• Өнөөдөр 2024-04-26

БАЙРААР ШАГНУУЛСАН СУВИЛАГЧ Д.АЛТАНГЭРЭЛ: Өвчинтэйгөө тэмцээд, аврагдаж байгаа хүмүүсийг харахаар сэтгэл хөдөлж, баярладаг

2021-05-13,   575

Олон улсын сувилагчдын өдөр өчигдөр буюу тавдугаар сарын 12-нд тохиолоо. Энэ өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа зургаан сувилагчид түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардуулсан юм. Энэ шагналын эзэн, мэргэжлээрээ 30 жил ажиллаж буй Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Д.Алтангэрэлтэй ярилцлаа.


-ӨВЧТӨН МААНЬ “БАЯРЛАЛАА” ГЭЖ ХЭЛЭХЭД Л ӨӨРӨӨРӨӨ БАХАРХМААР, САЙХАН БАЙДАГ-

-Сайн байна уу. Сувилагчдын баярын өдрөөрөө түрээслээд өмчлөх орон сууцаар шагнуулсанд тань баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Сэтгэл огшоод, нүднээс нулимс гарчих гээд л байна. Маш их баяртай байна. Энэ бол ганц миний мундаг, чадвартай даа авсан шагнал биш юм. Миний ард ажлын хамт олон, удирдлагууд минь бат зогсож, намайг дэмжиж, урамшуулдаг байсан учир өнөөдөр (өчигдөр) шагнууллаа. Түүнээс биш “Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй” гэдгийн адилаар би ганцаараа өсөж, дэвжихгүй шүү дээ. Ар гэрийнхэн, эмнэлэг, тасгийн хамт олныхоо хүчинд энэ шагналыг авлаа.

-Шагнуулсан тухайгаа та хамгийн түрүүнд хэнд хэлсэн бэ?

-Шагнуулж байхдаа “Аав, ээж хоёр минь байсан бол хэчнээн их баярлах байсан бол” гэж бодож байлаа. Сэтгэлийн хөөрөл маань одоог хүртэл дарагдаагүй байна. Өчигдөр би ажил дээрээ жижүүрлэж хоносон юм. Тэгээд өнөө өглөө (өчигдөр) ажлаасаа буугаад байж байтал гэнэт дуудаад шагнал гардуулахаар болсон. Би одоо ч бараг итгэж өгөхгүй байна.  

-Та хэдэн онд сувилагч мэргэжилтэй амьдралаа холбож байв?

-Би 10 дугаар ангиа төгсөөд Анагаахын дээд сургуульд элсэхээр конкурс өгсөн юм. Гэтэл тэнцэж чадаагүй, унасан юм. Тэгээд хуучнаар Цэргийн төв эмнэлгийн I амаржих одоогийн Өргөө амаржих газарт нярав сувилагч хийж байсан. Хүн ер нь их сонин шүү дээ. Ажил хийгээд явж байхдаа суръя гэсэн эрмэлзэлгүй, цалингаа аваад амьдарч болох юм байна гэж боддог юм билээ. Би ажил хийж байгаад оюутан болсон. Анхныхаа ажлын гарааг нэгдүгээр амаржих газарт асрагчаар эхлүүлж, дарга албан үүрэг дэвшиж нярав сувилагч боллоо. Ингээд ажиллаж байх хугацаандаа нөхөртэйгөө танилцаад, өрх тусгаарлаж, том охиноо олсон.

Өвчтэй хүнийг асарч, өвчнийг нь илааршуулсны дараа нөгөө хүн маань эмнэлгээс гарахдаа “Анх чамд муухай ааш гаргасан бол уучлаарай” гэж хэлэх нь хамгийн сайхан байдаг

Хүүхэдтэй болсон жилдээ АШУҮИС-ийн Сувилагчийн сургуульд орсон. Ингээд хүүхдээ төрүүлээд хоёр жил өсгөж байх хоорондоо сургуулиа төгссөн юм. 1994 оны зургадугаар сарын 1-нд анхны охиноо төрүүлж, 1996 онд сургуулиа төгсөөд Нэгдүгээр амаржих газарт буцаад орох гэтэл орон тоо байгаагүй. Тэр үед сувилагчийн мэргэжил элбэг биш байсан. Нэг жилийн дараа буюу 1997 онд хуучнаар Хүүхдийн хоёрдугаар эмнэлэг буюу одоогоор Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажилласаар байна.

-Сувилагч мэргэжлийн сайхан нь юу вэ?

-Бид үргэлж өвдсөн хүмүүстэй харилцдаг. Өвчиндөө шаналсан хүмүүсийн ааш араншин догшин, авир ихтэй болдог. Тэр хүнийг асарч, өвчнийг нь илааршуулсны дараа нөгөө хүн маань эмнэлгээс гарахдаа “Анх чамд муухай ааш гаргасан бол уучлаарай” гэж хэлэх нь хамгийн сайхан байдаг.

Хэвтэн эмчлүүлэх гээд ирж байгаа хүн болгоны ааш янз бүр байдаг. Уурлаж байгаа хүнийг улам уурлуулаад байж болохгүй. Эсвэл өвчнөө нуугаад дотроо шаналаад байдаг хүн ч бий. Тэр бүхний ааш аягыг нь тааруулна шүү дээ. Би “30 жил ажиллахдаа чамгүй зүйл хуримтлуулж дээ” гэж боддог.

-Танай тасаг хэчнээн сувилагчтай вэ. Хамт олныхоо талаар ярихгүй юу?

-Би бүхий л тасагт ажиллаж байлаа. Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг өмнө нь Хүүхдийн хоёрдугаар эмнэлэг гэж байсан учир хүүхдийн тасагт байлаа. Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, хүлээн авах зэрэг бүхий л тасагт ажиллаж байсан. Харин одоо бол дотор, мэдрэлийн тасагт ажиллаж байна. Манай эмнэлэг 50 орчим сувилагчтай. Тасгийн хамт олон гэвэл 50 гаруй ажилтан байдаг. 

-Та цар тахалтай нүүр тулж ажиллаж байгаа. Хэр ачаалалтай байна вэ?

-Цар тахалтай нүүр тулан ажиллаж байгаа тасагт би 14 хоног ажилласан. Хүнд тасаг шүү дээ. “Ковид-19”-ын тасагт өдрийн 8-10 цаг хамгаалалтын хувцастайгаа ажиллаж, хоол цайгаа идэж, уусныхаа дараа буцаад тасагтаа ажиллана. Ингэсээр шөнийн 01:00 цагт амардаг байсан. Тэгээд өглөө 08:00 ажил эхэлнэ. Манай дарга биднийг аль болох унтаж амраарай гэдэг юм. Бид ч гэсэн аль болох нэгнийгээ амрааж байх талаас нь ажилласан. Зарим үед ээлж ээлжээр 24 цагаар ажиллана. Маргааш нь өвчтөнүүдийнхээ цагийн тариаг хоцроохгүйн тулд залгуулаад ажиллана.

-Бие нь өвдсөн хүмүүстэй харьцаж байгаа хүний хувьд зарим өвчтөнүүдээ алдах үе байна. Хэдий хүний амийг аврах ёстой эмч, сувилагч ч гэлээ яах ч аргагүй байдалд орох амаргүй байх?

-Тэр бол хамгийн хүнд, хэцүү зүйл. Ялангуяа цар тахлын энэ үед нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн ар гэрийнхнийг уулзуулахгүйгээр шууд “Буян” компани руу шилжүүлдэг. Ар гэрт нь тухайн өвчтөнг нас барсан гэх харамсалтай мэдээг дуулгахаас эхлээд ер нь л хүнд шүү дээ. Бид нарт бол их хэцүү байдаг юм.

Би “30 жил ажиллахдаа чамгүй зүйл хуримтлуулж дээ” гэж боддог.

Хамгийн аюултай зүйл бол өвчтөнөө алдах юм. Бид нэг хүнийг ч болтугай амьдруулчих юм сан гэж ажилладаг хэрнээ яалт ч үгүй өвчтөнөө алдах үе бол хамгийн хэцүү, их гуньж, гутардаг. “Яагаад ингэчихэв дээ” гэж боддог. Харин өвчинтэйгөө тэмцээд, аврагдаж байгаа хүмүүсийг харахаар сэтгэл хөдөлж, баярладаг.

-Өвчтөнүүдээсээ хамгийн сайхан ямар үг сонсож байсан бэ?

-“Баярлалаа” гэж хэлэх л хамгийн сайхан. Тасаг руугаа ороод өвчтөндөө эм, тариа хийгээд явж байхад “Баярлалаа, миний охин. Эмээ нь их гоё боллоо” гэж хэлдэг юм. Тэгэхэд л өөрөөрөө бахархмаар, сайхан байдаг.

Би ажил дээрээ ихэнх цагийг өнгөрөөдөг учир аав, ээж хоёр минь л миний хүүхдүүдийг том болгосон

-Гэр бүлийнхээ талаар ярихгүй юу?

-Би дөрвөн хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Хоёр хүү, хоёр охинтой. Хүүхдүүд минь ээжээрээ л их бахархдаг. Тэд минь “Ээжээ, хамгийн чухал нь та өвдөж болохгүй шүү. Өөрийгөө л маш сайн хамгаалаарай” гэж хэлдэг юм. Энэ сэтгэл л надад хүүхдүүдээс минь өгч байгаа хамгийн сайхан бэлэг. Цар тахлын үед ажиллаж байгаа болохоор нэлээн санаа нь зовж байгаа. Би хүүхдүүдтэйгээ байр түрээсэлж, амьдардаг. Үүнийг би “Хэцүү байна” гэж огт боддоггүй. Алдаж, онох зүйл надад зөндөө л тохиолдож байсан.

Гэхдээ аав, ээж хоёр минь амьд сэрүүн байхдаа хүүхдүүдийг минь өсгөсөн учир би хүүхэд өсгөхийн зовлонг мэдэхгүй. Яагаад гэвэл би ажил дээрээ ихэнх цагийг өнгөрөөдөг учир аав, ээж хоёр минь л миний хүүхдүүдийг том болгосон. Харин аав, ээж хоёр минь мөнх бусыг үзүүлэхэд бүх зүйл нуруун дээр ирж, тэнгэр нурсан  юм шиг л санагддаг юм билээ. Гэхдээ хоёр идэхггүй, хоосон хонохгүй, ямартай ч зүтгэсний минь гавьяа гарлаа гэж л бодож байна.

 


БАЙРААР ШАГНУУЛСАН СУВИЛАГЧ Д.АЛТАНГЭРЭЛ: Өвчинтэйгөө тэмцээд, аврагдаж байгаа хүмүүсийг харахаар сэтгэл хөдөлж, баярладаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188