• Өнөөдөр 2024-05-19

Дохионы хэлмэрч С.БЯМБАДЭЛГЭР: Аав минь “Хөлгүй хүний хөл, хэлгүй хүний хэл болж яваарай” гэж захисан

-Аав минь дохионы хэл сурч эхлэхэд "Ямар гоё юм бэ. Ийм хүүхдүүдэд туслалгүй яах вэ, миний хүү" гэж дэмжиж, уярч байсан-    

      Тэр бол сонсголгүй иргэдийн зүг чигийг заагч Алтан гадас одон. Бусдыг жаргалтай байлгахын тулд үргэлж гэрэлтэж байдаг харвадаггүй од. Харин газарт буухаараа хэзээ ч ганхдаггүй төмөр гүүр гэж тодотгомоор байна. Бусдын төлөө чин сэтгэлээсээ ажиллах, хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлах. Бусдад чин сэтгэлээсээ туслахын тулд үргэлж өөрийнхөө тэмцэж, гэрэлтэж байдаг түүнийг Сэр-Одын Бямбадэлгэр гэдэг. Уншигч таны мэдэж буйгаар Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээллийн дохионы хэлний орчуулагч. Тэрбээр саяхан энгэрээ мялааж, Алтан гадас одонгоор шагнуулаад байгаа билээ. Түүнтэй хөөрөлдсөнөө уншигч танд хүргэе

-Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан танд баяр хүргэе. Манай уншигчдад баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

           -Бүх хүнд маш их баярлалаа. Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээллээр дохионы хэлний хэлмэрчээр ажилласнаас хойш олон хүн таньдаг болсон. Гэхдээ үүнээс ч өмнө нь би ажлаа хийсээр л байсан. Сонсголгүй иргэдэд төрийн байгууллагын үйлчилгээ, мэдээллийг дохионы хэлний хэлмэрч, орчуулагчийн тусламжтайгаар хүргэх ажлыг өөрсдийнхөө хэмжээнд хийж, хувь нэмрээ оруулсан үе үеийн хэлмэрч, орчуулагч нартаа баярлалаа. Энэ хүмүүсийн үр шимээр өнөөдрийн нийгэмд нэг ч хүнийг хаалганы цаана үлдээдэггүй цаг үе ирж байна.

Сонсголгүй иргэн  бусдаас хоцрохгүйгээр хамтдаа хөгжих ёстой гэдгийг ойлгож, хандлагаа өөрчилсөн уншигч, үзэгч танд баярлалаа. Энэ бүх зүйл сонсголгүй иргэдийн минь дуу хоолойны үр шим шүү гэж хэлмээр байна. Энэ шагнал Монголын ард түмний шагнал шүү. Мөн намайг цаг үргэлж дэмждэг сонсголгүй иргэддээ, хэн ч, ямар ч онцлогтой байсан хамаагүй хүн гэдэг утгаар нь биенээ хүндэтгэж, нийгмийг бүтэн байлгаж байгаа бүх хүнд талархлаа. Бусдыг ойлгож, хүлээн зөвшөөрнө гэдэг тийм амар биш ч нийгэм маань өөрчлөгдөж байна. Энэ бүх зүйлд хувь нэмрээ оруулж байгаа хүмүүсээр бахархаж байна. Чаддаг зүйлээрээ нийгэмдээ хувь нэмэр оруулна гэдэг чухал. Бүгд эрүүл аюулгүй нийгэмд аз жаргалтай амьдрахыг хүсдэг шүү дээ. 

-Эрүүл мэндийн яамны мэдээнд орчуулагч хийгээд багагүй хугацаа өнгөрлөө. Таныг заримдаа байхгүй болохоор сонин санагддаг болсон байна шүү.

         -Зарим үед амраад манай шавь орчуулагч хийж байгаа. Хоёр жилийн өмнө бид дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед ямар арга хэмжээ авах ёстой, иргэд энэ бүгдийг хэрхэн даван туулах, яаж сэтгэл санаагаа тогтуун байлгах гэдэгт илүү анхаарал тавьж, хүн болгон санаа нэгдэж эхлүүлсэн. Энэ ч утгаараа олон хүнд хүрсэн гэж боддог.

-Дохионы хэлний орчуулагч болох хамгийн том хүч нь таны хань, найзууд тань байсан юм билээ. Энэ талаараа манай уншигчдад сонирхуулахгүй юу?

        -Би эрхзүйч мэргэжилтэй. Гэхдээ би өөрийнхөө хүслээр хэлмэрч болсон. Би хүмүүс дундаас, сонсголгүй иргэдээс нь дохионы хэлийг сурсан. Одоо ч сурсаар байгаа. Найз нөхөд минь сонсголгүй, миний хань сонсголгүй байсан учраас би тэднээс энэ бүгдийг сурсан. Тэд минь өөрсдийнхөө хэмжээнд надад бүх зүйлийг харамгүй зааж өгсөөр байгаа.

-Ханийнхаа талаар яриад өгөөч?

         -Үргэлж надтай хамт, миний дэргэд хараад байж байгаа гэж итгэдэг. Миний хань их сайхан хүн байсан. Сайн хүн байсан гэдгийг нь олон хүн мэддэг. Бид сагсан бөмбөг тоглож байгаад танилцаж байлаа. Өндөр, нам хоёр хоршиж бусад багаа хожсоор байгаад танилцаж байсан түүхтэй. Гэхдээ бид хоёр нэг байрных байсан юм. Гарсан, орсон, тоглосон, наадсан бүхий л үед хамтдаа байдаг байлаа.

 Биднийг хүмүүс гудамжаар дохионы хэлээр яриад алхахаар “Энэ хоёр чинь яасан хөөрхөн юм бэ. Яасан сайхан залуучууд вэ” гэж их хэлдэг байсан. Хүмүүс намайг сонсож байгаа гэдгийг мэдэхгүй, хоёулаа л сонсголгүй гэж боддог байсан юм. Хэн ч харсан түшигтэй, сайхан залуу байсан даа. Мөн ч авьяастай залуу байлаа шүү дээ. Түүнтэй хамт байхаар хамгаалтан дотор байгаа юм шиг л санагддаг байлаа. Бид бие биеийгээ “усалж”, хамт тоглоод л явж байдаг байлаа.

-Таны аав нүцгэн хүн явж байвал дээлээ нөмрөөд явуулах хэмжээний сайхан сэтгэлтэй хүн гэж сонссон. Амжилтад хүрэх болгондоо аавыгаа боддог байх. Энэ өдөр таныг аавыгаа дурсаасай гэж хүсэж байна.

           -Тэгэлгүй яах вэ. Миний аав их бүтээлч хүн байлаа. Ажиллаж байгаа газартаа шинэ зүйл бүтээж, эрэлхийлдэг хүн байсан юм. Техникийн чиглэлийн хүн болохоор бүтээлч байх нь аргагүй. Яавал юмыг хялбар болгох, яавал хүнийг тав тухтай байлгах гэдгийг байнга эрэлхийлж байдаг. Тухайлбал, гэрээ халаахдаа яаж халаах, байшингаа халаах паар хийх, машинаа хэрхэн шатахуун бага зарцуулдаг болгох гэдгийг сэтгэж, боддог. Энэ бүх зүйлээ туршиж үзэх дуртай хүн байсан. Хүнд туслахын тулд ямар нэгэн зүйл шинээр хийх сонирхолтой бүтээлч хүн байлаа. Би аавынхаа энэ бүгдээр бахархаж, баярлаж явдаг. Яагаад гэвэл хэн нэгэнд туслахын тулд ямар нэгэн зүйл хялбарчлах гэж байнга толгой нь ажиллаж явдаг. “Үүнийг ингээд хийчихвэл тэр хүн маань тухтай амьдрах нь” гэж байнга бусдын төлөө амьдардаг хүн байлаа. Би гэхдээ тухайн үед бага байсан болохоор их гайхдаг байжээ. Одоо эргээд бодохоор миний аав олонтой хүн байж. Би чинь аавынхаа үргэлжлэл шүү дээ. Аав минь одоо “Миний охин” гээд намайг хараад баярлаад, бахархаж байгаа байх.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний Хөгжлийн төвд хэзээнээс багшилж байна вэ?

           -Энд багшлаад 10 гаруй жил болж байна. Төрийн үйлчилгээ нэг ч иргэнийг орхилгүй, хүн бүрд тэгш хүрээсэй гэдэг утгаар олон дохионы хэлний хэлмэрч бий болж байна. Үүнээс олон хэлмэрч, орчуулагч нэмэгдээсэй, тэр залуучууддаа урам өгөх юм сан гэж бодож байгаа. Мөн төрийн үйлчилгээний төв цэгүүд нэг ч хүнийг буцаахгүйгээр үйлчилгээ үзүүлдэг болгох юм сан. Ингэхийн тулд хэлмэрч, орчуулагч бэлдэх хэрэгтэй. Энэ мэтчилэн бодож, төлөвлөж байгаа ажлууд бий. Бид чихээрээ сонсдог. Харин манай сонсголгүй иргэд хараагаараа сонсдог. Миний чихээрээ сонсоод зүрхэнд хүрч байгаа мэдрэмж, сонсголгүй иргэдийн хараагаа сонсоод зүрхэнд хүрч байгаа мэдрэмж яг адилхан. Сонсголгүй иргэдийн тэмцэл, буцалж байгаа бүхнийг харахаар илүү сайн ажиллах, хичээх хүсэл төрдөг. Сонсголгүй иргэдэд хэрэгтэй мэдээ мэдээллийг нь хүргэж, гаргаж байгаа шийдвэр, ажил, амьдралд нь үнэтэй хувь нэмэр оруулах юм сан гэж хичээдэг дээ. Энэ хүмүүсийг улам боловсроод, хөгжөөд, амьдралын баталгаа нь сайжирч байгааг харах болгондоо урамшдаг. Мөн сонсголгүй иргэд минь байнга намайг дэмжиж, хайрлаж, надад байх ёстой бүх зүйлийг зааж, сургадаг. Сонсголгүй иргэддээ үүгээр дамжуулаад, “Хайртай шүү, баярлалаа” гэдгээ хэлмээр байна. Би энд ажиллахаасаа өмнө “Дэлхий зөн” олон улсын байгууллагад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол олгох төсөл дээр ажиллаж байлаа. Мөн “Eagle” телевизэд мэдээний орчуулагч, залуучуудад зориулсан асуудал дэвшүүлсэн “Түлхүүр” гээд нэвтрүүлгийг бэлтгэж хүргэдэг байсан. Телевиздээ их хайртай.

-Таны гол зарчим юу вэ?

-Ямар нэгэн ажлыг тухайн цаг үед нь хийх юм сан, нэгдүгээрт. Хоёрдугаарт, цагийн хувиараа сайн төлөвлөх хэрэгтэй. Хийх гэж байгаа ажилдаа хэзээ цаг гаргах боломжтой, боломжгүйгээ сайтар тооцдог. Нэгэнт цаг гаргасан ажилдаа хамгийн сайнаараа л хандах хэрэгтэй. Цаг үрэх шаардлагагүй байх гэж боддог. Бүх л орчуулга хүнд. Тийм амар зүйл биш. Бид ихэвчлэн ярианы орчуулга хийдэг учраас өргөн хүрээний мэдлэгтэй байх ёстой. Дохих гэж байгаа сэдвийнхээ талаар өргөн хүрээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Манай ангид бүх төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүн ирж суралцдаг. Хүн болгонд тохирох аргаар нь сургалтын чанарыг бууруулахгүйгээр сургалтаа явуулна гэдэг чухал.

-Ажлаа хийгээд явж байхдаа тохиолдсон хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцаж болох уу?

            -Хүмүүсийн талархал маш гоё байдаг. Сэтгэлээс гардаггүй нэг дурсамж бий. МУГЖ Н.Төмөрхуяг ахын хүү “Бямбаа эгч ээ миний аавын дууг монголчууд мэднэ. Би миний аавын дууг бүх хүн сонсоосой гэж бодож байна. Та нэг дууг нь дохиод өгөөч” гэж хэлээд дууны үгнүүд өгсөн. Би харж байгаад “Ухаарч амьдрах хорвоо” дууг дохиж өгөхөөр болсон юм. Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах өдөрт зориулаад, “Ухаарч амьдрах хорвоо” дууг дохионы хэлээр дуулсан. Олон хүн дохионы хэлээр тэр дууг сонссон байна лээ. Нэг залуу ирээд “Бямбаа эгчээ, ёстой гоё. Маш их баярлалаа” гээд миний гарыг барьсан. Тэр залуу сул сонсголтой, хөгжмөө чихэн дээрээ тавиад, тултал чангалж байж бага зэрэг сонсдог. Дохионы хэлний орчуулгаар үгийг нь сонссон юм билээ. Надад “Би таны дохисон дууг 50, 60 удаа сонслоо. Миний аав, ээжийн хэлэх гэж байсан үг энэ дуун дотор байсан юм. Би бүүр асгартлаа уйллаа. Миний сэтгэл маш сайхан байна” гэж хэлсэн. Энэ дурсамж миний сэтгэлээс огт гардаггүй. Яагаад гэвэл тэр залуугийн сэтгэл уярч, аав, ээжийгээ сонсож, харж байгаа мэдрэмж авч байна гэдэг гайхалтай. Хэдийгээр дууг шууд орчуулахад хүндрэлтэй, сургалт, яриа орчуулахаас өөр ч би дуунд дуртай.

-Та байнга инээж, гал цогтой байдаг юм шиг санагдлаа. Та ямар үед гунигладаг вэ?

         -Хүн болгонд сэтгэл хөдлөл гэж бий. Гуниг, баяр, инээд хөөр, уйтгар гээд бүхий л зүйл хүнд байдаг. Гэхдээ хүн аймар гунигт автаад сууна гэдэг харамсалтай. Хайран цаг хугацаа гэж боддог юм. Гуниглаж суухын оронд дуртай зүйлээ хийгээд баясаад явж байсан нь дээр гэж боддог доо. Дуртай зүйлээ хийх юм бол тайвшрал олж авдаг.

-Ажлаа сайн хийх, хичээх урмыг тань мэдээж шавь нар нь өгдөг байх. Та хэдэн шавьтай вэ?

          -Би багш байснаар нэг, хоёр ч гэсэн хүний амьдрал өөрчлөгдөж, “Багшаа танд баярлалаа. Энэ сургуульд ирснээрээ миний амьдралын хоёрдугаар үе эхэлсэн. Би шинээр амьдралаа эхлүүлсэн. Би нутагтаа ирээд цех байгуулсан, малаа ингэж маллаж байгаа. Хэрэв би багштайгаа таараагүй, учраагүй байсан бол хуучин хэвээрээ л байж байх байсан” гэж хэлдэг. Энэ бүхнийг харах, сонсох сайхан. Манай оюутнууд Хөвсгөл, Өмнөговь, Завхан гээд 21 аймгаас ирж суралцдаг. Малчны хотноос, хүний гар, хөлийн аясаар хөдөлж байгаад ирсэн залуучууд манай ангид ирдэг. Тэд минь ирээд “Хүн гэдэг чинь өөрийн хүсэл мөрөөдөлтэй байх ёстой юм байна. Амьдрал гэдэг чинь ийм байна” гэх гоё зорилгыг өөртөө бий болгож, ойлгодог. Хүний харцыг гэрэлтэй байхыг харах хамгийн сайхан. Хүний нүд хэзээ ч худлаа хэлдэггүй юм.

-Таны бусдын чихээрээ сонсохгүй байгаа дуу чимээг сэтгэлд нь сонсгохыг хүсдэг мөрөөдөл тань биелсэн үү?

          -Хүний мөрөөдөл гэж зах хязгааргүй далай шиг. Хүн мөрөөдлийг баяжуулж, дахин түүнийхээ төлөө тэмцдэг. Мөрөөдөл дуусна гэж үгүй. Мөрөөдөл гээд ярьсан чинь ээжийгээ яримаар санагдчихлаа. Миний ээж чинь ХӨСҮТ-ийн эмчээр насаараа ажилласан хүн байдаг. А.Амбасэлмаа эмч миний ээж хоёр халдвартын тасагт хамт ажиллаж байлаа. Ээжийн мөрөөдөл дуусна гэж байхгүй. Одоо “За, жолооч болдог юм уу” гэж байгаа шүү дээ. Миний ээж ийм л хөнгөн, шингэн галтай цогтой бүсгүй байдаг. Ээжийг түргэний эмч байсан учраас хүмүүс байнга зам асуудаг юм. Хүмүүс ээж рүү залгаад “Баяраа эгчээ, энэ зам чинь яаж явдаг вэ” гэж асуудаг. Түргэний эмч, жолооч хоёр замыг бол гаргаахгүй мэднэ шүү дээ.

-Аав тань юу гэж захидаг байв?

          -Зарим хүн гайхдаг. Хүн чинь хүүхдээ хайрладаг байтал гал, ус руу ч хамаагүй хүүхдээ хүнд тусал гээд явуулдаг хачин аав, ээж шүү гэж гайхдаг юм. Миний аав “Хөлгүй хүний хөл, хэлгүй хүний хэл бол. Хүний амьдралд дэм болж явна гэдэг чухал” гэж захидаг байлаа. Аав минь дохионы хэл сурч эхлэхэд "Ямар гоё юм бэ. Ийм хүүхдүүдэд туслалгүй яах вэ, миний хүү" гэж дэмжиж, уярч байсан

 Тэгээд удалгүй би ханьтайгаа учирч, гэр бүл болсон. Миний хань төрөлхийн сонсголгүй байсан юм. Аав, ээж минь намайг дуртай зөвшөөрч, “Тэгэлгүй яах вэ” гэж хэлж байлаа. Би ийм л сайхан хүмүүсийн дэргэд аз жаргалаар дүүрэн өөрийнхөөрөө туучиж явна аа. Бүх хүнд талархаж, баярлаж байгаагаа дахин хэлмээр байна. 

 


Дохионы хэлмэрч С.БЯМБАДЭЛГЭР: Аав минь “Хөлгүй хүний хөл, хэлгүй хүний хэл болж яваарай” гэж захисан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-23 08:10:14
    Batchuluun: altan gadas odongoor shagnagdsand bayar hurgej aji hudulmurt ni undur amjilt hvsie
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188