эхэнд, муу цагийн сүүлд

Сүмбэр уулыг гүвээ байхад

Сүн далайг шалбааг байхад

Хангардийг тас байхад

Хулан зээрийг унага байхад

Долоон насандаа доргилонхон өссөн

Эрийн сайн хар нүдэн Цэвээн хүү байж гэнэ ээ" гээд л урсгаж гарна. Ямар гайхалтай уран дүрслэл вэ. Тэр чигээрээ уран зураг, үгийн гайхамшиг гэж энэ.  Эхлээд сонсож сурлаа. Дараа нь өөрөө уншиж  сураад номын амтанд орсон доо.

 Би ном уншиж, номын амтанд орсон талаараа  нэг  дурсамж яръя. Аав маань Худалдааны трестийн социалист хөдөлмөрийн төлөө сэхээтний бригадын  ахлагч байсан болохоор хамт олноо  удирдан  соёл хүмүүжил, спорт, урлагийн олон талт ажил зохион явуулж, өөрөө манлайлж, бригадынхаа гишүүн айл өрхүүдийг гэрийн номын сантай болгосон юм. Намайг сургуульд ороход л манайх маш баялаг, олон гоё номтой гэрийн номын сантай байсан нь намайг хорвоо ертөнцийн сайхан болгонтой учруулж, ном уншихын сайхныг мэдрүүлсэн дээ.

-Та их баялаг номын сантай юм байна. Багаас тань өвлөгдсөн байх нь ээ ?

 -Миний хамгийн том өмч бол төрсөн гэрээс минь надад өвлөгдсөн оюуны мэлмийг нээгч сайхан энэ сайхан номс. Ийм сайхан номын өрөөтэйдөө би бахархдаг юм. Хүнд юу байна, түүгээрээ баян гэдэг шиг номоор баян байх сайхан шүү.

Аав, ээж хоёр минь намайг номонд дуртай болгосон юм. Ээж маань II ангийн жаахан  шар  охиноо дагуулан хотын номын сангийн дарга Зул гуай  дээр аваачиж, ном унших эрхийн бичиг болох карт нээлгэж өгсөн нь миний амьдралд хамгийн гоё, мартагдашгүй дурсамжтай үйл явдал болсон юм. Би тийм олон номтой номын сан байдаг гэдгийг  анх удаа харж, гайхаж, баярлаж, хөөрч байлаа.

Тэр цагаас өнөөдрийг хүртэл номтой нөхөрлөж байгаа нь аав, ээжийн минь ач юм. 

-Таныг уран зохиолд дуртай болоход аав, ээж тань их нөлөөлж, үлгэр дуурайлал үзүүлжээ дээ?

-Ер нь гэр бүлийн суурь хүмүүжил хүн байхын үндсийг тавьж өгдөг гэж би боддог. Жаахан охиноо номын гэрэлт, гэгээн  ертөнцтэй  таниулах гэж хөтөлж явсан ээж минь намайг хорвоо ертөнцийн сайхныг таньж, мэдэх оюуны түлхүүр болох номтой насан турш холбосон ачтан юм.

Би тэр үеэс л номтой нөхөрлөж, номын амтанд орж, бүр хорхойсож, заримдаа "Гэрийн ажил хийсэнгүй, өдөржин ном шагайгаад" гэж хааяа хааяахан ээжээсээ зэмлэл хүртдэг байлаа. Бага ангид байхдаа аавынхаа  ажил дээр очиж, номын дэлгүүрээс заавал ном авахуулна. Бас хүнсний дэлгүүрээр заавал орно. Учир нь худалдагч эгч "Нооёогийн шар охин" гээд л баавгайтай чихэр, улаан малгайт атгаад өгдөг болохоор “хувиа” авах гэж  тэр шүү дээ. IV ангидаа шинэ жилээр сургуулийнхаа  уншлагын аварга боллоо. Нэрээ дуудсаныг ч мэдсэнгүй баярын бичиг, бэлэг хоёроор шагнуулж, анхны шагналаа  тас тэвэрч, хар хурдаараа гүйн, хашгирсаар гэртээ орж аав, ээж, эмээ, өвөөгөөсөө “Номтой хүн болох нь” гэж магтуулж байв.

“Монте Кристо гүн”, “Морь унасан толгойгүй хүн” сонгодог зохиолыг ангидаа уншаад, үйл явдлыг нь найзууддаа кино шиг зураглаж ярьж өгдөг охин байлаа. Ном их уншдаг, дүрсэлж зураглаж ярьдаг байсан минь хожим театрын жүжигчин, найруулагч болоход нөлөөлсөн байх. Намайг уран зохиолд улам дур сонирхолтой болоход нөлөөлсөн нэг хүн бол 10 жилийн монгол хэл, уран зохиолын багш Балжинням. Багшийгаа дурсахгүй байхын аргагүй. Уран зохиолын хичээлийг нүдэнд харагдтал сайхан заана. Манай ангийнхан уран зохиолын хичээл орох өдөр бөөн баяр хөөртэй, шуугиантай байдаг байлаа. Хичээлээ маш сонирхолтой  заадаг, шүлэг их гоё уншдаг, яг жүжигчин шиг уншдаг байлаа. Бид яг багш шигээ уран, яруу унших гэж  коридорын булан тохойд шүлэг бичсэн дэвтрээ бариад цээжилж, бие биендээ уншиж өгдөг байсан юм. Балжинням багш  маань уран зохиолын дугуйлан хичээллүүлдэг байсан.

Манай ангиас 10 гаруй хүүхэд дугуйланд хамрагддаг  байсан санагдана. Гэтэл Улаанбаатараас МУИС-ийн төгсөх курсын Орхонсэлэнгэ, Базарсад гэж хоёр оюутан дадлагын  багшаар ирлээ. Өндөр нуруутай  уран цэцэн  яриатай, Орхонсэлэнгэ багш алиа хошин зантай хүн байсан юм. Яагаав, Орхонсэлэнгэ багш маань Гарьд магнай киноны Жүрмэд шүү дээ. Тэр дүрээрээ алдаршсан. Орхонсэлэнгэ багштайгаа би хожим театрт жүжигчин болчихсон хойноо Төв аймгийн Баянчандмань суманд манай театрынхан “Гарьд Магнай” киноны зураг авалтанд оролцох гэж очих  үеэр олон жилийн дараа багштайгаа  урлаг, уран зохиолын  ачаар дахин уулзсан юм. Тэр хоёр  хоёулаа яруу найраг бичдэг  байсан болохоор бидэнд шүлэгнээсээ уншиж өгч бас дугуйланд хичээл орох болсон нь бидэнд бүр ч  сонирхолтой байсан.Балжинням багш бидэнд урам өгч тэр үеийн “Пионерийн  үнэн” сонинд миний жижгэвтэр хоёр шүлэг хэвлэгдэж, сургуулийнхаа ханын сонинд хүртэл гарч баясан хөөрч байлаа. Базарсад багш хожмоо нэртэй сайн яруу найрагч болсон байж билээ. Төрсөн нутаг нь Баруунхараа  байсан юм билээ.

-Уран зохиол таныг амьдралд хөтөлж, тэгээд бүр уран зохиолын багш мэргэжлийг сонгоход нөлөөлсөн санагдлаа?

-Уран зохиолын багш, дадлагын хоёр багштай хамт сурагчдад  уран зохиол, зохиолчдын талаар сонин хачин ярьж, шүлэг уншиж өгнө.   Бидний бичсэн шүлгийг маань засаж, залруулж, урам өгч магтдаг байсан нь би яг л ийм сайхан мэдлэгтэй, уран зохиолын талаар урсгаад л ярьдаг багш болох сон гэх хүслийг бадрааж,  УБДС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийн оюутан болж билээ.

УБДС-ийн  Монгол хэл, уран зохиолын ангид оюутан байхдаа эрдэмтэн багш нарынхаа ачаар  Монголын болон өрнө, дорнын сонгодог уран зохиолуудын дээжийг уншиж, судалж уран зохиолын амтанд орж байлаа. Өнөөгийн Монголын уран зохиолын ертөнцөд алдар нэрээ гаргаж байгаа олны танил болсон  зохиолчидтой, Монголын зохиолчдын эвлэлийн дарга, СГЗ Д.Цэнджав, СГЗ Г.Мэнд-Ооёо, СГЗ Ш.Гүрбазар, СГЗ Ү.Хүрэлбаатар, доктор судлаач  Р.Чүлтэмсүрэн зэрэг авьяас билэг нь ундарсан  залуустай сурч байснаараа бахархдаг.

Монгол хэл, уран зохиолын багш гэсэн сайхан мэргэжлийг эзэмшиж, насан туршдаа номын ертөнц, хүүхдийн баяр хөөртэй, хөгжөөнтэй, гэгээлэг, ариун  ертөнцөд амьдарч явна.

 

-Уран зохиолын багш хүн урлагийн зам руу орж, жүжигчин, найруулагч  болсон нь гайхмаар юм. Энэ түүхээсээ сонирхуулаач?

-Сургуулиа төгсөөд би Зүүнхараа хотынхоо нэгдүгээр 10 жилд Монгол хэл, уран зохиолын багшаар ажлын гараагаа эхэлсэн. Манай гэр бүлийн хүн Төв аймгийн театрын ерөнхий найруулагчаар томилогдсоноор бид Төв аймаг руу нүүсэн. Тэр үед Төв аймагт мэргэжлийн урлагийн байгууллага Театр байгуулагдаж байсан болохоор авьяас, сонирхолтой олон залуусыг шалгаруулж авч байсан юм. Би урлагт дур сонирхолтой байсан болохоор шалгуулаад үзье гэж зориглосны ачаар шалгалтад тэнцэж, жүжигчний ангид хувиарлагдсан түүхтэй. Төв аймгийн Хөгжимт драмын театрт драмын жүжигчнээр ажиллаж, чамгүй амжилт гаргаж, Францын жүжгийн зохиолч Жан Батист Мольерын “Бэрд” жүжгийн Фрозинагийн дүрээр тэр үеийн Соёлын яамны шилдэг  дүрийн шагнал, Эвлэлийн төв хорооны шагнал зэрэг шагналуудыг авч байлаа. Монгол хэл, уран зохиолын багш  мэргэжилтэй болохоор эрдэмтэн багш нарынхаа зааж сургаснаар ном зохиол  овоо уншсан минь нөлөөлсөн шиг байгаа юм. Тэгээд дараа нь

ЗХУ-ын Дорнод Сибирийн Соёл урлагийн академид Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий найруулагч, Ардын жүжигчин, төрийн шагналт  Николай Ефреемович Лагачёв, Буриадын Хоце Намсрайжавын нэрэмжит  Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч  Ардын жүжигчин Владимир Ильич Кондратев  нарын удирдлаганд таван жил суралцан театрын найруулагч мэргэжилтэй болж, эрдэмтэн багш нараасаа их зүйлийг сурсан. Улмаар хүүхдийн зохиолч болсон маань бүгд ном гэдэг  агуу зүйлээр холбогдсонтой холбоотой. Ингээд чиний хэлсэнчлэн, би урлаг уран зохиол хоёрыг хослуулсан  хос морьтой яваа маань энэ.

Театрын найруулагч, жүжигчин хүнийг хүн судлаач гэдэг.  Хүн судална гэдэг амьдрал судална гэсэн үг. Уран зохиол амьдралын сурах бичиг. Ийм болохоор миний эзэмшсэн хоёр мэргэжил намайг хүүхдийн уран зохиол руу илүү ихээр татаж, хүүхдийн зохиолч гэсэн хариуцлагатай, нэр хүндтэй үйлсэд өөрийгөө зориулж явна.

-Хүүхдийн зохиол бичих хэцүү гэж ярьдаг. Хүүхэд шиг сэтгэж, тэдний нүдээр ертөнцийг харах авьяастай хүн хүүхдийн зохиол бичдэг болов уу гэж боддог?

-Уран зохиолын төрөл зүйл дотроос хамгийн хүнд төрөлд хүүхдийн уран зохиол ордог юм. Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан зохиол бүтээл туурвихад аливаа хүүхдийн зохиолчоос авьяас, ур чадвар, уран сэтгэмж, мэдрэмж шаардлагатай. Үүнээс гадна оюун сэтгэлийг хөглөгч онгодоор бид хүүхдийн ертөнцөд амьдарч, сэтгэж байж бичдэг.  Зохиолч хүнд дээрх бүх өгөгдөл байж л зохиол, бүтээлээ туурвидаг юм шүү дээ. Ер нь хүүхдийн зохиолчид бол хүүхдийн оюун санааны том инженер юм.

-“ХАЙКУ, ХАЙГА – ЗОХИОЛЧ Н.ЭНХТАЙВАНЫ ШИНЭ ЕРТӨНЦ”-

-Та хамгийн сүүлд Японы хайку шүлгийн хэлбэрээр хүүхдэд зориулсан гурван ном туурвисан. Хүүхдийн хайку гэхээр их сонирхолтой санагдаж байна. Хүүхдийн уран зохиолын ертөнцөд шинэ өнгө төрх орж ирлээ гэж зарим судлаач дүгнэсэн байна лээ?

-Дорно дахины яруу найргийн өвөрмөц нэг хэлбэр болох Японы хайку нь байгалийн уран тансагийг зураглах, түүнийгээ сэтгэлтэйгээ холбож мэдрэх яруу найраг. Энэ төрөл олон улс оронд тухайн улс үндэстний өөрийн өвөрмөц онцлогийг шингээж, олон өнгө аястайгаар хөгжиж байна. Тийм учраас би монгол гэсэн өнгө төрхийг хайкугаар илэрхийлэхийг оролдож, монгол ахуйн 33 хайкутай “Хөх тэнгэрийн доор”, байгалийн 33 хайкутай “Тэнгэр тэнгисийн дунд”, амьтдын 33 хайкутай “Жимбүүрийн эгшиглэн” гурван номоо өнгөрсөн онд хэвлүүлж, хүүхэд залуучууддаа зориулан бэлэг барьсан. Миний гурван номны тухай МЗЭ-ийн шагналт, хүүхдийн зохиолч, судлаач, шүүмжлэгч  Л.Самбуу ах “ХАЙКУ ШҮЛГИЙН ЭРЭЛ ОЛЗ” судлал шүүмж бичсэн. Энэ судалгааны өгүүлэлдээ “Хайку бичнэ гэдэг амар юм биш ээ. Гэтэл энэ бэрх ажлыг хүүхдийн зохиолч Н.Энхтайван бариад авчээ. Ямар их зориг вэ, бүр “Жимбүүрийн эгшиглэн”, “Хөх тэнгэрийн дор би”, “Тэнгэр тэнгисийн дунд” гэсэн гурвын гурван хайку ном хүүхдэд зориулан бичжээ. Дорно дахины найргийн охь сувд болсон хайкуг хүүхдийг уран зохиолд оруулж ирснээрээ тэр хүүхдэд хаягласан хайку шүлгийн анхдагч “пионер” боллоо” гэж маш томоор дүгнэсэн байна лээ.

-Хайкуг бол бид мэднэ. Харин Хайга гэж юу юм бэ. Таны бүтээлд орж ирсэн энэ шинэ өнгө төрх, шинэ төрлийн талаар та бидэнд тайлбарлаж өгөөч?

-Японы яруу найрагч, зураач Бусон хайку шүлэгтээ зориулан зураг зурдаг байж. Зураг, хайку хослуулсан энэ хэлбэрийг Японы урлаг, уран зохиолд Хайга гэж нэрийдэх болжээ. “Хай” гэдэг нь шүлэг, “га” гэдэг нь зураг гэсэн үг. Үгчилбэл шүлэгтэй зураг, эсвэл хайкугаас сэдэвлэсэн уран зураг гэж хэлж болно. Энэхүү шинэ хэлбэр Японы утга зохиолд түгэн дэлгэрч, яруу найрагч, зураач Бусоныг Хайгагийн их мастер гэж Япон даяар нэрлэдэг юм. Хайга бол яруу найраг, уран бичлэг, уран зураг, эсвэл гэрэл зургийг бүхэлд нь нэгтгэдэг  онцгой төрөл юм. Тийм учраас би монгол ахуйн 33 хайкутай “Хөх тэнгэрийн доор ” номондоо  Монголын өвөрмөц ахуй амьдрал, соёлыг дүрсэлж, байгалийн 33 хайкутай “Тэнгэр тэнгисийн дунд” номондоо монгол орны хосгүй сайхан байгалийг  дөрвөн улирлын  өнгөөр илэрхийлсэн бол амьтдын 33 хайкутай “Жимбүүрийн эгшиглэн” номондоо амьтан, ургамал, жигүүртэн шувууны  амьдралыг  сонин сайхнаар хайку шүлгийн ая, дангаар бичихдээ өнгөт зурагтай чимэглэн хослуулж, монгол, кирилл хос бичгээр хэвлүүлсэн юм. Номын зургийг миний олон номны зургийг зурсан, гайхамшигтай мэдрэхүйтэй зураач П.Эрдэнэбаатар гэж дүү маань зурсан.

Монгол хүн монгол бичгээ сурах ёстой гэдэг утгаар монгол бичгээр шүлгээ буулгасан. Кирилл, монгол бичиг хосолсон, уран зурагтай тулгын гурван чулуу шиг Хайку, Хайга  бүтээлийг хүүхдийн уран зохиолд анх удаа оруулж ирж, хүүхэд залуучуудын саруул ухаан, тунгалаг мэлмийд зориулж байгаадаа би баяртай байгаа. Хүн, байгаль хоёр салшгүй холбоотой болохоор амьтан, ургамал, байгалийн тухай, хорвоо ертөнцийн  юмс үзэгдлийг танин мэдэх талаар зохиолдоо бичдэг.

-Доктор, профессор Ц.Чулуунбаатар таны номын өмнөх үгэнд “ХАЙКУ, ХАЙГА–ЗОХИОЛЧ Н.ЭНХТАЙВАНЫ ШИНЭ ЕРТӨНЦ” гэж бичсэн байна лээ. Н.Энхтайван зохиолч хайку шүлэгнээсээ сэдэвлэсэн байгалийн зурагтай хайгаг бүтээсэн нь уран зохиолын шинэ олзыг Монголын хүүхдийн уран зохиолд дагуулан авчирч буй нэгэн шинэ ертөнц, түүний уран бүтээлийн шинэлэг тал, бүтээлч, уран чадварын илрэл  гэж дүгнэсэн. Танд энэ дүгнэлт ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ ?

-Тийм ээ, зохиолч бидэнд судлаач, шүүмжлэгчдийн үг үнэ цэнтэй байдаг.  Гурван цуврал хайку шүлгийн номонд маань өгсөн дээрх үнэлэлт, дүгнэлт надад урам өгч, ахиад олон арван бүтээл туурвих урам өгсөн.

 

 


Н.ЭНХТАЙВАН: Хүүхдийн зохиолч, хүүхдийн оюун санааны "инженер" байдаг
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188