• Өнөөдөр 2024-04-26

Ч.ШАРАВДОРЖ: Өмссөн хувцастайгаа нутгаасаа гарч, 27 настайдаа Хөдөлмөрийн баатар болж байлаа

2021-08-16,   2964

Хөдөлмөрийн баатар тракторч  Ч.Шаравдоржтой ярилцлаа.

-Сайн байна уу, та. Сайхан намаржиж байна уу?

       -Сайн. Сайхан намаржиж байна. Өнөөдөр хөдөө хүүгийнх рүүгээ явах санаатай сууна даа. Энэ жил сайхан зун боллоо. Тариаланчид эрт болцын төмсөө хураагаад эхэлчихсэн байна.

-Та Төв аймгийн Жаргалант сумынх уу?

     -Би Увс аймгийн Зүүнхангай сумынх. 1953 онд 16 настайдаа Жаргалант суманд ирж, өнөөдрийг хүртэл амьдарч байна. Би Жаргалант суманд ирэхдээ ээж, гурван дүү, нэг эгчийн хамт өмссөн хувцастайгаа ирж байсан. Би тухайн үед Увс аймгийн Баруунтуруун суманд ахынхаа дөрвөн мянган адууг харж байгаад энд ирсэн. Гуравдугаар сарын эхээр нутгаасаа гарсан санадаг замдаа зургаа хонож ирсэн. Хүйтэнд хэцүү байсан шүү.

-Жаргалант яагаад суманд ирэх болсон юм бэ. Анх ирэхэд амьдрал ямар байв?

      -Намайг есөн настай байхад аав минь 44 настайдаа өвчний улмаас бурхан болж, ээж минь 37 настай таван хүүхэдтэй үлдэж байсан. Би айлын том хүү болохоор адуу, малдаа явж, эзгүй хээр хонодог байсан. Хүнд хүнээс илүү морь хань болдог юм билээ. Тэр жил бичин жилийн зуд болж, малаа үхэж, нэлээн хорогдоод, таван жилийн төлөвлөгөөнд заримыг нь мах, ноосны өрөнд өгч дуусгасан. Тэгээд улсын байгууллагат ажил хийх нь дээр юм байна гэж эгчтэйгээ ярилцаад насаа нэмж байж трактор, комбайны курст сурч, жолооч болсон.

Өмссөн хувцастайгаа ирцгээсэн болохоор гэр байхгүй. Сангийн аж ахуйн гэрт 27-уулаа долоо хоносон. Тухайн үед бид нэг аягаар дамжуулж цай уудаг байсан юм. Тэгээд хэд хоногийн дараа сангийн аж ахуйгаас барьж өгсөн. Хэдий гэртэй ч гэсэн цайны тогоо, аяга, данхнаас эхлээд маш их зүйл хэрэг болсон.

-Танайхан Жаргалант суманд өмссөн хувцастайгаа ирсэн гэж байна. Тухайн үед ээж нь юу гэж байв?

       -Намайг анх ажиллаж байхад Сангийн аж ахуй ажилчдаар дутмаг байсан. Ээж минь үнээ саадаг, эгч ногоо хураана, би трактораа барьдаг байсны ачаар хоолтойгоо залгадаг байлаа. Ээж минь дутуу, дулимаг амьдарч үзээгүй болохоор сэтгэл санаагаар их унаж, нууцаар уйлдаг байсан. Ээжийнхээ сэтгэлийг сэргээхийн тулд өдөр, шөнөгүй техник барьж  сурч, трактор, комбайн хослуулан, долоо, найман удаа улсын аваргын болзол хангаж, 1963 онд Төв аймгийн 40 жилийн ойгоор  Хөдөлмөрийн баатар цол хүртэж байсан. Ээж, дүү нараа өлгөж, цангаахгүй байхын тулд ажлынхаа хажуугаар хүмүүст тусалж байсан.

-20-аад насандаа тариалангийн талбайд ургац хурааж, амьдралаа босгосон байна. Тухайн үед танд ямар санагдаж байсан бэ?

      -Манайх мянгат малчин айл байсан. Би сумаасаа гарахдаа үлдсэн малаа хамаатныхаа ахад өгч, аавын мөнгөн эмээл, хазаар, хөөргийг  зарж, үрээд буурин дээрээ юм үлдээхгүйн тулд аргал, хөрзөнгөө хүртэл айлд өгч байсан. Тэгээд ЗИЛ-50 машинд өмссөн хувцастайгаа ирж байсан. Багаасаа зовлон үзэж, хөдөө гадаа хонож байсан болохоор ажиллаад л байсан. Сайн санаатай хүмүүсээр трактор барихыг заалгаж байсан. Хаврын тариаланд үхэр тэргээр төмс зөөж дуусгаад хөдөө тариа тарилцаж байсан. Үхэр, морь тэргээр газар хагалдаг байв.

-Та анх энэ хашаанд бууж байв уу?

      -Яг энэ хашаанд бууж байсан. Би гурван дүүтэй ирсэн ч нэг нь эндчихсэн юм. мэдэх нутгийн хүн байхгүй учраас дэмжиж, туслах хүн байхгүй. Ээжийнхээ сэтгэлийг сэргээхийн өөрсдийн гэсэн гэртэй болж, доторх эд хогшлыг увуулж, цувуулж авч байсан. Гуравдугаар сарын эхээр Увс аймгийн Баруунтуруун сумаас гарч, замдаа зургаа хонож ирсэн. Хүйтэнд хэцүү байсан шүү.

-Тариаланчийн амьдрал жилийн дөрвөн улирал хэрхэн үргэлжилдэг юм бэ?

      -Тариаланчид жилийн дөрвөн улирал тасралтгүй ажилладаг. Өвөл цас орохоор техникээрээ цасыг нь нуруулдаж тогтоодог. Гуравдугаар сарын 1-ээс эхлээд бүх тариаланчид талбай дээр гардаг. Бид дайны дараах он жил ажиллаж байсан болохоор идэж уух юм хомс байсан. Сангийн аж ахуйгаас заримдаа нэг хоол өгдөг, бүр болохгүй бол хоёр хүний дунд нэг хонины толгой өгдөг байсан шүү дээ.

-Таны амьдрал хэдий үед жигдэрч, ээжийгээ баярлуулж байв?

      -Сангийн аж ахуйд гар хөдөлж байвал мөнгө олж байдаг. 1957 онд амьдрал жигдэрч, идэх гэснээ идчихдэг, өвөл, зуны солих хувцастай, өөрийн гэсэн гэр оронтой болчихсон байсан. Түүнээс өмнө амьдрал гундуу байсан.

Ээж минь гэртээ шуудай гурил, хонины махтай ирэхээр их баярладаг байж билээ. Таван хантай, гурван давхар эсгийтэй шинэ гэр өөрийнхөө хүч хөдөлмөрөөр авч барьсан юм. Тэгээд “Ээж ээ, энэ манай гэр. Гэрт хүний юм огт үгүй. Одоо сангийн аж ахуйн гэрийг буцааж өгнө” гэхэд ээж минь  “Ямар сайхан гэр вэ. Энэ миний хүүгийн авсан гэр юм уу” гээд итгэж ядаж байсан. Сүүлд нь намайг Хөдөлмөрийн баатар болоход бас л итгэж ядан “Би баатар хүүтэй боллоо” гэж  хачин их баярлаж байсан даа.

-Та тэтгэвэрт гарснаас хойш юу хийсэн бэ?

      -30 гаруй охин төлөг, таван адуу авсан. 10 гаруй жил мал маллаж мянгат малчин болсон. Тэгээд хүүхдүүддээ хувааж өгсөн дөө. Манайх дөрвөн охин нэг хүүтэй. Бүгд ногоо тарьдаг. Хүүгийнх минь хурдан морь уядаг. Би хурдан морь уяж, 100 гаруй айраг түрүү авч байсан. Миний ач хүү моринд дуртай. Манай морины медалиудыг гэр рүүгээ аваад явчихдаг юм.

      Намайг баатар болсны дараа сангийн аж ахуй, Хөдөө аж ахуйн яам, аймгийн намын хороо, Боловсролын яамнаас өргөтгөсөн мэргэжлийн сургууль барьж байсан. Би Баатар болсон хойноо аймгийн намын хорооноос багшлах үүрэг авч багшилж байсан. Манай ангид 487 хүүхэд суралцаж, 430-аад нь мэргэжлийн үнэмлэх авч, ажиллаж байсан. Манай ангид тойргийн 10-аад сумын хүүхдүүд ирж аравдугаар ангиа төгсдөг байсан. Тэгээд 18 жил ажиллаж тэтгэвэртээ гарсан.

-Таны хань хэдэн нас хүрч байна вэ. Та хоёр яаж танилцаж байв?

     -Манай хөгшин Хэнтий аймгийнх. Д.Долгормаа гэдэг. Тухайн үед комбайн барьж байсан. Сүүлдээ нягтлан бодогчоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо 85 настай. Би 88 настай. Бид хоёр 1960-аад онд танилцаж, өнөөг хүртэл хамт амьдарч байна. 

 

 


Ч.ШАРАВДОРЖ: Өмссөн хувцастайгаа нутгаасаа гарч, 27 настайдаа Хөдөлмөрийн баатар болж байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-10 12:34:38
    Ц.Дашдорж /Зүүнхангай Жаргалант/: Хөдөлмөрийн баатар Ч.Шаравдорж гуай болон гэр бүлд нь эрүүл энх, урт удаан наслахын сайхан ёрөөл дэвшүүлье. Энэ хүнээс зөвөлгөө авч Жаргалант нутгийн тосон бор хөрсөнд тариа, төмс тарьж, чамалхааргүй ургац авч сайхан найзлаж байлаа. Энэ хүн тариаланчаас гадна цөөнч сайхан малтай , хурдан удмын адуутай буурлууд, ажил амьдралаа эхлүүлсэн Төв аймгийн Жаргалант сумын нутагтаа тайван сайхан амьдарсаар байгаа. Мундаг шүү, баяр хүргэе. Эрүүл энхийг дахин дахин хүсэх ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-21 19:24:09
    Ш. Баттулга: Нутгийн баатар ахдаа гэр бүлд нь эрүүл энхийг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-18 06:14:47
    Мягмар орших: Мундаг буурай шүү Эрүүл энхийг хүсэн ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-17 22:24:23
    Эрдэнэгэрэл: Ханийн маань нагац ах мундаг хүн шүү Тандаа эрүүл энхийг хүсье
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188