• Өнөөдөр 2024-05-09

Г.ЖИГЖИДСҮРЭН: Ч.Лодойдамба багш “Хийсэн бүтээлээ хамгаалж чадахгүй юм бол хүнд яах гэж үзүүлдэг юм” гэж байлаа

2021-06-14,   2643

 "Киноны хувь заяаг найруулагч шийддэг"

   Тэр бол кино гэж чухам юу вэ гэдгийг монголчуудад ойлгуулах гэж 1942 онд төрсөн, төрмөл найруулагч.Түүнийг Ардын жүжигчин, УГЗ, кино найруулагч Гомбожавын Жигжидсүрэн гэдэг. Ийн хэлсний учир түүний сод бүтээлүүд уншигч таны оюун санаа, сэтгэл зүрхэнд тодоос тод гэрэлтэж, киног нь ахин дахин үзмээр санагдаж  буй биз. Аргагүй тэр киноны амин судсыг атгасан нэгэн. Энэ тухайгаа өөрөө ч нуулгүй ярьдаг. Биднийг ярилцан суухад тэрбээр “Дэлхийн кино урлагийг харахад сайн зохиолоор муу кино хийдэг, муу зохиолоор сайн кино хийдэг найруулагч олон. Тийм болохоор хүн найруулагчаар төрнө үү гэхээс сурдаггүй юм аа. Найруулагч бол киноны амин сүнс нь” хэмээсэн юм. “Анхны алхам” киногоороо Монголын кино урлагт “Анхны алхам”-аа тавьсан Гомбожавын Жигжидсүрэн найруулагч бол “Эх бүрдийн домог”, “Хүний амь”, “Суварган цэнхэр уулс”, “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Амин мөр”, “Хатанбаатар”, “Зарлаагүй дайны оршил”, “Намар нахиалсан мод”, Алтан шонхор”, “Араатан”, “Өс хонзон”, “Их хааны удам”, “Хайрын нулимс хатдаггүй” зэрэг 30 орчим кино бүтээсэн баялаг өвтэй нэгэн. Тэр ухамсарт амьдралынхаа нэгэн жарныг Монголын кино урлагт зориулсан их уран бүтээлч билээ.

-ТҮҮНИЙ БАГА НАС МУИС-ИЙН АРД ТАЛЫН ХАШААНД ӨНГӨРСӨН НЬ-

       Тэр айлын ганц хүүхэд. Өвөө  нь ном судар их цуглуулж, уншдаг Юмсүрэн гэж хүн байжээ. Гэхдээ түүнийг бага байхад нь бурхан болсон болохоор өвөөгөө сайн мэдэхгүй юм билээ. Түүний аав, ээж санхүүч мэргэжилтэй байв. Тэднийг ажилдаа яваад өгөхөөр эмээгийн гар дээр өсөж, хүн болсон гэдэг. Түүнийг  бага байхад нь тэднийх  МУИС-ийн яг арын гудамжны хашаанд аж төрдөг байж. Эмээ нь түүнд үлгэр ярьж өгч, оньсого таалгадаг байсан болохоор их ой сайтай хүүхэд байсан гэдэг. Түүний ой сайтайг ангийнхан, оюутан цагийн нөхөд нь биширдэг, гайхдаг байсан гэдэг шүү. Багадаа шүлэг их уншдаг, уншсанаа заавал тогтоож, цээжээр хүмүүст уншиж өгөх дуртай хүүхэд байж. Тэгж шүлгээр дамжин уран зохиолын амтанд багаасаа орсон хүн. Сүүлдээ ч өөрөө шүлэг бичдэг болжээ. “Миний хөх ишиг” нэртэй анхны шүлэг нь 1954 онд дөрөвдүгээр ангид байхад нь “Пионерийн үнэн” сонинд хэвлэгджээ.

    Тухайн үед зохиолч Ц.Гайтав гуай “Пионерийн үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга байсан үе. Одоо “Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв”-ийн хоёр давхарт дөрөвдүгээр ангийн хүүхэд шүлгээ бариад Ц.Гайтав гуай дээр бариад орж байснаа их тод санадаг гэсэн.Тэр үед өөрт нь яг шүлэг дээр гардаг шиг эрх хөх ишиг байж. Ээжтэйгээ хотноос бэлчээрт гарч явахад нь “Зу зу, миний хөөрхөн ишиг ээ” гээд дуудахаар эргэж харж, майлаад эхийгээ орхичихоод гүйгээд ирдэг байжээ. Гэтэл нэг өглөө өнөөх ишиг эхийнхээ гуя руу мөргөж байв гэнэ. Г.Жигжидсүрэн найруулагч тухайн үед “Миний хөх ишиг” нэртэй шүлгээ бичсэн түүхтэй.

Эхийгээ мөргөөд байвал 

 Эрхлүүлж чамайг тоглуулахгүй” 

      гэдэг сүүлийн хоёр мөрийг нь одоо ч мартдаггүй юм билээ. Түүнийг нь Ц.Гайтав гуай анзаарч “Хөөрхөн шүлэг байна, сонинд хэвлэнэ” гээд хүлээж авсан гэнэ. Мөн Кавказаар аялсан цуврал шүлэг нь сонинд нийтлэгджээ. Тэгж л  уран бүтээл, утга зохиол руу хандах анхны үр нь соёолжээ. Тэр айлын ганц хүү болохоор дураараа, зөрүүд. Гэхдээ буруу хүмүүжээгүй болохоор түүний энэ зан найруулагч болоход нь их нөлөөлсөн гэдэг. Тэр бусдын адил хурдан морь унаж, малд явж, хээр хонож, бусадтай ижил тоглож өссөн нэгэн.

“АНХНЫ АЛХАМ" КИНОГООР НАЙРУУЛАГЧИЙН ЗАМНАЛАА ЭХЛҮҮЛСЭН ТҮҮХ

         Уран зохиол руу багаасаа татагдсан тэрбээр ирээдүйд зохиолч болно, Горькийн сургуульд сурна гэсэн хүсэлтэй, “Тверский Бульвар” гээд сургуулийнхаа хаягийг олоод авчихсан, тэднийх рүү захидал бичдэг, мөрөөдөлдөө үнэнч нэгэн байж. Тэгсээр 1960 онд дунд сургуулиа төгсөж, гадаадын сургуульд хуваарлагдах болжээ. Гэтэл түүний хүсэж, мөрөөдсөн Горькийн сургуулийн хуваарь байсангүй. Харин Эрхүүгийн улсын их сургуулийн хуулийн ангийн хуваарь ногджээ. Түүнийг “Би хуулийн ангид сурахаар боллоо” гээд гэртээ ортол аав нь барагтай юм хэлдэггүй, дуугүй зангаараа “Миний хүү өөрөө мэд” гэж. Гэтэл ээж нь “Би ганц хүүгээ мөрдөн байцаагч болгохгүй, эмч болгоно” гээд зүтгэсэн гэдэг. Тэрбээр сургуульд байхдаа Ч.Лодойдамба гуайтай танилцаж жижиг өгүүллэг, шүлгээ үзүүлдэг байжээ. Сурагчийн бэхээр сарайлган бичсэн өгүүллэгийг Ч.Лодой багш уйгагүй зассан ноорог одоо ч түүнд бий. Тийнхүү Анагаахын сургуульд орно гэсэн бодолтой явж байгаад Ч.Лодой багштайгаа санаандгүй таарчээ. Тэгээд багшдаа учир байдлаа хэлтэл өрөөндөө дагуулж ороод “Чи нэг жил ажил хий. Тэрний дараа чамайг би кино зохиолчийн сургуульд явуулж өгье” гээд “Кино үйлдвэрт” туслах найруулагчаар оруулжээ.

       Тухайн үед Д.Жигжид найруулагч “Улаанбаатарт байгаа миний аав” киногоо хийж байж. Нэг жил Д.Жигжид гуайн туслахаар ажиллаж байтал дараа жил нь найруулагчийн хуваарь бас л ирсэнгүй гэнэ. Тэгээд 1961 онд Д.Чимэд-Осор найруулагч Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” туужаар анхны киногоо найруулахад нь туслахаар ажилласан байна. Тэгж монголын хоёр том найруулагчийн туслахаар нэг, нэг жил ажилласан хэмээн бахархан дурсдаг.

Тэгээд 1962 онд Бүх холбоотны кино урлагийн дээд сургууль ВГИК руу сурахаар явж тэнд таван жилийг А.С. Хохлова, Лев Кулешов гэсэн хоёр мундаг багшийн шавь болж, найруулагчийн ангийг төгссөн түүхтэй. Тэгээд дипломын ажлаа “Анхны алхам” киногоор хамгаалсан гэдэг.

     Тухайн үед хяналт сайтай бүх шатны дарга нар хуралдаж байж кино гаргах эсэхийг шийддэг байж. Хурлаар түүний “Арван бүлэг киног бүхэлд нь өөрчилж, зургаан бүлэг болго” хэмээн дарга нар тушаасан байна. Түүнийгээ Ч.Лодой багшдаа хэлтэл багш нь хэсэг дуугүй сууснаа “Хийсэн бүтээлээ хамгаалж чадахгүй бол яах гэж хүнд үзүүлдэг юм” гэж байжээ. Тэгээд Ч. Лодой багш нь зарим хэсгийг нь засаж, 10 бүлгээр нь гаргаж, үзэгчдийн хайртай бүтээл болгосон. Тэр өөрөө ч анхны бүтээл болох “Анхны алхам” кинондоо хайртай юм билээ. Тэр цагаас хойш тэр кино найруулах их урлагт хөл тавьж, олны хүртээл болсон сод бүтээлүүдийн эзэн билээ.

“БҮЛЭЭН НУРАМ”, “ХҮН ЧУЛУУНЫ НУЛИМС”, “АМИН МӨР” БУЮУ “МӨХЛИЙН ИРМЭГТ” ГУРВАЛ БҮТЭЭЛ “ТӨРСӨН” ТҮҮХ

        Г.Жигжидсүрэн найруулагчийн сэтгэлийг зовоож, эмзэглүүлж байсан сэдэв бол хэлмэгдүүлэлт, цус ойртолт, архидалт байж. Энэ гурван үзэгдэл яахын аргагүй түүнд бухимдал төрүүлж, өмнөх үе, өнөөдрийн монголчуудын үзэх ёстой бүтээл хэвээр. Тиймдээ ч “Мөхлийн ирмэгт” гэж нэрлэсэн нь учиртай. Уран бүтээлчийн нөлөө үзэгчдэдээ хэлж буй түүний санаа, түүний шаналан энэ гурван кино байв. Үзэл суртлын хүнд хэцүү, хатуу хяналт суларсан үед тус гурван киног хоёр жилийн дотор хийсэн юм билээ.

Тэрбээр монголын уран сайхны киноны алдааны тухай ярихдаа “Кино урлагийн хамгийн том алдаа нь огт хэрэггүй юм их ярьдаг. Морьтой хүн ирж байгаа нь дүрсээр харагдаж байхад, авгай гэрээсээ гарч ирээд “Манайд морьтой хүн ирж байна” гэж хэлэх ямар ч шаардлагагүй. Энэ нь кино урлагийн гол алдаа болдог юм” гэсэн юм. Кино анх үүсэхдээ дуугүй байсан. Дэлхийн шилдэг кинонууд ч дуугүй. Тийм болохоор дуугүй кино хийх хүсэлд автаж “Амин мөр” хэмээх дуугүй кино бүтээжээ.

    Тэрбээр “Амин мөр” киног яг  өөрт тохиолдсон явдлаас сэдэвлэж хийсэн юм билээ. Тэр кино хийхээр хөдөө орон нутгаар их явдаг. Тухайн үед түүний сэтгэлийг ихэд зовоодог нэг зүйл байж.  Хөдөөгийн айлуудад жаахан хүүхдүүд хоёр нарны хооронд хөлсөө цутгуулаад бүх хар ажил хийдэг мянга, мянган хүүхэд монголоор дүүрэн байсан гэнэ. Тиймээс тэдний тухай дугарах юм сан гэж чин сэтгэлээсээ хүсэж, олон жил сэтгэлдээ тээж явсан юм билээ. Харин цус ойртолт, хэлмэгдүүлэлт бүх цаг үед ямар нэгэн хэмжээгээр оршиж байдаг. Үүнийг хүн бүр бодох эрхтэй гэдэг үүднээс сэрэмжлүүлж хийсэн гэдэг. Тэрбээр энэхүү гурван бүлэг киног хоёр жилийн дотор эрч хүчтэйгээр бүтээчихээд сэтгэл нь уужирч, сая л нэг амьсгаа авч буй мэдэрч төрсөн нь гарцаагүй биз ээ.

-ЗОХИОЛЧ БИШ ЗОХИОЛЧ-

      Тэр дөрөвдүгээр ангиасаа л шүлэг бичиж, сонинд хэвлүүлж байсан тухай дээр дурдсан. Гэвч хожуу найруулагч болсныхоо дараа 30 орчим киноныхоо зохиолчид өөрийнхөө санааг хэлж, бичүүлдэг байж. Тэрбээр кино зохиол түүний нэрээр гараагүй зохиол бүрийн ард түүний санаа, сэдэв өрнөж байжээ. Г.Жигжидсүрэн найруулагч кино зохиолын авторуудадаа хэлэхдээ “Би чамтай со автор болохгүй. Гэхдээ миний санааг заавал оруул, оруулах  ч ёстой” гэж хэлдэг байсан гэдэг. Түүний сэдэв санаагаар өнөөгийн бидний үзэх дуртай олон уран сайхныг кино “төрсөн” гэхэд буруудахгүй юм билээ. Тэр энэ тухай ярихдаа “Олон кино зохиолчидтой би со автор болохгүй гэж тохирдог байсан. Одоо би өөрийнхөө киног үздэггүй. Яагаад гэвэл зарим хэсэг нь хасагдсан учир түүнийгээ бодохоор харамсаж, хямардаг” гэсэн юм.

"УРЛАГИЙГ ЗООСНЫ НҮХЭЭР ХАРЖ ЭХЛЭХЭД Л УРЛАГ ҮГҮЙ БОЛДОГ"

        Тэр  Соёлын яамтай байх үед  бүх системээр дамжиж уран бүтээлээ хийдэг байсан үеийн хүн. Урлагийнхан 30 гаруй жил төрийн бодлогын гадуур явж, амь зогоож ирсэн. Сая дахин Соёлын яамтай болж, урлагт элэгтэй түмэн олныг баярлуулсан. Энэ талаарх сэтгэгдлийг нь эрхэм найруулагчаас сонсоход тэрбээр “ “Олон улсын кино наадамд өрсөлдөхөд төрийн бодлого их дутагдаж байна. Манайх Соёлын яамтай болчихлоо, кино урлаг жигтэйхэн хөгжинө гэж хүмүүс ярьж байна. Түүн шиг худлаа зүйл байхгүй. Яамны харьяа кино хийнэ гэдэг адармаатай. Уран бүтээлийг мөнгөөр бус бодлогоор дэмжих ёстой байдаг юм. Чөлөөтэй нийгэмд хэн ч, юу дуртайгаа хийх боломжтой. Гэсэн ч сайн бүтээл төрөхгүй байна уу даа гэж харж байна. Хаалттай нийгэмд уран бүтээлчид бүтээл хийх гэж үйлээ үзэж байгаад гайгүй бүтээл гаргадаг байж. Тэгээд хатуу чанга хяналттай байхдаа ч гол нь биш юм байна даа. Өнөө цагийн кино урлагийн төрлөөсөө холдчихоод байгаа юм уу гэж санадаг. Гэхдээ олон улсын А зэрэглэлийн наадамд оролцож байгаа кинонууд бол яах аргагүй кино урлаг мөн. Түүнээс биш нийтэд гарч байгаа үзвэр урлаг биш. Урлагийн төрөл хэтэрхий олшроод, зоосны нүхээр хараад эхлэхээр урлаг устаж байгаа юм. Ямар ч киног найруулагчаар овоглодог. Энэ бол дэлхийн жишиг. Миний зохиолоор кино хийчихээд найруулагчаар нэрлээд байх юм гэж зарим зохиолч гомдолдог. Гэхдээ киноны хувь заяаг найруулагч шийддэг. Найруулагч хүний жаргал гэхээс зовлон их. Найруулагчийн жаргалтай үе зургийн талбай дээр өрнөдөг. Бусад үе нь тэр чигтээ зовлон шүү дээ. Түүнийг хэн ч мэдэхгүй” гэсэн юм.

“ХҮНИЙ ДОТООД СЭТГЭЛ РҮҮ ӨНГИЙСӨН УЯНГЫН АЯС БОЛ Г.ЖИГЖИДСҮРЭНГИЙН ҮНДСЭН ХЭВ МАЯГ ШҮҮ ДЭЭ”

       Г.Жигжидсүрэн найруулагч нэг ч удаа инээдмийн кино хийж үзээгүй. “Хэчнээн сайхан зохиол байлаа ч би инээдмийн кино хийж чадахгүй. Тэгэхээр хүний зан төлөвтэй холбоотой хэлбэрийн онцлог байдаг. Хүн өөрийгөө таньж, мэдэж байж л хийсэн бүтээл нь хүнд хүрдэг. Өнөөдөр уянгын кино, маргааш нь аймшгийн кино хийгээд байвал сайн бүтээл гарахгүй. Л.Шаравдорж намайг хэлэхдээ “Хүний дотоод сэтгэл рүү өнгийсөн уянгын аяс бол Г.Жигжидсүрэнгийн үндсэн хэв маяг шүү дээ” гэж яг оновчтой хэлсэн” гэв. Түүнд өөрийгөө голж байсан үе бишгүй. Тэр өөрийгөө олж, эмзэглэж, шаналж, бодож байж л  30 орчим сод бүтээлээ туурвисан юм билээ. Тэр он цаг бүр амаргүй байжээ.

"ХҮН БҮР ӨӨРИЙН ГЭСЭН ТҮЛХҮҮРТЭЙ УЧИР ОЛОН ХҮНТЭЙ ЗЭРЭГ АЖИЛЛАХ ЯГГҮЙ"

       Найруулагч хүн зохиолч, зураач, хөгжмийн зохиолч гээд нэгэн зэрэг маш олон хүнтэй харьцдаг. Олон хүнтэй харьцаж, ойлголцоход хэцүү юү гэхэд тэрбээр “Тэд бүгд өөрийн гэсэн түлхүүртэй. Хэнийх нь ч түлхүүр хэнд нь ч таарахгүй. Би кино багийнхныгаа солих дургүй. Миний ихэнх киног Л.Шаравдорж, Т.Зундуй, Л.Мөрдорж, З.Хангал, Н.Жанцанноров гээд монголын урдаа барьдаг хэдэн оператор, хөгжмийн зохиолчидтой ажилласан. Л.Шаравдорж бид хоёр ямар ч үг, хэлгүйгээр бие  бие ээ ойлгодог болчихсон. Л.Шаравдоржийн авсан дүрсийг үзэхэд яг миний бодсоноор ойртох үед нь ойртож, холдох үед нь холдоод авчихсан байдаг байв. Тэр үед би их баярладаг байсан. Тэгээд хожуу Л.Шаравдоржид “Би чамд хэзээ ч ингэж ав, тэгж ав гэж залж байгаагүй. Гэтэл чи яг миний бодсоноор сайн авсан байх юм” гэтэл Л.Шаравдорж мушийтал инээснээ “Чиний жүжигчид сайн тоглоод байгаа юм чинь тэгэхгүй яах вэ” гэсэн. Тийм л мэдрэмжтэй байгаа биз. Ийнхүү гар нийлсэн хэдэн хүнээс салах дургүй байсан. Мэдрэмжгүй оператор бол хамаг ажил сүйтгэдэг юм. Ийм жишээ ч олон бий” хэмээн хамт олныхоо тухай ярьсан юм.

-ТЭР ХАНЬТАЙГАА ЭМНЭЛЭГТ ТАНИЛЦЖЭЭ-

      Түүний хань Сэлэнгийн буриад. Ханийнх нь өвөө 1918, 1919 оны үед 10 гаруй настайдаа мөргөлчин дагаж хот ороод ирчихсэн юм билээ. Тэгээд хэдэн жилийн дараа нутаг руугаа явах гэтэл хил хааж таарчээ. Тэгээд Улаанбаатарт “Үнсэнд хаясан шалз” шиг ганцаараа үлдсэн түүхтэй. 1935 онд кино үйлдвэрт оросууд ирэхэд ханийнх нь өвөө хэлмэрч хийсэн юм билээ. Цэцэгээ эмээ, өвөөтэйгөө өссөн хүүхэд. Өвөө нь намын дээд сургуулийн кино механикч байсан болохоор өвөөтэйгөө кино үздэг хүүхэд байсан юм билээ. Тийм учраас кинонд элэгтэй, кино сайн мэддэг болжээ. Тэд нэгдүгээр эмнэлэгт хэвтэж байхдаа танилцжээ. Харин ханьтайгаа сууснаас хойш ээжийнх нь түүнд зориулдаг байсан  бүхнийг эхнэр нь орлож, бүхнээ зориулж амьдарч байгаа аж. Түүний хань дулааны инженер мэргэжилтэй.  Тэрбээр гурван хүүгээ хүмүүжүүлэхээр ажлаасаа гарч, киноны салбарын салшгүй нэгэн болж, уран бүтээлчдийг сэтгэл зүрхээрээ ойлгож, мэдэрч ажилладаг хүмүүсийн нэг болжээ. Тэр хүүхдүүдээ кино найруулагч болгохгүй гэж ижийтэй нь хамт зүтгэсээр өөр мэргэжил эзэмшүүлж, амьдралынх нь замыг тавьсан гэдэг.

 


Г.ЖИГЖИДСҮРЭН: Ч.Лодойдамба багш “Хийсэн бүтээлээ хамгаалж чадахгүй юм бол хүнд яах гэж үзүүлдэг юм” гэж байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188