• Өнөөдөр 2024-04-24

УТГА ЗОХИОЛЫН “АВАРГА МОД" УРГУУЛАГЧ

2021-11-23,   782

-ДҮНЗЭН БАЙШИН БАРИАД ХЭДЭН САЙХАН АНЧ НОХОЙ, ХУРДАН БУУ АВААД ОЙ ХАМГААЛАГЧ ШИГ АМЬДРАХ САН-

      Ганцаардал түүнд хязгааргүй эрх чөлөөг айдастай хамт бэлэглэжээ. Эрх чөлөө түүний хувьд хэн нэгнээс чухал орон зайг эзэлдэг болохоор ямар ч цаг үед тэр билэг танхай, бардам амьдарч чаддаг болов уу. Гэлээ ч түүнд тоочиж болох сэтгэлийн мянга мянган шалтгаан, шаналан бий. Харин өөрийгөө хэнд ч ойлгогдохгүй хачин нууцлаг хэмээн бодогдтол дарж чаддаг нууц хүчтэй түүнийг Мулцангийн Уянсүх гэдэг. Тэрбээр “Би бол урагдаж ханзарсан гүн дотоод дахь шарх. Умайлгаж тавьсан оёосоор нь цус шүүрч буй хөндүүр шарх. Цусаар тавьсан тэр оёосоор одоо ч цус шүүсээр байгаа. Мөнхөд шүүрэх цус тэр орчлонг дэвтээж байдаг юм. Би бол тэнхлэгээсээ мултарсан өнчин цагаан дугуйны хуучин хигээс. Тоосонд дарагдан замын хажууд хэвтээ миний дэргэдүүр хөнгөн сүйхнүүд өнгөрсөөр л байгаа. Би бол ширгэж хатсан голын хуурай чулуудтай сайр. Ангаж үхсэн загаснуудын яс одоо ч тэнд цайсаар байгаа. Цус шүүрсэн тэр шарх, хуучин дугуйны тэр хигээс, хатаж ширгэсэн тэр сайр... Тэр бол би” хэмээн өөрийгөө тодорхойлсон байдаг. Тэр сэтгэлийн шарх бүрээ цэг, таслал төдийхнөөр нөхсөөр “Амьдрал гэж юу вэ” гэх жирийн асуултад хариулж дийлэхгүй яваа бусдын л адил нэгэн.

ТЭР ЯГ ӨВӨЛ ШИГ

       Хархираагийн догшин зэлүүд уулсын гүн хавцал, Мухар Улиастайн ам болох холын цэнхэр диваажинд түүний мөрөөдөл тунарна. Тэр мөрөөдөл дундаа төрж, өссөн ч хором хормоор холдсоор. Том болоод “Уулсынхаа аглаг ойн цоорхойд дүнзэн байшин бариад хэдэн сайхан анч нохой, хурдан буу, ган сайтай хутга, хоёр сайн морь, дах, тэгтий аваад ой хамгаалагч шиг амьдрах сан” хэмээн мөрөөдсөөр олон өвлийг угтсан гэнэ. Гэвч тэр “Аварга мод”-оо ургуулж, “Үр нахиаг” цэцэглүүлж сүүдэрт нь олныг баясгаж, тэтгэж завгүй явсан болохоор өөртөө ч буруу өгөх аргагүй юм. Улаангомд өвөлжиж байсан он жилүүдэд тэр бэлд нь байгаа мөртлөө цаст сүмбэр уулсаа үгүйлэн үгүйлэн сэрж, өглөө бүр аавынхаа захиасаар эргэн тойрноо сайтар ажиж хардаг байж. Тэрбээр нутагтайгаа холбоотой багийн дурсамжаа ярихдаа "Увс нуурын толин хөх мандлаас нарийн буурал суунаг татуулж дэгдсэн цасны сийрэг будан хэт өтгөрсөн байвал үрчлээ суусан дүнсгэр хөх уулс өдөржин ялгарч харагдахгүй. Тийм үед бүр зүүдэлж хононо гээч” хэмээн нүүрэнд нь инээмсэглэл тодорч, тэрхэн үедээ очсон мэт ярина.

      Тэрбээр бусдын адил хөдөө өсөж, хүмүүжсэн болохоор бусдаас ялгарах онц сонин зүйлгүй. Хүүхдүүдийн хийдгийг хийж, тоглодгийг тоглодог байжээ. Гэхдээ бусдаас ялгарах ганц  онцлог нь зав гарвал эргэн тойрноо умарттал ном уншиж, номын хавтас, зураг бүрийг ажиж, сонирхдогт байсан аж. Харин хэн нэгэн  түүнд хандаж юм асуувал хачин их ичдэг бүрэг хүүхэд байсан тухайгаа ярьсан юм. Тэрбээр хэл, уран зохиол, түүхийн хичээлд дуртай. Харин тоотой холбоотой бүх хичээлд дургүй учир хамгийн арын ширээнд суучихаад, дэвтрийнхээ ард элдвийг зурдаг байжээ. Энэ муу дадал нь түүнийг зурагт дуртай болгосон ч байж болох сайн талтай. Ийнхүү багаасаа номтой нөхөрлөж, танилцаж, өөрийгөө "төрүүлсэн" яруу найрагч.

      Тэрбээр 1985 онд Улаангом хотын дунд сургууль төгсөж, 1991 онд Орос хэл, уран зохиолын багш мэргэжилтэй болжээ. Сургуулиа төгсчихөөд сумандаа хоёр жил багшилж, дараа нь Ховдод орон нутгийн сонины сурвалжлагчаар ажиллаж байгаад хотод ирсэн гэдэг. Тэрбээр оюутан байхдаа Ээжийгээ, гэрээ, нутгаа санаад тасралтгүй шүлэг бичиж эхэлжээ. Тэр энэ тухай ярихдаа “Төрсөн нутаг хүний анхдагч язгуур байдаг. Миний нутгийн уулс надад одоог хүртэл маш ихийг өгсөөр байгаа. Би жил бүр амралтаа аваад шууд нутаг руугаа явдаг. Харин энэ жил явж чадсангүй. Намайг нэг настай байхад л манайх Хархираагийн амралтад очсон гэдэг. Энэ тухай “Аварга мод” дээр өгүүлдэг. Арван жилээ төгсөтлөө би цаст уулсын орой дээгүүр харайж явдаг байлаа. Уул, уснаас авч байсан тэр эрчим л өдий болтол намайг эрүүл саруул, хүч хийморьтой байлгаж байгаа байх. Мөн одоо байгаа зон олон ч биш, өнгөрсөн хийгээд ирээдүйн түүхийг олж мэдэх боломжтой. Би аливаа зүйлийг яг зохиолд бичнэ гэж нарийн боддоггүй. Ажигласны үр дүнд бодол төрнө. Гэхдээ тэр бодол ханасан байх юм бол бичнэ гэж бодож байгаагүй зүйлээ ч өөрийн эрхгүй биччихдэг юм. Заримдаа нэр, үйл явдал, ер нь юу нь ч толгойд байгаагүй зүйлсээ гэнэт суугаад биччихнэ. Үүнийг л уран бүтээлчид онгод гэж нэрлэдэг юм” хэмээн уран бүтээл "төрөх" агшин, хормын талаар ярилцсан юм. Тэр өвлийн улиралд уран бүтээлдээ илүү анхаарч, бичих ажлаа эхлүүлдэг юм билээ. 

-ЭЭЖТЭЙГЭЭ ҮЛДЭЖ, ҮХЭРЧИН БОЛСОН-

     Тэрбээр 1991 онд үед их сургуулиа төгсөх жилийн зун Орос руу олон улсын зохиолчдын уулзалтад явахын өмнө богино өгүүллэг, шүлэг зэргээ гар бичмэлээр нь ялган,модон авдарт хийж үлдээснийг нь эхнэр нь Ховд руу дайж явуулсан ч замдаа алга болчихсон гэдэг. Тэр үеийн бичсэн шүлэг, өгүүллэг, бичиг баримт, гэрэл зургийн цомог нь үрэгдсэн юм билээ. 1991-2002 он хүртэл Увс, Ховд аймгуудаар ажиллаж, амьдарч байхдаа богино өгүүллэг, яруу найргийн ном хэвлүүлжээ. 2002 онд Зохиолчдын эвлэлээс зарласан анхны номын уралдаанд түүний шүлгийн ном шалгарч, өгүүллэгийн түүврийг нь ах нь хэвлүүлж өгсөн гэдэг. Тэрбээр “Алга болсон гар бичмэлүүдээс арай өөр сэтгэлгээтэй гэж үзэн өөртөө авч үлдсэн цөөхөн хэдэн өгүүллэгээ 2002 онд “Жаргах нарны туяа” нэртэй анхны өгүүллэгийн түүвэр болгон хэвлүүлсэн.

    "Ажил, архи, ар гэрийн аахар шаахар зовлон дүүрэн 10 гаруй жилийн хугацаанд хийсэн зүйл минь ердөө л тэр хоёр ном. Түүний дараа “Аварга мод” роман дээр гардаг шиг өмссөн хувцастайгаа аав, ээж дээрээ ирсэн. Намайг ирдэг намар аав маань өнгөрсөн. Ээж бид хоёр хэдэн үхэртэй үлдэж, би үхэрчин боллоо. Тухайн үед завтай үедээ бодож хэвтэж байгаад босож бичихээс өөр ажил байсангүй. Тэр 2002-2009 он хүртэл ямар нэгэн эрхэлсэн ажилгүй байлаа. Тус хугацаанд бичих арга барилаа олж авсан" хэмээсэн юм. Хүн ганцаараа байгаад, гүн бодоод ирэхээр асар их төвлөрч чаддаг. Түүний суудаг ажлын өрөөний цонхоор их сүрлэг том, бас сайхан улиас мод харагддаг гэнэ. Тэр модыг өдөр бүр харж зогсох дуртай. Хэдэн хэрээ мөчир дээр нь үргэлж ирж суудаг аж. Зохиолоо бичиж дуусах дөхөж байтал гэнэтхэн л нэг өдөр “Аварга мод” гэх үг шууд л толгойд нь орж ирсэн гэдэг. Түүний хамгийн том давуу тал бол бичиж байхад хажууд саад болох зүйл байдаггүй нь юм.

ТЭР ЯГ НАМАР ШИГ

         Тэвчээрийн туйл шиг намрыг үзэх болгондоо тэр шүлэг бичсээр. Гэвч бичсэн шүлгүүд нь бүгд худлаа санагдаад урж, базаад шатаадаг байсан үе олон. Яг л тэрхэн мөчид намрыг чин шударгаар оносон ганц шүлэг бичих юм сан хэмээн ямар их шаналдаг байсан тухайгаа тэр гайхширна.

"Хэсэг хэсэг хугацаанд би гүн ухаантан шиг амьдарсан!

Хэрээ, хун хоёрын ялгааг олох гэж оролдсон

Үүрийн туяанд биш, шөнийн харанхуйд дурласан

Үхсэн хүнээс биш, амьд хүнээс нуугдсан

Тэнүүлч сүнс шиг мананг нөмөрч унтаад дарсан

Тэртээ холын гариг руу далавчлан нисэж үзсэн

Хөөрхөн мөртлөө муухай олон охидыг сонжсон

Хөсөр ургасан өвс шиг замын дэргэд өнжсөн

Илүү, дутуу бүхний хэм хэмжээг ойлгосон

Ичиж улайх бүртээ өөрийгөө зэмлэж бухимдсан

Нүүрэмгий тэр бүсгүйн хувцасыг тайлахаас айсан

Нүцгэн үнэн тэгэхэд над руу анх инээсэн

Инээх дуртай хүмүүс надаас нуугдаж уйлсан

Илбэ зүүд шиг ертөнц миний өмнө нээгдсэн

Нээгдсэн тэр хаалгаар би дотогш алхаж орсон

Нэг, хоёр, гурав!... гээд, нисэж үхэх шиг тайтгарсан" хэмээсэн нь "Яруу найраг бол гуниг, зовлон, үхэл гурав юм" гэх түүний тодорхойлолтыг бүрэн дүүрэн илтгэж буй мэт. Түүнийг амьдралд зовлон, гуниг, үхэл тохиолдож байсан болохоор тэр. 

     Түүнийг нэгдүгээр курс төгсөх хавар эхнэр нь "Намайг жирэмсэн болчихвол чи яах вэ" хэмээн асууж гэнэ. Тэрбээр "Тэгвэл би чамайг гар дээрээ өргөөд дэлхийг тойрно" гэж. Тэр үг эхнэрт минь ямар их аз жаргал, хүч тэнхээ өгснийг одоо би бүдэгхэн ч гэсэн төсөөлж байна. Тэр үг бид хоёрыг эхнэр, нөхөр болгосон юм" хэмээнэ. Дараа жилийн намар нь тэр аав болжээ.

    Намар төрсөн охиндоо зориулж шүлэг бичсэн гэнэ. Гэвч тэд толгой хорогдох орон гэргүй байсан учир охин нь хадмууд дээр нь өссөн гэнэ. Удаах охин нь мөн оюутан байхад нь мэндэлсэн боловч хүн болоогүй учир дараа жилийн хавар нь хүүтэй болоод Улаангом руу шилжжээ. Эл бүх хугацаанд түүний амьдрал хэвийн үргэлжлэх ч тэр сэтгэлээр унаж, сэтгэлд нь нийцэх хүн ч олдохгүй гашуун юманд дурлаж эхэлсэн гэдэг. Сүүлдээ тэр нийлдэг хүмүүстэйгээ яриа нийлэхээ больж, хурдан согтохоо л боддог болсон гэнэ. Харин шартаж сэрээд яаж шар тайлахаа бодож, сүүлдээ хүмүүс түүнээс зугтдаг болжээ. Гэвч тэрбээр уулзсан хүн бүрээс архи нэхэж, зовоодог байж. Ядаж байхад түүний архины найзууд Ховд хотод мундахгүй байсан гэдэг. Тэр үед шүлэг сонсохыг хүсдэг хүмүүст зориулан цээжээр, шуудхан урсгадаг шүлгүүдээ зөвхөн согтуудаа л уншдаг байж. Тэр нь архины магтаал, гуниг, намар, хүүхэн, утга учиргүй амьдралын тухай байдаг аж. Харин эрүүлдээ шүлэгний тухай ам нээдэггүй нэгэн билээ. 

      Тэрбээр "Мөнх бусын хамгийн том илэрхийлэл бол намар гэж боддог. Шувууд буцаж, нуур эзгүйрээд эхлэхээр хүн мөнх бусын тухай боддог байх. Тийм учраас ихэнх уран бүтээлчид намарт уран бүтээлийн ургацаа арван хураадаг байх гэж боддог. Яг энэ үед байгал өөрийгөө цэвэрлэгдэг. Гол мөрөн шил шиг тунгалаг болж, модод хуучин навчсаа гөвдөг. Хүн үхээд дахин шинээр төрдөгтэй адил. Намар буцах, гунихаас гадна ирэхийг зөгнөдөг өвөрмөц улирал. Хүн мөнх бусыг ухаарч байж амьдралыг хайрладаг. Тодорхой хугацааны дараа орчлонгоос буцна гэдгээ мэдэрч байвал илүү үнэ цэнтэй амьдарч чадна гэсэн үг. Харин мөнх амьдрах юм шиг явахаараа өөрийгөө болон бусдыг хайрладаггүй, зугаа цэнгэл хөөдөг, үг үйлдэл нь бурууддаг. Хүн өдөрт үхэх тухайгаа гурван удаа бодох хэрэгтэй байдаг юм билээ. Тэр тусмаа амьдралыг илүү хайрладаг” гэж сонссон шүү гэв. Харин түүний үзэсгэлэнт нутаг ямархан намар болдог тухай асуухад “Есдүгээр сар, аравдугаар сард миний нутгийн намар дэндүү сайхан. Намрын эхэн сард буг ороондоо орж, согоогоо дуудаж урамддаг. Намрын эхэн сард идэр бугын урамдаж буй дуу дун үлээж байгаа мэт сонсогддог. Тэр бугын урамдахыг сонссон хүн урт насалдаг гэж настай гөрөөчид ярьдаг юм" гэлээ. 

    Тэр  унаж босож, магтуулж, муулуулж, зовлон жаргал, үхэл хагацал гээд бүгдийг үзсэн аж. Түүний дурсамж гурван настай байсан тэр үеэс л эхэлдэг. Багаасаа ид шид бүтээж, амьдралыг үлгэр мэт болгоод хүн бүрийг жаргаах сан гэж мөрөөддөг байж. Гэвч тэр мөрөөдөмтгий хүүхэд өдөр тутамд бэрхшээлтэй тулгарах хэрээр гуниглаж, гуниг нь гутралд хувирч, гутрал нь харин архи руу хөтлөсөн удаатай. Эцэст нь, багынхаа иш шид, үлгэрт итгэдэг үе рүүгээ  буцаж, “Хүн өөдрөг байх нь зөв юм байна” хэмээн бодож, сайхан амьдарч байна. Тэр эхлээд харыг туулж, дараа нь цагааныг үзэх ёстой байсан юм болов уу. 


УТГА ЗОХИОЛЫН “АВАРГА МОД" УРГУУЛАГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188