• Өнөөдөр 2024-05-06

Ц.ЦОГТБААТАР: Олимпын маделиа аавынхаа зургийн хажууд өлгөчихөөд, хүүгээ энгэртээ эрхлүүлээд сууж байна

2021-08-06,   4761

-Хүүхэд байхад “Мандатны мөнгөгүй” гэх шалтгаанаар уралдаан, тэмцээнд оролцож чаддаггүй үе байсан-

      Олон Улсын хэмжээний мастер, “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатартай ярилцлаа.

-Эх орныхоо сүр алдрыг дэлхийн дэвжээнд дуурсгасан танд баярлалаа. Монголчууд цэнхэр дэлгэцийнхээ өмнө таны барилдааныг тэсэн ядан хүлээж, хацайхад нь дагаж хазайж байгаад үзлээ шүү дээ?

           -Монголынхоо ард түмэнд баяр хүргэе. Бас баярлалаа. ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, Ус сувгийн удирдах газрын удирдах зөвлөлийн гишүүд, “Наран мандал” компанийн хамт олон, шигшээ багийн багш дасгалжуулагч, жүдо бөхийн холбооныхонд маш их баярлалаа. Та бүхний хүчээр олимпод амжилттай оролцлоо. Би Баянхонгор аймгаар овоглодог бөх. Жүдо бөхөөр хичээллэх болсон цагаас намайг дэмжиж, урам хайрлаж байсан багш Ц.Шийрэв, Х.Баттулга нарт дахин баярласан сэтгэлээ илэрхийлж байна.

-Олимпын тэмцээнээс медаль хүртээд зогсож байхад залуу тамирчны хувьд ямар мэдрэмж төрж байв. Өөрөөрөө ч юм уу, хэн нэгнээр бахархах, айдас, догдлол, сандрал, хариуцлагын аль нь илүү мэдрэгдэж байв?

           -Би маш их хүлээж, түүнтэй ижил зүтгэснийхээ хариуд медаль хүртэх эсэхээ шийдэх байлаа. Би олимпод оролцож амжилтынхаа оргил цэг хаана байгааг мэдэрсэн. Энэ миний өөрөөрөө бахархах бахархал байсан. Олимпын тэмцээний хамгийн чухал мөч хүрэл медалийн төлөөх барилдаан байлаа. Тамирчин хүний ялагдлыг шүүмжлэх хүн олон. Тэр бүхэнд би гутарч суугаагүй. Өмнөө тавьсан зорилгодоо хариуцлагатай байж, тэмцээндээ амжилттай  оролцлоо.

-Та уралдаан тэмцээнд явахдаа “Хүү нь, хань нь чадна” гэж хэлээд явдаг. Түүндээ ч хүрдэг гэсэн. Олимпод оролцохоос өмнөх үе, оролцож байх, оролцсоны дараах сэтгэл зүйн байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

         -Би чадна гэж явж байгаа учраас заавал чадах ёстой. Бүх зүйлд ингэж хандахыг хичээдэг. Олимпод оролцохоос өмнө би бүхнийг ялах юм шиг, чадах юм шиг мэдрэмж төрж байсан. Тийм учраас би гэр бүлийнхэндээ энэ тухай бардам хэлж чаддаг. Гэрийнхэндээ “Чадах юм байна” гэсэн итгэл төрүүлж, сэтгэл санааг нь амар тайван байлгахыг хичээдэг. Харин одоо монголын ард түмний сэтгэл амгалан тайван байгаа байх гэж бодож байна.

-Аав нь бурхан болохоосоо өмнө “Миний хүү, олимп, дэлхийн аваргынхаа медалийг миний зургийн хоёр талд өлгөөрэй” гэж захиж байсан юм билээ. Аавынхаа захиасыг биелүүлчихээд, хүүгээ эрхлүүлээд л сууна уу?

            -Тэгэлгүй яах вэ. Аавынхаа зургийн хажууд олимпын медалиа өлгөчихөөд, хөөрхөн хүүгээ энгэртээ эрхлүүлээд л сууж байна. Тавдугаар сард ДАШТ-д явахаас өмнөхөн хүү минь мэндэлсэн. Хүүдээ Ц.Ивээлт гэж нэр хайрласан. Би хүүгийнхээ баатар нь. Хүү минь миний Ивээлт шүү дээ. Олимпын медалиа зүүчихээд, хүү рүүгээ маш их яарч байсан. Одоо хэсэг хугацааг гэр бүл, хүүдээ зарцуулна. Тэгээд 2024 оны олимпод бэлдэж байгаа учраас бэлтгэл сургуулиа алдахгүй хийх нь миний үүрэг. Монголчууддаа "2024 онд медалынхаа өнгийг өөрчилнө” гээд амалчихсан байгаа. Тэр амлалтаас хойш би энэ тухай үргэж л бодож байна.

-Аав нь тэнгэрийн орноос хүүгээ Токиогийн олимпын дэвжээ дээр амжилт гаргаж байхыг нь хараад маш их баярлаж суусан байх. Таны хажууд байхгүй ч гэсэн та хоёр зүрх сэтгэлээрээ холбогддог байх?

             -Тиймээ, “Аав минь байсан бол” гэх бодол хамгийн түрүүнд орж ирсэн. Би барилдаж дуучихаад “Аав аа, хүү нь чадсан” гэж аавдаа хэлэх үгээ хэлж чадсан. Аав минь намайг жүдо бөхийн спортоор шархуу хөдөлмөрлөхөд нөлөөлж, тусалж, дэмжиж байсан миний баатар байлаа.

-Таны жүдо бөхөөр хичээллэх болсон алхам юунаас эхлэлтэй гэж боддог вэ?

           -Хүүхэд байхад “Мандатны мөнгөгүй” гэх шалтгаанаар уралдаан, тэмцээнд оролцож чаддаггүй үе байсан. Тухайн үед Ц.Шийрэв багштайгаа танилцаж, багш, шавь болж байсан. Багш маань надаас бэлтгэлийн төлбөр мөнгө авдаггүй хэрнээ бүх зүйлээр хангадаг байсан. Миний төлөө бүхнээ зориулдаг байлаа. Аав, ээж минь надад хэлэхдээ “Дэмжиж тусалж байгаа хүний итгэлийг битгий алдаарай, заавал амжилтаар хариулаарай” гэж хэлж байсан. Багшийнхаа өнөөдрийг хүртэл надад тусалсан, намайг гэсэн сэтгэлийг нь амжилтаар хариулахыг хичээдэг дээ.

-Тамирчин хүний гол өрсөлдөгч нь өөр өөрийгөө ялан дийлэх байдаг. Гаргасан амжилтандаа ханаж, өөрийгөө эвдэх явдал ч бий. Монголын ард түмэн таныг тийм зам мөр рүү битгий ороосой хэмээн хүлээ байх байх. Таны тухайд ямар бодолтой байна вэ?

           -Би ямар ч цаг үед хүн шиг хүн байхыг хичээдэг. Би олимпоос медаль авсан болохоос биш миний мөн чанар өөрчлөгдөх ёсгүй, өөрчлөгдөхгүй. Медаль хүртэх сайхан. Харин монголчуудыг баярлуулж байгаа нь илүү сайхан байсан.

          Миний өссөн амьдрал надад хамгийн чухал хичээл болсон гэж боддог. Хүн хэзээ ч өмнө нь хэн байсан, ямар байгаад ямар болсоноо мартаж болохгүй. Би амжилт гаргаж, тодорхой хэмжээгээр миний амьдрал өөрчлөгдсөн ч Ц.Цогтбаатар хэвээрээ байна гэж боддог. Миний аав, ээж намайг ингэж л хүмүүжүүлсэн. Намайг хүмүүжүүлсэн аав, ээжийнхээ хүмүүжлээрээ би хүүхдүүдээ өсгөнө гэж боддог.

-Олимпын тэмцээнд ямар багш дасгалжуулсан бэ. Таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?

          -Бүх тамирчин хүчтэй. Тэр дундаас хамгийн хүчтэй, өөртөө итгэлтэй нь амжилт гаргадаг. Миний эхний барилдааныг Ч.Болдбаатар багш дасгалжуулсан. Гурав дахь барилдаанаас би өөрийн хүсэлтээр Т.Болдбаатар багшийг сонгосон.

 


Ц.ЦОГТБААТАР: Олимпын маделиа аавынхаа зургийн хажууд өлгөчихөөд, хүүгээ энгэртээ эрхлүүлээд сууж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-08 23:39:02
    Баттулга: Чи сайн жаал Монголын далбааг минь мандуулж яваарай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-08 09:35:55
    Бат: Ням-Лхагва гд багшаа бас дурсаж байгаарай дүү минь!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-06 22:24:11
    Зочин : Үнэхээр мундаг барилдаанч шүү. ЗААВАЛ АВАРГА БОЛООРОЙ.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188