• Өнөөдөр 2024-04-19

Д.БОЛД:Зураачид бол уйдах завгүй, хөдөлмөрч, тархи нь үргэлж ажиллаж байдаг хүмүүс

2020-12-03,   2140

Оюун санаагаа баян байлгавал хэр баргийн зовлон, бэрхшээл, дарангуйллыг тэсээд хөгжиж чаддаг

Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын зураач До.Болдтой ярилцлаа. Тэрбээр Монголын төдийгүй дэлхийн дүрслэх урлагийн салбарт өөрийн гэсэн өвөрмөц, содон өнгө төрх, тод илэрхийлэл болон гялалзаж буй "Уран зургийн хаан" юм. Түүний сэтгэлийн нэгээхэн хэсгийг нээж, уран бүтээл, амьдралын өнгийг ялган таньсан яриаг нь хүргэе.

-Та 1980-аад оноос үеэс Монголын дүрслэх урлагийн салбарт шинэчлэл авчирсан манлайлагчийн нэг. Орчин үеийн уран зураг ямар түвшинд байна гэж боддог вэ?

-Ардчилал хүн төрөлхтний түүхэн дэх сэтгэлгээний ялалт. Шинэ урлагийн орчин, ертөнц бий болох суурь тавигдаад, хөгжиж байна. Үүнийг улам гүнзгийрүүлж, хөгжүүлэх ёстой. Монгол хүн аугаа сэтгэлгээтэй, саруул ухаантай, ямар ч зүйлээс сайныг олж хардаг. Оюун санаагаа баян байлгавал хэр баргийн зовлон, бэрхшээл, дарангуйллыг тэсээд хөгжиж чаддаг. Ямар ч мэргэжлээр эх орондоо сураад, чадварлаг боловсон хүчин болон төлөвших, хүч хэрэгтэй. Бид цөөхөн мөртлөө агуу хүмүүс. Үүнийг ганц би хэлээгүй. Гэгээнтэн Далай ламаас эхлээд, зөнчид хэлсэн байдаг. Ард түмний оюуны сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд улсаас хөрөнгө зарж байх ёстой.Дэлхийн хэмжээний том үзэсгэлэн зохион байгуулах нь орон бүрийн хийж чадах зүйл биш. Үйлдвэр хөдөө аж ахуйгаас гадна, модерн урлаг руу хөрөнгө зарцуулах цаг болжээ. Гурван сая хүний хэдхэн хувь нь зураач. Тэднийг дэмжиж, урлагийн том төв байгуулах боломжтой. Би олон газраар явж, олонтой уулзаж үг сонссон. Манайхныг “Та нарын тухай ярих юм алга. Их оюуны хүч, нөөц бололцоо байна. Түүнийгээ ашиглах хэрэгтэй” гэдэг. Зураачдыг орон байр, урлан, цалин, тэтгэмж, тэтгэлгээр, урамшуулах хэрэгтэй гэж боддог.

-“Дүрслэх урлаг” урлагийн хаан гэж ярьдаг. Төр засгаас урлагийнхныг хэрхэн дэмжих ёстой вэ. Таныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уран зургийн хичээл орж байсан гэх юм билээ?

-Дүрслэх урлаг дотроо олон төрөлтэй. Энэ салбар хөгжиж байна. Дүрслэх урлаг улс төрийн хүч, нам эвсэл, холбоодыг дагаж гарч ирээгүй. Ард түмний дундаас үүссэн хүч, авьяас, ухаан. Би голж байгаа юм биш. Улсаас чадахаараа арга хэмжээ авч, тусалж байгаа байх. Үнэндээ зураачид хэцүү амьдардаг. Давхар ажил хийж, хажуугаар нь зургаа зурдаг. Ерөнхийлөгч зураач хүн. Манай эхнэрийн унаган шавь. Би Х.Баттулгыг Дүрслэх урлагийн дунд сургуульд сурч байхад нь цагийн багшаар хичээл зааж байсан. Зураач хүнд хүндтэй шагнал, төрийн одон медаль хэрэг болдоггүй юм. Урлагийн салбарт нь хүч өгөх хэрэгтэй. Манай улс чөлөөтэй хөгжиж эхэлж байна. Уран бүтээлийн эвлэл, холбоод гарсан. Тэдгээрийг дэмжиж, хөл дээр нь босгох ажил үлдсэн.

-Зураач хүн аялж байж бүтээлийн санаа төрдөг үү. Танд эх орноороо аялахад ямар мэдрэмж төрдөг бол?

-Урлаг хүний өмч. Үндэс угсаа, үзэл суртлын нөлөөллөөс ангид. Хүний оюуны хүчийг илтгэдэг илэрхийлэл юм. Урлаг хил хязгааргүй. Өнөө цагийн зураачид Герман, Польш зэрэг гадаад оронд боловсрол эзэмшиж, байгалийн унаган авьяасаа хөгжүүлэх боломж бий. Хүний хаана сурах чухал биш. Гэхдээ орчин, өндөр боловсролтой багш, музей, үзэсгэлэн үзэж харж, сурах нь чухал. Тийм газар сураагүй ч аялах хэрэгтэй. Урлагийн хөгжилд түлхэц болохуйц том арга хэмжээ зохион байгуулж, олон улсын үзэсгэлэнд оролцож байх хэрэгтэй. Манайхан ганцаардаад байна. Монгол орны байгаль үгээр хэлэхийн аргагүй учир бийрээр илэрхийлэхий зорьдог доо.

 Урлаггүйгээр хүн төрөлхтөн хөгжсөн түүх байхгүй

-Зураач хүний сэтгэлгээ энгийн хүнийхээс өөр байдаг шиг санагддаг. Урлаг хүний амьдралд хэрхэн нөлөөлж, хүмүүжүүлдэг вэ?

-Хүн төрөлхтөн үүсэж, хөгжсөнөөс эхэлж уран зураг үүссэн. Технологи хурдацтай хөгжиж байна. Үүний үндэс нь урлаг. Агуу сэтгэлгээ, хөгжил сайтай тархиа тэжээж, тэтгэх хэрэгтэй. Хүнтэй хамгийн ойр нь урлаг. Урлаггүйгээр хүн төрөлхтөн хөгжсөн түүх байхгүй. Хүй нэгдлээс ардчилсан нийгэм хүртэл хөгжихөд, урлаг нөлөөлсөн. Урлагаа тэргүүнд тавьсан улс агуу их үйлс бүтээж байна. Леонардо Да Винчи, Өндөр гэгээн Занабазар, Марзан Шарав улсаа төлөөлсөн ухаантнуудыг ард түмэн өргөж, хөгжлөөр дэмжиж байж алдартай бүтээлүүд гаргасан. Миний тэтгэвэр байрны төлбөр, хоол ундад хүрдэггүй. Зураг ойлгодог, цуглуулдаг хүмүүсийн хүчинд амьдарч байна. Гачигдал дунд урлагаа байлгаж болохгүй. Монгол зураачдын үзэсгэлэнг гадаадын зураачид магтдаг. Хүн төрөлхтний сэтгэлгээний анхдагч гэж ярьдаг. Барууны болон хөгжиж буй орнууд зураачдаа арав, хорь, зуу дахин их уран бүтээлийн шагнал олгож байна. Тэд биднийг гайхдаг. Та нарыг харж үздэггүй юм уу гэж асуудаг.

-Хүн бүрд авьяас байдаг гэдэг. Танд зурах авьяас байв уу. Хөдөлмөр хичээл зүтгэлийн үр дүнд зургийн урлагт хөл тавьсан уу?

-Авьяас, мэдрэмж, хөдөлмөр бүгд хэрэгтэй. Авьяас хүн бүрд заяасан. Хүний ямар орчинд өссөн нь чухал. Урлаг, авьяасын үе дамжсан уламжлалтай айлууд бий. Хүн бүрд зурах, дуулах, хөгжимдөх авьяас байдгийг шинжлэх ухаанаар баталсан. Гэтэл хүн авьяасаа хөгжүүлдэггүй. Амьдралын эрхэнд олон төрлийн өрсөлдөөнд ордог. Тэр бүхэн амаргүй. Түүнийг ялах хүчтэй байх хэрэгтэй. Үндэстний өөрийн хэв шинж бий. Аавын хоёр хүү хоорондоо адилгүй. Байгалийн шалгарал, боломж, орчин чухал. Алдартай зураач, зохиолчдыг албан хүчээр гэрт нь цоожилж, харилцаа холбоог тасалж ганцааранг нь үлдээх арга хэрэглэж байсан. Тухайн үед Франц эрчүүд дандаа сахалтай явдаг. Гудамжинд сахалгүй эрэгтэйг эр хүн гэж хардаггүй байсан. Францын зохиолч Оноре Де Бальзак, Леонардо Да Ванчи нар бүтээл хийж эхлэхээр сахлаа хусдаг байсан. Тэгээд ичээд гадуур гарч чаддаггүй. Сахлаа ургаж дуустал гүрийгээд, ганцаараа өрөөндөө суудаг байж. Энэ нь өөрийгөө захирч, оюун сэтгэлгээг чөлөөлж байна гэсэн үг.

-Зураач хүний зурах хүсэл сэдлийг бадраадаг олон зүйл байдаг биз ээ. Дээрх уран бүтээлчтэй адил зүйл тохиолдож байв уу?

-Өөрийгөө өөгшүүлж, урамшуулах тохиромжтой цаг үеэ олох ёстой. Хүн эхлээд бясалгаж сурах хэрэгтэй. Би бясалгал хийдэг. Энэ нь бурханлаг шинжтэй болж өөрийгөө танихад тусална. Өөрийгөө нээж, хөгжөөж, хүч авдаг байх хэрэгтэй. Гадаад орнуудаар яв. Ингэснээр шинийг нээж хардаг. Хүн өөрийгөө хөгшин гэж бодох хэрэггүй. Би 60 настай байхдаа 90 настай хүнийг биширч байсан. Надад юм хийх их орон зай, цаг хугацаа байна гэж бодож байсан. Хөгжил зай завсаргүй урагшилж байдаг. Монгол орон бол дэлхийн зүрх. Жилийн дөрвөн улиралтай учир хүн амьдрахад хамгийн тохиромжтой орон. Монголоор аялаад ханашгүй. Дахин үзэх тусам онгод ордог. Агуу орныхоо нэг эд эс болсонд баярлаж, их зүйл хийх хэрэгтэй.

-Бүтээл бүр төрсөн түүхтэй байдаг. Танд бүтээлийн санаа хэрхэн төрдөг вэ?

-Хүн амьдрахын тулд ус уудагтай адил бүтээлийн санаа төрдөг. Бүтээдэг, эрдэг хайдаг, туршдаг, сурдаг эдгээр үйл явц мөнхийн хөдөлгөөн. Оргилд нь хүрчихсэн, алдар цолтой болчихсон гэх цэг байхгүй. Зураачид амрах цаг байдаггүй. Сайхан хүн, гоё өнгийн хувирал, өглөөний нар, од түгсэн шөнө, харанхуй ширүүн бороо тэр бүхнийг зурдаг. Байгаль зураач хүний хөдөлгүүр нь болдог. Хүний юу гэж хэлэх нь чухал биш. Эрүүл байж зорилготой, эрэлттэй байх хэрэгтэй.

 Манай урлаг дэлхийд ялгарч харагддаг

-Хүний дотоод сэтгэлийн илэрхийллийг уран зургаар хэрхэн дүрслэн гаргах боломжтой вэ?

-Манайхан цөөхөн мөртлөө атаархуу, амьдралыг муухай болгож хардаг. Бие биенээ дарж, жижигрүүлэх үзэл бодолтой. Хүнийг үзэн ядах, ялгаварлан гадуурхах, уурлах, өсөрхөх, худал үнэн хов ярих нь их болжээ. Үүнийг устгах хэрэгтэй. Үзэл бодол, эрх чөлөөтэй байх, хэнээс ч үл хамаарах баян байх хэрэгтэй. Ардчилал гэдэг нандин нийгмийн үе шатын оргил нь. Нэг хүн баяжаад, ганцаараа бурхан мэт авирлаж болохгүй. Манай урлаг дэлхийд ялгарч харагддаг. Дүрслэх урлаг тэргүүнд яваа шүү. Том хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Зураачид талх ч үгүй байж болохгүй. Д.Данзанравжаа, Өндөр гэгээн Занабазар, Д.Амгалан, О.Цэвэгжав, Л.Гаваа, Н.Цүлтэм хүмүүсийн залгамж халааг үргэлжлүүлэх хэрэгтэй. Урсгалаар орхиж болохгүй.

-Та төрийн шагналыг “Одот тэнгэр орчиж”, “Ээж охин” бүтээлээр авч байсан. Тухайн бүтээлийн талаар дурсвал?

-“Одот тэнгэр орчиж” бүтээлийг нууц товчооны түүхээс сэдэвлэсэн. Чингис хааны Бөртэ үжинг тайчууд дээрэмдэж, шөнөөр Чингис хаан нэхэж буй сэдэвтэй зураг. Тус зургаар монгол үндэстний мөн чанар, амьдрал, эмэгтэй хүн түүхэнд ямар үүрэгтэй байсныг харуулахыг зорьсон. “Ээж охин хоёр” гэдэг зураг миний эхнэр, охин хоёрын хөрөг. Хоёулаа социализмын үеийн сэтгэлгээтэй зураг. Би 1989 оноос өөрийгөө чөлөөлж, хийсвэр урлаг сонирхож эхэлсэн. Гэхдээ байгаль, хөрөг зурсан хэвээр. Сэтгэж, бүтээж чадвал уран зураг бол хэдэн мянган жилийн түүхтэй. Явцуу урлаг биш. Би номлол, онол хөөгөөгүй. XXI зуунд урлаг олон талтай болж, технологийн хөгжил, шинэ хувьсгал, нууцтай болж байна. Гадаад улсууд чөлөөтэй хөгжиж байна. манайх хөрөнгөтэй том улс болох хэрэгтэй. Зураачид их нуугдмал хүмүүс. Ганц зургийг талх болгох, байрны мөнгө, хүүхдийн мөнгө төлөх гэсэн аж ахуйн бэрхшээлийг устгах хэрэгтэй. Манай төр засаг, үйлдвэр, аж ахуй нэгдэл, нэгжүүд урлаг руу мөнгө хаяж сурах хэрэгтэй. Урлаг хил хязгааргүй ч дотроо олон урсгал, чиглэлтэй.

-Таныг аялах дуртай гэж уншсан. Аялах нь шинийг мэдрэх, мэдэх боломжийг нээдэг үү?

-Зураач хүн аялах хэрэгтэй. Би саяхан хэдэн зураачтай Өмнөговь явсан. Монгол орон ямар сайхан байгальтай билээ. Түүний хэрээр шинэ санаа, сэдэл төрдөг. Амьдралын зураг төөргөөр их тэнэсэн. Их зүйл хийх хэрэгтэй байна. Охид, дүү нар, найз нөхдийн хүчинд саармаг зүйл бодохгүй, амьдралыг даван туулж гарахын төлөө гүрийнэ. Ганцаардах зав гарахгүй. Телевиз үзнэ, хөгжим сонсоно. Харин гадуур гарч чадахгүй байна. Гадаад орноор явахдаа шинэ хөгжим, хуурцаг авмаар санагддаг. Гэтэл будаг, харандаа бодогдоод, хөгжим авах мантай болно доо. Оюуны хөгжлийг бий болгож буй уран бүтээлчдийг дэмжиж, таниулах, уриалах, хүч хэрэгтэй. Хэвлэл мэдээллийнхэн туслах ёстой. Урлагийн үнэ цэн хэмжээлшгүй, сэтгэшгүй. Урлаг гэдэг нандин. Хэдэн зуун жил сэтгэлд үлддэг хосгүй юм.

-Та бясалгал хийдэг гэсэн. Хэзээнээс хийж эхэлсэн бэ?

-Хүн бясалгадаг байх ёстой. Үүнийгээ дэгэнд оруулж, гүнзгийрүүлж сурах хэрэгтэй. Амьдрал, урлаг, хувийн сонирхлоо зөв шугамд оруулж байна гэсэн үг. Хүн бүр хөгжих хэрэгтэй. Дараа нь улс орны хөгжил ярина. Бясалгал хийнэ гэдэг даяанч болж байна гэсэн үг. Далд ертөнцийг бүгдийг уялдуулж хэрэгтэй, боломжтой хэсгийг өөрийн дотооддоо авч үлдэх хэрэгтэй. Энэ бол амьдралын зөв хэв маяг.

Аав ээжийнхээ бүх амьдралыг үрж сургуульд сурчихаад, орхих тохиолдол элбэг

-Таныг уран зургаар дамжуулан амьдрал, хорвоо ертөнцтэй танилцсан гэж уншсан. Та аав, ээжүүдэд хандаж юу хэлэх бол?

-Хүүхэд бүр багадаа хүнээр заалгахгүй зурдаг. Би тийм л хүүхэд байсан. Энэ өөрийн сэтгэгдлийг хөгжүүлж байна гэсэн үг. Аав ээж хүүхдээ зөв эрхлүүлэх хэрэгтэй. Дуу хөгжим, будаг харандаа авч өгч, сонирхсон зүйлийг нь дэмжиж, туслаж бай. Тэднийг хүчилж, өөрийн сонирхсон зүйл рүү оруулж болохгүй. Аав ээжийнхээ бүх амьдралыг үрж сургуульд сурчихаад, орхих тохиолдол элбэг. Хүүхэд сургах, хүмүүжүүлэх талаар мэргэжлийн багш нараас зөвлөгөө авч, зөв чиглүүлж өгөх хэрэгтэй. Театрын урлаг, кино, концерт үзүүлж, юунд дуртайг нь эхлээд мэд. Бид чөлөөтэй нийгэмд амьдарч байна. Дугуйлан бүлгэмд явуулах хэрэгтэй.

-Та өөрийн сонирхлоор зураач болов уу. Аав, ээж, багш нарын оролцоо байсан уу?

-Багаасаа харандаа цаас нийлүүлсэн. Сургуульд ороод зургийн хичээлийн дугуйлан, Төмөр замын соёлын ордны зургийн дугуйлан, Хөгжим бүжгийн дунд сургуульд дараалан сурсан. Аав, ээж, багш нар зураач болоход том үүрэг гүйцэтгэсэн. Ер нь хажуугийн хүмүүс нөлөөлдөг. Мэдээж ген, удамшил бий. Ээжийн талын өвөг эцэг гарын дүйтэй, хана, унь, тооно эрээлдэг хүн байв. Надад нэг удаа морь зурж өгсөн санагддаг. Тэр зураг одоо байхгүй. Ямар ч боловсролгүй, хөдөөний малчин хүн гэхэд уран. Морийг чихнээс нь эхэлж зурдаг байсан. Хүүхдийг хориглож болохгүй. Дайн байлдаантай кино, бөх, гээд бүгдийг үзүүлж байх хэрэгтэй. Голын эргээр зугаалуул, хүмүүстэй уулзуулж, үгийг нь сонсгох ёстой. Бидэнд их боломж байна. Хүүхэд хориглох тусам буруу зам руу орох нь их.

-Та аль нутагт төрж өссөн бэ?

-Миний аав, ээж хоёр эмийн санч мэргэжилтэй хүмүүс байсан. Би Хөвсгөлийн Тариалан суманд төрсөн. Хоёр наснаасаа зургаа хүртэл Мөрөнд байсан. Хатгалаар дамжаад алим, лийр орж ирнэ. Баруун аймгаас чацаргана ирдэг байсан. Аавын танил орос жолооч загас барьж авчирч өгдөг байв. Хааяа хонь гаргах их гоё санагддаг байлаа. Би айлын том хүүхэд. Манайх таван хүүхэдтэй айл юм. Дөрвөн банди, нэг охинтой. Бүгд дээд боловсролтой.

-Та эхнэртэйгээ хэрхэн танилцаж байв?

-Эхнэр бид хоёр Хөгжим бүжгийн дунд сургуулийн зургийн ангиас хоёр биенээ таньдаг болсон. Гэхдээ захиа бичиж үзээгүй. Төгсөхийнхөө урд жил бие биендээ сайн гэдгээ мэдсэн. Хүний амьдрал сонин шүү. Гэнэт бий болсон хайр юм уу мэдэхгүй. Манай эхнэр авьяастай, төмөр бар, усан будгаар сайхан зурдаг хүн байсан. Зүгээр нэг зураач биш. Урлагийн гавьяат зүтгэлтэн цолтой. Байгалийг харагдаж буйгаар зурдаггүй. Дотоод өрнөл, өнгө, хөгжлийг нь олж хардаг, нарийн мэдрэмжтэй, хүчирхэг зураач байсан.

-Та өндөр настай болсон байна. Өнгөрсөн хугацаанд олон хүнтэй уулзаж, орон орноор явсан. Хүн өөрийгөө олно гэдэг хэцүү. Та өөрийгөө олж мэдсэн үү?

-Их зүйл үзсэн. Их тэнэсэн. Их төөрсөн. Урлаг их замбараатай. Хүн өөрийгөө олно гэдэг хэцүү. Би одоо хүртэл өөрийгөө эрж байна. Төөрч байна уу, олж байна уу мэдэхгүй. Эрэл хайгуул хийсэн гэж боддог. Тодорхой хэмжээний амжилттай ч цааш дахин эрэх зоригтой боллоо. Зураачид уйдах завгүй, хөдөлмөрч, хий хоосон санааширдаггүй тархи нь үргэлж ажиллаж байдаг хүмүүс.

Зурагт зураачийн хөнддөггүй сэдэв, амьдрал ахуй гэж ер үгүй

-Зурах бүрд танд өөр мэдрэмж төрдөг байх. Түүнийг хэрхэн илэрхийлдэг вэ. Зургийн урлагаас уйддаг уу?

-Зарим үед ухаан, мэдлэг, туршлага, туршилт дутна. Яг энэ гэсэн тодорхой өнгөгүй, хэцүү ажил. Хувь хүний хувьсал, өөрчлөлт алга болчихдог. Урлагийн салбарт цөөхөн нь үлдэж, хоцордог шүүлтүүртэй хүнд салбар даа. Урлаг хүний ухамсрын дээд хэлбэр. Гүн ухаан, туршилт, ололт гээд урлагийн ертөнц үргэлж өөрчлөгдөж, хувьсаж байдаг. Тиймээс хүн уйддаггүй болов уу.

-Урлагийн салбарт хөл нийлүүлж, хичээж, зүтгэж яваа залууст юу гэж зөвлөх вэ?

-Ажилдаа дуртай бол сур, эр, хай, зур. Дөнгөж эхэлж буй бол эхнээс нь бүх түвшний сургуульд сур. Эрэл хайгуул хий, томчууд, авьяастай залуу хүмүүсээс асуу. Зоригтой бай. Энэ бол сайхан мэргэжил мөртлөө, хүсмээргүй ажил шүү. Бүх зүйл шаардагдана. Зурагт зураачийн хөнддөггүй сэдэв, амьдрал ахуй гэж ер үгүй. Далд ертөнц, сансар огторгуй бүгд нөлөөлнө.

-Зураач хүний уран бүтээл юунаас ч илүү үнэ цэнтэй байх. Та юутай зүйрлэх вэ?

-Миний хувьд найз нөхөд, эхнэр, охин бүгд багш. Урлаг гэдэг том ертөнц, хязгааргүй, оргилгүй. “Би оргилд нь хүрсэн” гэж онгирдог зураач дэлхийн түүхэнд байхгүй. Бүгд эрсээр яваа, үхэн үхтлээ зурна. Бүгд бийрээ бариад үхсэн. Уран зураг урлагийн хаан. Урлагийн төлөө зүтгэх хэрэгтэй. Цаг бага, хийх юм их. Энгийн хүнтэй харьцуулшгүй их зүйл хэрэглэдэг. Үнэтэй будаг, цаас гэх мэт. Зураач хүн амьд байхдаа баяждаггүй юм шүү дээ.

 


Д.БОЛД:Зураачид бол уйдах завгүй, хөдөлмөрч, тархи нь үргэлж ажиллаж байдаг хүмүүс
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-04 13:04:18
    Урлагийн зочин: Уран бүтээлч хүний хувьд Гайхалтай хүн шүү дэ. Улам сайхан бүтээлээрэй бидний оюуны мэлмийг нээж мялааж яваарай!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-03 17:10:11
    Woman: Tanii zurgaas avah huseltei bn holboo barina uu 99196528 bayarlalaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-03 14:11:15
    otgonbayr: mundag ym zuraachdiin urlan bariad ogch boldoggvi ym bxdaa bga urlan n gadnaasaa l bish xaragddag.dotor n ymar chadaltai xvmvvs suudgiig erx medeltengvvd meddeg bolovuu.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188