Эрэгтэй хүн гоо сайхны салонд хумсаа засуулж, будуулаад сууж байна гэвэл уншигч танд төсөөлөгдөж байна уу. Монголчуудын эрэгтэй хүний тухай ойлголт, тодорхойлолт нь бусад үндэстнийхтэй харьцуулшгүй өөр учраас тийм төсөөлөл буухгүй л болов уу. Хэрвээ нүүрээ толийтол арчилсан, хумсаа будсан эр хүнтэй таарвал шууд л “Эрэгтэй хүн биш” гэж дүгнэх. Тэгвэл энэ ойлголт хэдийнээ хуучирчээ. Өөрөөр бол эрэгтэй хүмүүс ч гэсэн арьсаа арчлуулж, хумсаа будуулах нь хувь хүний соёлын асуудал болсон байна. Тодруулбал, манай улсад анхны эрэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны салон нээгдээд даруй хоёр сар болжээ. Тус гоо сайхны салон нь эрчүүдэд зориулсан арьс арчилгаа, хумс будалтын үйлчилгээ үзүүлдэг аж. Манай улсад энэ төрлийн үйлчилгээ шинэ тутам боловч хэдийнээ байнгын үйлчлүүлэгчидтэй болоод амжжээ. Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайт эрчүүдэд гоо сайхны үйлчилгээ үзүүлэгч “Goo park beauty” салоны үүсгэн байгуулагч Д.Мөнхтуяатай цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу. Үнэндээ эрчүүдэд зориулсан гоо сайхны салон гэхээр их сонин, сонирхолтой санагдаж байна. Эрчүүдийн тухай уламжлалт ойлголтоос л болж байгаа байх.
- Сайн байна уу. Тийм шүү. Эрчүүд, гоо сайхны салон гэдэг үгс эсрэг тэсрэг утгатай мэт л явж ирсэн нь нууц биш. Мэдээж, арьсаа арчлуулдаг, гоо сайхандаа анхаардаг эрчүүд өмнө нь огт байгаагүй гэж хэлж байгаа юм биш л дээ. Зүгээр л нийгмийн уламжлалт ойлголт нь эрчүүдийг гоо сайхны салоноос тусгаарлах нь түгээмэл байсан гэсэн үг. Гэтэл эрчүүд ч гэсэн эмэгтэйчүүдтэй адил арьстай, хумстай шүү дээ. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдтэй адилхан арьс, хумсаа тогтмол арчилж тордож байх шаардлагатай гэсэн үг. Магадгүй, хэдэн жилийн дараа гайхах зүйл биш болох байх \инээв\.
- Эндээс “Goo park beauty” салоноо нээх санаа төрсөн үү?
- Би хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй. Миний мэргэжил түгээмэл биш учраас ажлын байр их хомс. Тиймээс би олон жил хүний нөөцийн мэргэжилтнээр ажилласан. Гоо сайхны бизнестэй төдийлөн ойр байгаагүй гэсэн үг л дээ. Гэхдээ би өөрөө үс, хумсны салоны байнгын үйлчлүүлэгч. Тэгээд үйлчлүүлж байхдаа “Үүнийг нь сайжруулах юм сан. Түүнийг нь өөрчлөх юм сан” гээд олон зүйлийг нь ажигладаг байсан. Тэгээд л хэрэглэгчийн туршлага дээрээсээ анх салоноо нээх санаа төрж байсан. Харин эрэгтэйчүүдэд зориулсан гэдэг дээр дээр хэлсэнчлэн эрэгтэйчүүдэд ч гоо сайхандаа анхаарах эрх бий.
Би хэсэг хугацаанд гадаадад амьдарсан. Тэнд хүмүүс гэртээ хумсаа авна, засна гэсэн ойлголт байхгүй
-Монголдоо анхдагч гэвэл зөв үү?
- Энэ төрлийн үйлчилгээ өмнө нь огт байгаагүй гэж үгүйсгэж болохгүй. Харин тусгайлан зориулсан салон гэвэл байж болох юм. Манай салоны хувьд эрчүүдэд зориулсан цогц үйлчилгээ үзүүлдэг. Жишээ нь, эрчүүд эмэгтэйчүүдтэй нэг зааланд суугаад үйлчлүүлэхээр ичиж, санаа зовдог. Тэгвэл бид тэр асуудлыг л шийдэж, тусгай өрөөнүүд гаргасан. Мөн эрчүүд ганцаараа, сайн дураараа салоноор үйлчлүүлэх нь ховор байдаг учраас хосуудын өрөө бий болгосон.
Би хэсэг хугацаанд гадаадад амьдарсан. Тэнд хүмүүс гэртээ хумсаа авна, засна гэсэн ойлголт байхгүй. Заавал салон орно. Наанадаж л хумсыг зөв авч байж шигдэхгүй. Мөн гэрт нэг хумсны хутгаар олон хүн хумсаа авна. Тэгэхээр энэ нь ариун цэврийн шаардлагад нийцэхгүй байгаа юм л даа. Нөгөөтээгүүр, хүн гараараа ажлаа хийж, хоолоо идэж байгаагийнхаа хувьд хамгийн түрүүнд хумсны эрүүл ахуй, арчилгаагаа сайн хийх хэрэгтэй. Ядаж хумсны завсар байдаг хир, нянг ариутгаж, угааж байх хэрэгтэй.
Тиймээс л энэ бүх үйлчилгээг цогцоор нь үзүүлэх салон байх хэрэгтэй байгаа юм. Салоны ариутгасан багаж, хэрэгслээр хумсаа авхуулж, засуулж байх нь гоо сайхан талаасаа ч, эрүүл ахуй талаасаа ч цагаа олсон үйлчилгээ гэж ойлгож байгаа.
- Эрэгтэй рок дуучин, хөгжимчин эсвэл загвар зохион бүтээгч л хумсаа будуулсан байхыг харж байсан санагдаж байна. Харин танай салон нээгдсэнээр хумсаа будуулсан залуучуудыг олон харах нь ээ?
-Дэлхийн загварын чиг хандлага ер нь өөр болсон шүү. Гаднын улс оронд залуус хумсны арт хийлгэдэг болсон. Тэр нь хувь хүний дотоод ертөнц, стилл, имижээ илэрхийлэх гэсэн санаа байдаг. Жишээ нь, Johnny Depp, Jason Monna зэрэг алдартнууд бүгд арт хийлгэдэг. Гэтэл энэ нь Монголд сөрөг хандлагатай байна. Зөвхөн эмэгтэй хүн л хумсаа засуулдаг. Эрэгтэй хүн засуулах юм бол муухайгаар хэлэхэд хүйсийн чиг хандлага нь өөр гэдэг ч юм уу, гадуурхах хандлага их байна. Тэгэхээр би үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр хүн өөрийн үзэл бодлоо юугаар ч илэрхийлж болно. Түүнийг хэн ч гадуурхаж, шүүмжилж болохгүй. Мэдээж хүн болгоныг арт хийлгэ гэхгүй. Хүсэж буй бол ганц нэг цэг, зураас, үсэг тавиулж болно.
-Салоноо нээгээд хоёр сар болсон гэлээ. Энэ хугацаанд хумсны арт хийлгэсэн эрчүүд болон бий юу?
-Манай салоноор үйлчлүүлж буй нийт эрчүүдийн 20 хувь нь хумсны арт хийлгэдэг. Арт хийлгэж буй эрчүүд ихэвчлэн урлагийн чиглэлээр суралцдаг эсвэл урлаг сайн ойлгодог эрчүүд байна.
-Эрчүүдэд гоо сайхны үйлчилгээ үзүүлэхэд эмэгтэйчүүдээс их ялгаатай байна уу?
-Эрчүүдийн хувьд үйлчлүүлж сураагүй юм байна. Гоо сайханчаас үйлчилгээ авахдаа их санаа зовдог. Хөл, гарыг нь барихаар “Зүгээрээ. Яах вэ” гээд л хүнд төвөг удаад байна гэж боддог юм байна. Тиймээс эрэгтэйчүүдийг үйлчилгээ авч сургах нь бидний бас нэг ажил болж байна. Жишээ нь, “Та тайван байгаарай. Энэ бол зайлшгүй танд үзүүлэх стандарт үйлчилгээ шүү” гээд л тухайн хүндээ зөвлөж үйлчилдэг. Мөн эрчүүдийн арьс арчилгаа эмэгтэйчүүдээс өөр байдаг учир хамаагүй ширүүн эхэлж болохгүй. Хамаагүй хумсыг нь тулгаж авах ч юм уу, хөлийг нь хэтэрхий чанга үрж болдоггүй юм байна \инээв\
-Хөл хорионы үед үйл ажиллагаагаа эхэлсэн байна шүү дээ. Нийгэм даяар л өдөр тутам цар тахлын үеийн хямрал ярьж байна. Салоны үйлчилгээ авч буй эрчүүд олон байна уу?
-Тийм ээ. Манай салон нээгдээд хоёр сар гаруй боллоо. Энэ хугацаанд байнгын үйлчлүүлэгчтэй болж чадсан. Хэдий цар тахлын үе ч гэлээ хүмүүс өөрийн хүссэн үйлчилгээг салоноос авч байна. Үүнээс харж байхад Монголд салоны соёлын суурь нь тогтсон юм байна.
-Ярилцсанд баярлалаа.
Д.МӨНХТУЯА: Эрчүүд хумсныхаа будалтаар дотоод мөн чанар, үзэл бодлоо илэрхийлдэг болсон |
|