• Өнөөдөр 2024-05-02

З.ДҮВЧИН ЗААН: З.Ойдов ахыгаа дагаж бөх, шавь нарынхаа гавьяагаар Ардын багш боллоо

2021-12-27,   18088

     -Ч.Санжаадамба 90 гаруй кг жинтэй хүрэн бор хүүхэд байсан-

    Тэр төрийн наадмын зүлэг ногоон дэвжээг олон жил чимж, барьц, мэхэнд тогтож үлддэг дүүрэн барилдаантай заан. Харин чөлөөт бөхөөр тив дэлхийд улсынхаа нэр алдрыг цуурайтуулж явсан гавьяатай. Түүнийг Монгол Улсын заан, МУГТ, гавьяат дасгалжуулагч, Ардын багш Зэвэгийн Дүвчин гэдэг. Түүний хүртсэн дээрх гавьяа шагналыг шавь нарынх нь бахдам амжилтаас харж, мэдэрч болно. Тухайлбал, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, ДАШТ-ийн хүрэл медальт Э.Гантуяа, Азийн наадмын аварга Г.Наранчимэг, улсын аваргын олон түрүүтэй Ш.Түмэнцэцэг, үндэсний бөхийн улсын аварга Ч.Санжаадамба, улсын харцага Ш.Пүрэвгарьд зэрэг олон шилдгийн багш нь билээ. Өнгөрсөн долоо хоногт Ардын багш цолоор шагнуулсан З.Дүвчин заантай ярилцлаа.

-Таны хүч хөдөлмөр, шилдэг тамирчин, аваргуудыг “төрүүлсэн” гавьяаг үнэлж Ардын багш цол олголоо. Баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

       -Төр, түмний хишгийг хүртсэндээ баяртай байна. Миний бэлдсэн шавь нар, тэдэнтэй өрсөлдсөн тамирчид, тэднийг үзэж сэтгэлээ баясгаж, сэтгэлийн дэм өгч байсан үзэгчдийн  шагнал байлаа. Миний шавь нар хоорондоо барилдаад байвал хэн ч үзэж, хэн ч үнэлэхгүй шүү дээ. Тэгэхээр шавь нараа гадаадын тамирчидтай хүч үзүүлж, тэмцээн уралдаанд явуулахыг хичээдэг дээ. 

-Та хэчнээн шавь бэлдэж, тамирчин болгосон байна вэ?

       -Би шавь нарынхаа тоог хэлж мэдэхгүй. Шавь олох гэж хайдаг ч хүн биш. Хүн намайг зориод ирвэл чадах чинээгээрээ тусалж, ажиллахыг хичээдэг. Зарим нь хоёр, гурван жил болоод л шантраад явдаг. Харин бөхөд сонирхолтой залуус нь үлдээд амжилтад хүрдэг. Тухайлбал, чөлөөт бөхийн барилдааны эмэгтэй шигшээ багийн түүхэн дэх анхны дэлхийн аваргын медалийг Ховдын Ж.Энхжаргал, 2010 онд анхны дэлхийн аваргыг С.Батцэцэг авсан. 2010 онд анхны азийн тоглолтын аварга Г.Наранчимэг, 2012 онд олимпын анхны медалийг С.Батцэцэг эх орондоо авчирсан юм. Мөн 2013 онд Уневарсаль тэмцээний алт, мөнгөн медалийг Э.Сумьяа, СБатцэцэг нар авчирсан. 2015 онд анхны хошой аваргаар С.Батцэцэг, Азийн тоглолтоор Э.Сумьяа, Ш.Түмэнцэцэг, Э.Гантуяа, З.Болортунгалаг, С.Батцэцэг нар Азийн аваргын медаль хүртэж байлаа. Харин үндэсний бөхийн шавь нараас дурдвал, улсын аварга Ч.Санжаадамба, улсын начин Б.Ганзориг, улсын гарьд Д.Батдорж, улсын харцага Ш.Пүрэвгарьд нар байна. Мөн аймгийн арслан цолтой бөхчүүдээс Баянхонгорын Т.Дүүрэнсаран, Архангай аймгийн Б.Батсайхан, Ц.Цогт-Эрдэнэ гэх мэт бөхчүүд байна.

-Таны шавь болохоор зориод ирсэн залуучуудад ямар нэгэн шалгуур тавьдаг уу?

    -Над дээр ирсэн хүүхдүүдийг буцаадаггүй. Манай шавь нар өдөр бүр хүнд бэлтгэл, дасгал хийж, хөдөлмөрлөдөг учраас залхуу ч юм уу, баг хамт олны уур амьсгал эвддэг хүмүүсийг хүлээж авдаггүй. Түүнээс болж шантраад явдаг хүүхдүүд ч бий. Манай шавь нар хүмүүжил сайтай учраас янз бүрийн ааш зантай хүүхдүүдийг хүлээж авч чаддаггүй юм. Би дотроо тэрийг нь зөв гэж боддог.

-Та Ч.Санжаадамба аваргатай хэрхэн танилцаж, багш, шавийн барилдлагатай болж байсан юм бэ?

     -2001 оны үед Д.Хишигдорж заан сонгуулийн үеэр хөдөөгөөр явж байгаад Ч.Санжаадамбын ах Ч.Чимэддоржийг надтай уулзуулсан. Тухайн үед Ч.Чимэддорж 25 настай байсан болохоор шавиар авахад хэцүү байсан. Тэгээд “25 настай хүнтэй юу ярих вэ дээ” гэтэл “Манай дүү 15-тай. Хөдөө байгаа. Удахгүй ирэх байх” гээд л бидний яриа өндөрлөсөн. Харин хоёр, гурав хоногийн дараа Ч.Чимэддоржийн эхнэр Ч.Санжаадамбыг дагуулаад ирсэн юм. Тухайн үед Ч.Санжаадамба 90 гаруй кг жинтэй хүрэн бор хүүхэд байсан. Нэлээд жинтэй гүйж чадахгүй бололтой байхаар нь “Чи малын хойноос гүйдэг үү” гэлээ. Гэтэл “Гүйдэг” гэнэ. “Хурга, ишгээ их нийлүүлдэг хүүхэд байна даа” гээд эцтэл нь гүйлгэсэн. Тэгээд “Энэ ч маргааш ирэхгүй дээ. Бие нь булгарчихсан” гэж бодож байтал маргааш нь хувцсаа өмсчихсөн “Багш аа, би гүйх үү” гээд зогсож байхаар “Үнэхээр бөхөд дуртай хүүхэд байна” гэж бодоод долоо хоног тасралтгүй гүйлгэж байлаа. Тэгээд л бие нь сайхан задарч эхэлсэн дээ. Бас өнхөрч чаддаггүй хажуу тийшээ уначихдаг хүүхэд байлаа. Удалгүй бөхийн хийх ёстой дасгалуудыг ягштал сайхан хийж сурсан даа. Тэгж л анх танилцаж, багш, шавь болж байлаа. Анх улсын барилдаанд гурвын даваанд унаж байсан. Тухайн үед би өөрийн гэсэн гэр оронгүй байсан болохоор өөр хүнд өгөөд “Сайн бэлдэх ёстой, томчуудтай барилдуулж болохгүй шүү” гэсэн чинь улсын арслан Д.Ганхуягтай барилдуулаад гарын гэмтээчихсэн юм. Тэгээд хөдөө гэр рүүгээ яваад хоёр жил болсон юм.  Бөхийн өргөөнд бөх үзэх гээд очтол Ч.Санжаадамба “Өчигдөр ирсэн. Бэлтгэлээ үргэлжлүүлж хиймээр байна” гэсэн юм. Тэр цагаас хойш тасралтгүй миний галд бэлтгэл хийсэн дээ. 19, 20 настайдаа оюутан залуусын барилдаанд түрүүлж, Азийн залуучуудын чөлөөт бөхийн наадамд хүрэл медаль авч байсан. Түүнээс хойш дахин чөлөөтөөр барилдаагүй. Үндэсний бөхөөр хичээллэж, улсын аварга болсон. Аварга болно гэдгийг нь ч мэдэж байсан л даа.

-Шавь нарынхаа бэлтгэлийг хангахаас гадна хэрхэн төлөвшүүлж, хүмүүжүүлдэг вэ. Бэлтгэлийг нь хангахад юунд ач холбогдол өгдөг вэ?

        -Би шавь нартаа “Та нар сайн бөх болж чадахгүй байж болно. Энэ их спортын ертөнцөөс эндэлгүй салаарай. Хоёрдугаарт, хүн л байх нь чухал шүү. Хэн нэгний аварга, арслан байх сонин биш” гэж захидаг. Тийм учраас бусад багш, дасгалжуулагчид “З.Дүвчин багшийн шавь нар арай өөр” гэж ярьдаг байх. Тийм болохоор хүүхдүүдийнхээ ааш занг эвдэлгүй хүмүүжүүлэх юм сан гэж хичээдэг. Би их ааш муутай хүн. Түүнээсээ болоод шавь нараасаа үг сонсох үе бий.

-Та аав, ээжийнхээ талаар ярьж өгөөч. Эцэг, эхээс хэдүүлээ вэ?

     -Миний аавыг Б.Зэвэг гэдэг байсан. Намайг зургаа, долоон настай байхад бурхан болсон болохоор сайн мэддэггүй юм. Манай нутгийнхан аавыг минь “Адуунд иртэй, мал анддаггүй, ороо догшин, эмнэг бүрийг  сургадаг байсан” гэж ярьдаг  юм. Харин ээжийг минь Ц.Нацаг гэдэг байлаа. Архангай аймгийн Хашаат сумын Улаантолгой гэх газар төрсөн гэнэ лээ. Ээж минь 2012 онд бурхан болсон. Би Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1954 онд төрсөн. Эцэг, эхээс олуулаа байсан юм билээ. Намайг төрөөгүй, бага байхад зарим нь эндсэн гэдэг. Миний мэдэхээр долуулаа байсан. Одоо нэг ах, хоёр эмэгтэй дүүтэйгээ байна.

-Танд бөхийн удам бий юү?

    -Түшээт хан аймгийн бүдүүн гуят гэж миний нагац ах Гомбодоржийг нэрлэдэг байсан юм билээ. Мөн ээжийн талын махир Дэндэв гэж хүн байсан гэдэг. Хүмүүс ахыг минь барилдаж байхыг харчихаад “Нагацтайгаа адилхан хөл мэхтэй хүн юм аа” гэж ярьдаг байсан гэнэ лээ. Тэгж бодохоор барилддаг хүмүүс байсан юм шиг байна. Харин нэрд гарсан аварга, арслангууд байгаагүй байх.Сайн мэдэхгүй юм.

-Та чөлөөт бөхийн спорттой хэрхэн холбогдсон бэ. З.Ойдов ах нь нөлөөлсөн болов уу?

    -Би багаасаа бөхөд сонирхолтой хүүхэд байсан. Яагаад гэвэл Баянхонгор аймгийн Барилгын техник мэргэжлийн сургууль гэж байсан. Тус сургуульд ах минь сурч байгаад бөх болж Улаанбаатар хот руу явж байсан юм. Тэгэхээр нь би “Барилгын техник мэргэжлийн сургуульд явбал бөх болдог юм байна” гэж бодоод л тус сургуульд явахаар шийдсэн. Тэнд барилдаж ноцолдоод чалч, чалч даруулж унаад аймгийн аваргад хоёр, гуравт л ордог байсан. Сургуулиа төгсчихөөд барилгачин болж Хужиртын барилгын ангид хуваарилагдаж барилга барьж байлаа. 1972 онд олимпод оролцсон баг тамирчинд Хужиртад сэргэлтээр ирсэн. Ах минь ч хамт ирж байсан юм. Тэр олон бөхийг хараад бөх л болмоор санагдаж байлаа. Би Улаанбаатарт ирчихээд Толгойтын 10 жил, Тэрэлжийн Улаанбаатар-II, шашны сургуулийг барилцаж байсан. 1975 оноос Биеийн тамирын спортын эвлэлийн төв зөвлөлийн тамирчин болж, шигшээ багт орж байсан түүхтэй. Ах минь бөхийн спортын тамирчин болчихсон байсан учраас ахыгаа дагаж дууриаж байгаад бөхийн ертөнц рүү орсон доо.

-Таны анхны багш хэн байв?

    -Баянхонгорын барилгын техник мэргэжлийн сургуулийн биеийн тамирын Хабаабаатар миний анхны багш. Манай ангийн багш Ж.Жанцандорж гэдэг хүн бөх сонирхдог болохоор намайг зааланд гаргадаг, бөхөөр хичээллэхэд дэмждэг байлаа. Сүүлд Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм билээ. Манай ангийн 30 гаруй хүүхдээс 23 нь барилдах ноцолдох дуртай эрэгтэй хүүхэд байсан юм. Хөдөөгийн хүүхэд хурга, ишигний бэлчээрт голын эргэ дагуу байнга ноцолддог байлаа. Тухайн үед юу болох, хэн болох тухай огт боддоггүй, нусаа гойжуулчихаад гүйдэг байсан. Хөдөөгийн хүүхдийн адил өссөн хүн дээ.

-Таны үндсэн мэх юу вэ?

    -Хүний мэх, барьцанд үлддэг гэж боддог. Түүнээс биш уран дархан мэхээр бусдыг унагаж байсангүй.

-1980-аад оны үед дэлхийн аварга, азийн тоглолтын дэвжээнд барилдаж байхад ямар мэдрэмж төрж байв?

    -Би азийн аваргад барилдаж үзээгүй. Ганц удаа азийн тоглолтод орж түрүүлж байсан. Дэлхийн аваргад хоёр удаа орсон. Тэр үеийнхээ тухай эргэн бодоход дэмий л барилдах гэж явдаг байснаас яаж оноо авах, ямар арга хэрэглэх тухай огт бодож байгаагүй юм билээ. 12 удаа тэмцээнд оролцож наймд нь шагналт байрт шалгарч байсан.

-Чөлөөт бөх таны ажил, амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?

     -Чөлөөт бөхийн барилдаан гэдэг бол олимпын хөтөлбөрт байдаг 30 гаруй спортын төрлөөс хамгийн хүнд спортод тооцогдож нэгдүгээрт ордог. Хоёрдугаарт, гимнастик, гуравдугаарт, хөнгөн атлетик ордог юм билээ. Тэгэхээр би спортын хүнд төрлийг сонгосон юм байна гэдгийг сүүлд ойлгосон. Бөхийн спорттой холбогдсоноор өөрийгөө хүн шиг хүн болсон гэж боддог. Хэрвээ бөх болж чадаагүй бол барилгачин болох байлаа.

-Чөлөөт бөхийн спорт бусдаас юугаараа онцлог вэ?

     -Хөлстэй нүцгэн биеэс хөлстэй гараараа барьж барилдана гэдэг хэцүү. Хүнээс их чадвар, арга барил шаарддаг спорт шүү дээ.

-Таны хүүхдүүд спортоор хичээллэдэг үү?

    -Би гурван хүүхэдтэй. Том нь 40 хүрч байна. Том хүүгээ Японд сумогоор барилдуулж байгаад цунами болохоор нь аваад ирчихсэн. Ач нарын том нь зургаан нас хүрэх гэж байна. Миний хань Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын хүн. Гар бөмбөгийн ОУХ-ы мастер. Саяхан гавьяат цол авсан. Ээжийгээ дагаад хүү, охин хоёр минь гар бөмбөг тоглох  сонирхолтой.


З.ДҮВЧИН ЗААН: З.Ойдов ахыгаа дагаж бөх, шавь нарынхаа гавьяагаар Ардын багш боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-28 19:31:37
    Баянзул: Найздаа баяр хүргэe.Аргагүй л бөх гэдэг агуу зүйлийг дэлхийн болон монголын зүлэг ногоон дэвжээнд өөрөө үлгэрлэн шавь нараараа бахархаж буян заяагаа эдлэж яваа агуу хүндээ.Нутгаасаа чөлөөт бөхийн алдартан С.Батцэцэг үндэсний бөхийн аварга Ч.Санжаадамба 2-ыг тодруулна гэдэг асар том гавьяа шүү.Танай том ах Содномдорж гуайг залуу байхад чөлөөт юм уу жүдо бөх байсан бол Ойдов гуай та хоёр шиг бас л дэлхийн бөх болох байсан даа.Адуунд мөн ч эртэй бяртай хүн байсныг би хүүхэд байхдаа харж байсан .Дахин олон алдартай шавьтай болохын eрөөл өргөe.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-28 11:51:45
    Чулуунцэцэг: Найздаа баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-28 10:43:50
    Баярнэмэх: Ёстой сайхан бөх 1996 оны улсын наадамаар хажууханд нь сууж таарав. Торноос халуун савтай сүүтэй цай гаргаад хонины чанасан бүхэл мах аяганд хэрчиж хийж байгаад сайхан цайлав. Манай ангийн Нарангэрэл бид хоёр ажиж суулаа. Цайгаа ууж дуусаад дөрөв давсан бөхийн цайнаас уух хүн байна уу? гэж бусад бөхчүүддээ өглөө. Мягмарсүрэн заан тэр үед залуу бөх байман байх Батзориг заан нар цайнаас нь уусан санагдаж байна. Бүр нэг цаанаасаа баавартай бөх шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-28 08:20:39
    Амарсайхан: Аль эрт өгөх байсан юм. Ах дүү 2 дэндүү даруухан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-28 08:07:48
    Д.Батаа: Дүвчин бол агуу даруухан,гүндүүгүй эр шдээ.Дархан аврага Цэрэн Тогтохын найз! Бид сайхан үерхэж найзлаж бйсн,сүүлийн үед нэг их уулзаагүй дээ. Найздаа эрүүл энх,сайн сайхан бүхнийг хүсч ёрөөё.....
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-28 01:03:47
    Zochin: Za daa bas sonin hundee unuuduriin chuluutiin heruuliig daldaas ******** bold Batbauar sumyabazar nariig turhirdag ******** uvgunduu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-27 21:53:20
    Б.Батжаргал: З.Дүвчин заантай уулзаж байгаагүй.түүний үдэсний бөхөөр барилдаж байхаас ннь бахархаж явлаа.ММөнгөн арслангаар заан болоход нь баярлаад ширээн дээр байсан айргаа татан асгаж ваар хагалж хэрэгт орж явлаа. Баяр хүргэж амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-27 19:23:44
    Зочин: Хүүхдээ шавь оруулах юмсан хаана хичээллэдэг юм бол
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-27 14:03:15
    Иргэн: Сайн багш шүү
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188