• Өнөөдөр 2024-04-25

Э.МӨНХЦЭЦЭГ: “БАЯРЛАЛАА” гэдэг үгтэй дүйх том шагнал байхгүй

Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна. Манай улс энэ өдрийг 1995 оноос эхлэн тэмдэглэж ирсэн. Сувилагч хэмээх цагаан нөмрөгтнүүд бол хүн хорвоод дуугаа хадаан мэндлэхээс эхлээд сүүлчийн амьсгалаа татах хүртэлх хүний амьдралын бүхий л хугацаанд эрүүл мэндийнх нь энхийн манаанд зогсдог баатрууд. Тэд өвчтөнүүдийн өмгөөлөгч, дотны зөвлөгч, асран хамгаалагч, анд найз. Энэ л мэргэжлээр тасралтгүй 12 жил ажиллаж буй Цэргийн төв эмнэлгийн сувилагч Э.Мөнхцэцэгтэй холбогдож, баярын сэтгэгдлээс нь хуваалцлаа. Хэдийгээр өнөөдөр тэдний баярын өдөр боловч тэд баярлах байтугай түр амсхийх ч завгүй шахам цар тахалтай тэмцэж байна.

-Юун түрүүнд Олон Улсын Сувилагчдын өдрийн мэнд хүргэе. Хэдий баярынх нь өдөр боловч сувилагч нар амсхийх завгүй л ажиллаж байх шиг.

     -Баярлалаа. Тийм ээ, энэ жилийн хувьд цар тахлын голомтод ажил үүргээ гүйцэтгээд л баярын өдрөө өнгөрөөж байна. Ер нь л өмнө жилүүдэд ч ажил дээрээ, ажлаа хийгээд л энэ өдрийг өнгөрүүлдэг байсан. Гэхдээ Олон Улсын Сувилагчдын баярын өдөр жирийн өдрүүдийн л адил ажиллаад өнгөрүүлж байгаа боловч дэлхий нийтэд бидний мэргэжлээр бахархдаг, биднийг үнэлдэг өдөр байдаг юм шүү гэж бодогдоод сайхан байдаг. Сүүлийн жил хагас дэлхий даяар аюулт цар тахалтай тэмцэж байна. Ажлын ачаалал, хариуцлага урьд үеийнхээс эрс нэмэгдсэн ч бид сайхан цаг ирнэ гэдэгт итгэж, бууж өгөхгүйгээр чадах бүхнээ хийж байгаа. Магадгүй, бид өнөөдөр баярлаж амжихгүй, тэгэх завгүй ажиллаж байгаа ч цар тахлын ард гарсны дараа илүү баяртайгаар баяраа тэмдэглэх байх аа.

-Таны мэргэжлийн хамгийн сайхан нь?

     -Би сувилагч мэргэжлээр ажиллаад 12 жил болж байна. Сувилагч гэдэг маш хариуцлагатай мэргэжил гэдгийг одоо ч алхам тутамдаа мэдэрч, суралцаж явна. Алдах, анхаарал сарних эрх бидэнд байхгүй. Цэргүүд эх орны дархан хилээ нүд цавчилгүй хамгаалдаг шиг сувилагч бид ард түмний эрүүл энхийн манаанд нүд цавчилгүй үүрэг гүйцэтгэдэг. Энэ мэдрэмж л хамгийн сайхан нь. Жишээ нь, бид цар тахлын энэ хүнд цаг үед анхаарал, сэрэмжээ дээд зэргээр сайжруулан ажиллаж байна. Бид анхааралтай, ур чадвартай байвал олон хүнийг энэ аюулт цар тахлаас хамгаалж чадна.

-Өвдөж зовсон хүмүүстэй өдөр тутам нүүр тулах сэтгэлзүйн хувьд амар биш. Таны ажилдаа баримталдаг зарчим юу вэ?

    -Сувилахуйн тусламж үйлчилгээг сэтгэл ханамжтай, чанартай, хүртээмжтэй үзүүлэхийг баримталж ажилладаг. Аливаа өвчтөн эдгэрэх эсэхэд тухайн хүний сэтгэлзүй чухал үүрэгтэй. Тиймээс тухайн хүнийг ойлгож, сэтгэлээсээ хандаж, сэтгэл санааг нь дэмжиж, гол нь чанартай эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх ёстой.

-Таны өвчтөнөөсөө сонссон хамгийн сайхан үг юу вэ?

    -Эмчлүүлэгчээсээ урмын үг, талархлын үг  сонсох нь хамгийн сайхан мэдрэмж. Эмчлүүлэгчээсээ “Баярлалаа” гэх үгийг л олон сонсож байлаа. Тэр үед өөрийнхөө мэргэжлээр их бахархдаг. Энэ сайхан мэргэжлийг сонгож, тууштай ажиллаж, сурсан, мэдсэн зүйлээрээ нэг хүний, нэг гэр бүлийн эрүүл мэндэд өөрийн хувь нэмрийг орууллаа гэж бодох сайхан шүү дээ. Бас бидний ажлыг байгууллага, төр засаг үнэлэх үед баярладаг. Миний хувьд 2014 онд сувилагчийн баяраар Эрүүл мэндийн яамны жуух бичгээр шагнуулж байсан.

-Өнөөдрийн нийгэмд сувилагчийн цалин амьдралд хэр хүрэлцээтэй байдаг вэ.

    -Нуулгүй хэлэхэд, цалингийн хувьд 100 хувь сэтгэл ханамжтай байдаггүй. Ажлын ачаалал их, цалингийн үнэлэмж бага байдаг. Гэлээ гээд бид гомдоллоод байдаггүй л дээ. Энэ бол бидний сонгосон, эзэмшсэн мэргэжил. Тиймээс цалин бага байсан ч хийх ёстой ажлаа хийгээд, ард иргэдийн эрүүл мэндийн төлөө чадах бүхнээ хийгээд л явдаг.

-Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг хором мөч бүхэнтэй уралдаж ажилладаг мэргэжил нэгт нийт сувилагч нартаа хандан баярын мэндчилгээ дэвшүүлээч.

    -Мэргэжил нэгт сувилагч нартаа Олон улсын сувилагчдын баярын мэнд хүргэе. Удахгүй сайхан цаг ирнэ. Тэр хүртэл хүчтэй, анхаарал сэрэмжтэй, сэтгэл, зүтгэлтэй байгаарай, та бүхэн минь чадна.

 

 


Э.МӨНХЦЭЦЭГ: “БАЯРЛАЛАА” гэдэг үгтэй дүйх том шагнал байхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-13 18:26:30
    Цэрэндорж: Дүүдээ ажлын амжилт сайн сайхныг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-12 23:48:59
    Цээтааяа: Сувилагч нарын баярын мэнд мундаг юмаа ажлын өндөр амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-12 21:07:57
    Tvwshinjargal: Dvv den bayrin mend xvrgie ajild ulam ix amjilt xvsie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-12 18:03:50
    Энхболд: Хөөрхөн дүүдээ баярын мэнд хүргэе !!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-12 17:30:56
    Бибиш : Сувилагч дүүдээ ажилын амжилт эгэл түмнийхээ төлөө эрч хүчтэйгээр урагшаа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188