• Өнөөдөр 2024-04-27

Б.ХИШИГБААТАР: Дэлхийн бүх оргил дээр гармаар байна

    Хоббигоороо амьдарч, хором мөч бүхэндээ адал явдалтай нүүр тулж, түүнээсээ дуусашгүй эрч хүчийг мэдэрч байдаг экстрим спортын нэгэн тод төлөөлөл, уулын спортын тамирчин Б.Хишигбаатарыг уншигч та бүхэндээ танилцуулж байна. Тэрбээр СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн боловч мөнх цастай ууланд авирч, эгц уруу нь снөүбордоор гулгаж, тэр зууртаа баримтат кино зураг авах тухай аюултай бөгөөд өвөрмөц хоббиндоо хөтлөгдсөн нэгэн юм.

-Сайн байна уу. Таныг жүжигчин гэдгээс илүү уулын спортын тамирчин гэдгээр тань хүмүүс мэдэх болов уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

    -Сайн байна уу. Би СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Мөн хоббигоороо снөүборд болон уулын спортоор хичээллэдэг. Бас кино урлагт их сонирхолтой болохоор сонирхлынхоо дагуу хэд хэдэн баримтат киноны найруулагчаар ажилласан.

-ФРАНЦ УЛСЫН УРАН БҮТЭЭЛЧИД МОНГОЛД ИРЖ  БӨӨГИЙН ТУХАЙ СУДАЛЖ, КИНО ХИЙЖ БАЙСАН-

-Эхлээд жүжигчин, найруулагч Б.Хишигбаатартай ярилцъя. Ямар сэдэв барьж, аль өнцгөөр киногоо хийдэг вэ?

    -Би экстрим спортоор хичээллэдэг болохоор түүнийхээ дагуу уулын спорттой холбоотой кино хийсэн. Эхний киногоо өөрсдөө зориглоод хийсэн бол хоёр дахь киногоо “Mountain film festival”-д зориулж бүтээсэн. Манай кинонд “Алтай таван богд”-ын таван оргилоос снөүбордоор, цанаар бууж байгаа тухай гардаг. Өмнө нь гаднын уран бүтээлчид Монголд ирээд кино бүтээчхээд яваад өгдөг байсан. Тухайн үед би кинонд нь хамт явж байлаа. Түүнээс үүдэн “Монгол залуус өөрсдөө кино хийж болох юм байна” гэж бодоод  анх киногоо бүтээж байсан. Манай орны соёл, ахуй их сонирхолтой. Франц Улсын уран бүтээлчид Монголд ирж  бөөгийн тухай судалж, кино хийж байсан. Энэ мэтчилэн манай орны ахуй, соёл барагдашгүй арвин. Тиймээс өөрсдийнхөө соёл, байгалийн онцлогийг өөрсдийнхөө өнцгөөс харуулъя хэмээн зорьсон.

-Жүжигчин мөн тамирчин хүний хувьд кинондоо өөрөө дүр бүтээсэн үү?

    -Тийм ээ. Манай кино баг байгаа л даа. Түүнд цаначин, снөүбордчин, хаданд авирагч, мөсөнд авирагч багтдаг. Баримтат кино болохоор жүжигчин авах боломжгүй. Мэргэжлийн хүмүүсийн чаддаг зүйлийг л харуулдаг учраас тэр л дээ.

-Мөнх цастай ууланд кино зураг авна гэхээр төсөөлөхөд л хэцүү санагдаж байна?

    -Тэгэлгүй яах вэ. Хүндрэлтэй зүйл их байсан. “Алтай таван богд” мөнх цастай болохоор зун байсан ч цасаар шуурч байдаг. 30 секундийн дүрс авах гэж л гар, хөлөө цасанд хайрч, мөсөн ангалтай таарна шүү дээ. Тэр болгоныг л даван туулах болно. Мөн “Алтай таван богд” тогны эх үүсвэр байхгүй, камер болон бусад тоног төхөөрөмжийнхөө зайгаа нараар цэнэглэнэ. Зураг авалт төлөвлөсөн өдөр цаг агаар муу байвал юу ч хийж чадахгүй хүлээгээд л байна. Энэ мэтчилэн асуудал их шүү.

-Жүжигчин хүний хувьд бусад уран бүтээлчидтэй хамтран уран бүтээл хийж байгаа юу?

    -Хараахан үгүй ээ. Би суурин байдаггүй. Байнга л ийш, тийшээ тэнээд явчихдаг. Оюутан байхдаа л ганц, нэг кинонд туслахаар явж, боломж олдвол дүр бүтээж байлаа. Одоогоор бол өөрийнхөө өнцгөөс, өөрийнхөө чадах зүйлийг эхлүүлээд явж байна.

-Өөрийнхөө хоббиг амьдралынхаа нэг хэсэг болгоод явж буйд тань их олзуурхаж байна. Олон хүмүүс ингэж амьдрахыг хүсдэг болов уу?

    -Тэгж хэлж болно шүү. Анх оюутан байхдаа снөүбордчин болж тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн. Тэгээд жоохон давраад “Мөнх цастай оргилоос бууж үзье” гээд 2016 оноос эхлэн өндөр уулнаас снөүбордоор гулгаж эхэлсэн. Түүнээс хойш уулнаас снөүбордоос буух нь намайг соронзон мэт татаад өнөөдрийг хүртэл амьдралын минь нэг хэсэг болоод явж байна.

Уул болгон өөрийн гэсэн онцлогтой араншинтай байдаг

-Одоо уулчин, снөүбордчин Б.Хишигбаатартай ярилцъя. Уулын спорттой амьдралаа холбосноос хойш олон аялал хийж, олон уулнаас буусан байх. Хамгийн дурсамжтай аяллынхаа тухай яриач?

    -Уул болгон өөрийн гэсэн онцлогтой араншинтай байдаг. Дурсамжтай гэвэл, хамгийн анх авирч байсан “Асралт” хайрхан байна. Ер нь уулчдын босго, эхлэлийг тавьдаг уул “Асралт” хайрхан юм болов уу. Хүмүүс нэг удаа авираад буудаг бол би гурван удаа авирч буусан. Нэг удаа гарах гэж хөөрхөн цаг ордог шүү. Тийм байхад би уулнаас гулгах хүсэлдээ хөтлөгдөн гурван удаа авирч, буусан.

-“Уулын холбоо” манай улсын анхны холбоо шүү дээ. Өнөөдрийн байдлаар уулын спорт хөгжлийн хувьд хэр байгаа вэ?

    -Тийм ээ. 1954 онд байгуулагдаж байсан манай улсын анхны холбоо. Түүнээсээ салбарлаж хөгжсөн. Хүмүүс төдийлөн сайн мэддэггүй болохоор залуу спорт гэж ойлгодог. Одоо ч олон залуус энэ спортоор хичээллэж байна. Клуб олон байна. Олон улсын тэмцээнд ч амжилттай оролцдог. Мөсөнд авиралт, хаданд авиралтаар Азийн аварга тамирчид хүртэл бий.

-Спортоор хичээллэснээр олон сайн зүйлийг өөртөө бий болгосон болов уу?

    -Миний хувьд уулын спортоор хичээллээд их тэвчээртэй болсон. Өөрөө, өөртэйгөө тэмцдэг спорт болохоор их тэвчээртэй, юманд хүлээцтэй болдог юм билээ. Тэр өндөр оргилоос буухад саад бэрхшээл их тулгарна шүү дээ. Цас, шуурганаас эхлээд л. Тэр болгоны ухааныг олоод буугаад, аяллаа дуусгаад хотод ирэхээр энд тулгарч буй асуудлууд их жижигхэн санагддаг. Урьд нь тухайн асуудал дээрээ бухимдаж, уурладаг байсан бол “Байдаг л зүйл дээ” гээд уужуу, хүлээцтэй болдог юм билээ.

Боломжтой бол дэлхийн бүх уулан дээр гарч үзмээр байна

- Монголын томоохон оргилууд дээр авирч үзсэн болов уу. Авирахыг хүсдэг оргил бий юу?

    -Тийм ээ. Хүмүүсийн тэр бүр авирч чадаад байдаггүй “Хархираа”, “Алтай таван богд” зэрэг оргилууд дээр гарсан. Уул руу авирах болгондоо шинэ зүйл сурч байдаг. Нэг удаа авирлаа гээд уулчин болчихгүй шүү дээ. Мэдээж хүний хүсэл хязгаарлагдах биш дээ. Боломжтой бол дэлхийн бүх уулан дээр гарч үзмээр байна. Нэг уулын оргилд гарах болгонд шинэ мэдрэмж авдаг. Уул болгон нэг дурсамжтай байдаг. Тиймээс оргил дээр нь гардаггүй юм аа гэхэд зориод аялаад, дурсамж бүтээгээд  ирэхийг хүсэж байна.

-Ууланд авирахын тулд бэлтгэл сайн хангасан байх хэрэгтэй болов уу. Хөл хорионы үед өдөр тутмын бэлтгэлээ хэрхэн хангаж байна вэ?

    -Ууланд бэлтгэлгүй авирна гэсэн ойлголт байхгүй. Хэрвээ бэлтгэлгүй авирах юм бол цасан шуурганд алгадуулна. Бэлтгэлгүй ууланд авирахад сэтгэлзүй хүртэл бэлтгэгддэггүй. “Би бэлтгэл хийгээгүй шүү дээ. Бэлтгэл хийгээгүй болохоор зутарна даа” гэдэг иймэрхүү бодолд дарагдаад, авирахад хүндрэлтэй болж ирдэг. Миний хувьд ажилдаа ирж, очихдоо дугуй унаж, цаг гаргаж ууланд алхах зэргээр өдөр тутмын бэлтгэлээ хангадаг. Хөл хорионы үед бэлтгэл алдагдаад, хүндрэлтэй байна. Их жин нэмж байна. Ууланд авирахын тулд их хөнгөн, шингэн байх ёстой. Тэгж байж далайн төвшнөөс хэдэн мянга дээш оргилд авирна шүү дээ.  

-Гэр бүлийнхэн тань энэ спортоор хичээллэхийг тань хэрхэн хүлээж авдаг вэ. Их эрсдэлтэй шүү дээ?

    - Манай гэр бүлийн хувьд тааламжтай хүлээж авдаг. Манай өвөө уулын спортоор хичээллэдэг. Уулын спортын мастер, уулчин хүн байсан учир би энэ спортыг багаасаа мэднэ. Намайг бага байхад өвөө минь нас барсан л даа. Хэрвээ өдий болтол амьд байсан бол их зүйлийг зааж өгөх байсан болов уу.

-Ууланд авирахад нэлээдгүй хугацаа зарцуулна. Та өөрөө ч яриан дундаа суурин байдаггүй гэж дурдлаа. Цар тахлаас өмнө амьдралын хэв маяг тань их идэвхтэй байсан болов уу?

    -Янз бүр дээ. Багаараа ямар аялал төлөвлөж байна, түүнийхээ дагуу явна. Мөн гэнэтийн аяллууд гарч ирнэ. 2018 онд би нэгдүгээр сард гэрээсээ гараад аравдугаар сард орж ирсэн. Дундуур нь нэг, хоёр хоногийн зөрүү гарвал хотод ирж усанд орчихоод дараагийн аялалдаа гардаг байсан.

-Ярилцсанд баярлалаа.

   -Баярлалаа.

 


Б.ХИШИГБААТАР: Дэлхийн бүх оргил дээр гармаар байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-17 20:48:20
    Fenix: Goodluck
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-17 20:48:19
    Fenix: Goodluck
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-14 01:25:19
    Тэмүүжин: Арван жилийн нэг ангид сурдаг байлаа. Аавдаа эрхэлдэг хүү байж билээ. Одоо гэтэл мундаг залуу болж ээ. Дурласан зүйлээ хийж., Түүгээрээ амжилт гаргаж яваа мундаг залууд амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-14 00:55:28
    Orgil: Mundag zaluu shuu duudee amjilt husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-13 18:36:40
    Tumur: Mundag ah hundeljdeg shuu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-13 17:08:17
    АЖ: жаргажээдаг буян шүү. мундаг ахдаа, харж хүндэлж явдаг шүү
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188