• Өнөөдөр 2024-10-15

Д.МЭНДБАЯР: 80 НАСАНДАА ХАНЬТАЙГАА ХАМТ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛНО ЧИНЭЭ САНАСАНГҮЙ ЯВЛАА, ИХ ХУВЬ ЗАЯА БИДНИЙГ ХҮЛЭЭЖ БАЙЖЭЭ

2023-12-29,   20922

-Жүжигчдийн тоглолт үзэгчдийн алга ташилт, инээдээр хана хүртэл “амь орж” байдаг-

       Тайз, дэлгэцийн олон сайхан бүтээлээрээ олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Дагвадоржийн Мэндбаяртай ярилцлаа. Тэрбээр 1963 оноос Улсын драмын эрдмийн театрт ажиллаж, алтан тайзнаа олон сайхан дүрүүд амилуулсан билээ. Тухайлбал, Ф.Шиллерийн "Хар санаа ба хайр сэтгэл" жүжгийг Луйза, Э.Войнич "Овод" жүжгийгн Джемма, У.Шексперийн "Отелло" жүжгийн Дездемон зэрэг дэлхийн сонгодог болоод үндэсний 200 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг мөнхөлж чадсан суут авьяастан билээ. Театрын урлагтай ажил, амьдралаа холбосон, түүний нөр их хөдөлмөр, дундрашгүй их авьяасыг үнэлж, 1981 онд МУГЖ цол, 2005 онд Монгол Улсын Ардын жүжигчин цол олгосон байдаг.  

-Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар таныг Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнасан. Ханьтайгаа цуг баатрынхаа шагналыг зэрэгцүүлэн суугаа баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

      -Баярлалаа, миний бүтээлийг үнэлж, судалж Төрийн дээд шагнал хүртээсэн төр засгийнхандаа баярлаж сууна. 80 насандаа ханьтайгаа хамт Хөдөлмөрийн баатар болно гэж бодож, төсөөлж байсангүй. Гэр бүлээрээ Хөдөлмөрийн баатар болно гэдэг их хувь заяа юм байна. Бидний уран бүтээлийн үнэ цэн үзэгч түмнээс шалтгаалдаг болохоор Монголынхоо ард түмэнд баярлаад баршгүй юм даа. Би шагналаа авчихаад гэртээ ч очиж амжилгүй галт тэргээр Эрдэнэт рүү явсан. Эрдэнэтэд ахмадуудын урилгаар уулзалт хийхээр төлөвлөчихсөн байсан болохоор “Хөдөлмөрийн баатар цолоор шагнууллаа” гээд уулзалтаа цуцалж чадсангүй. Тэгээд Эрдэнэтээсээ Сэлэнгэ явсан. Учир нь, Сэлэнгийнхэн “Хөдөлмөрийн баатрынхаа үгээр наадмаа нээнэ” гээд ханийг минь урьчихсан байсан юм. Баяр наадмаар хөдөөгүүр явсаар байгаад саяхан ирлээ.

      Нэг сонирхолтой дурсамж хэлэхэд, 1963 оны долдугаар сарын 6-нд театрын ахмад уран бүтээлчид биднийг театрын жүжигчин болсныг минь илтгэх үнэмлэх гардуулж байсан юм. Тэр өдрөө би Хөдөлмөрийн баатар хэмээх шагнал хүртлээ, их бэлэгшээж байна.

-Таны театрын жүжигчин болсон түүх есдүгээр ангид орох жилээс нь эхлэлтэй гэж сонсож байлаа. Тухайн үед та ямар авьяасаа үзүүлж, шалгаруултад тэнцэж байсан юм бэ?

        -1957 онд намайг долдугаар ангид байхад ангийн багш минь “Муурын байшин” хэмээх жүжиг тавьж, манай ангийнхныг тоглуулж байсан юм. Би тухайн жүжигт баян муурын дүрд тоглож, анх драмын жүжгийн талаар ойлголттой болж байсан үе.. Харин 1959 оны намар есдүгээр ангид орохоор сургуульдаа иртэл Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Нямын Цэгмид гуай, Буриад багш Сүндэрьяа нар манай сургуулиас авьяастай хүүхдүүд шалгаруулахаар ирсэн байв. Тухайн үед манай ангиас “Нүгэл буян” кинонд тоглосон Бужгар, “Алтан өргөө” киноны Сүмбээд тоглодог Зоригоо, сохор эмэгтэйд тоглодог Норжмаа тэргүүтэй хэд хэдэн хүүхэд тэнцэж байсан. Ингээд есдүгээр сард Багшийн дээд сургуулийн дэргэдэх Кино драмын ангид 10 эрэгтэй, 10 эмэгтэй хүүхэд анхлан сурч байсны нэг нь би юм. Тухайн үед шалгаруултад орох гэж нэлээд айж, сандарч байсан. Би гайгүй бүжгийн эвсэлтэй байсан болохоор бүжиглэж, “Миний нутаг” хэмээх шүлэг уншсан. Харин “дуул” гэхэд нь дуулаагүй болохоор маргааш нь тэнцээгүй байх гэж бодсон ч сониучирхаад шалгаруулалтын жагсаалт хартал шалгалтдаа тэнцчихсэн байсан. Тэгээд л бөөн баяр болж байсан даа, хөөрхий. 

-Сурагч байхаасаа оюутан болж, театрын шилдэг жүжигчдийн нэг болж байсан сайхан түүхтэй юм байна?

       -Харин тийм ээ. Багшийн дээдийн дэргэдэх Кино драмын ангид дөрвөн жил сурч, 1963 онд театрт жүжигчнээр томилогдож байлаа. Эргээд дурсахад үнэхээр сайхан байна. Түүнээс хойш 60 жил өнгөрсөн байна гээд бод доо. 

-Өнгөрсөн хугацаанд та тайз, дэлгэцийн хэчнээн дүр бүтээж, үзэгч олонд хүргэсэн байна вэ. Таныг тоглосон кино, жүжгүүд олны сэтгэлд хоногшсон, үзэх дуртай шилдэг бүтээлүүд байдаг даа?

       -“Хар санаа ба хайр сэтгэл” жүжгээс эхлүүлээд 200 гаруй жүжгийн гол ба туслах дүр, телевизийн олон ангит кино, клипэнд тоглосон байна. Тоглосон бүтээл болгон үе үеэрээ байдаг шүү дээ. Эхний жилүүдэд охины дүрд буюу хүүхдэд тоглодог байсан бол дараагийн үед залуу эмэгтэй, эхнэрийн дүрд. Түүний дараа нь улс, эх орныхоо төлөө амиа өгөхөөс ч буцахгүй, баатарлаг эмэгтэй, ахмад настай болохоороо эмээгийн дүрд тоглодог юм байна. Ингэж л хүний амьдралд өнгөрүүлэх бүх насны дүрээр кино, жүжгийн дүрүүдэд тоглож, дүрээ мөнхөлсөн байна шүү дээ.

-200 гаруй жүжгийн дүр бүтээсэн гэхээр бүгдийг нь уншиж, судалж, дүрийн задаргаа хийсэн байж бүтээсэн байж таарна биз дээ?

      -200 гаруй жүжгийн зохиол уншиж, ойлгож, задалж, бэлдсэн хүн цөөн байх шүү. Уншлага хийхээр Э.Оюун багш үг, үсэг бүрээр нь утга санааг нь ойлгуулж, ойлгохгүй байх юм бол хувь хүнтэй нь ярилцаж, бодол, сэтгэлийг нь өөрчилж байгаад давтуулдаг байсан. Биднийг ч уйгагүй бэлдүүлдэг байж шүү дээ. Би "Гарваа" жүжгийн Гарваад тоглож, Э.Оюун багшийн нэрэмжит анхны шагналыг авч байсан. Мөн “Отелло” жүжгийн шилдэг дүрийн шагнал, Соёлын яамын нэрэмжит шагнал, “Ээж” УСК-ны дүрээр Улаанбаатар кино наадмын шагнал, СТА, Алтангадас, МУГЖ, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар гээд хүний авч болох бүхий л шагналыг авч байлаа. Миний хийсэн бүтээл, тоглосон дүрд энэ бүх шагналыг олгож байсан болохоор төр засаг, ард түмэн, ханьдаа их баярлаж явдаг юм.

-Театрын жүжигчдийн бэлтгэл чанга, чамгүй их байсан байх. Та өөрийгөө, дүрээ хэрхэн бэлддэг байсан бэ?

    -Нүдээ анивчдаг, хөмсгөө өргөдөг нүүрний гажигтай хүмүүс бэлтгэлээ толинд харж хийдэг. Би толинд харж бэлтгэл хийж байгаагүй. Харин дүрийнхээ зан чанарыг их судалдаг байсан. Ийм хүн яагаад ч хүн алахгүй, бусдыг уруу татахгүй шүү дээ тэгэхээр юунаас болсон байж болох вэ гэдгийг ухаж, сийрүүлж, ойлгож байж дүрээ бүтээдэг байсан гэсэн үг. 

-Та залуудаа театрын урлагийн алтан үеийнхэнтэй хамт ажиллаж, тэднээсээ ихийг сурсан байх. Тэдэнтэй хамтран ажиллаж байсан дурсамжаасаа ярьж өгөөч?

      -Залуудаа театрын ахмадуудтай хамтран тоглож, тэдний тусалж, дэмжсэнээр театрын тайзан дээр өнөөг хүртэл ажиллаж, тэднээсээ суралцсан минь их аз шүү дээ. Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Г.Гомбосүрэн, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар найруулагч Э.Оюун, Ардын жүжигчин Н.Цэгмид, Б.Жигмэддорж, Л.Лувсан, Т.Хандсүрэн, Ч.Долгорсүрэн гээд ахмад уран бүтээлчид биднийг өлгийдөж авсан болохоор өдий зэрэгт хүрсэн юм. Эхэндээ тэдний охин нь,  сүүлдээ хамтран тоглогч болж байлаа. Театрын ажилчдын зусланд үлдсэн жүжигчдэдээ хүүхдүүдээ үлдээчихээд шөнө ирдэг байсан. Тэд биднийг ирэхээр хүүхдүүдтэй минь хамт шаагилдаад л сонин, хачин сонсохоор орж ирдэг сэн. Тэр үед бид нэг гэр бүл шиг, тэд миний аав, ээж шиг минь байж дээ.

-Театрт ороод удаагүй залуу жүжигчин байхдаа шантарч үзсэн үү. Та ажил, амьдралын бэрхшээлээ хэрхэн даван туулдаг байсан бэ?

       -Амьдралын хувьд шантармаар бэрхшээл тулгарч байсангүй. Харин уран бүтээлчийн хувьд тоглож байсан жүжгийнхээ ажиллагаанд ядарсан, туйлдсан, уйлсан үе олон байлаа. “Надад дандаа л хүүхэд нь бурхан болчихсон ээжийн дүр, хүүхдүүд нь хэрэг, түвэгт орчихсон, хүүхүүдийнх нь амьдрал болж бүтэхгүй байгаад сэтгэл нь зовнисон эмэгтэйн дүр таарах юм” гэж уйлж байснаа санадаг. 200 гаруй жүжигт дүр бүтээхдээ Мэндбаяр 200 гаруй хувирна гэсэн үг шүү дээ. Гаднах төрөхөө хувиргахаас гадна дүрийнхээ мөн чанарыг бүрэн гаргахын тулд унших, хүнээс асуух юм их гардаг.  Амьдрал гэдэг хүний зан араншингийн хувирал дунд өөрчлөгдөж байдаг болохоор тэр бүхнийг үзэгчдэд хүргэхийн тулд дүр дээрээ их ажилладаг байж дээ.

-ТЕАТРТ БАЙХДАА ӨВДСӨН Ч ӨВДӨӨГҮЙ ЮМ ШИГ, ЯДАРСАН Ч ЯДРААГҮЙ ЮМ ШИГ ЯВДАГ БАЙЛАА, ЗАЛУУ Ч БАЙЖ ДЭЭ-

-Таныг залуудаа өвдөх ч эрхгүй ажиллаж байсан уран бүтээлчийн  нэг байх гэж боддог. Тиймээс таны сэтгэлд тайз, уран бүтээл үргэлж уяатай явдаг байх?

      -Театрт над шиг их өвдсөн хүн байхгүй. Гэхдээ өвдсөн ч өвдөөгүй юм шиг, ядарсан ч ядраагүй юм шиг, өлссөн нь өлсөөгүй юм шиг явдаг байлаа, залуу ч байж дээ. Зовж бүтээсэн дүрүүд минь зовж төрүүлсэн хүүхэд шиг л болчихдог юм. Тийм болохоор жүжигчин хүн эсрэг, эерэг дүр бүхэндээ хайртай байлгүй яах вэ. Тэр бүхний төлөө өөрийгөө зориулж, сэтгэл санаагаа зовоож байсан болохоор төрүүлсэн хүүхэд шиг сайхан байдаг юм даа.

-Гэхдээ таны сэтгэлд илүү дотно, бодох бүрдээ баярладаг дүрээ онцолж ярьж өгнө үү?

      -Жүжиг, кино, телевизийн бүх уран бүтээлээ нэрлэмээр байна. Бүгдэд нь хайртай, бүгдийг нь зовж бүтээсэн нь үнэн. Харин үзэгчид заримыг нь бүрэн дүүрэн хүлээж авна, заримд нь сэтгэл дундуур байна. Гэхдээ миний бүтээсэн дүрүүд үзэгчдийг гомдоогоогүй байх гэж боддог. “Жаргал даахгүйн зовлон”, “Энэ хүүхнүүд үү”, “Мандухай сэцэн хатан”, “Тунгалаг тамир”, “Эдлэх ёсгүй эрх” хэмээх жүжиг, олон ангит кино, клипүүд бий дээ, бий.

-Та 55 жил урлагийн салбарт ажиллаж, залуучуудад зөвлөгөө өгч, илүү сайхныг хийхэд сургаж байгаа их авьяастан. Эргээд бодоход ямар хүн жүжигчин болдог юм байна?

      -Хүн сонирхлоороо жүжигчин болдоггүй юм. Жүжигчин хүн авьяастай байх хэрэгтэй. Авьяасаас гадна амьдралын ухаантай, амьдралынхаа төлөө өөрт хэрэгтэй бүхнээ бусдад зориулдаг байх нь чухал. Жүжигчин хүн хүний тархи, сэтгэхгүй, зан араншинтай ажилладаг юм шүү дээ. Тиймээс чөлөөтэй бодож, сэтгэж чаддаг байх ёстой. Э.Оюун багш биднийг “Сайтар бод. Чиний толгойд юу байгаа бол ухаад гаргаж ирэх юм сан” гэж загнадаг байсан. Театрыг бид лаборатори, ариун сүм гэж ярьдаг. Хүний яаж уурлаж, инээж байгаа, хүн яаж үхдэг, хулгайч, гуйлгачин хүн ямар байдаг тухай судалдаг нарийн мэргэжил гэсэн үг. Хүн, амьтан бүхний сэтгэхгүйтэй харилцдаг болохоор тэднийг мөн чанарыг зөв олж тодорхойлох хэрэгтэй болдог юм. 

-Дэлгэцээр кино нь гарч байхад, тайзан дээр олны өмнө гарахад танд ямар санагддаг вэ?

      -Тайзан дээр гарахаасаа өмнө урт амьсгаа авч, сэтгэлээ тэнийлгэдэг. Тайзан дээр тоглож байсан жүжиг бүхэн үзэгчдийн халуун дулаан амьсгал, үзэгчдийн хайрын нулимс, баяр хүргэсэн алга ташилт байдаг учир тайзан дээр гарах дуртай. Тухайлбал, “Найрын ширээний ууц” жүжгийг үзэгчид зогсоо зайгүй инээж байгаад л дуусгадаг байсан. Олон ч удаа тоглож байсан даа. Ардын жүжигчин, төрийн шагналт Ц.Гантөмөр, Ардын жүжигчин Л.Жамсранжав хоёр гол дүр. Мөн гавьяат жүжигчин н.Нямсүрэн бид хоёр эсрэг дүр нь тоглодог байсан юм. 

 Тус жүжгийг тоглож байхад театрын хана хөлөрчихсөн байж билээ. Жүжигчдийн тоглолт үзэгчдийн алга ташилт, инээдээр хана хүртэл “амь орж” байдаг нь тэр шүү дээ. Мөн “Овод” жүжигт тоглож байгаа Ц.Гантөмөр, Г.Гомбосүрэн, Л.Жамсранжав нарыг уйлсны дараа дараагийн хэсэгт нь гарахаар хүлээгээд зогсож байхад миний зүрх, өвдөг хоёр чичирч байсан минь санаанаас огт гардаггүй юм. 

   Тэр хэсгүүд бол амьд зүрхний лугшилт, амьд дуу хоолой, гашуун нулимс жүжигчнээс яаж гарч байсан бэ гэдгийг хүмүүс төдийлөн сайн мэдэрдэггүй. Тэр бүхнийг бид биеэрээ туулж, дамжуулж байж л сайн үзүүлж чаддаг. Бидний ажил, амьдрал хүн харахад нэр хүндтэй сайхан боловч драмын жүжигчин гэдэг бүх урлагийн суурь нь байдаг. Бид амьд харилцааг бий болгож хоорондоо дамжуулж байдгаараа хамгийн хүнд, хэцүү мэргэжилтэй хүмүүс. Ингээд ярих юм их зүйл байдаг ч заримдаа ярихаасаа халгадаг. Яагаад гэвэл дахин тэр хүнд, хэцүү хэсгүүд миний биеэр дамжиж гарч ирдэг учраас халгадаг гэх юм уу даа.

-ЖҮЖИГЧИН ХҮНИЙ АМЬДРАЛ ӨРӨВДМӨӨР МӨРТЛӨӨ САЙХАН-

-Та театрт ажиллаж байсан үеэ, залуу насаа зүүдэлдэг үү?

    -Тайзан дээр гарахаар бэлдэж байгаа зүүдлэхгүй өнжих нь ховор шүү. Жүжигтээ тоглохоор гарах гэхээр буруу хувцас өмсчихсөн байгаад болдоггүй. Нөгөө жүжигт орох гэхээр хөдөө явж байна гээд дандаа садаа болж байгаа, зөрчилдөж байгаагаар зүүдэлдэг. Ингээд бодохоор жүжигчин хүний амьдрал өрөвдмөөр мөртлөө сайхан. Олны хайр, хүндлэлийг хүлээж авдаг ч эргээд олон түмэндээ баярласан сэтгэлээ илэрхийлж чаддагт нь, хэлж чаддагтаа сайхан мэргэжил сонгож дээ гэж баярладаг.

Есдүгээр ангид орохоор зэхэж байсан юугаа ч мэдэхгүй хүүхдүүдийг шалгаруулж, гурван мэргэн хүний мэлмий ямар азаар над дээр тусаж, шалгалтад орсон юм бол доо гэж баярлаж явдаг юм.

-Та багадаа жүжигчнээс өөр мэргэжилтэй болно гэж бодож, мөрөөдөж байсан уу?

     -Төмөр замын тосгоны өнчин хүүхэд байсан болохоор нарийн ширийн юм бодож байгаагүй юм байлгүй. Бусдын үгээр л гүйдэг байснаа санадаг. Ээжгүй хүүхдийн өмссөн хувцас гэж ямаршуухан байсан болдоо, мэдэхгүй.

-Та аав дээрээ өссөн гэл үү. Улаанбаатарт хэрхэн амьдрах болсноо ярьж өгч болох уу?

     -Би Ховд аймгийн Манхан суманд төрсөн. Хоёр настайгаасаа аавыгаа дагаж нутгаасаа гарсан. Өнөөдрийг хүртэл нутагтаа тухтай очиж чадаагүй л байна.Ахыг дөрвөн настай, намайг хоёр настай байхад аав минь биднийг Зүүнхараа дараа нь Улаанбаатарт авчирч байсан юм билээ. Нарийн, өргөн төмөр замд ажиллаж байгаад 1976 онд өвчний улмаас бурхан болсон. Одоо би ахтайгаа хамт өтөлж байна. Аав, ээж минь биднийг тэнгэрээс харж байгаа гэдэгт итгэдэг дээ.

-Таныг нялх байхад ээж нь бурхан болчихсон юм уу. Нутагтаа үлдсэн үү?

     -Ээж минь биднийг нялх байхад тусдаа амьдралтай болж, нутагтаа үлдсэн юм билээ. 1920, 1930-аад оны явдал учраас хэнийг нь ч буруутгах аргагүй юм даа. Аав минь цэргийн алба хааж, Халх голд байлдаж явсан ялалтын медальтай баатарлаг хүмүүсийн нэг. Төмөр замд ажиллаж байхдаа Алтан гадас одонгоор шагнуулж байсан.

-Хүүхэд байхдаа аавдаа хань болж, хоол цайг нь хариуцаж, хийдэг байсан байх?

     -Тэгэлгүй яах вэ. Би хоол, цайгаа хариуцдаг, ах, минь гадуурх ажлаа хариуцдаг байсан. Аав цалингаа буухаар бидний идсэн хоолны мөнгийг нэг дор төлөхөөр төмөр замынхантай гэрээ хийчихдэг байсан юм. Ах, бид хоёрыг төмөр замын өнчин хүүхдүүд гэж тухайн үед харж үздэг байсан байх. Бид хоол, цайг нь идчихээд л гараад гүйдэг байж. Тэгж олны хайранд өссөн болохоор эргээд олонтойгоо харилцаж, сайхан мэргэжилтэй болсон азтай хүн гэж өөрийгөө боддог юм.

-Та хожуу ээжтэйгээ уулзаж чадсан уу. Таныг чадварлаг театрын жүжигчин болсон гэдгийг дуулсан болов уу?

    -Аавын минь биеийг тааруу байхад ээж минь хоёр удаа манайд ирж байсан юм. Аавын сэтгэлийг засах гэж ирсэн юм байлгүй дээ. Тухайн үед би театрт ид ажиллаж байсан ч олны танил болж төдийлөн амжаагүй байсан үе. Манай удамд урлагийн авьяастай хүн байгаагүй ч гэлээ бидний мах, цусанд овсгоо, самбаа байсан юм байлгүй.

-Та ханьтайгаа танилцаж байсан гэгээн дурсамжаасаа ярьж өгөөч. Та хоёрыг ямар учрал холбосон юм бол?

      -1968 онд П.Цэрэндавга аравдугаар ангид улсын шалгалт өгч байхдаа Театрын тайзан дээр “Гарын таван хуруу” жүжгийн Баярын дүрд тоглож байсан юм. Тухайн үед бид анх танилцаж, өнөөдрийг хүртэл 55 жил хамт амьдарч, биесийнхээ дутууг нөхөж, дундуурыг дүүргэж явна даа. Бид гурван хүүхэдтэй. Хүүхдүүд минь бидэнтэй хамт өтөлж, эхнээсээ тэтгэвэрт орж байгаа. Том охин минь эмч мэргэжилтэй, дунд хүү телевизийн найруулагч, бага охин хууль, эрх зүйн мэргэжилтэй.

-Сүүлийн үед та хоёрт уран бүтээлийн санал ирж байна уу?

     -Бидэнд уран бүтээлийн санал, зөвлөгөө авах хүсэлт үргэлж ирдэг. Сүүлийн үед өвөө, эмээгийн дүр цөөрч, хэлдэг үг нь багассан юм байлгүй. Гэхдээ биднээс заавар, зөвлөгөө авахыг хүссэн залуус их бий. Хүүхдээ шавь болгохоор холбогдож байсан хүмүүс ч байна даа.

-Танд эрүүл, энхийг хүсье.

 


Д.МЭНДБАЯР: 80 НАСАНДАА ХАНЬТАЙГАА ХАМТ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛНО ЧИНЭЭ САНАСАНГҮЙ ЯВЛАА, ИХ ХУВЬ ЗАЯА БИДНИЙГ ХҮЛЭЭЖ БАЙЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 24
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-01 15:52:03
    зочин: Сайхан хүмүүсийг харж үнэхээр бахархаж байна. Эрүүл энх урт удаан наслах болтугай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-31 12:25:44
    Бямбаа : Сайхан буурлуудад эрүүл энхийг хүсэе. Урт насалж удаан жаргаарай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-31 08:40:26
    Д.Алтанчимэг : За энэ насаараа ажилласан хүмүүс ч нэгэнт авсан яая гэж, харин юугаа ч авч чадаагүй СТА гаач авч чадаагүй төрмөл авьяастай олон хүмүүс бурханы оронд заларсан шүү дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-30 23:50:26
    Эрдэнээ төр засагтаа баярлалаа гүдээ олсон сайхан шагнал байлаа хоёр баатар таа эрүүл энх аз жаргалыг хүсье: Баяр хүргэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-30 00:03:46
    Зочин: Хамгийн сайхан жvжигчин мундаг жvжигчин Жаргал даахгvйн зовлон кинонд гайхалтай уян хатан эхнэрийн дvр гардаг сайхан буурай даа урт наслаарай та 2 минь амжилт сайн сайхныг хvсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-29 23:25:15
    Zochin : Ene odoo boliooooooo
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-29 23:01:38
    Баянжаргал: Миний хамгийн их хүндэлж явдаг 2 жүжигчин маань хөдөлмөрийн баатар болсонд баяр хүргэж бна нүдээ олсон шагнал байна даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-29 22:32:53
    Ц гүрцог: Амьд Бурхад юмдаа буурал жүжигчид минь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-29 16:46:07
    zochin: хүн хөгширөхөөр магтаал, шагналд шунадаг болдог юмуудаа?! Зарим нэгээс нь өөрсдөө татгалзаж болдоггүй юм байхдаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-29 16:40:38
    арай юу: Хөдөлмөрийн баатрыг ийм хүнд өгдөг болцон уу гэр бүлийн 2 ямар баатарлаг гавьяа байгуулсын бол? цалингаа аваад хийсэн ажлаа цаглашгүй өндрөөр үнэлүүлжээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-29 10:47:57
    S: SEXSDN80955877
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-29 10:44:40
    Зочин: Ерөнхийлөгчөө олон арван жил хөлс хүчээ урсган байж авдаг хөдөлмөрийн баатар цолыг дуучин болон жүжигчин хэмээх ямарч баялаг бүтээдэггүй нөхдүүдэд өгөхөө больёо
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-20 19:32:33
    B: Ene muulj bicheed bga humuus bugd ataarhaad uheh gj bga bhda. Uursduu yu hj giiguulsen gd ingeel neree nuugaad olon ym ******** bdag bn da huurhii. Suvdaa guai aaali 2021 ond hudulmuriin baatar bolsong ch medehgui hevtej bj uursduu ehleed uls tur ediin zasagiin medlegee teleed, gants neg ym hiicheed baharhaltaigar ner zuragtaigaar ene ugsee bichchiheesei. Iim humuusees bolood l uls eh oeon min hugjihud saad bolj bga ym shde.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-20 16:23:03
    Зочин : Мэндбаяр гуай баатар мөн шүү .Цэрэндавга арай л байна даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-20 16:12:29
    Талын-чоно: Монголын аугаа уран бүтээлчид та нартаа баяр хүргэе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-20 15:45:53
    1: tulsan ambition gej
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-20 11:56:33
    Зочин: Урлагынхны баатар илүүц юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-20 11:55:09
    Зочин: Зах зээлийн ороо бусгай цагийн баатар. Хуучин цагт Мэндээ АЖ болж магад харин Цэрэндагва ГЖ шүү дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-19 18:24:26
    Зочин: Одоо мөдхөн Сувд гуай нь баатар авах байлгүй хэхэ эх орон ард түмэнд хэрэгтэй юу хийчээд баатар болоод байдгийн..ичиж амьдарцгаа..
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-19 17:24:56
    ноно: Сувдаагаас эхтэй балайрал юм даа юугаараа баатар юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-19 17:21:07
    засс: цалин аваад хийсэн ажилдаа хэд цол авдаг юм бэ хаха
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-19 10:46:55
    Bilegt: Ene avgai ardiin jujgchin biz dee ?! Ter n ch ihdej bhd, Hudulmuriin baatar n ch eu um bilee ?! Estoi uguh hunee olj yrsan um . Gaihamshigtai jigchin bish shuu dee! Gavyat jujig chin l boloo bsn !!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-18 13:30:35
    Зочин: Тэтгэвэрт гараад 20 жилд хөдөлмөрийн баатрын ажил хийчих юм аа. 60-аас урагш 40 жилийг архидаж өнгөрөөж дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-17 18:28:57
    Отгоо: Одоо энэ жүжигчид бөхчүүдээ болио өөрийнхөө төлөө л ажиллаж амьдарч байж юун хөдөлмөрийн баатар ичээсэй
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188