• Өнөөдөр 2024-03-28

ХАЙРЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ

2021-11-25,   1157

ТҮҮНИЙ АМЛАЛТ, ХАЙР ХОЁР НЬ АГУУ ЮМ

          Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, баатар аа, баатар аа хэмээн дуудан баясаж, бахархан ярих  хүн нэгээр нэмэгдэж, монголчуудын сэтгэлд баяр, жаргал авчирлаа, тэр. Харин би түүнийг энэ удаад "Хайрын төлөө тэмцэгч" гэж нэрлэмээр санагдаад. Учир нь, Хөдөлмөрийн баатар П.Цэрэндавга, Ардын жүжигчин Ж.Мэндбаяр хоёрын дурлалын түүх цагтаа жинхэнэ дуулиан тарьж, хайрынхаа төлөө хором бүр тэмцэж байсан гэгээн түүхтэй болохоор тэр шүү дээ. Хаалттай нийгмийн үед бүхнийг сөрөн тэмцэж, дурлалаа хайр болгож байсан халуухан намтартай хүмүүс билээ. 1970-аад онд Ж.Мэндбаяр жүжигчин театртаа өөрийн орон зайг бий болгочихсон байсан үе. Харин П.Цэрэндавга гуай дөнгөж театрын босгоор алхаж, уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан залуухан эр. Тухайн үед хайр сэтгэлийн холбоотой болсон тэнднийг хэд хэдэн удаагийн хурлаар оруулж, П.Цэрэндавгыг гэр бүл үймлүүлсэн хэмээн донгодож ажлаас нь халах хүртэл арга хэмжээ аваад дийлээгүй гэдэг. Хурал дээр хоёулаа “Одоо дахиж тэгэхгүй” хэмээн ам өчгөө өгч хурлаас гарангуутаа байшингийн булан тойроод л буцаж уулзаад, хөтлөлцөөд гүйцгээдэг байсан тухайгаа дурссан байдаг.

       Харин  тэд өдгөө монголын шилдэг гэр бүлийн төлөөл болж, үр хүүхдүүдийнхээ өмөг түшиг нь болж явна. Тэрбээр залуудаа эхнэртээ “Хэзээ ч чамайг гомдоохгүй” гэж амлаад өнөөдрийг хүртэл жаргал, зовлонгоо хуваалцсаар жаргалтай амьдарч байна. Ийнхүү түүнийг эхнэр Ж.Мэндбаяргүйгээр нь төсөөлөхийн аргагүй биз ээ. Ажил, амьдрал, зовлон бэрхшээл, баяр, жаргал бүрийнх нь ард түүний сэтгэлийн хүч, өмөг түшиг хань нь л байсаар ирсэн. Тэрбээр Хөдөлмөрийн баатарын шагналаа хүртчихээд “Ханьдаа их баярлаж байна. Аливаа юмны ард талд хүний хань байдаг юм аа гэдгийг та бүхэн ухаарч, мэдэх байх аа. Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард хань нь байдаг юм шүү. Гурван хүүхдийг минь тээж, төрүүлж өгсөн ханьдаа баярлалаахэмээн чин сэтгэлийн үгээ монголын нийт ард түмний өмнө нүүр бардам, бахархам хэлсэн юм.

          Хөдөлмөрийн баатар П.Цэрэндавга ханьтайгаа анх танилцсан тухай ярихдаа  "Улсын багшийн их сургуулийн Кино драммын ангид сургуулилт хийж байхад нь харж байсан гэдэг. “Том алаг нүдтэй, урт үстэй охин багшдаа загнуулаад сууж байхыг нь хараад "ямар хөөрхөн охин бэ" гэж бодоод л өнгөрч байсан. Хүүхэд байсан болохоор дотроо бодоод л өнгөрсөн. Дараа нь драмын театрт ороход Кино драмын сургуульд харж байсан нөгөө хөөрхөн охин сургуулиа төгсөөд театрт орчихсон байсан. Намайг тоохын аргагүй л сайхан бүсгүй байсан юм. Миний хань цагтаа бол одоогийн яриад байгаа миссүүдээс хол илүү гарах бүсгүй байлаа. Хуримаа хийсний дараа хүмүүс “Д.Мэндбаярыг яаж авч суусан юм бэ” гээд л асуудаг. Тэгэхээр нь би “яаж авч суусан нь ямар хамаа байна, аваад суучихсан байгаа нь гол юм биш үү” гэж хариулдаг байлаа. Ханиа зөв сонгосон азтай хүндээ би” хэмээн ханийхаа тухай амьдралынхаа хором бүр бодож, ярьж, бахархаж, хүндэлж явдаг хүний хань, хүүхдийн эцэг билээ.

Долдугаар ангидаа урлагийн амьдрал хөл тавсан нь

        Тэрбээр 1976 онд УБДС-ийн Кино драмын ангийг жүжигчний мэргэжлээр төгссөнөөс хойш Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж, монголчуудын зүрхэнд хоногшсон тайз, дэлгэцийн олон арван бүтээлд дүр бүтээсэн нэгэн билээ. Тухайлбал, тайзны “Хаан түүх” жүжгийн Хаан, “Жамуха” жүжгийн Чингис, “Тамгагүй төр” жүжгийн Эгрэгэ өрлөг, “Хүйтэн сэтий” жүжгийн Богд хаан, “Атга нөж” жүжгийн Хөхөчү зэрэг дэлгэцийн “Мандухай цэцэг хатан” киноны Ибрай тайш зэрэг дүрийг чадварлаг бүтээж, амилуулсан. Мөн орчин цагийн уран сайхны кинонуудад гол болон туслах дүр бүтээж, өөрийн ур чадварыг залуу хойч үедээ зааж, өвлүүлж яваа нэгэн юм. Түүний Монголын тайз, дэлгэц, театр урлагт оруулсан хувь нэмрийг төр үнэлж, 1991 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, 2001 онд Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагнаж байсан бол өчигдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ.  

       Тэрбээр 1948 оны тавдугаар сард Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд мэндэлж, 1956 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын дунд сургуульд орсон аж. Түүний урлагийн амьдрал долдугаар ангиас түүний урлагийн амьдрал эхэлсэн гэдэг.

      Гэвч тэр үед "жүжигчин болно, бүр Хөдөлмөрийн баатар болно доо" гэх бодол, хүслийн хэлтэрхий ч төрж байгаагүй биз ээ. Харин тухайн үед хөгжмийн урлагт үнэхээр татагдсан гэдэг. Тэрбээр энэ тухайгаа ярихдаа “Ойдов багшийн удирдлага дор сайн хичээллэсний хүчинд нийслэлийн дууны уралдаанд “Хөөрхөн борлог морь” дуугаар оролцож, хоёрдугаар байрт шалгараад Хөгжим бүжгийн дунд сургуульд орж 180 төгрөгөөр шагнуулсан. Анх удаа өөрийнхөө хөдөлмөрөөр олсон мөнгө болохоор алга минь халуу оргих шиг болсон. Тэгээд шагналынхаа мөнгөөр аав, ээж хоёроо баярлуулъя гэж бодоод хоёуланд нь дээлийн торго авч, гүйхээрээ харьж байлаа” хэмээсэн байдаг. Тэрбээр “Дуртай нь биш сэтгэлтэй нь жүжигчин болдог” хэмээн хэлэх дуртай юм билээ.

 

 


ХАЙРЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-11-25 11:42:03
    иргэн: Юун баатар !!! Энэ хоёр баатар Соц үeд бол гэр бүл үймүүлсэн хэрэг .ёс суртахууны доголдлолоор хатуу шийтгүүлнэ.Одоо бол ёс суртахуунгүйчууд.дээдсийг магтагчид л дээд шагнал авдаг .уншиж барамгүй шахам сэтэртэнгүүд болж.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-11-25 09:57:04
    irgen: Tserendagva guai, Suvd guai nar bol manai sain jijigchid, hen ch margahgui. gehdee ene 2 hund ardiin jujigchin hangalttai. yag gardaj yu buteesen be, yaagaad hodolmoriin baatar ogch bga yum be, estoi demii ajil bolson. ene 2 hun ch evgui baidald orloo.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188