• Өнөөдөр 2024-11-09

СГЗ, НЭВТРҮҮЛЭГЧ Д.ЦООДОЛ: “БНМАУ-ЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАРААС ЯРЬЖ БАЙНА” ГЭЖ ЗАРЛАЖ БАЙХДАА “ААВ, ЭЭЖ МИНЬ БАЙСАН БОЛ ХҮҮГИЙНХЭЭ ХООЛОЙГ СОНСОХ БАЙЖ ДЭЭ” ГЭЭД ЭРХГҮЙ ХООЛОЙ ЗАНГИРЧ БАЙЛАА

2023-08-20,   19042

     ...“Би улаан үнээний сүүгээр хүн болсон юм билээ. Эхийн халуун сэтгэл, хайр, халамжийг ямар мэдэрсэн биш” хэмээн туних тэр нэг гараараа нөгөө гараа дулаацуулах шиг. Улаан нялзрайгаараа өнчирсөн гомдол нь голт зүрхийг нь гогдох шиг. Түүний ээжийгээ санасан, хайсан, хайрласан бүхэн нь нулимс болон бөмбөрөх шиг болов. Эх, үрийн хагацлаас өөр зовлон үгүй ч хорвоогийн хатуу жамыг яалтай билээ. 1967 оны наймдугаар сард ээж нь түүнийг бидний бахархалт хүмүүн болгохоор төрүүлж, хүүгээ тэнгэрээс харах гашуун тавилангийн эрхээр холын хол одсон гэдэг. Тийм ч учраас хүү нь хорвоогийн хамгийн сайхан бүхнийг ээждээ сонсгохоор “алтан” хоолойтой нэвтрүүлэгч болсон ч байж мэднэ. Найман хүүхэдтэй айлын отгон хүү тэрбээр Дамдин хэмээх айлд хүн болохоор өргөгдсөн ч гуравхан настайд нь өргөсөн ээж нь мөн л бурхан болсон байдаг. Ингээд тэр сумын төвийн ойролцоо өргөж авсан аав, өргөмөл эгч, хөгшин ээжтэйгээ дөрвүүл амьдарч, амьдралын үнэнд гүйцэгдсэн ч бүхнийг даван туулсаар өнөөдөрт хүрсэн нь энэ. Хөлд орсон даруйдаа хусам идчихээд л хурганд гүйдэг, орой нь айлын хүүхдүүдтэй хувцсаа ханзартал барилдаж, барилдчихаад  орж ирээд тараг уугаад нам унтдаг байсан хөдөөгийн бор хүү Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт нэвтрүүлэгч болж, хүнгэнэсэн хоолойгоороо бидний сонорыг мялааж явна. Түүнийг Дамдины Цоодол гэдэг. Өргөж авсан аав нь түүнийг аминаасаа илүү хайрладаг байсан гэнэ. Эрхлэхийн дээдээр эрхэлж, эрхлүүлэхийн дээдээр эрхлүүлж, хоёулхнаа юм шиг л амьдарч байсан аав нь бурхан болоход тэрбээр сургуулийнхаа дотуур байранд гурван жил гаруй үнэн зүрхнээсээ бэтгэрэн гашуудсан гэдэг.  Харин тэр цагаас хойш түүний амьдрал хэрхэн өрнөсөн талаар бид ярилцсан юм.

-Хүн амжилттай, нэртэй явахдаа аав, ээжийгээ илүүтэй санаж, “Тэд минь байсан бол...” гэж дурсдаг бас харамсдаг шиг санагддаг. Танд ч ийн харамсах үе байдаг биз дээ?

      -Би 24 настайдаа 1992 оны талбай дээрх баярын жагсаалын үеэр Б.Цэенханд гуайтай Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн гурван давхраас баярын шууд нэвтрүүлгийг уншиж байсан юм. Тухайн үед “БНМАУ-ын нийслэл Улаанбаатараас ярьж байна” гэж уншихдаа л “Аав, ээж минь байсан бол хүүгийнхээ хоолойг сонсох байж дээ” гэж өөрийн эрхгүй хоолой зангирч билээ. Дараа нь үр, хүүхдүүдээ төрөх бүрд “Аав, ээж минь байсан бол ач нараа үзэхгүй юү” гэж боддог байсан. Бас төрийн алдар, хишгийг хүртэхээрээ “Намайг гайгүйхэн шиг явааг  аав, ээж минь харсан ч болоосой” гээд л баяр, жаргалтай мөч бүрд аав, ээжийгээ айхавтар их боддог, санадаг юм. Сүүлийн үед нутаг, усаа санаж, тэднийгээ зүүдлэх нь олон болоо юу даа. Би ээжийгээ амьд байгаагаар, “Аавтайгаа уулзаж байна” гэж зүүдлээд байгаа нь учиртай л байх. Би ээжийгээ зургаас л харж, бусдын дурсамжаас л ямархан ээж  байсныг нь мэдэрдэг. Ээжийг минь хамгийн сайн мэдэх, дурсах хүн бол улсын заан Д.Цэнд-Аюуш. Тэр сурагч байхдаа манайд амьдардаг байсан юм билээ. “Миний уранхай, цоорхой хувцсыг нөхөж өгөөд л өөрийнхөө хүүхэд шиг хайрладаг байж билээ” гэж надад ээжийг минь их сайхнаар ярьж өгдөг юм.

-Та өөрийгөө хэзээ “Мэргэжлийн нэвтрүүлэгч, хөтлөгч болж дээ” гэж ойшоож байсан бэ. Таны сэтгэлд нийцсэн хөтлөлт байдаг уу?

      -Би одоо хүртэл өөрийгөө голдог. Сэтгэлд 100 хувь хүрсэн уншилт, хөтлөлт өнөөдрийг хүртэл хийгээгүй л байна. Харин нэвтрүүлэгчийн ур чадварын хувьд төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн эмгэнэлийг тав хоног уншихдаа, өдөрт гурав, дөрвөн цагаар уншиж байхдаа “Хоолой минь ачаалал даах чадалтай, хүчтэй болж дээ” гэж бодсон шүү. Нэвтрүүлэгчийн ур чадварыг баяр наадмын шууд хөтлөлт, эмгэнэл хэр уншиж байгаагаар нь мэдэж болно. Яагаад гэвэл дуу хоолойн дээд, доод өнгөн дээр уншдаг болохоор баргийн хүн уншиж чаддаггүй юм. Наадмын нээлтийг нэвтрүүлэгч бүхэн уншдаггүй нь ийм л учиртай. Наадмын нээлтийг нэрт нэвтрүүлэгч Г.Чулуунбат, Б.Чулуунбат, С.Гунгаа, М.Жанцан нарын эрхэм, алдартай багш нар минь уншиж байсан түүхтэй шүү дээ. Тэднээс хамгийн их уншсан нь Батмөнхийн Чулуунбат багш минь. Харин телевизээр Ж.Батбаяр багш, Р.Доржбат гуай хоёр зонхилон уншдаг байж дээ.

-Таныг арван жилийн сурагч байхдаа радио сонсох, нэвтрүүлэгчдийг дуурайж унших сонирхолтой хүүхэд байсан тухай сонссон. Нэвтрүүлэгчийн ажил болоод радиод дурласан түүхээ ярьж өгөөч?

      -Бид 1970-аад оны үед радио л сонсдог байсан. Би Хөвсгөл аймгийн Галт сумынх. 1930-аад оны үед Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор Вангийн хошуунаас Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Галт, Жаргалант сум болон тасарч байсан түүхтэй юм билээ. Аав минь радио сонсох дуртай болохоор би ч бас дуртай байсан. “Үлгэрийн цаг”, “Өглөөний мэнд” зэрэг хүүхдийн нэвтрүүлгийг нь  хүлээж сонссоор байгаад нэг л мэдэхэд эхлэл, төгсгөлийг нь цээжилчихсэн байсан. Ангийн багш  миний  хүсэл, сонирхлыг мэддэг, мэдэрдэг байсан юм уу, өглөө болгон надаар “Өглөөний мэнд” нэвтрүүлгийг ангийнханд яриулдаг байлаа. Тав, зургадугаар ангид ороод нэвтрүүлэгчдийн хоолойг таньдаг болж, “Ш.Доржсүрэн гуай ярьж байна, Б.Чулуунбат гуай ярьж байна” гэж ялгадаг болсон. Тэр цагаас л “Ингэж ярьдаг, ингэж уншдаг хүн болох юм сан.  Ямар хүмүүс нь ингэж уншдаг бол. Радиод өдөр, шөнөгүй сууж байдаг хүмүүс юм болов уу” гэж төсөөлж, мөрөөдөж эхэлсэн. Аймгийн төвд Үндэсний телевизийн суваг л гардаг байсан үе. Хүмүүсийн “Ж.Батбаяр гуай телевизээр сайхан уншина шүү, сайхан ярина шүү” гэхийг сонсоод “Бас телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгч  гэж байдаг юм байна даа” гэж ойлгож байлаа. 1960-аад оны үед аав минь мал, махаа борлуулж байгаад шинэ радио авсан юм билээ. Нэг өдөр аав радиогоо унтраалгүй малдаа явчихаж. Гэтэл өдөржин “ярьсан” радиогоос залхсан ээж унтрааж чадахгүй болохоороо  замаар явж байсан морьтой хүн дуудаж, унтраалгаж байсан гэдэг. Тухайн үед ээж минь хүүгээ радиогоор ярьдаг хүн болно гэж яахан санах билээ дээ.

-Та багаасаа л радио нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлийг ангийнхандаа уншиж өгдөг байсан гэхээр эртнээс өөрийгөө бэлтгэсэн юм байна. Нэвтрүүлэгч болох шалгаруулалтад орж байсан түүхээ ярьж өгвөл?

      -Тухайн үеийн охид “Эмч, багш болно”, хөвгүүд “Цэргийн дарга” болно гэж ярьж, мөрөөддөг байлаа. Багш нар ч биднээр зохион бичлэг их  бичүүлнэ. Нэг удаа би “Кино жүжигчин болно” гэж бичиж байсан санагддаг. Манай ангийнхан “Цоодол кино жүжигчин болох юм гэнэ дээ” хэмээн шоолж, зарим нь гайхаж байсан ч удаа бий. Би тэр үед их ичиж билээ. Урлагийн үзлэгээр шүлэг уншдаг, багт наадам зохион байгуулдаг, идэвхтэй хүүхэд байсан. Аравдугаар ангид ордог жил Кино драмын ангид орох сонирхолтой хүүхдүүдээс шалгалт авч байна гэхээр нь нөгөө ангийнхаа бүжиглэдэг хоёр охинтой түлээ ачсан автомашин дээр суугаад явсан. Биднийг сумаас гарахад шалгалт эхлээд нэг хоночихсон байв. Гэтэл жолооч замдаа айлаар бууж, шимийн архи балгасаар оройтоод айлдаа хонох боллоо. Маргааш нь аймгийн төвөөс 20 километрийн зайтай машин нь эвдэрч, бид алхаж аймаг орсон. Тэгээд ахынхаа хувцсыг өмсөөд, аймгийн Драмын театрт очтол наадам болж байгаа юм шиг л энд нэг нь уйлаад л, тэнд хоёр нь бүжиглээд л чухам бэлтгэлээ хийцгээж байв. Тухайн үед 300 ёрдугаар шатны шалгаруулалтад 100 гаруй хүн тэнцэж, сүүлчийн шалгаруулалтад ганцаараа үлдэж байсан. Ангийнхан минь намайг сургуульдаа тэнцсэн гэдгийг сургаар дуулчихаад “Зил-130” машинаар тосож байж билээ. Тэгэхэд би баатар болчихсон юм шиг бөөн баяр болж байсан байлгүй. 1985 оны дөрөвдүгээр сард Кино драмын ангид ингэж л тэнцэж, Улсын багшийн дээд сургуульд И.Одончимэг, О.Энхтуул, Г.Золбоот нарын авьяаслаг хүүхэдтэй нэг ангид орж байсан түүхтэй. Эндээс л миний урлагийн замнал эхэлсэн дээ.

-Өнөө цагийн урлагийн “одууд”-тай нэг анги байсан гэхээр таны оюутан цагийн дурсамж хөгжилтэй бас үр бүтээлтэй өнгөрсөн байх?

     -1988 онд манай ангийнхан одоогийн МҮОНРТ-д дадлага хийж, би кино программын редакцад хуваарилагдаж байв. Эхэндээ хүүхэлдэйн киноны хоолой уншиж байгаад сүүлдээ уран сайхны киноны туслах дүрийн хоолой уншдаг болсон. Гэтэл дадлагын хугацаа дуусах дөхлөө. Нэг өглөөний хурлаар Ш.Гүрбазар гуай “Манайд кино драмын ангийн хүү кинонд дуу оруулаад байх шиг байна. Түүнийг манай телевиз явуулж боломгүй л байгаа юм” гэж хэлснээр би анх нэвтрүүлэгчдийн анхааралд орж байлаа. 1988 оны аравдугаар сард орон даяар зарласан МҮОНРТ-д нэвтрүүлэгч шалгаруулах уралдаанд 400 гаруй хүнээс шалгарч, 1989 онд сургуулиа төгсөөд тэр үеийн БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн харьяа Мэдээлэл, радио, телевизийн улсын хороонд  нэвтрүүлэгчээр ажилд орж, өнөөг хүрчээ.

-Тухайн үед МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч гэдэг өндөр албан тушаал байсан биз дээ. Үзэгчид “Залуу нэвтрүүлэгч орчихсон байна” гээд л хэсэг шуугисан байх?

      -МҮОНРТ-д  орчихоод хоёр сар гаруй хугацаанд нэвтрүүлэгчдийн ардах цаг агаарын мэдээ, мэдээний цаадах зургийг байршуулж өгдөг байлаа. Тэгээд олноо радиогийн “Алтан хоолойт” хэмээн алдаршсан гавьяат нэвтрүүлэгч С.Гунгаа багшийн шавь болж, радиод гурван сар дадлага хийсэн. Гэхдээ С.Гунгаа гуай “Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын гурван малчин түрээсийн гэрээний талаар ингэж ярьжээ” хэмээх өгүүлбэрийг надаар гурван сар уншуулсан гээд л бод доо. Тэгээд надад “Болж байна, болохгүй байна” гэж огт хэлэхгүй. Заримдаа бусдын уншсан хоолойг сонсгодог байсан. Тэгэхэд нь “Багш олигтой юм заахгүй юм. Өдөр бүр нэг өгүүлбэр уншуулахаас өөр хийлгэж байгаа юм алга” гэж дотроо их шатна, бухимдана, яарна. Дадлагын гурван сар дуусах дөхөхөд буюу арванхоёрдугаар сард “За, хө. Чиний уншиж байгаа чинь нэг л болж өгөхгүй байна. Ингэж уншдаг юм” хэмээн надад микрофоны өмнө маш тайвнаар уншиж үзүүлээд “Зүгээр л дуржигнатал уншдаг юм биш ээ. Эхлээд бод, бодсоноо ухаар, ухаарснаа ярь. Мэдээллийг ямар өнгө аясаар яаж хүнд илэрхийлэх вэ гэдэг чинь өөр юм шүү дээ” гэж билээ. Тэр үед би ганц өгүүлбэрийнхээ утгыг ч ойлгохгүй түргэн, түргэн уншаад байсан юм билээ л дээ. Тэгж л би юм уншина гэдэг ямар хэцүү, хүнд  болохыг гурван сарын дараа ухаарч байгаа юм. Телевиздээ очтол “Чи маргааш орой эфирт гарна шүү” гэдэг юм байна. Тэр нь шинэ жилийн өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 29-нд эфирт хөтөлбөр, цаг зарлах үүрэг байв. Надад өмсөх олигтой хувцас ч байсангүй. Их дэлгүүр орж, ойр зуурын ганц, хоёр хувцас аваад харьсан. Маргааш нь 17:00 цагийн эфирт орох ёстой мөртлөө  07:00 цагт ажил дээрээ очиж, хөтөлбөрөө давтаж, бүр цээжилж суулаа.

-Анх эфирт ороход эсвэл эфирээс гарч ирэхэд ямар мэдрэмж төрж байсан бэ?

     -Эфирт ороход сансарт нисэх гэж байгаа юм шиг л санагдсан. “Мотор, арав, ес, найм, долоо, ...” гэх дохио өгч, миний дүрсийг эфирт өгөнгүүт л сандраад эхэлсэн. Юу ярьсанаа санахгүй гарч ирж билээ. Эфирээс гараад өрөөндөө ортол нэвтрүүлэгч ах, эгч нар үзчихсэн сууж байхаар нь бүр сандарч, түрүүчийнхээсээ ч илүү түгшиж байв. Гэхдээ тэд бүгд “Сайн ажиллаарай, хариуцлагатай ажил шүү” гэж захиж урам өгч  байсан. Маргаашаас нь манай зураглаачдын өрөөний утас амраагүй. Үзэгчид “Ж.Батбаярын уншилтыг дуурайдаг нэвтрүүлэгчтэй боллоо” гэж баяр хүргэнэ, зарим нь “Шинэ нэвтрүүлэгч байна шүү дээ” гэж муулна. Тэгээд зогсохгүй телевизийн 400 гаруй хүн “Ямар залуу манайд нэвтрүүлэгчээр орсон юм бол” гэж намайг харахаар өрөөгөөр эргэлддэг байж билээ. Тэр үед л  улам хариуцлага нэмэгдэж, “Цаашдаа яах билээ, олны анхааралд орлоо шүү дээ” гэх бодол өөрийн эрхгүй төрж, хичээх, мэрийх ёстойгоо ухамсарлаж байсан даа.  Хүн залуу насныхаа алдааг ухаанаараа л давдаг юм билээ. Алдаагүй юм ч гэж юу байх вэ, амьдралд. Алдаанаасаа суралцана гэдэг хүний ажил, хөдөлмөрт дэм болдог. Тэр өдөр аймшигтай бас гайхамшигтай ёстой л “Айсуй баярын зөн” гэдэг шиг л өдөржин догдолж, баярлаж байсан санагддаг. Намайг эфирт ордог өглөө эгч минь “Дүү маань эфирт орно” гээд сүү өргөж, сайн сайхныг ерөөж байсан гэдэг.

-Та нэвтрүүлэгчдээс хэнтэй нь хамгийн олон хамт хөтөлсөн байна вэ. Бүгд өөрийн гэсэн онцлогтой байх. “Ганзага нийлнэ” гэдэг шиг сайхан хоршдог нэвтрүүлэгч гэвэл?

       -Сурагч байхдаа сумынхаа тайзан дээр шүлэг уншдаг, хөтөлдөг байсан. Аймгаас дарга нар ирэхээр “Ерэн баатрын дууль” уншиж өгдөг байлаа. Тэр үед байсан айдас одоо ч хэвээрээ. Тайзыг том, жижиг гэж ялгаж огт болдоггүй. Анх нэвтрүүлэгч болчихоод “Морин хуур” наадмыг Ж.Бямбаа эгчтэй хөтөлсөн. Гэтэл миний дуу ердөө гардаггүй. Ж.Бямбаа эгч өвдгөөрөө ёворч, “Зоригтой, зоригтойхон. Яагаад дуугарч ядаад байгаа юм” гэлээ. Тэр үед би тайзан дээр юу болж байгааг ч ойлгох сөхөөгүй биеэ барьж, хөлс цутгасаар байгаад арга хэмжээг дуусгаж билээ. Дөрвөн жил тайзны хичээл үзэж, богино хэмжээний жүжигт тоглочихсон байсан үе гээд  бод л доо. Камерын өмнө, хүний өмнө гараад сурчихсан байсан ч чадварлаг нэвтрүүлэгчтэй томоохон хэмжээний концерт хөтлөх нь амаргүй даваа юм гэдгийг тэгэхэд ойлгосон. Үзэгчид нь гэхэд л алдарт Г.Бирваа, Л.Мөрдорж, С.Гончигсумлаа гуай гээд манай хөгжмийн урлагийн томчууд суучихсан байхад “Морин хуур” наадмын тайзнаас 21, 22-той залуу дуу зарлана, дуучдыг зарлана гэдэг мөн ч амаргүй ажил шүү дээ, одоо бодоход.  Түүнээс долоо, найман жилийн дараа л арга, эвээ олж байгаа юм. Гэхдээ л одоо ч тайзнаас сүрддэг хэвээрээ шүү дээ. Би тайзан дээр Ж.Бямбаа эгчтэй хамгийн олон удаа гарсан байдаг. Ж.Бямбаа эгч миний багш болох хүн шүү дээ. Байгалийн өгөгдөлтэй, түшигтэй болохоор тэр чанаруудыг нь дуурайх гэж мэрийдэг байлаа. Багш нар “Эхлээд бусдыг дуурай. Дараа нь өөрийгөө ол” гэдэг байсан үе. Алдарт Ж.Цэвээндорж гуайг манай дээд үеийнхэн, алдарт багш нар их дуурайдаг байсан юм билээ. Тэгж л өөрсдийнхөө өнгө, аясыг олсон байдаг юм. Харин дунд үеийнхэн Б.Чулуунбат, Г.Чулуунбат, С.Гунгаа гуай нарыг их дуурайсан байдаг. Ер нь манай томчууд Оросын нэрт нэвтрүүлэгч, эх орны дайныг зарласан Ю.Б Левитаныг дуурайж байсан юм болов уу гэж боддог.

-Танд тайзан дээр гарахдаа, эфирт орохдоо өөрийгөө бэлдээгүй үе бий юү. Таны ямар хөтлөлтийг “Сайхан уншсан” гэж нэвтрүүлэгчид болон гэрийнхэн нь магтаж байсан бэ?

      -Байлгүй яах вэ. Тайзан дээр, эфирийн өмнө, микрофоны хажууд унших гэж байгаа бичвэрээ сайтар харж, ойлгохыг хичээнэ. Сэтгүүлч маань ямар өнцгөөс, ямар эмзэглэл, санааг хүнд хүргэхийг зорьсон байна түүнийг нь гаргана гэдэг нэвтрүүлэгчийн чадвар мөн.  Дуу хоолой болон хэлний дасгал хийнэ. Бэлтгэл дутуу бол хүмүүс намайг тайзнаас болон эфирээс тэр дор нь “нясална” шүү дээ. Агуу их Г.Чулуунбат гуай 80 хүртлээ өөрийгөө бэлддэг, дасгалаа хийдэг, өөрийгөө байнга хөгжүүлдэг байсан. Шууд уншдаг нэвтрүүлэгч, хөтлөгч гэж байхгүй. Хүмүүс гавьяатын найр, сэвлэг үргээх ёслол, хурим зэргийг хөтлөх нь амархан гэж ойлгодог юм шиг байна лээ. Би Туяагийн гавьяатын найрыг Балдангийн найртай адил хөтөлж болохгүй. Туяагийн найран дээр ирсэн хүмүүс Балдангийнх дээр очиж болно шүү дээ. Тэгвэл хүмүүс надаас залхаж, “Энэ өөр юм ярьж болдоггүй л юм байх даа” гэж төвөгшөөнө. Хүн бүрийн найр онцлогтой өөр байдаг. Яавал энэ хүнийг баярлуулах вэ, найранд нь  ирсэн зочдын сэтгэлийг яаж хөдөлгөх вэ гэдгийг бэлдэх ёстой. Тийм болохоор найр, наадмын хөтөлбөрийг боловсруулах тал дээр бусадтайгаа хамтарч ажилладаг. Энэ найран дээр ээжийн тухай ямар дуу байвал зохих вэ гэдгийг хүртэл хослуулах ёстой.  Тэгж чадахгүй бол залуучуудын ярьдаг “халтуур” болно гэсэн үг.

     Миний телевизийн ур чадварын багш бол алдарт Ж.Батбаяр гуай. Телевизэд хоёр, гурван сар хөтөлбөр зарлаж байгаад дараа нь мэдээ уншиж, кинонд дуу оруулж, нэвтрүүлгүүдийн бичвэр уншдаг болсон. Тухайн үед СГЗ, сэтгүүлч Д.Амбасэлмаа гуай “Зүүрмэглэж суугаа эхийгээ хараад хайрлахгүй хэн байх вэ” гэсэн утгатай зураглал надаар уншуулсан юм. Ээжгүй өссөн болоод ч тэр үү эмзэг, мэдрэмтгий хүүхэд байсан болохоор ч тэр үү, сэтгэлээсээ уншсан ч юм уу, хоолой зангирч байсан юм уу даа бусдын сэтгэлд хүрсэн юм билээ. СГЗ, сэтгүүлч Д.Амбасэлмаа гуай хурал дээр “Миний зураглалыг энэ хүүхэд аятайхан сайхан уншлаа. Бүр нэгдүгээр зэрэг өгөхөөр уншлаа шүү” гэж байсан. Аливаа зүйлийг сэтгэлээсээ, өөрийнхөөрөө мэдэрч унших нь чухал. Бас залуу хүнд урам өгнө гэдэг цаашдынх нь ажилд дэм болдог байна даа гэдгийг Д.Амбасэлмаа гуайн урмын үгээс мэдэрч байсан.

-Та Д.Амбасэлмаа гуайн зураглалыг уншихдаа ээжийгээ үгүйлж, сэтгэлээсээ уншсан гэлээ. Та ээжийн тухай яриач?

      -Ээж минь аавыг сумын төвд ажилтай байх үед ганцаараа гэрээ ачаад хаваржаа, намаржаандаа буудаг байсан гэдэг. Морин дээрээсээ хонь шүүрч, дүүрээд давхичихдаг, шавилхан биетэй мөртлөө ажилд чадмаг эмэгтэй байсан гэдэг. Би ээжээсээ халуун савнаас жаахан амьтан гарч, аймагт хүргэгдсэн гэдэг. Ээжийг минь хариуцсан эмч “Энэ ч хүн болохгүй нь ойлгомжтой. Харин эхийг нь аварчих юм сан” гэж хичээсэн ч чадаагүй гэдэг. 40-өөд жилийн дараа ээжийг минь хүлээж авсан Хүний гавьяат эмч Б.Дамдиндорж гуай ахтай минь таараад “Ээж нь миний гар дээр бурхан болж билээ. Би мэрийгээд эргүүлж чадаагүй юм. Хүүхэд нь ч хүн болоогүй байх” гэхэд нь “Та юу ярина вэ, манай дүү чинь телевизийн Цоодол шүү дээ” гэхэд эмч нь “Хүн болохооргүй юм байсан шүү дээ. Ямар сонин юм бэ” гээд уйлсан гэдэг. Тэгээд аав минь намайг аймгаас өвөртөлж ирээд үнээний сүүгээр угжиж, өдөр бүр “Миний  муу хүүг өргөж аваач” гээд айлуудаар явдаг байсан гэдэг. Сүүлдээ сэтгэлээр унаж, гутарсан юм уу ганц, хоёр балгадаг болоод хамгийн сүүлд намайг өргөж авсан үеэл дээрээ  халамцуу очиж “Энийг хүн болговол болго. Болохгүй бол буянаараа болно биз” гэхэд нь хөгшин ээж “Миний үйлийн үр юм байлгүй дээ. Ээ дээ, хүн болохгүй дээ” гээд хонины сүүл зүсэж, намайг ороогоод хоймрын нар дагуулан өлгөж хүн болгосон гэдэг. Төрсөн ах, эгч нарыг хоёр сарын дараа над дээр ирэхэд нь би хүн төрхтэй болчихсон гурав, дөрвөн сарын дараа дахиад ирэхэд нь хөөрхөн цагаан хүүхэд болчихсон байсан гэдэг. Тэгээд ах, эгч минь намайг “Буцааж авна” гэж хэлээд аавд загнуулсан байдаг.

   Намайг өргөсөн ээж минь гурван настайд өвчний улмаас бурхан болсон болохоор ээжийнхээ дүр төрх, зан аашийг мөн л мэдэхгүй. “Их сайхан эмэгтэй байсан” гэж ярьдаг. Ингээд аав минь өргөмөл эгч бид хоёрын төлөө амьдарсаар насыг барсан. 

-Та аавтайгаа өнгөрүүлсэн дурсамжаа ярьж өгөөч. Аавыгаа баярлуулж чадсан гэж боддог уу?

      -Аав над руу муухай ч харж үзэлгүй хүн болгож, хайрласан гээд бод доо. Айлын хүүхдүүдтэй муудалцаж, зодолдоход юу ч хэлэхгүй. Хичээлээс ирэхэд аяган дотор алим, хоёр чихэр эсвэл “Амтлаг” печень хугалаад хийчихсэн хүлээж байдаг байж билээ. Намайг гуравдугаар ангид байхад эгч минь Атарчдын алдар медаль авч, радиогоор эгчийн минь “Найрамдлын сангийн аж ахуйн тоо бүртгэгч Дамдины Халтарыг Атарчдын алдар медалиар шагналаа” гэхэд аав онгироод л ямар сайхан байсан гэж санана. Тэгээд би “Аавыгаа баярлуулъя” гэж бодоод махыг нь  архитай холиод бууз жигнэж өгсөн юм. Ямар л олигтой юм болов гэж дээ. Аав “Юу хийчихсэн юм, чи” гэхээр нь “Таныг баярлуулах гээд архи хийчихсэн юм” гэтэл буруу хараад нулимсаа арчиж билээ. Тэр үед аав “Хүү минь намайг баярлуулах гэж боддог юм байна. Зөв хүн болж хүмүүжиж байгаа юм байна даа” гэж баярласан байх гэж боддог. Аав минь хүнд өвчин туссан юм. Тухайн үед хүмүүс “Тийм ч цэцэг сайн, ийм ч ургамал сайн” гэдэг байсан болохоор нар гарахтай уралдаад л уул, хад руу гарч, зөв ч юм уу, буруу ч юм уу ургамал түүж, буцалгаж өгдөг байж билээ. Би аав амьтай хүүхэд байсан болохоор  аав байхгүй бол бүх зүйл утгагүй, хоосон санагддаг байсан үе. Намрын зэврүүн өдөр аавын минь бие улам муудаж, онгоцоор аймаг явсан. Би хамт явах гэсэн боловч багтаагүй. Тэгээд аав “Аав нь гайгүй ээ. Миний хүү араас хүрээд ирээрэй” гэж яваад шөнөдөө бурхан болчихсон байсан. Аавыгаа хөдөөлүүлчихээд л их ганцаардал, өнчрөлийг мэдэрч, үеийнхэндээ дээрэлхүүлж, зодуулж явлаа. Тэр үед миний төрсөн ах, эгчийн зарим нь тусдаа гарчихсан, үлдсэн нь Улаанбаатар руу сургуульд явчихсан байсан үе л дээ. Төрсөн аав минь гуравдугаар ангид, өргөж авсан аав минь долдугаар ангид байхад бурхан болсон доо.

-Та аав, ээжийнхээ тухай дурсамж, ном бичсэн үү?

      -Би аав, ээждээ зориулж дуу бүтээж, аав, ээжийнхээ хайрыг мөнхлөх юм сан гэж боддог. Миний дээдэх ах урлагийн авьяастай. Би ахыгаа дуурайж, ах шиг авьяастай хүн болохыг мөрөөддөг байлаа. Ах минь Монголын пионер сурагчдын  урлагийн үзлэгээс уран уншлагаар хүрэл медаль авч, сумандаа “од” болж байлаа. Хэрвээ урлагаар явсан бол авьяаслаг жүжигчин болох байсан гэж боддог. Миний ахыг хүмүүс “Цолмон л урлагаар явах байсан юм даа” гэж их ярьдаг. Бас аавыг минь Тариатын хүрээний унзад болохоор сайхан дуу хоолойтой хүн байсан гэж ярьдаг юм. Тэгэхээр би аавынхаа дуу хоолойг дуурайсан юм болов уу. Би өөрийгөө хүсэл, мөрөөдлөөрөө ажиллаж, амьдарч яваа азтай хувьтай хүн гэж боддог. 

-Та өөрийгөө хэр сайн хань гэж боддог вэ. Таны ажил, амьдралын хамгийн үнэнч, сайн зөвлөгч бол хань нь биз дээ?

      -Манай гэрийнхэн намайг “Та тийм байна, ийм байна” гэдэггүй болохоор дажгүй гэрийн эзэн болов уу гэж боддог. Би эхнэртээ арван жилийн сурагч байхаас л захиа өгч, оюутан ахуйдаа гэр бүл болсон. 40 орчим жил бид хамтдаа  амьдарч байна. Эхнэр минь намайг “Чи өнөөдөр тэгээд уншчихлаа зүгээр үү, яасан юм” гэх мэтээр мэргэжлийн хүнээс дутахааргүй зөвлөдөг. “Танай тэр нэвтрүүлэгч чинь тийм үгийг тэгж хэлээд байх юм. Чи хэлж болдоггүй юм уу” гэж ярина. Миний дээл, хувцсыг эхнэр минь л тохируулсаар ирсэн. Үүнийг нь би намайг дэмжиж, үзэгчдийг хүндэлж, миний мэргэжлийг хайрлаж, ханийгаа халамжилж байгаа нэг хэлбэр гэж ойлгодог. Ханийн хүч, халамж байхгүй бол би ажил, мэргэжилдээ хэчнээн мундаг байгаад нэмэргүй. Хүний зүрх, сэтгэл гундуу байх юм бол бусдын өмнө нүд дүүрэн инээж, сэтгэл дүүрэн ярьж чадахгүй шүү дээ. Сэтгэл амгалан явахын үндэс нь гэр бүл байдаг болохоор миний амжилтын ихэнх хувийг гэр бүлийнхэн минь бий болгосон гэсэн үг.

-Нэвтрүүлэгч, хөтлөгчид сэтгүүлчидтэй адил өглөөний шуурхайд орохоос айдаг, хуралдаа хоцрохгүй очихыг хичээдэг байх. Таны хувьд өглөөний хурал хэрхэн өнгөрдөг байв?

     -Бид өглөөний шуурхайгаас их айдаг байсан. “Намайг юу гэж хэлэх бол” гэж байнга бодно. Ер нь өглөөний хурлаар сайлуулна гэж байхгүй. Ширээн доогуураа ортол гурван жил муулуулж байлаа шүү дээ. Зарим нь “Энэ хүүхдээр уншуулахаа больё, болохгүй байна. Энэ үгийг ингэж хэллээ, тэр үгийг тэгж хэллээ” гэж ирээд л загнана. Одоо эргээд бодоход тэр үеийн найруулагч, нэвтрүүлэгч, редактор, сэтгүүлчид түүгээрээ надад хаана ч, хэн ч зааж чадахгүй хичээл зааж байсан байгаа юм. Тэдний зөвлөснөөр бусдын уншсаныг сонсож, дагаж, дуурайж уншсаар гурав, дөрвөн жилийн дараа зүгширч, арай өргөн цараатай бүтээлүүд уншиж эхэлсэн.

-Ж.Батбаяр нэвтрүүлэгчийн онцлог, заах арга нь юу байсан бэ. Өнөөдрийн Д.Цоодолыг бий болгосон гэж болох уу?

     -Манай багш ой сайтай. Аливаа материалыг нэг хараад л бараг цээжилчихдэг байсан. Тэгээд надад “Юмыг логикоор нь дүрсэлж, зүрхэндээ мэдэрч, орчноо төсөөлж унш. Тэгж байж чи уншиж сурна. Өөрийнхөөрөө мэдэр. Текст битгий унш, ярьж өг. Микрофоны ард гурван сая гаруй хүн байгаа. Чи тэднийг аав, ээж шигээ дотнын хүмүүс гэж бод. Тэгээд хамгийн хайртай хүндээ ярьж өгч байгаагаар төсөөл. Хамгийн гол нь үнэн унш” гэж заадаг байсан. Мөн “Гал хар, гар хал” гэх мэт түргэн хэллэг болон техник заана. С.Гунгаа гуай яг тийм шаардлага тавьдаг байсан бол түүний шавь нь Ж.Батбаяр гуай. Ж.Батбаяр багш “Чи намайг дагаж яваад хар. Надад ямар алдаа, оноо байгааг хэл” гэдэг байж билээ. Багшийн алдаа гэж юу байх билээ дээ, биширсээр байгаад л дуусаж байгаа юм чинь. Миний сурсан бүхэн багшийн минь л ач шүү дээ.

       Би 1989-1991 он хүртэл багшийгаа дагаж, хөтлөлтийг нь үзсэн. Багшийг 1991 онд Орос ажиллахаар явах гэхэд нь телевизийн дарга Д.Жаргал гуай “Чи өөрийнхөө оронд ажиллах хүн бэлдчихээд Москва яв” гэсэн юм билээ. Тэгээд багш минь Москва явахын тулд намайг илүү шахсан байх. Намайг “Цаг үе, үйл явдал” мэдээллийн хөтөлбөр хөтөлдөг болсны дараа Орос явах зөвшөөрлөө авч, явж байсан. Тухайн үед эрэгтэй нэвтрүүлэгч цөөн байлаа. Гурав, дөрвөн жилийн дараа Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт маань түүнээс долоо, найман жилийн дараа Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Б.Ганбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Ичинхорлоо, Б.Уранчимэг Г.Чоглоонамжил нар нэвтрүүлэгчээр ирж байлаа.

-Нэвтрүүлэгч, яруу найрагчдыг хүмүүс сайхан дуулдаг гэж ойлгодог. Та дуулдаг уу?

     -Би бүх дууг нэг янзаар дуулдаг хүн шүү дээ. Дуу сонсох дуртай, шүлгийг нь мэдэхээс цаашгүй. Би арга хэмжээ зохион байгуулах, ойр зуурын найруулга хийхдээ гайгүй юм болов уу гэж өөрийгөө ойлгодог. Бөхөд дуртай, бөхчүүдийн амжилтын үүх, түүхээр бахархах дуртай. Уран зохиол, дурдатгал, түүхийн ном сонирхдог.

-Таныг хүмүүс ямар зан чанартай гэж ярьдаг вэ?

     -Хүмүүс намайг “Та их түшигтэй ах, дүү нараа дэмждэг” гэж ярьдаг. Би хүнд хэлэх гэснээ дарга, цэрэг гэлтгүй хэлчихдэг. Харин миний буруу байх юм бол бусдаас уучлалт гуйж чаддаг. Хурц зантай юм шиг мөртлөө ууч сэтгэлтэй, хүнд хань болох юм бол урт холын замд урвахгүй байх гэж өөрийгөө боддог. Миний өвөө Архангай аймгийн даргаар ажиллаж байхдаа буюу 1937 онд 42 настайдаа хэлмэгдсэн юм гэнэ лээ. Түүхийн ухааны доктор, Төрийн шагналт Д.Өлзийбаатар гуайн цагаан номонд өвөөг минь “Маршал Чойбалсан сөнөтүгэй. Монгол Ардын Хувьсгалт Нам мандтугай” гээд буудуулж байсан гэж бичсэн байна лээ. Д.Өлзийбаатар “Түүхээс уншихад чиний өвөө шиг цөстэй аавын хүү цөөхөн байсан юм даа” гэж байсан. Миний аав ч зоригтой, цөстэй, шударга, ажилсаг хүн байлаа.

-Та унших дуртай шүлэг, өгүүллэгээ хэлж өгөөч?

    -Алдарт Г.Чулуунбат гуайн “Шөнөжингөө аниагүй хоносон нүд шиг шүүдрээ ундаалсан нуур мэлтэгнэнэ. Үүрийн ариун туяан дор үггүй зөөлнөөр мэлмэрэн байна. Мэлмэрэх сайхан нүдний харцанд мэдлээ өгчихсөн харчуул адил хавийн уулс нууранд ирж, Ханхгар дүрсээ нууцхан тольдоно ” хэмээх  “Нуур шувуу хоёр” гэдэг радио зохиомж байдаг юм. Би түүнд их дуртай. Чука ахад “Та “Нуур шувуу хоёр”-ыг мөн ч сайхан уншсан шүү” гэхэд “Харин тийм ээ, би өөрөө хүртэл сонсох дуртай. Тийм болохоор ээждээ сонсгож, баярлуулж байсан” гэж билээ. Надад “Би хаана төрөө вэ”, “Тусгаар тогтнол” зэрэг шүлэг өөрийн эрхгүй аманд орж ирдэг, унших ч дуртай. 1991 оны үед Б.Баатар найруулагч С.Гунгаа гуайг “Хөх судар” романыг унш гэтэл багш “Шүдгүй би яаж унших билээ дээ. Уншиж барахгүй” гэхэд нь Б.Баатар найруулагч “Заавал танаар уншуулмаар байна. Та битгий маяглаад бай” гэж билээ.Тэгээд багш “Хөх судар” романыг ёстой л шар үс бостол, уншилтын ур чадварыг чинээнд нь тултал уншсан даа. Тухайн үед хүмүүс багшийн уншсан “Хөх судар”-ыг сонсоод уйлж, догдолж, бахархаж, омогшиж байсан гээд бод доо. Тэгээд сэтгүүлч Г.Бадамсамбуу “С.Гунгаа гуай “Хөх судар”-ыг унших гэж төрсөн юм шиг. “Хөх судар” С.Гунгаа гуайгаар уншуулах гэж бичүүлсэн юм шиг” гэж бичсэн байдаг. Мөн Батмөнхийн Чулуунбат хэмээх эрхэм хүний дуу хоолойны өнгө, хэллэг, хүч, өнгө хувиргалт дахин давтагдашгүй. Жинхэнэ гандан хоолойтой эрхэм хүн байлаа шүү дээ. Монголын телевиз, радиогийн түүхэнд Гончигжавын Чулуунбат, Батмөнхийн Чулуунбат гэх хоёр агуу аварга төрсөн юм. Яг л Х.Баянмөнх аварга, Ж.Мөнхбат аварга гэдэг шиг. Багшийг минь “Анхаараарай” гээд наадмаа эхлүүлэхэд нь наадамчин олны шар үс нь босдог шүү дээ, үнэндээ.

    Бидний яриа энэ хүрээд өндөрлөсөн юм. Тэрбээр “Би 60 хүрээгүй мөртлөө ахмад нэвтрүүлэгч болчихсон байна. Мөр зэрэгцэн ажиллаж байсан эрхэм нөхөд, багш нарын минь зарим нь үгүй ч гэлээ тэдний  гэрэлт царай, хүчирхэг дуу хоолой нь Монголын радиогийн алтан фондод төдийгүй үзэгч, түмний зүрх, сэтгэлд мөнх хэвээр үлдсэн. Цаг хугацаа даанч хурдан өнгөрдөг юм байна даа”  хэмээн инээмсэглэсэн билээ. Тэрбээр өдгөө ч  үзэгч түмний сэтгэлийг хүнгэнэсэн сайхан хоолойгоороо баясгаж, хүндтэй хоймор бүрд уригдаж яваа эрхэм хүндтэй нэвтрүүлэгч билээ.


СГЗ, НЭВТРҮҮЛЭГЧ Д.ЦООДОЛ: “БНМАУ-ЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАРААС ЯРЬЖ БАЙНА” ГЭЖ ЗАРЛАЖ БАЙХДАА “ААВ, ЭЭЖ МИНЬ БАЙСАН БОЛ ХҮҮГИЙНХЭЭ ХООЛОЙГ СОНСОХ БАЙЖ ДЭЭ” ГЭЭД ЭРХГҮЙ ХООЛОЙ ЗАНГИРЧ БАЙЛАА
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188