• Өнөөдөр 2024-04-20

XX ЗУУНЫ МАНЛАЙ ТАМИРЧИН Д.ЛХАГВА: ЗААВАЛ ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГА “ТӨРҮҮЛНЭ”

2022-09-14,   1380

-БОКСЫН ХОЁР, ГУРВАН БАГШИД ГОЛОГДОЖ, ХӨӨГДӨЖ БАЙЛАА. БИ ЧИНЬ ГОЛОГДОЛ ШҮҮ ДЭЭ-

     ХХ зууны манлай тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин, Пан Азийн аварга Д.Лхагватай ярилцлаа. 

-1990-ээд онд дэлхийн боксчдын манлай нь яахын аргагүй та байсан. Тийм ч учраас монголчууд таныг “ХХ зууны манлай тамирчин” хэмээн өргөмжилж, өнөөдрийг хүртэл танаар бахархаж, хүндэлдэг. Харин таны боксоо орхисон шалтгаан юу байв?

      -2005 оноос мэргэжлийн бокс тоглохоо больж, спортоос бүр хөндийрчихсөн юм. Тэр үед би гурав дахь удаагаа дэлхийн аваргын тэмцээнд орохоор төлөвлөчихсөн, бүр тов нь гарчихсан байсан. Тэгээд Америкт байхдаа багшаасаа “Долоо хоног харьчихаад ирье” гэж гуйсаар байгаад Монголдоо ирээд гараа хугалчихсан юм. Америкт хоёр удаа эмчилгээ хийлгэсэн боловч эмч нар “Боксоор хичээллэж болохгүй” гэх дүгнэлт гарсан. Тэгэхэд би “Зодог тайлна” гэж бодож  ч амжаагүй, үргэлж боксоороо тулалдах юм шиг санаж явсан. Тэгээд нэг л өдөр боксоо орхисон доо. Тэгээд 16 жилийн дараа буюу өнгөрсөн жил олимп, дэлхийн аварга, мэргэжлийн боксын аварга бэлтгэхээр зориг шулуудаж, боксын клуб нээсэн. Өөрийнхөө чадах бүхнээ дайчилж, Монголоос төрөх дараагийн аваргуудыг би бэлдэх ёстой юм шиг санагдаж, Монголоос боксын аварга төрүүлэх мөрөөдөлтэй болсон.

-Та боксоор хичээллэх сонирхолтой хүүхдүүдэд ямар шалгуур тавьдаг вэ?

      -Манай клубт явдаг хүүхдүүд анхлан суралцагчид байгаа юм. Гарын 10 хуруунд багтах тамирчин бий. Хүүхдүүд минь яваандаа сайжрах нь ойлгомжтой. Тэд бокст чин сэтгэлээсээ дурлаж байгаа бол надад шалгуур байхгүй.

-Тамирчин байхдаа “Багш, дасгалжуулагч болно” гэж боддог байв уу?

     -Би тамирчин байхдаа “Дасгалжуулагч болно” гэж огт бодож байгаагүй. Би гадаад, дотоодын 10-аад багштай байсан. Дасгалжуулагчийг багш нараараа төсөөлөхөд их хэцүү санагддаг байлаа. Би олон багштай ажиллаж, 10 гаруй жил боксоор хичээллэсэн учир дасгалжуулагчаар ажиллахад хүндрэлтэй зүйл алга. Харин сонирхолтой, амар байна. Тиймээс идэвхтэй, урам зоригтой, гэртээ очихдоо их ажил бүтээчихсэн юм шиг жаргалтай байгаа.

-Хэдэн настайдаа боксоор хичээллэсэн бэ. Шантрах үе байв уу?

     -Би 13 настайдаа боксоор хичээллэсэн. Тэр үед би бокст дурлаж, бүр хүсэж, өөрөө хайж орж байсан. Боксын хоёр, гурван багшид гологдож үзсэн. Харин миний анхны багш бол Гавьяат дасгалжуулагч Г.Оюунболд шүү дээ. Энэ багш минь намайг дуртай хүлээж авч байсан. Тэр цагаас хойш би бэлтгэлээ нэг ч удаа тасалж үзээгүй. Нэгдүгээрт, спортоо, хоёрдугаарт, хичээлээ, гуравдугаарт гэр орон, ахуйн асуудлаа тавьдаг байлаа. Бэлтгэлийн үеэр толгой руугаа цохиулах үе зөндөө. Тэгээд л тархи хөдөлчихөөр ээж, өвөө хоёр бариачаар бариулчихдаг байсан. Толгойгоо зүгээр болонгуут бэлтгэлдээ гүйгээд оччихдог байсан болохоор бараг шантарч байгаагүй байх.

Харин ээж, өвөө хоёр минь намайг боксоор хичээллэхэд дургүй байв. Би ээждээ бүтэн жил “Бөхийн дугуйланд явж байгаа” гэж худлаа хэлж байлаа. Харин аав минь намайг их дэмждэг, тэмцээнд орох бүрд минь ирж үздэг болохоор намайг боксоор хичээллэж байгааг ээжид хэлдэггүй байсан шүү.

-Бокст ийм их дуртай байсан гэхээр бараг нойр нь хүрдэггүй, бэлтгэл рүүгээ яардаг байсан уу?

     -Би боксын дугуйланд явахынхаа урд шөнө нь нойргүй хонож байлаа шүү дээ. Юун хичээл манатай шорт, цамц, оймсоо угааж, индүүдчихээд “Маргааш хурдан болоосой” гэж догдолж, яарч байснаа мартдаггүй юм.

-Тэр үед бокс спортынхоо шинэ төрөлд ордог байсан болов уу. Таны бокст тэгтлээ их дурлах шалтгаан нь юу байв?

     -Багадаа хөдөлгөөнтэй, зодоон хийвэл хийчихдэг хүүхэд байсан юм. Том биетэй хүүхдүүд дээрэлхээд байхаар нь зодуулахгүйн тулд “Зодолдоод сурчихъя” гэж шийдээд боксоор хичээллэсэн. Тэгээд бокстоо чин сэтгэлээсээ дурлаж, эргэж буцалтгүй тамирчин болохоор шийдсэн дээ.

Гэхдээ би тухайн үедээ “Дэлхийн аварга, зууны манлай тамирчин болно” гэж төсөөлөх нь битгий хэл бодож ч үзээгүй юм билээ.

-ОЛИМПООС ТАТГАЛЗАЖ, МЭРГЭЖЛИЙН БОКСЧИН БОЛЖ БАЙСАН-

-Хотын хүүхэд байсан болоод л бокс сонирхож, хичээллэж байсан байх даа?

      -Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Хуучнаар “Хүрд” гэх гэр хороололд амьдардаг байлаа. Манайх намайг боксоор хичээллэдэг болсноос хойш хотын төв рүү нүүж ирж байсан юм. Миний бага нас тавдугаар хороололд өнгөрсөн. Тийм учраас хүмүүс намайг тавдугаар хорооллын боксчин гэж ярьдаг байлаа. Боксоор хичээллэхээсээ өмнө “Ийм хүн болно, тийм мэргэжилтэй болно” гэж бодож байгаагүй. Одоо ч “Ийм, тийм мэргэжилтэй болдог байж гэж харамсдаггүй. Миний мэргэжил, хобби бол зөвхөн бокс шүү дээ.

-Та боксоор анх ямар амжилт гаргаж байсан бэ?

     -Хүүхдүүдийн уралдаан тэмцээн, улсын аваргын тэмцээнд орж, жил бүр ахиж байсан. Тэгээд боксоор хичээллэж, ид жигдэрч байх үедээ олимпоос татгалзаж, мэргэжлийн боксчин болж байсан юм. Үүнийг эргээд бодоход, олимпод орчихоод мэргэжлийн боксчин болохгүй яасан юм бол доо гэж боддог.

-Таны удамд тамирчин бий юү. Аав, ээж нь аль нутгийн хүмүүс вэ?

     -Аавын удамд спортын хүн байхгүй. Ээжийн талд улсын заан Ж.Ганболд гэж бөх бий. Өөр миний мэдэх, сонсож байсан тамирчин байхгүй. Аав Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын, ээж Увс аймгийн Өндөрхангай сумын хүн байлаа. Аав орос хэлний орчуулагч, зохиолч мэргэжилтэй байсан. Дуу цөөтэй, миний хэлснээр бүхнийг хийдэг. Биднийг загнадаггүй, зоддоггүй, хорьдоггүй, буруу хэрэгт холбогдсон ч дуугарахгүй хүн байсан. Харин ээж минь ширүүн, ширүүн. Би эцэг, эхээс дөрвүүлээ. Айлын гурав дахь хүүхэд.

-Таныг ХХ зууны манлай тамирчин цол хүртэж байхад аав, ээж нь их баярлаж, урмын сайхан үг хэлж байсан байх?

     -Надад ХХ зууны манлай тамирчин цол гардуулж, батламж өгсөн. Тухайн үед “ММ” агентлаг, “Зууны мэдээ” сонины болон спортын сэтгүүлчид цугларсан байхыг санадаг юм. Түүнээс өөр сүртэй юм болж байгаагүй. ХХ зууны манлай тамирчин болсон гэхэд зарим хүн дургүй байсан. Тийм болохоор өөрийгөө дөвийлгөж боддоггүй, ярьдаггүй. Манай гэр бүлийнхэн ч сүртэй хүлээж аваагүй. Би тусдаа гарчихсан байсан.  

-Та дэлхийн амжилт гаргаж байхдаа бие болон сэтгэл зүйн бэлтгэлээ хэрхэн хангадаг байв. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцаач?

     -Хүнээс ямар их хүч хөдөлмөр, тэсвэр, тэвчээр гардаг вэ гэдгийг мэдэрч, өөрийнхөө биеэр туршсан. Хүний гар, хөл, хүзүү, толгой салаад уначихдаггүй л юм  бол хөдөлдөг юм билээ. Тухайн үед тамирчид өдөрт хоёр бэлтгэл хийдэг байхад би гурван бэлтгэл хийдэг байсан.

Өглөөний бэлтгэлдээ 3-4 литр хөлс, өдөр 5-7 литр, орой 2-3 литр хөлс гаргадаг байсан гээд бод. Гаргасан хөлсөө зөвхөн шим тэжээлтэй хоолоор нөхдөг. Янз бүрийн витамин, тариа хэрэглэж үзээгүй.

Тэр үед миний хийдэг ажил ердөө бэлтгэл хийх, идэх, унтах л байсан. Нэг ч удаа хүнтэй уулзахгүй, гадуур гарахгүй. Бэлтгэл дууслаа бол бушуухан унтана.  Яг ийм зарчмаар би 10 гаруй жил амьдарч, мэргэжлийн боксоор хичээллэсэн. Түүнийхээ хоёр жилийг Японд, хоёр жилийг нь Америкт, 6-7 жилийг нь Солонгост өнгөрүүлсэн байна. Ингээд бодоход цаг хугацаа, залуу нас харвасан сум шиг хурдан өнгөрчээ.

-ТАМИРЧИН ЗААВАЛ ЯЛАХ ЁСТОЙ-

-Та сүүлийн 20-иод жил юу хийсэн бэ. Боксын тухай, тамирчны талаар ном хэвлүүлэх бодол бий юү?

     -Аав минь намайг мэргэжлийн боксын тамирчин байхад миний амьдралаар “Баримтат кино хийнэ” гэж ярьж байгаад бурхан болчихсон юм. Одоо аавынхаа гар бичмэлийг сэргээж, мэргэжлийн хүнээр хянуулж, нэмж засварлаж байгаад ном хэвлүүлэх бодол бий. Харин боксын талаар судалгааны ажил хийх ямар ч  шаардлагагүй. Би биеэрээ бүхнийг мэдэрчихсэн, туршилтад орчихсон шүү дээ. Харин боксын талаар ном бичих, судалгаа хийх залуучуудад үзэж, туулсан бүхнээ ярьж өгөх боломжтой. Би өнгөрсөн хугацаанд гавьяаны амралтаа авчихсан, хэсэг бизнес хийх гэж үзсэн боловч чадаагүй.

-Тамирчинд ялагдал байх ёстой юу?

     -Тамирчинд ялагдал, ялалт хоёулаа байдаг гэж ярьдаг юм билээ. Миний хувьд тамирчин зөвхөн ялах ёстой. Энэ миний үндсэн зарчим байсан. Гэхдээ ялсан мөртлөө ялагдал хүлээх тохиолдол зөндөө бий. Тэр үед ямар хэцүү байдаг гэж санана. Зүгээр бүх зүйлээрээ хохироод л үлдэг юм. Харин ялах ямар сайхан гэж санана. Бие, сэтгэл хөнгөрөөд л ирнэ шүү дээ.

-Таны бусдаас ялгарах онцлог, арга барил юу байв?

      -Би мотор сайтай байсан. Өрсөлдөгчөө заавал ядрааж, цуцааж байж л ялдаг байлаа шүү дээ. Үүгээрээ л ялгардаг байсан.

-Та бусдын нутагт 10 жил тасралтгүй бэлтгэл хийжээ. Ахуй амьдралаа бодох зав байв уу?

      -Өдөржин хөлсөө шавхаж, рингэд тулалдаж байхад юу гэж амьдрал бодогдох юм бэ. “Спортоо болиод юу хийх билээ” гэж бодох зав байгаагүй.

Би төлөвлөөгүй байж байгаад нэгэнт нэг өдөр боксоо орхисон. Тэр үедээ юу хийхээ мэдэхгүй, уналтад орсон гээд бод доо.

Бүх зүйлээс би өөрийгөө хэсэгтээ тусгаарлачихсан байсан. Тэгж байж л сэтгэл зүйн тэнхээтэй байгаа. Янз бүрийн болсон, болоогүй мэдээлэл сонсдоггүй байсан. Юу ч болсон бай хамаагүй нүдээ аниад л боксынхоо төлөө зүтгэсэн дээ.

-Та ямар зан чанартай вэ?

     -Багадаа их шартай хүүхэд байсан. Хүний дор орохгүй гээд л томорно. Бас зөрүүд гэж жигтэйхэн. аав, ээжийн хэлснээс заавал зөрдөг, зөрүүдээрээ бүр алдартай байлаа. Энэ чанарууд л  спортод үнэнчээр зүтгэхэд нөлөөлж, намайг тамирчин болгосон гэж боддог.

 


XX ЗУУНЫ МАНЛАЙ ТАМИРЧИН Д.ЛХАГВА: ЗААВАЛ ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГА “ТӨРҮҮЛНЭ”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-15 01:34:25
    Erdenetuya: Mash saihan eyldeg bas goe mah shardag shuu ahaa ♡amjilt amjilt
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188