• Өнөөдөр 2024-04-19

Н.Банди: Нас явахаар багын дурсамж тодроод л байдаг юм байна. Ижийгээ л их санах юм даа

2021-09-24,   3004

            Түүнийг таньж, мэдэх хүмүүс “Тахийн Банди” хэмээн авгайлдаг. Учир нь тэрбээр “Хустайн цогцолборт газар”-ын даргаар 10 гаруй жил ажилласан. “Угтаа бол намайг Намхайн Банди гэдэг юм шүү дээ” гэхдээ тэрбээр тахийн төлөө өнгөрүүлсэн цаг хугацаагаа бодох мэт санаа алдаж байв. Чухам онгон зэлүүд байгаль, зэрлэг ан амьтнаа гэсэн сэтгэл, зүтгэл нь түүнийг Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан болгосон байдаг. Олон ч жил “Монгол хустайн нуруу”, “Тахь адуу”-гаар овоглож, энэ сэдвээр түлхүү ярилцлага өгч байсан түүнтэй хүн байхын утга учир, уншигч болон уран бүтээлч байхын жаргал, зовлонгийн талаар хуучиллаа. 


-Сэвлэг буурал болсон ч хөнгөн хүн юм аа та. Сайхан намаржиж байна уу?

-Сайхан намаржиж байна. Бие эрүүл, ухаан саруул, коронвирусээс болоод сэтгэл жаахан тавьгүй сууна даа.

-Үндэсний номын баяраар шинэ номоо дэлгэсэн байхыг тань харсан. Тэгэхээр та хөл хорионы саруудыг үл ажран, уран бүтээлдээ шамдаж суусан болов уу?

-Би чинь уран бүтээлч хүн биш шүү дээ. Яах вэ эзэмшсэн мэргэжил, ажилсан туршлага, хүсэл сонирхлоороо л жаахан юм бичих шүү аяддаг юм. “Хустайн цогцолборт газар”-т ажиллаж байх хугацаандаа тахийн зан араншнаас эхлээд өөрийн ажигласан зүйлсээ ганц, нэгээр нь олон нийтийн сүлжээнд оруулах болсон юм. Зохиолч С.Дашдооров гуайн хүү “Би наадуулыг чинь ном болгоё” гэлээ. Тэгээд л бичсэн хэдээ эмхэллээ, хэд, хэдийг нэмж бичээд “Зэрлэг хонгор адууг ажихуйд” гэдэг ном болгож хэвлэсэн. Номын баяраар хэдэн ширхгийг ч болсон арилжих санаатай асрын зай эзлээд сууж байгаа нь тэр шүү дээ. Би ер нь тэгж их бичдэггүй хүн. Ямар сайн даа л 2018 онд хоёр ном гаргахдаа “За би сүүлийнхээ номыг бичлээ” гэж бодож байлаа.

-Сүүлийн гэхээр “Сайхан хүмүүс” номынхоо тухай ярьж байна уу?

-Тийм ээ. Чи олж уншаа юу. Санаа бодлоос гардаггүй дурсамжийн эздээрээ “Сайхан хүмүүс”, мал аж, ахуй, нүүдэлчдийн соёлтой холбоотой “Хуучирсан үг хэллэгийн тайлбар толь” гаргасан. Одоогийн залуус хөгшин биднийг тоож уншина чинээ хэн санах билээ дээ. Их дээр үеэс энэ номыг бичмээр санагдсан юм. Би 1970-аад оны дундуур Өмнөговь аймагт ажиллаж байхдаа “Зеленая звезда” гэдэг номыг орос хэлээр нь уншсан юм. Тэгээд орчуулахаар шийдсэн чинь нэрийг нь онож өгдөггүй ээ. “Ногоон од” гэж болохгүй “Болж гүйцээгүй түүхий од” гэлтэй нь биш гээд хэсэг шаналлаа. Номоо ахиад нэг унштал дотроос нь “Хүн болоход амаргүй” гэдэг үг олж уншаад, тухайн туужаа ингэж нэрлээд, аймгийнхаа сонинд цувралаар нийтэллээ. Над шиг “Нусан бууг” хотын хэвлэл тоохгүй л дээ.

 -Таны тухай ахмадууд “Бавуугийн хүүтэй цавуудсан юм шиг найзууд явсан” гэж ярих юм билээ?

-Үй зайгүй гэж худал бураад яах вэ, Үүд, хоймрын дайнд ижилссэн хоёр. Бид 1980-аад оны эхээр танилцсан юм. Төв аймгийн Эрдэнэ сум, Монголын Зохиолчдын хороо хамтын ажиллагаатай байсан юм билээ. Би тэнд хурга бойжуулах талаар зөвлөгөө өгөх ажилтай очсон, Лхагваа ч хотоос ирж таарсан. Бид нэг гэрт байсан болохоор найрлаж, багахан хатуу идээ хүртлээ. Би ч жаахан халаад Лхагваагийн “Гурван үеийн намтар” найраглалыг нь шүүмжилж орхисон. Мань эр юун шүүмж хүлээж авах манатай хоёулаа үзэж, тарав. Муу найз маань ч бусдаас шүүмжлэл сонсоод байхаар хүн биш л дээ. Үнэхээр чадаж, сэтгэж бичдэг болохоор нь сүүлдээ шүүмжилдэг биш шүтдэг болсон. Шүтээд ирэхээр хүн чинь амнаас нь унах үг бүрийг нь “Эрдэнээр гулгих” мэт хүлээж авдаг болчихдог юм билээ. Ийм л хөгтэй танилцаж байсан юм. Тэр цагаас хойш бараа бараандаа сайхан нөхөрлөсөн дөө. Б.Лхагвасүрэн намайг хүнтэй танилцуулахдаа “Энэ миний унаган багын найз” гээд л бурж өгнө. Намайг Өмнөговийнх, Лхагвааг Баян-Өнжүүлийнх гэж хүмүүс мэднэ. Тэгэхээр бид ямар юмаараа унаган багын андууд байх вэ дээ. Тэгж хэлэх бүрд нь нүүр “шатаад” л явчихна.

-Олны ярианд үнэн, худал бий л байх. Таныг Р.Чойном гуайтай ойрхон явсан гэж сонсож байлаа?

-За тэр чинь ч харин нэг худлаа шүү. Сүхбаатарын талбайд нэг, хоёр удаа таарч,  архи ууж явснаас өөрцгүй. Лав хүнтэй их эвтэйхэн харьцчихдаг байсныг нь мэдэх юм. Тэр үед чинь би “Залуу нас” найраглал, “Хүн” романд нь дурласан, дөнгөж нэгдүгээр дамжааны оюутан байсан.

“Тас гээд үүд хаагдлаа

Тааз, шал хоёул доргилоо

Танил болсон хөлийн чимээ

Таг харанхуйд холдоод явчихлаа...” гээд цээжээр уншина. Хамт хатуу идээ хүртэж явахад бага залуу гэж надад л лав ихэрхэж байсан удаагүй. 1966 онд нэг уулзахдаа “Та Хүн романыхаа хоёрдугаар дэвтрийг гаргах уу” гэж асуухад “Уг нь би биччихсэн байгаа. Гэхдээ бараг л хэвлэхгүй байх” гэж хэлж байсан. Төд удалгүй аавын хаалга татсан дуулдсан. Тэрнээс хойш таараагүй дээ. Би ер нь “Моринд хайртай Монгол” гэдэг шиг утга зохиолд элэгтэй явсан болохоор л зохиолч, яруу найрагчдтай ойр явсан хүн. Хүнийг хүн болгодог цор ганц зүйл нь Утга зохиол.

-Та амьдралынхаа турш хүний тухай судалж, хүнийг хайсаар иржээ. Тэгвэл өнөөдөр надтай ярилцаж суугаа Н.Банди гуай ямар хүн бэ?

-За даа, хүү минь. Хамгийн хэцүү зүйл бол өөрийгөө тодорхойлох шүү. Би өөрийгөө муу хүн биш болов уу гэж л итгэдэг юм. Хүнд тус болох юм сан л гэж боддог. Энэ л миний төрөлх чанар юм болов уу даа. Хүнд тус хүргэж мэддэггүй, давын өмнө хар амиа хичээдэг нэгнийг муу хүн гэдэг байх. Чи бид хоёрын яриаг уншсан хүмүүс “Өөрийгөө магтсан өвгөн” гэх вий дээ. Чухам ном өнөөдрийн Н.Банди гэдэг хүнийг бүтээсэн. Чингиз Айтматовын үнэнч уншигч байлаа. Шинэ бүтээл нь гарсан даруйд худалдаж авна. Олдохгүй бол Орос руу сонин, сэтгүүл захиж, эх хэлээр нь уншина. Бөхийн Бааст, Доржийн Даржаагаас эхлээд монголынхоо томчуудыг бүгдийг нь уншсан. Одоо бол Балжирын Догмид, Долгорын Цэнджав зэрэг цөөхөн хүн уншиж байна.

-Шинэ зүйл ховор болсон гэж үү. Залуу үеэ үл тооно гэдэг сайн хүний шинж мөн болов уу?

-Хаанаас даа, чиний үеийн залуус, бидний үзэл бодол тэс өөр байгаа. Залуу хүмүүс шинийг эрэлхийлэн урагшаа тэмүүлж байдаг. Бид бол аль хэдийн тогтсон сэтгэлгээнийхээ хүрээнд бэдэрч байгаа болохоор ялгаа их бий. Бусад нь яахыг хэн мэд лээ, би лав оюун санааны хувьд хүлээж авч чадахгүй байх.

-Хуучнаар Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгсжээ. Багаасаа малд нүдтэй хүүхэд байв уу?

-Би ижийнхээ цэл залуу 17 настай байхад нь гарсан “Галын зээ”. Ингэж хэлдгийн учир нь би эмээтэйгээ өссөн. Эмээ ижий гэж дууддаг байсан юм. Эмээ ижийгээ ярих юм бол хэдэн өдрөөр ч сууж чадна шүү. Хар бор ажил хийх нь бүү хэл ширүүхэн зэмлүүлж ч үзээгүй эрх өссөн хүн малд нүдтэй байх нь юу л бол. Хөдөө аж ахуйн салбар руу хувь заяа намайг хөтөлсөн. Угтаа бол сэтгүүлч, үгүй ээ ядахад монгол хэлний багш болчих юм сан гэж боддог байсан. Яг сургуулиа төгсдөг жил Багшийн дээд сургуулийн Биеийн тамирын ангийн хуваарь л олдож байгаа юм.  Биеийн тамирын багш болмооргүй байдаг, олдсон хуваарь нь л тэр байдаг. Ямартай ч сургуульд явна гээд Улаанбаатар хот руу орсон чинь Хөдөө аж ахуйн дээд сургуулийн Зоо техникчийн ангиа голсон залуутай таарлаа. Тэр даруйд нь хуваариа сольж орхисон. Сургуулийнхаа хоёрдугаар дамжаанд байхаасаа оюутны эрдэм шинжилгээний дугуйланд орсон. Багш маань яаж тоосон юм бүү мэд. Намайг “Чи энэ дугуйланд ор” гэхээр нь очсон. Тэр үеэс судалж эхэлсэн сэдвээрээ сургууль төгсөх дипломын ажлаа бичиж, хожим нь тэр л сэдвээ үргэлжлүүлж докторын зэрэг хамгаалсан. Өөрөөр хэлбэл, сайн багштай учирч, сэтгэл салахгүй явсаар эрдмийн зэрэгт хүргэж байгаа юм.

-“Эмээ ижий” гэхэд таны хоолой зангирлаа. Санаж, бэтгэрнэ гэдэг амаргүй л байх даа?

-Халуун, залуу насанд эмээ ижийгээ санах нь гайгүй байлаа (нулимсаа арчив). Өөрөө нөгөө ертөнцөд ойртож яваа хөгшин болохоор ижийгээ маш их бодно, ер нь санахгүй өдөр гэж байхгүй дээ. Нас явахаар багын дурсамж тодроод, тодроод л байдаг юм байна. Ижийгээ л их санах юм даа. Хоёулаа өөр сэдвээр ярилцсан нь дээр байх аа даа (дуугаа хураав).

                                    Үргэлжлэл бий...


Н.Банди: Нас явахаар багын дурсамж тодроод л байдаг юм байна. Ижийгээ л их санах юм даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 19
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-22 08:17:43
    Баярнэмэх : Энэ сайхан хүнмйг дагаад авга ах Доржийн хамт Гь гурван сайхан уулын хаалга уулын оройд нь гарч явлаа. Хожим ХААДСийн оюутан болоод их танхимд лекцийг нь сонсож явсан даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-16 09:37:45
    Нарандэлгэр: Хайртай өвөөгийн минь удмын үр хойч бидний бахархал таньдаа эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-02 13:36:20
    Намсрайдорж : 1976 онд 24 айлын сууцанд ахындаа сууж байхад БАНДИ ГУАЙХ МАНАЙ ХӨРШ БАЙЛАА ГАРЧ ОРОХОД УУЛЗАХААРАЙ ЗА СУРЛАГА НЬ ӨНДӨР ҮҮ ЯМАР СУРГУУЛЬД ОРОХ ВЭ ГЭЖ ЭЕЛДЭГЭЭР АСУУХ НЬ САЙХАН БАЙДАГСАН ИХ САЙХАН АХ БАЙЖ БИЛЭЭ ГЭРИЙН ХҮН НЬ МАНАЙ СУРГУУЛИЙН МОНГОЛ ХЭЛ УРАН ЗОХИОЛЫН БАГШ ХААЯА СУРГУУЛЬ ГЭР ХООРОНД ХАМТ ЯВНА ГООЛИГ ӨНДӨР НУРУУТАЙ ЁСТОЙ ДҮҮХЭЛЗСЭН САЙХАН ХҮН ШҮҮ ДЭЭ 1917 ОНД ДУА Д БОЛСОН ВОЛЕЙБОЛ ЫН ТЭМЦЭЭНД ЭЭР УУЛЗАХАД ИХ САЙХАН БАЙСАН ШҮҮ АХ БАГШ ХОЁРТОО ЭНЭ ХОРВООГИЙН ХАМГИЙН САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-30 09:13:32
    Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат 10 б бүлгийн сурагч Нүрдэвийн Зоригт.: Сэтгэгдэл таалагдлаа. Харин тэр зураг ёстой гоё зураг байна. Залуу насаа гэж яг л ийм л байдаг даа. Нас ахих тутам та нараа их бодох юм даа.Нэг фото зургийн цаасан дээр огт гарч болдоггүй , үг хэлээр уулзах болгонд зөвхөн ангийнхан дунд гардаг тэр фото л алга даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-28 21:49:10
    Сараа : Ёстой гоё зураг байна. Голынх нь Бүдүүн ижийн зураг мөн үү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-28 21:47:50
    Сараа : Ёстой сайхан дурсамж байнаа. Ээж аав нь үнэхээр тулхтай сайхан улсууд байсан даа. Танд эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөе. Таны дүү нартай эгч дүүгийн барилдлагатай одоог хүртэл сайхан гэр бүлийн найзууд болоод явж байна даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-28 14:32:48
    Хаис : Багшдаа эрүүл энхийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-28 14:28:59
    Хаис : Багшдаа эрүүл энхийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-28 11:29:19
    saltantsertseg: bagshdaa eruul enhiig husii
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-27 09:32:32
    Зочин: ХААИС ийн багш тахь нутагшуулсан эрдэмтэн,ШУ юу бүтээсэн юм бэ гээд орилоод байдаг дарга нар уншаасай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-27 00:02:26
    Bandi ts: Mundag hun shuu ta. Urt naslaj udaan jargaarai
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-26 22:13:47
    Ts.Amartuvshin: Nutgiin saihan buural ah tanid eruul enh sain saihan buhniig husen eruuy.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-26 19:16:59
    Зочин: Чойнямтай архи ууж явсныг бодоход их л дээр үеийн мундаг хүн юмаадаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-26 15:45:19
    S.Myagmarsuren: Mash saikha dursamj unshlaa. Bagshdaa az jargal eruul enkhiig husch,uran buteeld ni undur amjiltiig husen eruue.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-26 15:05:20
    Дэгдэвгүнсэл: Багшийнхаа ярилцлагыг уншлаа. Сайхан ярилцлага болжээ. Таны тэрлэсэн өгүүллэг, тэмдэглэлийг уншихад 1930 - 1950 онд мэндэлсэн үеийнхний эгэл борхон амьдрал, ажил хөдөлмөрийн амт шимтийг мэдэрч, ухаарал авч, сэтгэл санаа ариусч , аав ээж, хамт хөдөлмөрлөсөн буурал ахмадууддаа эргэн дурсаж санадаг шүү. Сайхан бүтээлүүддээ үргэлжлүүлэн тэрлээрэй. Уран бүтээх их харгуйд нь амжилт хүсье. Багшаа эрүүл саруул, урт наслаарай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-26 14:34:48
    shabi : saihan byyral bagsh min saiham namarjij bna y tandaa ervvl enh yrt ydaan naslahiig hvsie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-26 13:10:00
    deegii: Мундаг зарчим зөв сайхан багшдаа сайн сайхныг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-26 13:01:56
    О: Мундаг ХҮН шүү. Тал бүрийн оролдлоготой, судлаач эрдэмтэн, багш, тамирчин, уран бүтээлч...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-26 12:44:13
    зочин: Та сайн байна уу?Сайхан намаржиж байна уу?Тантай сэтгүүлчийн ярилцсан ярилцлагыг уншлаа.Танд шинэ номоо өлгийдөж авсанд баяр хүргэе.2018 онд хэвлэгдсэн 2 номыг чинь олж авсан.Уран бүтээлийн амжилт хүсье
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188