• Өнөөдөр 2024-04-24

СГЗ Ц.ГАЛБАДРАХ: Төрийн торгон сүргээ хариулахдаа дэлхийн талыг эзэлсэн морьдоороо бахархдаг

2022-01-31,   1421

     Билгийн тооллын XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан бар жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээсэн билээ. Тэдний нэг болох Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн Төрийн торгон сүргийн агтны даамал, бэлтгэл хурандаа Цэвээндоржийн Галбадрах Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн юм. Түүний эрхэлсэн ажил, баярын сэтгэгдлийг хуваалцлаа.

-Эрхэлсэн ажлаараа бусдыгаа манлайлж, СГЗ цолоор шагнуулсан танд баяр хүргэе?

     -Баярлалаа. Бидний хөдөлмөрийг төр үнэлсэнд маш баяртай байна. Миний энгэрт СГЗ цол, тэмдгийг зүүж өгсөн боловч, яах аргагүй хамт олны минь хөдөлмөрийн үр шим, тэдний минь шагнал шүү дээ.

-Та хэдэн оноос Төрийн торгон сүргийг хариулж эхэлсэн бэ?

     -1997 оноос Төрийн есөн хөлт цагаан тугийн морьдыг шилж сонгох, ажилд намайг томилсон юм. Үүнээс хойш ажлаа тасралтгүй төрд шаардлагатай морьдыг олж, солих ажилд хөдөө орон нутгаар тууштай явлаа. 2010 онд Ерөнхийлөгчийн зарлигаар “Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор морин цэргийн парад явуулна. Энэ нь 13 дугаар зууныг илэрхийлсэн байх ёстой” гэх даалгавар Зэвсэгт хүчний удирдлагад  ирсэн юм билээ. Харин Зэвсэгт хүчний  удирдлагын зүгээс тус ажлыг надад даатгаж, “Ямар зүсний морьд байхыг та сонгож, зохион байгуул” гэж  итгэл хүлээлгэсэн. Тэгэхээр нь би 13 зууны үеийг илэрхийлэх учраас “Чингисийн хоёр загал шиг загал зүстэй морьд байвал зүгээр юм байна” гэж бодоод хоёр загал морины эрэлд гарсан. Харин хээр зүсний морьдоор хайрцаглаж, парад зохион байгуулж байлаа. Харин 1921 оныг илэрхийлэх парадад Сүхбаатар жанжны хонгор морь санаанд бууж, хонгор зүстэй морьдоор парадаа бүрдүүлсэн. Мөн 1945 оны дайныг илэрхийлсэн парадад Дандарын алаг морь санаанд бууж, хар алаг мориор тэргүүлж, зээрд зүсний морьдоор хайрцаглаж байсан юм. Энэ цагаас хойш “Төрийн торгон сүргийг хариуц” гэж Төрийн торгон сүргийг хариуцаж байсан.

-Төрийн торгон сүрэг аль нутгаар өвөлжиж байна вэ. Хэчнээн адуучинтай вэ?

      -Төрийн торгон сүрэг сайхан өсөж, үржиж байна. Төрийн адуу өсөхийн хэрээр адуучин нэмэгдэж байгаа. Бат-Оргил, Алтанхуяг, Гүйлсэнсанжаа гэх гурван адуучинтай, адуун сүргээ гурав хувааж хариулж байна. Монгол хүн малынхаа тоог тэд гэж оноож хэлдэггүй юм. Одоогоор төрийн мянга орчим адуу бий.

-Та 1997 онд анхны морио аль аймгаас авч байсан бэ?

       -Намайг даамал болохоос өмнө Төрийн торгон сүргийг  “Жижиг байна, зүс нь онцгүй юм” гэж шүүмжилдэг байсан. Тиймээс би иргэдийн шүүмжлэлийг арилгахын тулд ихэвчлэн зүүн аймгийн адуунаас шилж, сонгож авсан. Ядаж харагдах байдлаасаа том сүртэй байх ёстой шүү дээ. Хэнтий аймгийн Баянхутаг, Сүхбаатарын Уулбаян, Дорнодын Баянтүмэн, Дашбалбар, Сэргэлэн сумаас адуу цуглуулж байлаа.

-Төрийн торгон сүргүүд Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сүхбаатарын Түмэнцогт, Мөнххаан сумын заагаар,  Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд нутаглаж байна-

-Зүүн аймгийн иргэд таныг андахгүй болсон биз дээ?

      -Адуугаа өгсөн хүмүүс бүгд таньдаг. Наадмаар айргийн таван морь зарладаг учраас хөдөөгийн хүмүүс ч андахгүй. Намайг бүр  “Морины” Галбадрах гэдэг болсон байна лээ. Өөрийнхөө морийг парадад явааг хараад малчид омогшиж, баярлаж ярьдаг.

-Төрийн торгон сүрэг шилж, сонгоно гэдэг амар ажил биш байх. Та хамгийн түрүүнд юуг нь ажигладаг вэ?

      -Эхлээд зүсэнд нь ач холбогдол өгдөг. Жишээлбэл,  Дандарын алаг морь дал цагаан хар алаг морь шүү дээ. Тэгэхээр парад аль талаасаа эхлэх билээ гэж тооцоолж байгаад хүмүүст Дандарын алаг морьтой төстэй харагдахаар буруу талын дал нь цагаан морь сонгоно гэсэн үг шүү дээ. Зарим нь ч анзаардаггүй, мэддэггүй байх. Харин мал мэддэг, гярхай  үзэгчид “Дандарын алагтай адилхан юм байна шүү дээ” гэж магадгүй гэж бодоод зүс, гадаад байдал, нурууг нь харж сонгодог. Мөн алхаа, гишгээ, нүдийг нь хардаг даа.

-Алаг морь нь бий юү?

      -Хөгширчихсөн байгаа. Гэхдээ тэжээчихдэг юм. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор парадад явуулна гэж бэлдэж, тэжээж байсан. Би Зэвсэгт хүчний 232 дугаар ангид харьяалагддаг. Манай ангийнхан болон Зэвсэгт хүчний жанжин штабынхан адуу, малдаа их анхаарч, санал, санаачилгыг минь хүлээн авдаг.

-Санаанд чинь таарсан морийг эзэн нь өгөхгүй гэдийчих үе гарна биз дээ. Сэтгэлд нийцсэн морь сонгоход хугацаа их ордог байх?

      -Би Төрийн торгон сүргүүдээ хөдөөгүүр сар гаруй хугацаанд хайж явсан. Зарим нь “зарахгүй” гэнэ.  Зарим нь үнэтэй өгөх гээд хэцүү. Тэр бүхэнтэй ойлголцож, эвийг нь олж “Төр, засгаасаа харамлаж болохгүй шүү дээ” гэж байж л ойлголцдог.

-Та 2000-аад оны үед хэдэн төгрөгөөр морь авдаг байв?

      -Би сүүлчийн үед морь авахаа больсон. Арга хэмжээ болох бүрд адуу худалдаж аваад байвал хэцүү. Наадмаас гадна морьтой гүйцэтгэдэг Төрийн ёслол хүндэтгэлийн ажиллагааны бүх морийг бэлддэг. Мөн гадаадын төлөөлөгчдөд өгөх бэлгийн морьдыг адуун сүргээсээ гаргадаг.

 Одоо түгээмэл зүстэй морийг хамгийн багадаа 1.5 саяар авах байх. Харин тод, алаг зүстэй морьдыг 2-3 саяар авах байх. Би Дандарын алаг морьтой төстэй хар алаг морио 800 мянгаар авч байсан. Харин хээр, зээрдийг 500-600 мянгаар авдаг байсан. Мөнгө илүү гарахаар нь дарга нартаа “Унагатай гүү авъя” гэж хэлээд хэдэн гүү авч, хээр, зээрд, шарга азаргатай болж, өсгөж, үржүүлээд зүс зүсний морьдтой болж байна.

-Хэнтий аймгийн Баянхутаг, Сүхбаатарын Уулбаян, Дорнодын Баянтүмэн, Дашбалбар, Сэргэлэн сумаас адуу цуглуулж байлаа-

-Та хэдэн онд Төрийн торгон сүргийн даамал болсон бэ?

     -Би 10 дугаар ангиа төгсөж, цэргийн сургуульд сурч, цэргийн дарга болсон. Үүний дараа  Зэвсэгт хүчний жанчин штабын хяналт шалгалт, үнэлгээний газрын даргаар найман ажилласан. 2005 онд тэтгэвэртээ гарсан. Гэвч  адуунаас холдоогүй өнөөг хүрч байна. 2010 онд намайг Төрийн торгон сүргийн даамал болгосон. Тийм болохоор олны итгэлийг алдалгүй, “Төр засгаа адуун сүрэгтэй болгоё” гэж шийдэж, хичээж явна.

-Та аль нутгийнх вэ. Багаасаа морьтой ойр өсөв үү?

     -Би Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1949 онд төрсөн. Таван настайгаасаа хонины морь, долоон настайдаа хурдан морь унаж эхэлсэн. 10 хүүхэдтэй айлын том нь учраас гадуурх ажлыг бүгдийг нь хариуцдаг байлаа. Аав, өвөө хоёр минь морь уядаг байсан болохоор моринд дуртай болсон. Аав минь 16 настайдаа морь уяж эхэлсэн юм билээ. Тухайн үедээ сумынхаа наадамд морь айрагдуулж, урам орж, уяач болохоор шийдсэн гэсэн үг.

-Та монгол морины гайхамшгийг ярьж өгөөч. Олон жил судалгаа хийсэн байх?

     -Дэлхийн талыг эзэлсэн адуун сүргээрээ бахархаж, холдож чаддаггүй юм. Монгол адуу бол дэлхийн талыг эзэлсэн гайхамшигтай түүхтэй. Бахархахгүй байхын аргагүй сайхан. Би 1985-2005 онд холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглаж, холбооны автомашинтай хурдан морины уралдааныг гараанаас нь бариа хүртэл гайхам шинжийг нь дурдаж, тайлбарладаг байлаа. Одоогийнхоор хурдан морь тайлбарлагч М.Оюунбаатар гэсэн үг шүү дээ. 20-аад жил хурдан морь тайлбарлачихсан байна. Телевизээр төрийн наадмыг зохион байгуулдаг хурдан морины салбар хорооны нарийн бичгийн даргаар 10 гаруй жил ажиллаж байна. Наадмаар зөвхөн хурдан морины уралдаан зохион байгуулахаас гадна морь, хүүхэд эндэхээс урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хангах гэх мэт наадамтай холбоотой бүх ажлыг зохион байгуулдаг хариуцлагатай ажил. Миний ажлыг гэр бүлийнхэн, ах дүү нар маань дэмжиж ойлгодог. Гэр бүлийнхээ хүнийг 1985 оноос хойш наадам үзүүлээгүй, би морь хөөгөөд явчихдаг юм шүү дээ.

-Эмнэгүүдээ адуучид нь сургадаг юм уу?

     -232 дугаар ангийн хугацаат цэргийн ангийнхнаар эмнэг адуугаа сургадаг. Эмнэгээ  уяж, хөнгөрүүлж байгаад мордуулдаг. Аль болох булгиулахгүй зөөлөн аргаар сургах ёстой. Адуу их ухаантай болохоор хүн яаж харьцана түүнтэй ижил харьцдаг. Удаан хугацаанд эвээр сургасны эцэст хүн, хөгжмийн ая, бусад зүйлсээс үргэдэггүй болдог юм.  Эвийг нь олж идэш, тэжээлийг нь тааруулахад  малын эмч нар хяналт тавьж, ажилладаг.

-Төрийн торгон сүргүүдээ өтлөхийг харах хэцүү байдаг байх даа?

     -Харин тийм ээ. Хэдэн жилийн өмнө есөн хөлт цагаан туг өргөхөөр явдаг шарга морь хөгшрөхөөр нь хадаг зүүгээд, сэтэрлэчихсэн юм. Тэр шарга Дэлгэрхаан сумын байшингийн сүүдэр, худгаар байдаг байсан. Гэтэл хойтон жил нь зүчидээ ирээд эндчихсэн байсан. Их өрөвдөлтэй юм билээ. Тиймээс би адуугаа хөгшрүүлэх дургүй. Нас нь болохоор бараан адуунуудаа төрийнхөө хүнсэнд хэрэглэчихдэг юм. Харин шаргууддаа арай илүү хайртай. Тэгээд л заримыг нь сэтэрлэж, өөрөө нь байлгадаг юм.


СГЗ Ц.ГАЛБАДРАХ: Төрийн торгон сүргээ хариулахдаа дэлхийн талыг эзэлсэн морьдоороо бахархдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-31 14:34:09
    Даш: Адууны наймаачин сул цалин авдаг ховч хүн муутай олиоч хөгшин төгцөг соёлын гавьяат болжээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-31 08:51:38
    иргэн: МОРЬ ДЭЛХИЙН ТАЛЫГ ЭЗЭЛСЭН ЮМ УУ?
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188