• Өнөөдөр 2024-05-17

А.ЦЭГМЭД: Олон уран бүтээлд удган ээжийн дүр бүтээсэн учир хүмүүс намайг юм үзэж, хардаг гэж эндүүрдэг

   Зөөлхөн харц, намуухан инээдтэй, түүгээрээ сайхан сэтгэлт ээж, зовж, зүдэрсэн эмэгтэй, үр, хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулдаг эмээ гээд олон сайхан дүрээр үзэгчдийн сэтгэлд үлдсэн МУГЖ А.Цэгмэдтэй ярилцлаа. Тэрбээр, урлагт зүтгэсэн олон жилийн хөдөлмөрөө төрд үнэлүүлж хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн юм.

Түүний хувьд “Өндөр ээж”, “Хүдэн”, “Марко Поло”, “Нийслэл хүүхэн” зэрэг тайз, дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлсөн. Мөн амьдралын олон саад, бэрхшээлийг даван туулсан нэгэн. “Эгч нь одоо "Би гавьяат жүжигчин биш ээ" гэж ичиж, алхам тутамд тайлбар хэлэх шаардлагагүй боллоо” хэмээн ярих шинэхэн гавьяат А.Цэгмэдийн ярилцлагыг хүргэж байна.

-Сайн байна уу, Цэгмэд эгчээ. Монгол Улсын Гавьяат жүжигчин хүртсэнд тань баяр хүргэе.

   -Сайн байна уу. Баярлалаа. Анх цахим орчинд “Жүжигчин А.Цэгмэд гавьяат жүжигчин цол хүртлээ” гээд бичиж эхэлсэн. Гэхдээ Ерөнхийлөгчийн тамгын газраас надтай холбогдоогүй учир би итгээгүй. Хүмүүс жил бүр л “Цэгмэд эгч гавьяат жүжигчин болоосой” гэж бичдэг учир сэтгэл ч нэг их хөөрөөгүй. Тэгсэн манай уран бүтээлчид ээлжилж залгаад л “Та гавьяат жүжигчин цол хүртэж буй чинь үнэн юм шиг байна шүү. Танд төрийн ордонд ирээрэй гэж хэлээгүй юу” гэж утасдаж байсан. Би ч “Үгүй ээ. Над руу холбогдоогүй. Хүмүүс зүгээр л намайг гавьяат хүртээсэй гэж давлагаалж байгаа юм” гэж хэлээд өнгөрсөн. Харин орой нь 21:00 цагийн үед амрах гээд л байж байхад “Аюурзаны Цэгмэд мөн үү. Таныг гавьяат жүжигчин цол, тэмдгээр шагнах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан” гэж яриад итгэсэн дээ.

-Олон жил хүлээсэн цол шүү дээ. Тэр мэдээг сонсоод хамгийн түрүүнд юу бодогдсон бэ?

   -Би хамгийн түрүүнд юу бодсон гээч. Шагнал, урамшуулал хүртэх нь гэж ер догдлоогүй. Маргааш нь “Х.Түц” продакшнтай хамтран нэг уран бүтээлийн зураг авалттай байсан. Түүндээ л санаа зовсон. Тэгээд Т.Бархүү рүү залгаад “Сая Ерөнхийлөгчийн тамгын газраас холбогдож байна. Гавьяат жүжигчин цол хүртэж буй минь үнэн гэнэ. Одоо зураг авалтаа яаж зохицуулах уу” гэсэн. “Өө таныг хүндтэй цол, хүртэж байхад зургаа түр хойшлуулчихаж болно” гэж байна.

Тэгэхээр нь би “Юу ярьж байна. Ажил бол ажил. Өглөө найман цагаас эхлэх зургаа долоон цагт болгочих. Би шагнал авахдаа өмсөх дээлээ уутанд хийгээд аваад очно. Үс гэзэг янзлуулж амжихгүй болов уу. Буурал үснийхээ талыг малгайгаар нуучихна” гэж хэлээд зураг авалтдаа ороод, И.Одончимэг, Т.Бархүү хоёроороо төрийн ордны гадна хүргүүлсэн дээ.

Хүмүүс миний дээлийг их гоё, залуу загвартай гэж байсан. Би Завхан аймгийн Завханмандал сумын хүн шүү дээ. Тэгсэн нутгийн нэг дүү минь үндэсний хувцасны лангуу ажиллуулдаг юм байна. Намайг хувцасны моделиор нэг өдөр ажиллуулсан юм. Тэгээд шанд нь нэг дээл бэлэглээд “Та хэзээ нэгэн цагт гавьяат жүжигчин цол хүртэхээрээ энэ дээлийг өмсөөрэй” гэж хэлсэн. Тэр дээл нь гавьяат болохдоо өмссөн нөгөө цэнхэр дээл шүү дээ.

-Олон хүн таныг гавьяат жүжигчин гэж эндүүрдэг байсан. Одоо "жинхэнэ" гавьяат жүжигчин боллоо шүү дээ. 

   -Харин тиймээ. Хөдөө зураг авалтад явахаар “Гавьяат жүжигчин дээшээ суу” гээд л их хүндэлнэ. Би санаа зовоод “Баярлалаа. Би гавьяат жүжигчин биш шүү дээ” гэж хэлнэ. Хотод хүмүүс таарахаараа бас л эндүү дуудна. Би тухай бүрд нь тайлбарлаад л хэлнэ.

Тэр бүү хэл Баянзүрх дүүргийн тавдугаар хорооноос жил бүр гурван сарын тог, усны зардлыг төлж өгдөг. Гавьяат жүжигчин гэж тэгж байгаа юм. Би холбогдох хүмүүст нь хэлдэг л юм. Тэгээд өнөөг хүртэл намайг гавьяат жүжигчин л гэж хэлдэг.

-Та гавьяат жүжигчин цолоор шагнуулсны дараагаар “Ээж минь л их хүлээсэн” гэж хэлсэн. Энэ үг олон хүний зүрх, сэтгэлд хүрсэн болов уу?

   -Тийм ээ. Би Төрийн ордны хүлээлгийн танхимд зогсож байхдаа ээжийгээ л бодоод байсан. Муу ээж минь тэнгэрт дэвшихийнхээ өмнө “Хүмүүс гавьяат жүжигчин цол хүртээд л байх юм. Миний охин алга аа. Би их л хүлээж байна даа” гэж хэлж байсан. Түүнийг нь л бодоод байсан шүү дээ. Тэгээд “Би ээжийгээ баярлуулж байна даа. Ээж минь харж байгаа болов уу” гэж сэтгэл минь дүүрсэн дээ.

-Өнөөдрийг хүртэл бүтээсэн олон дүрээс тань аль нь хүний сэтгэлд хүрсэн гэж та бодож байна вэ?

    -2018 онд “Нүгэл сүлсэн хайр” моно жүжигт тоглосон. Энэ миний жүжигчний чадвар, чансааг ахиулсан дүр байсан. Моно жүжиг гэж юу байдаг, тэр долоо, найман хуудас зохиолыг ганцаараа амилуулна гэдэг ямар байдгийг тухайн үед мэдсэн дээ. Их хүнд дүр байсан. 1950-иад оны үед цаазаар авахуулах ял сонссон хүүгийн ээжийн дүр л дээ. Зохиолоо уншаад сар гаруй хугацаанд айдастай, унтаж чадахгүй байсан. Эргээд харахад хүний хайр хүрэм, хүндлэл хүлээсэн дүр шиг санагддаг. Өмнө нь дандаа л туулай, эрэгтэй хүүхэд, жоохон хүүхдийн дүр бүтээж байсан намайг их эвдсэн болов уу.

Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл “Нийслэл хүүхэн” киноны Ажаагийн дүр хүмүүст хүрсэн болов уу. Мөн би хоёр, гурван кинонд дараалаад удганы дүр бүтээсэн юм. Түүний дараагаар жүжигчин Г.Равдан гуайд номоо дурсгахдаа “Удахгүй Ардын жүжигчин цол хүртээрэй” гэж хэлсэн юм. Тэгсэн долоо хоногийн дараа Г.Равдан гуай Ардын жүжигчин цол хүртсэн. Намайг “Чи юм үзэж хардаг уу. “Ардын жүжигчин болоорой” гэсэн, би өнөөдөр Ардын жүжигчин боллоо” гэж байсан.

-Та хүмүүсийн сэтгэлд зөөлөн эмэгтэй, ээж, эмээгийн дүрээр мөнхлөгдсөн болов уу. Ер нь эсрэг дүр бүтээж байсан удаа бий юу?

    -1988 оны үед Төрийн шагналт Ц.Төмөрбаатартай хоршиж нэг эсрэг дүр бүтээсэн. Төрийн шагналт Д.Гармаа гуайн зохиол “Нэр төр” жүжгийн Пагма гэх эмэгтэйн дүр л дээ. Энэ дүр минь хүний сэтгэлд үлдсэн юм шиг байна лээ. Аль 1988 онд тоглосон Пагмын дүрийг зохиолч Б.Шүүдэрцэцэг марталгүй “Ану хатан” киноны Дарабалжи гэх эсрэг дүрд сонгон шалгаруулалтгүй намайг сонгосон.

-Бүтээсэн дүрээ эргэж хараад алдаа, оноогоо шүүж суудаг болов уу?

    -Тэгэлгүй яах вэ. Кинонуудаа их үзнэ. “Өндөр ээж” киноны нэг хэсэг дээр машин эвдрээд, жолоочийг өндөр ээжид ховлохоор гүйж ирдэг шүү дээ. Тэр хэсэг дээр өндөр ээж мөс өргөж оруулдаг юм. Киногоо одоо харахаар “Үгүй тэр өндөр ээжийн мөсийг өргөөд оруулчихгүй яав аа” гэж дандаа халгадаг. Бас л жүжигчин болох болоогүй байсан байгаа юм шүү.

-Таны амьдралын тухай сайн, муу олон зүйл яригддаг шүү дээ. Та үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?

    -Миний амьдралын тухай таагүй олон зүйл яригддаг аа. Та үнэн хэлж байна. Гавьяат жүжигчин цолоор шагнуулсны маргааш нь миний бүр хэдэн жилийн өмнө өгч байсан, сүүлд өгсөн гээд олон ярилцлагаас түүж аваад нэг ярилцлага болгоод гаргасан байсан. Агуулга нь их муухай. Миний хувьд хүнийг гомдоохгүй байхыг л хичээж амьдардаг даа. Хатуу хорвоог аргадаж л явна.

-Таны нутгийн зуныг үзэсгэлэнтэй гэдэг. Бүр "Завхан нутаг сайхан нутаг, замын хүн саатам нутаг" гэдэг байх аа. Нутагтаа очилгүй удаж байна уу. Тэнд суурьших бодол бий юу?

    -Баярлалаа. Нээрээ л миний нутаг дэндүү сайхан нутаг даа. Нутагтаа суурьших боломжгүй л дээ. Ажил, гэр бүл минь хотод байна. Харин нутагтаа очилгүй их удсан байна. 1987 онд Хүүхэд залуучуудын театрынхаа хамт олонтой нэг тоглолтоор очсон юм. Түүнээс хойш 30 гаруй жил нутагтаа очих юмсан гэсэн хүсэл хуримтлагдаж байна даа. Энэ хугацаанд гадагшаа, дотогшоо их явлаа. Олон зүйл үзлээ дээ. Хүүхдүүддээ төрсөн нутгаа үзүүлнэ гэж хэлдэг ч, яг начир дээрээ хулчийгаад л байдаг. Юу хийсэн гэж очих вэ. “Отгонтэнгэр хайрхан минь хүлээж авах болов уу, оруулах болов уу” гээд л их эмээнэ. “Олон жил явж, явчихаад одоо ирж байдаг” гээд хүлээж авахгүй бол яана. Одоо харин Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн учир нутагтаа нүүр бардам очно.

-Ярилцсанд баярлалаа.

  -Баярлалаа.

 


А.ЦЭГМЭД: Олон уран бүтээлд удган ээжийн дүр бүтээсэн учир хүмүүс намайг юм үзэж, хардаг гэж эндүүрдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-03 14:23:11
    Ганаа: Нутгийн гавьяатдаа баяр хүргэж ажил амьдралд нь амжилт сайн сайхныг хүсэе.нутгийн чинь уул ус өндөлзтлөө баярлсан та нутаг усандаа тавтай морилоорой
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188