• Өнөөдөр 2024-05-19

МУГТ Д.БОЛДБААТАР: Өнгөрсөн хугацаанд дугуйтай болгоноор л уралдаж ирлээ

Аз сорьсон, эр зориг, авхаалж самбаа шаардсан авто спортоор тууштай хичээллэж, тив, дэлхийн олон тэмцээнд уралдаанд улсынхаа далбааг мандуулж ирсэн авто спортын ОУХМ Д.Болдбаатар Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялааж буй. Тэрбээр, Монголын авто спортын анхны гавьяат тамирчин болж буй нь энэ. “Авто спортыг л Монголд сайхан хөгжүүлмээр байна. Үүний төлөө би бүх амьдралаа зориулна” хэмээн ярих шинэхэн Гавьяат тамирчин Д.Болдбаатартай ярилцлаа.

-Сайн байна уу. Юу түрүүнд Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялааж буйд тань баяр хүргэе.

     -Баярлалаа. Сэтгэл маш их хөдөлж байна. Авто спортын анхны гавьяат тамирчин болж байна. Түүх бичилцэж байна шүү дээ.

-Тэгэлгүй яах вэ. Энэ хүртэл урт замыг туулж, аз сорьсон, эр зориг шаардсан олон тэмцээн уралдаанд оролцож, их хөдөлмөрлөсөн байх?

     -Өнгөрсөн хугацаанд хөрөнгө, мөнгө, хүч, чадал бүх зүйлээ л авто спортод зориуллаа. Би авто спортод хөл тавьснаас хойш олон тэмцээнд оролцсон. Дакар Раллид гурван жил уралдаж, өмнөд Америкт Монголын далбааг гурван жил мандуулсан. Япон, Монголын хамтарсан олон улсын томоохон тэмцээнд есөн жил түрүүлсэн. Ер нь бол машинаар уралдаад 80 алт, 6 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн. Энэ бүхэн Монголд авто спортыг хөгжүүлэхийн төлөө гэж би хувьдаа ойлгодог. Энэ хөдөлмөрийг минь төр үнэлж, Монголын авто спортын анхны гавьяат тамирчин хэмээх цолоор шагнаж буйд баярлаж байна. Үнэндээ би шагнал урамшуулалд төдийлөн дуртай биш. Хойноос нь хөөцөлдөөд байдаггүй. Харин анхны гэх тодотгол сэтгэл их хөдөлгөлөө. Мөн аав, ээж минь настай хүмүүс байдаг. Намайг маш сайн дэмжиж, авто спортыг маш сайн ойлгодог. Тиймээс хоёр буурайгаа баярлуулсандаа их сэтгэл хангалуун байна.

-ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХЭЭ АВААД "БАТ ХҮЛЭГ" ТЭМЦЭЭНД УРАЛДАЖ, ГУРАВДУГААР БАЙРТ ОРЖ БАЙСАН. ТЭР ШАГНАЛ МИНЬ ТУХАЙН ҮЕД ШУУГИАН ТАРЬЖ БАЙЛАА-

-Анх хэдэн настайдаа авто спорттой “танилцаж” байв?

     -Манай аав машин, мотоциклд их дуртай хүн байдаг. Манай ах олон жилийн өмнө мотоцикл их сайхан унаж, уралддаг байсан. Аав, ах хоёроо харсаар байгаад техникт хоббитой болж, 16 нас хүрээд анх уралдаж байсан. Тэгээд 18 нас хүрээд үнэмлэхээ аваад “Бат хүлэг” тэмцээнд уралдаж, гуравдугаар байрт орж байсан. Тэр шагнал минь тухайн үед их шуугиан тарьж байсан. Тэр үеийн сонин, хэвлэлээр “Анх удаа уралдсан хэрнээ гуравдугаар байранд орсон” гээд нийтлэгдэж байлаа. Түүнээс хойш олон улсын томоохон тэмцээнүүдэд дугуйтай болгоноор уралдаж ирсэн дээ.

-Тэгэхээр авто спорт техник, тамирчнаас гадна авьяас шаарддаг юм байна. Тийм үү?

    -Тэгэлгүй яах вэ. Авто спорт авьяас их шаарддаг, техникийн спорт. Авто спортыг хөгжүүлэх гээд байгаа гол зорилго минь заавал уралдаан, тэмцээнд оролцдог мундаг тамирчин бэлдэх биш, техниктэй харилцаад сурчихвал замын хөдөлгөөнд соёлтой оролцдог болно. Авхаалж, самбаа, аливаа зүйлээс хурдан мултарч чадна гээд энэ спортод олон сайн зүйл бий л дээ.

Хүмүүсийн сонирхдог олон нийтлэг спортууд дундаас авто спорт өргөн хүрээг хамардаг. Нэг тэмцээн зохиолоо гэхэд 10-15 мянган хүн хамардаг байсан үе бий.

Гэтэл энэ спортыг орхигдуулаад олон жил боллоо. Яах вэ, дандаа нийтлэг спортын тамирчид шагнал урамшуулал авдаг. Харин өнөөдөр төр засаг минь энэ спортын хөгжлийг дэмжиж, гавьяат цолоор шагнаж байна.

-Авто спорт бол экстрим спорт шүү дээ. Өнөөдрийг хүртэл оролцсон олон тэмцээнээс хамгийн эрсдэлтэй, хүнд уралдаан хэзээ болж байсан бэ?

   -Тийм ээ. Авто спорт аз сорьсон, хүнд спорт л доо. Ганц хүнээс шалтгаалахгүй, техникийн бүрэн бүтэн байдал гээд олон зүйл нөлөөлнө. Гэхдээ уралдааны машин хамгаалалтын карказ төмөртэй, тамирчид хамгаалалтын дуулга, бүс, суудал зэргийг зориулалтын дагуу хэрэглэдэг болохоор унах юм уу, осол гарахад бэртэл, гэмтэл авах нь бага байдаг. Миний хувьд хүнд уралдаан гэвэл мотоциклын уралдаан хүнд байдаг. Авто спортын олимп гэж нэрлэгддэг Дакар Раллид уралдаж байхад хүнд нөхцөл байдалтай таарсан. Өдөрт мянган километр шороон зам туулж, 14 хоногт 10 мянган километр шороон зам туулсан. Тэр хугацаанд их юм тохиолдоно шүү дээ. Нэг тэмцээнд таван мянган метр өндөр нурууг мотоциклтой давж байсан. Мөн Өмнөд Америкийн нэг тэмцээнд оролцож байхдаа өргөстэй мод, сул элс, хатуу чулуу гээд хүний нутагт тулгарч болох бүх л саад бэрхшээлийг мотоциклдоо найдаад л давж гарч байлаа. Энэ мэтчилэн олон зүйл тохиолдоно.

-Тамирчин хүнд сэтгэл зүй их чухал байдаг. Таны хувьд уралдахаас өмнө сэтгэлзүйгээ хэрхэн хянадаг вэ?

     -Тамирчин хүнд сэтгэл зүй хамгийн чухал нь. Яг уралдаанд гарахын өмнө их догдолдог. Олон машинтай уралдахаар зэрэгцэж зогсох мөч хамгийн сайхан. Нэг уралдаанд дунджаар 200 тамирчин оролцоно шүү дээ. Энэ олон машин дундаас түрүүлэхийн тулд нэлээн авхаалж, самбаа, бэлтгэл хэрэгтэй дээ.

-Авто спортын олон тамирчин таныг хүндэлж мөн өөрсдийнх нь хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр таныг нэрлэдэг юм билээ. Таны хувьд хүчтэй өрсөлдөгч тань хэн бэ?

     -Би өрсөлдөж буй тамирчнаа сайн, муу гэж үздэггүй.  Тэмцээнд оролцож буй бүх тамирчин миний хүчтэй өрсөлдөгч. Өрсөлдөгч гээд үзэн ядаад байх зүйлгүй. Хайрлаж, хүндэлж уралдах хэрэгтэй болов уу.

-Гэр бүл тань авто спортыг сайн ойлгож, таныг сайн дэмждэг гэсэн шүү дээ?

     -Манай гэр бүл намайг сайн дэмждэг шүү. Би эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Эхнэр минь миний оролцож буй тэмцээнийг ирж үзэх их дуртай. Аав, ах минь миний машины засвар, үйлчилгээг бүрэн хариуцаж, тэмцээнд оролцоход миний машиныг бэлдэж өгдөг дөө.

-Ярилцсанд баярлалаа. Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.

     -Баярлалаа.

 


МУГТ Д.БОЛДБААТАР: Өнгөрсөн хугацаанд дугуйтай болгоноор л уралдаж ирлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-29 05:43:42
    Simak: 30 хоногт 10000 явцын.. бараг л муста юм байна хөө . АМЖИЛТОО өөр юу байхав
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-27 23:49:28
    Ш.Гомбодорж : Миний амжилтын үндэс шинэхэн ГАВЬЯАТ Бумбадай маань байсан шүү найздаа цаашдын тэмцээнд нь амжилт хүсье. Гавьяатдаа Хамтдаа уралдаад байж дээ ккк
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-27 22:35:48
    бук: өшөө илүү ихийг бүтээгээрэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-27 17:27:04
    Dangaa: Saihan nz min bayr hurgie
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188