• Өнөөдөр 2025-04-11

Б.ОТГОНБААТАР: Монгол бичиг нууцаа нээгээгүй, гайхалтай шинжлэх ухаан

        Өнөөгийн бид цаг хугацаа улирах тусам түүх, ёс заншил, эх хэлээсээ улам алсарч байх шиг эмзэглэл танд төрж байсан уу. Хаашаа ч харсан гадаад үг үсэг, хэнтэй ч уулзсан гадаад үг хэллэг... Тэгвэл монгол бичгийг амьдралынхаа нэг хэсэг болгож, эх хэлээ дээдлэн, түүнд дурлан амьдарч буй Хэл шинжлэлийн ухааны докторант Б.Отгонбаатарыг Эргэлт.мн онцолж байна. Түүний хувьд ЕБС-ийн сурагчдад Монгол бичгийн теле хичээлийг хамгийн олон цаг заасан багшаар өргөмжлөгдсөн нэгэн. “Өвөр монголчууд шиг хаяг, самбараа монгол бичгээр бичээд, хэрэглээ болгоод эхэлбэл хүссэн, хүсээгүй монгол бичиг сурна шүү дээ. Нөгөө талдаа манай эрдэмтэд эрдэм шинжилгээний хуралд ч юм уу, эсвэл нэг өгүүлэл бичихдээ монгол бичгээс ёс төдий л иш татаж аваад байгаа юм. Түүнээс яг дагнаж судалсан судалгаа байхгүй шүү дээ” хэмээн эмзэглэн ярих түүний ярилцлага таны сэтгэлд нэг зүйлийг үлдээнэ гэдэгт илгэлтэй байна.

-Сайн байна уу. Хөл хорионы үед теле хичээл хамгийн олон цаг зааж, жуух бичиг авсан гэж дуулсан. Энэ амжилтад тань их олзуурхаж суулаа. Энэ тухай яриагаа эхэлье?

  -Сайн байна уу. 2020 оны хичээлийн II улиралд би 50 гаруй цагийн теле хичээл заасан. Үүнийг минь үнэлж, жуух бичиг олгосон. Телевизийн хичээлийг зарим хүн үр дүнгүй байна гэдэг. Үнэндээ хамгийн үр дүнтэй хичээл бол теле буюу телевизийн хичээл байдаг. Багш нар танхимаар хичээл заахдаа телевизээр заадаг шиг хичээлээ тэгж бэлдэж ордоггүй. Гэтэл 20 минутын теле хичээл заахын тулд гурав хоног бэлдэж ордог.

Мэдээж дуртай зүйлээ хийж буй учир сайхан байдаг хэдий ч олон түмний нүдэн дээр зааж байгаа болохоор алдаа гаргах вий, цэг, дусал орхиод бичих вий гэсэн айдас байдаг юм билээ.

-Хэдэн настайгаасаа монгол хэл, бичиг сурч эхэлсэн бэ. Монгол бичиг сурсан арга барил тань их содон гэж дуулсан?

  -Намайг сурагч байх үед гуравдугаар ангиас монгол бичгийн хичээл орж эхэлсэн. Монгол бичиг үзэж эхэлснээсээ хойш аймаг, бүсийн уралдаанд тасралтгүй орж байлаа. Түүнээсээ урамшаад монгол бичгийг сайн сурч эхэлсэн. Уралдаан тэмцээн миний суралцах гол хөшүүрэг болсон. Мөн монгол бичиг судлаад учрыг нь олох гээд судлабал их нууц байдаг. Одоо болтол монголчуудын тайлж чадаагүй олон нууц бий. Монгол бичгийг ерөнхий л судалгаа байдаг болохоос биш гайхамшигтай нууцыг нь тайлсан судалгаа ховор шүү дээ.

Тэгээд би тухайн үед "лус" гэдэг үгийг "луус" гэж бичдэг юм бол, учир нь юу вэ гээд гайхдаг байсан. Шинжлэх ухаан гайхахаас эхэлдэг гэдэг шиг би монгол бичгийн нууцыг гайхаж эхлээд, түүндээ дурлаж сурч байлаа. Миний сурах арга барилын хувьд өдөрт нэг жижиг эх хөрвүүлдэг байсан. Тэгээд буулгаж байх явцад эргэлзэж буй үг гарч ирдэг. Тэр үгээ толь бичгээс хараад шинэ үгийн дэвтэртээ тэмдэглэж авдаг. Монгол бичиг бидний төрөлх хэл учир бидний дотор байдаг юм билээ. Гадаад үгийг нэг хараад хурдан тогтоохгүй шүү дээ. Гэтэл монгол бичгийг нэг үг алдаад тэр үгээ засаж шинээр бичээд тэгээд л тогтоочихдог. Ингэж л монгол бичиг сурч байсан даа.

-Одоо БНХАУ-ын ӨМӨЗО-д хэл шинжлэлээр докторын зэрэг хамгаалж байгаа гэсэн. Өвөр монголчуудын монгол бичиг заах арга барил ар монголчуудын заах арга барилын хувьд ялгаа байна уу?

  -Их ялгаа байхгүй. Өвөр монголчууд хятад үг тэмдэглэхийг чухалчилдаг. Одоо гудамж талбайн нэр, хаягжилт нь дээр нь эхлээд монгол бичгээр доор нь хятад бичгээр бичсэн байдаг. Тэгэхээр хятад үгийг бичих аргачлал нь арай өөр байдаг. Үүгээрээ ялгаатай байдаг даа.

- Өөрийнхөө сайн сурсан зүйлийг өрөөлд сургахын төлөө зүтгэж байхдаа хувийн амжилт их гаргаж байв уу. Жишээ нь, сая хамгийн олон цаг хичээл заасан багшаар тодорлоо шүү дээ?

  -Тэгэлгүй яах вэ. Хүн амьдралдаа ганц л зүйлийг сайн сурах хэрэгтэй гэж боддог. Нэг зүйлийг сайн сурсан байхад тэр зүйл тань чиний амьдралд их том нөлөө үзүүлнэ. Монгол бичиг сурснаар миний амьдралд олон гэгээтэй зүйл тохиолдсон. Хүмүүс “Монгол бичгийн Б.Отгонбаатар” гэдгээр минь мэднэ. Судалгаа, шинжилгээ хийж буй мэргэжлийн хүмүүс тодорхой хэмжээнд үнэлж байна. Энэ мэтчилэн юм гэдэг их учиртай байдаг юм байна. Хувийн амжилт гэвэл багшилж байх хугацаандаа нийслэлд монгол бичгийн олимпиадад хоёр удаа түрүүлсэн. Тэгээд улсын олимпиадад дөрвөн удаа оролцоод мөнгө, хүрэл медаль авч байсан. Ер нь оролцох болгондоо амжилтаа ахиулж байсан.

-Манай улсын хувьд эх хэлээ төдийлөн сайн анхаарч, сурах тал дээр ач холбогдол өгдөггүй юм шиг ээ. Өдрөөс өдөрт л эх хэл, бичгийн өв тээгч нар багасаж буйд олон зүйл нөлөөлдөг байх. Үүн дээр та хэрхэн эмзэглэдэг вэ?

  -Мэдээж монгол хэл, бичгийн багш нар эх хэлээ сурталчлан, таниулаад л хүүхдүүддээ хичээл ордог. Гэхдээ нөгөө талдаа эцэг, эх нь нөлөөлдөг юм уу гадаад хэл сурах хүсэл, зорилго нь давамгай байна. Монгол бичгээ сайн сураарай гэж хэлдэг эцэг харьцангуй цөөн байна. Тиймээс багш надад хүүхдүүдэд эх хэлээ гадаад хэл шиг сонирхлыг нь татахуйц заах үүрэг ирж байгаа юм. Тэгээд би яаж сонирхолтой болгодог вэ гэхээр, монгол бичиг дотор ийм арвин нууц байдаг, энэ бол их том шинжлэх ухаан, хүн төрөлхтөн олж хараагүй олон зүйл монгол бичигт нуугдаж байдаг юм аа гээд яриад өгөхөөр тухайн хүүхдүүд их сонирхож, суралцдаг. Үг бүтэх аргыг маш сонирхолтойгоор тайлбарлаж өгдөг. Жишээ нь, шоргоолж гэдэг үгийг монгол бичгээр "ширгулжи" гэж галиглан бичдэг нь "шургах" гэсэн үгийн үндэстэй юм аа. Энэ мэт нарийн зүй тогтлыг тайлбарлаж өгөхөөр хүүхдүүд эргээд эх хэлээ сонирхож эхэлдэг. Нөгөө талдаа зүй тогтлын учир шалтгааныг л хэлээд өгчих юм бол хамгийн амархан хэл монгол бичиг. 

-Үүний алдаа нь хаана байна. Улс бодлогоор дэмжиж чадахгүй байна уу, эсвэл манай хэл шинжлэлийнхэн чадвар муу байна уу, үгүй бол сүүлийн үеийн хүүхдүүдийн сонирхол өөр болоод тэгж байна уу?

  -Ерөөсөө л хэрэглээ. Хуучин монгол бичгийн хэрэглээ харьцангуй их байх үед хүмүүс сайн сурч байсан. Одоо хэрэглээ төдийлөн байхгүй болчихоор монгол бичиг төдийлөн ач холбогдолгүй болчхож байгаа юм. Тийм учраас л хүмүүс сурах нь багасаад байна. Өвөр монголчууд шиг хаяг, самбараа монгол бичгээр бичээд, хэрэглээ болгоод эхэлбэл хүссэн, хүсээгүй сурна шүү дээ. Нөгөө талдаа манай эрдэмтэд эрдэм шинжилгээний хуралд ч юм уу эсвэл нэг өгүүлэл бичихдээ монгол бичгээс иш татаад, тэгэс хийгээд л аваад байгаа юм. Түүнээс яг дагнаж судалсан судалгаа цөөн шүү дээ. Монгол бичигт тайлагдаагүй нууц олон бий. 

-Ярилцсанд баярлалаа.

  -Баярлалаа.

 


Б.ОТГОНБААТАР: Монгол бичиг нууцаа нээгээгүй, гайхалтай шинжлэх ухаан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-05 09:53:56
    Бацаан аа: Шинжлэх ухаан гэдэг тодорхойлолтыг олж үзээрэй. Аманд орсноо шааж болохгүй шүү.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188