• Өнөөдөр 2024-04-25

МУГЖ Ё.ЦОГ: ХҮҮГИЙНХЭЭ АМЬДРАЛААС СЭДЭВЛЭСЭН “ДАЙРЛАГА” КИНОНД ТОГЛОХ НЬ “АЛУУРЧНЫ ААВ” ГЭЖ ДУУДУУЛЖ БАЙСНААС ХЭЦҮҮ БАЙЛАА

2022-10-31,   7155

      Монгол Улсын гавьяат жүжигчин Ё.Цогтой сүүлийн үед хийж буй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Тэрбээр өдгөө 79 настай ч Кино урлагийн дээд сургуульд багшилж, урлагийн салбарт манлайлах хойч үеэ бэлдэж сууна. Тэрбээр ойрын хоёр гуравхан жилд л гэхэд “Дайрлага”, “Тэгри чину”, “Ганц бие залуус”, “Сүүн замын сахиул”, “Явуулын хүн”, “Уулын эзэн”, “Аравт”, “Бага хаадын үе” тэргүүтэй кинонд гол болон туслах дүр бүтээгээд байна. 

-Та хүүгийнхээ амьдралаас сэдэвлэсэн “Дайрлага” кинонд дүр бүтээсэн байна лээ. Хүүгийнхээ туулсан амьдралын талаар ярьж болох уу?

       -Би бага хүүдээ хачин их хайртай байлаа. Түүнийг минь Цогийн Саруулбаатар гэдэг байсан юм. Лимбэчин мэргэжилтэй ч сүүлд нь надтай нэвтрүүлэг хийдэг болсон. Бага хүү минь учраас жаахан эрхлүүлчихсэн чинь хөнгөн сэтгэлтэй хүмүүстэй нөхөрлөж, согтууруулах ундаа уудаг болчихсон байсан. Гэхдээ буруу замаар орж, хулигаан болоогүй. Урлагт хайртай, ажлаа хийгээд л явж байсан юм. Ид хийж бүтээж, үеийнхэн дундаа мандаж явсан тэр үедээ нэгэн эмэгтэйтэй учирч, гэр бүл болцгоож, охинтой болсон. Эхнэрийнх төрсөн өдөр нэгэн ресторанд болсон юм билээ.  Тэр үеэр ажлынхан нь ирж, согтуурхаж, хүү рүү минь дайрсны улмаас тэд маргалдаж, нударга зөрүүлсэн гэдэг.

Тэгээд хүү хүний амь хөнөөсөн хэрэгт холбогдож, таван жилийн хорих ял авсан. Хүүг минь шоронд орсон даруйд нь тэр эмэгтэй өөр хүнтэй ханилаад, биднийг орхиод явсан. Хүүгийн минь ээж зүрхний өвчтэй байсан учир хүүгээ хүний амь хөнөөсөн хэргээр шоронд ороход өвчин нь сэдэрч, удалгүй бурхан болсон.

Тэр үе надад ямар хэцүү байсан гэж санана. Хүү минь шоронд орно гэдэг бидний хувьд аймшигтай байсан. Тэр таван жилийг би арай л гэж барсан, туулсан, зовсон. Гэхдээ би тэсээд хүүгээ хүлээсэн. Хүү минь шоронгоос гараад  Монголд хэсэг ажил хийгээгүй. Урлагийн салбарт эргэн орж, ажиллаж чадахгүй тухайгаа надад хэлээд, Япон руу явсан. Тэнд таван жил хүргэлтийн ажил хийж байгаад Монголдоо ирж, зээ хүү, охин хоёртойгоо айлын хашаанд амьдарч байсан юм. Тэгж байтал бас л нөгөө эмэгтэй хүүгийн минь гэрт очиж, архидсан юм уу, яасан юм хүүтэй минь маргалдаж, зүрхэнд нь хутгалаад хөнөөчихсөн байсан. Ач охин энэ тухай ярихдаа “Намайг эмийн сан орчихоод ирэхэд аавын цээжнээс цус гарчихсан, ухаангүй байсан” гэдэг. Хүү минь ингээд л өөрийнхөө нөхөрлөж байсан эмэгтэйнхээ гарт амиа алдаж, үүрд биднээс явсан. Би хүүгээ цаг бусаар эрт алдсандаа харамсаж, мөн ч их үгүйлж, цаг үргэлж санадаг. Энэ нь миний том хүү болох найруулагч Ц.Хүсэлбаатарт нөлөөлсөн юм шиг байна лээ. Тэгээд л дүүгийнхээ амьдралаас сэдэвлэсэн “Дайрлага” гэх киног олны хүртээл болголоо.   

-“Дайрлага” киноны бүтээсэн өвөөгийн дүр таны бүтээсэн хамгийн хэцүү дүр байсан байх аа" гэж бодол эрхгүй төрж байсан. Үзэгчид хэрхэн хүлээж авч, сэтгэгдлээ илэрхийлсэн бэ?

       -Тийм ээ, “Дайрлага” кинонд тоглох нь миний хувьд хамгийн хэцүү байлаа. Миний бага хүүд тохиолдсон явдлыг том хүү Ц.Хүсэлбаатар минь кино болгож, ач хүү минь “Дайрлага” киноны гол дүр болох Болорхүүгийн дүрд, харин би түүний өвөөгийн дүрд тоглосон. Түүнд тоглох хэцүү байсан ч би залуучуудад, үзэгч олонд "Ийм амьдрал бидний дунд байдаг шүү" гэдгийг жүжигчин хүнийхээ хувьд мэдрүүлэхийг хүссэн учраас тус бүтээлд дайчлагдаж оролцсон.

Намайг ажил, амьдралын шаардлагаар хэн нэгэнтэй ам зөрөх, сайн санаж үг хэлэх төдийд л хүмүүс “Алуурчны аав байж их юм ярих нь шив дээ. Энэ хүнийг та нар сайн хүн гэж бодож байна уу, алуурчны аав шүү дээ” гэдэг байсан. Тэр үед хүүгээ санаж ядаж байгаа миний зүрх зүсэгдэх шиг л болж, нүүр хийх газаргүй болдог үе зөндөө байлаа.

Харин “Дайрлага” кинонд тоглох нь бусдад доромжлуулахаас ч хэцүү байсан шүү. Үзэгчид өөрсдийнхөөрөө, янз бүр л хүлээж авч байна. Зарим нь өрөвдөж, хайрлаж, үлдсэн нь жигшин зэвүүцэж үзсэн байх гэж боддог. Үүнийг дагаад магтаалыг, урмын үг их сонссон.

-Таны хүүг хөнөөсөн эмэгтэй одоо хаана байдаг вэ. Та ач охинтойгоо холбоотой байгаа юу?

      -Тэр эмэгтэй шоронд бий. Намайг "Ирж уулзаач, намайг шоронгоос гарахад тусалж, өргөдөл бичиж өгөөч. Зээ охидоо өсгөмөөр байна” гэж гуйдаг. Гэвч би хүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгч, өргөдөл бичих боломжгүй юм билээ. Хуульд нийцэхгүй гэсэн. Харин ач охин минь хоёр хүүхэдтэй болсон, сайхан амьдардаг. Заримдаа надтай ярьдаг, уулздаг.

-Таныг хүний өргөмөл ганц хүү гэж сонссон. Аав, ээж нь яагаад таныг үрчлүүлсэн юм бол. Энэ тухай мэддэг үү?

      -Би өлгийдөө өнчирсөн юм билээ. Миний аав Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Балдан Бэрээвэн хийдийн сайхан дуутай унзад лам байсан гэж үеийнх нь хүмүүс ярьдаг байсан. Тэгээд дайн байлдаантай, хувьсгалын үе байсан учир аав минь хийдээс гарч, Хэнтий аймагт ажиллаж, амьдарч байхдаа ээжтэй танилцаж, би төрсөн гэдэг. Тэр үед Хэнтий аймагт цэргийн анги байсан болохоор алтан вагонтой сайхан, сайхан дарга нар бүжиглэдэг байсан гэж аав сүүлд нь ярьдаг байлаа. Тэгээд ээжийг цэргийн залууд алдсан гэдэг. Ингээд өлгийтэй хүүхэдтэй үлдчихсэн аав минь сандарч байсан байлгүй. Удалгүй манайхтай аймгийн холбооны даргынх буюу хүүхэдгүй залуухан хос айл буусан гэдэг.

Намайг үрчилж авсан ээж хожуу надад дурсахдаа “Аав нь чамайг өлгийтэй байхад нь тоохгүй үлдээчихээд ажилдаа явдаг байсан. Тэгээд бид хүүхэдгүй байсан учраас чамайг үрчилж авах тухай аавд нь хэлтэл баяртай нь аргагүй өгсөн” гэж байсан юм. Тэгж л би аймгийн холбооны даргын хүү, Ёндонгийн Цог болсон юм даа. 

Намайг өргөж авсан аав 1932 онд Киевд холбооны инженер мэргэжлээр суралцсан Монголын анхны долоон хүний нэг гэдэг. Төрсөн аав минь аймагт эмийн сангийн галч хийж байгаад орос хэл сурч, Цэнхэр Мандалын Чоно голын уурхай болон 505-ын орос хоригдлуудад орчуулагч хийдэг байсан гэдэг. Сүүлд нь Бэрхийн уурхайд ажиллаж байгаад бурхан болсон.

-Та төрүүлсэн аав, ээжтэйгээ уулзаж байсан уу. Тэднийхээ талаар ямар бодолтой явдаг вэ?

      -Аав, ээжүүд минь хоорондоо найз. Дандаа бие биеийнхээрээ орж, гардаг байсан. Намайг зургаан настай байхад үрчилж авсан ээж минь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Моддын уурхай гэх оросууд бужигнасан газар руу дагуулж яваад төрсөн аавтай минь уулзуулж байсан. Аав тэнд хэлмэрч Содов нэртэй байлаа.

Тэгж анх төрсөн аавыгаа харж байсан даа. Тэгээд аав минь надад орос шоколад, улаан чемодан авч өгч байсан юм билээ. Түүнийг нь би том болсон хойноо халуун усанд орохоор явахдаа барьдаг байсан. Төрсөн аав минь хотод ирэхдээ манайхаар байнга ирнэ. Тэгээд нэг удаа надад “Хэцүү цаг байсан шүү, хүү минь. Аав нь өглөө ажилдаа гарахдаа амандаа хар цай балгаж, бүлээсгээд аманд чинь хийчихээд гардаг байсан. Тэгээд энэ хоёр буянтан чамайг хүн болгосон доо” гэж ярьсан.

Харин миний төрсөн ээжийг намайг үрчилж авсан аав Төв холбоонд залгагчийн ажилд оруулж өгсөн. Түүнээс хойш ээж минь насаараа тэр ажлыг хийж байгаад бурхан болсон. Би байнга ээж, дүү нартайгаа уулздаг байсан. Ээжээс минь гарсан хоёр охин дүү бий. Нэг нь Хэнтий аймгийн төвд амьдардаг. Нөгөөх нь үелзүүр Оюунчимэг гэдгээрээ алдаршсан Төмөр замын бүжигчин бий. Би аав, ээжүүдээсээ нөхөрлөлийн сайхныг, нөхөрлөлийн үнэ цэнийг мэдэрч, мэдэж өссөн.

      Намайг үрчилсэн аав минь аймгуудад холбооны даргаар ажиллаж байгаад сүүлд Улаанбаатар хотод Радиогийн даргаар ажилладаг болсон. Би багаасаа аавыгаа дагаж, ажил дээр нь бусдын уншиж, ярьж, хөгжимдөж, дуулж байгааг харсаар байгаад урлагийн хүн болсон гэж боддог. Сэнгээ гуайг “Аюуш” туужаа уншиж байхыг нь харчихаад гэртээ очоод ээжээрээ орныхоо хөшгийг татуулж байгаад шүлэг уншиж тоглодог байлаа шүү дээ.

-Таныг төрүүлсэн болон өсгөсөн  аав, ээж тань жүжигчин болсныг нь мэдсэн үү?

       -Дөрвүүлээ намайг жүжигчин болсон гэдгийг мэдсэн. Би хөгшрөөд тэр юм уу, кино, нэвтрүүлэг үзээд уйлдаг, уярамтгай болчихсон байна лээ. Хүн хөгшрөхөөрөө аав, ээжийгээ их санадаг юм байна.

Ээж минь “Хүний үрээр хүн хийнэ гэдэг чинь ...” гээд л намайг ар, өвөртөө нуудаг байсан. Нутагтаа аваад очиход нь эгч нар нь “Зэсэмийн энэ олигтой хүн болохгүй ээ, цагаан оготно хядаад” гэхээр ээж намайг өмөөрөөд ардаа суулгадаг байсныг нь санадаг юм.

Миний ээж надад мандалин, аман хуур авч өгөөд, мандалин хөгжмөөр хүүхдийн дуу зааж өгч, намайг урлагт хайртай болгосон. Ээж минь сайхан дуулдаг хүн байсан. Ээж минь намайг Богд хаанд тоглохыг үзээд л бурхан болсон доо. Богд хааны хувцастайгаа өдрийн цайгаа уухаар гэртээ ортол ээж минь оёдол хийж байснаа “Ээ” гэж уулга алдаад л адис авахаар өмнө минь сөхөрч билээ. Тэгэхээр нь би "Ээж ээ, би байна шүү дээ. Та одоо бос оо” гэтэл "Тэгж болохгүй хүү минь" гээд надаас адис авахаар суугаад байсан. Тэгж би их урлагийн буянаар эрх барьсан гараараа ээжийнхээ зулайд хүрч байлаа.

-Та амьдралынхаа 60 гаруй жилийг урлагт зориулжээ. Үүнээс гадна хүний амьдралд тохиолдож болох олон зовлон, бэрхшээлийг үзэж, туулсан тухай нь ярилцлаа. Өнгөрсөн хугацаанд таныг ойлгож, хүч өгдөг байсан хүмүүсийн тухай дурсвал?

      -Би "Ханиад хүрчихлээ, хүрээд ир" гэж хүүхдүүдээ дуудахыг боддоггүй. Чадалтай бол өөрөө ажил хийж, өөрийгөө болгох юм сан гэж хичээдэг. Хүний ганц хүү болохоороо ч тэр үү олуулаа өссөн хүмүүсийг хараад атаархдаг байсан. Харин одоо олон ач, зээтэй өнөр отгон сайхан амьдарч байна. Би үргэлж цагаан хэрээ шиг амьдраагүй. Миний анхны хань таксины жолооч байсан юм.

       Тэгээд залуу насны ааг, омгоор би том хүү болох Хүсэлбаатарыг, тэр дүүг нь аваад бид салсан. Дараа нь би бүжигчдийн хувцас оёдог Дулмаа гэх эмэгтэйтэй гэр бүл болж, хоёр хүүхэдтэй болсон. Тэр маань зүрхний өвчнөөр бурхан болсон тухай дээр дурдсан. Тэгээд одоогийнхоо ханьтай 10-аад жилийн өмнө учирч, бие биеэ түшиж, тулж сайхан амьдарч байна.

   Би энэ насандаа гурван эмэгтэйтэй ханилж, амьдралынхаа зовлон, жаргал бүрийг хуваалцаж, тэдний сэтгэлийн хүч, хайранд нь хүн шиг яваа гэж боддог доо.

-Таны Монгол Улсын гавьяат жүжигчин болсон замнал хөгжимчин, дуу оруулагчаас эхлэлтэй гэж ойлгож болох уу?

    -Тийм ээ, миний жүжигчин болох хувь заяа бүрээчнээс эхлэлтэй шүү дээ.Тэгээд залуу насны цог золбоогоор, намайг гэсэн бусдын сэтгэлийн дэмээр дуу оруулагчаас эхлээд хийж болох бүхнийг хийж байгаад жүжигчин болж, мөрөөдлөө биелүүлсэн. Жүжигчин болсныхоо дараа найруулагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ч багшилж байгаа. Энэ миний урлагийн салбарт хийж бүтээх их үйлсийн хамгийн чухал зүйл гэж бодож байна.


МУГЖ Ё.ЦОГ: ХҮҮГИЙНХЭЭ АМЬДРАЛААС СЭДЭВЛЭСЭН “ДАЙРЛАГА” КИНОНД ТОГЛОХ НЬ “АЛУУРЧНЫ ААВ” ГЭЖ ДУУДУУЛЖ БАЙСНААС ХЭЦҮҮ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-21 06:08:28
    Зочин: Хөөрхий ангийн найз минь өнгөрснийг ч мэдээгүй Fb рүү нь залгаад, найзын хүсэлт явуулчихаад эргүүтээд хүлээж байжээ. Хатуу газар байхад нь л 2 хон удаа л уудзсан даа. Их зүйл төлөвлөж байсан юмсан. Бурхны орондоо урлагийн тэнгэр нь болж гялалзаарай. УМ МАНИ БАД МЭ ХУМ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-02 18:31:04
    Zico: Саруул бид 2 нэг анги байлаа Тэднийд зөндөө очдог байлаа. Дугуй булантад байсан. Аав, ээжийн сайн танина. Ээж дулмаагийх урланд очдог. Дотно байсаан. Тэр маань хөгжим бүжиг рүү шилжээд удалгүй тэднийх нүүсэн. Тэгж л холдсон юм даа . Цог гуайн ярилцилгаас л их юм олж мэдлээ. Гүн эмгэнэл илэрхийлье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-01 22:01:31
    зочин: Хөөрхий тэр Саруулбаатар их дажгүй сайхан сэтгэлтэй хүнд их тусархуу залуу байсансан. Ийм айхтар зүйл болсныг нь сүүлд гэнэт дуулж маш их цочирдож билээ.Хүслээ аавтайгаа нийлж дүүгийнхээ дурсгалд уран бүтээлийн суварга босгож дээ, Ум мани бад мэ хум
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-01 20:51:04
    Мөнхбаяр: Мандалин биш мандолин хөгжим, цэргийн вагон биш погон гэж бичээрэй. Гадаад үгнүүдийг бичихдээ шалгачихаж байвал зүгээ шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-01 08:10:00
    Зочин: Мөн ч ээдрээтэй амьдрал туулсан хүн байна, яг кино шиг. Харин одоо өөрийн авьяас чадвар, хүүхдүүдийнхээ буянд сайн яваан байна. Танд урт удаан насалж улам ихийг бүтээхийг ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-10-31 19:07:45
    zochin: urt udaan naslaarai
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-10-31 11:09:17
    suugui : mundag saihan jujigchin shdee olon saihan dur buteesen tuuhend munhuruh jujigchin shvv urt naslaj udaan jargaarai
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188