• Өнөөдөр 2024-04-26

Нийслэлийн Хөдөлмөрийн аварга Ш.БЯМБАСҮРЭН: Энэ шагнал олон хүнд итгэл, сэтгэлийн дэм өгсний шан

2020-12-29,   1409

-Хүн бүрийг аав, ээж шигээ санаж, тэдэнд сэтгэлийн дэм өгөх нь миний ажил-

Хүний бие, сэтгэлийг нэгэн зэрэг эмчилж, тэдэнд аз жаргал, амьдрах итгэл, урам зориг бэлэглэдэг алтан гартай шидтэн бол сувилагч. Тэгвэл энэхүү эрхэм, хариуцлагатай, нэр төртэй албанд 35 жил  сэтгэл зүрхээ зориулан зүтгэж  яваа хүмүүн бол Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Ш.Бямбасүрэн юм. Тэрбээр хөдөлмөр, бүтээлээрээ хамт олноо манлайлан, цар тахлын үед тэргүүн эгнээнд ажилласан тул нийслэлийн Хөдөлмөрийн аваргаар тодорч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазараас түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох батламж гардаад буй билээ. Тиймээс сувилагч Ш.Бямбасүрэнгийн  баярын сэтгэгдлийг нь хуваалцаж, сонгосон мэргэжлийнх нь  талаар ярилцлаа.

-Нийслэлийн Хөдөлмөрийн аваргаар шалгарч, хоёр өрөө байрны батламж гардсан танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилахуйн тасгийн хамт олон, Баянгол дүүргийн нийт ажилчдадаа маш их баярлалаа. Ажил үүргээ гүйцэтгэж явахад минь гэнэтийн бэлэг барьж, урамшуулсанд гүнээ талархаж байна. Шагнал хүртсэндээ одоог хүртэл итгэж чадахгүй догдолж, баярлаж явна.

-Шагнал гардах мөчид танд ямар сэтгэгдэл төрж байв. Баярын сэтгэгдлээ хамгийн анх хэнтэй хуваалцсан бэ?

-Ээжийн минь оронд ээж болсон том эгчдээ Хотын даргаас шагнал авсан гэдгээ хэлж, баяр жаргалаа хуваалцсан. Эгч минь надаас ч илүүтэй баярлаж байгаа нь утасны цаанаас мэдрэгдэж байна лээ. Би эгчдээ баяртай мэдээ дуулгаж байгаадаа хүртэл давхар баярласан шүү.

-Та эрүүл мэгдийн салбарт 35 жил ажиллаж байгаа юм билээ. Ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?

-Би 1985 онд 15 настайдаа Хүүхдийн клиникийн төв эмнэлэгт асрагчаар ажиллаж, ажлын гараагаа эхэлж байлаа. Ажиллах хугацаандаа ажилчин, залуучуудын 77-р сургуулийг оройгоор төгссөн. Тэгээд сувилагчийн дунд сургуульд элсэж,  эрүүл мэндийн салбарт өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

-Мэргэжил бүхэн сайхан шүү дээ. Гэхдээ сувилагч мэргэжлийн сайхан юу вэ?

-Би сувилагч мэргэжлээрээ үргэлж бахархдаг. Айл бүрт аз жаргал, эрүүл энх, хамгийн сайхан бүхнийг бэлэглэж чаддаг буянтай мэргэжил гэж боддог. Өвчин, зовлонтой хүн ирж эмчлүүлээд, хоёр хөл дээрээ босож, бие нь тэнхрээд баярлаж талархсан сэтгэлээ ахин дахин илэрхийлж буйг харах, ер нь хүний сүүн цагаан сэтгэлийг мэдрэх хамгийн сайхан байдаг. Хүн бүрийг эмч, сувилагч нартайгаа гар, сэтгэл нийлэн эмчилж, асарч эдгээгээд гэр бүлийнхэнд нь хүлээлгэж өгөх мөч хамгийн жаргалтай.  

-Шантрах үе гарч байв уу?

-Би сувилагч мэргэжлийг өөрөө сонгосон. Хүн арван хуруу тэгш байдаггүй. Маш олон зүйлээс шалтгаалан шантрах үе зөндөө гарч байсан. Гэхдээ өөрийнхөө сонгосон мэргэжлээр ажиллаж байгаа болохоор алдаа, оноогоо хамт олонтойгоо ярилцаж, биенээсээ урам зориг авч, даваад гардаг. Аль болох шантрахгүй байхыг хичээдэг. "Би эрүүл энхийн манаанд зогсох тангараг өргөсөн сувилагч хүн шүү дээ" хэмээн бодож, өөрийгөө зоригжуулж, тэвчиж шантарсан үеэ даван туулдаг. Сувилагч хүн бүрт аз жаргал, амьдрах итгэл хайрласан сайхан мэргэжил.

Хүнд сэтгэлийн дэм сайн өгч чадвал хурдан эдгэрдэг. Энэ шагнал бол олон хүнд итгэл, сэтгэлийн дэм, хүч өгч байсны шан гэж бодож байна. Зөвхөн үйлдлээр бус, үг, сэтгэлээр хүнийг эмчлэх нь хамгийн чухал.

-Өнгөрсөн хугацаанд та ямар гавьяа шагнал хүртэж байсан бэ?

-Би 2002 онд Нийслэлийн тэргүүний ажилтан, 2003 онд Тэргүүний сувилагч,  2010 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гарт сувилагч, 2013 онд Хөдөлмөрийн хүндэт тэмдгээр шагнуулж байлаа. Энэ онд Эмнэлгийн тэргүүний ажилтан болсон. Хүн бүрийг эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байгаасай гэж хүсэж, бодож явдаг даа. Үүнийгээ ч ажил хэрэг болгодог.

 “Баярлалаа сувилагч аа” гэж хэлээд аав, ээжийгээ хөтлөөд гарах олон хүний сэтгэлийн үг  мэргэжилдээ улам дурлахад хүргэдэг. Тухайн мөчид би өөрийгөө их л мундаг хүн шиг бодож, өөрөөрөө бахархдаг.

-Та нийт хэчнээн хүнд сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлж байсан бэ. Тоолж байв уу?

-1993 оноос хойш 30 мянга гаруй хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан байна. 

-Сувилагч хүн ямар байх ёстой вэ. Энэ мэргэжил ямар зан чанартай байхыг шаарддаг вэ?

-Тэвчээр хамгийн чухал. Хийсэн ажилдаа үнэнчээр хандаж хүн бүрийг аав, ээж шигээ энэрч, хайрлаж, тэдэнд сэтгэлийн дэм өгөх нь миний ажил, үүрэг. Хүнийг урмаар тэтгэж, тэдний биеийг тэнхрүүлж  чадвал миний ажил бүтэмжтэй байна гэсэн үг.

-Маш хүнд өвчтэй, итгэл найдвараа алдчихсан хүнийг сувилж, амьдрах урам өгч, тэнхрүүлж байсан тохиолдол олон уу?

-Бид хүний амь хариуцаж ажилладаг. Ухаангүй хүн ирэхэд бүх эмчилгээг нь гардаж хийсэн үе олон. Мөн олон хүнд тус үйлдэж, тэднээс талархлын үг сонсож байлаа. Тэр бүхнээс урам зориг авч өөрийгөө цэнэглэж, эрч хүч авдаг.“Баярлалаа сувилагч аа” гэж хэлээд аав, ээжийгээ хөтлөөд гарах олон хүний сэтгэлийн үг  мэргэжилдээ улам дурлахад хүргэдэг. Тухайн мөчид би өөрийгөө их л мундаг хүн шиг бодож, өөрөөрөө бахархдаг.

-Мэргэжилдээ дурлаж ажиллах шиг сайхан зүйл үгүй болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Хүүхэд байхад цагаан нөмрөгтэй эмч, сувилагч нар их гоё харагддаг байсан. Тэгээд дандаа хүнд тариа хийж байгаа мэтээр тоглодог байлаа.

Хүүхэд насны минь тоглоом миний хүсэл мөрөөдлийг биелүүлж өгсөн. Би мэргэжлээрээ, хамт олноороо үргэлжид бахархаж, хүндэлж, хайрлаж явдаг.

-Сувилахуйн мэргэжлийг сонгосон залуустаа хандаж юу гэж захидаг вэ?

-Манайд чадварлаг сувилагч нар олон байна. Ажил, амьдралынхаа гарааг эхлүүлж байгаа залуу сувилагч нарт зөвлөж, ажлынхаа туршлагыг хуваалцаж, чадахгүй бүхнийг нь чаддаг болгож, урам өгч, мэргэжлээ хайрладаг, хүндэлдэг болгох юм сан гэж боддог. Чин сэтгэлээсээ харилцан ойлголцож, алдаа оноогоо хуваалцаж байж л амжилтанд хүрдэг гэж боддог доо.  

-Танд ажлын өндөр амжилт хүсье. Шинэ оноо сайхан угтаарай.

-Баярлалаа. Танай сайтын уншигч олонд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 


Нийслэлийн Хөдөлмөрийн аварга Ш.БЯМБАСҮРЭН: Энэ шагнал олон хүнд итгэл, сэтгэлийн дэм өгсний шан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-30 13:59:45
    Naraa: Uneheer ailiin toloo gesen ajil sag Uhaantai Subilagch shuu ajil ni amjilt sain saihniig husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-29 15:50:01
    Цогзолмаа: Сайн сувилагч шүү. Хадам ээжийгээ сахиад олон хоног эмнэлгээр явахад нүдэнд тусаж байсан сүрхий сувилагч. Ажил амьдралд нь аз жаргал хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-29 15:11:19
    Davaasuren: би жинхэнэ нүдээ олсон шагнал гэж бодож байна.тандаа баяр хүргэе.аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-29 15:11:18
    Davaasuren: би жинхэнэ нүдээ олсон шагнал гэж бодож байна.тандаа баяр хүргэе.аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-29 15:11:18
    Davaasuren: би жинхэнэ нүдээ олсон шагнал гэж бодож байна.тандаа баяр хүргэе.аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188