• Өнөөдөр 2024-04-20

Хурандаа Г.ДЭНДЭВ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол миний амьдрал, бардамнал, бахархал юм шүү дээ

2021-08-26,   4422

      ШШГЕГ-ын дарга асан, хурандаа Г.Дэндэвтэй ярилцлаа.

        Хурандаа Гомбын Дэндэв Архангай аймгийн Хотонт сумынх. Тухайн үеийн хөдөөгийн хүүхдүүдийн адил өсөж, хүмүүжсэн юм билээ. Түүнийг бага байхад тэднийх амины 600 орчим бага мал, гурван азарга адуутай, 7-8 үнээ саадаг байсан гэдэг. Тухайн үед тэрбээр өдөр бүр хонь хариулдаг байжээ. Харин 1956 онд нэгдэлд малаа өгссөнөөс хойш  түүнд хийх ажил олдоогүй гэнэ. Тийм болохоор түүнийг 10 настайд нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын  сургуульд оруулсан юм билээ. Тэр хичээлийн хоёрдугаар улирал эхэлж байхад сургуульд орсон болохоор нэг ч үсэг, тоо мэдэхгүй ангийнхнаасаа хоцорсон байж. Сумын төв ч орж үзээгүй, хониноос өөрийг хараагүй, гэрээсээ гарч үзээгүй хүүхэд гэр орон, аав, ээжээ их санадаг байсан гэнэ лээ.

        Өвлийн амралтаар нь аав нь авахаар хоёр, гурван тэмээ хөтлөөд иржээ. Гэтэл түүнийг сургуулиас “Шинэ жилд оролцуулж байж явуулна” гэжээ. Тэрбээр том биетэй байсан болохоор ямаан дах нөмрөөд баавгайны дүрд тоглож, өвлийн өвгөн “Онц сурсан” гэж том хайрцагтай бэлэг өгсөн аж. Түүнийгээ өөрөө ч задалж үзэлгүй хадгалж байгаад ээждээ аваачиж өгөхдөө “Өвлийн өвгөн аав намайг онц сурсан гэж бэлэг өгсөн” гэтэл ээж нь “Ёстой сайн байна, миний хүү” гээд үнсэж, үнэхээр их баярласан гэдэг.

        Тэрбээр энэ тухайгаа ярихдаа “Ээж минь тухайн үед намайг сургуульдаа бүтэн улирал хоцорч очсон болохоор муу сураад ирнэ дээ гэж бодож байсан” гэсэн. Тэр үед ээж минь намайг чихэр өгсөнд биш, онц сураад ирлээ гэхэд л их баярласан юм билээ. Энэ дурсамж сүүлийн үед санаанаас гарахгүй байгаа юм” гэлээ. Тэрбээр айрагт их дуртай аж. Хотод ажил хийж байгаад амралтаараа гэртээ харихад нь аав, ээж нь нэгдлийн гүү саадаг айлаас азарга адуу авч,  айраг бэлддэг байжээ. Тэгсэн ээж нь амралтаар очих бүрд нь “Миний хүү, шар айраг уудаг уу” гэж асуудаг байж. Г.Дэндэв хурандаа яагаад ингэж асуугаад байдаг юм бол хэмээн гайхаж “Би уудаггүй ээ. Та яагаад энэ тухай ахин дахин асуугаад байгаа юм” гэтэл Ээж нь “Айрагт дуртай хүүхэд хот орохоороо шар айраг уудаг гэх юм билээ. Шар айраг уусан хүүхэд архичин болдог юм билээ” гэж. Тэрбээр “Аав, ээжийнхээ дэргэд архи ууж, тамхи татаж үзээгүй. Тийм болохоор ээж, аав нь сэтгэл түвшин байсан байх гэж боддог” хэмээн ярилаа.

         Түүний аав залуудаа Төв аймгийн Алтанбулаг руу жин тээдэг байж.  Ээж нь долоон хүүхдийнхээ хувцсыг бүтэн байлгах гэж оёж, шидэж, гэрийн ажил, цагаан идээгээ ганцаараа боловсруулдаг байжээ. Тэрбээр аав, ээжийнхээ тухай ярихдаа “Манай аав дуу муутай. Тэгсэн мөртлөө наймаа хийж, биднийг хоол, ундаар таслаагүй. Харин би ээжээсээ их ажил сурсан. Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл хийх ёстой ажлаа бид хуваарийн дагуу хийдэг байсан. Хэрвээ ажлаа хийгүй эсвэл дутуу хийсэн байвал ээж минь алганы амт мэдрүүлдэг байсан юм даа” хэмээн ээж, аав, бага насныхаа тухай дурсамжаа хуваалцсан юм. Бидний яриа түүний ажил, амьдралынх нь талаар ингэж үргэлжилсэн юм.

-Та шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар овоглох болсон дурсамжаасаа хуваалцаж болох уу?

      -Би барилгын техникум төгсөөд Архангай аймагт хоёр жил ажилласан. Манай дунд ах Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн хорих ангид хянагчаар ажиллаж байсан. Тэгээд би цэрэгт явах гэж байснаа болиод, ах дээрээ очиж хөрөө рамд хоригдлуудтай ажиллаж байсан. 1969 оны аравдугаар сарын 10-нд Зүүнхараагийн рамчинаар хоёр жил ажилласан.

-Анх хоригдлуудтай ажиллахад ямар санагдаж байв?

       -Хоригдлуудаас анх айж, эмээдэг, юм ярьдаггүй байсан. Удалгүй тэдэнтэй дасаж, зааж зааварлах зүйл байвал хэлдэг болсон. Тэдэнтэй хоригдол гэх хандлагаар хандаж болохгүй. Тэдний эвийг олж ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.

-Түүний дараа хаана ажилласан бэ. Албан тушаал ахисан болов уу?

       -Дорноговь аймгийн Айраг сумын төвд барилгын анги байгуулагдсан. Тэнд офицероор очиж, нэг жилийн хугацаанд хийх ёстой барилгын ажлуудаа хийж гүйцэтгэсэн. Тэгээд 1975 онд Москва руу явж, таван жил онц сураад ирсэн. Сурч ирээд Бэрлэгийн хориход улс төрийн орлогчоор ажиллаж, удалгүй төв хорооны тогтоол гарч, Хорих ангиудын намын үүрийн орон тооны нарийн бичгийн дарга болсон. 1983 онд Улаанбаатар хот руу шилжиж, НАХ яамны хэлтэст шүүхийн шийдвэр хариуцсан ахлах байцаагч болсон. Харин 1985 онд Хонхорын хорих ангийн дарга болж, 1992 оны сонгуулиар сонгогдож, депатут болж байлаа. Миний өмнөх үеийн дарга нарын түүх, намтрыг харахад депутат болсон дарга байхгүй юм билээ. Тэгэхээр би ШШГЕГ-ын анхны депатут байх гэж боддог. Тухайн үед анхдугаар үндсэн хуулийг хэлэлцэж, баталж байлаа. 

-Үндсэн хууль батлахад таны үүрэг, оролцоо юу байсан бэ?

      -Тухайн үед хохирлыг барагдуулахгүй, хуулийн дагуу шийтгэдэг байсан. Тухайлбал, би хэн нэгний үнэт эдлэлийг авчихаад ял эдлэхээс биш хохирол барагдуулдаггүй байсан гэсэн үг. Үүнийг үндсэн хуульд оруулах ёстой гэх саналт дэвшүүлж байлаа. Тэгээд хохирогчийг хохиролгүй болгох тухай багахан хэсэг үндсэн үндсэн хуульд оруулж байсан. Сүүлийн үед бүдгэрсэн юм шиг байна лээ. Би өөрийнхөө санаачлагыг үндсэн хуульд оруулсандаа их баярладаг шүү дээ.

 -Та ШШГЕГ-ын даргаар хэдэн онд томилогдсон бэ?

        -1993 оны нэгдүгээр сараас хорих байгууллагуудыг удирдах газрын даргаар томилогдон, хурандаагаар ажиллаж байлаа. 1990 оноос өмнөх он жилүүдэд Засгийн газрын төлөвлөгөөний комиссоос хорих байгууллагуудад маш их мод, чулуу бэлтгэх ажлын төлөвлөгөө өгч байсан. Хоригдлууд өдөр тутмын тогтоосон нормынхоо ажлыг дийлэхгүй, ажил нь ч ихээхэн хүнд ялангуяа жонш, мод, чулууны ажил хийдэг хоригдлууд амаргүй хүнд нөхцөлд ажиллаж байсан үе. Тэр үед хийсэн хөдөлмөрийн бүтээмжээр хоригдлуудыг цалинжуулдаг байлаа. Цалингаас хоол хүнсний, хувцас, орон байр, цахилгаан, ахуй хэрэглээний гэсэн таван үндсэн зардал хасаж, үлдсэн цалинг хоригдлын нэрийн дансанд байршуулж, хорих ангиас суллагдсаны дараа өөрт нь олгодог байсан.

    Харин би дарга болоод улс орон эдийн засгийн хүндхэн цаг үетэй тулгарч, хоригдлуудыг ажлын байраар хангах боломжгүй болж, ажилгүй, орлогогүй болохоор хоригдлын хоол, хувцас, цахилгаан, дулааны зардлыг шийдвэрлэх санхүү, төсөвгүй, боловсон хүчний сахилга, хариуцлага алдагдсан, алба хаагчид дуртай үедээ ажилдаа ирнэ. Ер нь ажилдаа ирдэг хүн ховор байсан. Бүгд шуудай үүрээд урагшаа БНХАУ-ын Эрээн рүү наймаанд яваад алга болчихдог, хүндхэн цаг үед энэ байгууллагыг хүлээн авч байлаа.

-Эдийн засаг хямарсан хүнд хэцүү цаг үед та хоригдлуудтай хэрхэн ажиллаж, ямар бодлого баримталж байв?

      -Бид тэр хэцүү цаг үед хоригдлоо тураачихгүй юм сан, оргуулчихгүй байх сан  гэж боддог байлаа. Үүнтэй холбогдуулан харуул хамгаалалтыг чангатган зарим хорих ангийн байршлыг өөрчилсөн. Жишээлбэл, Салхитын хорих ангийг Дарьт руу, Хонхорт байрлаж байсан Дарьтын хорих анги болон одоогийн 421 дүгээр ангийг Амгалан руу нүүлгэж байсан. Мөн Чойрын хорих ангийг жишиг хорих анги болгох талаас нь харуул хамгаалалт, аж ахуй талаас нь нэгтгэж чамбайруулж ажилласан. Гэсэн ч цаг үеийн нөхцөл байдлаас болж бүтэхгүй олон асуудал гарч байлаа. Түүний гол шалтгаан нь хоригдлуудын ахуй хангамж, хоол хүнс багасах, алба хаагч нарын дунд сахилга хариуцлага суларсныг ял эдэлж байсан хоригдлууд овжиноор ашиглаж үймээн самуун гаргаж байсан. Эдийн засгийн уналтад орсон үед хоригдлуудын ахуй нөхцөл байдал дордож, байгууллага мөнгө санхүүгүй байлаа. Тэр үед урьдчилсан хорих анги, хүүхдийн хорих анги хоёр л улсын төсвөөс санхүүждэг байсан. Бусад хорих анги одоогийнх шиг улсын төсвөөр санхүүждэггүй, байгууллагын буюу хоригдлуудын хөдөлмөрийн хөлсөөр нүүрс, түлээгээ авч өөрийн үйл ажиллагааны орлогоор зардлаа шийдвэрлэдэг байсан даа.

-Хоригдлууд өлсөөд, хэцүү байсан байх нь ээ?

       -Зах зээлд шилжсэний дараахан хоригдлууд өлсөж, нас барж байсан. Хүн өлсөхөөр хууч өвчин нь сэдэрч үхдэг юм билээ. Майнт, Багануур, Зүүнхараад ийм тохиолдлууд нэлээн гарч байсан. Тэр бүрийг хууль, шүүхийн байгууллагат мэдэгдэж, хуулийн дагуу арга хэмжээ авч байлаа. Ардчилал гарахаас өмнө хорих ангиуд мал, хүнсний ногооны талбайтай баян байсан. Харин зах зээлд шилжсэнээс хойш ногоо, махаа дээгүүр, доогуур ярьж авсан жаахан гурилтай хольж гол зогоодог байсан. Бид тариа хүртэл тээрэмдэж, бүдүүн ширхэгтэй ч хамаагүй гурил гарган авч, хоригдлуудаа хооллодог байсан юм.

-Хорих ангид бэлтгэгчээс эхлээд удирдах албан тушаал хүртэл ажилласан байна. Энэ цаг хугацаанд та юу мэдэрч байв?

        -Сайн, муу бүхнийг дарга хариуцдаг. Аливаа зүйлийг бүх талаас нь бодож,  зөв ажиллахгүй бол бүгд бурууддаг талтай. Шөнө унтаж байхдаа хүртэл утсаа асаалттай хэзээ, хэн залгах бол гэсэн хүлээлттэй дэг, дуг гэж хонодог байсан. Харин гүйцэтгэх албан тушаалтан бол удирдлагын хэлсэн бүхнийг зүй зохистой хийж, хүлээлгэж өгч байвал сэтгэл амар ажиллаж болдог юм. 

-Таны ШШГЕГ-ын даргаар ажиллаж байхад улсын хэмжээнд  хэчнээн хоригдол байсан бэ?

     -5000 гаруй хоригдол хариуцдаг байсан. Бүгдийг нь хоол унд, хувцастай байлгах гэж их зүтгэсэн дээ.  

-Орон нутгийн хорих ангиудаар хяналт, шалгалт хийж байсан байх. Тэр үед ямар зөрчил ихэвчлэн гардаг байв?

     -Хоригдлууд ойрхон таньдаг айлдаа очиж, цай, хоол идэж, хувцсаа солих, таньдаг хүнтэйгээ уулзах  зэрэг зөрчил их гардаг байсан. Мөн албан хаагчдын зүй бус харилцаа байсан юм. Одоо тийм зүйл огт байхгүй болсон. Хууль, шүүхийн байгууллага гэмт хэрэгтэн мөн шүү гээд хорьсон хүмүүсийг алдалгүй, гэмт хэрэг, зодоон хийлгэлгүй амар тайван байлгах ажлыг ШШГЕГ-ынхан сайн хийж байгаа. 

-Таныг хорих анги болон ШШГЕГ ажиллаж байх үед хоригдлуудын ямар хэрэг гарч байв?

    -Хар Айргийн хорихоос Тогоогийн хэрэг мөн Авдрантад хоригдож байсан хоригдол 2-3 хянагч болон бусад хоригдлыг хөнөөгөөд зугтаж байсан. Тэр хоригдол хүн амины хэрэгтэй хоригдож байсан юм. Энэ нь хянагч нарын хариуцлагагүй байдлаас болсон.

-Та ханьтайгаа хэрхэн танилцаж байсан бэ?

    -Зүүнхараад ажиллаж байхдаа бүжигт урьж танилцаж байсан. Манай хүн Эрхүүгийн багшийн их сургууль төгсөж ирчихээд намайг дагаж  Дорноговь аймгийн Айраг суманд орос хэлний багшаар ажилласан. Удалгүй хотод ирж, тавдугаар сургуульд багшилсан. Сүүлд нь мөн намайг дагаж Бэрлэгийн хориход нийгмийн ажилтнаар ажиллаж, хошууч цолтой болсон юм. 

-Таны хүүхдүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилладаг гэж сонссон?

       -Миний амьдрал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай салшгүй холбоотой. Өнөөдрийг хүртэл би энэ байгууллагаараа овоглож яваа.  Миний хань Ж.Оюунбилэг хошууч цолтой, том хүү Д.Одхүү дэд хурандаа цолтой цэргийн тэтгэвэрт гарсан. Бага хүү Д.Одсэр хурандаа цолтой. Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны даргаар ажиллаж байгаа. Шүүхийн байгууллага бол миний амьдрал, бардамнал, бахархал юм шүү дээ.

-Та 1996 онд тэтгэвэртээ гарсан юм билээ. Албанаасаа гарснаас хойш юу хийсэн бэ? 

           -Тэтгэвэртээ гараад 24 жил болж байна. Би 70 гаруй настай. Хувиараа ногоо тарьж, зун цагт хүүхдүүддээ ирэхээр жимс, ногоогоор дайлаад сайхан байна. Ингэж л хүмүүний амьдралыг туулж явна даа.

 

 

 


Хурандаа Г.ДЭНДЭВ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол миний амьдрал, бардамнал, бахархал юм шүү дээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-28 14:20:35
    Д.Мийгаа: Баяр хүргэе. Таньдаа болон гэр бүл үр хүүхдэд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-27 12:40:31
    Баяр хүргэе: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг зах зээлийн үед өнөөдрийн түвшин хүрэхэд чухал алхам хийж түүхэн гавьяа байгуулсан хурандаа юм шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-26 23:25:27
    Tulga: Saihan baharhal bolson hvn shvv urt naslaarai
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-26 23:04:55
    tsogsuren.g: Saihan hurandaa min urt naslaj udaan jargaarai ervvl enh sain saihnig hvsey
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-26 21:44:18
    Зочин: Хоригдлоо тураалаараа үхүүлэхгүйн тулд гэртээ баарагшиг хийж хариуцсан хоригдолдоо авчирч өгч байлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-26 21:32:15
    Hero Baatar: Чанартай хурандаа шүү. Хоригдол хүүхдүүдийн төлөө зүтгэл сэтгэл гарган ажиллаж бсан Билгээ багш мину!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-26 15:42:19
    Жагаа: 24 жил миний татварыг сорж бна даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-26 15:14:48
    G Tumenbayr: Ah egch hoertoo eruul urt udaan naslahiig huse mundag 2 shuu
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188