• Өнөөдөр 2024-10-14

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.БАЛХААЖАВ: Ээжийн минь “Миний хүү ямар хүн болох юм бол доо” гээд үнсэж байснаас илүү амьдралын даалгавар, хичээл надад байгаагүй

2023-12-30,   33089

-Х.ЦЭВЛЭЭ МИНЬ САЙХАН НӨХӨРЛӨЖ, ХҮНД ХАНЬ БОЛЖ, ТУС ХҮРГЭЖ ЧАДДАГ ХОВОРХОН ХҮНИЙ НЭГ-

      Түүнтэй их уншиж, гүн сэтгэж, бичиж, бүтээхээр суудаг дөрвөлжин хүрэн ширээнийх нь ард ярилцаж суухдаа “Шилбүүр унаад хонинд гүйдэг байсан хүү Хөдөлмөрийн баатар болсон түүх хэчнээн байдаг бол” гэх бодол зурсхийв. Үүнтэй адил түүний бага нас, амьдралыг нь хэн нэгнийхтэй харьцуулшгүй. Хорвоогийн бор хоног, шар өдрүүдийг өөрийнхөө эр зориг, эрдэм ухаан, үнэнч сэтгэлээр туулж яваа эрхэм. Тэрбээр зургаан настайдаа өвөөгөөрөө монгол бичиг заалгаж, эмээгээсээ үлгэр сонсдог байж. Түүний эрдэмд шамдаж асан балчир цагт барын цаас, цагаан шохойноос өөр бичгийн хэрэгсэл байгаагүй нь лавтай. Гэлээ ч тэр шохойгоо үзүүрлээд лааны гэрэлд хэчнээн хоног хичээнгүйлэн суусныг таашгүй. Ийн уншиж, бичих эрдмийг өвөөгөөсөө өвлөсөн тэрбээр 1945 онд сумынхаа бичиг, үсгийн багш болж, ердөө гуравхан жилийн дараа буюу 1948 онд Намын дээд сургуульд сурахаар ирсэн гэдэг. Тэр өдрөөс түүний Улаанбаатарын амьдрал эхэлж, Монголын улс төрийн буурал түүхийг бичилцсэн түүний гавьяа шаргал хуудаснаа балтаар цавчсан ч арилахааргүй дархлагдсан байдаг. 1984-1990 онд Намын төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж, нэгэн насаа үзэг, цаастай холбосон Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, философийн ухааны доктор, профессор Цэрэнпилийн Балхаажав гуайтай ярилцлаа. Буурал эрдэмтэн өдгөө 95 насны босго  давсан ч туулж өнгөрүүлсэн амьдралынхаа үүх түүхийг он, сар, өдөртэй нь ярьж сууна. 

-Төр, засгаас таны хийж, бүтээсэн ажлыг үнэлж, Хөдөлмөрийн баатар хэмээх хүндтэй цолоор шагнасан.  Үе үеийн алдартнууд шагнал авахдаа “Аав, ээж минь намайг тэнгэрээс харж байгаа гэж бодож байна. Тэднийгээ дурсаж, их бодлоо” хэмээдэг. Харин та шагнуулах мөчдөө юу бодож байв?

       -95 насандаа Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнуулсандаа баярлаж байгаа. Гэхдээ Хөдөлмөрийн баатар гэх цол надад хэр зохихыг бодож байгаагүй болохоор “Хэтэрсэн их шагнал байх вий” гэж айсан. Би нам, төрийн ажил хослуулан хийж байсан ч өөрийгөө баатрын хэмжээнд хийсэн гэх эрхгүй. Тийм зан, чанар ч надад алга. Шагнуулсан өдрөөс хойш найз нөхөд, хамаатнууд, хамт ажиллаж байсан хүмүүс гээд олон хүн баяр хүргэсэн. Утасны дэргэдээс холдохын эцэсгүй хэцүү ч юм шиг нөгөөтээгүүр сайхан ч юм шиг хэд хоносон. Аав, ээжийгээ жаргалтай үедээ л, шагнал авахдаа л бодно гэж юу байх вэ. Тэд миний зүрхэнд ч, зүүдэнд ч үргэлж хамт байдаг. Ээжийн минь зураг байдаггүй болохоор сэтгэлдээ хадгалж үлдсэн ээжийнхээ хөдөлгөөн, царайг мартахгүйг хичээдэг. Миний ээжийг надаас олон жил харж, хамт байсан хамаатнуудтайгаа ярилцаж байгаад ээжийнхээ хөргийг зуруулах юм сан гэж боддог байсан. Одоо ч дэмий болох байх аа. 

-Та өөрийгөө баатрын хэмжээнд ажиллаж чадаагүй гэлээ. Гэхдээ  ард түмэн, төр засаг таны ямар ажлыг илүүтэй үнэлсэн гэж бодож байна вэ?

      -Өнгөрсөн хугацаанд би хүний тухай философийн судалгааг Монголд хөгжүүлсэн. 60 гаруй жил эрдэм шинжилгээний чиглэлээр ажиллахдаа 20 гаруй ном, 40 орчим товхимол, судалгааны бүтээл хийжээ. Түүнийгээ Нийгмийн ухааны академийн номын санд хадгалуулсан. Түүнээс хүн судлалын гурван том ботиос эхлээд "Орчин үеийн Монгол орны түүхэн хөгжлийн диалекик", "Үүрдийн дурсгал-номын хөшөө", "Хүн гэж хэн бэ", "Хүн хэмээх алдрын гайхамшиг" гэсэн ном  болон "Үзэг, цаас бид гурав" гэх гар бичмэл гээд бүтээлүүд бий. Мөн тухайн үеийн мэргэжилтэн, мэргэжлийн хүмүүстэй хамт Монголын бэлчээрийн мал аж ахуйн 20 боть гаргаж, 500 хувь хэвлүүлсэн. Мөн Намын төв хороонд байхдаа боловсрол, шинжлэх ухааны салбар хариуцдаг байлаа. Нэг жил улс даяар шар өвчин дэгдэж, зарим нь “шприцны шар” гэх болсон. Тэгээд бид “Шар өвчин шприцнээс болоод байгаа юм уу, ариун цэвэр сахихгүйгээс болж байна уу” гэдгийг аймаг, сумдаар явж судалсан. Гэтэл орон нутгийн бүх эмнэлэг 4-5 шприцтэй байсан. Тэгээд улсын хэмжээний ажил зохион байгуулж, Монголд шприц хийх боломжтой эсэхийг Эм хангамжийн баазынхантай ярилцаж, хамтарч чадсанаар Монголд нэг удаагийн шприц үйлдвэрлэдэг. Энэ мэт бидний хамтын ажил, хөдөлмөрийг төр, засгаас үнэлсэн юм байлгүй дээ. 

-Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулахаас өмнө эсвэл шагнуулсны дараа танд “Түүнийг тэгээд хийчихгүй яав даа” гэж харамсах бодол төрж байв уу?

     -Тоолшгүй их бий. Монгол Улсын боловсролын түвшинг олон улсад гаргах юм сан гэх хүсэл, эрмэлзэл байсан. Хоёрдугаарт, анагаах ухааны салбарыг олон улсад гаргахын тулд хэн бүхэн ажиллах ёстой гэдэг зарчим баримталдаг байлаа. Олон улсын туршлагыг мэдэхийн тулд гадагшаа явсан хүн бүхэн сурч, мэдсэнээ олон нийтэд нэвтрүүлэх, тэднийг сургах үүрэг өгдөг байсан. Тухайн үед залуучуудаа хангалттай олноор нь сургаж чадаагүй, нийтийн боловсролын түвшинг дээшлүүлж чадаагүйдээ харамсдаг юм. Үзэл суртлыг сурталчлах нь миний үндсэн ажил байлаа. Мэргэжилтэн бүхэн нам, засгийн бодлого иргэн бүрийн мэдвэл зохих даалгаврыг улсын хэмжээнд явуулж байсан. Ингээд бодоход Хөдөлмөрийн баатар болсон ч болоогүй ч хийснээс илүү хийгээгүй нь дийлээд сэтгэл амардаггүй юм байна. “Тэрийг тэгээд хийчихгүй яав даа. Тэгж хийж болох байсан юм байна шүү дээ” гэх мэт бодол тархинд дохиолол шиг хангинаж, өөрийгөө зэмлэж сууна.

-Таныг өвөөгөөрөө эрдэм заалгаж, үеийнхэндээ хичээл заадаг байсан гэж уншиж байсан. Тэгэхээр өвөө тань тухайн цаг үеийнхээ сэхээтнүүдийн нэг байжээ?

     -Би Завхан аймгийн Цагаанчулуут сумын Цахир уулын зүүн биед орших Баруун Туулайтын Үүдэн цохио гэх газар 1928 онд төрсөн. Эрдэм, номтой сайхан ээж, ах, өвөөгийн ачаар хүн болсондоо баярладаг. Багаасаа бичиг ном сурч,  багшилж байгаад сүүлд нь дотоод, гадаадад их, дээд сургууль дүүргэсэн.

Өвөө минь тайж гаралтай  эрдэм, номтой байв. Түүнд ааваас нь үлдсэн модон барын бичигтэй судар, Ганжуур, Данжуур байсан учир би багаасаа номонд дуртай хүү болсон. Тийм болохоор өвөө намайг Мээрэн Сандуйжав гэх хүний шавь болгож байв.

Харамсалтай нь, намайг тавдугаар ангид байхад ээж минь бурхан болсон. Тэгээд би малчин болохоор шийдэж, 3-4 жил хөдөө амьдарсан. Гэвч сурсан эрдмийг минь улсаас үнэлж, намайг 1945 онд бичиг, үсгийн багш болгосон нь миний ажил, өнөөдрийн амьдралын эхлэл болсон доо.

-Та бага сургуульд байсан гэхээр ээж нь залуудаа бурхан болжээ. Шалтгаан нь юу байсан юм бэ?

      -Ээж минь 37 настайдаа төрөхийн хүндрэлээр бурхан болсон. 1943 оны наймдугаар сарын 1 бол миний амьдралын харанхуй өдрүүдийн нэг. Жил бүрийн энэ өдөр би бусдад ширүүн үг хэлэх, элдэв муу зүйл хийхгүй байхыг хичээдэг. Нэг ч зураг нь үлдээгүй хөдөөний даруухан монгол эхийг дурсах өдөр.

Би аавгүй өссөн ч ээж минь надад аавын тухай ярьж өгдөг байлаа. Аавыг хэлмэгдүүлэлтийн үед баривчилж явсан гэдэг. Ээж минь нэг зун намайг тоглож байтал гэрийн хаяанд дуудаж, суулгаад “Миний хүү ямар хүн болдог бол доо. Ямар ч байсан эрдэм, номтой сайн хүн болоорой” гээд толгойг минь илж билээ.

    Түүн шиг сайхан үг, түүн шиг их хайр, ирээдүйг бодсон ерөөлийн үг дахин олдошгүй байжээ, надад. Ээжийн минь хэлсэн тэр үг намайг өнөөдрийг хүртэл амьдруулж, миний жаргалтай, хүн шиг хүн явахын үндэс болсон. Ээж минь тэр үед надад амьдралын хамгийн хүчтэй хичээл, даалгаврыг захиж үлдээсэн гэж боддог.

-Та хүүхэд насны дурсамж, ээжийнхээ захиасаар өнөөдөрт хүрсэн гэж ярилаа. Яахын аргагүй таны бахархал бол ээж нь байх нь ээ?

     -Ээжээрээ дурсамж яриулж, өдөр бүр эмээгийнхээ үлгэрийг сонсдог байсан үеийг юутай ч зүйрлэшгүй. Түүнээс илүү жаргал гэж байдаггүй юм билээ. Үлгэрт итгэж, малчин айлын гэрийн хүмүүжилд хүн болсноороо, ээжийнхээ сургаалыг сонсож өссөнөөрөө үргэлж бахархдаг. Намайг өсгөсөн эмээг Сэрээтэр гэдэг байв.

Намайг 20 настай Улаанбаатар руу сургуульд явахад “Чиний нэрийг гурван өртөө газар алхаж Дилав багштанаас залж ирсэн. Ухаан өвөрлөж, нэрээ хичээж, хайрлаж яваарай” гэж билээ. Хөгшин ээжийнхээ зааж өгсөн мэгзэм, тарни хоёрыг одоо хүртэл мартаагүй.

Зун борооноор тэнгэр тасхийн дуугарахад эмээ минь амандаа “Нэмий нэмий, нэмэн дарий суухаа” гэж уншдаг байсан. Би түүнийг нь тэнгэр дуугарахад уншдаг хэвээрээ. 

    -Хүн бүрийн ээж хүүдээ хамгийн сайхан нь шүү дээ. Тийм ч учраас бид аав, ээжийгээ хамгийн сайхнаар дурсан ярьдаг. Харин та ээжийгээ ямар ааш, зантай хүн байсан гэж ярих вэ?

       -Миний ээжийг Намнан гэдэг байсан. Дуу цөөтэй, даруухан, хийж байгаа ажилдаа анхаарлаа төвлөрүүлж чаддаг, малд гарамгай хүн байлаа. Бас хувцас жигтэйхэн сайхан оёдог, уран хүн байсан гэдэг. Ээж шигээ хүн олон биш байх гэж бодсоор өнөөдөрт хүрсэн. Би гурван дүүтэй. Ээж бидэнд “Хүнд тустай хүн шиг хүн болоорой. Та нарт адилхан хэлж байгаа шүү. Хүнд тусалсан бол хариу тус заавал ирдэг. Олны өмнө нэр бүтэн яваарай” гэж захидаг байлаа. Ээж минь Балхаажав, Чимэддорж, Мягмар, Дорж гэдэг дөрвөн хүү төрүүлсэн. Энэ ертөнцөд ээжийгээ дурсан санах шиг, хэлсэн захисан бүхнийг нь биелүүлэх шиг, сэтгэлийнх нь хайлган чанарыг бодох шиг сайхан юм ховор. Би Цэрэнпил гэж нагац ахаараа овоглодог юм. Түүнээс чихэр горьдсоор байгаад чихэрт дуртай, чихрээр хооллодог хүүхэд байлаа. Одоо ч хэвээрээ. 

-Та нагац ахаараа овоглодог бас ойр, дотно өсжээ? 

        -Нагац ах ээжээс хойш гэрийг минь өөд нь татаж, биднийг харж, ханддаг байлаа. Ах минь жинчин байсан болохоор бид түүнийг хаашаа ч явсан чихэр горьдоод л хүлээнэ. Бээжин явлаа гэхэд “Ямар чихэр авчирч өгөх бол” гэж горьдоод, ирэхгүй удахаар нь “Мэргэн гоодой мэд, мэд. Мэдсэн тийшээ уна” гэж шүлсээрээ мэргэлдэг байлаа шүү дээ. Тэгээд өөрийн тал руу унавал “Удахгүй ирнэ”, нөгөө тийшээ унавал “Мөд ирэхгүй юм байна” гэж таадаг байлаа. Ахынхаа ачаар тоонд давгүй, цээжээр бодчихдог болсон. Тэгээд томрох тусмаа “Ахыгаа яаж баярлуулна даа, ачийг нь хэрхэн хариулна даа” гэж сэтгэл зовнидог болсон доо. Даанч санаж, бодсоноор болоогүй.

-Таныг орос хэлэндээ гарамгай сайн, ном, бүтээл хөрвүүлж байсан гэдэг. Орос хэл сурч байсан үеийнхээ түүхээс сонирхуулж болох уу?

      -Сайн багш нарын ачаар орос хэл давгүй сурсан. Намайг Намын дээд сургуульд ирээд удаагүй байтал түүхийн Доржсүрэн багш “Хүний гарал үүсэл” гэх номыг орос руу орчуул гэсэн. Багшийн өөдөөс “Орос хэл мэдэхгүй шүү дээ” гэтэл “Үг бүрийг нь толь бичгээс харж орчуул. Тэгвэл чи энэ номыг ойлгоно” гэж билээ. Тэгээд би нэг сарын хугацаа өнгөрөхөд 1500 үг цээжилчихсэн байсан. Удалгүй номоо орос хэлээр орчуулчихдаг болсон. Мөн В.С.Молодцов багшаас философийн тухай  ойлголттой болж билээ. 

-Та бичиг, үсгийн багшаар ажлын гараагаа эхлүүлсэн юм билээ. Харин Намын дээд сургуульд хэдэн жил багшилж, даргаар нь ажилласан юм бэ?

      -Би Намын дээд сургуульд дөрвөн жил онц сурч төгсөөд, сургуульдаа 1959 он хүртэл гурван жил, багш, эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. Тэгээд Москвагийн их сургуулийн философи, гүн ухааны сургуульд таван жил суралцсан. Тэндээс л миний эрдэмтэн болох хүсэл, зорилго, санаа минь бүрэлдсэн гэхэд болно. Дараа нь буюу 1967 онд Москвагийн сургуульд сурч,  дэд эрдэмтний зэрэг хамгаалж байлаа. Москвагаас ирээд Намын хороонд эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлсэн. Тухайлбал, 1964 онд Намын түүхийн институтэд очиж, Намын төв хороонд эрхлэгч болж билээ. Тэгээд Үзэл суртлын хэлтэст долоон жил, Намын Ажлын хэлтэст гурав, Гадаад харилцааны хэлтэст гурван жил болж, Намын төв хорооны нарийн бичгийн даргаар 1998 он хүртэл ажилласан. 

-Намын төв хороонд хэлтсийн дарга, Нарийн бичгийн даргаар олон жил ажиллажээ. Тухайн үед та ямар зарчмаар ажилладаг байв. Зарчимч дарга байв уу?

      -Би ахалж байсан хэлтсүүддээ гадаад, дотоодод их, дээд сургууль төгссөн мундагчуудыг гуйж, түүж авдаг байсан. Тэднийгээ ажилд сургахын тулд хэрэндээ л  тэмцсэн. Тухайн үед хүмүүс намайг хамгийн зөөлөн дарга гэж ярьдаг байсан байлаа. Хамгийн гол нь би хүний арга, эвийг олдог байж. Хэн нэгнийг загнаж, шаардахаасаа илүү “Энийг хийхийн тулд тэр номыг унш” гэх маягаар аргадаж, үүрэг өгдөг байсан нь бусдаас ялгарсан байх. Тиймээс манай хэлтэст хүмүүс ирэх дуртай, манайхан ч манлайлдаг байж дээ.

-Та төр, нийгмийн эрхмүүдтэй улс орноо хэрхэн хөгжүүлнэ хэмээн ажиллаж байв. Тэдний баримталдаг арга барилын талаар ярьж өгөөч?

      -Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Бумцэнд, Ю.Цэдэнбал, Ж.Самбуу, Ж.Батмөнх, Б.Ширэндэв нартай ажиллаж, улс орноо хөгжүүлэхийн төлөө өөрсдийгөө бүтэн зориулж явжээ. Одоо уншигчдын танихаас Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров манай хэлтэст ажиллаж байсан тэргүүний ажилтнуудын нэг. Тэрбээр ном уншдаг, мэдлэгтэй, хүнтэй ажиллаж сурсан хүн шүү дээ. Тийм  учраас Хөдөлмөрийн баатар болох нь гарцаагүй. Түүнээс гадна Б.Лигдэн, Н.Пүрэвдаш, Д.Дондов, Н.Даваадаш гээд олон мундаг сэхээтэнтэй гар нийлж байсан. Тухайлбал, Ю.Цэдэнбал дарга ажлаа хийсэн шиг хийж, үүрэг, даалгавар өгч, мэдээлэл авч чаддаг. Түүнийхээ үр дүнд Монголын төр, засгийг хөгжүүлэхэд үнэтэй үүрэг гүйцэтгэсэн гэдгийг  монголчууд мэдэх учир илүү хэлэх юм алга. Харин Ж.Батмөнх дарга удаан хөдөлгөөнтэй боловч, сайтар бодож, төлөвлөж чаддаг байсан. Монголыг өөрчлөх, хөгжүүлэх, орчин үеийн нийгмийг бүтээхэд санаа, сэтгэлээ зориулж ажилласан мундагчуудын нэг. Д.Ламжав гуай Намын төв хорооны боловсон хүчнийг хариуцсан буурь, суурьтай хүн байсан. Монгол Улсын дундаас дээш албан тушаалтай бүх хүнийг толгой дараалан мэддэг, таньдаг, түүхийг нь судалчихсан, хүнийг хаана ажиллуулбал зохих вэ, хэнээс ямар ажил шаардах вэ гэдгээ мэддэг боловсон хүчний ажлыг намын болоод улсын өмнө хариуцаж байсан хашир хүн байлаа.

-Таныг  Хөдөлмөрийн баатар, нэрт нийтлэлч Х.Цэвлээ гуайтай дотно найз гэдгийг олон хүн мэднэ. Та найзынхаа тухай ярьж өгөөч?

     -Бид 1972 оноос нөхөрлөж, хамт ажиллаж эхэлсэн. Бид Намын төв хороонд ажиллаж байхдаа санал, бодлоо байнга хуваалцаж, ярилцдаг байлаа. Х.Цэвлээ миний шавь юм шиг нөгөө талаар ажилтан бас найз ч юм шиг байж. Х.Цэвлээгээс олон зүйл асууж, сурч, сонсож ирлээ. Түүний нийтлэлийг гүйцэх агуулгатай нийтлэл бичдэг сэтгүүлч тун цөөн. Тийм ч учраас  Хөдөлмөрийн баатар болсон. Найз минь хүний хувьд нөхөрлөж, хүнд хань болж, тус хүргэж чаддаг ховорхон хүний нэг. Маш гярхай, ноён нуруутай болохоор бичсэн, ярьсан, хийснийг нь хүмүүс андахгүй биз. Тэр бичих, ярих соёлоороо бусдыгаа манлайлж ирсэн хүн юм шүү дээ. Хүн чанарын хувьд, мэдрэмжийн хувьд түүнийг гүйцэх хүнтэй таарч байсангүй. 

-1990 он гарснаар малчид гэлтгүй сэхээтнүүдийн амьдрах боломж, ажиллах нөхцөл өөрчлөгдсөн байх. Та Ардчиллын тухай та ямар ойлголттой, хэрхэн дэмждэг вэ?

     -Би ардчиллыг дэмждэг. Даанч тухайн үед улсын бүх өмчийг задалж, эзэнгүй болгосон нь харамсмаар. Өмчтэй байж улс хөгждөг болохоор тэр бодлого хамгийн буруу байсан. Өмч түшиглэж улсын эдийн засгийг босгосон бол өнөөгийн нийгэм өөр байх нь ойлгомжтой. 

     Ардчилал жинхэнэ ардчиллаараа байсан бол улс өөрөөр хөгжих боломжтой байсан. Гэхдээ одоогийн улс төр дэх залуучуудыг улсаа авч явах чадвартай гэдэгт итгэдэг болохоор өөрийгөө тайван байлгахыг хичээдэг дээ. Залуу үеэ буруутгаад, голоод байх нь зохисгүй. Энэ цаг үеийг энэ цагийн залуус л авч явна. Гол нь залуус маш сайн унших, судлах хэрэгтэй. Бидний үед ном сайн уншдаг байсан. 

-Та амьдралынхаа хамгийн нандин дурсамж болох ханьтайгаа танилцаж байсан түүхээс ярьж өгөөч?

      -Миний ханийг Ё.Намжилмаа гэдэг. Хүний гавьяат эмч. Хуучнаар Анагаах ухааны их сургуульд багшилж байгаад Гандангийн хүүхдийн эмнэлэгт 1957 оноос хойш 55 жил ажилласан хүн бий. Одоо нэг нь 90 гарсан нөгөөх нь 90 дөхсөн хоёр хөгшин ач, зээ нараа тойруулчихаад жаргалтай сууна. Бид номын санд хамт ном уншиж байгаад л бие биедээ дасаж гэр бүл болцгоосон. Үүнээс илүү юм ярьж, амьдралынхаа хамаг нандин дурсамжийг ил болгомооргүй байна. Хүнд ярьж болохгүй дурсамж гэж бий. Бидний танилцсан түүх бол амьдралын минь хамгийн нандин нууц” гэсэн юм.

     Өөрийгөө тайван байлгаж чадвал жаргал болно гэдгийг мэдсэн түүнд уурласан өдөр гэж байхгүй болов уу. Тэрбээр энэ тухай ярихдаа “Би чанга дуугарахаас өөрөөр хэтрэхгүй. Намайг уурлахгүй бол хажуугийн хүн уурлахгүй шүү дээ. Уурласан ч намайг уурлуулж чадахгүй” хэмээн инээмсэглэсэн юм. Мөн түүний эрүүл саруул, тайван амьдардаг үндэс нь ердөө хөдөлгөөн гэв. Залуудаа автомашинтай байсан ч ажил руугаа алхдаг байсан тэр өдгөө гэртээ өөрийгөө дасгалжуулж, алхдаг аж. Тиймээс дулаахан өдрүүдэд гэрийнхээ ойролцоох алдарт “Битлз” -ийн хөшөөний дэргэдүүр гэргийтэйгээ хамт зугаалдаг гэсэн.

 

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.БАЛХААЖАВ: Ээжийн минь “Миний хүү ямар хүн болох юм бол доо” гээд үнсэж байснаас илүү амьдралын даалгавар, хичээл надад байгаагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 42
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-06 12:21:48
    Tungalag : Hunii deed hun baisan yumdaa niitleliig sain unsnlaa hun iim l ariun saihan setgel duuren ybz irsenii buyn ene baihdaa gez bodoz snimten unsniz duuslaa ta mini burhanii orondoo sain zalardaa taniig mini sain saihan buhneeree ugtana aa ta mini ,Uls orondoo ihiig buteez haramgui zurh setgelee ogsoniig hoicn yeiinhene nartahgui ,
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-06 07:51:12
    энхбаатар: мундаг хүн байж гоё түүх уншлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-05 23:35:33
    Хамаатан: Ах, эгч 2 маань 2-лаа эрдэм номтой сайхан гэгээлэг хүмүүс юм. Тиймээс ч сайхан насаллаа. Яриад суухад хүртэл дандаа сайн байна гэж магтана, урмын үг хэлнэ. Хийдэг юм нь ердөө л ном унших, юм судлах, ном бичих байлаа. Сайхан ах минь бурхныхаа оронд тайван нойрсдоо!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-05 21:20:43
    555: Намын дээд сургуулийн багш философич хүн л дотроо сүжиг бишрэлтэй тарни мэгзэмтэй л байж.Тэгээд нөгөө мухар сүсэг нтр гээд байдаг хүмүүс бод бод! Шүтэж бишрэх юмгүй өвөг дээдэс удам угсаа муутай хүмүүс л сүжиггүй дээр нохой шиг амьдраад дуусдаг .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-05 21:12:02
    Зочин: 1990 оноос өмнө улс эх орны хөгжлийн төлөө, ард иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө нойр хоолгүй ажиллаж байсан алтан үеийн бахархалт сайхан хүмүүс цөөрч байна даа, танд маш их баярлалаа, 1990 оноос хойшхи эрэгтэй нь буг чөтгөр, эмэгтэй нь шулмас болсон шуналт хулгайч худалчаар дүүрсэн, 1990 оноос өмнө бүх юмаа Монгол эх орондоо үйлдвэрлэдэг, ядуу гэр оронгүй хүн байдаггүй жаргалтай сайхан байсан, бүх хүний царайнд инээмсэгоэл тодорч ажил хийх урам зоригтой байлаа, одоо ч бүх байгууллагад хамарт нь баас түрхсэн юм шиг уур уцаартай шоронгийн ялтан шиг ажилладаг болсон төрийнхөн.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-05 18:06:29
    zochin: Saihan seheeten baharhmaar tuuhtei hun bna daa.Udii nasnii hun eejiigee dursan sanasaar gaihaltai martahgui tuld setgeldee boddog uilmaar yumdaa.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-30 15:17:35
    Дарам Батаа : Агуу хүн гэдэг өөрөө Агуу философи юм.Саяхан нэг таарсан чинь таньж бгаа юм.Барилгын Батаа хараач Өдрийн сониноо барчихсан явна шүү. Овоо гэж байдаг шүү. Гайхалтай ОЙ УХААНТАЙ хүн!!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-11 14:31:24
    Zochin: Ymar saihan goy yriltslaga vee . 2 saihan buuraldaa saihan buhniig husey. Baharhal bolson iim humuusiin dursamh setgegdel unshih goy uma . Hair hurgesen buural mundag seheeten erdemten taniar baharhaj bn . Tanihgui ch hair uma ta 2 min. Aavtai min yasan ch adilhan um beee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-09 14:56:30
    Зочин: Мундаг хүн. Хүнийг хүн болгох хүмүүжил ёс суртахууны ном товхимлуудыг залуучууд олж уншвал их тустай шүү. Маш сайхан ярилцлага бна...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-09 00:27:29
    UB: Uneheer uhaalag, huniig oilgohiig hicheedeg, zuulen taldaa, tuiliin hunleg darga baij bilee. Talarhaj yavdag daa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-08 19:48:31
    Ганаа: Маш сайхан ярилцлага байна .Сайхан 2 бууралдаа эрүүл энх,урт нас,удаан удаан жаргалыг бэлэглэе. Аз жаргалаар дүүрэн яваарай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-08 19:48:14
    Ганаа: Маш сайхан ярилцлага байна .Сайхан 2 бууралдаа эрүүл энх,урт нас,удаан удаан жаргалыг бэлэглэе. Аз жаргалаар дүүрэн яваарай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-07 22:05:49
    Зочин: Урт наслаж удаан жаргаарай, сайхан ярилцлага бна даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-07 22:02:29
    Д. Гансүх: Сонинд гарах баярын плакатыг их олон дамжлагатай батлуулдаг байлаа. Хамгийн гайгүй нь Балхаажав гуай л байдагсан. Их л болж "За чи өөрөө болно гэж бодож байгаа юм уу" гээд л батлаад өгчихдөгсөн.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-07 18:27:36
    Заяа Тазнаа: Сайхан буурайнууд минь эрүүл энх байж аз жаргалтай сайхан амьдраарай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-07 14:25:57
    Б.Даваажав: Эрхэм хүндэт багш нартаа урт насалж, удаан жаргаарай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-01 10:08:08
    Д. Батсүрэн: Уртын урт насалж удаан жаргаарай та хоёр буурал минь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-03 15:14:39
    Б.Буджав: Эрүүл энх байж урт наслаарай та 2 минь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-17 20:22:31
    Дархицэрэн: Сайхан 2 бууралдаа эрүүл энхийг хүсьe
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-16 14:32:20
    Зочин: Сайхан нийтлэл байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-15 18:36:42
    Зочин: Хоёр буурайдаа сайн сайхныг хүсэн ерөөе. Урт наслаарай та хоёр минь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-15 12:46:00
    Зочин: Энэ хүн даруухан ухаалаг оюунлаг Монголын шилдэг сэхээтнүүдийн нэг Өнөөдрийн луйварчид энэ хүнийг тухайн үед юу гэж хуцдаг байсан бол,ардчлал нэрийн доор монгол орныг,монголчуудын сэтгэл санааг өөрчилсөн,талцаж хуваагдмал ашигласан дайснууд ...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-15 11:12:13
    Сувхүү: Улс , ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэснийхээ төлөө буянаа эдлэн жаргаж суугаа 2 буурлууддаа урт насалж, удаан жаргахын ерөөл өргөе.Хайртай ээж нь хамт байж баярлаж бгаа даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-15 06:56:42
    Би: Өнөө үеийн бүх гишүүн сайд дарга нарыг бүгдийг нийлүүлж базахад энэ хүний дайтай ухамсар сэтгэхүй ёс зүйтэй хүн гарахгүй дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-14 21:25:02
    Зочин: Сайхан сэхээтэн бжээ урт удаан наслаарай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-14 19:50:45
    Зочин: Сутай хэмээх сургуульд ажиллаж байх үeд энэ агуу хүнийг ирэхийг харааад хүндлэл хайр зэрэг төрдөгсөнн.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-14 18:28:21
    Зочин: Уг нийтлэлийг уншаад нэг түүхээ бичмээр санагдлаа. МАНАЙХ ШАДИВЛАНГИЙН зусланд байхад хамт зусланд гардаг байлаа . Тэр үед Балхаажав гуай Москвагаас ирсэн юм .тэгээд надад Лениний бага нас Володягийн буржгар үстэй тэмдэг өгч байсан .энэ дурсамж ер мартагддаггүй юм .Хүү нь бас цэцэрлэгт нэг анги байлаа .Чих өвдөхөөр Намжилмаа эмчид очиж үзүүлнэ .гээд зөндөө багийн дурсамж байдаг юм .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-14 13:11:10
    Лхагва багш: Оюуны их далай болсон буурал багшдаа эрүүл энхийг хүсье!Хүн байхын учир…. гээд л агуу яринаа. Тэр яриа бүхэлдээ хүний хөгжлийн филсофи байж дээ гэж одоо ч надад бодогддог шүү! Ирэх болгондоо бидэнд атга, атга чихэр өгдөг сөн амьдралын минь сайхан сургамж дурсамжит мөч! Дандаа дахин сайн сайхныг ерөөе дөө.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-14 12:51:52
    zochin: Uneheer nasaaraa nom unshij bichij tuurvij irsen amid ulger duurialal
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-14 11:32:38
    Одончимэг: Б.Гүнжид сэтгүүлчид баяр хүргэе. Энэ цагийн ховордсон буурлын тухай сайхан ярилцлага болжээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-14 11:16:08
    Gal: Сайхан хөрөг нийтлэл болжээ. Хэрэв би буруу санаагүй бол Балхаажав гуай Монгол мед эмнэлгийн захиргаанд ажилладаг санагдаад байна. Баримт авах гээд орсон чинь нэлээд өндөр настай хүн компьютерийн ард юм бичээд сууж байсныг мөн байх гэж боддог. Мөн Америк кинон дээр гардаг шиг бүрх малгай пальтой өмссөн дипломат цүнхтэй их ганган өвөө байдаг шүү. Их сүрхий хүн байна гэж харж байлаа. Айхтар мундаг хүн байжээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-14 08:11:06
    Иргэн: Энэ эрхэм хүнээр Энэтхэгийн гүн ухаан гэдэг хичээлийг заалгаж байж билээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-14 07:16:58
    Шавь: Ховор сайхан хүн дээ. Урт насалж ухаан далайгаа ундруулж байгаарай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-14 02:43:13
    Би монгол : Ухаант мэргэн 2 буурай минь урт насалж удаан жаргаарай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-14 02:42:54
    Би монгол : Ухаант мэргэн 2 буурай минь урт насалж удаан жаргаарай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-14 01:32:20
    bbbb: 80 jil eejiigee bodoj ,hairlaj, betgerch yavaa buyantai buurai baina daa zailuul.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-13 16:00:03
    Цэцэгдэлгэр: Хөдөлмөрч хүний түүх намтар хүнийг хурцалж,эрч хүч,итгэл өгдөг дөө. Тиймээс ийм сайхан түүх намтар сонсох унших дуртай.Сурагч. оюутан насандаа энэ хүний уриа лоозонг орос монголоор цээжилж, шалгалт өгч явжээ. Хөдөлмөрч,арвич хямгач тусч,шулуун шударга байх үзлээр хүиүүжсэн.Танд эрүүл энхийг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-13 11:25:20
    С.СҮРЭНЖАВЫНХАН : БИДНЭНДЭЭ ӨМӨГ ТҮШИГТЭЙ ХОЁР БУУРАЙ ДАА ЭРҮҮЛ ЭНХ, САЙН САЙХНЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-13 10:41:30
    enkhbat: Unexeeriin saixan buurluud bna aa. Urt nasalj udaan jargaarai. Nasaaraa xicheej amidarsan xumuusiig burxan igeedegiin jishee bna aa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-13 10:13:18
    Таныг эрхэмлэн хүндэлдэг нэгэн ахмал офицер: Бурхан гэж хэрэвээ байдаг бол энэ хоёр хөгшинийг минь урт насалуулаж удаан жаргуулаарайдаа?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-13 09:23:34
    Zochin: Ymar goy niitlel vee . Buuraluuddaa saihan buhniig huseye. Goy umaa hair hurmeer
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-13 08:55:03
    Z: Сайн сайхан бүхнийг ерөөе.Гоё.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188