• Өнөөдөр 2024-04-24

Н.БАНДИ: Хустайн байгалийн цогцолборт газрыг төрөөс хол байлгасандаа өнөөдрийн түвшинд хүрч, хөгжсөн

2021-09-28,   713

-Нас явахаар багын дурсамж тодроод л байдаг юм байна. Ижийгээ л их санах юм даа-II


Ярилцлагын эхлэл хэсгийг энд дарж уншина уу. 

          Н.Банди гуай ээжийнхээ тухай ярьсныхаа дараа хэсэг дуугаа хураав. Дэмий зүйл асууж сэтгэлийг нь өвтгөчихөв үү дээ хэмээн бодож суутал “Хммм” гэж хоолойгоо засаад “Ингэж нулимсаа залгиж суугааг минь үр, ач нар маань харсан бол шоолох байлгүй. Ээжтэйгээ хамт өнгөрүүлсэн дурсамжаасаа гарч чадалгүй чамайг сандаргачих шиг боллоо. Хоёулаа яриагаа үргэлжлүүлэх үү дээ” гэв.

-Таны даралт ихсэв үү л гэж айлаа. Таныг Хөдөө аж ахуйн дээд сургуульд мэргэжил дээшлүүлэхээр Улаанбаатарт эргэж ирсэн гэдэг. Тэрнээс хойш нутагтаа ажиллаагүй юу?

-Их хөгтэй явдал болж байж хот руу ирсэн шүү. Б.Ренчин гуайн охин Р.Индра захирал намайг төгсөхөд “Сургуульдаа багшаар үлд” гэж байсан юм. Би зөрүүдлээд төгссөн даруйдаа нутагтаа очиж, жил гаруй ажиллалаа. Зөрүүд ч гэж дээ, муу эмээ ижийгээ л амьд байхад нь хажууд нь очиж, сэтгэлийг нь амраая гэж бодсондоо тэр. Тэгсэн Аймгийн намын хорооноос намайг “За нөхөр Банди өнөөдрөөс аймгийн ерөнхий зоо техникч шүү” гээд хэлтсийн даргаар томилчихдог байгаа. Намын үүрэг даалгавар “Үгүй” гэж хэлж болохгүй. Маш их ажилтай болохоор үүрээр шахуу гараад харуй, бүрийд л харина. Хоёр хүүхэд нялх байсан болохоор ч тэр үү, ажлаасаа халгадаг боллоо.

      Тэгээд “Ерөөсөө л аспирантурт суръя. Үүнээс өөр энэ их ажлаас салах арга байхгүй нь гэж шийдлээ. Нэг өдөр удирдах газрын дарга н.Доржготовын өрөөнд яваад орсон чинь “Аспирантурт оюутан элсүүлж байна” гэсэн гарчигтай зар бүхий сонин байж байна. Тэр сониныг шүүрч аваад тэр чигтээ аймгийн намын хороо руу очоод явах хүсэлтэй байгаагаа хэлтэл зөвшөөрсөнгүй. Тэгэхээр нь “Эчнээгээр ч болсон суръя” гэж шалсаар байгаад бичиг хийлгүүлж аваад, Улаанбаатар руу явуулсан. Хот руу орж шалгалт өгөөд буцахдаа сургуулийнхаа удирдлага, хүрээлэнгийн хүмүүстэй тохиролцчихлоо. Нэгдүгээр сард өгсөн шалгалтын хариу тэр дороо гарсан хэр нь намайг дууддаггүй ээ. Тэр жилийнхээ аравдугаар сард ашгүй нэг юм сургуулиас дуудаж, би гэдэг хүн нутгаа орхиод гарсан даа. Тэрнээс хойш нутагтаа ажиллаагүй.

-Намын төв хороогоо хүртэл зальддаг та ч их зальжин хүн бололтой. Сургуулиасаа хөөгдөж байсныг бодоход бас аархуу байжээ дээ?

-Надаас үг унагах гэж элдвээр үзэж байна уу (инээв). Хаанаасаа олоод сонсчихдог байна аа. Залуугийн явдал юм даа, гэхдээ хөөгдсөн ч биш ээ. Аспирантур төгсөөд сургуульдаа багшилж байхдаа хөдөө сангийн аж ахуй руу оюутнуудаа аваад намрын ургац хураалцтад цөөнгүй явна. Нэг удаа хөдөө явсан хойгуур салбарын сайд намайг сургуулийн ажлаас чөлөөлөөд, миний орны багшийг авчихсан, намайг Өмнөговь руу томилчихсон байсан юм. Хөөцөлдсөөр байгаад буцаад ажилдаа орсон. Ш.Гунгаадорж гуай Хөдөө аж ахуйн сайд болсныхоо дараа намайг дуудаж сайдын зөвлөлийн хурлаар оруулсан юм. Санаа нь бол Өмнөговь аймаг руу явуулах гэж байсан юм билээ. Аймгаас ч намайг авъя гээд бичиг явуулчихсан байж. За тэгээд л хурлаар орлоо доо. Гунгаа сайд “За нөхөр Банди. Та Өмнөговь аймгийн Булган сум руу хөдөө аж ахуйн хүрээлэнгийн захирлаар явна аа” гэх нь тэр. Би ч шуудхан л “Үгүй ээ, би явахгүй. Чадахгүй байх” гээд л хэлчихлээ.

    Гэтэл “Чамайг чадна гэж үзэж байгаа” гэж байна. Би ч яасан ам түргэн байсан юм “Сайд аа, та бид хоёр анх удаа уулзаж байна. Та ч намайг мэдэхгүй, би ч таныг мэдэхгүй. Намайг тэр хариуцлагатай ажлыг  хийж чадна гэж та яаж мэдэж байгаа юм” гэсэн чинь “Өмнөговийн намын төв хороо тэгж үзэж байгаа юм” л гэж байна. Тэгэхээр нь “Тэд чинь боловсон хүчнээ тийм сайн таньдаг юм бол урд жил нь алтангадас одонгоор шагнаж, Намын их хуралд төлөөлөгчөөр оруулчихаад хойтон жил нь шоронд хийх байлгүй” гээд хэлчихсэн. Нэг нэгдлийн даргыг яг тэгж байсныг би мэднэ л дээ. Нүдээрээ харсан юм чинь. Ш.Гунгаадорж гуай ч тэр, сайдын зөвлөлийнхөн ч тэр таг дуугай болчихлоо. Сайд хэсэг бодож байснаа “За чи явж бай” гээд гаргасан. Ямартай ч хөдөө явуулаагүй.

-Сайд аа дуглачихдаг хүн сургуулиас хөөгдөх нь энүүхэнд байж. Социализмын үед яаж сайд, дарга нарын өөдөөс тэгж "том" дуугарч чаддаг байсан юм бэ?

-“Би”-гийн өвчтэй л байсан юм байлгүй дээ. Хожуу Ш.Гунгаадорж гуайг гайгүй сайн таньдаг болсон. Хааяа хотод таарахаараа “Та манай Хустайгаар нэг оч л доо” гэж урьдаг байлаа. Өмнөговь руу томилчихоогүйг нь бодоод л тэр. Нэг жил Гунгаа сайд гэр бүлийнхээ хүнтэй Хустайд очсон юм. Манай “Хустайн цогцолборт газар”-ын удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд гуай тэр үеэр нь ирж таарсан юм. Бид хоёр сайдын гэрт очоод ярилцаж суутал Ш.Гунгаадорж гуай Н.Энхболд даргад “Дээр үед би Бандийг орлогч сайд болгох гэсэн чинь “Таны оронд жинхэнэ сайд болно уу, гэхээс орлогч сайд болохгүй” гэж хэлээд орлогч сайд болоогүй хүн дээ” гэж хэлдэг байгаа. Сүүлд бодох нь ээ тэр үедээ болчимгүй ааш гаргаж байсан ч сайд “Энэ их боломжийн хүн юм” гэж бодсон шиг байгаа юм.

-Социализм гэснээс ардчилал танд юу өгч, танаас юу авсан гэж боддог вэ?

-Ардчилал тогтолцооны хувьд зөв зүйл юм. Даанч манайд буруу нутагшуулчихсан юм. Тиймээс би туйлын сэтгэл ханамжтай байж чаддаггүй. Орчин үед “Хүний хөгжил”, “Багшийн хөгжил” зэрэг хөгжлийн тухай их ярих болсон. Гэхдээ яг үнэндээ хөгжил нь зөв биш буруу тал руугаа нэлээдгүй хазайж байгаа. Өөрөөр хэлбэл, ардчилал нэр дор хүмүүст буруу ухагдахуун, бодол, сэтгэлгээг бий болгож өгөөд байна. Үүнд л сэтгэл дундуур явдаг юм. Ардчиллын алтан хараацай гэж өөрсдийгөө дархалдаг зарим хүн “Биднийг анх жагсаал, цуглаан зохион байгуулж, ардчилсан хувьсгал хийх үед буруудсан бол бараг л цаазлах байсан байх” гэж сүржин ярьдаг. Яг үнэндээ нийгэм тийм биш болчихсон байсан шүү дээ. Өөрчлөн байгуулалтын тухай идэвхтэй яригдаж, нийгэмд тэс өөр уур амьсгал орчихсон байсан. Гэтэл гавьяаг нь тэд үүрээд нэгнийгээ Баатар цолоор шагнаж ч байх шиг.

-Та ардчилалын анхдагч зарим хүнд дургүйгээ ардчилал гэж тойруулаад байгаа юм уу?

-Төрөл арилжих дөхсөн би юунаас айх юм. Үнэн хэрэгтээ зарим нэгэнд нь биш ардчилалын нэр баригчдад нийтэд нь таатай биш байдаг. Бодвол чи “Яагаад вэ” гэж асуух байх. Олон зүйл ярьж болно. Үгүй ээ, чи боддоо. Монгол Улсын Төрийн дуулал, Хэнтийн өндөр ууланд зэрэг сонгодог бүтээл туурвисан Б.Дамдинсүрэн гуайн хөшөө Улаанбаатарт хаана байгаа юм. Гэтэл ганцхан "Хонхны дуу"-г зохиож, дуулсан хүний нүсэр хөшөө босгосон. Энийг ардчиллынхан л хийсэн шүү дээ. Өөрийнхөө хийсэн жаахан юмыг тэр дээр өндөрт аваачъя гэдгээс эх орныхоо хөгжлийг өндөрт хүргэе гэсэн ухагдахуун тэдэнд байхгүй.    

-Уг нь улс төр биш хоёр нийгмийн ялгааны талаар ярилцъя гэж бодсон юм. Та Хустайн нуруугаар, Хустайн нуруу танаар овоглоод олон жил өнгөрчээ. Анх хэдэн онд та ажлаа хүлээж авч байв?

-“Хустайн байгалийн цогцолборт газар”-т би 1992 онд зөвлөх биологчоор очиж байлаа. Хүн ба байгалийн нөлөөллөөс болж манай оронд ганц ч тахь үлдээгүй устсан. 1960-аад он гэхэд үед тахийн зургийг авах, судлах, агнаж музейд чихмэл болгох зорилготой маш олон экспепизүүд гарч байсан. Аль нь ч амжилтад олоогүй.

Миний мэдэхээр Тавдугаар базын жолооч байсан  Нохойцагаан гэдэг хүн 1993 онд надтай уулзахдаа "1968 оны есдүгээр сарын 16-нд Үенч сумын сум нэгдлийн дарга н.Муушар гэдэг найзтайгаа хар сүүлт агнахаар Хонин усны говьд явж байгаад тахийн нэг азарга байхыг олж харсан” гэж хэлсэн. Түүнээс хойш тахь харсан хүнтэй би ер нь таарч байгаагүй.

1970-аад онд БНХАУ-д 11 тахь харагдсан гэх яриа байдаг. Гэхдээ түүнд итгэдэг хүн байдаггүй. Шинжлэх ухаанчаар бодож үзсэн ч баттай зүйл биш. Манай улс 1992 оны зургадугаар сарын 5-нд анхны 15 тахийг хүлээн авч байлаа. Энэ үеэс л тахьтай холбогдсон доо.

-Хустайг арван хуруу шигээ мэдэх хүн танаас өөр байхгүй болов уу. Үе үеийн Байгаль орчны сайд нар “Хустайн байгалийн цогцолборт газар”-т ажиллалаа л гэдэг. Тэд яг юу хийж, юу шийддэгийг та л хамгийн сайн хэлэх байх?

-Би чамд эхлээд нэг жаахан дурсамж ярьж өгье. Монгол байгаль орчны олон улсын эрдэм шинжилгээний хурал болсон юм. Тэр хуралд би Хустайн талаар илтгэл тавьсан юм. Гэтэл гаднын нэг төлөөлөгч надаас “Хустай яаж ийм амжилтад хүрч чадсан юм бэ” гэж асуусан. Тэгэхэд нь би “Хустайн байгалийн цогцолборт газар төрөөс хол байсан даа өнөөдрийн түвшинд хүрч хөгжсөн” гэж хариулсан юм. Гэхдээ энэ үнэн шүү, би тэр газрын захирлаар 18 жил ажилласан болохоор мэдэлгүй яах вэ. 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхээр Хустайг гайгүй сайхан хөгжөөд ирэхээр зарим сайд өөрийн болон бусдын ятгалгаар намайг солихыг хичээдэг байсан даа. Өөрөөр хэлбэл намайг хусах гэж мөн ч их үзнэ.

   Хустай чинь төрийн бус байгууллага. Тиймээс дүрмийг нь өөрсдөө боловсруулдаг. Манай дүрмээр захирлыг хэн дуртай нь солих бололцоогүй. Тиймээс намайг авч хаяж чадаагүй юм. Тус дүрсийг анх би ноороглож, Голландын Норберт гэдэг олон улсын хуульч үзэж, зассанаар батласан юм. За дахиад л улс төржөөд явчих шиг боллоо. Гэхдээ хэлэхээс яах вэ дээ. 2004 онд байх аа, тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр өөрийн зөвлөх н.Хатанбаатарыг манай Хустайн удирдах зөвлөлийн даргаар тавьсан. Сүүлд Н.Энхбаяр өөрийн гараар н.Хатанбаатарт “Ардын эмч” цол өгснийг түмэн мэднэ. Би тэр н.Хатанбаатартай их муудалцаж билээ.

-Та үнэхээр Хустайг, Хустайн тахийг авч ирсэн, аварч үлдсэн баатар юм. Энэ хүрээд ярилцлагаа өндөрлөе?

-Үнэнийг хэлсэн хүнд хүн өшөөтэй цагт муу өвгөн ах нь болох, болохгүй юм зөндөө л бурлаа. Бид цагийн эрхэнд нутгийн чулуу хөндөж, нуга хөндий бараадна. Ээ дээ, хойч үе минь, залуус минь, ан амьтан, эх орон, байгаль эхээ хамгаалж, хайрлаж, шүтэж яваарай гэж захья даа.


Н.БАНДИ: Хустайн байгалийн цогцолборт газрыг төрөөс хол байлгасандаа өнөөдрийн түвшинд хүрч, хөгжсөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188