• Өнөөдөр 2024-04-19

Л. Насанбат: Чадраабалын Лодойдамбын охин гэж хэлүүлэх өндөр хувь заяанд төрсөндөө талархдаг

2020-10-10,   2359

“Тунгалаг тамир”, “Алтайд”, “Манай сургуулийнхан”, “Малгайтай чоно”, “Солонго”, “Дусал нулимс юу гэж хэлсэн бол”, өгүүллэгийг уншаагүй хүн үгүй биз ээ. XX зууны шилдэг романы эзэн, Төрийн хошой шагналт Чадраабалын Лодойдамбын охин, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Насанбаттай ярилцлаа.

-Төрийн хошой шагналт, эрдэмтэн, зохиолч Ч. Лодойдамба, Ардын жүжигчин Ч. Долгорсүрэн нарын охин болж төрсөн өндөр хувь ерөөл танд заяажээ. Тэр хэрээрээ алдаж гишгэх эрх танд байгаагүй болов уу?

-Миний аав, ээж хоёр үгийн урлаг, хоолойн өнгөөр өөрсдийгөө илэрхийлдэг урлагийн хүмүүс. Эцэг эхийнхээ нэр хүндийг өргөж, авч явах хүндхэн үүрэг надад хувь ерөөлөөр оноогдсон. Энэ бол дэндүү хүнд ачаа гэж боддог. Алив нэг хүн намайг хэн нэгэнд танилцуулахдаа нэрийг минь хэлээд, араас нь Ч.Лодойдамбын охин шүү дээ гэдэг. Тэр бүхэнд доош суумаар санагддаг. “Хүн нэрээ, тогос өдөө” гэдэг. Алив хүнийг аав, ээж, ах, дүүгээр нь дуудаж харилцаа хандлагаа өөрчлөхөд би дургүй. Миний орон зай минийх л байх ёстойг аав, ээж минь хэлдэг байсан. Мэдээж, хүн бүр өөр өөрийн хувь заяа, өгөгдөл, хувь хишигтэйгээ хүний амьдралд ирдэг. Тэгэхээр алив ажилд аав, ээжийнхээ алдар, гавьяа хоёроор өөрийгөө үнэлүүлэхийг хүсдэггүй.

-Та хөгжим бүжгийн сургуульд 40 гаруй жил төгөлдөр хуурын багшаар ажилласан байна. Соёл, урлагийг шавьдаа түгээн дэлгэрүүлж яваа багш хүн ямар байх ёстой вэ?

-Хөгжим хүний сэтгэлд эгшиг нэмдэг. Хүн бүр өөрийн өвөрмөц мэдрэмж, сэтгэл, үзэл бодолтой. Яруу найрагчийн бүтээлд хөгжмийн хэлийг буулган хувиргаад, хүмүүст ямар нэгэн сайхан юм уу гунигт мэдрэмж төрүүлдэг. Яг л “Ээж” гэж үгийг мянган янзаар хэлж болдог шиг, хөгжмийн хэлээр мянган янзын мэдрэмж өгч болдог. Ийм нэгэн өөрийн гэсэн араншинг илэрхийлсэн хөгжмөөр би хүний сэтгэл, мэдрэмжийг нээхийг хүсдэг. Тийм учраас оюутнуудтайгаа өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Төгөлдөр хуурч хүний хурууны өндгөөр хүмүүний амьдралд байж болох бүхий л өнгө, аясыг гаргаж болдог. Хүн 35 үсэг сурч, ном уншиж чаддагтай адил хөгжмийн хэл буюу нот сурч чадна. Жишээлбэл, “До” нотыг хэдэн янзаар илэрхийлж болдог. Тухайн нотыг дарахад сэтгэл хэрэгтэй. Хорвоо дээр олон төрлийн улаан өнгө бий. Түүнийг ганцхан улаанаар илэрхийлэх боломжгүй. Ямар ч улаан өнгийг хүнд хүргэж болдог. Түүн лугаа өөрийн гэсэн өнгөөр дуугаргаж чаддаг сэтгэлтнийг авьяастай хүн гэж хэлнэ. Хүний сэтгэл мэдрэмж түүнд шингэдэг. Миний сурсан эрдэм бол сэтгэл, мэдрэмжээ хөгжмийн ая эгшгээр илэрхийлэх юм.

-Төгөлдөр хуур хөгжим ямар онцлогтой вэ. Төгөлдөр хуурын хэчнээн шавьтай вэ?

-Н.Жанцанноров ярихдаа Ж.Бадраа гуай орос хэлнээс “Төгөлдөр хуур” гэдэг үгийг “Чанга аяар” гэсэн утгатай хэмээн орчуулсан байна. Оносон сайхан нэр өгсөн гэж ярьдаг. Тэр бараг үнэн болов уу. Шавь нараа тоолж үзээгүй. Миний анхны шавь нар гэвэл, Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Дуурь бүжгийн эрдмийн театрын Ерөнхий удирдаач, Н.Туулайхүү, Ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайхан нар юм.

-Таны бүтээлд сэтгэлийн олон өнгө, аясыг нэгэн зэрэг илэрхийлсэн бүтээл бий юү. Зөвхөн нэг бүтээлд нэг сэтгэлийн өнгө илэрхийлэгддэг үү?

-Лувсангийн Давгадорж  гэж  дууны ертөнцийн монголын томоохон шүлэгч байсан. Түүний зээ охин миний шавь. Нэг өдөр өвөө танд шүлэг явууллаа гэдэг юм байна.  Миний аав бурхан болоод 25 жил болж байсан үе. "Тэнгэр буурал аавдаа тэнцүүлж дуугарах эгшиг олъё” гэсэн үг тэр шүлэгт байсан. Тэгээд л тэр дороо дотор минь шүлэг амилж, эгшиг болон дуугарч эхэлсэн. Би 10 орчим жил Москвад сурсан. Тухайн үед мэдэж, сурсан бүх эрдмээ шингээсэн “Тэнгэр буурал аав” бүтээлийг онцолно. Г.Эрдэнэбат анх дуулж, дараа нь поп урсгалтай болгож Б.Сарантуяагаар дуулуулсан. Нэгдүгээр бадгийн хөгжим нь дурсамжийн маягтай. Хоёрдугаар бадаг нь модон үлээвэртэй хөнгөн, гуравдугаар бадаг нь бүх оркестр тоглодог, том акордуудтай. Уг нь минорын дуу л даа эцэст нь мажор буюу бадрангуй акордоор төгсгөдөг юм.

-Ард түмэн таныг “Орчлонгийн сайхан хүүхэнүүд” дуугаар тань сайн мэддэг. Үе үеийн бүсгүйчүүдэд зориулсан, хуучирдаггүй энэ дуу хэрхэн төрсөн түүхээс хуваалцаач?

-Анх яруу найрагч Ж.Оюунцэцэг надад бүтэн дууны шүлэг өгсөн. Гэтэл сүүлийн бадаг нь дахилт хэсэгтэй нийцэхгүй, зохицохгүй байсан. Ж.Оюунцэцэгээс  “Чи надад засаад өг” хэмээн гуйсан. Мэдээж яруу найрагч хүнд өөрийн бодож, тунгааж хийсэн үг, мөр бүрийг  засна гэдэг хэцүү. Тухайн үед сургууль дээрээ жижүүрлэдэг байлаа. Жижүүрээ хийж байхдаа өнөөх шүлгээ барьчихаад, хэнээс зөвлөгөө авах вэ гээд анги ангийн хаалга татаад  явж байтал манай хоёр багш хичээлээ давтаад сууж байна. “Би ийм дуу зохиосон. Хэнд өгөхөө мэдэхгүй юм. Б.Зангад гуайг залуу байсан бол дуулуулах байлаа. Гэхдээ залуу, сайн дуучин байвал өгдөг юм бил үү” гэтэл хоёр багш “Дуурын театрт ирсэн Г.Эрдэнэбат гээд залуу бий. Түүнд яг зохино доо” гэсэн. Тэгээд дуурийн театрт очиж танилцаад манай хоёр багш таниар дуулуулбал зохино гэж хэлсэн. Г.Эрдэнэбат сонсож үзээд би дуулна. Гэхдээ өнөө маргаашдаа дуулж чадахгүй. Манай эхнэр төрөх гэж байгаа гэсэн. Хүн уран бүтээлээ үзүүлж зөвлөгөө авдаг байх хэрэгтэй. Тэгээд П.Хаянхярваа хэлэхдээ чиний ая их сайхан байна. Харин үг чинь шамбааралдаад онцгүй болж гэж хэлсэн. Чи шүлгээ засуул гэсэн. Тухайн үед Ж.Оюунцэцэг монголд байгаагүй учир би засуулж чадахгүй гэсэн. Сайхан аяыг шамбааралдсан үгтэй бичүүлж яах юм бэ. Өөдөөс харсан өрөөнд Ц.Зоригтсайхан гэж хүн бий. Чи ороод үгээ засуул гэсэн. Ц.Зоригтсайхантай өрөөнд нь орж уулзаад дахилт нь болоод байна.  Хоёр бадаг нь багтахгүй байна  гэсэн.

Хайлган цайлган сэтгэлээрээ

Харанхуй шөнийг уяраасан

Үүрийн гэгээгээр цайгаа сүлээд

Үрийнхээ хойноос дээж нь өргөсөн... гэдэг нь Ц.Оюунцэцэгийнх

Наднин ариун сэтгэлээрээ

Нарны хорвоог баясуулсан

Сарын мөнгөн туяаг нялгарааж

Сайны ерөөлөө үрдээ өргөсөн” гэдэг нь Ц.Зоригтсайхных

 “Дээш дээш нь өргөх сүүн цагаан сэтгэлтэй

Дээш найргийн мөр нь шүр сувдан чимэгтэй” гэдэг Ц.Оюунцэцэгийн мөрийг

“Ачлал энэрэлийн алган дээрээ

Амьдрал жаргалын тэнцүүлсэн

Хүсэл хайрын хүндлэл хүлээж

Хүмүүн төрөлхтнийг элгэндээ тэвэрсэн” гэж Ц.Зоригтсайхан өөрчилсөн.Тэгээд Г.Эрдэнэбатад үзүүлсэн. Их сайхан тохирч байна гээд дууг бичиж эхэлсэн. Манай сургуулийн дөрвөн багш хөгжмийг нь тоглосон. Одоо үеийнх шиг студэд бичихгүй. Амьд хөгжимтэй хэчнээн дахин бичнэ. Ахиад л эхнээс нь бичдэг. Би Ц.Зоригтсайханыг сайхан үг бичиж өгсөн  таны нэрийг бичнэ гэхэд бичүүлэхгүй гээд хавьтуулаагүй. Тэгээд дуу бичиж байтал Ц.Зоригтсайхан орж ирээд Л.Насаа би нэрээ бичүүлье гэсэн. Тэгээд хоёр автортай болсон. Хүн Ц.Зоригтсайханых ч гэж магадгүй. Ж.Оюунцэцэгийнх ч гэж болно доо. Хаянхярваа чиний дууг маргааш бүх хүн дуулна одын дуу гэж ярьж байсан. Манай хоёр хүүхэд 23 дугаар сургуульд сурдаг. Ард кино театрын автобусны буудал дээр хүүхдээ хүргэж өгчихөөд зогсож байтал миний дуу монголын радиогоор явсан. Миний дуу явж байна гэж бодоход сэтгэлд  өег, бахархалтай санагддаг. Аливаа дууг сонсохдоо үгийн утгыг ойлгож, хөгжмийн хэмнэлийг мэдэрч сонсох хэрэгтэй. “Бадамлянхуа усан мандал ханашгүй еэ хө” хэмээх шүлгийн мөрний “бадамлянхау” ямар цэцэг байдгийг мэддэг байх хэрэгтэй.

-Эцэг эхээс дөрвүүлээ юм билээ. Аав ээж нь гэр бүлийн хүмүүжлийн тал дээр хэрхэн анхаардаг байсан бэ?

-Хүмүүс Л.Насанбат гэхээр эрэгтэй хүн гэж боддог. Чадраабал өвөө миний нэрийг өгсөн. Би аав ээжээс дөрвүүлээ. Манайх гурван охин, нэг хүүтэй айл. Би дээрээ нэг эгчтэй, хоёр дүүтэй. Миний эрэгтэй дүү Лоас хотын элчин сайдаар ажиллаж байна. Эмэгтэй дүү гадаадад байгаа. Эгч бурхан болсон. Би хүү, охин хоёртой. Одоо гурван зээ, хоёр ачтай болж өсөн үржиж байна. Лодойдамбын үр хүүхдүүд сайн л амьдарч байна даа. Илүү олуулаа болмоор байна. Манай улс хэтэрхий цөөхөн хүн амтай. Би социалист Германы үед долоон жил болсон. Манай нөхөр дөнгөж сургууль төгсөөд гадаад худалдааны яаманд ажиллаад элчин сайдын яаманд томилогдоод сайн ажилласан гээд мэргэжилтнээр очоод сүүлд дипломат албанд шилжээд амьдрахаар болсон. Манай хоёр хүүхэд германд төрсөн. Тухайн үед нөхөртэйгээ ханилаад удаагүй байсан. Ээж Б.Бадарч гэдэг хүнээс нөхөр нь Германд томилогдсон. Том гэдэстэй охиноо аваад үлдэх үү гэж асуусан. Гэтэл ламбугай хоёулаа явснаас гэдсэндээ авч явсан нь амар. Анхны төрөлт юм чинь ямар ч байсан Москва хүрнэ гэсэн. Манай нөхөр сайн ажилласан гэж дахин сунгагдсан.

-Та Урлагийн гавьяат зүтгэлтэн гэх эрхэм хүндэт цол хэргэмтэй.  Хэзээ авсан бэ?

-Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөс авсан. Урлагийнхан намайг мэднэ. Харин ард түмэн “Орчлонгийн сайхан хүүхнүүд” дуугаар мэднэ.

-Урлагийн хүнд авьяас, мэдрэмж, хөдөлмөр хэрэгтэй гэж ярьдаг. Таны хувьд аль нь дийлж байж илүү сайн бүтээл гаргадаг гэж боддог вэ?

- Би мэдрэмж гэж боддог. Гэхдээ хөдөлмөр хүнийг бүтээдэг шүү дээ. Хүн Залхуу байвал буруу зам руугаа орох хандлагатай байдаг.

-Төрийн хошой шагналт, эрдэмтэн, зохиолч Ч.Лодойдамба, Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн нарын охин болж төрсндөө бахархахгүй байхын аргагүй биз ээ?

-Миний аав ээж хоёр үгийн урлаг, хоолойн өнгөөр өөрсдийгөө илэрхийлдэг урлагийн хүмүүс. Эцэг эхийнхээ нэр хүндийг авч явах хэцүү. Дэндүү хүнд ачаа гэж боддог. Хүн намайг Л.Насанбат гээд танилцуулахад тэдний хүүхэд гээд эхэлдэг. Тэгэхэд л би доош суумаар санагддаг. Хоорондоо өөрсдөө танилцаад  энэ хоёр хүний хүүхэд гэж хэлбэл бахархмаар. “Хүн нэрээ, тогос өдөө” гэдэг. Хүн бүр аав ээж ах дүү нарыг дурдах бүрт надад хэцүү санагддаг. Миний орон зайг аав ээж бий болгосон. Гэхдээ хоёр ихэр хүүхэд байлаа ч өөр зан араншин, үзэл бодолтой. Хүн бүр бодгаль. Харин бурхнаас өгсөн өгөгдлийг олж мэдээд аривжуулах хэрэгтэй.

-Хүн бүрт бага насны дурсамж нандин санагддаг шүү дээ. Ялангуяа нас ахихаар өнгөрснөөр бахархдаг юм шиг санагддаг?

-Монгол хүн мөрнөөс доош үсээ задгай тавьдаггүй. Зовлон дууддаг юм гэж ээж хэлдэг байсан. Аав хажуунаас Вьетнам хүмүүс дандаа л задгай үстэй байдаг шдээ хэмээн намайг өмөөрөн хэлэв. Ээж Вьетнамууд тэгээд жаргал үзсэн юм уу гэж хэлсэн.  Вьетнамд 1967,1968 оны үед дайнтай байсан юм билээ. Одоо ямар улс байдгийг сайн мэдэхгүй. Москвад сурч байхад нэг өдөр элчин дээр дуудахаар нь очтол чи өнөөдөр  нутаг буцна гэв. Би тэртээ тэргүй маргааш мэргэжлийн шалгалтаа өгөөд нөгөөдөр явна гэсэн заавал өнөөдөр явна. Элчингийн гадаа машин байгаа хувцасаа аваад ир, онгоцны буудал руу элчингийн машинаар явна гэсэн. Онгоцонд орсон чинь Эрүүлийн хамгаалахын сайд н.Дэмбэрэл гэж хүн “Аав чинь хүнд өвчтэй байгаа шүү” гэсэн. Тэр үед ээжийн хэлсэн үг зурс гээд л санаанд орсон. Тэгээд л үсээ хоёр салаа чанга сүлжээд явсан. Замд унтчихвал “хүнд өвчтэй хүнийг сэргэж байна гэж зүүдэлвэл үхчихдэг” гэж бодоод унтаж чадахгүй байсан. Заримдаа өөрийн эрхгүй зүүрмэглэхэд өөрийгөө чимхэж сэрээдэг. Онгоц газардахад онгоцонд байсан бүх хүн над руу энэ хүүхэд яах нуу гэсэн харцаар харсан. Тэр хүмүүсийн харц, нүд одоо хүртэл надад харагддаг. Намайг  авга эгчийн нөхөр хүүтэйгээ тоссон. Би эхлээд гэртээ очиж ачаагаа тавьчихаад эмнэлэг явах уу гэж асуусан. Гэтэл  эмнэлэг явах хэрэггүй болсон. Шууд гэрт харина гэж хэлсэн. Тэгээд л бүх зүйл ойлгомжтой болсон. “Чамайг хүн бүр хүлээж байгаа. Чи битгий хүн уруу татаарай гэж хэлсэн. Надад маш хэцүү байсан. Их дэлгүүрийн урд манайх байсан. Гэрийн гадаа буухад манай байрны бүх айл цонхоор харж байсан. Хүн бүр өрөвдсөн харцаар харсан байх. Тэгэхэд л дэлхий хөмөрсөн мэт санагдсан. Гэхдээ түүнийг би ойлгоогүй. Ойлгох сөхөө надад байгаагүй. Ээж, дүү нараа битгий уруу татаарай гэдэг ухааралын үг хэлсэн болохоор би гэрт ороод бүх зүйлээ залгисан. Хашхирмаар, орилмоор санагдсан. Зөвхөн уйлахгүй байхыг хичээсэн. Миний бодол, сэтгэл аавын тухай бодлоор дүүрсэн. Намайг сургуульд явахад гаргаж өгсөн үе. Эрхлүүлдэг байсан хором мөч бүрийн дурсамж намайг эзэмдсэн дээ. Хүмүүний амьдрал харамсмаар богинохон юм даа. Аав нэгдүгээр сарын 11-нд нас барсан. Нутаглуулахаар явахад гурамжинд явж байсан хүмүүс малгайгаа аваад л мөн ч хэцүү мөч байсан даа.  Тэр л үе  миний сэтгэлд маш хүнд туссан. Өмнө нь хэзээ ч хүний оршуулганд явж үзээгүй. Идэр, залуу насаа Москвад өнгөрөөсөн. Одоо Алтан өлгийд миний аав ээж хоёрын шарил бий. Одоо ч би оюутнууддаа “мөрнөөс давсан үсийг битгий задгай тавиарай” гэж захидаг.

-Барцадаа гөвүүлэх аавтай байх сайхан гэж монголчууд ярьдаг. Та аавынхаа талаар сайхан дурсамж ярьж өгнө үү?

-Би зун амралтаар гэртээ ирээд буцдаг байсан. Өвөл бараг ирдэггүй байв. Миний аав Ази, Африкийн Монголын хорооны дарга байсан болохоор  Москвад байнга ирдэг байлаа. Аавынхаа буусан зочид буудалд тэврэлдээд хамт унтдаг байсан. Тэр нэг удаа ирээд буцахад нь дагаж машинаас нь зүүгдээд, нэг их уйлж билээ. Аав гэртээ ирээд уйлаад л байсан гэсэн. “Охиноо арай эрт явуулжээ” гэж ярьсан байдаг. Би аавынхаа уйлахыг ер үзэж байгаагүй.Одоо ингээд бодохоор хүний хэн байсныг, хэн явсныг зураг л түүх болж өгүүлдэг юм байна.

-Хүн бүр эцэг эхээ хүндэлж хайрладаг. Гэхдээ түүнийг ойлгох ухаарал хэрэгтэй санагддаг. Та аав ээжээс ямар ухаарал олж мэдсэн бэ?

-Би ээждээ чимхүүлдэг байсан. Алгадуулж болно шүү дээ, гэтэл үгүй. Аав ээж надад гар хүрч байгаагүй. Жаахан охин байхдаа нандин тоглоомтой хүүхэд байлаа. Би хүүхэдтэй болоод гоё хувцас, тоглоом авч өгөхийг боддог байсан. Яагаад гэвэл жаахан байхдаа их ганган гоё охин байсан. Хүүхдийн оёдолын машинтай байсан тул түүнээ байнга шахуу тачигнуулаад л төвөгтэй. Ээж өвчтэй хэвтэж байхад ч орных нь толгой дээр суучихаад өнөөх  машинаа тачигнуулаад л байдаг байж. “Миний охин битгий тэг ээ. Ээжийнх нь дотор муухай оргиод байна” гэхэд нь түр тар гээд дуугаргаад л байсан. Оёдлын машин муухай дуутай шүү дээ. “Миний хөө” гээд ээжийг хэлэхэд нь сонссон ч шинжгүй тачигнуулаад л байсан дурсамжаа санадаг юм. Нэг мэдсэн шилэн хүзүүнээс аав барьчихсан зогсож байж билээ. Гэхдээ ямар ч муухай үг хэлээгүй. Тэгээд л би ойлгосон. Тачигнуулахаа больсон. Тэгээд би аавыгаа хэдэн өдөр аргадсан. Аав надтай урьдын адил дуугарч, тоглоогүй. Аргадах гээд тал бүрт нь гарч ааваа, ааваа гэж ая тал зассан. Ээжийгээ хүндлэх гэдгийг түүгээр ойлгосон гэж өөрийгөө боддог. Хоёрдугаарт, манай аав Соёлын яамны уран бүтээлийн орлогч сайд байсан. Маргааш Соёлын яаман дээр сургуулиа төгсөж ирсэн хүүхдүүд дипломтойгоо ирээрэй гэж байна. Гэтэл дипломоо ирээд олдоггүй. Манайх зусланд байсан. Ээж дүүгээ дагуулаад яв, хай гэж байна. Үүнийхээ хажуугаар чи дипломоо хичээж, зовж аваагүй юм байна даа гэсэн. Энэ үгнээс хүн зовж, хичээж, зүтгэсэн бүхнээ хүндэлдэг, хайрлаж хураадаг юм байна гэдгийг ойлгосон доо. Энэ мэт үг бүр нь ухаарал өгдөг байж.

-Хүүхдүүд гэлтгүй хүмүүс танай аавд их сайн байсан гэж уншсан. Аавынхаа зан аашийн талаар дурсвал?

-Манай байрны хүүхдүүд ч биш хүн бүр аавд хайртай байсан. Байрныхан аавыг ажлаасаа ирэхийн хүлээнэ. Гэрийнхэн нь бужигналдаж байгаад унтахад аав суугаад л үлддэг байсан. Аав минь их зөөлөн хүн байж дээ.

-Ээж тань “Цогт тайж”, “Үер”, “Өнөрбүл” зэрэг монголын уран сайхны олон кинонд дүрээ мөнхөлсөн Ардын жүжигчин хүн. Ээжийнхээ талаар яривал?

-Миний ээж урлагийн хүн. Өндөр насалсан. Их залуу, 49 насандаа ханиа алдсан. Би ааваараа дутсан уу гэхээс  өөр өнчин сэтгэлийг мэдрээгүй. Ээж бид дөрвийг юугаар ч дутаагаагүй. Миний ээж “Цэнхэрлэн харагдах уул”-ыг уянгалуулан дуулсан хэлбэрт дуртай байсан.

-Та төдийгүй монголын ард түмэн аавын тань зохиол бүтээлийг өдгөө ч шимтэн уншдаг. Өнөөгийн залуусд ямар ном уншаарай гэж зөвлөх вэ. Яагаад?

-Нэг хэсэг ном уншдаг хүн байгаагүй. Ном ч  үнэ цэнгүй мэт байсан. Одоо харьцангуй  уншдаг болжээ. Номонд бүх эрдэм бий. Хамгийн муу ном ч ямар нэгэн зүйл хүнд үлдээдэг. Аль болох уншиж л байх хэрэгтэй. Аавыгаа магтаж байгаа юм биш. Хүмүүсийн зөвлөснөөр “Тунгалаг тамир” романыг уншаарай гэж хэлье.  Тус романд орчин үеийн амьдрал, монгол хэл, зах зээл, бүх зүйл оршдог гэж боддог. “Тунгалаг тамир” романыг үг үсэггүй цээжээр мэддэг олон хүн байдаг. С.Дашдооров гуайн “Говийн өндөр” романы адитгалууд их гоё.

-Та багш мэргэжлийг яагаад сонгов. Гэр бүл, багш нарын оролцоо байв уу?

-Багш хүний хувьд ямар нэгэн хүнд ганц өгүүлбэрээр болтугай шинэ зүйл үлдээхийг хүсдэг. Би  шавь нараасаа үүнийг, түүнийг уншсан уу гээд л шалгаадаг. Зарим хүн над дээр ирээд айгаад явчихдаг. Хүн багш нарынхаа тухай эргээд боддог. Сүүлд нь  тэр л сайн багш байж дээ гэж санагалздаг юм шүү дээ. Тэгэхээр хүнд оюуныхаа савнаас өгсөн шиг өгчихдөг багш байхыг эрхэмлэж ирсэн дээ. Багшийн мэргэжлийн сайхан бол өөрөөсөө илүү шавь бэлтгээд, тэднийхээ сайхан явахыг харах юм даа.

-Төгөлдөр хуурын товчлуур бүрээс хөг эгшиг ундарахад ямар мэдрэмж авдаг вэ. Ямар хөгжмийн зохиолчдийн бүтээлд дуртай вэ?

-Сонгодогуудаас С.Бахын бүтээлд дуртай. Л.Бетховны зохиол сайхан. Гэхдээ хувьсгалын өнгө аястай санагддаг.  Мөн Моцартад дуртай. Түүний бүтээлийг Хятад, Өвөрмонголын оюутнууд их сайн тоглодог. Урлагийн бүтээл үндэстнээс шалтгаалдаг. Мөн байгалийн онцлогоос их хамаардаг гэж боддог. Монгол Улс бол өргөн уудам нутагтай. Баруун талын аймгууд уул, ус ихтэй. Тиймээс хөгжмийн “ритм” ойрхон сонсогддог. Тал нутгаас гаралтай урлагийн хүмүүс  сэтгэл тэнийтэл уянгалдаг гэх мэт онцлогтой.

 -Та аавдаа зориулж ая, эгшгээр дамжуулан бүтээл гаргав уу?

-Ээж бид хоёрын “Эрдэнийн Тайшир уул” гэж дуу бий. Аав Говь-Алтай аймгийн Тайшир сумын хүн. Ээж минь амьд сэрүүн байхдаа “”Говь-Алтайд төлийн аян эхэлжээ. Хоёулаа аавыг чинь баярлуулъя.Тайширынхны тухай шүлэг бичээд өгвөл чи ая хийж чадах уу” гэсэн. Би ая бичдэггүй мөртлөө чадна гээд хэлчихсэн. “Хөгжмийн зүрх нь аялгуу шүү, чи их сайхан аялгуу хийгээрэй” гэсэн. Тэгээд өөрөө Тайширынхны тухай шүлэг бичсэн. Миний анхны дуу радиогийн “Алтан фонд” бий. Тэр үед урлагийн холбооны дарга Б.Зангад гуай дуулж байв. А. Очирбат гуай ярьж байна билээ. Уг нь Ч. Долгорсүрэн зохиол бичдэг байсан юм. “Яагаад зохиол бичихгүй байна” гээд асуутал “Одоо бичвэл Лодойгоороо бичүүлсэн гэнэ шүү дээ” гэж хошигноцгоож байсан гэдэг. Ээж маань аавтай суухаас өмнө шүлэг бичдэг, уралдаанд ороод байр эзэлж явсан юм билээ. Ийм л нэг уран бүтээл цалгисан, ухамсарт амьдралаа Монголын уран зохиол, кино урлагт зориулсан аав, ээжийн охин болсон хувьхан заяандаа баярлаад баршгүй юм.


Л. Насанбат: Чадраабалын Лодойдамбын охин гэж хэлүүлэх өндөр хувь заяанд төрсөндөө талархдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188