• Өнөөдөр 2024-04-27

Биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч Ж.ХУМБАА:Аав, ээжээсээ өвлөсөн эрдмийг минь үнэлж, 3.3 сая иргэний хайр хишгийг хүртээж байгаад баяртай байна

2021-09-03,   775

     -Ээж, эгч хоёр ихэл хуур их сайхан татдаг байсан-

     Ухамсарт амьдралынхаа 70 орчим жилийг баяд, дөрвөд бий биелгээ, ихэл хуурын татлагыг хойч үедээ зааж, түгээн дэлгэрүүлэхэд зориулсан авьяаслаг нэгэн бол Ж.Хумбаа юм. Тэрбээр 10 настайдаа аав, ээжээрээ ихэл хуур татахыг заалгаж сурсан гэдэг. 1959 оноос сум орон нутагтаа нэгдлийн малчин, сургуулийн тогооч, эмнэлгийн асрагч, зочид буудлын үйлчлэгч зэрэг ажил хийж улс орондоо 30 гаруй жил хөдөлмөрлөж, гавьяаныхаа амралтад гарчээ.

      Мөн Улаанбаатар хотноо зохиогдсон “Алтан тулга” ардын урлагийн их наадам, Ардын язгуур урлагийн улсын нэг, хоёрдугаар үзлэг,  Олон улсын кино наадам, Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Ардын урлагийн их наадам , Юнеско-гийн Монголын морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг хамгаалах наадам, язгуур урлагийн “Ойрад түмэн” наадам, “Нүүдэлчин Монгол-2018” соёлын наадам зэрэг улсын болон олон улсын чанартай наадамд оролцож, алтан тулга, алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, Язгуур урлагийн уламжлалт арга барил, дэг сургууль, намба төрхийг төгс эзэмшсэн “Өвлөн уламжлагч”, Монгол Улсын шилдэг “Өв тээгч” медаль, Юнеско-гийн “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнуулж байжээ. 1990 онд БНХАУ, 2002 онд ОХУ-ын Тува Улсад аялан тоглолт хийсэн авьяаслаг нэгэн билээ.

       Тэрбээр Цацал”, “Ихэл хуурын эгшиг”, Монгол, Францын хамтарсан “Морин хуур”, “Баядын хуримлах ёс” зэрэг баримтат кинонд шавь нарын хамт тоглосон. “Ихэл хуурын эгшиг” баримтат кино нь Оскарын шагналд нэр дэвшиж байжээ. Монгол түмний үндэсний уламжлалт өв соёл, бий биелгээ, ихэл хөгжмийн урлагийг өвлөж, түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэх үйлст түүний оруулсан хөдөлмөр, зүтгэл, гавьяаг үнэлж, 2012 онд “Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн Монголын Билэг авьяастнуудын улсын жагсаалт”-д бүртгэж батламж олгожээ. Мөн 2007 онд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан “тэмдэг, 2008 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнаж байв.

      Харин түүнийг өчигдөр Монгол Улсын соёлын биет бус өвийн шилдэг гурав дахь өвлөн уламжлагчаар тодруулж, хүндэт өргөмжлөл, гучин сая төгрөгөөр урамшуулсан юм. Энэ үеэр түүний баярын сэтгэгдлийг нь хуваалцаж, ярилцаа.

-Танд биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарсанд баяр хүргэе. Олон жил бусдын төлөө чин сэтгэлээсээ  зүтгэсэн байхдаа?

      -Аав, ээжээсээ сурсан өчүүхэн эрдмийг минь үнэлж, урамшууллаа. Би 10 настайгаасаа 80 нас хүртлээ  ихэл, морин хуур, бий биелгээг төрөл бүрээр нь биелж, дуулсан хүн. Өнгөрсөн хугацаанд эрдмээ үр хүүхэд, хойч үеийнхэн болон сурч, мэдэх хүсэлтэй хэн бүхэнд зааж сургахыг хичээж, тэдний төлөө сэтгэлээ чилээж явлаа. Түүнийг минь үнэлж, улсаас шагнаж, урамшуулж, монголын 3.3 сая иргэний хайр хишгийг хүртээж байгаад баярлаж байна.

-Та сумандаа амьдарч байна уу?

      -Би Увс аймгийн Малчин сумынхаа төвд амьдардаг. Би найман хүүхэдтэй. Ач, зээ, хамаатан садантайгаа нийлээд 70 гаруй хүн бий. Миний хань 61 настайдаа бурхан болсон.Түүнээс хойш хүүхдүүд минь намайг ээлжилж асран хамгаалж байна даа.

-Та баяд биелгээ, ихэлийн татлагаа хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулж гэрээр хичээл заадаг гэсэн. Та хэчнээн шавьтай болсон бэ?

       -Улаангом сумын Парчин төв, Баруун Монголын язгуур урлагийн “Уран манлай” төв, Хяргас, Малчин сумын соёлын төвтэй хамтран баяд бий биелгээ, ихэл хөгжмийн дугуйлан хичээллүүлж байсан. Сүүлийн хоёр жил хөл муудаж, гадуур явах багасаад гэрээр хичээл заадаг болж 500 гаруй шавьтай болсон. Нарлаг дулаахан цагт гадаа заах үе ч бий шүү дээ. Намайг ихэл хуур, биелгээ заахад сумын клубын эрхлэгч ихэл хуур болон хувцас хунараар хангаж, тусалдаг. Сүүлийн жилүүдэд улс даяар соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлөн хамгаалах талаар ярьж, энэ чиглэлийн ажил хийж байгаад их баярлаж байна. Тэдний буянаар би олон шавьтай болсон гэж боддог юм. Энэ жил цар тахлын улмаас дөрвөн хүүхдэд ихэл хуур заасан.

-Ихэл хуур сурах хэцүү юү?

      -Ихэл хуурыг сурах маш хэцүү. Хөгжмөө зөв барих, бие дээрээ зөв тогтоохын тулд олон хоног бэлдэж байж эвээ олдог. Өв уламжлагчид ихэл хуураар биелгээний найман ая татдаг. Хуучны дуу, ерөөл, магтаал заахад хугацаа их ордог. Хүүхдүүд ихэл хөгжим сурчихаараа нэгэндээ зааж өгдөг урамтай байдаг шүү. Ямар нэгэн арга хэмжээ, ойн баяр болоход гурав, дөрөв хоног бэлдэж тоглолтод оролцож байсан удаа ч  бий. Хуур, биелгээ заалгаж байсан 63 хүнээс эрэгтэй, эмэгтэй нэг хүн шалгаруулж, Улаанбаатар хотод улсын их наадамд оролцуулж байсан.

-Таны шавь нараас олны танил болсон хүн бий юү?

     -Хяргас сумаас бие биелгээчид төрж байгаа. Зарим шавь нар маань Хяргас суманд хуурын багшаар ажилладаг. Сүүлийн үед зөвхөн сумынхан биш бусад сумаас хичээл заалгахаар хүмүүс ирж байгаа.

-Та аав, ээжээсээ ихэл хуурыг сурсан юм байна. Тэд их авьяаслаг хүмүүс байсан болов уу?

     -Би эцэг, эхээс зургуулаа. Ээж, эгч хоёр ихэл хуур их сайхан татдаг байсан. Би тэр хоёроосоо ихэл хуур татаж сурсан юм. Аав ээжийг бодвол арай муу байсан. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд татдаг байлаа.

-Таны бага насны дурсамж ихэл хуур, бий биелгээтэй холбоотой байсан болов уу?

    -Тэгэлгүй яах вэ. Аав, ээжээсээ бүхнийг харж, дагаж дуурайж сурсан. Тэд миний амьдралын багш нар байлаа. Орчин үеийн хүүхдүүд төрөл бүрийн зүйл сурч байна. Түүний хажуугаар нь гар утсаараа их тоглох юм.Үүнд би их санаа зовдог. Би есөн настайдаа сургуульд орж, зургадугаар ангиасаа сургуулиас гарсан. Сургуульд байхдаа урлагийн арга хэмжээнд оролцох дуртай байлаа. Сургуульд ороод “Чойбалсан багадаа” хэмээх шүлгийг сурч, одоо хүртэл мартаагүй. Заримдаа уншдаг юм. Төмөр, хулсан хуур, морин хуур,ихэл хөгжим тоглож сурч, өнөөдрийг хүртэл бусдад зааж сургаж байна. Нас өндөр болсон болохоор ихэл хөгжмөө даахгүй гар өвдөөд байх юм.

-Та ихэл хуураа төлбөртэй заадаг уу?

    -Үгүй ээ. Хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, шинэ зүйл сурч, мэдэж аваасай гэж хүсдэг юм.

-Та цаашид соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, хадгалж, хамгаалж үлдэх талаар ямар ажил хийх юм сан гэж бодож байна вэ?

    -Би эцсээ хүртэл ихэл хөгжмөө гэрээр заана. Нас өндөр болсон болохоор үүнээс илүүг хийж, бүтээж чадахгүй болов уу гэж бодож байна даа.


Биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч Ж.ХУМБАА:Аав, ээжээсээ өвлөсөн эрдмийг минь үнэлж, 3.3 сая иргэний хайр хишгийг хүртээж байгаад баяртай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188