-ТУХАЙН ҮЕД МАНАЙ УЛС ШИГШЭЭ НЭГ ТОГЛОЛТ ДЭЭР ТАЖИКСТАНЫ БАГТ 1:0-ЭЭР ХОЖИГДСОН. ТЭР ТОГЛОЛТЫН ДАРАА НУЛИМС ЦИЙЛГЭНЭЭД, ШУУД ХУВЦАС СОЛИХ ӨРӨӨНД ОРООД “НАМАЙГ ТОГЛУУЛЧИХГҮЙ ДЭЭ” ГЭЖ ИХ ХАРАМСАЖ, УЙЛЖ БАЙСАН-
Дэлхийд алдартай хөлбөмбөгчин болох мөрөөдөл тээж, алс Унгар Улсыг зорьсон Г.Ганбаяр хэмээх хүү хоёр жилийн тасралтгүй бэлтгэлийн үр дүнд Европын мэргэжлийн багтай гэрээ байгуулж, Унгарын дээд лигт тоглож эхэлснийг санаж буй байх. Сэлэнгэ нутгийн хөлбөмбөгчин хүү дэлхий дахинд танигдаж эхэлсэн нь монголын хөлбөмбөгийн спортын түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болж, хөлбөмбөг сонирхогч мянга мянган хүүхэд, залууд урам зориг өгсөн билээ.
Эргэлт.мн мэдээллийн сайт “Активал Чаквар” клубийн довтлогч Г.Ганбаяртай ярилцаж, хөлбөмбөг сонирхогч хүүхэд, залуусын түүнээс асуухыг хүссэн цөөнгүй асуултад хариулт авлаа. Тэрбээр хоёр жил гаруй хугацааны дараа эх орондоо ирээд буй юм.
-Сайн байна уу. Юун түрүүнд эх орондоо ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сайн байна уу. Бидний ярилцлагыг уншиж буй бүх хүмүүст энэ өдрийн мэнд хүргэе. Эх орондоо ирэх маш сайхан байна. Хоёр жил гаруй хугацааны дараа эх орондоо ирлээ. Дунд нь нэг удаа шигшээ тоглолтын үеэр ирсэн л дээ. Гэхдээ тоглолтоор ирсэн болохоор буудлаасаа гарч, эх орондоо ирснээ мэдэрч, нутаг руугаа явж, найз нөхөдтэйгөө уулзах боломж олдоогүй. Тийм учраас тэр үеийг эх орондоо ирсэн гэж тооцохгүй байгаа\инээв\
- Сүүлийн жил орчим Унгарын "NB I" буюу дээд лигийн тоглолтуудад оролцоод эх орондоо ирлээ шүү дээ. Энэ тухайд?
-Унгарын дээд лиг нийт 10 сар үргэлжилсэн. Энэ жил бүх баг бэлтгэл сайтай, өрсөлдөөнтэй тоглолтууд үзүүллээ. Сүүлд шигшээд шалгарсан таван баг оноо их ойролцоо өрсөлдсөн. Ер нь гал гарсан тоглолтууд өрнөсөн.
-Тэгэхээр сүүлийн нэг жилийн хугацаанд тасралтгүй бэлтгэлтэй байсан байх?
-Тийм ээ. Би долоо хоногийн таван өдөр бэлтгэлтэй, нэг өдөр нь тоглолттой, нэг өдөр нь амардаг. Амарсан өдрөө өөрийгөө хөгжүүлэх зүйлсээр хичээллэж өнгөрүүлдэг. Тэгэхээр сүүлийн жилийн гаруй амралтгүй шахуу л бэлтгэл, тоглолттой байлаа.
-Сэлэнгэ нутгаас спортын алдартнууд цөөнгүй төрсөн. Түүний нэг нь та. Тэгэхээр спортод амжилт гаргахад нөлөөлөөд буй нэг ижил зүйл бий юм шиг ээ. Таны хувьд их спорттой анх хэрхэн танилцаж байсан бэ?
-Би бага байхаасаа л байрныхаа найзууд, ах нартай хөлбөмбөг тоглож өнждөг байлаа. Зав л олдвол бөмбөг тоглодог, бөмбөг л байвал жаргалтай болдог хүүхэд байсан. Гэхдээ үеийнхэнтэйгээ гэхээсээ илүү дандаа өөрөөсөө илүү чадвартай, ах нартай тоглодог байсан юм. Тэр нь надад туршлага болсон болов уу гэж боддог. Хэдийгээр хөлбөмбөгт ухаангүй дуртай байсан ч ирээдүйд миний амьдралын салшгүй нэг хэсэг болно гэж бодож байгаагүй. 2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг үзээд л энэ спортод илүү дурлаж, хичээнгүйлэн суралцах болсон.
-Анх Унгар Улсыг зорьж байсан үеэ эргэн дурсвал?
- Би 2016 онд Унгар Улсыг зорьж байсан. Тэнд очоод хөлбөмбөгийн Пушкаш академид тэнцээд, мэргэжлийн гэрээ хийгээгүй байхдаа “Сузуки кап” тэмцээнд оролцож байсан. “Реал Мадрид” зэрэг алдартай багт тоглодог их том тэмцээн л дээ. Тэр тэмцээнээс хүрэл медаль хүртэж, ер нь өөрийгөө таниулсан гэж хэлж болно доо. Тэгээд 2018 онд мэргэжлийн гэрээгээ хийсэн. Гэхдээ очсоноосоо хойш гэрээ байгуулах хүртлээ хоёр жилийн хугацаанд тасралтгүй бэлтгэл хийсэн. Маш хүнд бэлтгэлүүд хийдэг байв. Магадгүй, энэ хугацаа миний амьдралын хамгийн хүнд, бас хамгийн урт хугацаа байсан байх. Шантрах тохиолдол ч гарч байлаа.
Сэтгэл дотроо бол өөрийгөө аль хэдийнээ чадвартай хөлбөмбөгчин болчихсон, тэмцээнд ороход бэлэн л гэж бодоод хүлээгээд л байсан
-Яагаад тэр вэ?
- Миний хувьд тэнд гадаад тамирчин, мөн насанд хүрээгүй болохоор тоглож болдоггүй байсан юм. Гэтэл надтай хамт очсон Украин, Чех, Рум, Сири хүүхдүүд хоёр иргэншилтэй болохоор чөлөөтэй тоглож болоод байдаг. Би болохоор ерөөсөө тоглож болдоггүй. Тэгээд 18 нас хүртлээ хүлээх хэрэгтэй болсон. Эсвэл эцэг, эхээ Унгар Улсад амьдруулаад харгалзах хүнтэйгээр гэрээ хийх боломжтой байсан. Гэхдээ надад тийм боломж байгаагүй учраас хүлээх л хэрэгтэй болсон. Сэтгэл дотроо бол өөрийгөө аль хэдийнээ чадвартай хөлбөмбөгчин болчихсон, тэмцээнд ороход бэлэн л гэж бодоод хүлээгээд л байсан. Тасралтгүй, эрчимтэй бэлтгэл сургуулилтын үр дүнд 2018 онд насанд хүрч, мэргэжлийн гэрээ байгуулж, тоглолтод орж эхэлсэн. Тухайн жилдээ Пушкашынхаа хоёрдугаар багт орж тоглоод гоол оруулж, бусад тоглолтуудад ч гоол алдаагүй. Тэгээд л ер нь зам маань их сайхан нээгдсэн дээ.
-Г.Ганбаяр багтаа ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
-Довтлогч хийнэ. Мөн хагас хамгаалагч хийнэ. Ер нь тэгээд урд хэсэгт хэрэгтэй байрлал гарвал тэнд тоглодог доо.
-Унгар Улсад өөрөөс тань өмнө гэрээ хийж, мэргэжлийн тамирчин болсон монгол хүн бий юу?
-Байхгүй. Гэрээ хийсэн анхны монгол тамирчин би.
-Мэргэжлийн багт гэрээ байгуулахад тамирчны ур чадвараас гадна тухайн хүний ёс зүй, хандлага, хүмүүжил зэргийг харгалзан үздэг болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Өөрийгөө хэрхэн авч явж байна, багийн уур амьсгалд хэрхэн нөлөөлж байна гэх зэргээр олон шалгуур тавьдаг. Миний хувьд багийн уур амьсгалыг эерэг болгодог юм шиг байгаа юм. Багийн тамирчдаа инээлгэж, уур амьсгалыг дулаан болгодог гэх үү дээ. Намайг ямар нэг зүйл ярихаар л багийнхан тэр чигтээ инээлдээд байдаг. Эсвэл тийм инээд муутай хүмүүс ч юм уу, мэдэхгүй. Гэхдээ л би ер нь уурлаж үзээгүй дээ. Өөрийгөө арай л их магтчихав уу даа/ Инээв/
-Тэгэхээр багийнхантайгаа их хурдан дотноссон байх нь ээ?
-Тийм ээ. Би очоод л шууд найзтай болсон. Хэлийг нь мэдэхгүй ч гэсэн өөдөөс нь дохио, зангаагаар харилцаад байхаар хурдан хэл сурч, найзтай болсон.
-Тамирчин хүнд талбайд гарахын өмнөх сэтгэлзүй чухал байдаг болов уу. Тухайн сэтгэл зүйгээ хэрхэн хянадаг вэ. Мөн тэмцээнд ялж, ялагдсаны дараа багын сэтгэлзүйд хэрхэн анхаардаг вэ?
-Миний хамгийн том давуу тал бол юунд ч, хэзээ ч сандардаггүй. Тэр ч бүү хэл “Реал Мадрид”-тай тоглоход хүртэл сандраагүй. Ямар ч тохиолдолд тайван байж л байдаг. Харин хожигдох юм бол багийн тамирчдынхаа сэтгэл санааг өргөх гэж л хичээдэг. Алдаагаа сайн ярилцаж, дараагийн удаа алдахгүй нь тулд дүгнэлт хийдэг.
-Боломж байсаар байтал ашиглаж чадахгүй хожигдох тохиолдол байдаг шүү дээ. Тэр үед л хамгийн хэцүү байх тийм ээ?
-Тийм үе байдаг шүү. Харамсмаар. Тэгээд тэр алдаанаасаа суралцаж, энэ үед өөр ямар боломж байсан бэ гээд л дүгнэлт хийж хардаг даа.
-Унгараас Монголын насанд хүрэгчдийн шигшээ багт дуудагдаж ирсэн хэрнээ тоглолтод ороогүй гэж дуулсан. Ямар шалтгаан байсан бэ?
-Тэр үед намайг тоглуулаагүй. Яагаад тоглуулаагүй вэ гэдгийг нь одоо ч сайн мэддэггүй л юм. Тухайн үеийн шигшээ багт тоглоогүй дээ их, бүр маш их харамсдаг. Одоо бодоход би дасгалжуулагчид л таалагдаагүй байх. Гэхдээ таалагдаагүй ч гэсэн гадаадаас ирсэн тамирчин гээд ядаж нэг минут ч болтугай талбайд гаргасан бол, тийм ээ. Тухайн үед хаа хаанаа үл ойлголцол үүссэн юм шиг байна лээ.
-Бэлтгэлийн үеэр дасгалжуулагч та хоёрын дунд үл ойлголцол үүссэн гэж үү?
-Тийм ээ. Бэлтгэлийн үед жоохон буруу ойлголцох зүйл гарсан гэх юм уу. Гэхдээ тэгж зөрөлдсөн ч гэсэн гадаадаас зориод ирсэн ганц тоглогчоо нэг минут ч тоглуулахгүй байна гэдэг сонин шүү дээ. Одоо ч гайхдаг. Яагаад тэгсэн юм бол гэж. Багийн тамирчид хүртэл “Яагаад тоглуулахгүй байгаа юм бол” гээд гайхаж байсан. Тухайн үед манай улс шигшээ нэг тоглолт дээр Тажикстаны багт 1:0-ээр хожигдсон. Тэр тоглолтын дараа нулимс цийлгэнээд, шууд хувцас солих өрөөнд ороод “Намайг тоглуулчихгүй дээ” гэж их харамсаж, уйлж байсан. Сонин л мэдрэмж авдаг юм билээ.
-Хэрвээ хөлбөмбөг биш бол өөр юугаар суралцах байсан бэ?
-Сагсан бөмбөг юм болов уу. Би сагсанбөмбөг бас дажгүй тоглодог байсан. Тэгээд сагсанбөмбөг, хөлбөмбөг хоёрын нэгийг л сонгосон доо. Одоо ч чөлөөт цаг гарахаар сагсанбөмбөг тоглодог.
-Ер нь л спортыг сонгох юм байна шүү дээ. Тийм ээ?
-Тиймээ. Ер нь хэзээд спортыг л сонгоно. Өөр зүйл надад төсөөлөгдөхгүй байна.
-Унгар явахаас өмнө онц сурдаг байсан уу?
- Уг нь их сийрэг толгойтой гэж магтуулдаг л байлаа. VII анги хүртлээ хүүхдүүдтэй уралдаж тоо бодоод л, хамгийн түрүүнд орох гээд хичээдэг байсан. Гэхдээ хичээлдээ бүтэн суух нь ховор байсан шүү. Байнга тэмцээн уралдаан гээд л явдаг байсан.
-Эх орондоо ирснийх хийхээр төлөвлөсөн зүйл юу байна. Үүгээр ярилцлагаа өндөрлөе?
-Хамгийн түрүүнд ээжтэйгээ л уулзмаар байна. Энэ билетийг ээж минь л олж өгсөн. Наашаа ирэх билет дууссан байсан. Би ч дотроо “Энэ жил эх орондоо ирж чадахгүй юм байна даа” гэж бодож байсан. Тэгсэн ээж “Билет олчихлоо” гэж залгаад тэгээд л хурдан хүрээд ирсэн. Тэгэхээр ээжид минь надтай уулзах сэтгэл нь их байсан байгаа байхгүй юу. Бид уулзаагүй удаж байна.
-Ярилцсанд баярлалаа. Их спортод нь амжилт хүсье.
-Баярлалаа.
Г.ГАНБАЯР: Би Европын мэргэжлийн багтай гэрээ байгуулсан анхны монгол тамирчин |
|