• Өнөөдөр 2024-05-19

Д.ЧИНЗОРИГ: Монголын жүжгийн зохиолын цагаан толгой бол Д.Намдагийн "Ээдрээ" жүжиг

             МЗЭ-ийн шагналт, зохиолч, яруу найрагч Д.Чинзоригтой ярилцлаа. Түүний хувьд ОХУ-ын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг жүжгийн зохиолч мэргэжлээр төгссөн, Монголын мэргэжлийн ганц жүжгийн зохиолч юм. Тиймдээ ч түүний уран бүтээлээс мэргэжлийн ур чадвар харагддаг билээ. "Би номын цуглуулгаараа айргийн тавд ордог болов уу" хэмээн ярих түүний ярилцлагыг хүргэж байна.

-Надад архинд ороод баларч явсан үе бий. Тэгж явахдаа би ганц ширхэг ном, хуудас ч зараагүй. Тиймээс би “Номоор баян хүн” гэж онгирдог юм-

-Сайн байна уу. Д.Чинзориг ахаар сүүлийн үеийн уран бүтээлийн сонин юу байна вэ?

      -Сайн байна уу. Хөл хорио гээд гэртээ ихэнх цагаа өнгөрөөж байна. Энэ хөл хорио тогтож, сууж бичдэг хүнд их ашигтай. Миний хувьд тогтож сууж барагтаа чаддаггүй хүн шүү дээ. Байнга л явж байдаг. Тиймээс надад хөл хорио огт зохихгүй юм билээ.  Мөн миний тогтсон бичлэгийн арга барил шөнө байдаг. Эхнэр, хүүхэд унтаад, би тэр орчиндоо эзэн болсон цагтаа бичиж эхэлдэг.

-Та Монголоос М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг жүжгийн зохиолч мэргэжлээр төгссөн ганц хүн. Оюутан  ахуй цагаа дурсахгүй юу?

      -Би 1971 онд тавдугаар ангийн сурагч байхдаа анхны шүлгээ бичиж байлаа. “Онгироо бамбарууш” шүлэг маань сонинд хэвлэгдэж, түүнээс хойш 14 жил шүлэг тэрлэсэн. 1982 онд жүжгийн зохиолын уралдаан зарласан юм. Би тухайн үед жүжгийн зохиол гэж мэдэхгүй шүү дээ. Тэгээд “Дур эзнээ голдоггүй” гэдэг шиг би анх удаа жүжгийн зохиол бичлээ. “Анхны хайр хүрэх галт тэрэгний билет” нөгөө жүжгээ уралдаанд аваачиж өглөө. Байр эзэлнэ гэж санасан ч үгүй. Тэгсэн нөгөө жүжиг маань байранд оржээ. Түүнээс л урам авч, жүжгийн зохиолч болохоор эргэж буцалтгүй шийдсэн. Тэгээд 1985 онд М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд шалгалт өгөөд орлоо. Би нэг орос багшийн яруу найргийн семинарт ороод суучихлаа. Тэгээд “Би энэ ангид суухгүй. Жүжгийн зохиолч мэргэжлээр сурна” гэж хэлтэл “Тэгвэл чи Виктор Сергейвич”-ийн ангид сур гээд анх багшийнхаа ангид элсэж байлаа. Орой таван цагт манай хичээл эхлээд л хүүхдүүд шуугилдаж байснаа “Виктор Сергейвич ирлээ” гээд л анги нам гүм болчихдог юм. Тэгсэн нэг хөгшин орос, ялимгүй доголон юм аа. “Энэ одоо “Розов” жүжгийн зохиолч юм байхдаа” гээд бодож байлаа. Тэгээд тэр ангидаа нэг жил явлаа, юу ч ойлгодоггүй. Хоёрдугаар курсдээ элсэх болоод л өвлийн шалгалтаа өгөх гэсэн “Чамаас шалгалт авахгүй. Чи нийлүүлж байгаад хавар өг” гэж хэлсэн. Тэр жил би аавыгаа алдсан юм.

“Аав аа, би сургуульд явах боллоо” гэтэл “Өө яваад ир миний хүү. Аав нь чамайг иртэл амьд байж байна” гэж хэлэхээр нь сургуульдаа явсан. Ирээд 20 хонож байхад “Аавын бие муу байна. Яаралтай ир” гэсэн ганцхан өгүүлбэртэй цахилгаан ирсэн

          ОХУ-д очоод 20-иод хонож байхад л “Аав чинь өнгөрлөө” гэсэн цахилгаан ирж байсан. Би аавын бие муу байгаа гэдгийг мэдэж байсан л даа. Тэгээд би аавд “Ааваа би сургуульд явах боллоо” гэтэл “Өө яваад ир миний хүү. Аав нь чамайг иртэл амьд байж байна” гэж хэлэхээр нь сургуульдаа явсан. Ирээд 20 хонож байхад “Аавын бие муу байна. Яаралтай ир” гэсэн ганцхан өгүүлбэртэй цахилгаан ирсэн. Тухайн үед манай тавдугаар курсийн Ж.Сарантуяа миний онгоцны билет, мөнгө бүх юмыг зохицуулж байсан. Тэгсэн би “Ширминтова” онгоцны буудлаа мэддэггүй. Анх удаа Москвад ирж байгаа улаан нойл амьтан шүү дээ. Тэгээд манай Д.Намсрай “Чи яаж явах юм бэ. Би  чамайг хүргэж өгье” гээд шөнө хүргэж өгч байлаа. Тэгээд харьж ирээд үргэлжлүүлэн сурсан даа. Хавар шалгалтаа өгөх гэсэн юу ч ойлгодоггүй. Тэгсэн багш “Чамаас шалгалт авахгүй. Чи нэгдүгээр курсдээ буцаж сураарай гэж” хэлээд бөөн баяр. Ингээд нэгдүгээр курсдээ хоёр жил сурч байлаа. Миний багш үнэхээр мундаг. “Тогоруун цуваа” гэж дэлхийг шуугиулсан киноны зохиолч. Тэр мундаг хүний удирдлага дор 1991 онд сургуулиа төгсөж байлаа. Оюутан байхдаа “Өвгөдийн буудлага”, “Амьдрал хайр дээр тогтдоггүй” жүжгүүдээ бичсэн .

-Таныг хүүхэд байхаасаа эхлээд л ном сайн уншдаг, ном сайхан цуглуулдаг хэмээн дуулсан. Энэ талаар яриагаа үргэлжлүүлье?

           -Би 1971 оноос эхлэн ном цуглуулах сонирхолтой болсон. Ямар л ном олдоно бүгдийг нь цуглуулдаг. Тэр дунд хэрэгтэй, хэрэггүй олон ном бий. Ингэж хэлбэл худлаа онгирсон болох болов уу. Ямартай ч би номын цуглуулгаараа айргийн тавд ордог байх аа. Миний цуглуулгад одон орон, амьтан судлал гээд олон төрлийн ном бий. Ямар сайндаа манай эхнэр “Чи яагаад хэрэгтэй, хэрэггүй олон ном цуглуулаад байдаг юм” гэж хэлж байх вэ дээ. Надад архинд ороод баларч явсан үе бий. Тэгж явахдаа би ганц ширхэг ном, хуудас ч зараагүй. Тэгээд би “Номоор баян хүн” гэж онгирдог юм.

-Та Монголын уран зохиол тэр дундаа жүжгийн зохиолд өөрийн гэсэн нэрээ дархалж үлдээсэн хүн. Тантай нэг үед уран зохиолд орж ирсэн хүмүүс даацтай уран бүтээл туурвиж үлдээсэн санагддаг. Тэдний цөөн хэд нь П.Баярсайхан, Ц.Чимэддорж, О.Содномпил, Д.Төрбат гэх жишээтэй. Тэднийхээ тухай хууч дэлгээч.

           -Бид 1980-аад онд утга, уран зохиолын гараанаас зэрэг гарсан. Бидний цуглаж, дотносох орон зайг Д.Пүрэвдорж гуай бүрдүүлж өгсөн юм. Учир юу гэвэл Д.Пүрэвдорж гуай “Яруу найргийн тэнхим” байгуулна. Түүний даргаар нь н.Доржпалам, орлогч даргаар нь Д.Чинзориг" гэж нэр зааж байлаа. Ингээд биднийг яруу найргийн тэнхимд явж байхад С.Эрдэнэ гуай Үргэлжилсэн үгийн тэнхим байгуулсан. Тэр тэнхимд П.Баярсайхан, Ч.Энхээ, М.Амгалан гэх зохиолчид байлаа. Ингэж цул байсан зохиолч,  яруу найрагчдыг ангилж эхэлсэн дээ. Би яруу найргийн тэнхимд байсан л даа. Гэтэл миний дотор жүжиг л бичмээр санагдаад болдоггүй тэгээд би яруу найргаасаа зугтааж, үргэлжилсэн үг рүү орсон доо.

1980-аад оны уран бүтээлчид бол алтан үеийнхэн гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу

            Жүжгийн зохиолчдоос Ш.Гүрбазар, Д.Төрбат зэрэг сайхан уран бүтээлчид бий. Манай Д.Төрбатад кино, жүжиг, роман гээд бичээгүй төрөл байхгүй. 1980-аад оны уран бүтээлчид бол алтан үеийнхэн гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Биднээс хойш үеийн жүжгийн зохиолчдоос “Тэр л сайн бичнэ дээ” гээд хэлчих хүн тун бүдэг, бараг харагдахгүй байна. Жоохон хатуу хэлж магадгүй. Гэхдээ хатуу үг үнэн байдаг. Сүүлийн үеийн уран бүтээлээс авах юм алга. Мөнгөтэй хүн мөнгөөр зодоод, сайхан ном хэвлүүлж байна. Хавтас нь сайхан юм даа. Би үүнд их харамсаж явдаг. Мөн 1985 оноос хойш олон жүжгийн зохиолчид бий болсон. Тэдгээр зохиолчийн жүжгийг найруулан үзэгчдэд хүргэх тайз байхгүй байна. Залуучуудыг дэмжсэн шиг дэмжээд, чөлөөтэй сэтгэх боломжийг нь олгоод өгвөл бүгд сайн жүжиг бичиж л таарна. Гэтэл тэгж дэмжих бодлого алга.

-Саяхан нэг шүүмж уншихад таны бичсэн “Өвгөд буудлах нутаг” жүжгийн тухай дурдсан байна лээ. Таны үед жүжгийн зохиол бичих жоохон дэгтэй байсан байх. Одоо цаг хугацаанаас хамаараад жоохон өөр болсон болов уу. Тиймээс таны хувьд Монголын жүжгийн цагаан толгой болох жүжиг нэрлэвэл?

             -Би ам бардам хэлье. Д.Намдаг “Ээдрээ”, “Оролмаа”, “Хярааны хонхорт” энэ бол жүжгийн зохиолын цагаан толгой. Би социализмын үеийг бүхэлд нь муу хэлж чадахгүй. Түүнээс авах сайн зүйл олон бий. Гэхдээ социализмын үе бий болсноор жүжгийн зохиолыг 1990-ээд он хүртэл хаасан. Түүнээс өмнө “Саран хөхөө” театрт Д.Данзанравжаагийн найруулгаар сайн жүжиг тоглож болоод л байсан. Гэтэл 1990 он хүртэл чөлөөт сэтгэлгээг хорихоор жүжгийн зохиол бүхэлдээ уналттай байгаа гэж боддог.

-Сүүлд та дурсамжийн ном бүтээсэн байна лээ. Тэр номдоо их олон хүний тухай сайхан дурсамж бичсэн юм билээ. Харамсалтай нь хүмүүс тэр номыг төдийлөн шүүрдэж уншаагүй болов уу гэж боддог. Та өөрөө ч энэ тухайгаа “Архи ууж байсан тухай нэлээн бичсэн болохоор хүмүүс төдийлөн уншихгүй байгаа юм байлгүй дээ” гэж хэлж байсан удаатай. Тэр номынхоо тухай дурсахгүй юу?

            -Хүн мэдэх юмаа мэдэж байгаагийн хэрээр л ярих сайхан. Сүүлийн үед хүмүүс уулзаж учирч байгаа гэхээр, үй зайгүй найз гэж бичдэг. Та их зөв анзаарсан байна тэр номд архины тухай их бичсэн. Би зөвтгөж байгаа юм биш л дээ. Гэхдээ хүн архи ууж байхдаа сэтгэлээрээ ярьдаг. Тэр дунд хүний цаад мөн чанар харагддаг. Жишээ нь Ж.Лхагва ахын тухай тэр номд “Ж.Лхагва ах минь жаахан яаруухан буцлаа даа. Хэрвээ амьд байсан бол Жамух романаа бичих байсан шүү дээ” гэж бичсэн. “Жамух роман бичих гэж байгаа” гэж олон жил ярьсан. Цэг ч тавьж чадаагүй. Яах вэ төлөвлөгөө гаргаж байсан байх л даа. Иймэрхүү зүйлүүд надад их харамсалтай санагддаг юм. Би яагаад ингээд бичээд байгаа юм, бид жамаараа үхэж л таарна. Харин биднийг үхэхэд үнэн үлдэх ёстой. Хатуу сонсогдож магад ч амьдарч буй хугацаандаа туулж өнгөрүүлсэн үнэн зүйлээ л бичиж үлдээсэн.

-Уран бүтээлчдийн тухай сайхан яриа өрнүүллээ. Одоо таны шинэ уран бүтээлийн талаар ярилцъя. Энэ жил таны хувьд уран бүтээлийн олз омог ихтэй байлаа. “Хорин таван нас” яруу найргийн ном, “Анхны хайр хүрэх галт тэрэгний билет” жүжгийн номоо хэвлүүллээ. Энэ хоёр номын тухай яриа дэлгээч?

          -Хорин таван насанд миний яруу найраг эхэлсэн, бас дууссан. Өөрөөр хэлбэл Д.Чинзориг яруу найргийн гуравхан ном хэвлүүлсэн. Хүн үнэнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Миний анхны яруу найргийн ном сэтгэл зүй хүнд байсан болоод ч тэр юм уу, маруухан болсон. Хоёр дахь “Бодох цэг” яруу найргийн ном маань гайгүй сайн болсон шүү. Одоо бол би жүжгийн зохиолоо л бичнэ. Энд нэг нууц задлахад надад “Жүжгийн зохиолын үндэс” гэж хэвлүүлж чадаагүй номын гар бичмэл бий. Тэр номдоо Д.Намдаг “Хярааны хонхорт, Д.Чимэд “Босгон дээр”, Ч.Лодойдамба “Гарын таван хуруу” гэсэн жүжгийн зохиолын цаад санаа, уг үндэс нь ийм юм гээд өөрийнхөөрөө задалж бичсэн юм.

-Ярилцсанд баярлалаа.

          -Баярлалаа.


Д.ЧИНЗОРИГ: Монголын жүжгийн зохиолын цагаан толгой бол Д.Намдагийн "Ээдрээ" жүжиг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188