• Өнөөдөр 2024-03-28

Б.САЙНЗАЯА: Амиа хорлох шууд хандлагад ямар ч сэтгэл судлаач нөлөөлж чадахгүй

Сүүлийн жилүүдэд амиа хорлох тохиолдол ихэссэн. Ялангуяа сүүлийн үед цар тахал, хөл хорио, тусгаарлалт нь амиа хорлолтын шинэ шалтгаан болж буйг мэргэжлийнхэн хэлж байна. Монголын нийгэмд чимээгүй тахал болон тархаж буй амиа хорлолт болон сэтгэл гутралын талаар сэтгэл судлаач Б.Сайнзаяатай ярилцлаа.

-Сайн байна уу. Сүүлийн үед амиа хорлосон хэргүүд ар араасаа гарах боллоо. Өмнө жилүүдээс их гарч байх шиг. Энэ талаар ярилцлагаа эхэлье.

    -Сайн байна уу. Сүүлийн жилүүдэд амиа хорлолт нэмэгдэж байгаа. Ялангуяа сүүлийн жил гаруй хугацаанд коронавирусээс үүдэн иргэд нийгмээс тусгаарлагдаж, ядуурч, улмаар амиа хорлох тохиолдлууд их гарч байна.

-25-35 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮМҮҮСИЙН ХУВЬД “АМЬДРАЛАА АВЧ ЯВАХ ЧАДВАРГҮЙ ЮМ БАЙНА” ГЭСЭН СЭТГЭЛ ГУТРАЛДАА ДИЙЛДЭН АМИА ХОРЛОДОГ-

-Амиа хорлолтыг насны ангиллаар авч үзвэл ихэвчлэн аль насныхан амиа хорлож байна вэ. Чухам ямар шалтгаанаас амиа хорлох сонголтыг хийдэг юм бол?

     -Амиа хорлож буй иргэдийн насны ангиллыг харахад 15-35 насныхан түлхүү байдаг. Амиа хорлох шалтгаан мэдээж нас насандаа өөр байдаг. 15-20 насныхан бүтэлгүй хайр дурлал, найз, нөхөд, гэр бүлийн хэрүүл, мөн асран хамгаалагч нь үл хайхрах, хүчирхийлэх зэргээс болж амиа хорлох сонголт хийдэг. Харин 20-25 насныхан оюун санаа нь харьцангуй төлөвшсөн байдаг учраас амиа хорлох нь бага байдаг хэдий ч суурь сэтгэлзүйн гэмтэл гэдэг том ойлголт байдаг. Суурь сэтгэлзүйн гэмтэлтэй хүн хэдэн ч насандаа амиа хорлох  магадлалтай байдаг.  25-35 хүртэлх насны хүмүүсийн хувьд “Амьдралаа авч явах чадваргүй юм байна” гэсэн сэтгэл гутралдаа дийлдэн амиа хорлодог. Ерөнхийдөө түгээмэл тохиолддог шалтгаан нь суурь сэтгэлзүйн асуудалтай байдаг. Суурь сэтгэлзүйн гэмтэл гэж юу хэлээд байна гэхээр, хүүхэд ахуйдаа байнга бие болон сэтгэл санааны дарамтанд байсан, гэр бүл нь байнгын хэрүүлтэй, анги хамт олон нь гадуурхаж, шоглодог байсан зэргээс болж хүүхдийн сэтгэлзүй гэмтсэн байдаг. Тэр сэтгэлзүйн суурь гэмтэл нь 5-10 жилийн дараа шинэ ажилд орох ч юм уу, эхнэр хүүхэд авсны дараа илэрдэг.  Хүнтэй нийцэж чадахгүй, хүн хайрлаж, хайрлуулж сураагүй зэргээр илэрдэг. Энэ нь эргээд амиа хорлох тухай бодлыг төрүүлдэг гэж ойлгож болно.

-Манай улсын иргэд сэтгэл зүйчид хандах, зөвлөгөө авах соёлд саяхнаас л суралцаж байна. Хүмүүс төдийлөн сэтгэл зүйчид хандаад байдаггүй. Энэ нь нэг талдаа гэр бүлийн хүчирхийлэл, амиа хорлолтод нөлөөлдөг болов уу?

   -Энэ асуудал нь сэтгэл зүйчийн хандлага, чадвараас шалтгаалж байгаа юм л даа. Өөрөөр хэлбэл, аливаа улсын сэтгэлзүйчид нь чадвартай байвал гэр бүлийн хүчирхийлэл, амиа хорлолтыг бууруулдаг. Гэхдээ амиа хорлох суурь шалтгааныг сэтгэл зүйчид эмчилж, эдгээх, нөлөөлөхөөс биш яг амиа хорлох шууд хандлагыг бууруулах боломж бидэнд хомс байдаг. Тэр хүн нэгэнт амиа хорлоно гээд шийдсэн тохиолдолд нөлөө үзүүлэх боломж бараг байдаггүй. Амиа хорлолт гэдэг нь сэтгэлзүйн төвшин нь хальчихсан, ямар ч үг хэлээд, ойлголцох боломжгүй, шийдвэрийн үр дүн байдаг гэж ойлгож болно.

-Өсвөр насны амиа хорлолтын талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

    -Өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлох үндсэн гурван шалтгаан байдаг. Өсөж торнисон гэр бүл, уламжлагдаж ирсэн генийн мэдээлэл гэж бий. Удамд нь амиа хорлох тохиолдол гарсан. Эсвэл асуудлыг шийдэх аргыг амиа хорлох гэж үздэг удамтай гэсэн үг. Нөгөө талдаа хүмүүжлийн нөлөөлөл байдаг. Эцэг, эх нь хэт сайн хүн болгох гэж шахаж, шаардах, ямар нэг стандарт тогтоож, зөрчсөн тохиолдолд маш хатуугаар шийтгэх, тухайн хүүхэд сэтгэл санааны хүчирхийлэлд байнга өртөх зэрэг нь амиа хорлох шалтгаан болдог. Мөн хүүхэд гадны нөлөөтэй бэлгийн дарамтад өртөх, сэтгэлзүйн болон санхүүгийн дарамтад орох зэрэг нь ч нөлөөлдөг. Хамгийн гол шалтгаан нь тухайн хүүхдийн дотоод мөн чанартай холбоотой.

-Манай боловсролын систем сэтгэлзүйн боловсрол олгох тал дээр дутмаг байдаг. Үүнийг хэрхэн шийдвэл зохих вэ. Мэргэжлийн хүний хувьд бодож явдаг зүйл бий юу?

    -Тийм шүү. Боловсролын яамны бодлого, боловсролын системийн хэрэгжилтийг хараад сэтгэлзүйн шинжлэх ухааны мэргэжилтнүүд эмзэглэдэг. Монгол хүний зан араншин, сэтгэлгээ, оюун ухааны төвшинд хүрч, түүнийг мэдэрч чадахгүй байгаад олон сэтгэл судлаачид гутардаг болов уу. Боловсролын яам боловсролын тогтолцоогоо системтэйгээр өөрчилж, хүүхэдтэй ойр ажилладаг багш нар сэтгэл судлаачдын үгийг сонсож байх нь зөв байх. “Сэтгэл судлаачид энэ тал дээр бид нараас илүү мэдлэгтэй, чадвартай” гэдэг хандлагаар хандвал арай өөр төвшинд очих боломжтой.

-Эцэг эхчүүдийн хандлага сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөн бэ. Жишээ нь, танд хүүхдэдээ зөвлөгөө авахаар эцэг, эхчүүд хэр их ханддаг вэ?

   -Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдэдээ их анхаарал тавьдаг болсон. Олон эцэг, эх хандаж байна. Хүүхдэдээ зөвлөгөө авахаас гадна өөрийн гэр бүлийн дотоод асуулдаа бүрэн шийдвэл хүүхдийн сэтгэлзүй дагаад өөрчлөгдөнө гэдгийг их сайн ойлгосон байна. “Өөртөө дүгнэлт хийж, хандлагаа өөрчилье, гэр бүлийн асуудлаа шийдвэл хүүхэд минь эрүүл сэтгэлзүйтэй хүн болж төлөвших юм байна” гэдэг логикийг харсан эцэг, эхчүүд олон хандаж байна.

Тухайн хүн энэ хорвоогоос явж байж үүрдийн амар амгаланг олно гэж итгээд, шийдвэрээ гаргачихсан байхад нь тэр бодол, шийдвэрийг нь өөрчлөх их хэцүү гэсэн үг шүү дээ

-Цар тахлаас үүдэн манай улс хэд хэдэн удаа хатуу хөл хорио тогтоосон. Үүнээс үүдэн гэр бүлийн хүчирхийлэл, амиа хорлолт ихэссэн гэх мэдээлэл сэртхийлгэж байна. Сэтгэл зүйч хүнийхээ хувьд амиа хорлох шийдвэр гаргачихсан байгаа хүмүүстэй олон таарч байсан байх?

    - Сэтгэлзүйчид хүн өмнөө тулгарсан асуудлаа хэрхэн шийдвэрлэж байна вэ гэдгээр нь тухайн хүнийг дүгнэдэг. Үнэхээр амьдралд хорогдох зүйл байхгүй хүн амиа хорломоор байна гэвэл хорьж цагдаад, огт амиа хорлож болохгүй юм шиг хандах сэтгэлзүйчдэд их хэцүү байдаг. Тухайн хүн энэ хорвоогоос явж байж үүрдийн амар амгаланг олно гэж итгээд, шийдвэрээ гаргачихсан байхад нь тэр бодол, шийдвэрийг нь өөрчлөх их хэцүү гэсэн үг шүү дээ. Харин амиа хорлох сэдэл төрсөн ч өөрийгөө өөрчлөөд, асуудлаа шийдье гээд ирж буй хүмүүстэй харилцаж, туслахад сэтгэл зүйч нар бэлэн байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

    -Баярлалаа.

 


Б.САЙНЗАЯА: Амиа хорлох шууд хандлагад ямар ч сэтгэл судлаач нөлөөлж чадахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188